Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
 
Мэндчилгээ
 
    Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн чадварлаг, мэргэшсэн, хөдөлмөрч  уурхайчид маань түүхэндээ анх удаа жилд 25,2 сая м3 уулын цул гаргаж, 37 сая тонн хүдэр олборлож, 496,1 мянган уртааш метр цооног өрөмдөж, 25,46 сая уулын цул тэсэлж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн бахдам амжилт үзүүллээ. 
    Хөдөлмөрийн бүтээмж  дээшлүүлэх, өртөг зардлаа бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа   хэрэгжүүлсний үр дүнд эхний 11 сарын байдлаар 7,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган үр бүтээлтэй ажилласан. 
    Энэ онд Ил уурхайн уулын ажлын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн хоёр  экскаватор, Зам овоолгын хэсэгт CATERPILLAR фирмийн CAT16М маркийн шинэ загварын автогрейдер, KOMATSU фирмийн D275А гинжит бульдозер, KOMATSU фирмийн 1.2 метр кубын шанаганы багтаамжтай PC220 жижиг оврын экскаватор, Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт LIEBHERR фирмийн LTM1060 маркийн 60 тн-ын даацтай автокран зэргийг худалдан авч уурхайн үндсэн тоног төхөөрөмжүүдийн парк шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэлээ. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Ил Уурхайн гадаад болон дотоод цахилгаан хангамжийн өргөтгөл, Зам овоолгын хэсгийн дугуйт техникийн гараажийн сэргээн засварлалт зэрэг томоохон ажлуудыг эхлүүлсэн ба ирэх оны эхний хагас жилд гүйцээхээр төлөвлөн  ажиллаж байна. 
Айлчлан ирж буй 2020 онд бид олон далайцтай ажил эхлүүлэх бэлтгэлээ хангасан. Тухайлбал жилд 15000 тн тэсрэх бодис үйлдвэрлэх  хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр,  Мөчлөгт-урсгалт тээврийн технологийн системийг нэвтрүүлэх юм. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, ажиллагсад, уурхайчид, тэдний гэр бүлд, мөн хамтран ажилладаг байгууллагууддаа ирж буй Шинэ оны баярын мэнд дэвшүүлж,  хөдөлмөрлөх  ариун үйлсэд тань гялалзсан амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ИЛ УУРХАЙН ДАРГА Б.ОТГОНДАВАА
   
 
    Байнгын хөдөлгөөнд оршиж буй нийгмээ дагасан хөрвөх чадварыг Эрдэнэт үйлдвэр эрэлхийлсээр байгаагийн нэг тод илрэл нь Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан явдал байлаа. Тусламж, дэмжлэгийг хэрэгтэй нэгэнд нь хүргэж, удирдлага, ажилтны хооронд холбох гүүр болсон энэ хэлтсийн үүрэг оролцоо чамгүй их болох нь олон зүйл дээр харагддаг. Энэ ч утгаараа оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж суугаа Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатыг зочноор урьж ярилцлаа.
    -Эрдэнэт үйлдвэр 2019 онд ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг илүү оновчтой, хүртээмжтэй шийдвэрлэхэд чиглэсэн Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэн харахад ямар тодорхой ажлууд хийв? 
    -Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна нийгэмд нөлөө үзүүлэгч, нийгмийн хариуцлагатай жишиг аж ахуйн нэгж болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна. Эрдэнэт үйлдвэрийг олон нийт эдийн засгийн үр өгөөжөөр нь хардаг бол энэ үйлдвэр улс болон орон нутгийн хэмжээнд оруулж байгаа нийгмийн хариуцлагын ажил, үйлдвэрийн газраас ажиллагчдадаа хүргэх нийгмийн хариуцлагын ажлуудаа тооцож үзэхэд аль аль талдаа дэвшилттэй жил байлаа. 
    Нэгд, Эрдэнэт үйлдвэрийг төр 100 хувь өөрийн мэдэлд авч, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Төр иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул тэрхүү иргэдийн нэг хэсэг болох Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад зориулсан “Нийгмийн харилцааны хэлтэстэй болох нь зөв” гэсэн шийдэлд хүрсэн явдал байлаа. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хот дагуулсан үйлдвэр гэдэг утгаараа соёл, спорт, цэцэрлэг, сургууль зэрэг хотод байх ёстой бүх зүйлийг барьж байгуулахад оролцсоор ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 870 гаруй ажилтантай нийгмийн 10-аад цех нэгжээр дамжуулан үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл, үр хүүхэд, аймгийн хэмжээнд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлдэг болтлоо хөгжжээ. Бага зардлаар, илүү олон үйлчилгээг чанартай хүргэх зорилго бидэнд тавигдаж байна. Тусламж дэмжлэгийг хавтгайруулах бус илүү залуучууд руу, дэмжлэг авах ёстой ахмад руу чиглэсэн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг харсан. Энэ чиглэл рүү харсан стратеги бодлого, урт болон богино хугацааны төлөвлөгөөг хийж байна.    
    -Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
   -Эрдэнэт үйлдвэр энэ оныг “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Гэхдээ энэ оны ололт амжилтууд зөвхөн техник, технологи, үйлдвэрлэлийн хувьд байсангүй. Үйлдвэрийн газрын Тогтвортой хөгжлийн бодлогын нэгд, Нийгмийн бодлого багтдаг. Нийгмийн чиглэлд хандуулсан бодлогын хүрээнд том хэмжээний, урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, ажил хэрэг болгосон. Эдгээрийн нэг нь 3 төсөл бүхий орон сууцны Уурхайчин хөтөлбөр юм. Төслийн ажлууд эхэлсэн ч одоо мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчинд тендер шалгаруулалтын явцад саатал гарч, зарим ажил хараахан хугацаандаа эхэлж амжаагүй. Энэ жилийн тухайд шийдвэрлэсэн томоохон ажлын нэг нь хүүхдийн цэцэрлэг нэмж төлөвлөсөн. Нийт уурхайчдын маань 60 гаруй хувийг залуучууд эзэлж, тэдэнд орон сууцнаас гадна хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгаа учраас шинээр баригдаж эхэлсэн хороолол дундаа 2020, 2021 онуудад 2 цэцэрлэг барихаар болсон. Мөн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборт 210 хүний ортой зочид буудлын барилга ирэх хавраас баригдахаар төлөвлөөд байна. Энэ бүхэн аймаг, бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, зах зээлийн орчинд татаасаа багасгаж, үр ашигтай ажиллах нэг хэлбэр гэж ойлгож болно. Энэ онд нийгмийн хариуцлагын зардал өмнөх оноос буурсан харагдаж байгаа нь төлөвлөсөн ажлууд багассан хэрэг биш юм. Үйлдвэрийн газраас орон сууцны дэмжлэг болох 8 сая төгрөгийг оны эхнээс 12 сая төгрөг болгож, жилдээ 400 гаруй хүн авч байсныг 518 хүнд олгосон. Ахмадуудад жилдээ 2 удаа олгодог 45 мянган төгрөгийг Ерөнхий захирлын санаачилгаар нэмэгдүүлсэн гээд тоочвол олон зүйлийг нэрлэх байх. 
    -Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний заалтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнээр нь үр дүнг тооцох ёстой байх. Өмнөх гэрээний талаар тодруулбал?
    -“Хамтын гэрээ” бол ажилчдадаа хүргэж байгаа нийгмийн хариуцлагын нэг тод илрэл. Бид өмнөх жилд хийсэн ажлын үр дүнгээ нэгтгэж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г дүгнэхэд 102.6 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс хүлээсэн үүргээ 2.6 хувиар илүү биелүүлснийг харуулж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр орон нутагтай хийсэн хамтын гэрээгээр бүс, орон нутгийнхаа хөгжилд оруулж байгаа нийгмийн хариуцлагаа дүгнэдэг. Улсын хэмжээнд болж байгаа уул уурхай, спортын томоохон тэмцээн уралдааныг тогтмол дэмжин ажиллаж, 2020 онд Олимпын наадмын ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болсон. Энэ бүхэн нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж гэдгийг бүрэн илтгэх байх. 
    -2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ? 
  -Аливаа аж ахуйн нэгжийн хөгжил нийгмийн хөгжлийг даган өөрчлөгддөгийн адил Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жишиг тогтоож яваа. Тэр утгаараа гэрээнд хэд хэдэн шинэлэг заалт орсон. Захиргааны зүгээс оруулсан өөрчлөлтүүд ч бий. Миний хувьд “Хамтын гэрээ”-нд дөрвөн удаа оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ҮЭХ-той хамтран баялаг бүтээж, түүнийгээ шударга хуваарилах зарчим баримтална гэдгээ тохирсон. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бүрэн ашиглах, зардал бууруулахад зөвхөн захиргаа бус Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах ёстой гэдэг нэг шийдэлд хүрлээ. Үйлдвэрчний байгууллага гэдэг нь ажилчдын төлөөлөл учраас захиргаатай хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн процессыг сайжруулан, компанийн хөгжлийг урагшлуулах тул онгоцны хоёр далавчтай адилтгаж болох. Хоёулаа байсан цагт компани урагш хөдөлнө. Бид сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэр болгохын төлөө ажиллаж байна. Нийгмийн хариуцлага нь бие хүмүүсийн хариуцлагаас бүрддэг тул тухайн бие хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх нь маш чухал юм. Ажилтан бүрийн ёс зүйг хөгжүүлж, нэгдсэн хяналтыг бие биедээ тавьж, нийгмийн хариуцлагад хүрэхэд хамтран ажиллах шийдэлд хүрсэн. Ажилтан хүн тусламж дэмжлэг авснаа нуун дарагдуулах, дахин авах гэж оролдох, бусдаас түрүүлж илүү эрх эдлэх, бусдад хүрэх тусламж дэмжлэгийг өөртөө авах нь бие хүний ёс зүйтэй хамааралтай. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний дагуу дэмжлэг туслалцаа олгох, олон нийтийн хяналт тавихад хоёр тал хамтран ажиллана.  
   -Нийгмийн харилцааны хэлтэс мэргэжлийн социологичтой болсон. Төлөвлөгөөт ажлуудаа суурь судалгаанд тулгуурлан гаргах нь ямар давуу талтай байна вэ? 
   -Эрдэнэт үйлдвэрийн нийгэмд эзлэх байр суурь, нөлөөлөл том учраас нийгмийн эрэлт хэрэгцээг байнга судлах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч манай хэлтэс анх байгуулагдахдаа социологичийн орон тоо баталж өгөхийг хүссэн. Өмнө нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол өөрийн орон тоон дээр мэргэжлийн хүн ажиллуулснаар ажиллагсдынхаа дотоод судалгааг тасралтгүй явуулах нөхцөл боломж бүрдсэн гэж болно. Ямар нэг үйл ажиллагааг судалгаан дээр суурилах нь удирдлагын түвшинд шийдсэн шийдлийг илүү бодитой, хөрсөн дээр хэрэгжих боломжтой болгож байгаа юм. Нийт ажиллагсдын дунд үйлдвэрээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламжид сэтгэл ханамж хэр байдаг талаар судалгаа явуулахад 56 хувь нь сэтгэл хангалуун, 30 гаруй хувь нь боломжийн, 20 гаруй хувь нь илүү сайжруулалтыг хүссэн бол 7-8 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү судалгааны дүнг үндэслэн мэдээллээ илүү хүргэх, дүрэм, журмыг танилцуулах, ажиллагсдынхаа саналыг тусгах хэрэгтэйг олж харсан. 
   -Эрдэнэт үйлдвэр халуун ам бүлийнхээ 8 залуу гэр бүлд амины орон сууц бэлэглэснийг сайшаах хүн олон байна. Ажиллагсдаа дэмжин урамшуулсан энэ ажил тусламж, дэмжлэг зохих хүмүүстээ хүрсний нэг илрэл болсон байх?
   -Тоондоо бус зарчмын хувьд шинэчлэл хийснээрээ энэ ажил олон хүнд хүрсэн. Ажилласан жилийг нь харж байр олгодог байсан бол энэ удаа инновацийн төслөөр Эрдэнэт үйлдвэрт онцгой хувь нэмэр оруулсан 3 ажилтан, үндсэн цехүүдээс тус бүр нэг ажилтан, нийгмийн 10 цехээс нэг ажилтанд гэх зэргээр маш нарийн шалгуурыг харсан. Ажилласан жилээс илүүтэй тухайн хүний үйлдвэрт оруулсан хувь нэмэр, үр өгөөжийг онцолж амины орон сууцны түлхүүрийг гардуулсан. Залуу ажилтнуудын хувьд мэргэжлээрээ өсөж дэвших, илүү ихийг хийж бүтээх урам өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хэлэх гэсэн санаа нь та үйлдвэртээ юу хийж, бүтээж чадна, тэр бүхнийг үйлдвэрийн газраас харж, үнэлж байдаг юм шүү.  
   -Оны ажлаа ололт амжилтаар үдэж байгаа хэлтсийнхээ нэрийн өмнөөс нийт уурхайчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү? 
  -Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллах болно. Улиран одож буй 2019 оныг шинэ дээд амжилтаар үдэж буй баялаг бүтээгчдэдээ айсуй оны мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе. 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн тусгай үйлчилгээ бүхий “Хүүхдийн хөгжил”, “Итгэлийн мод”, “Найдвар” төвийн багачуудад Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид сэтгэлийн бэлгээ хүргүүллээ. Гадаад харилцааны бодлогын газар, Маркетингийн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн Орхон аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дээрх төвүүдийн шинэ жилийн баяр дээр зочилсон юм. Өнөөдрийн байдлаар дээрх төвүүдэд 50-иад хүүхэд суралцаж, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэм болж байна. Шинэ жилийн бэлэг авч, баярлаж хөөрсөн багачууд уурхайчдад зориулан “Уурхайчин би” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Найдвар” төвийн хүүхдүүд “Царцаанамжил” жүжигчилсэн тоглолтоор талархлаа илэрхийллээ.

Энэ үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

“Хүүхдийн хөгжил” төвийн дарга Д.ОДГЭРЭЛ: Дэргэд минь байгаад баярлалаа

    Өнөөдөр бид 2020 оныг угтсан “Дэргэд минь байгаад баярлалаа” талархлын шинэ жилийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны дэргэдэх Хүүхэд хөгжлийн төвийн залуучуудынхаа хүрээнд зохион байгууллаа. Манай төв долоо дахь жилдээ, Эцэг эхийн холбоо байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ хичээлийн жилд 2-8 насны 4, 18-аас дээш насны 11 буюу нийт 15 хүүхэд хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр энэ онд эхлүүлэн хийж байгаа ажлаа ирэх онд үргэлжлүүлэх болно. Жил бүр бидэнд урам хайрлаж, бэлэг өгдөг Эрдэнэт үйлдвэртээ баярлаж талархсанаа эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс илэрхийлж, ирэх онд ажил хөдөлмөрөөр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа.

“Найдвар” төвийн тэргүүн Г.ГАНЧИМЭГ: Хүүхдүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн

    Манай төв 2-18 насны хөгжлийн хүнд хэлбэрийн хүүхдүүдэд хүрч үйлчилдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд 35 хүүхдэд хүрч үйлчилснээс 8 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад элсэж, мэргэжлийн болон тусгай сургууль, хүүхэд хөгжлийн төвд тус бүр нэг хүүхэд шилжүүлэн сургасан. Хүн сонсоход бага тоо боловч маш их хөдөлмөр, хүүхдүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг хэлмээр байна. Бид аль болох олон гэр бүл, хүүхдэд хүрч үйлчлэх зорилготой ажилладаг. Тэр ч утгаараа 2019 оны ажлаа дүгнэж, хүүхдүүд маань сурсан мэдсэнээ харууллаа. Бидний үйл ажиллагааг цаг ямагт дэмждэг эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлаарай.          

 И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

    Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг номинацийн эздийг тодруулах “Зэс үзэг-2019” шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулдаг уг шалгаруулалтын энэ оны шилдгүүдийн  тэргүүн эгнээг Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хамт олон өнгөлж, тус албаны “Эрдэнэт долгион” FM 107.1 радио 2019 оны Орхон аймгийн “Оны шилдэг радио”,  www.erdenettoday.mn сайт “Оны шилдэг сайт” номинацид шалгарлаа. Хорь гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт долгион” FM 107.1 радио нь Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймгийн үйламьдралын мэдээ8мэдээллийг өргөн хүрээнд дамжуулж, өөрийн гэсэн нийтлэл нэвтрүүлгээ тогтмол тасралтгүй хүргэж байгаа бол өдөр тутмын www.erdenettoday.mn сайт нь шинэ тутам хөгжиж буй цахим сэтгүүлзүйн төрөлд өөрийн гэсэн өнгө аяс, салбарын мэдээллийн хэрэгслийн онцлог зэргийг тэнцвэртэй барьж, уул уурхайн мэдээ, нийтлэлийг тогтмол түгээж, хамтын ажиллагаа бүхий вэб сайтуудын албан ёсны эх сурвалж болон ажиллаж байгаа юм. Мөн улиран одож буй 2019 онд тус редакцынхан шинэ контент, нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч, шинэлэг, даацтай уран бүтээлийн эрэл хайгуул, санал санаачилгыг идэвхжүүлэн ажилласан нь “Зэс үзэг” цомын эзэд болох үндсийг тавьжээ.    

   Оны шилдэг шалгаруулах “Зэс үзэг-2019” наадмын бусад номинаци буюу “Оны шилдэг сонин”-оор сэтгүүлч О.Эрдэнэжаргал эрхлэгчтэй “Таны амьдрал” сонин, “Оны шилдэг сэтгүүлч”-ээр чөлөөт уран бүтээлийн NBHD телевизийн редактор Т.Атарбаяр, “Оны шилдэг зураглаач”-аар ETV телевизийн зураглаач З.Пүрэвсүрэн нар тус тус шалгарч, зэс үзэгтнүүд боллоо. Мөн энэ үеэр Орхон аймгийн Телевизүүдийн холбооноос оны шилдгүүдээ зарлаж, ETV телевизийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөр, Тусгал телевизийн танин мэдэхүйн “Хүүхэд ертөнц” цуврал нэвтрүүлэг болон чөлөөт уран бүтээлийн NBHD телевизийн хамт олонд шилдгүүдэд олгодог “Алтан бүргэд” цом, шагналыг гардуулав.    

 

М.Балжинням 

Төгссөн сургууль:

1993 онд ОХУ-ын Вольск хотын Багшийн сургууль, 2002 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн төв, 2016 онд ОХУ-ын Москва хотын Архив, албан хэрэг хөтлөлтийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн

Мэргэжил:

Багш, Арга зүйч, Удирдлагын арга зүйч, Зохион байгуулагч, Албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан

Ажилласан туршлага:

1993-2003 онд Эрдэнэт үйлдвэрийн Орос цэцэрлэгт багш, арга зүйч, 2003-2013 онд Захиргаа, аж ахуйн цехэд хүний нөөцийн менежер, 2013-2019 онд Тамгын хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт хариуцсан мэргэжилтэн, 2019 оны 7 дугаар сараас Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1989 онд ОХУ-ын Иркутскийн их сургууль хэлний бэлтгэл курс, 2002 онд Монголын математикийн багш нарын академийн “Оюун хөгжил + IQ” хичээл заах эрх олгох сургалт, УБИС-ийн Боловсрол судлалын сургууль багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 2004 онд Биеийн тамир, спортын улсын хорооны “Эрүүл мэнд, соёл, спорт биеийн тамирын арга зүйчээр ажиллах эрх олгох” сургалт, 2011 онд Орхон-Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Хүний нөөцийн удирдлагын DISC загварын ур чадвар олгох сургалт”, 2012 онд Япон Улсын Бүтээмжийн төвийн сургалт, 2013 онд Герман Улсын GFS сургуулийн “Хүний нөөцийн үнэлгээ” сэдэвт сургалт, 2014 онд МҮХАҮТ-ын “Оффис менежмент” сэдэвт түргэвчилсэн сургалт, 2015 онд Архивын ерөнхий газарт “Архив, бичиг хэргийн ажилтан” мэргэжил эзэмших сургалт, 2016 онд ОХУ-ын Москва хотын Архив, албан хэрэг хөтлөлтийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд мэргэжлийн давтан бэлтгэх сургалт, 2017 онд Турк Улсад “Хүний нөөцийн менежмент”-ийн сургалтыг тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Аливаа байгууллагаас боловсруулан гаргаж буй баримт бичиг нь хэдий чинээ үнэн зөв, хуульд нийцсэн, шинжлэх ухааны үндэстэй байна төдий чинээ архивын сан хөмрөг баримтаар нөхөн баяждаг. Тэрээр архивын баримтууд тодорхой хугацааны дараа түүхийн эх сурвалж болдог учраас энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхийг бүтээлцэж, хойч үедээ өвлүүлэх үүргийг чин шударгаар гүйцэтгэн, өөрийн мэдлэг чадварыг ажилдаа зориулах чин хүсэл тээж яваа чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Өглөө бүр 06 цаг 30 минутад сэрж, шүршүүрт орж, кофегоо уугаад ажилдаа явдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хүн бүр амьдралын сэргээшийг өөр өөр зүйлээс авдаг байх. Би гэр бүл, найз нөхөд, хамт олон, дуу хөгжим, үзэсгэлэнт байгалийг онцлон хэлмээр байна.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах ажлыг үйлдвэрийн газрын хэмжээнд зохион байгуулж, хяналт тавин, энэ чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, бодлогын баримт бичиг боловсруулах ажил, үүргийг гүйцэтгэдэг. Баримт бичиг боловсруулахаас эхлээд архивт шилжүүлэх хүртэл бүрдүүлэлтийн бүх шатанд тавигдах стандарт, зааврын шаардлагыг хангуулахад анхаарал хандуулдаг.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Үйлдвэрийн газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд “Цахимаар албан хэрэг хөтлөх” ажлыг эхлүүлэн, журам, заавар боловсруулах, программ хангамжийг нэвтрүүлэх, сайжруулах, хөгжүүлэх зэргээр цаашид цаасгүй технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд хэрхэн анхаардаг вэ?

-Цаг зав багатай ч илүү их унших, байнга суралцахыг хичээдэг. Мэдээж хүн бүр төгс биш шүү дээ. Би ажил, амьдрал дээр ахмад үеийнхнээсээ болон өнөөгийн үлгэр жишээ хүмүүсээс суралцаж, ямагт өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Өдөр бүр 30 минут бясалгал хийж, долоо хоногт 1-2 удаа идэвхтэй хөдөлгөөн хийхийг зорьж байна.

-Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Маш өөдрөгөөр.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би Эрдэнэт үйлдвэрт 27 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэрт цаг баримтлах, ажил хөдөлмөрийг сэтгэлээсээ хийх, эмх цэгцийг эрхэмлэх, ахмад настнаа хүндлэх, үйлдвэрээрээ бахархах өөрийн гэсэн өвөрмөц соёл бий. Миний гэр бүлийн суурь хүмүүжил Эрдэнэт үйлдвэрийн хамт олны соёлтой нийцдэг учраас өнөөдрийг хүртэл миний харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөөгүй. Цаашид ч өөрчлөгдөх боломжгүй юм.

   

    Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Энэрэл” хүүхдийн төвийн багачуудад шинэ оны мэнд дэвшүүлж, баярыг нь хамтдаа хуваалцлаа. Соёл, урлагийн цогцолборт зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан нар хүрэлцэн ирсэн юм. Энэ өдөр урлаг, спорт, сурлагын амжилтаараа манлайлсан, номын сайн нөхөр болсон шилдэг сурагчдад “Энэрэл” хүүхдийн төвийн Эрхлэгчийн нэрэмжит шагнал олгож, багш Д.Оюунчимэг ХНХЯ-ны жуух бичгээр шагнагдлаа.

    Хүрэлцэн ирсэн зочдод ая дууны мэндчилгээ дэвшүүлж, урлагийн авьяасаа толилуулсан “Энэрэл”-ийнхэн ам бүл 57-уулаа. Тэд 2019 оныг өрнүүн их амжилтаар үдэж буйгаа баярын үеэр танилцуулсан юм. Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СААЖЦ-ын харьяа “Энэрэл” хүүхдийн төв энэ онд магадлан итгэмжлэгдэж, хүүхэд хөгжлийн спорт заал барьж байгуулан, дотоод тохижилтдоо нэлээд анхаарсан бол ирэх жил "Хөдөлмөр" зусландаа эмнэлгийн байртай болохоор барилгын ажлаа эхлүүлжээ. Монголын Скаутын холбооны Үндэсний Жембори цугларалтад оролцож, “Сайн саналын системийн 100 манлайлагч”-аар хоёр ажилтан нь тодорч, багш сурагчдаараа Улаан-Үд хотноо аялсан гээд онцлох ажил олон байлаа. Үйлдвэрийн газрын зүгээс хүүхэд бүрд, өвлийн өвгөнөөс хүссэн бэлгийг нь бэлтгэхийн зэрэгцээ Улаанбаатар хотноо “Кремлийн шинэ жил”-д оролцох онцгой бэлэг барьсан юм.

    Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хүүхдүүдэд хандаж хэлсэн үгэндээ, “Энэрэл төвийн халуун ам бүл болсон хүүхэд багачууд, тэднийг хайр энэрлээр дүүрэн өсгөж байгаа эрхэм багш нар, хамт олны 2019 оны ажил хөдөлмөрийн амжилтаас хуваалцсандаа таатай байна. Эрдэнэт үйлдвэрийн 6600 ах эгч нар нь энэ төвд өсөж, хүмүүжиж байгаа 57 бяцхан үрсээрээ бахархаж байна. Ах, эгч нарынх нь нэрийн өмнөөс та бүхэндээ халуун баяр хүргэе. Хүүхдүүд маань авьяастай, сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж байгаа учраас Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин ах, эгч нар нь хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих боломж бололцоогоор хангахын төлөө өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг та нартаа зориулж байгаа юм шүү. Энэ онд уурхайчин ах, эгч нар нь чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийж ажиллалаа. 2020 онд та бүхнийхээ төлөө мөн хичээн зүтгэх болно. Харин та нар минь хичээлээ сайн хийж, багш нарынхаа үгэнд сайн орж, урлаг спортоор амжилттай хичээллэн, хамгийн гол нь эх орондоо зөв сэтгэлтэй Монгол хүн болох ёстой шүү” хэмээгээд 2020 онд хичээл сурлага, ажил хөдөлмөртөө өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Баярын үйл ажиллагааны үеэр багачуудын сэтгэгдлээс хуваалцлаа.

Өвлийн өвөөд захидал бичих нь үлгэрт гардаг шиг л гоё

    Миний хувьд энэ өдрийг удаан хүлээсэн. Энэ жил өвлийн өвөөгөөс гар утас хүссэн болохоор ирэх өдрийг нь тэсэн ядан хүлээж байлаа. Үнэхээр жаргалтай байна. Өглөө сэрэхдээ л “Өнөөдөр би утастай болно” гэж зарлаад боссон. Өвлийн өвөөд захидал бичих нь үлгэрт гардаг шиг л гоё санагддаг. Би төгсөх ангид суралцаж байгаа болохоор хичээлээ сайн хийж, их сургуульд элсэн орохын төлөө дугуйландаа идэвхтэй хамрагдаж байгаа. Эрхзүйч, хуульч мэргэжилтэй болохыг хүсэж байна. Дүү нарыг минь, биднийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө сурч боловсрох, урлаг, спортоор хичээллэх бүх талаар хангаж, дэмжиж байдаг Эрдэнэт үйлдвэрийн ах, эгч нартаа маш их баярлалаа.

1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.ХҮСЛЭН

Онц сурлагатан болж, олон бэлэг авсандаа баяртай байна

    Өнөөдөр бүх зүйл сайхан байна. Бид шинэ жилийн баярт зориулсан бүжгээ давтаж, олон хоног бэлтгэсэн. Онц сурлагатан болж, олон бэлэг авсандаа баяртай байна. Өнөөдөр бид Улаанбаатар хот явна. Биднийг үргэлж баярлуулдаг ах, эгч нартаа “Баярлалаа” гэж хэлье. Та бүхэн сайхан баярлаарай.

12 дугаар сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.АНАР

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

    Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулж буй зарим тендер шалгаруулалттай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг илт гүтгэн, бодит байдлыг мушгин гуйвуулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг сөрөг үр дагаварт хүргэх мэдээлэл гарч байна.

    Тухайлбал, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэгцээг 60 гаруй км-ийн зайтай Сэлэнгэ мөрний сав газраас хос ган хоолойгоор ус татаж хангадаг бөгөөд уг ган хоолой болон үүнтэй холбоотой барилга, инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр хариуцдаг юм. Энэхүү хос ган хоолойн ашиглалтын хугацаа дууссан, мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа солих шаардлага тавьдаг. Ус дамжуулах шинэ хоолойг барихгүй бол Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ус хангамжийн системд доголдол гарч, усны хангамж тасалдах, улмаар үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл байгаад дүгнэлт хийж, 3 дугаар ган хоолой барихаар 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

    Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам хоолойг барих гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулж, нээлттэй тендерийг 2019 оны 5 болон 8 дугаар сард 2 удаа зарласан боловч эдгээр тендерүүд хүчингүй болсон. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 дахь заалтын дагуу гүйцэтгэгчийг сонгох Ажлын хэсгийг байгуулсан.

    Ажлын хэсэг уг ажлыг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхитай компаниудийг судалсан. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэх талаар гэрээ байгуулагдаагүй байхад цахим сүлжээгээр янз бүрийн сөрөг мэдээлэл цацагдаж байгаа нь Үнэлгээний хороо, Ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

    Иймд энэхүү асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад танилцуулж, хянуулах нь зүйтэй гэж үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг түр хугацаагаар зогсоолоо.

    Хоног тутамд 89 мянган тн хүдэр боловсруулж, цаг тутамд 230 сая төгрөгийн борлуулалт хийж, минут тутамд 1.8 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг үйлдвэрийн хувьд үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад цаг хугацааны хүчин зүйл онцгой чухал байдаг боловч худалдан авах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх, асуудлыг шударгаар шийдвэрлэх зарчмын дагуу энэхүү арга хэмжээг авлаа.

   Тасралтгүй үйл ажиллагаатай, 6500 гаруй ажилтантай, Монголд төдийгүй Ази тивдээ томоохонд ордог үйлдвэрийн хувьд технологийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн сэлбэг, материалын худалдан авалт, хангамжийг зохион байгуулахад зарим талаар хүндрэл гардаг хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд явагдаж байна.

   2019 оны эхний 11 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, аргын дагуу зохион байгуулсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс 53.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ нь 50 ортой эмнэлэг 10, эсвэл 280 ортой цэцэрлэг 25-ыг барьж болох хөрөнгө. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ЭКГ-12 маркийн экскаватор 3, эсвэл 130 тоннын даацтай Белаз автомашин 10-ыг худалдан авч болох хөрөнгө юм.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хөрөнгө оруулалтын бодлогоо үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

    Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийн хүрээнд ҮЭ-ийн байгууллагатай хамтран жил бүр “Хамтын гэрээ” хэрэгжүүлэн ажилладаг. Ирэх 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ “Хамтын гэрээ”-нд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү гэрээ нь уурхайчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх нөхцөл, эрх, үүрэг, давуу тал зэрэг олон асуудлыг багтаасан 12 бүлэг, 108 заалт бүхий 12 дахь удаагийн гэрээ юм. Харин Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсны дараа байгуулагдсан анхны “Хамтын гэрээ” боллоо.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид ҮЭХ-той хамтран хэрэгжүүлэх энэ удаагийн “Хамтын гэрээ” нэлээд онцлогтой. Учир нь өнгөрч буй 2019 он бидний хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувьд хүргэсэн. Энэ бол манай уурхайчдын ажлын үр дүн. Нөгөө талаас, “Хамтын гэрээ”-г хэлэлцэх ажлын хэсгийнхэн ойлголцол, зөвшилцөл өндөр хэмжээнд байж, богино хугацаанд байгуулсныг тэмдэглэх учиртай. Хэдийгээр үйлдвэр, үйлдвэрчний байгууллагууд хуулийн дагуу нэг зүйлийн хоёр тал шиг харагддаг ч бид хөгжлийн төлөө, ажилчин хүний төлөө нэг баг болж, нэг зорилгын дор нэгдэж хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Ингээд энэ зорилгын төлөө харилцан зөвшилцөж, гарын үсэг зурах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд тусгагдсан асуудлууд уурхайчдын ажиллах нөхцөл, цалин хангамж, сэтгэл хангалуун амьдарч ажиллахад эерэг боломж бүрдүүлж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцлов. Мөн тэрээр уг үйл ажиллагаанд оролцсон үйлдвэрийн болон ҮЭХ-ны байгууллагын төлөөллүүдэд Уурхайчдын баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

Б.ТӨГСБАЯР: Шинэ “Хамтын гэрээ”-нд 2-ийн 4 дэх заалтыг хэвээр нь үлдээж, ажилчдын цалинг дахин 20 хувиар нэмэхээр тусгасан

    Шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэх үйл ажиллагаан дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Төгсбаяр тэмдэглэхдээ “2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний бүх заалт нь ажилтан хүний нийгмийн асуудал, бодит орлого, цалин хөлсийг шийдэхэд ихээхэн түлхэц болохуйц байдлаар тусгагдсан” гэдгийг хэлэв.

    Уурхайчдын зүгээс хамгийн их хүлээлттэй, санал шүүмжлэл дагуулсан зүйл, заалтын талаар тодруулахад “ Хамгийн гол онцлог бол үйлдвэрийн санхүү, эдийн засгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө Хамтын гэрээ байгуулагдаж байгаа нь маш чухал. Энэ удаагийн гэрээний 29 заалтанд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Ажилчдын хамгийн их хүсэн хүлээж байсан 2-ийн 4 дэх заалт буюу аав, ээжийнхээ оронд залгамжлан ажилд орох тухай заалтыг ямар нэг нэмэлт өөрчлөлтгүйгээр хуучнаар нь авч үлдсэн. Мөн ирэх жилүүдэд ажилчдын цалинг 20 хувиар нэмэх заалт орууллаа. Бусад нийгмийн хамгааллын олон асуудлууд багтаж байгаа. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд нийт 53 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөн, тусгаж чадсаныг бас хэлэх нь зүйтэй. Мэдээж, энэ төсвийг манай ажилчид цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт гэх зэрэг олон хэлбэрээр авна гэсэн үг. Хамтын гэрээнд тусгагдсан асуудлуудыг уг гэрээг дагалдаж гардаг журмаар зохицуулан хэрэгжүүлнэ. Тиймээс бид ажилчиддаа энэ Хамтын гэрээ-ний зүйл, заалт бүрийг таниулж, сурталчлах ажлыг нээлттэй зохион байгуулна” гэж ҮЭХ-ны дарга ярилаа. Уг Хамтын гэрээ ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оныг дуустал хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

     Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэж, нийт уурхайчин хамт олондоо баяр хүргэв.

    Тэрээр “Манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрлөөр 100-аас дээш хувиар биелүүлсэн сайхан амжилтаар Уурхайчдын баярын өдөртэй золгож байна. Сүүлийн жилүүдэд байгаагүй нэгэн онцлог зүйлийг энд тодруулж хэлмээр байна. Энэ юу гэвэл, 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн. Өнгөрч буй 2019 онд манай үйлдвэрийнхэн олон сайхан дээд амжилтыг хөдөлмөрийнхөө үр шимээр тогтоолоо. Түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болж чадлаа. Түүнчлэн бидний бүтээж буй баялаг буюу улс орон нутгийн төсөвт оруулдаг орлогыг  900 гаруй тэрбумд хүргэж чадлаа. Энэ бол бас үйлдвэрийн түүхэнд байгаагүй дээд амжилт боллоо. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна гэсэн үг. Ийм бахархам амжилтын эзэд болсон нийт уурхайчид, хамт олондоо Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Нийт уурхайчиддаа, тэдний гэр бүлд ажлын өндөр амжилт, амьдралын аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчиллээ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

    Технологийн сургуулийн “Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах нь” төслийн хүрээнд энэ сарын 23-нд аймгийн иргэдийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ЭХМТ-ийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар ахлагчтай баг хийв. Сургалтад Сэргээгдэх эрчим хүчний нарны эх үүсгүүрээр эрчим хүчээ шийдвэрлэх сонирхолтой 50 гаруй иргэн, инженер техникийн ажилчид оролцлоо. Доктор Б.Хээрийнбаатар, багш А.Түвшинжаргал, Ш.Сансарсайхан, ахлах багш С.Будхүү, багш У.Баттулга нар “Сэргээгдэх эрчим хүчний судалгаа, төрөл, тэдгээрийг ашиглах боломж, хэрэгжүүлсэн туршлага”, “Нарны станцын тоног төхөөрөмжийн сонголт, нарны коллекторын ажиллагааны зарчим”, “Нэг ба гурван фазын хэлхээ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлтийн хяналт, тооцоо, үр ашиг” ,”Нарны эрчмийн хуримтлуур, аккумляторын батарей сонголт”, “Нарны станцын ухаалаг инвертороос сүлжээ үүсгэн мэдээлэл дамжуулах, хянах, нарны эрчим хүчний судалгаа хийх боломж” сэдвээр мэдээлэл хийв. Мөн нарны судалгааны лабораторийн баазыг ашиглан нарны эрчим хүчний судалгаа, туршилт, хэмжилт хийх, аймаг бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгж, нарны эрчим хүч ашиглан цахилгаан хангамжаа шийдвэрлэх, тоног төхөөрөмж сонгоход нь тусламж үзүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байв. Энэхүү сургалтад хамрагдсан нийт иргэдэд сертификат олгосон бөгөөд нарны станцын тоног төхөөрөмж сонгох, суурилуулах, асаалт тохируулга хийхэд цаашид ард иргэдтэй хамтран ажиллахаар боллоо.
 
                                                                                                                     Т.Батчулуун
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог