Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

    Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэрэглэх “Техникийн тодорхойлолт”-ыг Техникийн хэлтэс боловсруулж байна. Энэ талаар Техникийн хэлтсийн орлогч Д.Мөнхболдоос тодрууллаа.

    -“Эрдэнэтийн-Овоо” орд газрын өөрийн онцлог гэж байдаг. Оюутолгой зэрэг бусад ордууд өөр өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн  ордын агуулга, бүтэц, найрлага өөр учраас... Тэгэхээр бид 41 жилийн түүхэндээ Эрдэнэтийн ордыг ашигладаг технологитой болчихсон. Энэ технологи өөр газар таарахгүй. Ийм технологид тохирсон тоног төхөөрөмж энд ажиллах ёстой.

    Өнгөрсөн оны зургаадугаар сард үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ нь техник технологийн, эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, тогтвортой хөгжлийн бодлого юм. Уг ажлын хүрээнд  үйлдвэрлэлд тулгамдаж буй техникийн асуудлыг техникийн зөвлөлөөр шийдвэрлэж байгаа. Техникийн хэлтсийнхэн  2019 оны сүүлийн хагас жилд техникийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам боловсруулж байна. Өмнө нь онцгой комисс хуралдаж тулгамдаж буй асуудлаа шийдэж ирсэн. Үйлдвэрийн удирдлагын баг 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” он болгох зорилт дэвшүүллээ. Энэ нь үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлье. Тэгэхдээ шинжлэх ухаанд суурилъя гэсэн санаа.

   Эрдэнэт үйлдвэрт техник, тоног төхөөрөмж ямар байх ёстой юм. Ямар шаардлага хангасан тоног төхөөрөмж авч, хэрхэн ашигтай ажиллуулах ёстойг зөв тодорхойлох нь маш чухал ажил. Иймээс анхан шатны техникийн баримт бичгийг тодорхой болгож нэг стандарт загварт оруулах шаардлагатай  гэж үзсэн.

    -Техникийн тодорхойлолт боловсруулж нэг загварт оруулснаар ажлын ямар өөрчлөлт гарах вэ?

    -Ямар техник хэрэгцээтэйг зөв тодорхойлох шаардлагатай. Тухайн техникт ерөнхий болон тусгай шаардлага тавигддаг. Сүүлийн жилүүдэд техникийн тодорхойлолтыг үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр өөрийн чиглэлээр янз бүрийн хэлбэрээр боловсруулж байсан. Энэ нь зарим нэг техникийн шаардлагыг орхигдуулах, улмаар зөвхөн нэг талыг баримталж тодорхойлох нь олон асуудал дагуулдаг. Жишээлбэл, шинэ техник, тоног төхөөрөмж захиалахдаа худалдан авсны дараа тухайн техник дээр ажиллах ажилтныг сургах шаардлагыг орхигдуулснаар асуудал үүсдэг. Тухайн техникийг тодорхойлолтын дагуу тендер зарлаж худалдан авалт хийгээд техникийг ажиллуулах үед бэлтгэгдсэн ажилтангүй байгаа нь тухайн техникийг эвдэх, ажилтан осолдох зэрэг хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр уг техникийн тодорхойлолт дээр нь хүн сургах шаардлагатайг тусгачих ёстой.

    Үүнээс гадна захиалсан тоног төхөөрөмж ямар орчинд ажиллахыг тодорхойлоогүйгээс шинээр ирсэн агаар шахах компрессор халаад байн байн зогсоод байсан.

    Учир юу вэ гэвэл гадна орчин ба дулаан байранд ажиллах зориулалтыг тодорхойлолгүй захиалга хийгдсэн. Гадна ажиллах тоног төхөөрөмжийг дотор тавихаар халаад ажиллахгүй байх жишээтэй.

    Техникийн тодорхойлолтод үндсэн үзүүлэлт, төрөл, загвар, ямар энергийн эх үүсвэр хэрэглэх талаар тодорхой заах хэрэгтэй. Гаднын зарим тохиолдолд нэмэлтээр өөр энергийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Тухайлбал, зарим тоног төхөөрөмжид тусгай хий азот шаарддаг.

    Үүнийг техникийн тодорхойлолтод тусгаагүй бол азотын станц тавих, шугам татах зэрэг нэмэлт ажлууд гарна. Тэгэхээр цахилгаан, азот, ус, уур хэрэглэнэ гээд тусгай шаардлага дээр нь заачихвал ямар ч асуудал гарахгүй. Энэ бүхнийг тооцоогүйгээс нэмэлт зардал гардаг. Шинэ техник үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэл учруулдаг.

    Тоног төхөөрөмжийн  техникийн тодорхойлолтыг зөв боловсруулснаар ийм алдаа дахин гарахгүй. Техникийн бодлого зөв хэрэгжинэ, нэг стандартад орж цэгцэрнэ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд болон бодлогын хэлтсүүдтэй хамтран техникийн тодорхойлолт загварыг зөвшилцөх замаар боловсруулж, 12-р сарын 25-ны өдөр буюу Уурхайчдын баяраар “Техникийн тодорхойлолтын загвар батлах тухай” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэр гарсан. Ингэснээр 2020 онд Эрдэнэт үйлдвэр худалдан авалт хийж буй бүх тоног төхөөрөмжийнхөө техникийн тодорхойлолтыг нэг загвараар боловсруулна. Техникийн бодлого нь техникийн тодорхойлолтоос эхлэх ёстой. Байшин барилаа гэж бодоход суурийг нь сайн тавина гэсэн үг.

-Баярлалаа.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд  гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.    

    -Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй “десант” бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

    -Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 3 сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс  зарим цахим сүлжээгээр тавигдаад буй  мэдээлэл үндэслэлгүй юм.

    -Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ?

   -Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг,  Эрдэнэт үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны 3 сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.

    -Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү?

    -Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг  цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг  цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

  

 

    Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice системийг боловсруулан нэвтрүүлж байна.

   Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад: “Е-оffice системийг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр  жилийн өмнөөс энэ системийг боловсруулах судалгааны ажил хийж эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан уг системийг боловсрууллаа. Е-оffice системийг нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээгдэл арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Энэ системийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан. Ингэснээр систем рүү нэвтрэхэд мэдээллийн бааз дугаарлагдсан эсэх, мэдээллийн сан нь зөвхөн программаар нэгтгэгдэх зэрэг хэд хэдэн тавигдах шаардлагыг хангасан. Энэ систем нь дотроо бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан, хэрэглэгчдэд хүргэх вэб программ гэсэн хоёр хэсэгтэй. Систем нэвтрүүлж буйтай холбоотой олон санал ажилтнуудын зүгээс тавьж байгаа. Тодруулбал, Е-оffice системээр дамжуулан ажил үүргийг цахимаар хуваарилах, илүү боловсронгуй болгох, өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэх гэх зэргээр бидэнд хандаж байна. Тиймээс илүү сайжруулахаар хичээж байна” гэж хариулав.

М.Балжинням     

 

    Өнгөрсөн онд Чанар хяналтын хэлтсийнхэн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр өндөр бүтээмжтэй ажилласан байна. “Бид 2019 онд “Саналын чанарыг сайжруулъя” зорилт дэвшүүлж ажилласан. Ингэснээр үр ашигтай төслийн санал нэмэгдэж, олон тооны биш чанартай санал санаачилга гаргах идэвх чармайлт дээшиллээ гэж Чанар хяналтын хэлтсийн Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатар онцлов. Ажиллагсдын зүгээс нийт 152 санал гаргаснаас 148 нь сайн саналын ангилалд бүртгэгдэж, эдгээрийг 18 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлжээ. Цехийн хэмжээнд инноваци сайн саналын дөрвөн томоохон төсөл хэрэгжсэн байна. Тухайлбал, Химийн төв лабораторийн халаах зуухны шинэчлэл, Ил уурхайн хүдэр олборлолтын явц дахь эрдсийн мэдээллийг автоматжуулсан бөгөөд хүдэр дэх зэсийн агуулгаар хүдэр дундажлалын коэффициент тооцох аргачлал боловсруулж, MAS системд оруулж үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Мөн “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн эрдсийн хам үүсэл нь хам баяжуулалтын процесст нөлөөлөх нөлөөллийн судалгааг эхлүүлжээ. Эдгээр төсөл, судалгаа шинжилгээний ажлуудыг  тус хэлтсийн Техник хяналтын албаны технологич инженер, доктор О.Баттогтох санаачлан гүйцэтгэсэн байна.    

    Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Б.Чанцалмаа ОХУ болон манай улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан төсөлд “Монгол Улсын эрдэс түүхий эдийн цогцолборын үнэлгээний аргачлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах онолын судалгаа” сэдвээр оролцож, тэтгэлэгт хамрагдан дээрх судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн Химийн төв лабораторийн лаборант С.Одончимэгийн “Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт арга боловсруулах нь” эрдэм шинжилгээ судалгааны ажил БСШУСЯ-ын яамны 10 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ. Тус хэлтсийн хамт олон өнгөрсөн оны бүтээмж чанарын ажлаа дүгнэхэд, Сайн саналын системд оролцох ажилчдын идэвх дээшилж, чанартай саналын тоо нь өмнөх оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй байна. 

М.Балжинням 

Фото: Б.Баттөгс

     Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ  сарын 6-8-ны өдрүүдэд  Модуль 2.3 сургалтын  “6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.
    Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ. 
    Энэхүү сургалт нь Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан процессыг сайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэн төслийн багууд ажиллах замаар бүтээмжийг дээшлүүлэх "6 сигма" аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой гэж сургалтын зохион байгуулагч онцлов. Түүнчлэн энэ удаа суралцагчдадаа процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма”-г хэрэгжүүлэх үндсэн аргын нэг болох DMAIC аргачлалыг ашиглах мэдлэг, ур чадварыг чухалчлан олгох аж. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд "6 сигма"-н төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн  эдийн засгийн  үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа. 
 
 
 
 
М.Балжинням

    Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс энэ сарын 15-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба ажилтны оролцоо -2020” бага хурал зохион байгуулна.

    Тус үйлдвэрийн уурхайчид жил бүрийн эхний сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ зорилтоо тодорхойлдог. Энэ уламжлал ёсоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба ажилтны оролцоо-2020” бага хурлыг зохион байгуулахаар бэлдэж байна. Хуралд уурхайчдын төлөөлөл 450 ажилчин оролцож, хуучин оны ажлаа дүгнэж, санал бодлоо илэрхийлнэ.

   Тус  бага хурлын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, хэлтэс, тэргүүний цехүүдийн танилцуулга гарч, оёдлын цех болон халуун хоолоор үйлчилдэг гэрээт компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Мөн “Ослыг тэглэе” уриан дор Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, амжилттай хэрэгжүүлсэн бүтцийн нэгжид шагнал гардуулах юм. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”, “Ажилчдын эрүүл мэнд”, “Бүтээлч бүлгүүдийн ажлын үр дүн” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэн шийдвэр гаргана.

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2019 онд олон бүтээлч ажил хийгдэж, өөрийгөө болон хамтран ажиллагчдаа аюул ослоос урьдчилан сэргийлэхэд уурхайчин бүр өндөр идэвх санаачилгатай оролцсон байна. Үүний үр дүнд тус үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон сайн туршлага, соёл бусад уул уурхайн компанид сайн жишээ болж байна гэж ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат онцоллоо. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ҮЭ-ийн холбоотой  хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний зарим заалт өөрчлөгдөж орсны нэг нь тус үйлдвэрийн ажилтны ар гэр, хамаатан садны нэг хүнийг жилд нэг удаа сувилалд хөнгөлөлттэй амраах тухай заалт юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ар гэр, хамаатан садны нэг хүнээ жилд нэг удаа Эрдэнэт сувиллын цогцолборт сувилуулах эрхтэй бөгөөд тухайн хүний сувиллын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлөх боломжтой болжээ.

    Өмнө нь Эрдэнэт сувиллын цогцолбор, үйлдвэрийн ажилтны төрсөн аав ээж, үр хүүхдэд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байсан бол шинэ  хамтын гэрээгээр эл заалтыг ар гэр, садан төрлийн нэг хүнийг гэж тодотгон, илүү боломж нээж байгааг  Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Оюунбат ярилаа.

     Хамтын гэрээний наймдугаар бүлэгт нийгэм ахуйн хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар тусгасан. Энэ заалтад тусгаснаар хэвийн нөхцөлд ажилладаг ажилтан 60 хувь, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан 75 хувь, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 100 хувь, мөн ҮО, ХХ, МШӨ-ний улмаас ХЧА-ын хувь тогтоолгосон ажилтнууд 100 хувь, тухайн жилдээ 2 дахь удаа сувилуулбал сувиллын зардлын 75 хувийг хөнгөлөхөөр заажээ. Мөн улсын болон улирлын чанартай ажилладаг рашаан сувилал, саам эмчилгээнд ажилтан, ахмад настнууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд өмнөх жилүүдийнхтэй ижил буюу 50 хувь хөнгөлөлт эдлэх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн дугуйлангууд 2019 онд өндөр үр ашигтай ажилласан байна. Анх 2005 оноос эхэлсэн бүтээмжийн хөдөлгөөн жил ирэх тусам идэвхжиж, илүү үр дүн өгч байгааг тус үйлдвэрийн бүтээмж инновацийн мэргэжилтнүүд хуучин оны ажлаа дүгнэх үеэр онцлов.

   Өнгөрсөн жилийн хугацаанд тус цехэд бүтээмж чанарын 65 дугуйлан ажиллаж, бүтэн жилийн турш 133 төсөлт ажил, 144 жижиг сайжруулалтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүний хүрээнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хэрэгжжээ. Мөн ХАБЭА-н нөхцөл сайжруулах, ажил хөнгөвчлөх, ус, эрчим хүчний хэмнэлтийн төсөлт ажлуудыг хийж гүйцэтгэн 3,5 тэрбум орчим төгрөгийн үр ашигтай ажилласан байна.

    Харин ажилтнуудын Сайн саналын системд ХАБЭА, механик, технологи, эрчим хүч, 5 сайн үйлс, үйлчилгээний чанар зэрэг чиглэлээр нийт 1405 санал бүртгэгдсэнээс нийт саналын 70 орчим хувь нь ажилчдын санал санаачилга байв. Бүтээмж чанарын дугуйлангуудын дунд зохион байгуулсан “Дэвшилд тэмүүлэгч хамт олон”, “Сайн саналын аян”, “Супер 5с” зэрэг аянд Д.Наранбаатар даргатай Засварын хэсэг, П.Баатарцогт даргатай Урвалжийн хэсэг эхний 2 байранд манлайлж, туслах хэсгүүдээс Л.Ууган-Эрдэнэ даргатай Механик боловсруулалт бигнүүрийн хэсэг, А.Ганзориг даргатай Цахилгаан хөтлүүр автоматикын  хэсэг шилдгээр шалгарчээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт 2019” жилийн хүрээнд хийгдсэн Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг дагаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд хийсэн. 
    Цувих хос шугам ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэг агсны санаачилгаар байгуулагдсан Ган бөөрөнцгийн цех өнөөг хүртэлх хугацаанд 300-аад мянган тонн ган бөөрөнцөг буюу 60 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй индукцийн технологи нэвтрүүлснээр 80х100, 40х80-ын голчтой цувих шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдлээ. Шинэ технологи нэвтрүүлэх тус ажилд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоо гаргаад байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцийн технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэж ажиллана. Баялаг бүтээгчид оны ажлаа үр дүнтэй бүтээн байгуулалтаар өндөрлөж, ирэх оныг эрч хүчээр дүүрэн угтаж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн” Спорт цогцолборын “Хангарьд” паласт энэ сарын 30-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 2019 оны ажлаа дүгнэж, амжилт ололтоо хамт олонтойгоо хуваалцсан энэхүү баярын цэнгүүнд үйлдвэрийн удирдлагууд, бүтцийн нэгжийн шилдэг, тэргүүний ажиллагсад уригдан оролцсон. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулсан тэргүүн дээд амжилтаар 2019 оныг үдэж, улс, орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаа баяр бахдалтайгаар ийнхүү тэмдэглэлээ.
 
    Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчдадаа хандан, их цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү баярт цэнгүүний үеэр уурхайнхаа мөргөцөгт ажиллаж, Баяжуулах үйлдвэрийнхээ технологийн горимыг хянаж, хөвүүлэн баяжуулах процессоо хараад баясан байгаа баяжуулагч нартаа, яг энэ цаг мөчид цех, нэгжийнхээ ээлжинд гарч, төв диспетчерийн байрандаа тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа нийт ажилтнууддаа шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2019 онд бид сайн ажиллаж, энэ өнөр бүлийн гишүүн бүр өөрийн хариуцсан ажилтай, өөрт оногдсон үүрэх ачааг эзний ёсоор сайн хийлээ. Манай хамт олон ингэж ажиллахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг хань ижил, гэр бүлд нь үйлдвэрийн удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье. Түүхэн амжилт, түүхэн бүтээн байгуулалтын жилд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүхэн дээд амжилт тогтоож, түүнийг дагасан санхүү эдийн засгийн үзүүлэлт сайн байлаа. Сэтгэл зүтгэлтэй ажилласан нийт хамт олондоо баярт цэнгүүний индэр дээрээс талархал дэвшүүлье, та нартаа халуун баяр хүргэж, цаашдын хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе” хэмээсэн.
 
    Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут “Уурхайчдын их цэнгүүн”-д урилгаар оролцож, талархал илэрхийллээ. Тэрээр энэ онд орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа онцолж, ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд илүү дэвшилттэй ажиллах жил болно гэдэгт итгэж байгаагаа уламжилсан. Эрдэнэт үйлдвэр 2020 оны босгон дээр манлайлагч, тэргүүний баялаг бүтээгчдээ шалгаруулж, энэ үдшийн цэнгүүн дээр шагналыг нь гардуулан өглөө. Мөн энэ үеэр Ил уурхайн ажилтан Э.Отгонбаатар Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн”-ий супер азтан болж, хоёр өрөө байрны түлхүүр гардан, баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Цех, хэлтсийн шилдэг ажилтнууд өвлийн өвгөнөөс бэлэг гардаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар өндөрлөн, уурхайчид айсуй оноо угтсан юм.
 
    2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүтээн байгуулалтын хоёр дахь давалгааг эхлүүлсэн онцлог жил байсан төдийгүй үр ашиг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлсэн түүхэн цаг хугацаа байсныг тэмдэглье. Монгол Улсын төсвийн 10 орчим хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон шинэ оноо өрнүүн их амжилт, хөдөлмөр бүтээлээр утгаж байна.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог