Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

   Уул уурхай, хүнд үйлдвэрт хамгийн түрүүнд тавигдах асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр “Нэн түрүүнд ХАБ” уриан дор энэ чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд анхааран ажилладаг.
   ХАБЭА-н хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан байна. Шалгалтын комиссыг тус хэлтсийн дарга удирддаг бол түвшин тогтоох шалгалтад үйлдвэрлэлийн үндсэн болон туслах цехүүдийн удирдлага хамрагдав. Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, эрүүл ахуйн стандарт, холбогдох хууль тогтоомж болон тухайн цех нэгжийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаа зэрэг сэдвээр уг шалгалтын асуулга бэлтгэгджээ. Шалгалтыг тестийн болон харилцан ярианы аргаар авсан бөгөөд шаталсан хэлбэрээр цаашид үргэлжлэх юм. “Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг дээшилснээр ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэл, зөрчил дутагдлыг багасгах, арилгах, зөв мэдээлэл түгээх, харилцан бие биеэсээ суралцах зэрэг олон эерэг талууд бий болдог” гэж ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, жил бүр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Үйлдвэрийн нийт ажилчдаас гадна ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 8000 гаруй хүнд хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг энэ жил 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 170 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.       
   Эрүүл мэндийн үзлэгийн энэ удаагийн багцууд нь сүүлийн гурван жилийн үзлэгийн дүн, оношилгооны судалгаанд тулгуурлан, хүнд өвчтэй ажилчдыг илүү нарийвчилсан шинжилгээнд оруулах чиглэл баримталж буйгаараа онцлогтой юм. Онош батлах, түүнд тохирсон ямар эмчилгээ үргэлжлүүлэн хийх, үр дүн нь ямар байгаа зэргийг тодорхойлж, дүгнэх зорилгоор 9 төрлийн багц үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай хамтран хийж байна.
   Мөн энэ жил үзлэгийн багцыг насаар ангилаагүй, өөрөөр хэлбэл бүх насныхан үндсэн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой болсноороо өмнөх жилүүдийн үзлэгээс давуу талтай юм байна. Тухайлбал, үндсэн багцын үзлэгт өөх тосны солилцоог дөрвөн үзүүлэлтээр шинжилж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдэд үрэвслийн үзлэг хийгдэж байсныг хавдрын эсийн шинжилгээгээр сольжээ. Мөн судасны нарийслыг эрт оношлох, зүрхний хэт авианы шинжилгээг хийж байна. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээр 1000 гаруй хүн зүрх судасны өөрчлөлттэй гарсан тул оношийг тодруулах зорилгоор энэ төрлийн  шинжилгээний багцыг  дахин оруулжээ.  Түүнчлэн, “ходоод, улаан хоолойн дуран, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин зэрэг бүхий л нарийн шинжилгээг багцлан оруулсан учир урьдчилан сэргийлэх үзлэг илүү үр дүнтэй болно” гэж Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дарга Т. Мягмарсүрэн эмч ярилаа.

М.Балжинням


 

   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэлээс оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар сонирхлоо.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулдаг олон ажил бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэлтэс ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтныг санаачилгатай оролцуулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд “ХАБЭА-н манлайллын арга хэрэгсэл”-ийг эзэмшүүлэх семинар, “ХАБЭА-н бүтээлч бүлэг”-ээр ажил өрнүүлж, бүтцийн нэгжүүдэд “Өглөөний ХАБ”-ыг туршилтын журмаар нэвтрүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сайн дурын 153 мэдээллийн хаалгач, 100 гаруй манлайлагч ажиллаж байна. Бид 2019 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 182 удирдах ажилтан ХАБЭА-н удирдлагын амлалт аван ажиллаж байна.  Олон талт ажил зохион байгуулсны дүнд ажилчдын бүтээлч идэвх, санаачилга ч нэмэгдэж байгаа нь сайхан байна.

   - Өнгөрсөн онтой харьцуулахад оролцоо хэр нэмэгдсэн бэ?
   - 2018 онд бүтээлч идэвх санаачилгаараа аюул эрсдэлийг илрүүлсэн, арилгасан, бууруулсан оролцоо 4559 бүртгэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 7000, хоёрдугаар улиралд 10510 болж өслөө. Ажилчдын бүтээлч идэвх санаачилга нэмэгдэхэд манлайлагч  нарын оролцоо нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь үйлдвэрийн ажилчдын хувьд аюулыг илрүүлж мэдээлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтыг тодорхойлох, санаачилгаараа аюул эрсдэлийг арилгах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх зэрэг тогтсон, дадсан олон зүйлтэй болж байна. 

   - “Өглөөний ХАБ”-ыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа цех, хэсэг аль нь байна вэ?
   - Бид цахим орчинд “Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайллын оролцоо” гэсэн хаалттай групп ажиллуулж, тухай бүр мэдээллээ солилцож байгаа. Үйлдвэрийн хэмжээнд Тээвэр, ложистикийн төв, Автотээврийн цехийн засварын бригадууд, Аж ахуй үйлчилгээний цех, Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийг онцолмоор байна. “Өглөөний ХАБ”-ийг хэрэгжүүлж байгаа цех, нэгжүүдээ нэлээд ажиглалаа. Үүнээс дүгнэхэд, тогтмол ажлын байртай ажилчдын хувьд хэрэгжилт нь илүү байна гэж харагдсан. Учир нь цаг нартай уралдаж ажилдаа гардаг БелАЗ болон автобусны жолооч нарт “Өглөөний ХАБ” тохиромжтой бус байна. Ямар ч гэсэн ХАБ-ын манлайлал оролцооны арга хэрэгслийг 2019 онд бүх цех дээр туршиж хэрэгжүүлж байна. Цех бүрд өөр өөрийн оролцооны арга хэрэгслийг туршиж байгаа нь харагдсан. Хамгийн гол нь, энэ ажил хэрэгжсэнээр тухайн өдрийн ажлаа аюулгүй гүйцэтгэх чиглэлээр ажилчид маань нэг нэгэндээ заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг уламжлал сэргэж, системтэй арга  болон хөгжиж байгаа нь сайшаалтай юм.

   - Туршилт хэзээ дуусах вэ?
  - Бид баяр наадмын дараа туршилтын эхний үр дүнд дүгнэлт хийнэ. Улмаар туршилтын явцын үр дүнд суурилсан Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, оролцооны журам”-ыг анх удаа боловсруулахаар ажиллаж байна. Ингээд 2020 оноос бүх цех, нэгж журмынхаа дагуу хэрэгжүүлдэг болно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан баяр наадмын өдрүүдэд тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төлөвлөгөө гарган, шат дараатай ажлуудаа хийсээр байна. Тухайлбал, станцад дотоод системийн схем суурилуулах ажил 90 хувьтай явагдаж, дөрвөн сарын турш үргэлжлэх зуухны их засварын ажлын бэлтгэл хангагдаж байгааг албаны хүн хэллээ. Өнөөдрийн байдлаар Дулааны цахилгаан станц 50 мянган тонн нүүрс буюу 2 сар хүртэлх нөөцтэй ажиллаж байна. Станцын хамт олон өвөлжилтийн бэлтгэлээ хангах хүрээнд 20-иод ажил төлөвлөн, ирэх есдүгээр сарын 15-нд дуусгахаар ажилдаа оржээ.

И.Чинтогтох

   Орхон аймгийн Цагдаагийн газраас баяр наадмын үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөн, хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд зөрчил дутагдлыг илрүүлж арилгах ажлын хүрээнд явган болон дугуйт, морьт эргүүл гаргажээ. Ингэснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах оновчтой алхам болсныг холбогдох албаныхан онцоллоо. Мөн “Зөрчил” арга хэмжээний хүрээнд гудамж талбайд шалтгаангүй архидан согтуурдаг иргэдийн бүртгэл судалгааг гаргаж эхэлжээ. Олон нийтийн тав тухыг алдагдуулдаг тэдгээр иргэдийг албадан эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Наадмын өдрүүдэд гэрээ эзэнгүй орхих, хээр хөдөө явах тохиолдолд хаалга үүдээ сайн цоожлох, үер усны аюулаас болгоомжлох, хүүхэд, багачуудаа хараа хяналттай байлгахыг анхаарууллаа. Цагдаагийн алба хаагчид баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хэв журмыг сахиулна.

И.Чинтогтох

   Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ын  үеэр тасралтгүй ажиллагаатай  үндсэн тоног төхөөрөмжүүдээ зогсоож, засвар үйлчилгээг амжилттай  хийсэн. Үүний дотроос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гуравдугаар туузан дамжуулгын туузыг  бүтнээр нь солилоо. Гуравдугаар туузан дамжуулга нь нэг, хоёрдугаар туузан дамжуулгаас ирж буй хүдрийг том бутлалтын хүдрийн агуулах руу тээвэрлэн хуваарилах  зориулалттай. Энэхүү нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжийн 230 метр туузыг зургаан жилийн өмнө анх удаа бүтнээр нь сольсон  бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү шинэчиллээ. Элэгдэж хуучирсан туузыг сольсноор  тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм. Энэ ажлыг Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Механикийн  алба болон Механик-боловсруулалт ба бигнүүрийн хэсгийн ажилчид амжилттай гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хүдрийн агуулахын барилгын сэндвичин ханыг шинэчилж, элэгдэж муудсан баганыг сэргээн засварласан байна. 


                                                                                                                      Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс


 

   Эрдэнэт үйлдвэрийн үүднээс нь эхлээд бүхий л ойр орчны өнгө үзэмжийг тодорхойлж байдаг Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн мягмар гаригийн чөлөөт цагаа спорт ордонд хамтдаа өнгөрөөв. Учир нь тус цехийн хамт олон цехийнхээ ахмад ажилтны нэг Э.Тогтохдаваагийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, хоорондоо өрсөлдсөн юм.  Аж ахуй, үйлчилгээний цехийн мужаан  Э.Тогтохдаваа Эрдэнэт үйлдвэрт  37 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар спортын  төрлөөр хичээллэж, эрүүл тэгш бие бялдартай болох,  чөлөөт цагаа зөв өнгөрөөх, спортоор дамжуулан хамт олны нөхөрсөг холбоог бэхжүүлэх зэрэг зөв дадал, хэвшлээрээ олон залууст үлгэр дуурайл үзүүлж явна. 
   Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас ажилчдын эрүүл мэнд, чөлөөт цагт зориулан зохион байгуулж ирсэн уламжлалт уралдаан тэмцээн, өвөл зуны спартакиад, бага олимпод байнга идэвхтэй оролцож, эхний байранд тогтмол шалгаран цехийнхээ нэрийг өргөж яваа түүнд хамт олон нь ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна. “Миний хөдөлмөр зүтгэл, идэвх оролцоог үнэлэн, нэрэмжит тэмцээн зохион байгуулах санаачилга гаргасан хамт олондоо их баярлаж байна. Спортоор хичээллэж, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллаарай гэж залуучууддаа захья” гэж Э.Тогтохдаваа сэтгэгдлээ хуваалцав. Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех 100 гаруй ажиллагсадтай, үйлдвэрийн гадна дотнын бүхий л тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг хамт олон. Гар бөмбөгийн тэмцээнд тус цехийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд энэ үеэр Э.Тогтохдаваа Монгол улсын “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” боллоо. Э.Тогтохдаваагийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах ажээ.  

М.Балжинням

   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хамгаалалтын 4М далан барих Ажлын хэсгийн ес дэх удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. Хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан нүсэр ажлын хүрээнд 167 000 куб.м уулын цул гарган далан байгуулахаас 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. 4М далангийн урт нь 1501 метр, өндөр нь таван метр, суурийн өргөн нь 27 метр байх бөгөөд холбох шугамын ажил зэрэгцэн хийгдэж байна. Одоогийн байдлаар 400 метр шугам хоолой хүлээлгэн өгсөн амжилттай, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж явна гэж уул уурхайн Тэргүүлэх инженер Д.Очирбат ярилаа.
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хамгаалалтын шинэ далан барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх юм. Энд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн ажиллагчид болон Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчид хамтран ажиллаж, шинэ даланг наймдугаар сарын таванд ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна.     

М.ОДГЭРЭЛ


 

   Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу халуун хоол үйлдвэрлэлийн компаниудыг шалгаруулан уурхайчдыг халуун,  чанартай хоолоор хангах чиглэлээр хамтран ажилладаг.   Тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс халуун хоолоор үйлчилж буй компаниудын үйл ажиллагаа, хоолны чанар, хэмжээ, хүнсний эрүүл ахуйд өдөр тутам хяналт тавин, зөвлөмж анхааруулга өгч ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг “Хаан хүнс”,” Таятан фүүд” зэрэг компаниуд үзүүлж байна. “Таятан фүүд” компани нь өнгөрсөн 6 дугаар сараас Засвар механикийн заводын ажилчдад халуун хоолоор үйлчилж эхэлжээ. Тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт, хяналтын явцад Хүнсний аюулгүй байдлын стандарт, нийтийн хоолны үйлчилгээний  журмыг мөрдөж,  ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж буйг ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл ярилаа. Түүнчлэн эхний үед  хоол үйлдвэрлэл, чанар, хэмжээний талаар  ажилчдын сэтгэл ханамж тааруу, тодорхой гомдол санал гарч байсны дагуу удаа дараагийн хяналт, шалгалт, анхааруулга зөвлөмж өгсний үр дүнд  үйлчилгээ болон чанар эрс сайжирсныг нэмж онцлов.
   Нийтийн  хоол үйлдвэрлэлийн “Таятан фүүд” компани нь үйлдвэрийн ажилчдын илчлэг, нормыг хангах, эрүүл мэнд эрч хүч нөхөх чанартай хоолоор хангах зорилт тавин, Засвар механикийн заводын ажилчдад үдийн хоолоор үйлчилж байна. Хүнд нөхцөлд ажилладаг ажилчин хүн өдөрт 3200-3800 илчлэгийг хоолоор дамжуулан авах ёстой аж. Тиймээс энэхүү хэмжээ болон бусад чанар стандартыг мөрдөхийн зэрэгцээ төрөл сонголтыг ажилчдын санал хүсэлтэд  тулгуурлан гаргаж, халуун хоол үйлдвэрлэж байгаагаа тус компанийн Зөвлөх тогооч, Монгол Улсын Мастер тогооч Ю.Ганболд хэлэв.  Тус  компанийн мэргэжлийн зэрэгтэй 10 гаруй тогооч, ажилтнуудаас бүрдсэн  30 орчим хүнтэй баг 4 ээлжээр ажиллаж, нэг, хоёрдугаар хоолны 2-3 сонголт бүхий халуун хоолоор Засвар механикийн заводын ажилчдад  үйлчилж байна.   

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог