Үйлдвэрлэл
   Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Монголын цагаан сар, Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.
   Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагддаг аж.
 
М.Балжинням
 
   Эрдэнэт бол илгээлтийн эздийн хүч хөдөлмөрөөр боссон хот. Тэр ч утгаараа зүг зүгээс илгээлт өвөртөлсөн идэр залуус эх орны манлай бүтээн байгуулалтанд гар бие оролцож, түүхийг бичилцсэн юм. Эдүгээ гавьяаны амралтаа эдлэн, төрөлх хотдоо амьдарч буй анхдагч 209 ахмад  "Залуу насаа эргэн дурсахуй"  холбоог байгуулж, хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 1975-1978 онд илгээлтээр ирж, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад сэтгэл зүтгэлээ зориулж байв. 
   "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооноос жил бүрийн 10 сарын 1-нд тохиодог Олон улсын Ахмадын өдрийг угтан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Хурлыг нээж "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны тэргүүн Уул уурхайн тэргүүний ажилтан, “Осолгүй манлай”, “Онц тээвэрчин” Л.Самбуу үг хэлж, нийт ахмадууддаа баяр хүргэлээ. Мөн Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, МУСТА А.Дэлгэрмагнай, хөөмийч МУСТА М.Саруултөгс нар ая дуугаа өргөж, хуран цугласан ахмадууддаа уран бүтээлийн дээжээ толилууллаа. 
   Баярын энэ өдөр анхдагч буурлуудаас нийтийн аж ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахмад настан Ё.Оюунмаа, А.Булбул, Д.Баярсайхан нарыг шагнасан бол Барилга хот байгуулалтын  яамны “Барилгын  Тэргүүний ажилтан” цол тэмдгээр  Ц.Цэнжав, Ч.Сайлаухан, “Осолгүй манлай” жолоочоор Г.Онхор, Ж.Өлзийсүрэн, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдгээр З.Санжпэрэнлэй, С.Эрээнхайр, П.Жигжидсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний  ажилтан” цол тэмдгээр Б.Чимэгээ, Т.Юра, Б.Дашбямба, Ц.Хандсүрэн, “Тэргүүний уурхайчин”-аар Б.Олзвой, Н.Наранцэцэг, С.Янжмаа, Ч.Оюунбилэг нарыг  тус тус шагналаа. Түүнчлэн "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны гишүүн 24 ахмадад хүндэтгэл үзүүлж, идээний дээд сүү, мөнгөн урамшуулал гардуулав. 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
      Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горимд шилжүүлэх боллоо. Уг шийдвэрийг Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон цехийн ажилтнуудын хүсэлт, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн судалгааны дүн зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ сарын 26-ны өдрийн А/837 тоот тушаалаар гаргасан байна. 
   Дээрх шийдвэр 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд 12 цагийн ээлжээр ажиллах юм. Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөдөлмөр зохион байгуулалтын үр дүнг нэгтгэн удирдлагуудад танилцуулан, цаашид үргэлжлэх эсэхийг ярилцах ажээ. Тус цехийн ажилтнуудын ажиллах ээлжийн горимд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилтнуудыг тээвэрлэх автобус болон халуун хоол зөөвөрлөх хуваарийг шинэчлэн гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
 
М.Балжинням
 
 
 
   Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан Цогзолын Гантулга мастер ээлжийн хамт олноо удирдан манлайлч, үйлдвэрлэлийн технологийн горим, үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг сайжруулан ажилласнаар өнгөрсөн онд 223 тонн ган бөөрөнцөг хэмнэжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл Эрдэнэт үйлдвэрт  600 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Хариуд нь тэр Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх алдар хүртсэн юм. Ц.Гантулга “Амжилт ганц хүнийх байдаггүй, журмын нөхдийн гар сэтгэл нийлсэн хөдөлмөрийн шим, удирдлагуудын зөв бодлого, зохион байгуулалтын үр, гэрийн бүлийн түшиг тулгуурын хүчинд оршдог” гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
 

   - Та ажлаасаа буугаад сургалтанд шууд суучихсан хэрэг үү?
   - Тэглээ. Өөрөө нунтаглах хэсэгт шинэ бутлуур суурилуулж байгаа юм. Манай ээлжин дээр бутлуурын туршилт явагдсан. Дараа нь нийт бутлуурчид, бригадын дарга нар, ээлжийн мастеруудыг хамруулсан сургалтыг бутлуур суурилуулж байгаа гадны мэргэжилтнүүд, хэсгийн орлогч дарга удирдан зохион байгууллаа. Шинэ бутлуурыг яаж залгах, эвдрэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар ажлын байран дээр заасан.

   - Он гарсаар танай хэсэгт техникийн шинэчлэлийн хүрээнд өөр ямар ажил хийгдэж байна?
   - Хамгийн том нь энэ бутлуурын ажил. Мөн гидроциклонуудыг урсгал засвараар шинэчлэх ажил хийгдэж байгаа.

   - Таны ээлжийн ажил юунаас эхэлдэг вэ?
  - Манай хэсэг инженер техникийн ажилтнуудаа оруулаад 130 ажилтантай. Манай ээлжинд 20-иод хүн ажилладаг. Хамгийн түрүүнд урд өдрийн ажлын байдлыг тэдэндээ танилцуулж, алдаа оноог нь дүгнэн хэлэлцэж, технологийн процесс энэ өдөр ямар байдалтай явагдаж байгааг нэг бүрчлэн мэдэгдэж, үүрэг даалгавар өгөхөөс ажил эхэлдэг дээ. Мөн ямар ажил хийгдэх гэж байгаагаас шалтгаалан аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайн хэлж, сануулна. Шаардлагатай үед ажлын байран дээр нь очиж зааж өгнө. Ер нь тэр 12 цагийн хугацаанд бүх хүнээ мэдэрч ажиллах чухал. Хэнд ямар баяр жаргал, зовлон гутрал тохиосон, өнөөдөр хэн ямар сэтгэл зүйтэй ажил үүргээ гүйцэтгэж байгааг хүртэл анзаарч, ажлаа зохион байгуулах хэрэг гарна.

   - Харин та өөртөө ямар шаардлага тавьдаг вэ?
   - Зөвхөн ажил дээр ч биш, бүхий л цаг үед өөрөө эхлээд манлайлах ёстой гэж боддог. Тиймээс цехээс зохион байгуулдаг янз бүрийн үйл ажиллагаанд хамт олноо хамруулж, залуу ажилчдыг зөвлөн чиглүүлж, өөрийн чаддаг бүхнээ өвлүүлэхийг зорьдог. Зөв байхын үлгэр дуурайллыг үзүүлэхсэн л гэж хичээдэг дээ.

   - Үйлдвэрийн хэмжээнд “Мастерын манлайлал” хөтөлбөр хэрэгжсэн. Туршлагатай мастерын хувьд үр өгөөжийг нь хэрхэн дүгнэж байна?
   - Уул уурхайн чиглэлээр өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусыг дэмжсэн, манлайлах, багаар ажиллах ур чадварт сургасан маш хэрэгтэй, сайн хөтөлбөр. Эрдэнэт үйлдвэрт олон мастер хүч хөдөлмөрөө зориулж байгаа. Тэдний дунд сургууль дөнгөж төгссөн, сурч хөгжих хүсэл санаачилгатай залуус олон бий. Тэднийг дэмжих нь чухал. Манай нэг механик энэ хөтөлбөрт хамрагдсан. Цаашид шинэ залуу мастеруудыг түлхүү хамруулж, туршлагатай мастер, механик, хэсгийн дарга, зөвлөх инженерүүдийг зөвлөхөөр оролцуулж хөтөлбөрөө үргэлжлүүлбэл илүү үр өгөөжтэй. Аль болох олон мастер хамрагдаасай гэж хүсдэг.

  - Та Эрдэнэт үйлдвэрийн ажилтны хувьд ямар бахархал тээж явдаг вэ?
  - Би 1989 онд Дарханы Политехникумыг баяжуулалтын техникч мэргэжлээр төгсөөд ангиасаа 15-уулаа Эрдэнэтэд томилолтоор ирж байлаа. Өөрийн хэсэгтээ анх ашиглалтад орохоос нь эхэлж ажилласандаа бахархаж явдаг. Тухайн үед орос мастер, тээрмийн машинчтай хамтран ажилладаг байлаа. Ажилдаа эзэн байх чин сэтгэл, зүтгэл, хариуцлага, хандлага, хэлний мэдлэг гээд орос “ах” нараас асар ихийг сурсан. Хүдрийг өөрөөр нь нунтаглаж жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлж нээгдэхэд ажиллаж байлаа. Дараа нь 1995 онд өргөтгөл шинэчлэл хийж цагт авах хүдрийн хэмжээг нэмсэн.  Нэг тээрэм цагт 250 орчим тонн хүдэр боловсруулдаг байсан бол хагас өөрөө нунтаглалтын горимд шилжсэнээр хүчин чадал эрс нэмэгдсэн. Тэр үед хууччуултайгаа ажиллаж л байлаа. 2015 онд дахин өргөтгөж III секцийг ашиглалтад оруулахад залуусаа удирдаад бас л ажиллаж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибденын баяжмалын чанар дээшлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Хоёр залгалт дээр ажилласан хувь заяандаа бахараж явдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрт, тэр дундаа голт зүрхэн цех Баяжуулах үйлдвэрт ажилладаг маань нэр төрийн баталгаа юм даа.

  - Та бүтээмж чанарын “Урагшаа” дугуйлангийн ахлагч. Сүүлд үйлдвэрт үр өгөөжөө өгсөн томоохон ямар төсөл хэрэгжүүлэв?
  - Дугуйлангийн үйл ажиллагааг залуус маань үргэлжлүүлж байгаа. Манайх    хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, өртөг зардал хэмнэсэн олон төсөл хэрэгжүүлж байсан. Санаанд ил байгаа нь хоёр конвейрын засварын үед энгийн хаалт тавьдаг байсныг хаалт автоматаар гарч ирдэг болгож байлаа. Мөн регентийн илүү зарцуулалтыг багасгаж эдийн засгийн үр ашиг авчрах том төсөл хэрэгжүүлж нэгдүгээр ангиллын болзлыг хэд хэдэн удаа хангаж байсан. Одоо дугуйлангийн ажлыг залуус маань улам чанаржуулаад явж байна.

   - Ажлын талбартаа гарын шавьтай юу?
  - Шавь нараас маань зарим нь өөр тийш шилжсэн байна. Одоо ажиллаж байгаа нь мастер орлодог Шижирбаатар, Чулуунбаатар гээд бий. Мастер болоход бүх талаар бэлтгэгдсэн залуус.

    - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлдэг системийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
  - Тогтсон сайн системтэй гэж боддог. Сүүлийн үед цаг үетэйгээ уялдан шинэчлэгдэж байна. Техник, технологи шинэчлэгдэхийн хэрээр хүнээс тэр хэмжээний мэдлэг боловсрол шаарддаг болсон. Үүнийг дагаад ажилтны үнэлэмж дээшилж, үйлдвэрээс олгох цалин, урамшуулал нэмэгдэж байна. Ажилтнуудын хөдөлмөрийг үнэлдэг систем нь Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц гэдэгт бүрэн итгэдэг.

   - Баярлалаа.  
 
М.ОДГЭРЭЛ

   Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулсан үйлчилгээний ажилтны ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэн, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч мэргэжлийн чадвараа үнэлүүлснээс албан тасалгааны төрөлд О.Энхзул тэргүүн байр эзэлж, Н.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар удааллаа. Харин ариун цэврийн өрөөний төрөлд Ч.Буянхишиг нэгдүгээр байр, Ч.Отгонжаргал хоёрдугаар байр, Б.Амаржаргал гуравдугаар байрт тус тус шалгарсан. Уралдааны явцыг оноогоор дүгнэхэд Ч.Буянхишиг 4.88 оноогоор I зэрэг, О.Энхзул 4.81 оноогоор III зэргийн болзол хангаж, ажил мэргэжлийн үнэлгээгээ ахиуллаа.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

   Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсээс цех нэгжийн цахилгаанчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сайн туршлагаас хуваалцах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг  зохион байгуулж байна. Энэ дагуу Баяжуулах үйлдвэрийн дөрвөн  багийн 28 цахилгаанчин хоёр өдрийн турш  ур чадвараараа өрсөлдөн, уралдав. Баг  тус бүр 7 гишүүнээс  бүрдэж, тус тусдаа нэг чиглүүлэгчтэй тэмцээнд оролцжээ.  Оролцогч багууд  цахилгаан эрчим хүчний талаарх бүхий л мэдээллийг багтаасан цахилгаан техникийн онол, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны сэдвээр илтгэл тавьж, цахилгааны бүдүүвч схем хийх гэрийн даалгавар авсан байна. Мөн цахилгааны хэмжилт, гэмтэл олох, цахилгаан хэрэгслийн марк тип, зориулалт, цахилгаан хэмжүүр, гүйдэл эсэргүүцэл, температур, механикийн олон төрлийн багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгээ сорьжээ.
   “Энэ удаагийн уралдаан үр дүнтэй, залуу ажилтнуудад туршлага өгч, цаашид ажил мэргэжилдээ өсөж дэвжихэд өгөөж өгөхуйц боллоо. Тухайлбал, илтгэлийн уралдаанд “Конвейрийн тэргэнцрийг автоматжуулах нь” сэдвээр мэргэжлийн нарийн бөгөөд өндөр түвшний технологийн төсөл оруулж ирснийг цехийн удирдлага болон мэргэжилтнүүд үнэлсэн. Цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжтой олон шинэ санал санаачилга илтгэлдээ дэвшүүлсэн нь энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны ач холбогдлыг нэмэгдүүллээ” гэж Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны Эрчим зүйн хяналтын инженер Ч.Батжаргал ярьлаа.
   Уралдааны тэргүүн байрыг П.Төртогтох ахлагчтай “TESLA” баг эзэлж, Г.Болд   ахлагчтай “Синхрон”, Н.Галмандах ахлагчтай “Хоёрдугаар баг “ багууд удаах байрт шалгарчээ.

М.Балжинням

   Орхон аймгийн соёл урлагийн салбарт өөрийн гэсэн тод томруун мөртэй эрхэм хатагтай бий. Урлагийн ертөнцөд хөл тавьсан залуучуудыг удирдан чиглүүлэгч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын тайзнаа “амилдаг” бүхий л уран бүтээлийн найруулгыг хийж, шинэ санаа, ур ухаанаа урлагийн төлөө харамгүй зориулж явна. Уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцаж, ирэх улиралд тавихаар бэлтгэж буй уран сайханчдын сонин сайхнаас хуваалцлаа.

   - Морин хуурын хамтлаг тоглолтын бэлтгэл гээд ойрын өдрүүдэд завгүй сууж харагдлаа. Тоглолтоо хэзээ хийхээр бэлтгэж байна вэ?
   - Олон Улсын Ахмадын баярт зориулсан “Сэтгэлийн эгшиг” тоглолтоор Эрдэнэт хотынхоо нийт ахмадыг баярлуулахаар Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид маань ажиллаж байна. Маргааш буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. “Дуу бүжгийн Эрдэнэт чуулга” морин хуурын хамтлагтай болоод таван жил болж байна. Энэ удаа морин хуурын тоглолт, монгол ардын харилцаа дуу, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн ари, Сүнжидмаа зэрэг ахмадуудын дуртай дуу хөгжим тайзнаа эгшиглэнэ.
   Өнгөрсөн жилийн Ахмадын баяраар “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тоглоход үзэгчид маань хангалттай байж чадаагүй. Энэ тоглолтонд ахмадыг урилгаар оролцуулах тул залуучууд маань аав, ээжийгээ энэ тоглолтонд заавал хамруулаарай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хэмжээнд 880, Орхон аймагт мөн тооны урилга өгсөн. Торгон дээлээ өмсөж, одон медалиа зүүж ирээд тоглолт үзээд гарах ахмадын сэтгэл ямар сайхан байх бол. Энэ нэг үдшийг ижий аавдаа бэлэглээрэй гэж залуучууддаа захъя.

   - Ирэх сарын төлөвлөгөөт ажлаасаа хуваалцахгүй юу?
   - Морин хуурын хамтлаг байгуулагдсаны ойг тохиолдуулан дан морин хуур хөгжим эгшиглэсэн, анхны бие даасан тоглолтыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна. Тоглолтонд чуулгын 32 уран бүтээлч оролцож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Бид урын сандаа 12 томоохон бүтээлтэй болсон. Хөгжим гэдэг зүйл чихээр сонсож, нүдээр үзэхээс гадна хүний сэтгэлийг ямар их сэргээж, эрч хүч, гоо сайхны мэдрэмж төрүүлдэг билээ. Үүнийг л бид олон түмэндээ хүртээмээр байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний тоглолтыг 11 дүгээр сард толилуулна. Уурхайчид урлагийнхантай хэрхэн хоршиж дуулдгийг, Эрдэнэт үйлдвэр уурхайчдыг соёл урлагаар хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдгийг бид харуулахыг зорьж байна. 10 дугаар сар гараад энэ ажилдаа шамдан орно. Шинэ жилийн баяраар уламжлалт хөтөлбөрөө шинэчилж, Эрдэнэт үйлдвэрт хүч түрэн орж ирсэн залуучуудынхаа сэтгэлд нийцсэн, уянга эгшигээр хөглөсөн сайхан тоглолтууд хийх болно.

  - Морин хуурын чуулгыг таван жилийн өмнө бүрдүүлж байсан тэр үеийг эргэн санахад тодхон буудаг дурсамжаасаа хуваалцана уу?
   - Тухайн үед хүн бүр “Тэгье тэгье, би суръя” гэж дуун дээр зөвшөөрөөгүй л дээ. Бүжигчид маань нот мэдэхгүй, эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Аль болох олон хүн хамруулахын тулд “Морин хуур авч ирэхгүй бол хаалгаар оруулахгүй шүү” гэж шахаж шаардаад л зогсдог байлаа. Тэртээх өдрүүдийн үр дүн тайзан дээр гарсныг харахад сайхан байна. Уран бүтээлчид маань өнөөдөр хөгжмөө тоглож суухдаа баярлаж, өөрөөрөө, хамт олноороо бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнийг баясгаж, баярлуулна гэдэг нь өөрийгөө хүндэтгэж, баярлуулсан цагт хүнд хүрдэг учиртай.
   Цагаан сарын шинийн нэгэнд гэртээ хөгжмөө хөглөж, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, найр хурим гээд бүхий л баярт бусдын гар харалгүйгээр язгуур хөгжмөө тоглодог болсонд бид ч баяртай байна. Одоо “Хүүхдүүд, ойр дотныхондоо морин хуураа заа” гэж зөвлөдөг болсон. Уран бүтээлчид маань морин хуурч болохоос гадна багш нар болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 2017, 2018 онд сургалт явуулсан. “Найз нөхөдтэйгээ ирж, соёлын ордны танхимд хөгжим сураач ээ” гээд үйлдвэрийн цехүүдээр тойроод явсан үе ч бидэнд бий. Харамсалтай нь цөөхөн хүн сурсан. Тэр үед олон хүн хамрагдсан бол сайхан л байлаа. Эцэст нь бид хүрч чадаагүй юу, тэд зорьж ирсэнгүй юу гэдэг асуулттай үлдсэн. Энэ асуултандаа хариу олохын төлөө бид хичээх болно. Ямартаа ч уран сайханчдын тоглолтыг үзээд үйлдвэрийн ажилтан ажиллагсад маань хөгжим суръя гэж өөрийн эрхгүй бодох байх.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар 40 оныг үдлээ. Үйлдвэрийн боловсон хүчин залуужиж байгаа өнөө цагт залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
   - Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуучууд боллоо. Бие биенээсээ суралцах хэрэгцээ бий болж байна. Соён гэгээрүүлэх ажилд өөрсдөө идэвх санаачилгаараа оролцдог байвал өөрт нь л хэрэгтэй. Эхний ээлжинд залуучууддаа зориулсан бүжгийн сургалт явуулна. Сургалтыг үе шаттай хийхээр төлөвлөн, хуучнаар заавал сурах ёстой 10 бүжиг гэж байсныг заавал сурах гурван бүжиг гэж хөтөлбөртөө оруулж өгсөн. Тухайлбал эхний гурван бүжгээ сурсан хүмүүст заавал сурах зургаа, есөн бүжиг гэх мэтээр ахисан түвшинд заана. Ингэхдээ “Заавал” гэдэг үгийг оруулж байж тухайн хүнийг урлагтай ойртуулна гэж шийдсэн. Хүмүүс хэзээ хойно баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг болохоор энэ ажилд олныг татан оролцуулж, зоригтой хийх нь чухал байна. Үйлдвэрийн ажилчдын 80 хувийг бүжгийн сургалтанд хамруулахыг хичээнэ. Гурван бүжиг сурсан хүн урамшиж, зургаан бүжиг сурна гээд явах л байх.
   Бүжиг дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгааг та бид харж байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн бус эрүүл, урт наслах зэвсэг болчихлоо. Гоё сайхан, гуалиг болъё гэж хүссэн хүн бүрт үнэ төлбөргүй сургалт явуулна. Хүссэн бүхэнд ийм боломж гарахгүй шүү дээ. Уурхайчдаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй 100 гаруй хүн Соёл, урлагийн цогцолборт ажиллаж байгааг бүү мартаарай. Ирэх жил танго, ча-ча-ча бүжгийг төлбөртэй явуулах маягаар ахисан түвшний сургалтаа явуулаад эхэлнэ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ базааж, ирэх сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн бүс дэх барилга байгууламжид дулаан өгч эхэлнэ.
   Тус Дулааны цахилгаан станц энэ намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэл бүхий 34 ажил төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөт ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй хангагдсаныг Ерөнхий инженер Д.Дарханбаяр хэллээ.  Дулааны цахилгаан станцын хувьд өвлийн хүйтнийг ажралгүй давах хамгийн гол бэлтгэл нь нүүрс, мазутын нөөцлөлт байдаг. Тиймээс ДЦС-хан нүүрс татан авалтыг хуваарийн дагуу ханган ажилласны үр дүнд Шарын голын уурхайгаас 50000 тонн нүүрс нөөцлөөд байна. Шарын голын нүүрсний чанар сайн, хангалт ч боломжийн түвшинд байгаа аж.
   ДЦС-ын өвлийн бэлтгэлийн нэг чухал хэсэг нь зуухны их засварын ажил юм. Одоо тус станцад гуравдугаар зуухны засвар үргэлжилж байна. Ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 21-нд туршилтын 72 цагийн галлагаа хийж, ажлыг бүрэн дуусгахаар зорилт тавин ажиллаж байна.