×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг би ихэд хүндэлдэг юм. Нэгэн цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дурлаж бүр “өвчилж” цагдаа нартай ажлын шаардлагаар ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэдний сайн нэргүй сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэднэ. Тийм ч учраас хэн хүний амнаас зоргоороо гарах “Энэ муу цагдаа нар...” гэх үгэнд яснаасаа дургүй.

Булган аймгийн уугуул Хар халбагат овгийн Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Монгол улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хэдэн зуун мянган цагдаа нарын нэгэн төлөөлөл. Харин тэр нийгмийн хэв журмыг сахиулах хүнд үүргийг эрчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү гүйцэтгэж яваа бүсгүй гэдгээр ялгарна. П.Оюунчимэг найман хүүхэдтэй айлын ганц охин учраас багаасаа эршүүдхэн өссөн.

Прокурор аавынхаа хүслийг гүйцээн хуульч болохыг битүүхэн мөрөөддөг хүүхэд байжээ. Гэсэн ч олон ахтай охин хүүхдийн жишгээр ихэнхдээ эрэгтэй хувцас өмсөн хөвгүүдтэй нийлж гудамжны үзүүр, сагсны талбайд вандан сахиж өнждөг байсны гороор их сургуулийн улаан шугам доогуур “хамраараа тасдуулж”. Магадгүй аав, ээж нь ганц охиндоо үг хэлж чадахгүй танхи өсгөсөн хэрэг биз. Тиймдээ ч 19 настай айлын эхнэр болж, сайхан амьдрал төсөөлөн улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон гэдэг.

Хүний газар бэр болон очих хэцүү юм билээ гэж ярихад нүдэнд нь гуниг хурахыг мэдэрсэн юм.

Нэгэн насны хань минь хэмээн итгэж дагасан хүн нь бор дарсанд хөлчүүрхэн дурлах болоход архигүй орчинд өсч хүмүүжсэн хэрсүү охин том зүрх зориг гарган нэг л өдөр нялх хүүхдүүдээ дагуулан тэр айлын хаалгыг гаднаас нь хаажээ. Зөв шийдвэр байсан гэдэгт тэр одоо ч итгэлтэй байдаг.

Аавынхаа чин хүслийг гүйцээх хүсэл түүний сэтгэлийн үзүүрт хадгалагдсаар... Жил бүр МУИС-д элсэх шалгалт уйгагүй өгсөөр л. 1991 онд хөдөлмөр эрхлэх зарын дагуу явсаар Цагдаагийн Ерөнхий газарт цай зөөгчөөр ажилд орсон нь санамсаргүй тохиолдол бус бурхнаас илгээсэн хувь тавилан байсан гэлтэй.

Тэнд хоёр жил гаран цай зөөж байх үед боловсон хүчин нь дуудаж “Чи Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгвөл яасан юм бэ?” гэж асуусан нь ёстой л загатнасан газар маажих шиг санагджээ. Байнгын бэлтгэлтэй түүнд бодох ч хэрэг байсангүй. Нийгэм, орос хэл, математикийн хичээлээр шалгалт өгч өндөр оноогоор тэнцэхэд нь цай зөөгчөөс ийм хэмжээний мэдлэг оюун гарна чинээ төсөөлөөгүй журмын нөхөд нь ихэд гайхан бахархаж байсан гэдэг.

П.Оюунчимэг 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байхдаа ЦЕГ-т цай зөөгчөөр ажилласаар байсан нь тууштай зангийнх нь илрэл байлаа. Мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуухан офицер бүсгүй Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Хүүхдийн байцаагчаар томилогдон ирж байсан нь саяхан мэт.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, 2012 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэх болжээ. Өмнө нь гудамж талбайд, гэр орондоо агсан согтуу тавьсан хүнд “гарууд”-тай ана мана үзэлцэж явсан хэв журмын цагдаа Эрдэнэт үйлдвэрийн ажил буцалсан хамт олон дунд орох өвөрмөц мэдрэмж байсныг дурссан.

Ахлах дэслэгч цолтой гялалзаж явсан бүсгүй өнөөдөр ахлах ахлагч болж цол буурсан нь учиртай. Олон эрчүүдийн дунд хараа булаан ажиллах залуухан бүсгүй явахад хурандаа цолтой дарга нь “оролдох”-ыг завдаж. Санаснаар болоогүйд эгдүүрхсэн мань хурандаа “Наад мөрөн дээрх таван хошууг чинь зураас болгоно доо” гэж өсрөхсөн нь энэ. Гэрээт цагдаагийн хэлтэст ирж ажилласнаас хойш цолоо сэргээх боломж хэд хэдэн удаа гарсан ч залууст тээг болохыг хүсээгүй гэдэг. Ер нь цол, шагнал хоёрт шунаж яваагүй нь ярианаас нь илт.

П.Оюунчимэг гурван сайхан хүүтэй. Хүмүүс эрэгтэй хүүхдүүд өсгөх “чанга” шүү гэж хэлдэг байсан ч түүнд хэцүү байгаагүй аж. Хөвгүүд нь бүгд их, дээд сургууль төгссөн нь ээжийнх нь гавьяа. Үнэнч шударга, зарчимч цагдаагийн хүмүүжлээр өсч хүний зэрэгт хүрсэн хүүхдүүд нь өнөөдөр Эрдэнэтчүүдийн идэх дуртай “Өглөө” талхыг үйлдвэрлэж байна.

Компанийн захирал хүү нь талхаа өөрөө зуурдаг гэнэ. 2011 онд бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа том хүү нь шантарч “Ээжээ больё” гэж хэлж байсан ч бартаатай замаас эргээгүй тууштай хүнийг амжилт дагадаг юм хэмээн сургамжилсан нь жижиг цехийн үйл ажиллагааг компанийн зэрэгт хүртэл хөгжих хүчийг өгчээ.

П.Оюунчимэг хөвгүүдээ цагдаа болгохыг хичээдэг бас ятгадаг ч байж. Тэгсэн нэг өдөр хүү нь “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өөрийн эрх дураар бус тушаалаар ажилладаг таны амьдралыг давтахыг хүсэхгүй байна. Таныг гэрээс яараад гарахад хаана ямар хэрэг гарав, хүн үхчихээгүй байгаа, ээж маань яах бол гэсэн айдастай үлддэг. Ийм шаналан дахиж хэрэггүй” гэж хэлэхэд нь цочих шиг болж хүүгээ том болсныг сая мэдэрсэн гэдэг.

П.Оюунчимэг нэг өдөр замын цагдаа, нөгөө өдөр хэв журмын цагдаа болно, хааяа офицерын үүрэг ч гүйцэтгэнэ. Би түүнийг “Есөн-Эрдэнэ” захын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж зогсоход нь анх харсан юм. Цагдаа хувцастай эмэгтэй тун содон, гоё харагдсан болохоор хурдаа сааруулж ажиглатал өөдөөс “Хурдан яваад замаа чөлөөлөөч” гэж ширүүлэхдэг байгаа. 

Цагдаагийн мэргэжил хамгийн сайхан гэж нүдээ анин байж чин сэтгэлээсээ ярих энэ эмэгтэй хайртай аавыгаа бурхны оронд морилохоос өмнө хүслийг нь биелүүлж амраасан ачтан. Тэрээр дүрэмт хувцсаа өмсөхөөр хийморь сэргэж, ер бусын зориг ордог гэж ярьсан. Нээрээ л цагдаа хувцастай шөнийн 03 цагт явж байхдаа юунаас ч айдаггүй байх. Харин энгийн хувцастай явж байхдаа хүн зон маргалдаж харагдвал мэргэжлийн “өвчин” нь хөдлөөд гүйгээд очдог гэнэ билээ. Тэр үед хүмүүс энэ ч одоо юув дээ гэсэн янзтай харьцдаг байж мэдэх юм. Тэгвэл та бидний амгалан тайван байдлын энхийн манаанд цаг наргүй 20 жил зүтгэсэн мөрдэстэй цагдаа эмэгтэй байна гэж таниарай.       

 

 

М.Одгэрэл

          Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт  Г.Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасан юм. Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд, хамт олон нь хүндэтгэлтэйгээр угтаж, баяр, талархлаа илэрхийллээ.

Э.Мөнх-Уянга

        Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны "Оюу" танхимд боллоо.
        Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.Батбаярыг  Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт  Г.Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасныг баяртайгаар дуулгасан. Шинэ хөдөлмөрийн баатар, гавьяатуудад шагналыг энэ сарын 9-ний өдөр төрийн ордонд гардуулах аж. 
        Тэгвэл үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын хөгжил цэцэглэлт, Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд их хувь нэмэр оруулж, хүндтэй гавьяа байгуулсан хөдөлмөрийн сайчууд, ахмад уурхайчдад Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэв.
       Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутаг, Ил уурхайн гагнуурчин Н.Чулуунгэрэл , Авто тээврийн байгууллагын ахмад ажилтан Ё.Машбат, Баяжуулах үйлдвэрийн хэсгийн дарга Л.Баяраа нарын 10 хүнийг  Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, Ил уурхайн автогрейдерийн машинч В.Тавхай, Автотээврийн байгууллагын Тэргүүлэх  эрчим зүйч А.Батдорж, Баяжуулах үйлдвэрийн Мэдээлэл хамгааллын тэргүүлэх инженер Д.Амаржаргал, Засвар механикийн заводын Тоног төхөөрөмжийн засварчин С.Чулуунбаатар, Тээвэр ложистикийн албаны Ахмад ажилтан Х.Дармаа, Дулааны станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ нарын 70 хүнийг Алтан гадас одонгоор,  Ил уурхайн Эдийн засгийн албаны дарга Д.Сувд-Эрдэнэ, Авто тээврийн байгууллагын жолооч  Ц.Чүлтэмсүрэн, Баяжуулах үйлдвэрийн засварчин Р.Даваажав, Дулааны цахилгаан станцын Зуухны хэсгийн дарга Э.Эрдэнэбаяр, Хууль эрхзүйн газрын Тэргүүлэх хуульч Ж.Отгонбаяр нарын 39 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан 40 жилийн түүхтэй, зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон зургаа дахь хөдөлмөрийн баатраа өлгийдөж, гавьяат цолтны эгнээг гурван эрхмээр нэмлээ.   

 

 


 

Үндэсний их баяр, Ардын хувьсгалын түүхт ойг угтан эрийн гурван наадмын бэлтгэлд гараад буй  бөхчүүд, үндэсний сурын харваачдаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд эргэж, амжилт ерөөдөг уламжлалтай.  Уламжлал ёсоор тус үйлдвэрийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг удирдлагын багаа төлөөлөн, Цуврайн аманд бэлтгэл хийж буй харваачид болон бөхийн галаар зочиллоо. Тэрээр харваачид , бөхчүүдийн сорилго барилдаан, сургуулилтыг үзэж сонирхон бэлтгэл сургуулилалт сайн хангагдаж буйг онцоллоо. Түүнчлэн манай харваачид цэцтэй, бөхчүүд бяртай, өнгөтэй байна гээд үлдсэн хугацаанд бэлтгэлээ улам чамбай хийж, улс болон аймгийн наадамд цол зэргээ ахиулан амжилттай оролцохыг ерөөсөн.   

Энэ жил Цуврайн аманд улс болон Орхон аймгийн наадамд оролцохоор Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн нийт 12 үндэсний сурын харваачид бэлтгэлд гарчээ. Монгол улсын дархан мэргэн, даяар дуурсах мэргэн цолтон тус бүр нэг, улсын мэргэн хоёр, гоц мэргэн харваач нэг болон спортын мастер, аймгийн мэргэчүүл  энэ удаагийн үндэсний сурын харваачдын багийг бүрдүүлж байна. Харин Хангарьд спорт клуб болон Орхон аймгийн хамтарсан дараагийн гал нь 20 хүний бүрэлдэхүүнтэй Мажаа амралтад бэлтгэл сургуулилтаа базааж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ жилийн наадамд 40 гаруй эрхий мэргэн харваачид оролцож, цэц мэргэнээ сорихоор бэлдэж байна.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн бөхчүүд өнгөрсөн сарын 20-ноос эхлэн бэлтгэлдээ гарч, эр бяр жигдэрчээ. Улсын наадамд барилдахаар Монгол улсын начин Э.Энхбат нарын 3 бөх бэлтгэл хийж байгаа бол аймгийн арслан Т.Чулуунгэрэл тэргүүтэй 21 бөх Цуврайн аманд бэлтгэлд гарсан байна. Бэлтгэл сургуулилт сайн, тамирчдын байр, хоол хүнсний хангамж чанартай байгаа нь  бэлтгэлд эерэгээр нөлөөлж буйг дасгалжуулагчид онцоллоо.  

 

 

    Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр 10 хүүхдэд ОХУ-д хүүхдийн зусланд аврах эрхийн бичиг гардуулав. Орхон аймгийн арван сэтгүүлчийн хүүхдүүдийг Байгаль далайн эрэгт “Байкальские волны” зусланд амрах зардлыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монголын зэс” корпораци санхүүжүүлж байгаа юм.

 

     Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан Спорт ордны хамт олон Хангарьд паласын өмнөх теннисний талбайг засварлаж, шинээр тохижуулжээ. Шинэ талбайн теннисний талбайг нээсэнтэй холбогдуулан тус ордноос “Теннис тоглох уу?” сарын аяныг Эрдэнэтчүүдийн дунд  өрнүүлээд байна. Сарын аян 7 дугаар сарын 3-наас 8 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь тус ордноос үйлдвэрийн ажиллагсдын спортын боловсрол, эрүүл мэнд, хөдөлгөөн,бие бялдрын чийрэгжүүлэлт, хөгжилд анхаарч буй ээлжит үйл ажиллагаа юм. Талбайн теннисний талбайг нээсэн нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад төдийгүй хотын иргэд, хүүхэд залуучууд уг спортоор хичээллэх, зуны амралтаа үр өгөөжтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Аяныг Макс групптай хамтран зохион байгуулж байгаа аж.
     Тус талбай нь хиймэл зүлэг бүхий 4 талбайгаас бүрджээ. Энд талбайн теннис болон софт теннис тоглох боломжтой бөгөөд 18 цагаас хойш үйлдвэрийн ажилчдад нээлттэй юм.  Харин 6-12 насны хүүхдүүдийг сургалтанд үнэ төлбөргүй хамруулж, залуучууд насанд хүрэгчдийн хөтөлбөр өдөр болон оройн цагаар хичээллэх ажээ. Талбайн теннисний хичээлийг Монголын талбайн теннисний холбооны ахлах дасгалжуулагч Р.Эрдэнэбат зааж, тус спортыг Орхон аймагт хөгжүүлэхэд хувь тнэмрээ оруулж байна.
     Монгол улсад талбайн теннисний спорт нь 1990 оноос үүсэн хөгжиж эхэлсэн бол Монголын талбайн теннисний холбоо 1991 онд байгуулагджээ. Тэр цагаас хойш  тус холбоо нь идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж, тамирчдаа бэлтгэн дотоод болон Олон Улсын тэмцээнд амжилттай оролцуулсаар байна.

 

Монгол улсын эдийн засгийн гол хүч, уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Эрдэнэт үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх хүч үзэн барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлж, Ил уурхайн бөх, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэв. Шагайн харваанд 6 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай  Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлж, Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай  тус цехийн баг, н.Болдчулуун ахлагчтай Тээвэр ложистикийн алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан баг удаалсан байна. Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач , аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.  эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорьж, нар эхний байруудад шалгарлаа. Хурдан дааганы уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайлж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага, Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Монгол улсын Алдарт уяач, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганзоригийн  хүрэн халзан даага айргийн тавд давхилаа.

Ийнхүү уурхайчдын уясан хүлэг нь хурдан байж, хүчит бөхчүүд бяртай, эрхий мэргэн харваачид цэцтэй байж, наадамчин олноо баясгав. Эрийн гурван наадмын түрүү бай шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт хамт олондоо амжилт хүсч үг хэлэв. Үүний дараа төв цэнгэлдэхэд цугласан наадамчид,  “Уурхайчин би” сүлд дуугаа хамт дуулж, баяр наадмаа жаргаалаа.

Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын төрийн гурван өндөрлөг тус үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд баярын мэндчилгээ илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “ Манай улсын хамгийн дорвитой, хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол Оросын найрсаг хамтын ажиллагаа Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг өнөөдрийн хөгжилд хөтөлснийг мартах учиргүй. Олон жил улсын төсвийг бүрдүүлэхэд орлуулшгүй хувь нэмэр оруулж, эх орныхоо эдийн засгийн тэтгэж ирсэн тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хөдөлмөрийг Монголчууд ямагт үнэлж, үргэлж бахархаж явдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд  Эрдэнэтчүүдэд илгээсэн  мэндчилгээндээ “ Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлэг тэмдэг болсон их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн уурхайчин, бүтээлч хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе” гэсэн бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Түүхэн он цаг, түүхийн бичиг баримтыг эргэн харахуйд тухайн үеийн төр засгийн удирдах дээд байгууллагууд олон чухал шийдвэр гаргаж, түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, эдүгээ дэлхийд данслагдсан, Ази тивдээ тэргүүлэх том үйлдвэр болон хөгжсөн байна. Цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдаж,  зууны төдийгүй мянганд нэрлэгдэх шилдэг үйлдвэрийхэндээ байгалийн баялгийг нийгмийн баялаг болгох их үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ. 

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, уурхайчид хүндэт зочдоор оролцож байна.  

М.Балжинням

Б.Баттөгс 

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төрийн дээд шагнал  Д.Сүхбаатарын одонгоор шагнасныг “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын нээлтийн ажиллагаан дээр гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол улсын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил болон уул уурхайн боловсруулах салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, шинэ чадамж гаргахад оруулсан Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилтан, албан хаагчид, уурхайчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэрийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна.

Зарлигийг уншиж танилцуулсны дараа Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон бүхий Эрдэнэт үйлдвэрийн номин ногоон өнгийн тугийг тус үйлдвэрээс төрсөн Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн хүндэтгэлийн хойморт залж,  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа жанжин Д.Сүхбаатарын одонг гүн хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

 

Ингэснээр Эрдэнэт үйлдвэр төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонг ижилсүүлж, хос одонт үйлдвэр боллоо. 

М.Балжинням

Б.Баттөгс

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилд зориулсан баяр наадмын үйл ажиллагаа Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. “Бид эрдэнэсийн эзэд” баярын жагсаал Илгээлтийн эзэд, анхдагчдын талбайгаас уурхайчдын сүр хүч,  өнгө үзэмжийн төгс шийдэлтэй хослон цэнгэлдэх хүрээлэнд орж ирэн, наадмын хүндэт зочид суудлаа эзлэхэд Эрдэнэтийн овоо дуу  эгшиглэж байв. Нээлтийн ажиллагааны утга санаа нь эзгүй хээр талд таван хошуу мал тал дүүрэн бэлчиж,  хүн зон нь мал сүргээ хариулан, ноос савж, эсгий урлан, хүүхэд багачууд  хонь хургатай наадаж, эрчүүд хүлгийн зоон дээр омогшиж,  бүсгүйчүүд  цайны дээжээ хангай дэлхийдээ өргөж буй монгол ахуйг дүрслэн зохиомжилжээ. Ийм онгон дагшин газар  нутагт хайгуулчдын баг эрдэнэсийн том ордыг нээн илрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн шан татагдаж, илгээлтийн эздийн уухай, их бүтээн байгуулалтын нүргээн эхэлснийг, Эрдэнэт боссон түүхийг  утга уянгын уран найруулгаар илэрхийлсэн нь наадамчин олныг баясган, уурхайчдын бахархлыг төрүүлж байлаа. Наадмын нээлтийн ажиллагаа, урлаг уран сайхны үзүүлбэрийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид найруулан зохион байгуулж, авьяаслаг уурхайчид, ажилтнууд оролцсон.

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагааг нээж, тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Эрхэм хүндэт зочид, уурхайчид, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан анхдагч, илгээлтийн эзэд, Эрдэнэчүүддээ  хандан хэлсэн мэндчилгээндээ “Эрдэнэтийг байгуулсан түүх бол эрин зууны түүх юм. Манай уурхайчид өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, өнөөдрийн хүрсэн түвшин амжилтаа үнэлж, цаашдын зорилтоо тодорхойлж байна. Эрдэнэтийн уурхайчид энэ он жилүүдэд өөрийн гэсэн соёл, үнэт зүйлийг бүтээж чадсан нь бидний хамгийн том бахархал, бас амжилт  юм” хэмээн онцоллоо. Дараа нь Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц наадамчин олонд ерөөл айлдаж, ном айлтгав.  Эрдэнэтийн аугаа их бүтээн байгуулалт эхлэн, арвин их баялгийг бүтээсний  түүхт 40 жилийн баяр наадмын тэнгэрт  Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн тугийг Эрдэнэтээс төрөн гарсан хөдөлмөрийн баатрууд, төрийн шагналтан,  гавьяат  эрхмүүд өргөн мандуулсан нь уурхайчдын наадмыг улам хүндэтгэлтэй болгосон юм. Мөн Эрдэнэтээр овоглосон олон зуун алдартнууд, хөдөлмөрийн баатрууд, төрийн  дээд одон медаль энгэртээ гялалзуулсан анхдагч, ахмадууд, тэргүүний ажилтнуудын баярын жагсаалаар наадмын үйл ажиллагаа үргэлжилсэн.

 

 

 

 

Ийнхүү Монгол улсын нэрийн хуудас болсон дэлхийд данстай манлай үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхт ойгоо бахархал дүүрэн тэмдэглэж байна.  

Сэтгүүлч М.Балжинням

Гэрэл зурагчин Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог