Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Урлагт хайртай, уран бүтээлч уурхайчдыг “өлгийдөн” авч, сурган хүмүүжүүлсэн 40-өөд жилийн түүх Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбортой салшгүй холбоотой. Үйлдвэрийн залуу, дунд, ахмад үеийнхэнд урлагийн боловсрол олгосон тус цогцолборын 2019-2020 оны дугуйлангийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Дугуйлан хариуцсан ахлах багш Н.Тунгалагаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд ямар ямар дугуйлан хичээллэх талаар мэдээлэл өгнө үү?

-Төгөлдөр хуур, дуу, драм, ятга, морин хуур, загвар гоо зүй, зураг, бүжгийн бүх төрлийг хамруулсан 9 дугуйланд 17 багш хичээллэнэ. Төгсөгчид маань урлагийн холбогдолтой мэргэжлийн сургуулиудад элсэн суралцаж байгаад бид баярладаг. Энэ хичээлийн жилд дууны төрлөөр дөрвөн хүүхэд Соёл урлагийн их сургуульд тэнцсэн. Хүүхдүүдээ дэмжин урамшуулах зорилгоор энэ хавар 12 дугаар анги төгсөх, дугуйланд 3-4 жил тасралтгүй суралцсан хүүхдүүддээ албан ёсны гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Спорт бүжиг, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид маань улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Энэ жилийн тухайд элсэгчдээ есдүгээр сарын нэгэн хүртэл бүртгэж, явцын дунд зарим ангид нэмэлт элсэлт авахаар төлөвлөөд байна.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын багшлах боловсон хүчин, багш нарын ур чадварын тухайд юу хэлэх вэ? Давуу талыг нь тодорхойлбол?

-Эрдэнэт үйлдвэр соёл, урлагийн байгууллагаа ихээхэн дэмжиж, уран бүтээлчдээ хөгжих, чадавхжих тал дээр бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ утгаараа заах арга барил сайтай, мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Салбартаа олон жил ажилласан мэдлэг мэргэжилтэй, чадвартай багш нар хичээл зааж байгаа нь манай давуу тал юм болов уу. Бид дугуйлангийн элсэлтээр жилдээ 250 гаруй хүүхдийг сургаж, урлагийн боловсрол олгодог байсан бол өнгөрсөн жил 300-аад хүүхэд суралцаж төгссөн.

-Хүүхдэд багаас нь урлагийн боловсрол эзэмшүүлэхийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ? Эцэг, эхчүүд маань хүүхдээ урлаг, спортын аль нэг төрлөөр тууштай бус, олон төрлөөр хичээллүүлж шантраагаад байх шиг санагддаг?

-Урлаг хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдээс тэсвэр хатуужилтай, зарчимч, зохион байгуулалттай, бие даах чадвар сайтай, урлагийн гоо зүйн мэдрэмж өндөр зэрэг хувь хүний хөгжлийн олон эерэг талыг харж болно. Ер нь гэрийн боловсролоор олж авч чадаагүй зүйлсээ хүүхэд урлагаас суралцах боломжтой. Манай дугуйлангийн хүүхдүүд нэг хичээлийн жилийн туршид суралцахдаа чадвараа маш сайн дээшлүүлсэн харагддаг. Тиймээс тууштай байна гэдэг маш чухал.

Дугуйлангийн сурагчид жил бүрийн Харшийн сүлд модны наадам, Хүүхдийн баяраар урлагийн тоглолтоо хийж, “Сурснаа толилуулъя” тайлан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.

-Таны хувьд хэд дэх жилдээ бүжгийн багшаар ажиллаж байна вэ?

-Би 2010 оноос Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонд сонгодог бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдүүдийн маань чанар, чансаа жил ирэх бүр дээшилж, амжилттай суралцаж байгаад баярладаг. Одоо, сонгодог бүжгийн ангийг ихэвчлэн залуу багш нар хичээллүүлдэг. Харин ардын бүжгийн ангийг энэ хичээлийн жилд МУГЖ Д.Цэрэннадмид багш маань удирдахаар болсон.   

-Зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэнэ гэхээр эцэг эхчүүдэд цааргалах зүйл гарахгүй бололтой. Төлбөрийн хувьд хэр уян хатан бэ?

- Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөгжилд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан, шийдвэр гаргадаг байгаасай. Манай дугуйлангууд төлбөрийн хувьд 50-80 мянган төгрөгийн хооронд тогтоосон тарифтай, төлбөрөө сар тутамд төлөх уян хатан нөхцөлтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэтчүүд та бүхний өмнө Соёл, урлагийн цогцолборын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. Сурч боловсрох орчныг бид бүрдүүлье, хүүхдүүдээ өв тэгш хөгжүүлэхийг хүсвэл эцэг, эхчүүд минь биднийг зориорой.

-Ярилцсан танд баярлалаа. Соёл, урлагийн цогцолборын хамт олныг урлагийн тэнгэр ашид ивээж байх болтугай.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвөөс энэ онд  “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болох зорилт дэвшүүлж, нэг жилийн хугацаатай аян зарлажээ.  Аяны хугацаанд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг сайжруулах зорилго тавьсан байна. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс “Super 5S” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн саналын идэвх оролцоог нэмэгдүүлэхээр хэсгүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулж байна.

2019 оны эхний хагас жилд тус цехийн хамт олон нийт 65 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан 49 төсөлт ажил, 61 жижиг сайжруултын ажил бодитоор хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлдвэрлэлийн үр ашиг гарчээ. Одоо оны хоёрдугаар хагас жилд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эхний явцын гүйцэтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ өгөх ажил хийгдэж байгааг тус цехийн Бүтээмж, инновацийн менежер Б.Дэлгэрмөрөн мэдээллээ.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны буудлын зарим байршилд өөрчлөлт орж, тохижилт бүхий зориулалтын буудлаас зорчих болсныг Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр мэдээллээ. Тухайлбал, гэр хороолол дахь “Баян тэс”ийн буудлаас 100 метр,”Давхар ягаан” буудлыг 120 метрт орших хотын нийтийн тээврийн зориулалтын буудалд ажилчдын автобус зогсож байхаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буудлаас зорчдог үйлдвэрийн ажилчид 100-120 метр алхаж, нийтийн тээврийн автобусны буудлаас суух болжээ.

Ингэснээр үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг орчны нөлөөллөөс хамгаалах саравч, автомашины болон зорчигч хүлээх зогсоол бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын буудал руу шилжүүлж байгаа аж. Иймд үйлдвэрийн ажилтнууд шинэ журмыг мөрдөн, хотын нийтийн тээврийн зориулалтын буудлаас зорчихыг тус цехээс мэдээллээ.  

 

М.Балжинням

ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хамт олон  удахгүй эхлэх шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилдаа ороод байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт багш ажилтнуудаа хамруулан “Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал” сургалтыг зохион байгуулав. Сургалтаар тус сургуулийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан хөгжүүлэх журам, Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зорилтуудын талаарх мэдээллийг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү болон чиглэл хариуцсан удирдлагууд танилцууллаа. Мөн  Боловсролын байгууллагын ЧМТ ISO21001 стандартын танилцуулга, шилжилтийн хөтөлбөрийн тухай сонсож, Хувь хүний хөгжил, харилцаанд төлөвшил ёс суртахууны эзлэх байр суурь, Харилцаа бол Арилжаа, Цагийн менежмент, Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, зорилтууд зэрэг өргөн сэдвийн дор мэдлэг нэмж, тархиа цэнэглэв. 

“Шинэ хичээлийн жилийн өмнөхөн зохион байгуулдаг багш ажилтнуудын  цогц сургалт энэ жил гурав дахь удаагаа болж байна. Манай сургуулийнхан  оюутан, сурагчдаа  хүлээж авахын өмнө бүтэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, өнгөрсөн жилийнхээ ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилийн зорилтоо тодорхойлж байна. Энэ удаагийн сургалт таван өдөр үргэлжилж, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг хамарснаараа онцлогтой” гэж тус сургуулийн захирал Д.Зоригтхүү бидэнд ярилаа.   

Технологийн сургуулийнхан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаандаа үр дүнд суурилсан гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр хэрэгжих эхлэл жил болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Мөн боловсролын байгууллагын чанарын менежментийн стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэ хичээлийн жилд тус сургуульд 50 гаруй оюутан шинээр элсэн суралцах ажээ.   

М.Балжинням

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын хамт олон Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Эрчим хүчний өдөрлөг” зохион байгуулж, бэсрэг наадмын хүрээнд баяраа тэмдэглэлээ. Баярын жагсаал, морин хуурын татлагаар эхэлсэн бэсрэг наадам бүтэн өдрийн турш үргэлжилж, үндэсний спортын шилдгүүдээ шалгаруулсан юм. Өдөрлөгт Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Л.Ариунболд нар урилгаар оролцож, салбарын ажилчдад шагнал гардууллаа. Х.Дуламсүрэн, Л.Халтар, Б.Амарсайхан нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засвар механикийн хэсгийн ажилтан Д.Отгонсүрэн, Б.Одонцэцэг нарыг Орхон аймгийн болон МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, цехийн шагналаар ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэллээ.

Энэ үеэр тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаярын сэтгэгдлийг хуваалцахад, “Манай хамт олон хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтээр цахилгаан үйлдвэрлэл болон түгээлтийн төлөвлөгөөгөө 100 хувиар ханган, баяраа угтлаа. Өнөөдөр бид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цагт 43-44 МВт-ын горимоор ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн хамт олондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станц гэх их айлаар овоглон ажиллаж хөдөлмөрлөж яваа эрчим зүйч, энергетик, эрчим хүчний салбарын ажилтан ажиллагсад, тэдгээрийн гэр бүлд халуун баяр хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн халуун дулаан мэндчилгээ илгээлээ. Мөн салбарын “Тэргүүн” шагналын эзэн болсон станцын шугам сүлжээний машинист Амарсайхан Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбон 22 жил ажиллахдаа амжилт ололтоо хуваалцсан сайхан хамт олонтой болсондоо талархаж явдгаа илэрхийлсэн.

Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид өдөрлөгийн үйл ажиллагаанд хөг нэмж, МУСТА Саруултөгс хөөмийн гайхамшгаар олны сонорыг мялаасан.

Морин хуурын чавхдасаар хорвоог уярааж наадсан

Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадсан

Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадсан

Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадсан энэхүү бэсрэг наадмын үйл ажиллагаанд үндэсний бөх, сур, шагайн харваа, дэмбээ, айраг хэн хурдан уух вэ зэрэг тэмцээн уралдаан багтжээ. Үндэсний бөхийн барилдаанд түлш дамжуулах хэсгийн ажилчин А.Анхбаяр түрүүлж, Үйлдвэр техникийн албаны барилгын инженер Б.Мягмаржаргал үзүүрлэсэн бол сурын харвааг Н.Лхагвадорж , шагайн харвааг Б.Энхтөр, Б.Баттогтох нар тус тус өнгөлсөн юм. Түүнчлэн Турбин, хими ус бэлтгэлийн хэсгийн ажилчин Б.Цогбаяр шилдэг дэмбээчин болохоо харуулж, Засвар механикийн хэсгийн ажилчин Б.Отгонтамир, Т.Баянмөнх нар хамгийн сайн айрагчдаар тодорлоо.

Сурвалжилсан И.Чинтогтох

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэрээрээ хэдийнээ танил болсон  Б.Дугархүү эмч болон Монголын явган алхалтын холбооны удирдлагуудыг уурхайчин залуустай уулзуулах энэхүү арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийнхээ ойн ажлын хүрээнд зохион байгуулсан байна.

Залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, явган алхалтын ач тусыг ойлгуулж, зөвлөх зорилгод тус уулзалт чиглэжээ. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл буй элэг цөс болон бусад хоол боловсруулах эрхтний хямрал, өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлж, анхаарах талаар Ай Ёо доктор чухал зөвлөгөө өгсөн бол дараа нь оролцогчид нэг цагийн нөхөрсөг уулзалт хийсэн байна. Алхалтын үеэр залуучууд хэрхэн зөв алхаж сурах, алхалтын ач холбогдол, гадаад орнуудад алхалтын спорт хэрхэн хөгжиж буй зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн нь өндөр үр дүнтэй боллоо гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын холбооны нарийн бичиг Ц. Хоролсүрэн бидэнд ярилаа.  

Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ уурхайчдын залгамж халаа залуусын дуу хоолой болон ажиллаж байна.  Түүхэн ойгоо угтаж тус холбоо олон арга хэмжээг санаачлан, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал, энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Монголын явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан уулын явган алхалтыг ОХУ-ын Байгал далайн орчимд хийхээр бэлтгэж байна. Энэ үер тус улсын явган алхалт сонирхогч залуучуудтай уулзах, амралт чөлөөт цагийн хөтөлбөр зохиогдох аж.   

М.Балжинням 

   Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 700 орчим ажилтанд халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг эхлээд хагас сар болж буй “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарын талаар  ажилчид  сэтгэгдлээ ярилаа. Дээрх үндсэн цехийн ажилчдаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Цахилгааны цех зэрэг бусад үйлдвэрлэлийн бүс дэх цех нэгжийн ажилчид ажлын онцлог, шаардлагаас шалтгаалан тус катерингаар үйлчлүүлж байна. Тэд мөн тус катерингийн хоолны чанар, үйлчилгээнд эерэг хандаж буйгаа илэрхийлэн, саналаа хэлсэн. Тухайлбал, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тохируулгын инженер В.Очирхуяг “ Хоолны амт чанар, төрөл, хэмжээний хувьд сайн, сайхан амттай байгаа. Харин үйлчилгээний шуурхай байдалдаа анхаарах хэрэгтэй санагдсан. Олон хүнд ачаалалтай үйлчилж байгааг ойлгож байна. Гэхдээ ажилчдыг удаан хүлээлгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаасай” гэсэн бол Засвар механикийн заводын ХАБЭА-н инженер С.Мөнхдэлгэр “Амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа “Сэлэнгэ” катерингийнханд талархаж байна. Цаашид энэ байдлаа хадгалж ажиллавал ажилчдын зүгээс ямар нэг гомдол, шүүмжлэл гарахгүй байх гэж бодож байна. Хоолны танхимын тохижилт, эмх цэгц сайжирсан нь таалагдаж байна” хэмээн ярив. Тэгвэл Ил уурхайн ажилчид “Бид өдөр бүр эндээ халуун хоолоор үйлчлүүлдэг. Хоолны амт чанарт сэтгэл өндөр байгаа. Төрөл бүрийн  амттан өгч байгаа нь бүр ч шинэлэг байна. Одоогоор тодорхой санал болгож хэлэх зүйлгүй. Цаашид чанар үйлчилгээгээ улам сайжруулан ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ хэллээ. Тус  катеринг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа хэсэг бөгөөд энэ сарын 1-ний өдөр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээгээ нээсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нийтийн хоолны хэсгийн нэг салбар гэж хэлж болно.
   Хүний эрүүл, эрч хүчтэй ажиллах гол хүчин зүйл нь чанартай, тэжээллэг хоол хүнс болдог. Тэр тусмаа уул уурхай, хүнд үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өндөр бүтээмжтэй ажиллах үндэс нь эрүүл чанартай хоол байдаг учраас Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг нийтийн хоол үйлдвэрлэлийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс ч энэ асуудалд удирдлагын зүгээс онцгой анхаарч, ХАБЭА-н хэлтсээр дамжуулан хоолны орц, найрлага, түүхий эд болон үйлчилгээний чанарт өндөр шаардлага тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд өөрийн харьяа нийтийн хоолны хэсгийн салбарыг Ил уурхайд нээн, уг цехийн уурхайчдад халуун хоолны үйлчилгээг хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ чиглэлд илүү оновчтой зохион байгуулалт болж байна. Халуун хоолны үйлчилгээг чанар стандартын шинэ түвшинд хүргэхэд тухайн нийтийн хоол үйлдвэрлэгчийн үйлчилгээний чанар, туршлага, ур чадвар, нөгөө талаас ажилчдын хооллох соёл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ тал дээр санаачилгатай, хичээж ажиллах зорилт дэвшүүлснээ “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир онцоллоо.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэж байгаа зэс, молибдены баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил юм. Ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн энэ төслийн хувьд 450 м урт шугам хоолой шинээр тавих бөгөөд гүйцэтгэгч компани суурийн бетон цутгалтын ажлыг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Суурь бэлэн болсноор ган хийц угсралтын ажил үргэлжилнэ.
   Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах нөхцөл бүрдэх юм. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авах төслийн гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” ХХК, Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.
    Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч буй орос хүүхдүүдэд Соёл, урлагийн цогцолборын багш нар монгол дуу, бүжиг зааж байгаа бөгөөд тэд сурснаа удахгүй тайлагнан концерт тоглох ажээ.
   Энэ зун ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл удаа дараа тохиож, олон хот тосгон үерт автсан. Монгол улсын Засгийн газар, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм үзүүлж байна. Үүний нэг хэлбэр нь Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 сурагчийг зургаан багшийн хамт Эрдэнэт үйлдвэр өөрийн зусландаа үнэ төлбөргүй амрааж, үер усны аюулаас үүдсэн айдсаа даван туулахад нь тусалж буй явдал юм.
   Эрхүүгийн хүүхдүүд Эрдэнэтэд монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, үндэсний дуу, бүжиг сурахаас гадна эко аялалд хамрагдаж, багаар ажиллах, лидер байх чадварт суралцан, ховор ан амьтныг дэргэдээс нь харж сонирхолтой амарч байгаагаа онцоллоо. Мөн монголд амарсан дурсамжаа насан туршдаа мартахгүй гэж ярьсан. Харин Соёл, урлагийн цогцолборын багш нар орос хүүхдүүдийн шаргуу, бие биедээ өндөр шаардлага тавьдаг, даалгавар сайн биелүүлдэг онцлог зан чанарыг сайшааж байв.
   Өнөөдөр Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар тэднийг зуслан дээр нь эргэж, чөлөөт ярилцлага өрнүүлэн дурсгалын зүйл гардууллаа.

М.Одгэрэл

 

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог