Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
   Эрдэнэт үйлдвэр нь Орос Монголын хамтарсан үйлдвэр байсантай  уялдуулан зарим ажлын байрны нэршил алдаатай орчуулагдсан байдгаас ажилчид тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байдаг байсан юм. Энэ нь 2004 оны Нийгмийн хамгааллын сайдын 77-р тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны нэршил юм. 
   Энэ нэршилд багтаагүй ажлын байранд ажилладаг ажилчдын хөдөлмөрийн нөхцөлөөс гадна, нийгмийн талаас хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр тогтоолгоход асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай тул Орхон аймгийн Гомдлын шаардлагын зөвлөлд Эрдэнэт үйлдвэрээс төлөөлөл болгож Засвар угсралтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал сонгогдон ажиллаж байна.  
   Тэрээр дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийн төлөөлөл болж ажиллахдаа шинжилгээ, судалгаа хийн 197 ажлын байранд нэршлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн тал дээр  асуудалтай байгааг тодорхойлжээ.  
   Ажилчдын  эрх ашгийг хамгаалахын төлөө ийнхүү ажиллахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу хүнд, хортой нөхцөлд ажилладаг боловч хүнд нөхцөлд ажилладаг ажилчдыг шат дараатайгаар нөхцөл шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. 
   Ингэснээр 2017 онд 40 ажлын байр, 2018 онд 50 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг шийдэж, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд асуудалтай байгаа ажлын байрны 50 хувийг нь зөв голдиролд оруулаад байна. Ингэснээр эдгээр ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг хөдөлмөрийн нөхцөлд орж, баталгаажин 45 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой юм. Дашрамд дуулгахад дээрх асуудлаар ажлын байрны нөхцөлөө зөв тодорхойлуулж өндөр насны тэтгэвэрт гарсан 50 ажилчин байна. 
 
А.Бямбамаа
 

 

 
 
   Аливаа байгууллагын  хөдөлгөгч хүч нь хүн өөрөө юм. Хүмүүс хоорондын харилцаа, харилцан ойлголцол, идэвх чармайлт, шинийг санаачлах, ажлаа төгс бүрэн хийх хүсэл тэмүүлэл хамт олныг илүү нэгтгэн урагш түлхэх гол хүчин зүйл нь болж байдаг. Чухам тэр бүх амжилт ахицыг бүтээхэд хүний төлөө, тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажилтнаа урамшуулан хөгжүүлэх, харилцааны эерэг таатай орчныг бүрдүүлэхэд хүний нөөцийн менежерийн ур ухаан чин сэтгэл ямар байхаас ихээхэн хамаардаг. Энэ л үйлсэд  хорь гаруй жил хүний төлөө ажиллаж, урам зоригтой, хичээл зүтгэлтэй хамт олныг бүрдүүлэхийн төлөө  ухаан бодлоо чилээж яваа нэгэн эгэл бүсгүйн энэ өдрийн ажлыг бид сурвалжиллаа.
 
 

ӨГЛӨӨ БҮХЭН ШИНЭ...
 
   Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Засвар угсралтын цехийн хүний нөөцийн менежер  Б.Туяажаргал өглөөг цехийнхээ даргад ажлаа танилцуулахаас эхэлдэг. Энэ өдөр уламжлал ёсоор даргадаа ажлаа танилцуулж, ажилдаа хэрэгтэй зүйлсийг бэлтгэлээ. Түүний дараа шинээр ажилд орж байгаа залуусыг хамт олонд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Улс эх орондоо ихийг бүтээж буй энэ том үйлдвэрийн эд эс нь болохоор сонгон шалгаруулалтаа амжилттай давсан найман засварчин залуу ажилд орсон анхны өдөр хамт олон нь ийм хүндэтгэлтэй хийгээд ийм ёслол төгөлдөр хүлээн авна гэж зүүдлээ ч үгүй байж магадгүй.  ... Мөрөөдөж хүсэж ажилд орсон залуусын харцанд баяр гэрэлтэх нь үнэхээр сайхан харагдана. Ингэж л ажлын шинэ өдөр эхэллээ.  Шинэ ажилтныхаа анхны сэтгэгдлийг хэзээ ч мартагдашгүйгээр үлдээх нь энэ цехийн хүний нөөцийн  менежерийн санаа байх нь. 
 
 
 

ИД АЖИЛ УНДАРСАН ҮЕД...
 
   Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Тиймээс түүнтэй уралдан ажиллаж, төлөвлөснөө хийж, хийж гүйцэлдүүлснээ дүгнэх нь чухал. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх болсонтой холбоотой Ерөнхий захирлын тушаалаар цехийн хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын нэг сарын аян компанийн хэмжээнд  зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд засвар угсралтын цехийн нийт ажилтны хувийн хэрэгт батгах баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж, бүрдэлтийн дутуу эсэхийг хянаж, гүйцээх, төрөлжүүлэх, баяжуулах, нотлох баримтыг хавсаргах зэрэг маш олон ажлыг богино хугацаад амжуулжээ. Өнөөдөр тэд ажлын  тайлангаа хэлэлцэж дүгнээд, баяжуулалт хийсэн баримт бичгүүдээ зориулалтын цаасан хавтсанд хийж эмхлэн цэгцэлсээр үдийн цайны цаг боллоо.
 
 
    


ҮДИЙН ЦАЙНААР Ч ХАМТДАА...
 
   Ажлын бүтээмж өндөр байхад олон зүйл нөлөөлдөг. Ажилтнуудынхаа урам зоригийг өргөхийг тулд төрөл бүрийн ажил зохион байгуулна. Цайндаа орох заваар ч бас ажил амжуулах юм тэд. Хүүхнүүдээрээ зургаа ч авхуулаад амжив. Түүний ажлын нэг өдрийг тэмдэглэн яваа бидэнд менежер Б.Туяажаргал хандан “Ажилтан хүнд юу хамгийн чухал гээч” гэлээ. Тэрхэн хооронд юу юм бол хэмээн бодолд автах зуур “Хөдөлмөрийн ажиллах нөхцөл таатай, ажилтан хүн урам зоригтой байх хамгийн чухал. Гол нь урам шүү дээ” хэмээн инээмсэглэв. 
 
 

ЦААСАН ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ...
 
   Ямархан хувь төөргөөр ийм их цаасан дунд ажиллах хувьтай төрсөн юм бол доо гэмээр түүний өрөөгөөр дүүрэн бичиг цаас байх юм. Гэхдээ бүгд байх газартаа. Тэрээр хамт олныхоо дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Залуу гэр бүлийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудынхаа ар гэрийнхнийг байгууллага дээрээ урьж, бяцхан хүүхдүүдийг аавд нь сэтгэлийн үгээ дайсан захидал өгүүлж байж. Алаг үрсийнхээ захидлыг уншиж, сэтгэлийн бэлгийг нь хүлээж авсан аавууд баярласандаа уйлж, тэднийг харсан хамт олон нь ч бүгдээрээ  уяран уясаж. Мөн 10 залуу гэр бүлийг сонгон гэр бүлийнх нь уран сайхны зургийг авхуулж, жаазлуулаад бэлэг болгон өгчээ. Хүний төлөө л ажил гэж энэ дээ гэж бодогдмоор сайхан. Эднийд бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Ажилтнууддаа жилдээ 2 удаа “Хүүхдийн томилолт” өгч, цалинтай чөлөө олгодог болж. Тэр өдөр сонгогдсон ажилтнууд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт очиж хичээлд нь хамт сууж, хамтдаа тоглож, музей үзэж,  зураг зурж, хамт хоол хийж тэр өдрийг бүхэлд нь хүүхдэдээ цаг гаргадаг юм байна. “Хүүхдийн томилолт” авсан эцэг эхчүүд ажилдаа ирэхдээ харин томилолтоороо юу хийсэн тайлангаа бичиж ирнэ. Хөгжилтэй энэ арга ажил олон гэр бүлд баяр баясал, хүүхдүүдэд аз жаргал бэлэглэжээ. 
 
 
   
 
 
ӨНӨӨДРӨӨС МАРГААШ ЭХЭЛДЭГ...

   Цаг нартай уралдан ажилладаг хүний ажил ар араасаа ундардаг ч юм шиг. Тэр хэзээдээ ингэж амжуулдаг байна гэмээр шаламгай хүн юм. Тэр олон сайн саналыг ажилдаа дэвшүүлж бас хэрэгжүүлжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн шилдэг тэргүүний мэргэжилтэн. Монголын Хүний нөөцийн салбарын шилдгээр ч тодорч байсан удаатай. Мөн тус институтийн дээд шагнал “Хүний нөөцийн хүндэт тэмдэг”-тэй юм. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд амаргүй ажилд гар бие сэтгэл зүрхээрээ хамтран оролцож яваа тэрээр одоо манай үйлдвэрт хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бид саяхан Япон улсад очиж "Нэг ажилтан - Нэг шинэ санаа" хөтөлбөрийн дагуу туршлага судлаад, олон шинэ зүйлс сурч ирлээ. Одоо ажилдаа нэвтрүүлж нутагшуулна. Бидэнд хийх ажил их бий хэмээн маргаашийнхаа ажлыг бэлдээд өрөөндөө үлдлээ.  
 
 
   
 
Б.Учрал
Фото: Б.Баттөгс
 
   Эрдэнэт үйлдвэр энэ онд орон сууц худалдан авсан 445 ажилтнаа дэмжин урамшуулж, хүн бүрт 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж ирсэн тус хөнгөлөлтийг шалгуур хангасан 186 ажилтан 3 дугаар улиралд авсан байна. Бүтцийн нэгж бүр квоттой ч өнгөрсөн улиралд уг тоог харгалзахгүйгээр хөнгөлөлт урамшууллыг шийдвэрлэжээ. “Материал нь хангалтгүй байсан хүмүүс санаа зовох шаардлагагүй, ирэх улиралд орон сууцны хөнгөлөлт олгоно. Цехийн хүний нөөцийн мэргэжилтнүүд материал бүрдүүлэхэд туслах хэрэгтэй байна” хэмээн Нийгмийн харилцааны хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл ярьлаа. Тэрээр “Их хаадын цуваа”, “Хөүптаун”, “Стройинвест” компанийн орон сууцанд амьдарч байгаа ажиллагсдад хөнгөлөлт үзүүлэхийн тулд компанийг нь сайтар шалгах үүднээс багагүй хугацаа зарцуулсан тухайгаа хэлж байна. Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудын уян хатан нөхцлийг харгалзан үзэж, 10 гаруй банктай хамтран ажиллаж байна. 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд танилцах уулзалт хийж, туршлага судлахаар өмнийн говиос 30 залуу хүрэлцэн ирлээ. Тээвэр ложистик, хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлт, хуулийн чиглэлээр мэдээлэл солилцох эдгээр залуучууд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зочилсон 3 дахь ээлжийнхэн болж байна. Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд харилцан мэдлэг мэдээллээ солилцох, шилдэг арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад чиглэсэн санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс танилцах багийнханд видео зааварчилгаа өгч, хөдөлмөр хамгааллын хувцасаар ханган ажиллалаа.
   Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цогтцэций дундах салбарын Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Эрдэнэт хотод ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Албан шугамаар ирж байгаагүй. Хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар ирсэндээ баяртай байна. Манайхан хүний нөөц, захиргаа удирдлага, техник ашиглалт, засвар механик, тээвэр ложистикийн чиглэлээр туршлага судлана” хэмээсэн. Мөн тус компанийн Хууль, эрхзүй хариуцсан менежер Т.Ням-Осор ярихдаа, “2015 онд Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Энэ удаа өөрт холбогдох ажлын туршлагаас сайн судлахыг хичээх болно. Монгол Улсад тэргүүлэгч компаниуд цаашид өсөн дэвжихийн тулд санамж бичиг байгуулан, нэгнээсээ туршлага судалж байгаа нь зөв алхам, цагаа олсон ажил боллоо. Манай компанийн хувьд үйл ажиллагаа маш сайн, оны эцэст төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлэхээр байна. Ирэх жил илүү төлөвлөгөө тавьж, түүндээ хүрэхэд туршлага солилцох уулзалтууд түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.

 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” уриан дор зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны үзлэг Баяжуулах үйлдвэрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэглэх зорилготой энэхүү шалгалт нь өмнөх шатны үзлэгийн акт, албан шаардлагыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд чиглэдэг. Энэ оны 3 дугаар сард Баяжуулах үйлдвэрт хийсэн 3 дугаар шатны үзлэгээр нийт 125 зөрчил дутагдал илэрчээ. Үйлдвэрлэлийн объект, ажлын байр, хэсэг бүрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн энэ удаагийн үзлэг шалгалтаар 118 зөрчлийг арилгаж, 7 ажил биелэгдэх шатандаа яваа тухай ХАБЭА-н хэлтсийн Галын аюулгүй байдал хариуцсан инженер, ажлын хэсгийн нарийн бичиг Л.Энхжаргал мэдээллээ. Зургаан сар тутам зохион байгуулдаг үзлэг шалгалтын дүнгийн хурал маргааш болно.
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  Эрдэнэт үйлдвэрт ямар ажлууд зохион байгуулах гэж байгаа талаар ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга  Б.Одгарьдаас тодруулга авлаа. 
 
 
   - Хүний нөөцийн ажилтны баярын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтаж ямар ажлууд төлөвлөсөн  бэ?
   - Бид ажил мэргэжлийн баярын өдрөө үр дүнтэй тэмдэглэх зорилгоор Удирдлагын академитай хамтран Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “HR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулах гэж байна. Баярын үеэр мэргэжлийн ур чадварын уралдаанд хүний нөөцийн менежерүүдээ бүрэн хамруулахаар зорьж байна.
 
   -  Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой баримт бичгийн шинэчлэл хийгдэж их ажил ундарсан байх?
   - Тийм. Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой бид бүтэц нэгжийн өөрчлөлт хийх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, мэдээллийн санг баяжуулах, Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тооны хуваарь зэргийг шинэчлэх ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд манай хүний нөөцийн менежерүүд санал санаачилгатай ажиллалаа.
 
Б.Учрал
Фото: Б.Баттөгс
 
 

 

   “Бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн” гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулах үйлдвэрлэгчтэй уулзлаа. Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн дөрвөн залуу лед гэрлийн үйлдвэрлэлээр Монголдоо хувьсал хийж, Санхүүгийн зах зээл дээр “цахиур хагалсан” нь саяхан. Тэрээр “Гэрэл бүтээчихлээ гэхэд гайхах хүн олон байсан, одоо ч сонин биш болж дээ” хэмээн яриагаа үргэлжлүүлж, 2020 онд дэлхийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнээр Монголын нэрийг гаргах тухайгаа өгүүллээ. Зоримог, шийдмэг энэ алхам Эрдэнэтээр овоглосон “MADE IN MONGOLIA” бүтээгдэхүүн болон мэндэлнэ. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн гарааны цэгээс хамтдаа алхах “Эрдэнэтээ дэмжье” булангийн эхний зочноор “Анд энерги” ХК-ийн захирал Ц.Гүррагчааг онцоллоо.
 
 
   -“АНД ЭНЕРГИ” ХК МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР IPO ХИЙГЭЭД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛСНЫ ОЛОЛТТОЙ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?   
   - “Гэрэл гэгээг үйлдвэрлэдэг шигээ Монголын хөрөнгийн биржийг гэрэлтүүлж яваарай” гэж биднийг ерөөсөн. Тэр үгийг чандлан өнөөдрийг хүрлээ. Хүний мөнгийг зүгээр авах эрх бидэнд байхгүй. Хувьцаагаа босгохын тулд үр бүтээлтэй, амьдрал дээр хэрэгжих томоохон төсөлтэй байя гэж шийдээд 2016 оноос төслөө бичиж, 2017 онд танилцуулсан. Санхүүжилтээ 5 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолж байна. Электроникийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч орчин нөхцөл нь цэвэр, тоос шороогүй байх ёстой гэж үзсэн. Тиймээс ч оффиссын зохион байгуулалтаа үйлчилгээний газар, оффисс, үйлдвэрлэл гэсэн цогц байдлаар шийдсэн. Цайны газартай, ажлын байрандаа усанд орж, хувцасаа солиод гарах боломжоор хангасан хувийн компани одоогоор орон нутагт байхгүй. Бид Эрдэнэт үйлдвэрээс суралцсан туршлагаа өөрийн үйлдвэрт нэвтрүүлж, эмх цэгцтэй, дэг журамтай байхыг алхам бүртээ хэрэгжүүлж байна. Хувьцааны зах зээл дээр хөрөнгө босгосноор барилгаа барьж, тоног төхөөрөмж, хүчин чадлаа 4-5 дахин нэмэгдүүллээ. Энгийнээр тайлбарлавал, бид өмнө нь нэг хонь тэжээдэг байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 10 өөр үүлдрийн хоньтой боллоо. Хүн хүч, тоног төхөөрөмж бидэнд байна. Оюун ухаан, ур чадвараа ашиглан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах л үлдлээ.

   - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛСОН ТУХАЙГАА?
   - Ажиллаж, дадлагажиж, инженер мэргэжлийн үнэ цэнийг ухаарсан болоод ч тэр үү, бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Үйлдвэр тодорхой хэмжээнд дэмжиж, 2017 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 2018 оны нийт бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Энэ жил илүү өсөлттэй гарахаар байна.  Хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд чанартай, шинэ зүйлийг санал болгох болно. Нөгөө л хуучин гэрлээ гаргаж ирээд урьдчилгаа авмаар байна гэж ярих нь зохисгүй.
 
   - ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙНА ВЭ?
   - Өмнө нь 200-300 ширхэг гэрэл үйлдвэрлэж байсан бол өдөртөө 300-600 орчим гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Төрлөөсөө хамаарч, өдөрт үйлдвэрлэх тооны хувьд харилцан адилгүй ч захиалагчдын хүсэлтээр 32 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэж байна. Улайсдаг ламф, өдрийн болон сүүн гэрэл хэрэглээнд байсныг халчихлаа. Лед гэрэл харьцуулалтаа нэгэнт давсан тул цаашид хөгжлийн шат л гэж бий. Хөгжил нь дизайн, өнгөний шийдэл, чанар байх болно. Гэрэл өөрийнхөө зах зээлийг бий болгодог. Тиймээс ч өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид зах зээлээ бий болгож, хэрэглэгчдээ бэлтгэсэн. Тэдэнд таалагдаж чадсан болохоор илүү орон зайд ажилламаар байна.
 
 
   - АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?
   - 2020 онд дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ бүтээгдэхүүн гаргана гэж тодорхойлсон. Алхам алхмаар ойртож байна. Ирэх жил илүү том зорилттой гарч ирэх болно.
 
   - ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТАНИГДАХ ХҮРТЭЛ ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН БЭ?
   - Бид шинэ бүтээгдэхүүн хийе л гэж зорьсноос биш зах зээл гэдэг талаас нь олж хараагүй. 2010 онд Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байхад лед гэрэл дөнгөж орж ирсэн. Хэдий цахилгаан хэмнэдэг ч гэрэл нь их бүдэг байлаа. Тухайн үед малчдад зориулсан лед гэрлийг тайрч богиносгоод ашиглаж үзсэн. Хотын төв гудамжны гэрлэн чимэглэл сар хүрэхгүй хугацаанд шатаад, чанар нь гологдсон. Бид 2014 оны 4 дүгээр сараас судалгааны ажлаа эхлүүлж, урд хөрш рүү явснаар Монгол руу оруулж ирдэг болон Европ руу гаргадаг гэрэл ямар их ялгаатайг мэдэж авсан. Улмаар ийм гэрлийг Эрдэнэтдээ хийе гэж шийдсэн. Бүтээгдэхүүн хийх нь гоё байснаас биш зах зээл нь ямар байх талаар огт бодоогүй. 2017 онд IPO гаргаснаар зах зээлээ олох, ямар бүтээгдэхүүн гаргахаа судлах, маркетинг байх хэрэгтэйг ойлгосон. Энэ жилээс бизнес тал руугаа илүүтэй анхаарч байна. Бүтээгдэхүүн зарагдахгүй бол бидний амьдрах чадвар үгүй болно. Тиймээс зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, эсвэл нэг алхам түрүүнд явах хэрэгтэйг ойлголоо. Инженерийн боловсролоо хөгжүүлж, шинэ зүйл хийе гэсэн санаагаа ажил хэрэг болгосондоо баярлаж байна. 
 
 
   - ГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ТАТДАГ ВЭ?
   - Тайванийн технологи маш сайн. Тэр ч утгаараа БНХАУ-д үйлдвэрлэдэг компаниас эд анги, бэлдэцээ татаж байгаа.

   - ТА АЖЛЫН НЭГ ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
   - Эхний ээлжинд бүтээгдэхүүн хийх, материал захиалах, төсөв боловсруулахад анхаарч, үйлдвэрийн үндсэн процессын дагуу ажиллаж байсан. Ер нь мэдлэг чадвар, зохион байгуулалт, хийх арга барил муудахаар үйлдвэрийн үйл ажиллагаа чирэгдэнэ. Энэ тал дээр хүнээ сургах, хөгжүүлэхэд анхаарч, загнаж зааварлахаас илүүтэй өөрөө биечлэн үзүүлэхийг хичээсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Өнөөдөр бизнесээ хэрхэн тогтвортой байлгах, мөнгөө хэрхэн зөв хуваарилах, оновчтой төлөвлөх вэ гэдэгт ажлаа чиглүүлж байна. Удирдлагын хувьд сайн зохион байгуулалт хийхийг л хичээдэг.

   - “АНД ЭНЕРГИ”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХҮМҮҮСТ ТА ЮУ АМЛАЖ ЧАДАХ ВЭ?
   - Хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт их бий. Үйлдвэр бол мөнгө “ургуулдаг” газар биш. Бүтээгдэхүүнээ сонгоно, туршина, борлуулна, ажилчдаа цалинжуулна, ашгаа хуваарилна гээд дамжлага ихтэй. Мэдээж өсөлттэй байж л энэ бүхнийг хэрэгжүүлнэ. Хувьцаа авах хүсэлтэй хүмүүс энэ онд багтаан авахыг зөвлөмөөр байна. Биднийг дэмжсэн хүн бүрт хүлээлтээс илүүг өгөхийг хичээнэ.
 

   - ЯГ ОДОО ХУВЬЦААНЫ ХАНШ ХЭДТЭЙ БАЙНА ВЭ?
   - Одоогоор нэг бүрийн үнэ нь 35-40 төгрөгөөр үнэлэгдэж байна. Анхдагч зах зээл дээр 60 төгрөгөөр хувьцаагаа арилжиж, 1.5 тэрбум төгрөг босгосон. Хөрөнгө оруулагчид маань ач, зээ нартаа хувьцаа хадгалж байна гээд нийт хувьцааны 50-60 хувийг эргэлтээс гаргачихлаа. Гэхдээ иргэдийн хувьцааны мэдлэг сайжирч байгааг харахад дээрх эргэлтийг богино хугацааны үзэгдэл гэж харж байна. Хувьцаат компани нь тогтмол хугацаанд хурал хийж, сар, улирал тутам санхүүгийн тайлан мэдээгээ нээлттэй түгээж ажиллах нь чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн.

   - ҮР  АШГАА МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦВОЛ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ХЭМНЭЛТ ГАРГАСАН БЭ?
   - Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 70-80 мянган гэрэл үйлдвэрлэсэн. Чийдэн 10 дахин, өдрийн гэрэл 4 дахин хэмнэлт гаргадаг ч цахилгаанаас гарах хэмнэлтийг шууд тооцож мөнгөн дүн гаргахад хэцүү. Хамгийн энгийнээр тайлбарлах гээд үзье. Нэг гэрлийг 10 мянган төгрөгөөр худалдан аваад эхний 6 сардаа дээрх үнэтэй дүйцэх гэрлийг ашигласан байдаг. Түүнээс хойших асалт нь хэмнэлт гэж ойлгож болно. Олон гэрэл байх тусам хэмнэлт нь илүүтэй мэдэгддэг. 
   Манайх хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа 1-1.5 сар, ажил үйлчилгээндээ 3 сарын баталгаа гаргаж, тухайн компанийн логог гэрлэн дээр нь хэвлэж өгөх тусгай үйлчилгээ үзүүлж байна. Бид дундаж үнийн бодлого барьж, ил, далд уурхай, супермаркет, дэлгүүр, шатахуун түгээх станц, төрийн байгууллагууд, төмөр зам гээд салбар бүрт харилцагчтай болсон. Жижиглэнгийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахын тулд загварлаг, ухаалаг болгох талаас нь илүүтэй бодолцоно. Лед гэрэл засагдах боломжтой. Хуучин гэрлээ засуулснаар 60-70 хувийн хэмнэлт гаргадаг. 

   - ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?
   - Өнөөгийн залуучууд мундаг болжээ. Биднээс дээш үеийнхэн улсын байгууллагад ажиллавал сайхан амьдраад явна гэсэн нийтлэг хандлагатай. Энэ үзэл хоцрогдсон. Ур чадвартай бол бидэн шиг зоригтой хөдөлж, шинэ зүйл бүтээж, улс орныхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийгээрэй. Анх гэрэл хийсэн гэхэд гайхдаг байсан, одоо гайхах хүн алга. Үүний нэгэн адил машин үйлдвэрлэсэн гээд гараад ирэхийг үгүйсгэх газаргүй. Дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг гаргах зүйлийг сэтгэж, сэдэж хийгээрэй л гэж хэлмээр байна. 
 

 
 
 
 
Ярилцсан И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Аливаа хүний байр байдал, гадаад төрх, үйл хөдлөл, үг яриа дотоод мөн чанараа илтгэдэг. Энэ хөргийн эзэн тогтуун харцтай, инээд алдсан, тайван,үгээ зөөж ярьсан, аливаад ул суурьтай  нэгэн болох нь илт. Түүний аав Говь-Алтай аймгийн харьяат. Насаараа тээврийн жолооч явсан Ширнэнгийн Базаржав агсан. Говь-Алтайн Жаргалант сумын алдарт Батсуурь аваргын нутгийн хүн. Тэр аавынхаа тухай: “Машинаа их гамтай эдэлнэ. Дөнгөс хийвэл арчиж зүлгэнэ. 35-р баазын жолооч. Тав, зургаа, долдугаар таван жилийн гавшгайч. Техникийн улсын үзлэг болох үед аав, бид хоёр бүх машиныг буддаг байсан нь санаанаас ер гардаггүй юм” хэмээн өнгөрсөн он цагийн гэгээн дурсамж сөхөв. Харин түүний ээж Очирын Дунхүү нь аймаг, сумын Ардын хянан шалгах хорооны дарга явжээ. Ээжийнхээ томилолт өвөрлөн очсон газар, гэр бүлээрээ амьдардаг байж. Тэр Төв аймагт мэндэлсэн нэгэн. Дээрээ дөрвөн эгчтэй түүнийг эхээс хүй цөглөхөд аав нь Олзбаяр хэмээх утга агуулсан нэр хайрласан нь тэртээ 70-аад он ажгуу. Түүний бага нас Төв аймгийн Эрдэнэсант, Баян сумын төвд хөдөөний хүүхдийн нэгэн адил цана, тэшүүр хөлөглөн  дүүлж, мөнхүү сурч боловсрон он цагийг үджээ. Тэр хар багын техник сэтгэлгээтэй, инженер болох мөрөөдөлтэй явж. Аавыгаа машин засах тоолон түлхүүр багажийг нь зөөж, гарын үзүүрийн ажил амжуулна. Үеийнхэнтэйгээ дугуйгаар уралдаж өссөн жаал хүү төд удалгүй мотоцикль засаж сэлбэн угсарч унаатай болж байсан нь түүний техник сэтгэлгээ насны багад нь илэрсний тод жишээ. Тэр Эрдэнэт үйлдвэрийн шинийг санаачлагчдын нэг. Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медалийн эзэн. Стандартчилал, хэмжил зүйн албаны тэргүүний ажилтан Б.Олзбаярын туулсан амьдрал сонин. Тэр их, дээд сургууль төгсөөгүй. Харин амьдралын их сургуулийг аль эрт төгссөн нь  харагддаг. Дунд сургуулиа дүүргээд Төв аймгийн ТМС-д суралцан төгсжээ. Улмаар Технологийн сургуульд суралцан тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжил эзэмшээд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон байна. “За” хэмээн зөвшөөрөх нь эрийн андгай. Б.Олзбаяр за гэвэл ёогүй зантай. Худал хуурмаг занд үнэн сэтгэлээсээ дургүй. Хөдөлмөрийн үр дүнг үзэх сайхан гэх. Бусдад хандаж “Эзэн хичээвэл заяа түшнэ” зүтгээд бай гэж зөвлөнө. Өөрөө болохоор хэлээд суух биш хийж үлгэрлэнэ. Бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хамт олны түүчээ нь. Тэр “сайн саналын системийн манлайлагч Энхтөр, Мөнгөнсор, Бат-Эрдэнэ нарын бүтээлч сэтгэлгээтэй ажилчид манайд бий” гэж бахархсан. “Анх Тооцоолон бодох ба  автоматжуулалтын цехэд хэсгийн мастер Цамба, засварчин Дамба нарын удирдлагад тэр дагалдангаар ажилласан байна. Эл хоёр буурлын үг сургаалыг бишгүй сонсож явсан аж. Түүний амьдрал шулуун дардан байсангүй, богинохон хугацаанд юм юм хийжээ. Хүндээр өвчилж, түүнийг тэвчээр заан давж, арилжаа, наймаа хийн, ашиг орлого олж явсан гэх. Амралтын хэдэн төгрөгөөрөө жижиг түц ажиллуулж эхлээд найман нэрийн дэлгүүртэй болсон замнал түүнийх. Тэр ийм л хөдөлмөрч нэгэн. Авто засварын болон мужааны багаж цуглуулах хоббитой. Түүгээрээ мужаан хийнэ. Тухайн үед ханш өндөр олон модон хаалга хийж хүмүүст зарсан юм байх. “Мотоцикль, суудлын авто машин олныг сэлбэж унасан. Агрегат засвар хийнэ. Авто машины эд ангийг өөрийн хүсэл сонирхлоор их судалсан. Энэ бүхэн миний засварчин болох сонирхлыг татсан” хэмээн  өгүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн алба 19 ажилтантай. Тэд үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжийг засварлан баталгаа гаргаж өгдөг хариуцлагатай алба хашдаг. Олзбаяр худалдааны болон лабораторийн жингүүдийг шалгаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ган бөмбөлгийн шинжилгээнд орох бэлдэц зүсдэг машин дээр давхар ажиллана. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн нарийн технологиор ган бөмбөлгөөс сорьц авч шинжилгээнд оруулна гэсэн үг. Тэр ийм ховор мэргэжил эзэмшсэн нарийн хэмжүүрийн засварчин. Химийн төв лабораторийн агааржуулалтын хөдөлгүүрийг хялбар аргаар солих ажил санаачилжээ.  Энэ нь манвиулаар эргүүлэн дээш өргөх механизм санаачлан зохион бүтээсэн аж. Мөн  жижиг бэлдэц өнгөлөх гар хавчаар санаачлан хийсэн нь ажилчдыг гар, хуруу эсгэх явдлаас урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөл бүрджээ. Сайн саналын системийн нэг зарчим нь ажлын байрны эмх цэгц. Засварчин Б.Олзбаяр багажны самбар хийж идэвх санаачилгатай ажилласныг хамт олон нь тодотгосон. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь Чехэд компьютерын программист ажилтай.  Удаах охин нь Герман улсад сурдаг. Бага нь дунд сургуулийн сурагч. Хань нь оёдолчин мэргэжилтэй. Дагвын Цэвээнпүрэв гэж Ховд аймгийн харьяат бүсгүй гэнэ. Харин Олзбаяр үйлдвэрт ашиглаж буй ган бөөрөнцгийг шинжилгээнд бэлдэх жин хэмжүүрийн засвар үйлчилгээ хариуцна. Өөрөөр хэлбэл жин хэмжүүрт засвар, үйлчилгээ хийж, ажилд бэлэн болгодгоороо тэр бахархдаг. Ийм нэг эгэл даруу Нарийн хэмжүүрийн засварчин залуу бидний дунд ид хийж бүтээж явна.
 

 Т.БАТЧУЛУУН

 
   Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Гадаад хэлний төвөөс орос, англи хэлний 45 хоногийн түр сургалтандаа элсэлт авч эхэлжээ. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд элсэгчдийг бүртгэж, 11-нээс англи хэлний модуль-2, 14-нөөс орос, англи хэлний модуль-1 сургалтууд эхлэх юм. Суралцахыг хүссэн хүмүүс Технологийн сургуулийн Оюутны байрны 112 тоотод бүртгүүлэх боломжтой. Мөн 7577-3603, 9534-7800 утсаар холбогдож сургалтын талаар мэдээлэл авахыг сургуулийн захиргаанаас мэдээллээ. 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Орос 19 дүгээр сургуулийн багш нарын хувьд энэ өдөр онцгой. Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан орос сургуулийн сурагчид сурсан мэдсэнээ тайлагнаж, багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Ерөнхий захиргааны гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г тэргүүтэй бусад албаныхан оролцож, багш нарт баяр хүргэсэн юм. Хүүхдүүдийн нижигнэсэн алга ташилт дунд шагналаа авч, нүүр дүүрэн мишээх багш нарын царай цаанаа л нэг жаргалтай. ОХУ-д суралцах хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхдийн итгэлийн оч болсон энэ сургуулийг Эрдэнэт үйлдвэр орос ах нарын үед байгуулсан. Орос хэл дээр үндсэн хичээл нь явагддаг тус сургуулийн 1-11 дүгээр ангид энэ хичээлийн жилд 498 хүүхэд суралцаж, 37 багш ажиллаж байна. Хүүхдэд эх оронч үзэл төлөвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэлд сургах, нөхөрсөг, нийтэч, нээлттэй харилцааг эрхэмлэх гээд сургалтын олон хөтөлбөр тус сургуульд бий. Дуу хуур, бүжиг наадмаар чимсэн энэ өдрийн үйл ажиллагаа багш нарын сэтгэлд нийцсэн бололтой, хүүхдүүдээ өхөөрдөж харагдсан.
 
   
 
   
 
   
 
   
 
   Англи, герман хэлний багш Серова Валентина Алексеевна Орос сургуульд 23 дахь жилдээ багшилж байна. Тэрээр ОХУ-ын их, дээд сургуульд урилгаар суралцах эрх авсан шавь нараа өнгөрсөн хавар төгсгөжээ. Баярын энэ өдөр түүнтэй ярилцаж суухад Эрдэнэт хотын төлөө хийсэн бүхэнд нь баярлаж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. “Орос, Монгол ялгаагүй л миний хүүхэд. Тэд зөв хүн болж төлөвших ёстой” хэмээн инээмсэглэл тодруулах багшийн яриаг сийрүүлэн хүргэе. 
 
Англи-герман хэлний багш СЕРОВА ВАЛЕНТИНА АЛЕКСЕЕВНА: Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг
 
 
   - Юуны өмнө танд Дэлхийн Багш нарын өдрийн мэндийг хүргэе. Ах дүүгийн найрамдалт хотод багшлахаар ирж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
   - Миний хань Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар болж, 1996 оны 8 дугаар сарын 6-нд гэр бүлээрээ ирж байлаа. Манайх хоёр хүүтэй. Нэг нь 2 дугаар анги, нөгөө нь 6 дугаар ангид орох жилээ Эрдэнэтэд ирсэн байдаг юм. Тухайн үед манай сургууль 1000 гаруй суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байсан. Ирсэн жилдээ 5В ангийн анги даасан багшаар ажиллаж, 2003 онд төгсгөсөн. Дараа нь 5Б ангийг 2011 онд, өнгөрсөн хавар 11А ангийг тус тус төгсгөлөө. Өнгөрсөн хавөр төгссөн 16 суралцагчаас 14 нь ОХУ-ын анагаах, уул уурхайн шилдэг сургууль болох Москва, Санктпетербургийн их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн батламж авч, нэг шавь маань Шанхайд суралцаж байна. Анхны шавь нарын маань нэг уул уурхайн сургууль төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байгааг харахад сайхан санагддаг. Бид ч ОХУ-ын шилдэг сургуулиудад хүүхдүүдээ сургаж, төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Манай хүүхдүүд ОХУ-аас олгож байгаа мэдлэг боловсролыг хамгийн шилдэг нь гэж үздэг учраас сургуулиа сайн төгсөх, их дээд сургуульд урилгаар суралцах, хамгийн сайн мэргэжлүүдийг сонгож эзэмших зорилго, хүсэл тэмүүлэлтэй. 

    - Хичээлээс гадуур ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
   - 11А ангийнхантайгаа экологийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, гялгар уутнаас татгалзах, ус, цахилгаанаа хэмнэх хүрээнд чамгүй олон ажил өрнүүлсэн. Мөн монгол гэр бол хамгийн эко орчинтой сууц гэдгийг хүүхдүүдэд таниулах ажлыг зохион байгуулж, жил бүр мод тарьж, байгаль дэлхийдээ хөрөнгө оруулалт хийлээ. Шинэ суралцагчиддаа эв найрамдал, хүн чанарын тухай сургаж, Монгол Улсын зөв иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилгоо өмнөө тавьж, сурган хүмүүжүүлэх болно. Энэ жилдээ амарч байна. Төгссөн ангийнхандаа төрүүлсэн хүүхэд шигээ их дасчээ. Одоо ч тэд маань дэргэд байх шиг санагддаг.

    - Боловсролын системийн талаар та юу хэлэх вэ?
  - Миний бодлоор том ялгаа байхгүй. Багш бүхэн хүүхдийг сургах нэг л зорилготой. Тиймээс өглөө бүр суралцах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх гурван зорилго өмнөө тавьж, ангийнхаа босгоор алхдаг байгаасай.

    - 20 гаруй жил амьдарсан Эрдэнэт хотоо зүрх сэтгэлдээ хэрхэн багтаадаг вэ? Төрөлх нутгаа санаж байна уу? 
   - Монгол бол миний хоёр дахь гэр. Эрдэнэт бол миний хот. Энэ хотод хүүхдүүд маань өсөж торнин, сургуулиа төгссөн. 1996 онд ОХУ-д байдал хүнд байлаа. Тухайн үед Монгол-Оросын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдан, Эрдэнэт хот сүндэрлэн боссон юм. Биднийг найрсаг, халуун дотноор угтан авсан тэр өдрөөс хойш Эрдэнэтдээ тайван амгалан ажиллаж, амьдарч явна. Миний дотны найзууд, хэлний багш нар энэ хотод олон бий. Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг. Энэ хотдоо их дасчээ. Эрдэнэт хотын бүх хүмүүст, тэр дундаа миний ангид хүүхдээ оруулсан эцэг эхчүүддээ баярлаж байна. Хэцүү ч бай, жаргалтай ч бай дэргэд минь хамт байж, тусалж дэмжсэн та нарыгаа хэзээ ч мартахгүй.

   - Орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр маань хамтран судалж байна. Олон жил ажилласан багшийн хувьд юу хийхийг хүсэж мөрөөдөж байна вэ?
    - Үнэхээр сайхан мэдээ байна. Олон хүүхэд манай сургуульд суралцахыг хүсдэг ч боломж нь гарахгүй л байна. Сургууль, цэцэрлэг нэмэгдэх нь боловсролын салбарт маш том дэмжлэг байх болно.  Орос, Монгол хоёр орон түүхээрээ ч их холбоотой. Найрамдалт харилцаа маань тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

   - Баярын энэ өдөр хамт олондоо чин сэтгэлийн үгээ илгээнэ үү?
   - Хамт олондоо төдийгүй Эрдэнэт хотынхоо бүх багш нарт баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Багш нарын ажил сайнаар үнэлэгдэж, өндөр цалин авдаг байгаасай. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд, сайн сурч, багшийгаа баярлуулаарай гэж захья. 
   
   - Баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье. 

 
 
 
 
 
 
Сурвалжилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог