Үйлдвэрлэл
Мягмар, 06 8-р сар 2019 00:00

Төмрийн оёдолчин

   Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон тэр л цагаас өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдэрсэн гэж ярих энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцаж суухад энэ үгний учгийг тайлсан юм.
   Сүрэнжавын Түмэннаст арван хүүхэдтэй айлын найм дахь нь болж хорвоод хүн байхын утга учрыг бусдад түгээх нандин, эрхэм чанарыг өвлөсөн, үйлдвэрийн эгэл жирийн ажилчин. Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр буюу Эрээн  хороонд төрж эршүүд зантай ч эрх танхил айлын охин жүжигчин болохыг ихээр мөрөөдөж эгэлгүй амьдралыг хөглөжээ. 1988 онд арван жилийн сургуулиа төгсөж,  эршүүд зандаа дийлдэн геологич болохоор шийдэн Түлш эрчим хүч геологийн Техник мэргэжлийн сургуульд орж, гагнуурчин мэргэжлээр гурван жил сурчээ. Багануурын нэгдсэн уурхайн засварт жил гаран ажиллаад 1993 онд сургуулийн андаа даган Эрдэнэт гэдэг их айлд зочилжээ. 2005 онд Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар гагнуурчин болох хориод залуусаас хоёрт орсон тэр цагаас өнөөг хүртэл Зууны манлай үйлдвэрийн ажилчидтай мөр зэрэгцэн ажилласаар байна. Хортой, шартай дээр нь мэргэжилдээ дуртай болохоор амжилт ар араасаа хөвөрсөөр.
   Мэргэжилдээ дурлаж, хайртай байх нь  амьдралыг хөдөлгөгч гол хүч гэдгийг ухааран, мэргэжилдээ тун чиг хайртай бүсгүй. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Засвар угсралтын хэсэгт гагнуурчнаар есөн жил ажиллаж, элэгдэж цоорсныг нөхөх биш, төмрийн нарийн оёдолд суралцахаар Металл хийцийн хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллажээ. Хөнгөн ажлаас илүү чаддаг зүйлээ хийх сайхан. Нарийн ур ухаан шаардсан, хийц ая данг нь тааруулах гээд л төмрийн үйлчин бүсгүйд хийх зүйл их байлаа.  Гагнасан бүтээлээ цэвэрлэж, ур ухаанаа уралдуулан, гагнаас бүр нь уран хийцтэй байх нь чухал учир, тог цахилгаанаа тааруулах, суудлаа тохируулах, амьсгаагаа хуваарилахаас эхлээд дэг жаяг бүр нь үнэ цэнэтэй ажил. 
   Зогсолтгүй эргэлдэх тээрмийн хүрдийн хүчийг сааруулах эрх үйлдвэрийн ажилчдад байхгүй. Засварын үед тоног төхөөрөмжийг гагнахдаа гаргууд байх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлнө. Сард том, жижиг нийлсэн 20- иод бүтээл гаргадаг гэхээр сүүлийн хоёр жилийн байдлаар 500-аад бүтээл төмрөөр урлажээ. Бутлуурын араа, шүд элэгдэл ихтэй байдаг тул, олон ч удаа гагнуур хийнэ. Бутлуурын араа шүдний дийлэнх нь буюу 90 хувь нь дороо л элэгдэн төмрийн үйлчин бүсгүйн гар дээр ирнэ. Бодлоо... Яавал бутлуурын араа шүдийг илүү удаан ажиллуулах вэ гэж... Үүний эцэст хардогс, элдогс материалыг туршиж үзэн гагнаас хийхээр шийдэж тухайн араандаа тэмдэг тавин явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмдэгтэй бутлуурын араа түүний гар дээр ирсэнгүй.  Бутлуурын шүдний элэгдлийг багасгах, насжилтыг нь уртасгасан томоохон бүтээл болсон нь энэ. Энэ шийдлээс бутлуурын араа шүдний элэгдэл бүрэн буурсан гэж хэлж болно. Энэ бүтээлээрээ уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ. Санхүүгийн хэмнэлт ихээр гарсан нь мэдээж.
   Загвар зохион бүтээгч байхгүйгээр оёдол гарах-гүйтэй адил гагнуурчид үгүй бол тоног төхөөрөмж үгүй юм. Олон жилийн нөр их туршлага, хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр төмрөөр даашинз урлах дайны болжээ. Мэргэжилдээ мэргэшнэ гэдэг энэ л юм. Хүнийг хамт олон найз нөхөд нь төлөвшүүлэн хүмүүжүүлдэг болохоор нөхөрлөлөө дээдлэн хамгаас илүүд хүндэлнэ. Токарьчин, кранчин, оператор, гагнуурчин мэргэжилтэй эгч, дүү нийлсэн зургаан бүсгүйн нөхөрлөл олон жил үргэлжилжээ. Одоо ч хэвээр. Дутууг нь дүүргэж, алдаа оноог нь дэнслэн, ааш зангаа авсан бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс сурсан зүйл их гэдгийг төмрийн үйлчин бүсгүй мартахгүй. Энэ нөхөрлөлийг Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон үеэс л эхэлсэн болохоор өнөөх эршүүд зантай бүсгүйн “эмэгтэй” болсон түүх эхэлжээ. Ажилсаг, шартай, эршүүд зантай эгэл бүсгүй тэрээр ээж М.Цэвэгжав, аав Л.Сүрэнжаваас өвлөж авсан олон эрдмийн нэг нь төмрөөр сийлбэрлэн  “наадах” эрдэм гэдгийг баталжээ. Ээжийнхээ, хоёргүй сэтгэлээр нэг л зангаар ажиллаарай гэх эрхэм сургаалийг үйл хөдлөл бүрдээ мөрдлөг болгон гарын ураар хатуу төмрийг уяраасаар л байна. Их ажлын хажуугаар өрх гэрээ өөд нь татна, гал голомтоо дээдэлнэ. Нөхөр хүү хоёртойгоо амьдралыг цэцэглүүлэн өөрийн гараар урласан зуухаар өргөө гэрээ батжуулан галаа өрдөж сууна. Ганц хүүгээ өрх тусгаарлахад нь гал голомтоосоо таслан өөрийн урласан зуухаа өгнө өө, гээд ярьж суух энгүүхэн агаад эрхэмсэг “төмрийн оёдолчин” бүсгүйдээ ажил үйлийн дөл өөдөө байхыг хүсье.

А.Бямбамаа

   Соёл урлагийн цогцолборын дууны инженер Түмэнжаргалын Цолмонтой уулзаж ярилцахаар утас цохиход, ажил тараад гэж тохирсон ч удалгүй: Уучлаарай 18 цагаас хандивын тоглолт дээр ажиллах боллоо гэв. Цаг наргүй ажиллах түүнтэй  маргааш нь үдийн цайны завcарлагаар хөөрөлдөв.

  - Хоёулаа ярилцлагаа таны бага насны амьдралаас эхлэх үү? Ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв?
  - Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж минь Эрдэнэт үйлдвэрийн дугуйн замыг тавилцахаар томилолт өвөрлөн 1994 онд ирж, энэ үйлдвэрийн ажилтан болсон. Тэр намар би 5-р сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 4-р ангид орсон. Техникт сонирхолтой, тоглоомоо задалж, цаана нь байгаа зүйлийн учрыг олох гэж оролддог, хичээлээ байнга  давтдаг хичээнгүй хүү байсан гэж ээж минь хэлдэг юм. Ахлах ангид ороход компьютер миний сонирхлыг ихэд татсан. Ер нь л инженер болох мөрөөдөлтэй л явлаа.

  - Инженер сэтгэлгээтэй хүү ямар мэргэжил эзэмшив?
 
- Би Технологийн сургуулийг цахилгаан системийн автоматжуулалтын инженер, Маргад дээд сургуулийг компьютерийн инженерээр төгссөн юм. Оюутан байхдаа цэнгээнт бүжгээр хичээллэдэг, Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр бүжиглэдэг байлаа. Мөн зуны амралтаараа зусланд, өвөл нь бааранд дижи хийдэг байв. Дууны техник миний жинхэнэ хобби болсон байсан. Их сургуулиа төгсөөд мэргэжлийн дагуу Хивсний үйлдвэрт цахилгаанчнаар орлоо. Сар ажиллаад л  миний хийх ажил биш гэдгийг ойлгосон.

   - За, тэгээд яасан?
 
- Ажлаасаа гарсан. Удаа ч үгүй Соёлын ордонд бүжигчин шалгаруулж авах тухай сонсогдлоо. Ордонд очтол дууны техникч Баярсайхан ах: “Манайх дууны инженер авах гэж байгаа, чи даргатай уулз” гэлээ. Бүжгийн хамтлагийн Д.Ганчулуун багш намайг дагуулаад орж, танилцуулахад Д.Дашдондов дарга сонсож байснаа үдээс хойш бичиг баримтаа аваад Хүний нөөцийн менежертэй уулзаарай гэлээ. Ингээд л  маргааш нь ажилдаа орж, Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон доо.

   - Дууны инженерээр шууд ажиллаж эхэлсэн үү?
 
- Тиймээ. Ажилд орсныхоо дараа “Дуу, гэрлийн инженер” мэргэжлээр Бээжин хотноо Хятадын Холбоо, хэвлэл мэдээллийн их сургуульд хоёр жил үйлдвэрийн зардлаар суралцсан. Хятад хэл дээр хөгжмийн техникийн нарийн зүйлсийг суралцахын тулд маш их мэрийсэн. Багш нараасаа их  зүйл сурсан. Монгол хүний сэтгэх чадвар бусдаас илүү гэдгийг ч тэнд мэдэрсэн.

  - Таны ажил мэргэжлийн онцлог, бас сайхан нь юунд байдаг вэ?
 
- Манайхан тоглолтын арын албыг хариуцдаг.  Дуучид, хөгжимчид, бүжигчдийг  уран бүтээлээ  бүрэн гаргах хэмжээнд дууны тохиргоо хийнэ. Уран бүтээлчдийн хувцас, хэрэгсэлтэй зохицуулж тайзанд гэрэл өгнө. Ингэснээр уран бүтээлчдэд сэтгэл ханамжтайгаар уран бүтээлээ толилуулах, үзэгчдэд урлагийн гоо сайхныг мэдрүүлэхэд нь хувь нэмрээ оруулдаг юм. Манайх дууны дөрөв,  гэрлийн хоёр техникчтэй. 

  - Өнгөрсөн жил соёлын ордон орчин үеийн техникээр өвч тоноглогдсон. Ажиллахад урамтай биз?
 
- Орчин цагийн техникээс гадна  лед дэлгэцтэй болсон. Манайд тавигдсан дууны пульт л гэхэд  улсын хэмжээний театр, чуулга, соёлын орднуудад байгаа хамгийн том нь. Би техник, дэлгэцээ сонгосон. Энэхүү сонголтын дагуу үйлдвэрээс тендер зарлан, орчин үеийн шилдэг техникээр  хангаж, томоохон хөрөнгө оруулалт хийсэнд бид баяртай байгаа.

  - Танайх ачаалал ихтэй ажилладаг. Танд шантрах үе байдаг уу?
 
- Бидний ажлын ачаалал өндөр. Манай дуу шум, гэрэлтүүлгийн хэсэг  жилд 1050-1060 удаагийн үйл ажиллагаан дээр ажилладаг. Өдөрт багадаа 3-4 ажил орж ирдэг. Би ажилдаа их дуртай. Тийм болохоор шантрах, залхах тухай ойлголт үгүй.  Намайг ажилд орох үед  манай техник их муу, бид 36 цаг зогсолтгүй ажиллах үе ч  байсан.  Тухайн үед манайхан  уянгын драмын жүжиг, хөгжимт драм, фольк дуурь зэргийг тайзнаа тавьж, уран бүтээлээрээ телевизийн бичлэг хийх зэрэг маш их ажилтай байсан.
 
  - Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
 
- Ажилдаа  чин сэтгэлээсээ хандаж, дурлаж хийдэг. Зөвхөн алба ажил ч биш. Гэртээ багахан тавиур хийх байлаа ч, түүнийгээ илүү гоё болгохсон гэж хичээдэг. Зарим хүн хийж буй зүйлээ тээршээж, үзэн ядсан байдалтай байдаг. Ингэх хэрэггүй л дээ. Ажлаа дурлаж  хийвээс амжилт ойрхон санагддаг.

   - Та техниктэй бас уран бүтээлчидтэй харьцдагаараа бусад инженерээс ялгаатай санагдлаа?
 
- Тиймээ. Дууны инженер хүн техникээ сайн мэддэг байх ёстой. Техникийн хөгжил маш хурдсаж байгаа. Тэгэхлээр хоцрогдох эрхгүй. Байнга судалж суралцаж явах ёстой. Гадаадын том том концерт үздэг. Ингэхдээ ямар тоглолт дээр ямар техник ашиглаж байгааг сонирхоно. Техник, тайз, дэлгэц, гаднын ямар эффект явж байна. Утаа, салют зэргийг хэрхэн ашиглаж байна гээд л судалдаг. Ажлын хамтрагч уран бүтээлч болгоноо судалж, ойлгохыг хичээдэг. Уран бүтээлчид сэтгэлийн хөөрөл ихтэй, хурц илэрхийлэлтэй ч хормын төдийд л инээж баясаад л  явчихдаг өвөрмөц зан ааштай, цайлган  улс. Эдэнтэй ажиллах сайхан шүү.  Уран бүтээлчдийнхээ гайхалтай бүтээлээр бахархаж омогших үе зөндөө.

   - Та яриан дундаа ээжийгээ нилээд дурьдлаа. Таны бахархал, үлгэр дуурайлал болсон хүн тань байх гэж таалаа?
  
- Тийм ээ. Ээж шигээ хөдөлмөрч, бас хамт олондоо нэр хүндтэй нэгэн болохсон гэж хичээдэг. Ээж маань АТБ-ийн Авто клон-5-д мастераар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан Г.Пагмажав гэж хүн бий.

   - Өө. Тэгвэл таны ээжийг манай үйлдвэрийн олон хүн таних байх. Ээж тань үйлдвэрийн ажилтнуудын дунд зохиогддог ХАБЭА-н тэмцээний мэдлэг шалгах бүх асуултад торолгүй хариулж, үзэгчдийг гайхшируулдаг байсан. Тиймээс ч “Компьютер толгойт Пагма” гэж тухайн үеийнхэн хошигнон нэрлэх болсон. Та гэр бүлийнхнээ манай уншигчдад танилцуулна уу?
   
- Ээж минь тун их ажилч, хичээнгүй, идэвхтэй бас эртэч хүн. Тэтгэвэртээ 2010 онд гарсныхаа дараа л гэхэд олон зүйлд суралцсан. Хийн дасгалаар хичээллэн, багш болсон,  даралтат хөгжим, морин хуур тоглож сурсан. Бүр Японд болсон  морин хуурын тоглолтод оролцсон. Цехийнхээ Ахмадын хорооны даргаар бараг 8 жил ажилласан. Ээж минь ах нар, эгч бидний хүсэл сонирхлыг хүндэтгэн, дэмждэг. Гурван ах маань  хуур урлаач. Дунд ах Морин хуур урлаачдын тэргүүн. Эгч маань багш хүн байсан. Би эхнэр, хүүтэй. Удахгүй манайх бүл нэмэх гэж байгаа /инээв.сурв/.  Ханийг маань Э.Солонго гэдэг. Манай хүн компьютерийн инженер мэргэжилтэй, надтай хамт техникчээр ажилладаг. Хүү маань таван настай. Ирэх намар сургуулийн сурагч болно. 

  - Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэх үед танд юу бодогдсон бэ?
 
- Намайг үйлдвэрийн аварга болоход хамгийн их нөлөөлсөн хамт олондоо баярласан. Өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээжээрээ бахархсан. Амьдралын минь түшиг тулгуур болсон ханьдаа баярласан. Ээжийнхээ үнэнч хөдөлмөрөө шингээсэн Эрдэнэт үйлдвэрт үе залгамжлан  хувь заяагаа холбож яваадаа туйлаас их баярладаг. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй ээ.

   Ажлын ачааллаасаа болоод амжихгүй үе гарах ч  “За” гэсэн л бол түүнийгээ биелүүлэхсэн гэж хичээдэг, гээд тэрбээр нүүр дүүрэн мишээх. Зөв энергитэй, зөөлөн сэтгэлтэй, ажлын төлөө төрсөн залуухан аваргадаа амжилтын дээдийг хүсье ээ. 

Я.Энхтуяа

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдынхаа нийгмийн асуудал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавин, шат дараатай арга хэмжээ авдаг. Эдгээрийн нэг нь ажилчдын халуун хоолны асуудал юм. Сүүлийн үед зарим уурхайчид, ажилчдын зүгээс хоолны амт  чанар, хоол үйлдвэрлэгч компаниудын үйлчилгээ, түгээлттэй холбоотой санал гомдол нийгмийн цахим сүлжээгээр хөндөх болсон.  Иймд  халуун хоолны амт чанарт анхаарч,  зөөврийн хоолны түгээлт бодит байдалд ямархуу нөхцөл байдалтай байгаа, зарим ажилчдын зүгээс тавьж буй гомдол хир үндэслэлтэй болохыг судалж нягтлан, ирэх 7 хоногийн Даваа гаригийн өргөтгөсөн шуурхай хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулга хийх үүргийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн холбогдох удирдлагуудад өглөө.
    Хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайчид, ажилчид эрүүл, чанартай хоол хүнс идэх учиртай. Үйлдвэрийн удирдлагын зүгээс энэ шаардлагыг халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй компаниудад хатуу тавина. Үнэхээр зөрчил дутагдалтай ажилладаг, чанаргүй хоол хүнсээр үйлчилж буй бол тендер шалгаруулалтыг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээ авна. Ялангуяа энэ асуудлыг хариуцан ажилладаг удирдлагууд, ХАБЭАХэлтэс онцгой анхаарлаа хандуулж ажиллах учиртайг Ерөнхий захирал санууллаа.
   Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 6700 орчим ажилтан, ажилчид ажиллаж байгаагаас хүнд нөхцөлд буюу үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж буй 5000 гаруй уурхайчид үнэ төлбөргүй халуун хоол иддэг. Тэдэнд халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан Хаан хүнс, Таятан фүүдс компаниуд 1, 2 дугаар хоол, зууш, халуун цай, ундаар  үйлчилж байна. Мөн энэ сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын нийтийн хоолны хэсгийнхээ катерингаар 1000 гаруй уурхайчдад 6 нэр төрлийн сонголт бүхий халуун хоолоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм.

   Байгалийн үзэмжээрээ сэтгэлд хоногшсон “Найрамдлын Эрдэнэс” зусланд энэ зуны амралтаа өнгөрүүлж байгаа охид, хөвгүүдийн инээд хөөр, дуу хуур цалгисан нэгэн өдрөөр аяллаа. Зуны улиралд байдаг л нэг өдөр мэт санагдавч зусланд амрагч хүүхдүүдийн хувьд амралтын сүүлийн өдөр нь гэдгээрээ онцлог байсан юм. Бүжгийн спортыг сурталчлан таниулж, бүжиглэх дур сонирхолтой хүүхдүүдийг нэгтгэсэн 7 дугаар ээлжинд 500 гаруй хүүхэд амарчээ. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчид болон тэдний үр хүүхдэд зориулан тэртээ 1981 онд бүтээн байгуулсан “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” зуслан эдүгээ хүчин чадал, хөтөлбөр, арга зүй, боловсон хүчин гээд олон талаараа Монголдоо тэргүүлэх зуслан болсныг хэлэхэд бахдалтай. Зуслангийн хилийн дээс давсан хэнийг ч найрсаг үйлчилгээ, зочломтгой зангаар угтах энэ орчинд гаршуулж тэжээсэн бугын илий, сарлаг, тэмээ, зэрлэг гахай, тарвага, цацагт хяруул, тахиа, галуу зэрэг олон төрлийн ан амьтад бий.

  

  

  

   Манай сурвалжлах багийнхныг очих үеэр спортын талбайд бүжгийн бэлтгэлээ хангаж байсан хүүхдүүд удалгүй сурч мэдсэн шинэхэн бүжгээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан. Өнгийн хувцсаар жигдэрч, өрсөлдөөний талбарт хүч сорьсон хүүхдүүдийн дунд GS, Electro, Onyx Crew бүжгийн хамтлагийнхан үзүүлбэр үзүүлж, зуслангийн флашмоб зохион байгууллаа. Зуны зугаатай өдрүүдийг сэтгэлдээ нандигнах дурсамжаар хөглөн, нөхөрлөлийн хүрээгээ тэлж, ур чадвараа ахиулсан амрагч хүүхдүүд хаалтын үйл ажиллагаан дээр шилдэг бүлгүүд, шилдэг хүүхдүүдээ тодруулдаг уламжлалтай. 
   “Найрамдлын Эрдэнэс” зуслан энэ зун 8 ээлжээр 3000 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар Улаанбаатар хотоос 1800, Эрдэнэт хотоос 1500 орчим, бусад аймгаас 800-аад хүүхэд буюу нийт 4000 гаруй хүүхэд амраад байна. Англи хэл, чөлөөт бүжиг, сагсан бөмбөг, экологи, хөл бөмбөг сонирхогчдын “Мазаалай каф” төрөлжсөн хөтөлбөрийн зэрэгцээ монгол ахуйн мэдлэг олгохоор зорьсон нь өмнөх жилүүдээс онцлог байсныг зуслан хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрмаа тайлбарлалаа. Амрагч хүүхдүүдийг эрүүл хоолоор хангахад анхаарсан зуслангийн хамт олон хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлэн, өдөр бүр шинэхэн ургацын дээжээр хоол хүнсээ бэлтгэж байна. 

  

   Өнгөрсөн баасан гаригт холын аяны дөрөө мултлан буусан Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 9-17 насны 42 хүүхэд, 6 багшийнхаа хамтаар зуслантайгаа танилцаж, үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохоор бэлтгэлээ хангаж байлаа. Байгалийн гамшгаас үүдэн орон гэргүй болсон 5000 хүүхэд байсныг хотоос түр хугацаанд холдуулахаар шийдвэрлэн, ОХУ-ын зуслангууд болон бусад газарт явуулжээ. Тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсын “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-аас хүсэлт тавьсны дагуу Эрдэнэт үйлдвэр угтан авсан нь энэ билээ. Сэтгэл санааны хүндхэн байдлаа даван туулж, үеийнхнээсээ урам зориг авахад нь “Найрамдлын Эрдэнэс” зуслан томоохон хүч болно гэдэгт итгэж байгаагаа багш нар нь хэлж байлаа. Хүүхдүүд энэ сарын 26-ны өдрийг хүртэл зусланд амарч, монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унах зэрэг тусгай хөтөлбөрүүдэд оролцоно. Энэхүү амралтын хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал ч багтсан байна.

  

  

   Энэ үеэр хүүхдүүдийг ахалж яваа англи хэлний багш Ефимова Оксана Анатольевнагийн сэтгэгдлийг хуваалцахад, “Зусланд ирэхэд манай орны байгалийг санагдуулам дотно мэдрэмж төрсөн. Биднийг ирж явах замд тэмээ, бусад амьтад байсан. Хүүхдүүд маань анх удаа ирж байгаа ч зуслан үнэхээр их таалагдсан. Автобуснаас буугаад л, олон хүүхэдтэй юм байна гэж дуу алдаж, шинэ найзуудтайгаа мэндлээд амжсан. Явцын дунд илүү танилцаж, олон найз нөхөдтэй болох байх аа. Зуслангийнхаа хөтөлбөрт аль болох хүүхдүүдээ идэвхтэй хамруулна” хэмээсэн.

Хөгжилтэй мөчүүдээ эргэн дурсаад
Хүүхэд настай уралдаад ирлээ
Найрамдлын Эрдэнэс зуслангаа санаад
Найраг дуугаа дуулаад ирлээ
... хэмээсэн “Зусландаа ирлээ” дууны гэгээн мөртүүд ирэх зуныг хүртэл багачуудын сэтгэлд эгшиглэх нь лавтай.

   Ингээд “Үе тэнгийнхнээ зусландаа урья, манай зуслан үнэхээр гоё” гээд мишээл тодруулах хүүхдүүдийнхээ магтаалын үгээр энэ удаагийн сурвалжилгаа жаргааж байна.


Сурважилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын тушаалаар ХАБЭА-н үйл ажиллагаанд Ерөнхий захиргааны  ажилтнуудын оролцоо, удирдлагын манлайллыг  дэмжин ажиллах тухай тусгажээ. Үүний дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ХАБЭА-н бүтээлч бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллах удирдамж гарган ажиллаж байна.
   Хуулийн хэлтсийн хамт олон Ерөнхий захиргааны газар, хэлтсүүдээ манлайлан тус үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, ажилчдынхаа дунд “EQ” буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааны талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа хэлтсийн хуульчиддаа зориулан 21-р зуунд чухлаар тавигдаж буй чадвар EQ гэж юу болох, EQ өндөртэй хүний 10 шинж, EQ-ээ хэрхэн сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл олголоо.
   EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааныг АНУ-ын социологич, сэтгэл судлаач Даниель Гоулман /Ph.D/ анх судлан, энэ чиглэлийн ойлголтыг олон нийтэд хүргэж эхэлжээ. Сэтгэл хөдлөлөө удирдах ухааны судалгаанд суурилсан түүний ном, бүтээлүүд нь дэлхийн 40 гаруй орны хэл дээр хэвлэгдэн гарч, бестселлер болсон юм. Амжилттай хүний анхан шатны шаардлага болж байгаа EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааныг судалснаар аливаа ажилтны амжилтад хүрэх магадлал өсдөг гэдгийг тус сургалтаар онцоллоо.

Э.Мөнх-Уянга

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд сар хаалтын хурлыг өнөөдөр хийж, долоодугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцлээ. Үйлдвэрлэлийн гол үзүүлэлтийн дүнгээр төлөвлөгөө 100-183 хувиар биелсэн байна. Баялаг бүтээгчид 168 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 108 хувиар, 428 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 114 хувиар, 75 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.8 хувиар, исэлдсэн хүдэр олборлолт 183 хувиар тус тус биелүүлжээ. Тухайн сард 914 мянган м.куб хөрс хуулснаар төлөвлөгөөний биелэлт 100 хувьд хүрсэн байна.
   Баяжмал дахь металл авалтын гүйцэтгэл зэсээр 433.4 тонн буюу төлөвлөгөө 103.9 хувиар, молибден авалтын гүйцэтгэл 10.3 тонн буюу 105 хувиар биелсэн бол, зэсийн агуулга 22.4 хувь, төлөвлөгөө 100 хувь, молибдены агуулга 49.5 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 103 хувиар биеллээ. Өнгөрсөн сард агуулга сайтай хүдэр олборлосон нь сарын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад голлон нөлөөлснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Тав тухтай орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ, хамгийн чухал нь эрүүл хоолоор үйлчлэхийг урьтал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Сэлэнгэ катеринг” өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэллээ. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн 1000-аад ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тус катерингийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, хоол үйлдвэрлэлийн стандартыг ханган ажиллахаар болсон нь энэ юм. Катерингийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.
   Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд гаднын компаниудтай гэрээ байгуулан, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс хоолны чанар, халуун хоолны үйлчилгээг үйлдвэр өөрийн нийтийн хоолны хэсгээс үзүүлэх зорилгоор ил уурхайн катерингийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Катерингийн барилга засварын ажилд 760 сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Хоол үйлдвэрлэлд хэрэглэх тоног төхөөрөмжийн 80 гаруй хувийг ОХУ-ын “Abat” компани, дагалдах хэрэгслүүдийг БНХАУ-ын евростандартын бүтээгдэхүүнээс сонгосон байна. Бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрээс шинэ ажлын байр бий болгон, мэргэжлийн 51 хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авчээ.  
   Орох хаалганаасаа эхлэн тохилог орчин бүрдүүлж, гэрэл гэгээтэй саруул заал танхим байхаар шийдсэн энэ байгууламжид хоол үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага бүхий 10 гаруй өрөө бий. Өрөө бүр орох хаалга болон үйлдвэрлэлийн процессыг цааш дамжуулах гарах хаалгатай. Мөн агааржуулалтын орчин үеийн систем суурилуулж өгснөөр зуны улиралд сэрүүнээр, өвлийн улиралд дулаан агаараар үлээх таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.
   Тус катерингийн нэг давуу тал нь үйлдвэрээс баталж өгсөн мөнгөн дүнд тохирсон амт чанартай, эрүүл хоолны цэс гаргахдаа өргөн сонголтыг бий болгожээ. Өнөөдрийн байдлаар 28 хоногийн хоолны цэс батлуулж, нэг ч хоол давхардуулаагүй гэдгээ онцолж байсан. Сарын дараа уурхайчдын санал хүсэлтийг авч, эрэлт ихтэй хоолны жагсаалт батлан, дагаж мөрдөхөөр төлөвлөжээ. Өдөр бүрийн хоолны цэсэд 1, 2 дугаар хоол, салат зууш, талх, нарийн боов гурваас зургаан төрлийн сонголттой байхаар тусгасан нь шинэлэг бөгөөд содон байлаа. Тендерт шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдад зөвхөн хоёрдугаар хоол өгдөг бол “Сэлэнгэ”-ийнхэн дээрх бүх сонголтыг санал болгохоор шийдвэрлэсэнд уурхайчид сэтгэл өндөр байна.
   Баялаг бүтээгчид шинэ катерингийн үйлчилгээнд “Онц” үнэлгээ тавьж, хойшид энэ эрчээрээ ажиллаасай гэсэн итгэл сэтгэлээ нуусангүй. Тэд бол Монгол Улсын төсөвт үнэтэй хөрөнгө оруулагч, “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын үнэт баялаг мөнөөс мөн. Тиймээс ч хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлж, эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан хоолоор үйлчлэх нь үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагын нэг байдаг.
   Нээлтийн үеэр уурхайчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

“Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир: Бид “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлнэ

   - Бид алсын хараагаа “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлэх хэмээн тодорхойлсон. Олон улсын стандартад тусгаснаар тухайн хүн ажлын байран дээрээ ямар хоол идэх, өдөрт хэчнээн хэмжээний илчлэг авах нь тодорхой бий. Энэ стандартыг мөрдлөг болгосноор эрүүл мэндийн талаасаа ч эерэг үр дүн гарна гэж харж байна. Манай алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго тов тодорхой. Амтлагчаас эрс татгалзсан эрүүл хоол байх болно. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа учраас хоолны чанарт санаа зоволтгүй гэдгийг амлаж байна.

АТЦ-ийн Технологийн тээврийн автомашины жолооч Л.Батжаргал: Хоолны амт сайхан байна

   - Сэтгэл их өндөр байна. Хоолны амт сайхан байна, баярлалаа. Үйлдвэрийн ил уурхайн катерингийг өмнө нь хувийн компаниуд ажиллуулж байсан. Зарим үед их тааруу хоолтой байсан. Тиймээс ч хаагдсан байх. Манайхан хэсэг хугацаанд өөр цайны газарт хооллолоо. Нийтийн заал нь хүрэлцээ муу, хүн ихтэй, хүндхэн байсан ч өнөөдрийн хувьд бүх зүйл сайхан байна. Үргэлж ийм байгаасай.

Ил уурхайн засварчин С.Энхтайван: Тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлсэн нь таалагдлаа

   - Шинэ катеринг их тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлжээ. Хоолны хувьд маш их таалагдлаа. Хүнд нөхцөлд ажилладаг бидний хувьд сайн хоолтой байна гэдэг хамгийн чухал. Уурхайчдынхаа нөхцөл байдлыг ойлгож, дэмжсэн үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа. Катерингийн шинэ хамт олондоо ажлын амжилт хүсье.

  

  

  

  

Сурвалжилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Page 5 of 5

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог