Үйлдвэрлэл

     ХМТАЦ-ийн Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын алба нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн болон хэрэглэгчийн сүлжээ, үйлдвэрлэл, хүний нөөц, цалин хөлс, бараа үйлчилгээний захиалга зэрэг мэдээллийн нэгдсэн сан, эдгээр системүүд байрлах серверүүд болон цахим шуудангийн ажиллагааны мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг.
     Одоогийн байдлаар тус үйлдвэрийн албан хэрэгцээнд сүлжээнд холбогдсон 2000 орчим компьютер хэрэглэгдэж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн нийт хэрэглэгчийн компьютерийг вирусын халдлагаас нэгдсэн системийн тусламжтайгаар хамгаалах болсон. Энэ ажлын үр дүнд албан хэрэгцээний компьютеруудын вирусын халдлагад өртөх тохиолдол 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
     Байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдал нь ХМТАЦ болон түүний Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын албаны хариуцсан ажил байхаас гадна хэрэглэгч таны өөрийн эзэмшлийн компьютер, электрон шуудангийн аюулгүй байдал, түүнд хандах таны хандлагаас ихээхэн хамаарах зүйл юм. Иймд та бүхэнд мэдээллийн аюулгүй байдлын дараах зөвлөмжийг өдөр тутмын ажил, албан хэрэгцээндээ нэвтрүүлэн ажиллахыг зөвлөж байна.

     1. Ямарваа нэгэн нууц үг солих, мэдээллээ шинэчлэх, эрх дууссан гэх мэт агуулга бүхий шуудан огт илгээдэггүй бөгөөд ийм шууданг шууд устгаж байх
     2. Электрон шуудангаар ирсэн захианы илгээгчийн хаяг болон доторх агуулгатай маш сайн танилцсаны дараагаар шаардлагатай тохиолдолд ирүүлсэн холбоос дээр дарж танилцах, www.virustotal.com-р сэжигтэй файлыг нээхээс өмнө шалгуулах
     3. Шуудангаар ойлгомжгүй агуулга бүхий мэдээлэл ирсэн үед Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын албанд заавал мэдэгдэж шалгуулах
     4. Өөрийн албан хэрэгцээний компьютерт гадны этгээдийн зөөврийн диск, флаш зэрэг төхөөрөмжийг холбуулахгүй байх
     5. Таны компьютерт ямар нэгэн доголдол, асуудал илэрсэн тохиолдолд зөвхөн тус цехийн 73815, 71815 дугаарын утсанд дуудлага өгч асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг анхан шатны зөвлөмжийг хүргэж байна.

     Цаашид манай албаны зүгээс байгууллагын дотоод албан хэрэгцээний мэдээлэл зүй бусаар алдагдахаас сэргийлэх системийг нэвтрүүлэх, компьютер ашигладаг нийт ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалт тогтмол явуулах, тус сургалтын хөтөлбөрийг цаг үеийн байдалтай уялдуулан тогтмол шинэчилдэг байх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна.

Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын алба


 

Лхагва, 17 4-р сар 2019 00:00

СОНОРДУУЛГА

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Онцгой дэглэм” тогтоосон. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг бүхий “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д үүссэн маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээ байсан юм.
     Зургаан сарын хугацаатай хэрэгжих энэхүү тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтанд ажиллаж байгаа болно.
     “Онцгой дэглэм” хэрэгжих хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн тогтоохдоо дараах албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Үүнд:
     2.2 Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн үйл ажиллагааг тухайн компаниудад түр зогсоож, хяналт тогтоох арга хэмжээ авахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт;
     2.5 Онцгой дэглэмтэй компанийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийг дайчлан шаардлагатай арга хэмжээ авахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт;
     6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
     7. Энэ тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

     Иймд иргэд та бүхэн “Онцгой дэглэм” хэрэгжиж байгаа хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, арга хэмжээнд оролцож, бусдын өдөөн хатгалга, турхиралтанд автан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны байр, обьектуудад халдах, нэвтрэх гэх мэт   хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг хүсье.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
 ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог