Үйлдвэрлэл
Даваа, 08 4-р сар 2019 00:00

Эрсдэлийн үнэлгээ хийв

     “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд ашигладаг 73 цөмийн хэмжүүрийн цацраг үүсгүүрийн техникийн төлөв байдалд эрсдэлийн үнэлгээ хийв. Цаашид ашиглах боломжгүй цацрагийн үүсгүүрийг устгалд оруулах, бүрмөсөн шилжүүлэн хадгалалтад өгөх судалгааг гаргажээ. Мөн компанийн хэмжээнд өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх “Зөвшөөрөл” цаасан хэлбэртэй байсныг Баяжуулах үйлдвэрийн ХАБЭАлба, ХТМАЦ-ийн инженерүүд хамтран программ боловсруулан цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Т.БАТ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг үйлдвэрлэлийн зардал бууруулах, тоног төхөөрөмжийн найдвартай байдалд онцгой анхааран ажиллаж байна. Тус хэсэг оны эхний улиралд төлөвлөснөөсөө 150 мянган тонн хүдэр илүү хүлээн авч, 178 мянган тонныг давуулан боловсруулжээ.
     Энэ сард хоёрдугаар шугамын ММС2 тээрэм, ирэх зургаадугаар сард МПС2 тээрмийн хуяг солих ажил төлөвлөсөн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 2015 оноос хойш шат дараатай нэмэгдэхэд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээний чанар ихээхэн нөлөөлсөн гэж Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир онцоллоо.


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Эрд сүлж” компани хөдөлмөр хамгааллын 17 нэр төрлийн хувцас, хамгаалах хэрэгсэл оёж, 2017 оноос үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг баяжмалын уут нийлүүлдэг болсон. Ингэхдээ холбогдох хэлтэстэй хамтран ажиллаж захиалгын дагуу 100 мянган ширхэг баяжмалын уут үйлдвэрлэн, 6000 уут нөөцөлжээ. “Эрдэнэт” үйлдвэр баяжмалын уутаар дотоодын хэрэгцээгээ хангаснаар импортын бүтээгдэхүүнээс татгалзах, ажиллах хүчээ дэмжин урамшуулах, чанарыг эрхэмлэх зэрэг олон давуу тал гарч байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээр удирдуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэг хуралдаж, өнгөрсөн сарын ажлаа дүгнэхэд биелэлт бүрэн гарсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд үйлдвэрийн харуул хамгаалалтын ажлын байрны тохижилт сайжруулахад анхаарчээ. Энэ хүрээнд харуул хамгаалалтын шалган нэвтрүүлэх постуудыг үзэж, зарим байрыг шинэчлэх, байрлалыг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Ил уурхайд ашиглаж байсан харуул хамгаалалтын гурван байрыг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд зөөн, мөн шинээр гурван байр нэмж байрлуулсан байна. Харуул хамгаалалтын ажилтнуудыг мотоцикл болон ажлын шаардлагатай хэрэгслүүдээр хангаж, харуулын байрыг тохижуулах, сайжруулах зэрэг ажлыг цаашид иж бүрэн хийхээр төлөвлөжээ. “Эрдмин” үйлдвэр, “Ачит Ихт” компанийн дэргэдэх харуулын байр шинэчлэгдсэн бөгөөд тэдгээрийг уг компаниуд өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, хяналтын камер суурилуулсан байна. Мөн Ган бөөрөнцгийн цехийн орчимд буй хяналтын шаардлага хангахгүй, хуучин постын байрыг өөрчилж, засварлажээ.
     Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн автобусны чиглэлээс гэр нь хол, хувийн авто машинаар зорчдог ажилчдын постоор нэвтрэх журмыг өөрчлөн, шинэчилж байна. Хувийн автомашин болон албаны тээврийн хэрэгслээр зорчиж буй ажилчдын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллажээ. Үйлдвэрийн бүс дэх авто замын бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, гэмтэл засварын ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн сурагчдын зуны амралт эхлэх  хугацаа ойртсонтой холбогдуулан зуслан явах авто замын засварын ажлыг тавдугаар сараас эхлэх аж.

М.Балжинням

     Хуулинд худалдан авах ажиллагааны А3 сертификат эзэмшигчийг Тендерийн үнэлгээний хороонд ажиллуулах тухай заалт бий. Энэ сэдвээр “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Болдбаатартай ярилцлаа.

     -“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн “Тендерийн үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх буюу А3 сертификат эзэмшигч байна” гэсэн заалт “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн хэрэгждэг вэ?
      -“Эрдэнэт” үйлдвэр худалдан авалтын ажиллагаагаа “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн. Тиймээс үнэлгээний хорооны гишүүдийг чадамжтай байхыг шаардаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах олон тендер зарлагддаг. Тендерийн хуульд заасны дагуу үнэлгээний хорооны гишүүд А3 сертификат эзэмшигч байх ёстой. Гэтэл энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн буюу А3 сертификат эзэмшигчид хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа ажилтан ажиллагсад, тодорхой албан тушаалтнууд болон нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтныг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллуулах зайлшгүй шаардлага гарч, сертификат олгох сургалтыг жил бүр зохион байгуулж байна. Сертификатын хугацаа дууссан тохиолдолд давтан сургалтанд хамрагдаж, шалгалт өгснөөр хугацаа нь сунгагддаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд хугацаа дууссан А3 сертификат эзэмшигчид болон шинээр сургалтанд суух шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд ч байна. Иймд бид Хүний нөөц, цалин хөлсний хэлтэстэй хамтран өнөөдрөөс энэ сарын 7-ныг дуустал эхний ээлжийн сургалтаа зохион байгуулахаар боллоо.  

      -Энэ удаагийн сургалтанд хэдэн хүн хамрагдах вэ?
     -А3 сертификатын хүчинтэй хугацаанаас хамаарч жилд хамрагдах хүний тоо харилцан адилгүй байдаг. Хугацаа дууссан, шинээр сургалтанд хамрагдах шаардлагатай инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн нийт 115 хүн энэ удаагийн сургалтанд хамрагдана.

     -Хуульчдын оролцоо ямар байдаг вэ?
    -Манай хэлтсийн бүх хуульч А3 сертификатыг эзэмшиж байгаа. Ажил үүргийнхээ дагуу бид энэ ажилд зайлшгүй оролцох ёстой. Хуульчид үнэлгээний хороонд орсноор хуулийн хэрэглээг тайлбарлах, зөрчил гаргахгүй байх, үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны байх зэрэгт маш хариуцлагатай ханддаг. Энэ нь шүүх болон Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд үнэлгээний хорооны шийдвэр хуульд хэр нийцсэн бэ гэдгээр  дүгнэгдэнэ.

     -Үнэлгээний хорооны үйл ажиллагаа ямар зарчмаар явах вэ?
    -Дээрх хуулийн 47 дугаар зүйлд бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдол буюу Засгийн газраас баталсан босго үнийн хязгаараас давсан тохиолдолд Захиалагч үнэлгээний хороо байгуулна. Үнэлгээний хороо нь байнгын бус, хэн нэгний дарамт шахалтгүйгээр, хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн шийдвэрээ дийлэнхийн саналаар гаргадаг зарчимтай. Тендерт ирүүлсэн материалууд шаардлага хангаагүй, тендер шалгаруулалт амжилтгүй болвол үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн Захиалагч тухай бүрт хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг. Энэ зарчмаар л “Эрдэнэт” үйлдвэрт тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаж байна.  
     
     -Тендер шалгаруулалтын хугацаа ямар байдаг вэ?

     -Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендерийн материалыг уламжлалт буюу цаасан, цахим гэсэн хоёр хэлбэрээр авдаг. Тендерийн мэдээллийг тухай бүрт, хуулийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mn-д нээлттэй байршуулж, олон нийтэд зарлаж байна. Тухайн тендерийн хэлбэрээс шалтгаалан дунджаар хугацаа 75 хоног хүртэл үргэлжилдэг. Харин тендер шалгаруулалтын онцгой журмаар буюу хязгаарлагдмал, харьцуулалтын аргаар явагдаж байгаа тохиолдолд үргэлжлэх дундаж хугацаа богино байх талаар хуульчилсан байгаа.

      -Баярлалаа.


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

    “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтэс энэ онд үйлдвэрлэлийн техник, технологийн томоохон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж, ашиглалтын хугацаа богиносож буйтай уялдан техникийн шинэчлэл эрчимтэй хийх шаардлагатай болсныг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцлов. Тиймээс үйлдвэрийн тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах үүднээс 2019 онд зайлшгүй худалдан авах үндсэн хөрөнгийн жагсаалт гаргажээ.
     Мөн тус хэлтсээс жил бүр хоёрдугаар улирлын эхний сард нийт цех, нэгжүүдийн Үйлдвэр техникийн товчооны инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөвдүгээр сарын 16-17-ны өдөр хийхээр төлөвлөж байна. 2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад нэмэлтээр оруулах жагсаалт, захиалгын программд орох өөрчлөлт, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж буйтай холбогдуулан ашиглалтын зардлын дүн шинжилгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэр дөрөвдүгээр сарын 09-нд “Орхон аймгийн эдийн засгийн форум 2019” чуулганыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулах гэж байна. 2017 оны эдийн засгийн форумаар гадаад хамтын ажиллагааг онцолж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах боломжийг олгосон бол энэ удаа Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилтыг хэлэлцэх юм. “Орхон аймаг ба тогтвортой хөгжил” уриан дор зохиож байгаа эл форум нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, харилцан ашигтай түншлэл бий болгох зорилготой юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс уурхай дагасан хотын хэтийн хөгжлийг тодорхойлоход онцгой ач холбогдол өгч байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрлөөр 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн амжилтаар хоёрдугаар улирлын ажлаа эхэлж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт болон бусад үйл ажиллагааны талаар  Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийгөөс асууж, тодрууллаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны гуравдугаар сарын болон эхний улирлын үйлдвэрлэлийн ажлаа дүгнэж, дүнгээ гаргалаа. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт энэ хугацаанд ямар үзүүлэлттэй байсан талаар мэдээлэл өгнө үү?
     Бид дөрөвдүгээр сарын 1-ний өдөр маркшейдер хэмжилт хийж, таваарын балансаа бодож гаргалаа. Сар хаалтын хурлаараа 2019 оны гуравдугаар сар болон нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ дүгнэсэн. Гуравдугаар сард манай хамт олон үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөөт үзүүлэлтийг нэр төрөл бүрт 100 буюу түүнээс дээш хувиар давуулан биелүүллээ.
     Өнгөрсөн гуравдугаар сард бид уулын цул гаргалтын төлөвлөгөөг 106.1 хувиар давуулсан. Энэ нь  төлөвлөснөөс 123 мянган метр куб илүү уулын цул гаргасан гэсэн үг.  Хөрс хуулалтын хэмжээ 931.3 мянган метр куб буюу төлөвлөснөөс 86.9 мянган метр куб илүү байж, 100.3 хувиар давж  биеллээ. Хүдэр олборлолт 3 сая 123 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 92 мянган тонн хүдэр олборложээ. Өрөмдлөгийн хэмжээ 42200 тууш метр байв. Ингэснээр төлөвлөгөөнөөсөө 970 тууш метр илүү өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Ачаа эргэлтийн хувьд 18 сая 350 мянган тонн.км гүйцэтгэлтэй байсан нь төлөвлөгөөнөөс илүү 1 сая 450 мянган тонн км ачаа эргэлтийн ажил хийсэн дүнтэй байна. Баяжуулах үйлдвэрт 2 сая 737 мянган тонн буюу төлөвлөснөөс 95 мянган тонн хүдэр илүү боловсруулснаар биелэлт нь 103.6 хувьд хүрлээ.
     Хүдэр дэх зэсийн агуулга гуравдугаар сард 0.461 хувьтай, молибден 0.0174 хувьтай байсан. Харин зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.32 хувьтай, молибденийн металл авалт 54.60 хувьтай байв.
   Баяжмал гаргалтын хувьд, хуурай жингээр нийт 48657 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэснээр 1999 тонныг төлөвлөгөөнөөс илүү гаргаж, төлөвлөгөөт үзүүлэлт 104.3 хувиар давж биеллээ. Энэ сард молибдений баяжмал гаргалт өмнөх нэг, хоёрдугаар сартай харьцуулахад маш сайн үзүүлэлттэй гарсан. Сарын хугацаанд 192 контейнер молибден үйлдвэрлэж, 24 багцыг гадаад худалдаанд ачлаа. Цэвэр металлаар тооцвол зэсийн баяжмал дахь зэс 18143 тонн, молибдений баяжмал дахь молибден 260 тонн байсан нь зэсийн хэмжээгээр 412 тонн, молибденоор 71.5 тонныг  төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн байна. Сарын хугацаанд 779 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөснөөс 6 вагон илүү ачсан үзүүлэлттэй гарлаа.
     Ингээд 2019 оны эхний гурван сарын биелэлтийг улирлаар нь авч үзвэл, манай хамт олон төлөвлөснөөсөө 253 мянган метр куб уулын цул илүү гаргасан байна. 178.8 мянган метр куб хөрс илүү хуулж, 189.2 мянган тонн хүдэр илүү олборлолоо. Мөн Баяжуулах үйлдвэрт 219 мянган тонн хүдрийг төлөвлөснөөс илүү боловсруулжээ. Оны эхний 3 сарын байдлаар цэвэр зэсээр 962 тонн зэс зэсийн баяжмалд, 81 тонн молибден молибдений баяжмалд тус тус үйлдвэрлэлээ. Хэдийгээр оны эхний саруудад уул геологийн нөхцөл хүндрэлтэй байсан ч уурхайчид бид гуравдугаар сард амжилттай ажилласны үр дүнд алдагдлаа нөхөж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 буюу түүнээс дээш хувиар давуулан биелүүллээ. Нийт үйлдвэрлэлийн хамт олондоо 2019 оны гуравдугаар сар болон эхний улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, нэр төртэй ажилласанд баяр хүргэж, улам өндөр амжилт гаргахыг энэ дашрамд хүсэн ерөөе.

     -Оны эхний улиралд техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
   -Он гарсаар техник технологийн шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж буйг онцломоор байна. Тухайлбал, Ил уурхайд 12 метр кубын  багтаамжтай шанага бүхий ЭКГ- 12К маркийн экскаватор угсарч, ашиглалтад авахад бэлэн боллоо. ЭКГ-12К экскаваторын угсралтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс нэг сарын хугацаанд гүйцэтгэж, одоо 72 цагийн туршилтын тохируулгын ажлыг эхлүүлсэн. Шинэ экскаваторыг уурхайн мөргөцөгт нүүлгэж, аваачсан байгаа. Туршилт тохируулга бүрэн дууссаны дараа албан ёсоор хүлээж авахаар төлөвлөж байна. Мөн манай хамт олон Авто тээврийн байгууллага дээр тус бүр нь 40 тоннын даацтай хоёр ширхэг шинэ БелАЗ машиныг угсарч, ажилд нь гаргалаа.

    -Уурхайн уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд ямар өөрчлөлт гарч байна вэ? Тухайлбал, 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний онцлог юу вэ?
     -Мэдээж, уурхай гүнзгийрэх тусам бидний олборлон, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга жил ирэх тусам буурч байгаа. Үүнтэй холбогдуулаад бид техник технологийн  хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Юуны өмнө, манай уурхайчид зэсийн металл авалтын хэмжээг өнөөдрийн хүрсэн түвшингээс буулгахгүй байх зорилт тавиад ажиллаж байна. Өнгөрсөн онд бидний боловсруулсан хүдэр дэх зэсийн агуулга 0.48  хувьтай байсан бол энэ жил 0.461 хувь болж буурсан. Үүнийг дагаад үйлдвэрлэж байгаа баяжмал болон түүнд агуулагдах металлын хэмжээ багагүй түвшинд буурч байна. Тиймээс бид техник зохион байгуулалтын арга хэмжээ авснаар энэ оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд бид 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан бол 2019 онд 31.5 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

     -Өнгөрсөн 2018 онд бид бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, түүхэн дээд амжилтад хүрсэн гэж Ерөнхий захирал онцолж байсан. Гэтэл энэ амжилтаа ахиулах даалгаврыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгөөд байгаа. Үүнийг биелүүлэх боломж ямар байгаа вэ?
     -Бид аль болохоор 2018 оны амжилтыг бататгах зорилттой ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн чиглэлийг биелүүлэхийн тулд чармайн ажиллана. Түрүүн би хэлсэн, энэ онд 31.5 сая тонн хүдэр боловсруулах том зорилт бид өмнөө тавьсан. Уурхайчид бид нэг зорилготой гар сэтгэл нийлж ажилласнаар энэ зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

     -Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын “Онц дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай тушаал батлагдан, мөрдөж байгаа. Сахилга хариуцлага өндөр хэмжээнд ажиллахаар даалгасан уг тушаал хэрхэн хэрэгжиж байна вэ?
     -“Онц дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Ерөнхий захирлын тушаалын дагуу үйлдвэрлэл хариуцсан захирлаар батлуулсан ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Одоогийн байдлаар, үйлдвэрлэл техникийн ямар нэгэн сул зогсолтгүй, технологийн доголдол хоцрогдолгүй хэвийн үргэлжилж байна. Мөн үйлдвэрийн бүх цех нэгжийн удирдлагыг хамруулсан хариуцлагатай жижүүрийг амралт, баяр ёслолын өдрүүдэд хуваарийн дагуу ажиллуулж байгаа. Аливаа зөрчил дутагдалгүй хэвийн тогтвортой ажиллаж буйг дахин хэлье. 

      -Цаг үеийн ажлууд ямар явцтай байна вэ? Тухайлбал, хавар зуны бэлтгэл гэх мэт...?
     -Манай хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хавар зуны болон намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нэгтгэн гаргаж, биелэлтэд нь хяналт тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар, хавар зуны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр цех нэгжүүдэд ажлын чиглэл өгөөд байна.

     -Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны амжилт, ажлын бүтээмжид уурхайчдын ур чадвар, сэтгэл зүтгэл, залгамж чанар хамгийн гол хүчин зүйл болдог. Өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
     -Миний бодлоор, манай үйлдвэрийн уурхайчид ажилдаа эзэн болсон, мэргэшсэн хамт олон. Хэдийгээр ахмад үе маань гавьяаны амралтаа авч, хүний нөөцийн хөдөлгөөн ихэссэн ч дараагийн үеэр эгнээгээ тэлж байна. Багш шавийн барилдлага, мэргэшсэн инженер техникийн ажилтнуудынхаа  чадвар, туршлаганд тулгуурлан үйлдвэрлэл амжилттай үргэлжилж буйд сэтгэл өндөр явдаг. Түүнчлэн бид шинэ залуу ажилтнуудаа сургаж, дадлагажуулахад онцгой анхаарч байна. Товчхон хэлэхэд, манай үйлдвэр өндөр мэдлэг чадвартай хүний нөөцөөр хангагдсан гэж хэлж болно.


М.Балжинням  
 

 

     “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дотооддоо цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх болсноор өнгөрсөн онд 6.7 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажилласан байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний системд 8-9 тэрбум төгрөгийн ашиг өгснийг тус станцын  Ерөнхий инженер Д.Дарханбаяр мэдээлэлдээ онцлов.
     “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөж, ашиглалтад оруулснаар тус үйлдвэр Монгол Улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт зохих хувь нэмрээ оруулж байна.
      Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвөөс 2018  онд тус станцад 310 сая КВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх даалгавар өгчээ. Харин ДЦС-ын хамт олон бүрэн хүчин чадлаа ашиглан ажилласны үр дүнд нийт 321 сая КВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн эрчим хүчний системд 317 сая КВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлсэн байна. Ингэснээр төлөвлөгөөг 107 хувиар давуулан биелүүлжээ. Энэ онд тус станцын хамт олон 324 сая КВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэн, түгээх зорилт тавин ажиллаж байна.

М.Балжинням



 

     Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан, “Нэг хором хүлээ” уриан дор хэрэгжүүлсэн хөдөлгөөн нийгмийн салбар бүрт түгэж, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд идэвхтэй хамрагдсаар байна. Энэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөн бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн газар, Олон нийттэй харилцах албанаас хамтран “Нэг хором” хөдөлгөөнийг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Засвар механикийн завод

И.Тогтох

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог