Үйлдвэрлэл
   Өнөөдөр Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Арав дахь удаагийн энэхүү уламжлалт шалгаруулалтаар 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу  хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлэн, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн  тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж, төлсөн шимтгэлийн хэмжээгээрээ бусдыг тэргүүлэн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 15 шилдэг ажил олгогчийг тодруулан, өргөмжлөв.
   Өнгөрсөн оны ажлаараа манлайлж, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж ажилласан  “Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюу толгой  ХХК, Рэдпаф Монгол ХХК, Хаан банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервис Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт минерал ХХК, Санхүү эдийн засгийн  их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок Монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал  зэрэг аж ахуй нэгжүүд шалгарлаа.   
   Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар жилд 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлдэг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчийг тэргүүлсэн  эдгээр 15 шилдэг  аж ахуй  нэгж нь 143.5 тэрбум төгрөг буюу нийт орлогын 10%-ийг бүрдүүлжээ.
   Шилдэг шимтгэл төлөгч дээрх 15 байгууллагын 19.5 мянган даатгуулагчийн  6583 иргэн,  2300 гаруй ахмад настнууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяат ажилтан, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд юм.

                            Э.Мөнх-Уянга


 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Б.Ялалт
   Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны баярын 88 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран үйлчилгээний ажилтны ур чадварын уралдаан зохион байгуулж байна. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч оролцож байгаагаараа онцлог юм. Шүүгчид онолын шалгалт, стандарт ажил, хувийг бэлтгэл, соёл гэсэн үзүүлэлтээр уралдааныг дүгнэх юм. 2017 онд зохион байгуулсан тус уралдаанд 10-аад үйлчлэгч оролцож, 3-4 үйлчлэгч зэргийн болзол хангажээ.
 
 
 
 
 
 
   Засгийн газрын ордны дэргэдэх Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургагч багш, шүүгч Б.Соёлмаа уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Манай байгууллага 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад сургалт явуулж байна. Төрийн байгууллагууд эхний 2 жилдээ сургалт авч, 3 дахь жилээс ажилтнаа зэрэгтэй болгох тал дээр илүүтэй анхаардаг болсон. Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайн үйлчлэгч ажил мэргэжлийн зэрэгтэй болсноор цалингаа нэмүүлэх, ажлын ур чадвараа дээшлүүлэх, үнэлгээгээ ахиулах давуу талтай” гэв. 
 
 
   2018 оны 11 дүгээр сард батлагдсан Засгийн газрын тогтоолд 1-3 дугаар зэрэгтэй үйлчилгээний ажилчдад цалингийн 10-20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох тухай заажээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлчилгээний ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг үйлчлэгч нар оролцож байгаа гэж ойлгож болно. Бид уралдааныг шударга болгох үүднээс гадны шүүгчдээр дүгнүүлж байна. Мэргэжлийн зэрэг нь үйлчилгээний ажилтны өндөр ур чадвартайг илтгэхээс гадна ажиллах урам зоригийг нь сэргээж өгдөг ач холбогдолтой” хэмээн ярьлаа.
 
 
   Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхтөр, сургагч багш Г.Одгэрэл, Б.Соёлмаа нар ажиллаж байна. 
 

 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Энэ  сарын эхний 20 хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 5749 ам доллартай тэнцэж байв. Үүнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 41 ам доллараар өссөн үзүүлэлт гарсан байна. Зэсийн үнэ сарын дунд үед харьцангуй тогтворжих хандлагатай байсан ч  АНУ-ын Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулсан нь зэсийн үнийн ханшид нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ  буурсан дүнтэй байгаа юм.  
   Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын төлөөлөгч нар АНУ-д айлчлал хийх үеэрээ хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар  зах зээлд сөрөг дохио өгч, 9-р сарын 23-ны өдрөөс хойш түүхий эдийн ханш буурч эхэлсэн байна. Тэд уулзалтын дараах  АНУ-ын газар тариалангийн гол хоёр мужид хийх айлчлалаа цуцалсан нь ийм нөлөө үзүүлжээ. Ингэж урьдчилан төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг  цуцлах болсон шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг буруутгасан мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
   Ирэх сард зэсийн үнэ ханшийн хэтийн төлөвт  тухайн сард товлогдсон АНУ болон Хятадын худалдааны дайны асуудлаарх уулзалтын үр дүн гол нөлөө үзүүлж болзошгүй байгааг судалгааны дүн харуулж байгаа юм. Түүнчлэн АНУ, Европ болон Хятадын засгийн газраас мөнгөний бодлогын асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч зэсийн ханшид нөлөөлөх хүчин зүйлс болох талтай гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн мэдээлэлд дурьджээ. Олон улсын судалгааны байгууллагуудын  таамаглаж буйгаар энэ оны 3-р улиралд зэсийн үнэ дунджаар 5800 ам доллар тонн байх төлөвтэй байгаа аж. Харин 4-р улирлын зэсийн ханшийн төлөв 5500-6100 ам доллар тонны хооронд хэлбэлзэж, дунджаар нэг тонн зэс 5884 ам долларт хүрэх хандлагатай байна. 
 
М.Балжинням
 
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод бүтээмж чанарын дугуйлангууд дундаа “Бид манлайлагч 2019” уралдаан зарлалаа. Сайн саналын системд оролцох ажилтны тоог нэмэгдүүлэх, бүтээмж чанарын зарим дугуйлангийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлэх, 5С ажлын байрны сайжруулалт хийх, заводын дэргэдэх инженерийн бус зөвлөлийг бүтээмжийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой энэхүү уралдаан өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш үргэлжилнэ. Он гарсаар тус завод Сайн саналын системд 410 санал бүртгүүлснээс 50 хувийг нь хэрэгжүүлжээ. Бүтээмж чанарын дугуйлангийн 38 төслөөс 15-ыг нь бүтээлч төслөөр бүртгүүлж, 13 төсөлд жижиг сайжруулалтын ажлууд хийж байгаа талаар Бүтээмжийн мэргэжилтэн Г.Навчаа мэдээллээ. Тэрээр, Сайжруулалтын санал гарснаар тухайн ажилтны ажлын байрны нөхцөл сайжрах, бүтээмж дээшлэх, ажилдаа ирэх хандлага өөрчлөгдөх хэд хэдэн давуу талтай болохыг тайлбарласан.
 
 
   Одоогоор Засвар механикийн заводын 46 дугуйлангийн 70-аад хувь нь идэвхитэй ажиллаж, үйлдвэрийн хэмжээнд шинэлэг санаа, чанарын үзүүлэлтээрээ өрсөлдөж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгж бүрт бүтээмжийн мэргэжилтэн ажилладаг. Тэд дугуйлангийн ажилтан бүрээс ирсэн саналыг программд бүртгэн, саналыг шүүх, хянах, зөвшөөрөл олгох, хэсгийн даргад мэдэгдэх, үнэлүүлэх, сарын эцэст тайлан гаргах, урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Санал санаачилгыг “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэж ангилах бөгөөд тооноос илүүтэй чанарын үзүүлэлт нь чухал байр эзэлдэг тухай санууллаа. Тус заводын Загварын хэсгийн ажилтан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд “Сайн саналын систем”-ийн 58 дугаарт жагсаж, шилдэг 100 манлайлагчийн нэгээр тодорч байсан бол энэ жил “Сайн саналын систем”-ийг манлайлж байна. 
 
 
 И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Энэ өдрийн сурвалжлагаа Ил уурхайн засварын хэсгээс хүргэж байна. Энд ЭКГ-12К экскаваторыг угсрах ажил ид өрнөж, энэ сарын 23-ны өдөр эхэлсэн ч төлөвлөгөөний бүтээмж 2 өдрөөр түрүүлж байгааг угсралтынхан хэллээ. Эрч хүчтэй, туршлагатай мэргэжлийн баг энэ оны хоёрдахь том аварга хүлгээ хүлээн авах ажилд хэдийнэ “ханцуй шамлан” орсныг ажлын халуун цэгээс харахад л шууд мэдрэгдсэн. Тэнгэрт шүргэм сүр бараатай, уурхайн мөргөцөгт хүдэр шанагадах нь цаанаа л бахархмаар “сайхан амьтан” гэж шинэхэн экскаваторынхаа гол ханыг угсарчихаад хошигнож зогсоо угсралтынхан урам зориг дүүрэн байна. Өдөр бүр 12 цагаар амралтгүй ажиллаж, цаг агаарын ямар ч нөхцөлд төлөвлөгөөт ажлаа удаашруулахгүй гүйцэтгэхээр шамдаж байгаа тэд “Онцгой даалгаварынхан”. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд үе шаттай, эрчимтэй нэвтрүүлж буй. Энэ бодлогын хүрээнд Ил уурхайн хүчит техникийн эгнээнд хүч нэмж, хоёр дахь экскаваторыг нийлүүлсэн нь энэ. Ажлын ачаалал, өндөржүүлсэн зохион байгуулалт, ур чадвар гээд ажилчдынхаа сэтгэл зүтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах тогтолцоонд ч үйлдвэрийн удирдлагууд “эргэлт” хийж байна. ЭКГ-12К экскаваторыг угсрах ажлыг “Онцгой даалгавар”-т тооцон, энэ ажилд хүчин зүтгэсэн ажилтнуудын нэмэгдэл хөлсийг 100 сая төгрөгөөр, батлагдсан хуваариас өмнө угсралтын ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хоног тутамд 3 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын шийдвэр үүнийг гэрчилнэ. Урьд өмнө байгаагүй ийм хэмжээний нэмэлт урамшуулал ажилчдад урам, дэм  өгч байгаа гэдгийг Ил уурхайн Ерөнхий инженер хэлснийг онцлох нь зүйтэй.
   Хойд хөршийн уулын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нэгэн нэрийн хуудас болж буй 12.5 метр кубын шанаганы багтаамж бүхий ЭКГ-К12 экскаваторыг угсрах ажлыг гардан удирдаж буй  Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн дарга С.Даваа-Очир уурхайд 20 гаруй жил ажилласан, нягт нямбай чадвартай инженерүүдийн нэг. Түүнийг өнгөрсөн хавар ашиглалтад өгсөн ЭКГ-К12 экскаватор угсрах ажлыг мөн л ахалж, арвин туршлага хуримтлуулж, ажилдаа эзэн болсон ажилтан гэж Ерөнхий инженер С.Уламмандах өгүүлнэ лээ. Харин тэр өөрөө эгэл даруухнаар ажлын талаар “Бидний одоо шинээр угсарч буй ЭКГ-К12 экскаватор манай Ил уурхайн 26 дахь экскаватор. Энэ оны хувьд бол хоёр дахь экскаваторын угсралтын ажил л даа. Манай Засварын хэсгийнхэн хоёр бригад болж, хагас бүтэн сайны амралтгүйгээр өдөр бүр 12 цагаар ажиллаж байгаа. Нэг бригад 5 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын шаардлагаас шалтгаалаад өргөн тээвэрлэх, зөөвөрлөх техникүүдийг улираах буюу нэмэлт цагаар ажиллуулж байна. Экскаваторын машинист, туслахуудын хамт хоёр бригадад хуваагдан оролцож байна. Мөн цахилгааны бригад 4-5 хүний бүрэлдэхүүнтэй цахилгааны нарийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ингээд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ЭКГ-К12 экскаваторыг угсарч, бэлэн болгоно. Угсралтын өдөр тутмын ажлыг манай уурхайн экскаватор хариуцсан механик, Орос мэргэжилтэн С.М.Янковский удирдаж байгаа. Миний хувьд ажлын чиг үүрэг өгч, анхаарал хяналт тавьж байна” гэж танилцуулав. Шанаганы хүчин чадлаараа өмнөх экскаваторуудаас илүү багтаамжтай, цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлт, технологийн боловсронгуй үзүүлэлт бүхий ЭКГ-К12 экскаватор нь 6000 вольтын цахилгаанаар ажилладаг. Уг экскаваторыг угсралтын багийнхан 35 хоногийн хугацаанд угсарч, бэлэн болгох төлөвлөгөөтэй. Экскаваторын үндсэн эд анги буюу том хэсгүүд нь угсрахад энгийн ажиллагаатай тул цаг хугацааны хувьд хүндрэлгүй, харин цахилгаан болон хийн систем, тосолгооны линкольн системийн угсралт тохиргоонууд илүү нарийн чимхлүүр ажиллагаа, цаг шаарддаг. Мөн цаг агаарын таатай нөхцөл байдал ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Тиймээс хүйтрэхээс өмнө шуурхайлж, төлөвлөсөн цаг хугацаанд амжуулж дуусгах нь бидний нэн түрүүний зорилт. Нөгөө талаас чанарын үзүүлэлтэд онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг Засварын хэсгийн дарга С.Даваа-Очир нэмж онцолсон.
   Өнөөдрийн байдлаар Ил уурхайн хэмжээнд 9 экскаватор хүдэр олборлолтын ажилд гарч байна. Шинэ экскаватор 10 дахь нь болон нэмэгдэх ч цаашид дахин экскаваторын хэрэгцээ шаардлага байгааг Ил уурхайнхан ярьж байна. Ашиглалтын хугацаа нь дууссан ч өөрсдөө засаж, тордон ажилд гаргаж буй экскаваторуудыг ойрын таван жилд шат дараалан шинэчлэх бодлого технологийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ажээ.
 
 
 
 
 
 
 
   ЭКГ-К12 экскаваторын угсралтын бригадын хоёр ахлагчийн нэг нь Засварын хэсгийн уулын тоног төхөөрөмжийн механик Т.Батжаргал. Түүнээс ажлын явцын талаар тодруулахад “Бид өнгөрсөн хавар яг ийм экскаватор угсраад гаргасан болохоор энэ удаа ажил илүү урагштай байна. Нийт ажлаа нарийн төлөвлөн, өдөр өдөртөө хуваарилаад, одоо доод хэсгийн эд ангиудаа угсраад явж байна. Миний хариуцаж буй бригад гагнуурчин, слесарь, экскаваторын машинист, туслах гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй өдрийн ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хангаж байгаа. Ихэнх нь олон жил ажилласан туршлагатай засварчид тул хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй” гэж ярилаа.
 

   Цахилгаан системийн нарийн горимоор ажиллах ЭКГ-К12 экскаваторт цахилгааны угсралт хамгийн чухал үүрэгтэй юм. Тиймээс цахилгааны бригадынхан нягт нямбай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг Эрчим зүйч Д.Бадрах бидэнд онцолсон. Тэрээр Ил уурхайн Цахилгааны хэсгийн Эрчим зүйчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 5-6 экскаваторын цахилгаан угсралтын ажилд оролцсон туршлагатай. Одоогийн байдлаар цахилгааны бригадынхан экскаваторын дотоод хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Угсралтын доод хэсэг дууссаны дараа тэд гол цахилгаан угсралтаа эхэлнэ. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, үндсэн тавцан, хана боссоны дараа цахилгааны ажил хийгддэг гэсэн үг юм. Кабель сүлбэх, холбох гээд маш нарийн ажил байдаг тул тэдэнд анхаарал, хариуцлага юу юунаас ч чухал. Цахилгааны угсралтыг тохируулгын инженер, цахилгаанчин, слесарь гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэж байгаа юм.
 

   Аливаа ажлын гүйцэтгэлд чанар хамгийн эхэнд тавигддаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй найдвартай ажиллагаа гол үүрэгтэй. ЭКГ-К12 экскаваторын техникийн давуу үзүүлэлт, яагаад сонгох болсон шалтгааны талаар Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандахаас тодрууллаа. “ЭКГ маркийн экскаваторыг бид өөрсдөө эндээ угсарч, ажилд оруулж байсан. Тиймээс манайхан энэ талаар арвин туршлагатай. Энэ нь ч ажил урагштай байхад эерэгээр нөлөөлж байна. Ер нь К12 экскаваторыг сонгож авч байгаагийн учир гэвэл нэгдүгээрт 10 метр кубын багтаамжтай шанага бүхий экскаваторын хүчин чадал 12.5 метр кубын багтаамжтай болж ирж байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн, цахилгааны эрчим хүчний зардлыг 30 хувиар бууруулна. Нөгөө талаар, манай Ил уурхайн анхны төсөлд нийцсэн, өөрөөр хэлбэл өндрийн хэмжээ зэрэг нь уурхайн мөргөцөгт тохиромжтой. Мөн хаврын угсарч ажилд гаргасан ЭКГ-К12 экскаваторын үйлдвэрлэлд өгч буй өгөөжийг харахад, бүтээмж нь хуучин ЭКГ-К10 экскаваторуудаас харьцангуй сайн, шанаганы хутгалтын өндөр нэмэгдсэнээр аюулгүй байдлыг хангах боломж ч илүү сайжирсан. Бас машинистын кабин давхар, цахилгаан эрчим хүчтэй болсноор тохилог тухтай, ажлын байрны нөхцөл дээшилсэн гээд давуу тал их байгаа” гэж уурхайн Ерөнхий инженер сэтгэл өндөр хариулсан юм.
 
 
   Ил уурхайн засварын хэсэгт ажил “буцалж”, ажилтнуудын идэвх чармайлт оргилж байна. Тун удахгүй шинэхэн хүчит экскаватор уурхайгаа чимэн хөдлөх нээ.
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 

  Монгол Улсын Засгийн газраас цуврал “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 16-ны өдөр нийслэл хотод эхлүүлж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ иргэдэд  танилцуулж байгаа билээ. Засгийн газрын харьяаны тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн захиргааны бүх байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. 

   “Нээлтэй өдөрлөг”-ийг зохион байгуулах хуваарийн дагуу өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өдөрлөг нийслэлийн төв талбайд болж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл түгээн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хариулт өгч байна. Тус өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” зэрэг Монгол Улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан, эдийн засгийн голлох үүргийг гүйцэтгэж буй 40 гаруй компанийн төлөөллүүд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбар гэсэн 4 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа танилцууллаа. 
   Энэхүү өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон оролцож, “НЭЭЛТТЭЙ ЭРДЭНЭТ” сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн ололт амжилт, эдийн засгийн үзүүлэлтүүдээ олон нийтэд мэдээлэн, сурталчилж байна. Энэ үеэр тус үйлдвэрийн 23 хувийн агуулгатай зэсийн баяжмал, 48 хувийн молибдены баяжмал, Засвар механикийн заводад үйлдвэрлэж буй зэсэн бүтээгдэхүүний дээжээс иргэдэд танилцуулав. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн талаар цогц мэдээлэл хийж, тус үйлдвэрийн дэргэдэх Соёл урлагийн цогцолборын Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөөмийч МУСТА М.Саруултөгс, уртын дуучин МУСТА Д.Дагиймаа нар хурсан олонд ая дуугаа өргөн мэндчилэв.
   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2019 оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2019 оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. 
 
Э.Мөнх-Уянга
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 604 метрийн урттай, 24 метрийн өндөртэй эргэлтийн усны холбох суваг барьж, ашиглалтад оруулж буй нь үйлдвэрийн түүхэнд хийж байгаагүй том хэмжээний суваг боллоо гэж мэргэжилтнүүд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хаягдлын санд М4 далан, холбох сувгийн хамт  барьж байгуулах ажил өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Тэгвэл Баяжуулах үйлдвэр болон Авто тээврийн цех, Ил уурхай зэрэг таван цех нэгжийн 40 орчим уурхайчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг 140 хоногт багтаан уг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэн, хүлээлгэж өгөв. 
 


 
   Өнөөдөр хаягдлын аж ахуйд болсон холбох сувгийг хүлээн авах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар болон уг ажлын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалтын Зөвлөх инженер, Техникийн хэлтсийн уул, уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат, сэтгэл зүтгэл гаргаж ажилласан нийт уурхайчид, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, хүндрэл бэрхшээл, ачааллын ард нэг зорилго, шийдэлтэйгээр гарч чадсаныг энэ үеэр тодотгов.   
 
 
 
 
 
   М4 даланг холбох сувгийн хамт барьж байгуулах ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажилласан. Тэрээр  “Биднээс шалтгаалах, эс шалтгаалах янз бүрийн хүндрэлүүд гарч байсан ч тухай бүрт холбогдох цех нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран шийдэж байв. Хамгийн гол онцлох зүйл гэвэл энэ хугацаанд ямар нэг осол аваар гараагүй. Олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар урьд өмнө манай үйлдвэрт баригдаж байгаагүй том хэмжээний холбох сувгийг бид уул сэтлэн байгуулж, ашиглалтад бэлэн болгосондоо баяртай байна. Энэ ажил, өндөр мэдлэг, туршлагатай ахмад ажилтнууд, ажлын төлөө сэтгэлтэй, эрч хүчтэй залуусын хүчээр хугацаандаа дууслаа” гэж ажлын үйл явцын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.  
 
 
   Холбох суваг хүлээн авах үеэр уг ажлын хэсгийн маркшейдр инженерээр ажилласан Т.Самданшийравыг МЗХ-ны “Уурхайчин залуу” алтан медалиар шагнасныг Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх гардуулж өглөө. 
 
   Шинээр ашиглалтад оруулж буй холбох сувгийн үйлдвэрлэлд өгөх ач холбогдлын талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулахад: “Эрдэнэт үйлдвэр энэ орд газрыг ашиглах, баяжуулах технологийн үйл явцдаа  Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан 20 сая орчим метр куб усыг эргүүлж ашигладаг. Ер нь  үйлдвэрлэлд нэг жилд нийт 80-аад сая шоо метр куб усыг ашиглаж байна. Хаягдлын санд хуримтлагдаад буй 20 сая орчим метр куб усыг үндсэндээ 4-5 удаа хэрэглэдэг. Тиймээс хэрэв энэ ус байхгүй бол үйлдвэрлэл үргэлжлэх боломжгүй. Энэ усны хуримтлалыг Баяжуулах үйлдвэрийн хаягдлын булинга бий болгодог. Тэгэхээр хаягдал ус цэвэршээд, урсаж худагт хүрэх, эргэж очих зам маш хүндрэлтэй үйл явц бөгөөд нарийн инженерчлэлийн тооцоолол дээр хийгддэг.
 
 
   Шинэ байгуулсан холбох сувгийн ам нь 1300 метрийн түвшинд, доош урсах түвшин нь 1997 метр байгаа. Өөрөөр хэлбэл, 3 метрийн уналттай ийм холбох сувгийг бид үйлдвэрийнхээ 41 жилийн түүхэнд анх удаа барьж, дуусгалаа. Хаягдлын даланг бид өөрсдөө барьж ирсэн. Харин холбох сувгийн тооцоог бүтэн 2 жилийн турш эрдэмтэд, инженер техникийн нарийн мэргэжлийн ажилтнуудтай хамтран тооцож гаргасан юм. Тиймээс 4М далангийн  бүтээн байгуулалтад нэг шинэ, чухал ажил хийгдсэн нь энэхүү эргэлтийн усны холбох суваг болж байна. Энэ холбох суваг нь үйлдвэрт ашиглагдсан булингын хаялагын худагт очих замыг богиносгож, усны урсацын эргэлтийн усанд очих хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Ингэснээр үйлдвэрт ашиглаж буй усны эргэлт сайжирч, ялангуяа өвлийн улиралд эргэлтийн усны усан хангамж сайжрах юм. Мөн далангийн цаана хуримтлагдсан усыг бид ашиглах ёстой. Тэнд 2 сая орчим метр куб ус бий. Үүнийг эргэлтийн усан санд татаж авах нөхцөл боломжийг энэхүү холбох шугам бүрдүүлж байна. Үйлдвэрийн жигд үйл ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж,холбох сувгийн ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгч,  хаалтын далан буюу 4М даланг барьж угсарсан ажлын баг бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч бүх ажилчдадаа үйлдвэрийн удирдлагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэсэн юм. 
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг нь Их шүтээн цогцолбор буюу Бурхан багшийн сэрэг дүр билээ. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, Цутгуурын цехийн хамт олны хүч хөдөлмөрөөр сүсэгтэн олны шүтээний дээд болсон сэрэг дүрийн өнөөгийн үйл ажиллагааг хүргэхээр цогцолборыг зорьлоо. 22 метрийн өндөртэй, үсний ширхэг бүр нь 6 кг жин дарах энэхүү сэрэг дүрийг бүтээхэд 867 хэсэг эд ангиас бүрдсэн 87 тонн цэвэр гууль ашиглажээ. Энэ сэдвээр Орхон аймгийн аялал жуулчлал, амралтын “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ-ын захирал, гэвш лам Б.Мөнхтогоотой ярилцлаа.
 

   - Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэт хотын хойморт цогцлоон бүтээгээд долоон жил боллоо. Өнгөрсөн хугацаанд сүсэгтэн олны сүсэг бишрэлийг сэргээх чиглэлээр ямар ажлууд хийв?
   - 2006 онд Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэт хотдоо бүтээе гэсэн санаачилга гарч, үе үеийн Засаг дарга нар Ашиглалтын өмнөх захиргаа нэрээр үйл ажиллагааг нь авч явсан байдаг. 2012 онд сэрэг дүрийг бүтээсний дараа равнай өргөж, Их шүтээн цогцолбор нэртэй болсон. Миний бие 2016 оны 7 дугаар сард цогцолборын үйл ажиллагааг хариуцсан захирлын ажлыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл ажиллалаа. Ажлаа хүлээн авах үед зарим нэг газраас ус орж, үйл ажиллагаа нь жигдэрсэн гэхэд хэцүүхэн байдалтай байсан. Энэ бүхнийг цэгцэлж, сэрэг дүрийн уншлагын заалыг “Жалданжанчивлин” хийдтэй хамтран байнгын үйл ажиллагаатай болголоо. Түрээсийн журмаар байгаа хэдий ч 10-аад лам ажлын байртай болсон. Нөгөө талаас сүсэгтэн олонд зориулан “Хийморийн сан”, “Аян замын ерөөл” тавьж, уншлага зэрэг нь иргэдийн хүлээсэн үйлчилгээний нэг боллоо.
   Өнөөдрийн байдлаар захирал, менежер, бичиг хэрэг, нярав гэсэн үндсэн дөрвөн хүний орон тоотой ажиллаж, “Эрдэнэс сан”-гаас цалинжиж байна. Орхон аймгийн ИТХ-аас ТУЗ-ийг баталсны дагуу хийх ажлаа жилээр төлөвлөдөг. 2016 оны орон нутгийн төсөвт хэд хэдэн ажил суулгаж, “Эрд Уул” ХХК ус чийгнээс тусгаарлах ажлыг Герман технологиор хийж гүйцэтгэсэн. Хотын захирагчийн алба өнгөрсөн онд халаалтын асуудлыг шийдвэрлэхдээ цахилгаанаар, маш бага зардлаар дулаан байх нөхцөлөөр хангалаа. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкинд хадгалж байсан 340 гаруй мянган ширхэг хуудсан алтаар Бурхан багшийн их биеийг нь алтдах ажлыг “Мэдрэхүйн мэлмий” ХХК, бадны хэсгийг “Их материал” ХХК хийж дуусгасан.
   Бурхан багшийн сэрэг дүрийн дотор залсан зургаан бурхныг сүсэгтэн олны хандиваар цогцлоож, “Анфиса” ХХК хамтран оролцсоныг онцлон хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Дэлгэрбаяр бидний ажлыг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Ирж байгаа хүмүүс ч бурхан шашны орон гэдгээр нь илүүтэй хүлээн авч байна.

   - Бурхан багшийн сэрэг дүрийн эргэн тойрныг сэргээн засварлаж, явган зам тавьж байх шиг байна. Энэ талаар тодруулбал?
   - 2019 оны орон нутгийн төсөвт 200 430 000 төгрөгийг гадна тохижилтдоо зарцуулахаар тусгасан. Энэ хүрээнд 893 шоо метр талбайг хавтангаар бүрэх ажил хийгдэж байна. Энэ ажил маань дуусахад нийт талбайнхаа 50 хувийг засварлаж дуусах юм. Бид хяналт тавьж, “Сайн цонх” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна. 10 дугаар сарын 15 гэхэд талбайн тохижилтын ажил дуусна. Мөн энэ намартаа багтаан боржин чулуун хийц бүхий хоёр суварга барихаар шийдвэрлэсэн.

   - Ирэх онд ямар ажлууд төлөвлөж байна вэ?
   - Бидний зүгээс 0.7 км автозам тавих санал оруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Сэрэг дүрийн арын хэсэг дэх шороог ногоон байгууламжтай болгох талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхтэй ярилцаж байна. Тодорхой шийдэл гарах байх. Түүнчлэн ирэх жилээс Бурхан багшийн билэгдлийн найман суваргыг гүйцээх бодолтой байна. Зургаан суварга бүтээх ажилд сүсэгтэн олноо уриалан, хандиваар бүтээх талаас нь судалж байна. Анх сэрэг дүрийг бүтээх ажилд сүсэгтэн олноос 40 гаруй сая төгрөгийн хандив авсан байдаг. Нэгэнт сайжруулж, хөгжүүлж байгаа ажилдаа Эрдэнэтчүүдээ татан оруулцбал зүгээр юм болов уу.
 

   - Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг бүтээх явц удаашралтай байгаад иргэд сэтгэл дундуур явдаг. Менежмент талаас нь илүү оновчтой шийдэл хэрэгтэй юм болов уу?
   - Япон, Солонгос, Бирм, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд шашин номын холбогдолтой бүтээл урласан байдаг. Тэр бүгдийг хараад нэг бодол төрсөн. Маш богино хугацаанд тодорхой хөрөнгө гарган бүтээсэн зүйл үр өгөөжтэй, үнэ цэнэтэй байдаг юм байна. Харин бүтээн байгуулах хугацаа удах тусам олны анхааралд өртөж, хэл ам дагуулдаг юм болов уу. Би ажилдаа “Эхэлснээ богино хугацаанд дуусгах” гэсэн зарчмыг баримтална.
   Бусад аймагтай харьцуулахад жуулчдыг татах содон зүйл Эрдэнэт хотод маань ховор байна. Сэрэг дүрийнхээ үйл ажиллагааг тэр чиглэлд хөгжүүлж болохоор харагддаг. Бид бүтээн байгуулалтаа богино хугацаанд дуусгаж чадвал жуулчдыг татах нэг цогц зүйлтэй болно. Зөвхөн зогсоолоосоо татвар авдаг байхад болохгүй гэх газар алга. Аймгийн удирдлагуудтай энэ талаар ярилцаж байна. Гадаад харилцаагаа хэрхэн сайжруулах талаар санаа оноогоо тусган, судалж байна. 12 дугаар сард би өөрийн биеэр Энэтхэгт очино. Тэр үеэр Далай багшийн сонорт дуулгах бодол бий. Үндсэндээ багш нарын зарлиг, тааллаар энэ ажил маань дуусвал номын дагуу бүтэж байна гэсэн үг юм.

   - Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэтдээ бүтээсний ач тус нь юу вэ?
   - Бурхан багшийн дүр босно гэдэг нь өөрөө гайхамшиг юм. Бурханы дүр хаа оршсон газраа буян дэлгэрүүлж байдаг учиртай. Дэлхийн тэрбум гаруй хүн бурханы шашинтай гэж үзэхэд тэдгээр хүмүүс бурханы дүр бүтсэн газарт очъё гэж тэмүүлэх чиг хандлагатай. Далай багш 2006, 2009 онуудад “Дүйнхорын ван” номыг Энэтхэгт хоёронтоо айлдсан байдаг. Ном айлдсаны дараа хүмүүсийн тоон судалгаа гаргахад 600 гаруй мянган сүсэгтэн олон дэлхийн өнцөг булан бүрээс очсон байдаг. Энэтхэг улс Далай багшийг дээрх номоо дахин тавьж өгөөч гэсэн хүсэлт тавьсаар байгаа. Тэр хэрээр аялал жуулчлал нь хөгжиж байна. Өнгөт металлаар, гадаа бүтээгдсэн бурхан багшийн дүр тун ховор. Хонгконг, Японд хүрлээр, Тайланд, Бирмд өнгөт металлаар цутгаж алтадсан дүр нь бий. Монголд бүтээгдсэн Жансрайсаг бурханы тухайд хөөмөл, алтадсан дүртэй. Эрдэнэтийнх цутгуурын аргаар хийгдэж, алтадсан гэдгээрээ Төв Азид үнэ цэнэтэй бүтээлийн тоонд зүй ёсоор орох юм.
   Номын эрэмбээрээ Далай багшийн дараа суух эрх бүхий багш маань саяхан Эрдэнэт хотод ирээд бурхан багшийн сэрэг дүрийг “Сайхан бүтээгджээ. Энэ ажлыг улам сайхан баяжуулж авч явбал Эрдэнэтийн ард түмэнд их буянтай юм даа” гэж айлдсан. Дэлхийн хүн төрөлхтөн бурханд мөргөх гэж алсыг зорин очиж байхад Эрдэнэтийн ард түмэн өдөр бүр Бурхан багшийг харж, буян хурааж байна. Бид их буянтай юм гэж боддог. Энэ том бүтээлийн анхны хөрөнгө оруулагч нь Эрдэнэт үйлдвэр байсан. “Цаашид сайн авч яваарай” гээд аймагт хүлээлгэн өгсөн. Сайн авч явах үүрэг хариуцлага нь энэ цаг үед бидэнд иржээ.
 
 
   - Бурхан багшийн сэрэг дүрийн дотор ус орсны улмаас сүншиг равнайг хураан авсан гэх яриа гарч байсан. Энэ талаар тодруулна уу?
   - Равнайг хураасан, амьгүй гэсэн яриа гарсан. Ном судрыг нь уснаас хамгаалж хураан авсан ч амьгүй болсон зүйл огт байхгүй. Бурханыг бүтээхэд амь мод буюу сорогшин мод гэж бэлтгэдэг. Энэ дагуу Бүрэнханы нуруунаас авчирсан 13 метрийн өндөртэй хуш модон дээр номын үсгийг бичиж, оройд нь амины үрийг суулгасан байдаг. Бурхан багшийг таалал барих үед биеийг нь чандарлахад эрдэнийн үрэл гарсан гэдэг. Арвидахын нягууртай Бурхан багшийн рэнсэрэлийг Пүрэвбат лам Гандан хийдээс, нөгөөг нь Гандантэгчинлэн хийдийн хамба ламаас би өөрийн биеэр залж авчирсан. Түүнийгээ сорогшин модны оройд байрлуулсан. Бурхан багшийн чандар оршиж байгаа учраас амьгүй гэдэг яриа нь үндэсгүй юм. Амь орсон бурханд мөргөж, аврал эрэхийн утга нь энэ юм.

   - Иргэд, олон нийт сүсэг бишрэлийн зан үйлийг хэрхэн хийвэл зохилтой вэ?
   - Бурхан багшийн зүрхэн тарнийг уншихдаа Бурхан багшийн дүрийг сэтгэл, оюундаа бодож чаддаг байх хэрэгтэй. Өөр нэг жишээ хэлье. Ногоон дарь эхийн зүрхэн тарни болох “Ум дарэ дүдарэ, дүүрээ суухай”-г уншиж нүдэндээ дасгах, түүний дараа ногоон дарь эх хэрхэн сууж байгаа дүр байдлыг сэтгэл, оюундаа дүрсэлж уншвал төгс шүтсэний илрэл болох юм. Ингэж шүтэж чадвал аврал хол бус хажууд тань байдаг юм шүү. Бурхан багш “Та өөрөө бурхан” гэж хэлсэн байдаг. Өөрийгөө хөгжүүлж чадахгүй, нисванисийн хорт гурван сэтгэлээс гарч чадахгүй явсаар хүмүүс бид энэ насаа эцэслэж байна. Өөрийн шүтээнийг аврал болгох эсэх нь таны гарт байгаа учраас хаа байгаа газартаа, сэтгэл оюундаа шүтэн дээдлэж яваарай.

   - Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Буяныг хураах үйл тань ашид дэлгэрэх болтугай.
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголдоо анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор өнгөрсөн хавар угсарч Ил уурхайд ашиглалтад оруулсан. Одоо хоёр дахь ЭКГ-12К экскаваторын угсралтын ажил эхлээд 25 хувийн гүйцэтгэлтэй явна. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3  шанаганы багтаамжтай, хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар бүхий уг экскаваторыг 35 хоногийн хугацаанд угсрах шахуу төлөвлөгөө, онцгой даалгаварт ажил өчигдөр эхэллээ. Өмнө нь ЭКГ-12К маркийн экскаваторын анхны угсралтад гадаад хоёр мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бие даан гүйцэтгэж байна. Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн Төвлөрсөн засварын хэсгийн хамт олон хоёр бригадаар амралтын өдрүүдэд ч ажиллаж, техникээ хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр шамдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурайн 12 дахь экскаватор удахгүй ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ.
 
М.ОДГЭРЭЛ

 
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог