Үйлдвэрлэл

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн зарим ахмадыг Засгийн газрын шагналаар шагнасныг  өнөөдөр   гардуулав. Оюу танхимд болсон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн болон цех хэлтсийн удирдлагууд, ахмадуудын төлөөлөл оролцлоо. Олон жил үр бүтээлтэй ажилласан  ахмад багш Б.Жагдааг  Монгол Улсын ахмад багш нарын холбооны дээд шагнал Багшийн гавьяа одонгоор, Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан Н.Хандаа, Б.Баттулга, Б.Рина, Г.Насанбаяр, Б.Уламбадрал, У.Пүрэвлхам, Б.Пүрэвжав, Р.Сэргэлэнбаатар, Ж.Уртнасан, П.Заграа нарыг  Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, Б.Чанцалдулам, П.Эрдэнэсайхан нарыг Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулав. Шагнал гардуулах үеэр Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх баярын мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ: “Та бүхний маань үндэс суурийг тавьж, хийж бүтээсэн бүхнийг хойч үеийнхэн тань  амжилттай үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил манай хамт олон үйлдвэрлэл, эдийн засгийн олон шинэ дээд амжилт тогтоосон. Энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлж,  техник технологийн олон шинэчлэл хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан   ахмадууд та бүхнээрээ бид үргэлж бахархдаг” гэж онцлов.

                                                                                                                      Я.ЭНХТУЯА

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэжээ.  Баяжуулагчид энэ хугацаанд  үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, төлөвлөгөөнөөс 430 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа. “Эхний хагас жилийн гүйцэтгэлийн дүнгээс харахад, энэ оны сүүлийн хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд бид 31.5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөт зорилттой. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө баяжуулагчид хичээл зүтгэлтэй ажиллаж байна” гэж тус үйлдвэрийн дарга М.Отгон эхний хагас жилийн амжилтаа тэмдэглэж хэлэв.  
   Эрдэнэт үйлдвэр 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгож, олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд баригдаж буй 4М далангийн ажил. Энэ ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн молибдены баяжуулалтыг нөөц молибдены машинд суурилуулах ажил 30 орчим хувьтай байгаа аж.  Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, солих засварлах ажил хуваарийн дагуу ид өрнөж байна. Энэ жилийн “Их зогсолт”-оор тус цехийн хэмжээнд нийт 8 объектод 89 ажил хийхээр төлөвлөж, бүгдийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Ирэх жилийн өдий хүртэл нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ засварлаж, ажрахгүй болсныг цехийн удирдлага онцоллоо.
   Энэ онд тус цехийн хэмжээнд төлөвлөгөөт бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд ар араасаа ашиглалтад орно. Молибдены нөөц шугам,  Шүүн хатаах хэсгийн молибдены пресс фильтер, Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хоёр ширхэг бутлуур суурилуулах, Нунтаглан баяжуулах хэсгийн хоёр бөмбөлөгт тээрэм солих, Өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглалтын хоёрдугаар секцийг бүтэн солих зэрэг томоохон ажлуудыг ирэх хугацаанд хийж гүйцэтгэхээр баяжуулагчид зорьж байна. 

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдийн бүтээмжийн менежер, инженер техникийн ажилтнууд “Оюуны өмчийн менежмент, эрхийн хамгаалал, ашиглалт”-ын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Энэ нь тус үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс,  Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулсан сургалтын үр дүн юм. Уг сургалтыг Шинжлэх ухааны академи болон Оюуны өмчийн газрын зөвлөх багш нар удирдав.
   Оюуны өмч, Инновацийн талаарх ерөнхий ойлголт, Оюуны өмчийн төрөл, Патентын эрхийн олон улсын ангилал, Патент авах цикл, шинэ санааг эрж олох, Оюуны өмчийн мэдүүлэг гаргах зэрэг өргөн сэдвээр хичээл заалгажээ. Мөн Олон улсын оюуны өмчийн чиг хандлага, Оюуны өмч болон инновацийн хууль эрх зүйн орчин, технологи дамжуулах, авах өгөх, арилжих, Гарааны компани байгуулах, Байгууллага, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн менежментийг сайжруулах шаардлага зэрэг сэдвүүдээр сонирхолтой асуулт хариулт өрнүүлж, мэдлэг нэмсэн байна.
   Сургалтын үеэр оюуны өмч, патентын эрх авах жишээ гарган, дадлага ажил хийж, энэ чиглэлийн хууль эрхийн актуудыг  танилцуулсан нь өгөөжтэй  боллоо гэж сургалтад оролцогчид ярив. Хичээлийн дараа тус сургалтын оролцогчдоос тестээр шалгалт авч, батламж гардууллаа.
   Оюуны өмчийн бодлоготой байгууллагын хувьд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудын сайн санал санаачилгыг дэмжин, бүтээмж инновацийн идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлдэг. Энэхүү үйл ажиллагааг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх бодлогын хүрээнд уг сургалтыг зохион байгуулсан байна.

М.Балжинням


 

   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэлээс оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар сонирхлоо.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулдаг олон ажил бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэлтэс ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтныг санаачилгатай оролцуулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд “ХАБЭА-н манлайллын арга хэрэгсэл”-ийг эзэмшүүлэх семинар, “ХАБЭА-н бүтээлч бүлэг”-ээр ажил өрнүүлж, бүтцийн нэгжүүдэд “Өглөөний ХАБ”-ыг туршилтын журмаар нэвтрүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сайн дурын 153 мэдээллийн хаалгач, 100 гаруй манлайлагч ажиллаж байна. Бид 2019 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 182 удирдах ажилтан ХАБЭА-н удирдлагын амлалт аван ажиллаж байна.  Олон талт ажил зохион байгуулсны дүнд ажилчдын бүтээлч идэвх, санаачилга ч нэмэгдэж байгаа нь сайхан байна.

   - Өнгөрсөн онтой харьцуулахад оролцоо хэр нэмэгдсэн бэ?
   - 2018 онд бүтээлч идэвх санаачилгаараа аюул эрсдэлийг илрүүлсэн, арилгасан, бууруулсан оролцоо 4559 бүртгэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 7000, хоёрдугаар улиралд 10510 болж өслөө. Ажилчдын бүтээлч идэвх санаачилга нэмэгдэхэд манлайлагч  нарын оролцоо нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь үйлдвэрийн ажилчдын хувьд аюулыг илрүүлж мэдээлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтыг тодорхойлох, санаачилгаараа аюул эрсдэлийг арилгах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх зэрэг тогтсон, дадсан олон зүйлтэй болж байна. 

   - “Өглөөний ХАБ”-ыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа цех, хэсэг аль нь байна вэ?
   - Бид цахим орчинд “Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайллын оролцоо” гэсэн хаалттай групп ажиллуулж, тухай бүр мэдээллээ солилцож байгаа. Үйлдвэрийн хэмжээнд Тээвэр, ложистикийн төв, Автотээврийн цехийн засварын бригадууд, Аж ахуй үйлчилгээний цех, Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийг онцолмоор байна. “Өглөөний ХАБ”-ийг хэрэгжүүлж байгаа цех, нэгжүүдээ нэлээд ажиглалаа. Үүнээс дүгнэхэд, тогтмол ажлын байртай ажилчдын хувьд хэрэгжилт нь илүү байна гэж харагдсан. Учир нь цаг нартай уралдаж ажилдаа гардаг БелАЗ болон автобусны жолооч нарт “Өглөөний ХАБ” тохиромжтой бус байна. Ямар ч гэсэн ХАБ-ын манлайлал оролцооны арга хэрэгслийг 2019 онд бүх цех дээр туршиж хэрэгжүүлж байна. Цех бүрд өөр өөрийн оролцооны арга хэрэгслийг туршиж байгаа нь харагдсан. Хамгийн гол нь, энэ ажил хэрэгжсэнээр тухайн өдрийн ажлаа аюулгүй гүйцэтгэх чиглэлээр ажилчид маань нэг нэгэндээ заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг уламжлал сэргэж, системтэй арга  болон хөгжиж байгаа нь сайшаалтай юм.

   - Туршилт хэзээ дуусах вэ?
  - Бид баяр наадмын дараа туршилтын эхний үр дүнд дүгнэлт хийнэ. Улмаар туршилтын явцын үр дүнд суурилсан Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, оролцооны журам”-ыг анх удаа боловсруулахаар ажиллаж байна. Ингээд 2020 оноос бүх цех, нэгж журмынхаа дагуу хэрэгжүүлдэг болно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, жил бүр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Үйлдвэрийн нийт ажилчдаас гадна ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 8000 гаруй хүнд хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг энэ жил 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 170 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.       
   Эрүүл мэндийн үзлэгийн энэ удаагийн багцууд нь сүүлийн гурван жилийн үзлэгийн дүн, оношилгооны судалгаанд тулгуурлан, хүнд өвчтэй ажилчдыг илүү нарийвчилсан шинжилгээнд оруулах чиглэл баримталж буйгаараа онцлогтой юм. Онош батлах, түүнд тохирсон ямар эмчилгээ үргэлжлүүлэн хийх, үр дүн нь ямар байгаа зэргийг тодорхойлж, дүгнэх зорилгоор 9 төрлийн багц үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай хамтран хийж байна.
   Мөн энэ жил үзлэгийн багцыг насаар ангилаагүй, өөрөөр хэлбэл бүх насныхан үндсэн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой болсноороо өмнөх жилүүдийн үзлэгээс давуу талтай юм байна. Тухайлбал, үндсэн багцын үзлэгт өөх тосны солилцоог дөрвөн үзүүлэлтээр шинжилж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдэд үрэвслийн үзлэг хийгдэж байсныг хавдрын эсийн шинжилгээгээр сольжээ. Мөн судасны нарийслыг эрт оношлох, зүрхний хэт авианы шинжилгээг хийж байна. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээр 1000 гаруй хүн зүрх судасны өөрчлөлттэй гарсан тул оношийг тодруулах зорилгоор энэ төрлийн  шинжилгээний багцыг  дахин оруулжээ.  Түүнчлэн, “ходоод, улаан хоолойн дуран, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин зэрэг бүхий л нарийн шинжилгээг багцлан оруулсан учир урьдчилан сэргийлэх үзлэг илүү үр дүнтэй болно” гэж Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дарга Т. Мягмарсүрэн эмч ярилаа.

М.Балжинням


 

   Уул уурхай, хүнд үйлдвэрт хамгийн түрүүнд тавигдах асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр “Нэн түрүүнд ХАБ” уриан дор энэ чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд анхааран ажилладаг.
   ХАБЭА-н хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан байна. Шалгалтын комиссыг тус хэлтсийн дарга удирддаг бол түвшин тогтоох шалгалтад үйлдвэрлэлийн үндсэн болон туслах цехүүдийн удирдлага хамрагдав. Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, эрүүл ахуйн стандарт, холбогдох хууль тогтоомж болон тухайн цех нэгжийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаа зэрэг сэдвээр уг шалгалтын асуулга бэлтгэгджээ. Шалгалтыг тестийн болон харилцан ярианы аргаар авсан бөгөөд шаталсан хэлбэрээр цаашид үргэлжлэх юм. “Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг дээшилснээр ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэл, зөрчил дутагдлыг багасгах, арилгах, зөв мэдээлэл түгээх, харилцан бие биеэсээ суралцах зэрэг олон эерэг талууд бий болдог” гэж ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ын  үеэр тасралтгүй ажиллагаатай  үндсэн тоног төхөөрөмжүүдээ зогсоож, засвар үйлчилгээг амжилттай  хийсэн. Үүний дотроос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гуравдугаар туузан дамжуулгын туузыг  бүтнээр нь солилоо. Гуравдугаар туузан дамжуулга нь нэг, хоёрдугаар туузан дамжуулгаас ирж буй хүдрийг том бутлалтын хүдрийн агуулах руу тээвэрлэн хуваарилах  зориулалттай. Энэхүү нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжийн 230 метр туузыг зургаан жилийн өмнө анх удаа бүтнээр нь сольсон  бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү шинэчиллээ. Элэгдэж хуучирсан туузыг сольсноор  тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм. Энэ ажлыг Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Механикийн  алба болон Механик-боловсруулалт ба бигнүүрийн хэсгийн ажилчид амжилттай гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хүдрийн агуулахын барилгын сэндвичин ханыг шинэчилж, элэгдэж муудсан баганыг сэргээн засварласан байна. 


                                                                                                                      Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс


 

   Орхон аймгийн Цагдаагийн газраас баяр наадмын үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөн, хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд зөрчил дутагдлыг илрүүлж арилгах ажлын хүрээнд явган болон дугуйт, морьт эргүүл гаргажээ. Ингэснээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах оновчтой алхам болсныг холбогдох албаныхан онцоллоо. Мөн “Зөрчил” арга хэмжээний хүрээнд гудамж талбайд шалтгаангүй архидан согтуурдаг иргэдийн бүртгэл судалгааг гаргаж эхэлжээ. Олон нийтийн тав тухыг алдагдуулдаг тэдгээр иргэдийг албадан эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Наадмын өдрүүдэд гэрээ эзэнгүй орхих, хээр хөдөө явах тохиолдолд хаалга үүдээ сайн цоожлох, үер усны аюулаас болгоомжлох, хүүхэд, багачуудаа хараа хяналттай байлгахыг анхаарууллаа. Цагдаагийн алба хаагчид баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хэв журмыг сахиулна.

И.Чинтогтох

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан баяр наадмын өдрүүдэд тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төлөвлөгөө гарган, шат дараатай ажлуудаа хийсээр байна. Тухайлбал, станцад дотоод системийн схем суурилуулах ажил 90 хувьтай явагдаж, дөрвөн сарын турш үргэлжлэх зуухны их засварын ажлын бэлтгэл хангагдаж байгааг албаны хүн хэллээ. Өнөөдрийн байдлаар Дулааны цахилгаан станц 50 мянган тонн нүүрс буюу 2 сар хүртэлх нөөцтэй ажиллаж байна. Станцын хамт олон өвөлжилтийн бэлтгэлээ хангах хүрээнд 20-иод ажил төлөвлөн, ирэх есдүгээр сарын 15-нд дуусгахаар ажилдаа оржээ.

И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог