Үйлдвэрлэл

Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвөөс энэ онд  “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болох зорилт дэвшүүлж, нэг жилийн хугацаатай аян зарлажээ.  Аяны хугацаанд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг сайжруулах зорилго тавьсан байна. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс “Super 5S” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн саналын идэвх оролцоог нэмэгдүүлэхээр хэсгүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулж байна.

2019 оны эхний хагас жилд тус цехийн хамт олон нийт 65 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан 49 төсөлт ажил, 61 жижиг сайжруултын ажил бодитоор хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлдвэрлэлийн үр ашиг гарчээ. Одоо оны хоёрдугаар хагас жилд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эхний явцын гүйцэтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ өгөх ажил хийгдэж байгааг тус цехийн Бүтээмж, инновацийн менежер Б.Дэлгэрмөрөн мэдээллээ.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны буудлын зарим байршилд өөрчлөлт орж, тохижилт бүхий зориулалтын буудлаас зорчих болсныг Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр мэдээллээ. Тухайлбал, гэр хороолол дахь “Баян тэс”ийн буудлаас 100 метр,”Давхар ягаан” буудлыг 120 метрт орших хотын нийтийн тээврийн зориулалтын буудалд ажилчдын автобус зогсож байхаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буудлаас зорчдог үйлдвэрийн ажилчид 100-120 метр алхаж, нийтийн тээврийн автобусны буудлаас суух болжээ.

Ингэснээр үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг орчны нөлөөллөөс хамгаалах саравч, автомашины болон зорчигч хүлээх зогсоол бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын буудал руу шилжүүлж байгаа аж. Иймд үйлдвэрийн ажилтнууд шинэ журмыг мөрдөн, хотын нийтийн тээврийн зориулалтын буудлаас зорчихыг тус цехээс мэдээллээ.  

 

М.Балжинням

ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хамт олон  удахгүй эхлэх шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилдаа ороод байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт багш ажилтнуудаа хамруулан “Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал” сургалтыг зохион байгуулав. Сургалтаар тус сургуулийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан хөгжүүлэх журам, Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зорилтуудын талаарх мэдээллийг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү болон чиглэл хариуцсан удирдлагууд танилцууллаа. Мөн  Боловсролын байгууллагын ЧМТ ISO21001 стандартын танилцуулга, шилжилтийн хөтөлбөрийн тухай сонсож, Хувь хүний хөгжил, харилцаанд төлөвшил ёс суртахууны эзлэх байр суурь, Харилцаа бол Арилжаа, Цагийн менежмент, Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, зорилтууд зэрэг өргөн сэдвийн дор мэдлэг нэмж, тархиа цэнэглэв. 

“Шинэ хичээлийн жилийн өмнөхөн зохион байгуулдаг багш ажилтнуудын  цогц сургалт энэ жил гурав дахь удаагаа болж байна. Манай сургуулийнхан  оюутан, сурагчдаа  хүлээж авахын өмнө бүтэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, өнгөрсөн жилийнхээ ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилийн зорилтоо тодорхойлж байна. Энэ удаагийн сургалт таван өдөр үргэлжилж, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг хамарснаараа онцлогтой” гэж тус сургуулийн захирал Д.Зоригтхүү бидэнд ярилаа.   

Технологийн сургуулийнхан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаандаа үр дүнд суурилсан гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр хэрэгжих эхлэл жил болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Мөн боловсролын байгууллагын чанарын менежментийн стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэ хичээлийн жилд тус сургуульд 50 гаруй оюутан шинээр элсэн суралцах ажээ.   

М.Балжинням

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын хамт олон Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Эрчим хүчний өдөрлөг” зохион байгуулж, бэсрэг наадмын хүрээнд баяраа тэмдэглэлээ. Баярын жагсаал, морин хуурын татлагаар эхэлсэн бэсрэг наадам бүтэн өдрийн турш үргэлжилж, үндэсний спортын шилдгүүдээ шалгаруулсан юм. Өдөрлөгт Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Л.Ариунболд нар урилгаар оролцож, салбарын ажилчдад шагнал гардууллаа. Х.Дуламсүрэн, Л.Халтар, Б.Амарсайхан нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засвар механикийн хэсгийн ажилтан Д.Отгонсүрэн, Б.Одонцэцэг нарыг Орхон аймгийн болон МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, цехийн шагналаар ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэллээ.

Энэ үеэр тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаярын сэтгэгдлийг хуваалцахад, “Манай хамт олон хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтээр цахилгаан үйлдвэрлэл болон түгээлтийн төлөвлөгөөгөө 100 хувиар ханган, баяраа угтлаа. Өнөөдөр бид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цагт 43-44 МВт-ын горимоор ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн хамт олондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станц гэх их айлаар овоглон ажиллаж хөдөлмөрлөж яваа эрчим зүйч, энергетик, эрчим хүчний салбарын ажилтан ажиллагсад, тэдгээрийн гэр бүлд халуун баяр хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн халуун дулаан мэндчилгээ илгээлээ. Мөн салбарын “Тэргүүн” шагналын эзэн болсон станцын шугам сүлжээний машинист Амарсайхан Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбон 22 жил ажиллахдаа амжилт ололтоо хуваалцсан сайхан хамт олонтой болсондоо талархаж явдгаа илэрхийлсэн.

Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид өдөрлөгийн үйл ажиллагаанд хөг нэмж, МУСТА Саруултөгс хөөмийн гайхамшгаар олны сонорыг мялаасан.

Морин хуурын чавхдасаар хорвоог уярааж наадсан

Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадсан

Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадсан

Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадсан энэхүү бэсрэг наадмын үйл ажиллагаанд үндэсний бөх, сур, шагайн харваа, дэмбээ, айраг хэн хурдан уух вэ зэрэг тэмцээн уралдаан багтжээ. Үндэсний бөхийн барилдаанд түлш дамжуулах хэсгийн ажилчин А.Анхбаяр түрүүлж, Үйлдвэр техникийн албаны барилгын инженер Б.Мягмаржаргал үзүүрлэсэн бол сурын харвааг Н.Лхагвадорж , шагайн харвааг Б.Энхтөр, Б.Баттогтох нар тус тус өнгөлсөн юм. Түүнчлэн Турбин, хими ус бэлтгэлийн хэсгийн ажилчин Б.Цогбаяр шилдэг дэмбээчин болохоо харуулж, Засвар механикийн хэсгийн ажилчин Б.Отгонтамир, Т.Баянмөнх нар хамгийн сайн айрагчдаар тодорлоо.

Сурвалжилсан И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог