Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

     Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Герман улсын Leipzig  хотноо болсон Олон улсын зэсийн 30-р бага хурлын үеэр судлаачид зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар эерэг байр суурьтай байгаагаа онцолсон байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хүндрэлээс шалтгаалан зэсийн үнэ өсөх хандлагатай байна гэж үзжээ. Түүнчлэн бага хурлын үеэр хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөллийг онцлон ярилцсан байна. Тухайлбал, зэсийн үнэ 6000-7000 ам.доллар тонн орчим байх учир зэсийн зах зээл дэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна. Мөн  2015-2016 онд зэсийн үнэ буурч, уул уурхайн ихэнх компаниуд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаа багасгасан тул зэсийн зах зээл 2020 он хүртэл хомсдолд шилжиж болзошгүй. Тиймээс уул уурхайн нийлүүлэлтийн хүндрэл цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна гэж дүгнэжээ.
     3-р сарын эхний 22 хоногийн байдлаар Лондонгийн металлын бирж дээрх нэг тонн зэсийн үнэ дунджаар 5832 ам.доллартай тэнцэж байна. Харин сүүлийн өдрүүдэд үнэ бага зэрэг суларч байгаа нь ам.долларын ханш өссөнтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээлж байна.   

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК  Улаанбаатар хотноо зохиогдох  “Монголиа майнинг-2017”  болон “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын А/171 тоот тушаал гарч, дээрх үзэсгэлэн, өдөрлөгт бэлтгэх  ажлын хэсгийг Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуугаар ахлуулан байгуулсан байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлах аж. “Монголиа майнинг”-2017” үзэсгэлэн ирэх 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд, “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг мөн сарын 7, 8-ны өдрүүдэд болох юм байна.

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн анхдагч,  ахмад кранч Г.Өлзий-Оршихын  нэрэмжит Авто тээврийн байгууллагын кранчдын ажил мэргэжлийн уралдаан Технологийн тээврийн гараашид өнгөрсөн пүрэв гарагт боллоо.  Ажил мэргэжлийн уралдаанд  Авто тээврийн байгууллагын  краны 12 машинч ур чадвараа сорилоо. Краны машинчид   гүүрэн кранаар ачаа өргөж туг сүлжих, тогтоосон цэгт ачааг байрлуулах,  газраас тодорхой түвшинд ачаа хүргэх, өндрөөс ачааг тодорхой түвшинд буулгах, ачааг бортгонд хийх үйлдэл гүйцэтгэн ур чадвараа сорьсон бөгөөд  мөн  онолын мэдлэгээ шалгууллаа. Уг тэмцээний дүн гарахад  Б.Отгон жаргал тэргүүн байр эзлэн,  Д.Агваандорж дэд байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээний буюу 2-р шатны уралдаанд оролцохоор болжээ.  Эрдэнэт үйлдвэрийн краны машинчдын ажил мэргэжлийн уралдаан 4-р сарын 13-нд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн байранд болох бөгөөд цехүүдээс шалгарсан кранчид ур чадвараа сорих аж. Ерөнхий механикийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд   токарьчин, гагнуурчин, засварчдын ажил мэргэжлийн уралдаан 10-р сард зохиогдох юм. Тэмцээний үеэр Г.Өлзий-Орших гуайтай уулзсан юм. Тэрбээр   Эрдэнэт үйлдвэрийг анх байгуулагдахад гэр бүлээрээ  илгээлт аван иржээ.  Эмнэлгийн мэргэжилтэй 27 настай бүсгүй, мэргэжлээ солин, краны машинч мэргэжил эзэмшсэнээр  32 жил энэ мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, гавьяаны амралтандаа гарчээ.  Г.Өлзий-Орших гуай олон шавь төрүүлж,  Эрдэнэт үйлдвэр Авто тээврийн байгууллагын ууган ажилчин болсноороо үргэлж бахархаж явдгаа хэлсэн юм.  

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөөрөнцгийн цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг цехийн дарга  А.Отгончулуун онцоллоо. 2017 оны үйлдвэрийн бизнес төлөвлөгөөнд тус цехийн хэмжээнд хийгдэх хэд хэдэн ажил тусгагдсан байна. Үүний нэг нь  хөргөлтийн барабанаар давсны уусмал явуулж, гадаргын болон хатуулгийн зөрүүг ойртуулах ажил юм. Ингэснээр тус цехэд үйлдвэрлэж байгаа ган бөөрөнцөг буюу шаарны чанар сайжрах ажээ.
     Энэ төлөвлөгөөний дагуу Ган бөөрөнцгийн цехэд суурилуулах 4 метрийн урттай, 1200 диаметрийн хэмжээтэй хөргөлтийн барабаныг Засвар механикийн заводад угсарч дуусгаад, тус  цехэд хүлээлгэн өгсөн байна. Одоогоор уг барабаныг суурилуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
     Ирэх 7 хоногт суурилуулалтын ажил дууссанаар давсны уусмалаар хөргөх процесс явагдаж эхлэх ажээ. Өнөөдрийн байдлаар тус цех  ган бөөрөнцгийн 350 тонн 40-ийн бэлдэц,  1200 тонн  80-ийн бэлдэц үйлдвэрлээд байна. 

     Улс орон даяар зуд турхан болох төлөвтэй байгаа малчдад туслах хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжүүд тус аянд нэгдэж байна. Энэхүү аянд Баяжуулах үйлдвэрийн хамт олон нэгдэж, тусламжийн эхний хэсгийг малчдадаа хүргэж өгчээ.
     Малчдад туслах аяны хүрээнд  Баяжуулах үйлдвэрийн хамт олон 1 сая 500 мянган төгрөг болон малын тэжээл, элгэвч нэмнээ, бээлий, лаа шүдэнз зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлс цуглуулан, Булган аймгийн Орхон сумын 2-р багийн 3 малчин өрхөд гардуулсан байна.
     Тус цехийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоор цуглуулсан тусламжаа  Булган аймгийн Хангал сум, Халиун бригадын 10  малчин айлд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Тусламжийн эд зүйлсийг хүргэх багийг цехийн Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл болон Нунтаглан баяжуулах, Бутлан тээвэрлэх, Засварын хэсгийн дарга нар ахлан малчдад гардуулах юм байна.

     Өнөөдөр Дэлхий нийтийн “Усны өдөр”.  НҮБ-аас 1993 онд 3-р сарын 22-ны өдрийг дэлхийн “Усны өдөр” болгон зарласнаас хойш эдүгээ хүн төрөлхтөн 24 дэх жилдээ тэмдэглэж, усны үнэ цэнийн тухайд эргэн харж байна. Дэлхийн Усны өдрийг энэ жил “Ус ба хаягдал ус” сэдвийн дор зохион байгуулж байгаа аж.
     Эрдэнэт үйлдвэр ХХК –ийн Эрчим хүчний цехийн хамт олон “Усны өдөр”-т өндөр ач холбогдол өгч, үйлдвэрлэлийн цехийн 50 гаруй ажилтнуудад ус ба бохир усны талаар танилцуулга хийж, ус цэвэрлэх процессыг бодит байдал дээр үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав. Энэ үеэр бохир ус гэж юу вэ, хүний үйл ажиллагаа усны бохирдолд хэрхэн нөлөөлдөг болох тухай ойлголтыг үйлдвэрийн ажилтнуудад газар дээр нь лабораторийн туршилтаар үзүүлж, тайлбарлалаа.
Эрчим хүчний цехийн ус цэвэрлэх байгууламж нь хоногт 24 мянган метр куб ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 20-21 мянган метр куб ус цэвэрлэдэг аж. Мөн  Дэлхийн Усны өдрийн хүрээнд Эрдэнэт хотын төр захиргааны байгууллагын удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулсан байна.

     “Эрдэнэт” үйлдвэрийн Гал унтраах 58-р ангийн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Хундагын Цэрэндашаас ярилцлага авах санаатай утас цохилоо. Тэгсэн шалгалтаар явж байна, дараа нь хичээл заана, орой нэг цэнгүүн хөтөлнө, ер нь завгүй дээ гэв. Ямар гээчийн сүрхий нөхрийг “амлаад авав” гэж бодох зуур бүр хорхойсоод явчихлаа. Эргүүлдэж байж нэг юм уулзсан нь энэ.    

    - Таны ажил дуусав уу?
    - Ажлаа зохицуулаад ирлээ. Хичээл зааж байхад л залгаад байх юм. Цехүүдийн ажиллагчдад галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт явуулдаг юм. Би өнгөрсөн жил давхардсан тоогоор 76 цехийн 3400 ажилтан, албан хаагчид энэ талын мэдлэг, мэдээлэл олгосон байна лээ.

    - Өмнө нь гал команд гэж байхад зөвхөн гал унтраах чиглэлээр ажилладаг байсан. Одоо Онцгой байдлын байгууллага болсноор та бүхний ажил үүрэг нэмэгдсэн үү?   
    - Тэгэлгүй яахав. Манайхан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг. Галын аюулаас гадна үер ус, зуд турхан, малын гоц халдварт өвчин, за тэгээд манай муур тагтнаас унах гээд байна гэхэд хүртэл очих жишээний. Тангараг өргөсөн юм чинь аль л хэрэгтэй газар нь хүрч очно ш дээ.

    - Сэтгэлд үлдсэн хамгийн том ажил...?
    - Нилээн дээхэн үед дээ. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 1200-ын труба бөглөрч аваарын байдалд орсон байсныг цэвэрлэх ажилд би таван залууг ахалж гарсан юм.Хиймэл нуурын 10, 20 м-ийн газар дор, агаарын дутагдалтай, амь нас эрсдэх аюултай хүнд нөхцөлд дагтаршсан лаг шавар цэвэрлэх ажил гүйцэтгэсэн.  

    - Труба дотор орж цэвэрлэсэн гэсэн үг үү?
    - Тийм. Өөрөөр хэлбэл 1 м20-ын трубаны метр нь лаг шавраар дүүрчихсэн 20 см-ын зайгаар “галуун цуваагаар” ар араасаа мөлхөж эхний хүн лаг шавраас хүрздээд хойш шидэхэд дараагийн хүн миний шидсэнийг хойш нь шиднэ. Ийм байдлаар би урагшаа 5 алхаад буцаад нэгийгээ лаг шавар дээгүүр олсоор татаж гаргана. Өөрөө зүтгээд гарах нөхцөл байхгүй. Өдөрт 10 м газар л цэвэрлэнэ. Тэндээс гарч ирэхэд энэ Цэрэндаш гэж танихын аргагүй. Тэр нь зүгээр ч нэг шавар биш. Зэс молибден ялгасан хортой, хоргүй, хүн усанд орсон бохир гэсэн үг.

    - Хэр хэмжээний урт хоолой цэвэрлэсэн бэ?  
    - 1860 метр трубаг бид 2 сар шахам цэвэрлэсэн. Араасаа агааржуулалтын систем тавиулж байгаад ажиллана. Байгаль орчныхон хэмжилт хийгээд агаарын хэт дутмагшилтэй, оруулахгүй гэж хориглож байсан шүү дээ.

    - Ийм дүгнэлт сонсоод ажиллахад сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
    - Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу халуун нас болохоор гал гарвал орчих гээд л, гамшиг тохиолдвол явчих гэсэн эрмүүн сэтгэлтэй явлаа. Онцгой байдлынхаа ажлаар их бахархдаг. Эх орныхоо төлөө зүтгэх цэрэг миний үүрэг гээд бодчихсон. Хэдий аюулгүй ажиллагаагаа хангаад олсоор холбоод орж байгаа ч гэнэт хоолой цоороод ус ороод ирвэл аврах аргагүй шүү дээ. Одоо бодоход аймшигтай санагддаг. Труба дотор өглөө 10 цагт ороод 13 цагийн үед гарч ирдэг байсан.
 
    - Тэр хүнд хэцүү ажлын дараа та нарыг ямар гавьяа шагнал хүлээж байв даа?    
    - Нэг хүнийг 600-800 мянган төгрөгөөр урамшуулсан санагдаж байна. 2004 оны 800 мянга гэдэг чамлахаар мөнгө байгаагүй ээ. Одоогийн энэ ХАБЭАБОХХ-ийн Д.Цагаан-Эрдэнэ дарга тэр үед бас ХАБ-ын чиглэлээр ажилладаг байсан.
Биднийг труба руу ороход үдээд гарахад угтдаг байж билээ. Цэвэрлэгээ дуусаад компанид хүлээлгэж өгөхөд Орос талын хамгийн том дарга Соколов гэж хүн өөрөө биднийг дагуулан 1200-ын трубан дотор тонгойн явж шалгаад баяр хүргэж байсан нь санаанаас гардаггүй. Ер нь тэгээд Говилын банз хатаалгын цехийн их хэмжээний гал, Баяжуулах үйлдвэрийн дунд бутлуурын тээрэм дотор хоёр хүн орсныг аврах ажиллагаа гээд сэтгэлээс гардаггүй олон ажил бий. Манайхан нэгийг нь амьдаар нь аварч чадсан. Нөгөөхийг нь олж гаргасан. Тээрэм дор дарагдаж амь эрсэдсэн хүнийг олж гаргана гэдэг нарийн ажиллагаа. Өөрөө нунтаглах хэсгийн хажуугийн худаг руу хүн орж осолдсоныг гаргасан, Дулааны цахилгаан станцын цаад талд зогсож байсан тракторын араас согтууруулах ундаа хэрэглэсэн 2 залуу машинтайгаа мөргөснөөс чихэгдэж амь насаа алдсаныг машинд нь задаргаа хийж гаргасан гээд яриад байвал олон гамшиг осол дээр очиж байлаа.

    - Дараа нь өөрийгөө хэрхэн ариулдаг вэ?  
    - Зарим хүмүүс буяны ажилд яваад ирэхэд хүртэл цэрвэдэг шүү дээ. Бид бол төрийн сүлдэндээ залбираад явчихад л болно.

    - Ингэхэд цэргийн хүн болсон дурсамжаа хуваалцаач?
    - Би чинь Увс аймгийн Давст сумын Ю.Цэдэнбал даргын нутгийнх. Хоёр ахыгаа түшиж 1996 онд Эрдэнэтэд ирсэн юм. Нийгмийн шилжилтийн үе үргэлжилж улсын эдийн засаг, боловсролын салбар уналтанд орсон цаг. Боловсролгүй, таг хөдөөний “амьтан” барилга дээр ажилладаг байлаа. Бас болоогүй ээ, эхнэртэй, том хүүхэд маань төрөх гэж байсан юм. Тэгсэн манай хүний эгчийн найз “Эрдэнэт” үйлдвэрийн Гал унтраах ангийн дарга, хурандаа С.Мөнхбат гэж хүн “Манайх хүн авч байгаа очиж шалгалт өгөөрэй” гэдэг юм.

    - Өөрийн тань ямар нэгэн сайн талыг мэдэрсэн болохоор л урьж дээ?
   - Тэр үед манай хадам аавын бие тааруу, би асардаг байсан. Хажуугаар нь ажил л олдвол голохгүй хийнэ. 1500 төгрөгөөр нүх ухна, талх боовны цехэд гурил зуурна, барилга дээр ажиллана. Сүүлд С.Мөнхбат даргын ярианаас ажихад хөдөөнийхөөрөө “эвдрээгүй” сайн залуу байна гэж их үнэлж тоосон шиг байгаа юм. Тэгээд л анх Гал унтраах ангид жолоочоор ажилд орсон доо.   

    - Форм анх өмсөхөд ямар сэтгэгдэл төрдөг юм байна?
    - Тэр их гоё дурсамж. Би чинь тэр үед урт үстэй, тэрийгээ гэлийтэл хойш нь боогоод резиндчихсэн. Тэгсэн хэрнээ дээл хөөргөөд бүсэлчихсэн үнэн сонин төрхтэй нөхөр явлаа ш дээ. Багаасаа урлаг соёл сонирхсон ухаантай болохоор бас хэлбэр хөөгөөд үсээ ургуулчихсан. Тэгээд дагалдах ажилтны тушаал гарч дүрэмт хувцас өмсөх болоход үсээ засуулна биз дээ. Маргааш нь ажлынхаа гадаа зогсож байхад ах нар танихгүй “Үстэй дээлтэй, үсээ резиндчихсэн нөхөр яваад байсан аль салаа руу орсон бэ” гээд хажуу дахь хүнээс маань асуугаад “элгийг нь авсан”.

    - Тэр цагаас хойш дэд ахлагчаас дэслэгч болтлоо явж дээ.    
    - Гал сөнөөгч, бага дарга, салаан захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Маргад” дээд сургуульд гамшгийн менежмент, байгаль экологийн чиглэлээр сурч дээд боловсрол эзэмшлээ. Соёлын арга зүйчээр ажиллаж байхад өөрийгөө боловсруулах, нээх тал дээр “Эрдэнэт” үйлдвэр намайг  хөгжүүлсэн.

    - Цаг зав гаргасанд баярлалаа.

Ярилцсан М.ОДГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог