Үйлдвэрлэл

   Орхон аймгийн баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Улс, аймгийн зэрэг цолтой 70 гаруй харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн харьяат, “Хангарьд” спорт клубын тамирчин, аймгийн мэргэн, сурын спортын мастер С.Чимэд түрүүлэв. Дэд байрт Баян-Өлгий аймгийн залуу харваач Б.Мөнхбат, гутгаар байрт Орхон аймгийн Онцгой байдлын харваач, аймгийн мэргэн, сурын спортын мастер Ш.Даваасүрэн нар тодорчээ. Өнөөдөр эрхий мэргэн харваачид маань халх сурын харваагаар цэцээ сорьж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 40 гаруй, хүүхдийн ангилалд 20 орчим харваач өрсөлдөж байгаа юм. Одоогоор хана харвааны өргийн найман сум тавьж дуусаад дунд өргийн харваа эхэлж байна. Энэ жилийн Орхон аймгийн баяр наадамд Аймгийн мэргэн, сурын спортын мастер, дэд мастер 11 хүн харваж байгаа бол бусад нь залуу харваачид байна.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс











Лхагва, 10 7-р сар 2019 00:00

Шагай харваачид залуужиж байна

   Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадамд шинээр бүл олонтой нэмэгдсэн төрөл бол шагайн харваа юм. Энэ жилийн Орхон аймгийн баяр наадамд 14 багийн 120 гаруй шагай харваачид оролцож байна. Үүн дотор Монгол Улсын гарамгай мэргэн гурав, Монгол Улсын мэргэн хоёр, Аймгийн мэргэн таван харваач цэцээ үзэж байгаагаас гадна 30 гаруй залуу харваачид өрсөлдөж байна. Энэ жилийн хувьд шинэ залуу харваачид олноор оролцож байгаа нь онцлог байв. Шагайн харвааны дүн маргааш гарна. Харин Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай багийнхан Улсын наадамд цэцээ үзэж байна. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс









   Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын азарганы уралдаанд 30 гаруй хурдан ажнай уралдсанаас аймгийн алдарт уяач Лхагвын Эрдэнэбатын сартай хээр түрүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн халтар, айргийн гуравт аймгийн алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бор, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн бор, айргийн тавд аймгийн алдарт уяач Аюушийн Энхтөрийн хонгор азарга тус тус айрагдаж хурсан олноо баярлууллаа.
   Их насны морьдын уралдаанд 50 гаруй хурдан ажнай уралдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Түмэн-Аюушийн Батмөнхийн бор түрүү магнай, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Пүрэвдоржийн Төртөвшингийн бөхөн бор, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ноймерын Цэрэндондовын зээрд, айргийн дөрөвт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Лувсанжамцын Батболдын богд шарга, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Батмөнхийн Золбоогийн хонгор халзан морьд тус тус айрагдлаа.
   Хязаалан насны морьдын уралдаанд 50 гаруй морьд уралдсанаас түрүү магнайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энхтэгшийн Мөнхболдын хүрэн, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэнчимэдийн Саруулын бор, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Сандагдоржийн Дүүрэнбаярын хүрэн халзан, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жамбалдоржийн Батсуурийн хүрэн, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Хишгээгийн Тэмүүжингийн халиун хурдлаа.
   Шүдлэн насны морьдын уралдаанд 40 гаруй хурдан ажнай уралдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Бямбаагийн Цэвээнсүрэнгийн зээрд түрүү магнай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ганжаргалын Зоригтбаатарын пээдгэр хээр аман хүзүүнд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мягмарсүрэнгийн Мөнхбатын хээр айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын уяач Мондооны Мөнхтөрийн хонгор айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Баттогтохын Гүенбаатарын пээдгэр хээр айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо баярлууллаа. 

А.Батбаяр
Фото: А.Батбаяр

   Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай үйлдвэрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртлээ.
   Тэрээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 20 жил ажиллахын зэрэгцээ, “Монголросцветмет” ТӨҮГ-т 13 жил, уул уурхайн салбарт 35 жилийн туршлага хуримтлуулсан чадварлаг инженер юм.
   Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Я.Пүрвээ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
   Ийнхүү Үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэрээс шинэ гавьяат төрж, уурхайчин хамт олны баяр дээр баяр нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дундаас 1973 оноос хойш төрсөн 45-дах гавьяат нь Я.Пүрвээ болж байна.

Э.Мөнх-Уянга

   Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн А/640 тоот тушаал гарлаа.
   Үйлдвэрийн газрын хамт олон 2019 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100.0-111.7 хувиар биелж, Улсын болон орон нутгийн төсөвт 570 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн амжилт дүүрэн ажиллалаа.
  Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааны түвшин нэмэгдүүлэхэд бүтцийн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт зэргийг харгалзан төлөвлөгөөнөөс давж биелсэн цэвэр ашгийн 10 хүртэл хувиар тооцон урамшуулал олгож байна.
   Улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт уурхайчдадаа Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

А.Бямбамаа

   Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн  2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Орхон аймгийн баяр наадам өнөөдөр эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэллээ. Эрлийз дээд насны морьдын уралдаанд 22 шандаст хүлэг тоосоо өргөлөө. Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Л.Эрдэнэбатын хүрэн халзан түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Р.Мягмардоржийн шарга удаалж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Тэмүүжиний хонгор, айргийн дөрөвт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Б.Батбаатарын бор хурдалсан бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Ганхуягийн сартай халтар айрагдлаа. Ийнхүү Хүрэн шандын хөндий дэх морь барианы газарт эрлийз дээд насны морьдын уралдаан амжилттай болж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.

А.Бямбамаа

Мягмар, 09 7-р сар 2019 00:00

Урианхай харваа эхэллээ

   Жил бүрийн Орхон аймгийн баяр наадам өвөг харваа буюу урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Энэ жил аймаг, улсын цол зэрэгтэй 30-аад харваач цэц сорьж байна. Монгол Улсын хүндэт мэргэн, спортын мастер, спортын дэд мастер, аймгийн мэргэн цолтой зургаан харваач манлайлан сум тавьж наадам эхлүүллээ.
   Урианхай сурын онцлог нь харваж байгаа бай буюу “чих” нь 350-450 грамм жинтэй, онох сум нь дунджаар 120 грамм жинтэй хүнд байдгаараа онцлог юм. Урианхай сурын харвааны дүн 20.00 цагт гарна.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс


 

   Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын Эрлийз дунд насны морьдын уралдаанд  27 хурдан ажнай хүлэг уралдсанаас Орхон аймгийн Жаргалант сумын уяач Батчулууны Батболдын хээр түрүүлж, Монгол Улсын манлай уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын сартай хүрэн аман хүзүүдэж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Алтангэрэлийн Баттулгын хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Артагийн Гантогтохын сартай хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн Отгонбаярын хул айргийн тавд хурдаллаа.
   Эрлийз бага насны морьдын уралдаанд 20 гаруй хурдан ажнай уралдсанаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халтар түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн Отгонбаярын хүрэн халзан аман хүзүүдэж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жаргалсайханы Оргилын хүрэн халзан, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Намууны Баярсайханы халтар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Данжаадын Гантөмөрийн сартай хээр айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Ийнхүү Орхон аймгийн баяр наадмын эхний өдрийн хурдан морьдын уралдаан ямар нэгэн осол авааргүй болж өндөрлөлөө.

А.Батбаяр
Фото: А.Батбаяр

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Барилга засварын цехэд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан тэргүүний сайчуудыг “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр өнөөдөр шагналаа. Барилга засварын цех нь Барилга засварын “РСЦ” ХХК нэртэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг байсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой уялдуулан бүтэц зохион байгуулалт хийгдэж, Барилга засварын цех нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамт олон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн барилга,  засвар, чимэглэлийн ажлыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэн оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт даалгавруудыг амжилттай биелүүлэн Улсын их баяр наадмаа угтаж байна. Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил хамт олноо манлайлан ажилласан Барилга засварын цехийн Зуурмагийн туузан дамжлагын операторчин Жигжидийн Жаргалсайхан, Цахилгаан ба хийн гагнуурчин Туваансүрэнгийн Сайнбаяр, Бетончин Ложоогийн Базардаргиа зэрэг арван ажилчин  Барилга хот байгуулалтын яамны шагнал “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

А.Бямбамаа

 

   Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн 79 иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа. Шороон гахай жилийн зуны адаг сарын шинийн зургааны билигт сайн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн горим, тооцооны инженер Ж.Бадмаараг, Авто тээврийн цехийн мастер Т.Бат-Эрдэнэ, Технологийн тээврийн аж ахуйн хэсгийн дарга Л.Ханддорж, белазын жолооч Т.Бүрэнцогт, гүүрэн кранчин С.Уранчимэг, Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяр, Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Н.Гантөгс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тэргүүлэх нягтлан бодогч Г.Отгонбаяр, Барилга засварын цехийн инженер, техникийн албаны дарга М.Пүрэвсүрэн, Ил уурхайн шатахуун цэнэглэх машины жолооч П.Төмөрбаатар, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ахлах тогооч Б.Уранчимэг, Чанар хяналтын хэлтсийн Чанар шалгагч Ц.Уранчимэг, Технологийн сургуулийн мастер Б.Хишигдарь нар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Харин Дулааны цахилгаан станцын машинч Л.Дэлгэрмаа, Засвар угсралтын цехийн цахилгаан механикч С.Сумъяабазар нар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртлээ.             

М.ОДГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог