Үйлдвэрлэл

Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.

  

  

  

                                                                                                                        Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа. 

 

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай

-Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе.

Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ

 

Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье

-Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай.

Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА

 

Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа

-Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.   

Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ

 

Зөв явбал бүх зүйл сайхан болно

-Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ

 

 “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа

-Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай.

Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА

 

Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье

-Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.

 Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН

 

Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.       

Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.  

Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.   

Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай.

Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ.

Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

  

  

  

  

  

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 
 

     Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна. 

     Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.

     Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.         

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

Лхагва, 08 7-р сар 2020 00:00

Өнөөдөр 07 дугаар сарын 08

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                  

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна.

3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.  

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1973 оны 07 дугаар сар

  • Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв.
  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв.
  • Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог