Үйлдвэрлэл

   Мэргэжил бүхэн бахархалтай. Харин тэрхүү ажил мэргэжлээ голж шилэлгүйгээр, урдах ажлаа сайн хийж чадвал өөр нэгэн үүд хаалга нээгддэг болохыг Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа. Тэрээр засварчнаас эхлээд хэсгийн дарга болтол дэвшихдээ залуучуудад мэргэжлийн дадлага туршлагаасаа хуваалцан, үнэт зөвлөгөөг харамгүй өгсөөр иржээ.

   - Та ажил мэргэжлийнхээ замналаас хуваалцахгүй юу?
   - Политехникийн дээд сургуульд элсэж, сургууль маань нэрээ сольсноор 1991 онд авто инженер мэргэжлээр Техникийн их сургуулийн анхны төгсөгч болсон. Сургуулиа төгсөөд  1994 онд Эрдэнэт үйлдвэрт мэргэжлийнхээ дагуу засварчнаар ажилд орж байлаа. Тэр үеэс хойш мастер, сургалтын инженер, бүтээмж инновацийн мэргэжилтэн, хэсгийн орлогч даргаар дэвшин ажилласан. Одоо хэсгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

   - Үйлдвэрлэлд оновчтой санал гаргаж хэрэгжүүлсэн манлайлагчдын эгнээ өргөжин тэлсээр байна. Таны хувьд 2018 оны шилдгүүдтэй эн зэрэгцлээ. Сэтгэгдэл хэр өндөр байна?
   - Өдөр тутмын ажлаа сайжруулах нь бүтээмжийн ажил байсныг хожим ойлгосон. Хэдийгээр нэршил нь өөрчлөгдөж, бүртгэл хийдэг болсон ч өмнө нь бидний хийдэг л байсан ажил. Гэхдээ илүү сайжирсан. Өнгөрсөн онд манай хэсэг 172 санал гаргаснаас дөрвийг нь хэрэгжүүлж чадаагүй. Харин оны эхний хагас жилийн байдлаар сайн саналын системд 150 санал бүртгэгдлээ. Бид 2019 онд 240 санал хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол оны эцэс гэхэд энэ тоо даруй нэмэгдэх төлөвтэй байна. Манайхан хэлсэн санааг ажил хэрэг болгохдоо чадамгай.

   - Хэсгийнхээ хэмжээнд хэдэн дугуйлантай вэ?
  - Манай хэсэг 140 гаруй ажилчин, бүтээмж чанарын 11 дугуйлантай. Тэдгээрийн 15 нь инженер техникийн ажилтан байдаг. Бидний дундаас мотор агрегатын “Сүлд” чанарын дугуйлан бусдаасаа илүү санаачилгатай ажиллаж байна. Аливаа бүтээмжийн ажлуудад хяналт тавьснаар ажлын цаг ашиглалт сайжирч, энд тэнд сэлгүүцэх зав гардаггүй болсон. Ажилчид дор бүрнээ санаачилгатай болж, үүнийг хиймээр байна, гээд асуух жишээтэй. Бүтээмжгүй суудаг хүн бараг байхгүй.

   - Хийж хэрэгжүүлэх ажлаасаа онцолбол?
  - Манайд ашиглагддаг CUMMINZ маркийн дотоод шаталтын хөдөлгүүр бий. Төлөвлөгөөт хугацаанд нь сэлбэг нийлүүлэлт болон бусад шалтгаанаас болж ревиз хийлгүй явуулаад байвал тухайн машины тахир гол, блокыг дахин ашиглах боломжгүй болох талтай. Ингэснээр зөвхөн нэг хөдөлгүүрийг засварлахад 400 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Харин хэмнэлтийн төлөвлөгөөнд оруулж өгснөөр 80 орчим сая төгрөгөөр таван хөдөлгүүрийн насжилтыг уртасгах боломжтой. Үйлдвэрт ашиглаж байгаа түлш олон дамжлагаар ирдэг тул зөөвөрлөх, хадгалах явцад ихээхэн бохирддог. Тиймээс нано технологийн шүүрийг ашиглах нь түлшний системийн эд ангийн эвдрэлийг багасгаж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ гэж харж байгаа.

   - Эхний зургаан сарын ажлын явцынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  ашиглаж байгаа бүх төрлийн технологийн тээврийн БелАЗ маркийн автомашины техник үйлчилгээ, урсгал засварыг хариуцан ажиллаж байна. Бидний ажлыг үнэлдэг гол зүйл нь техникийн бэлэн байдлын коэффициент байдаг. Хагас жилийн үзүүлэлтээр техникийн бэлэн байдлын итгэлцүүр маань 0,92 хувьтай гарсан. Энэ бол сайн үзүүлэлт.

   - Мэргэжлийн тал дээр хэрхэн хөгжиж, цаг үеэ дагаж байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийнхээ буянаар гадаад орнуудад туршлага солилцох ажлаар нэлээд явсан. Ажлын туршлага ч ахисан. Хамгийн анх Беларусын Жодино хотод БелАЗ-ын үйлдвэрийг сонирхож, сургалтад хамрагдаж байсан. Дараа нь ОХУ-ын Кемерова мужийн уурхайнуудаар туршлага судалсан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад СUMMINZ болон бусад үйлдвэрийн газруудаар явсан. Өнгөрсөн хаврын тухайд дугуй засварын чиглэлээр сүүлийн үеийн шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ материалуудтай танилцахаар  ХБНГУ-д  яваад ирсэн.

   - Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай техник, тоног төхөөрөмжөө жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.
   Өнөөдөр оройн 20 цагт дуусах  “Их зогсолт”-ын явцын талаар тус үйлдвэрийн Механикийн хэлтсийн дарга  Б.Чинзоригоос тодруулахад: “2019 оны “Их зогсолт”-ын ажил хуваарийн дагуу эхэлж, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. “Их зогсолт” гэдэг нь манай үйлдвэрийн нөөцгүй тоног төхөөрөмжид хийгддэг иж бүрэн засвар. Өөрөөр хэлбэл, одоо засвар хийгдэж байгаа тоног төхөөрөмж дараа жилийн өдий хүртэл ямар нэг засвар хийгдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс “Их зогсолт”-ын ач холбогдол маш өндөр. Өчигдөр бид “Их зогсолт”-ын явцын талаар хурал хийж, Ерөнхий захирал болон Ерөнхий инженер оролцож, энэ ажилд холбогдож буй цех нэгжүүдийн ажлын мэдээллийг сонссон. “Их зогсолт”-д Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Холбоо мэдээлэл автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех гэсэн таван үндсэн цех ажиллаж, Барилга засварын цех, Засвар угсралтын цех болон бусад үйлдвэрлэлийн хэлтэс, цехүүд туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Өчигдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдрийн оройн 19.00 цагийн мэдээллээр, үйлдвэрийн хэмжээнд “Их зогсолт”-оор хийх ажлын төлөвлөгөө 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөө өглөөний байдлаар  85-90 хувьд хүрээд байна. Энэ үзүүлэлт нь  засвар үйлчилгээний ажил төлөвлөгөөний дагуу тасралтгүй, сайн үргэлжилж байгааг харуулж байна.  Бидний хамгийн гол анхаарч буй зүйл бол засварын чанар. Үүнийг тухай бүрд нь холбогдох мэргэжилтнүүд шалгаж, хянахын зэрэгцээ оношилгооны алба дүгнэн ажиллаж байна.  “Их зогсолт”-ын төлөвлөгөөний дагуу гаднын байгууллагын туслалцаатайгаар хүдрийн агуулахын хана солих засвар хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ жилийн “Их зогсолт”-ын онцлогийн тухайд гэвэл шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ханган нийлүүлэхэд Худалдан авалт, хангамжийн хэлтэс ихээхэн анхаарч, шуурхай ажилласныг хэлэх нь зүйтэй. Ингэснээр “Их зогсолт”-ын бэлтгэл ажил сайн хангагдсан. Мөн энэ жил төлөвлөгдөөгүй ажил харьцангуй бага байна. Энэ нь 2018 оны засварын ажлын чанар сайн хийгдсэнтэй холбоотой юм” гэж хариуллаа.

М.Балжинням

 

   Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард  852.9 мянган метр куб, төлөвлөгөө 105.9 хувьтай байлаа. Харин эхний хагас жилд 5288.36 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 104.4 хувиар биелжээ. Уурхайчид өнгөрсөн сард 2948.0 мянган тонн хүдэр олборлож,  төлөвлөгөөг 100.0 хувиар, эхний хагас жилд  18517.2 мянган тонн хүдэр олборлон төлөвлөгөөг 101.8 хувиар биелүүлсэн амжилттай байна. Баяжуулагчид зургаадугаар сард 2563.0 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.1  хувиар биелүүлсэн бол эхний хагас жилд 16180 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөө 102.6 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга эхний хагас жилд зэсийнх 0.462 хувьтай, төлөвлөгөө 100.1 хувиар, молибденых 0.0160 хувьтай, төлөвлөгөө 105.3 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл оны эхний хагас жилд  зэсээр 88.32 хувь, молибденоор 50.15 хувьд хүрч, төлөвлөгөө 100.0-103.4 хувиар биелэв.    

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог