Үйлдвэрлэл

     Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсгийнхэн оны эхний улиралд сайн саналын системд ажил сайжруулах чиглэлээр нийт 63 санал гаргажээ. Тус хамт олон өнгөрсөн онд энэ чиглэлээр 172 санал гаргаж байсан байна. Технологийн тээврийн хэрэгслийн засварчид он гарсаар засвар бага байгааг онцоллоо. “Техник үйлчилгээ цаг хугацаандаа чанартай хийгдэж байгаа нь урсгал засварын тоог цөөрүүлж байна. Сэлбэг хугацаандаа ирээгүйгээс засвар хойшлох хүндрэл гардаг ч технологийн тээвэр доголдох хэмжээнд хүрдэггүй” гэж хэсгийн дарга ярилаа. Одоогоор шинэчлэх шаардлагатай 130 тонны “он хөгширсөн” 10-аад белаз байгаа ажээ. Эдний бэлэн байдлын коэфциент 0.92 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт юм.  

М.ОДГЭРЭЛ

   

     “Эрдэнэт үйлдвэр” Засвар механикийн заводыг 2018-2032 онд өргөтгөн шинэчлэхээр зорьж, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийж байна. Энэ хүрээнд заводын удирдлага, ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд ОХУ-ын Выкса хотын Цутгуурын үйлдвэр, Мурмо хотын машин үйлдвэрлэлийн завод, Омск хотын “Газпром”-ын засвар механикийн заводтой тус тус танилцаад ирлээ. ЗМЗ-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг энэ үйлдвэрүүдийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл, төсөлд нэвтрүүлэх боломж, санаа авах зүйлсийг үзэж судалжээ. Орчин үеийн компьютер удирдлагатай суурь машин бүхий гадны үйлдвэрүүдээс бэлдцийн үйлдвэрлэлийг оновчлох, хаягдалгүй технологи бий болгох талаар туршлага судалжээ. “манай заводод нэвтрүүлэх гэж буй хүйтнээр хатууруулах холимгоор хэв барих технологийг дээрх үйлдвэрүүд цутгуурын үйлдвэрлэлд ашиглаж байна. Эдгээр  үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага бидний зорьж буйтай ойролцоо байна” гэж Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн онцлов. ЗМЗ-ыг өргөтгөн шинэчилснээр зөвхөн уул уурхайн төдийгүй эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх боломж өсөж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх аж.  

Я.Энх

     “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд цацрагийн ионжуулагч туяа үүсгэгч 175 тоног төхөөрөмж бүртгэлтэй байгаагаас цаашид ашиглах боломжгүй 50 гаруй цацрагийн үүсгүүрийг устгах, мөн шинэ төхөөрөмж захиалан авах шаардлага гарчээ. Үүний дагуу Ерөнхий захирлын энэ оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А223 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудлыг уялдуулан зохицуулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 12-ны өдөр анхны хуралдаанаа зохион байгуулж, 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар тус ажлын хэсгийнхэн Цөмийн энергийн комисс, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн ирэх улиралд Баяжуулах үйлдвэр дээр ослын дадлага сургуулилт хийж, үйлдвэрийн хэмжээнд 75 хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

    

   

   

  

     Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Манжуур хотын эдийн засаг, худалдааны өдрүүд”-ийг ирэх тавдугаар сард Орхон аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Орхон аймгийн хувьд 2014 оноос Манжуур хоттой эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллаж, хотуудын найрамдалт харилцааг эрхэмлэсээр ирсэн. Эрдэнэтийн жижиг, дунд бизнес эрхлэгчид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотноо “Эрдэнэтийн өдрүүд”-ийг амжилттай зохион байгуулж, гадаад худалдааны үр өгөөжийг хүртжээ.  

     БНХАУ-ын аялал жуулчлалын гол бүсэд тооцогдох Манжуур хот нь байршлын хувьд гурван улсын хилийн заагт оршдог. Өвөрмөц содон шийдэлтэй барилга байгууламж, уран нарийн хийцтэй баримлууд, өнгө өнгийн гэрлэн чимэглэл гээд тодотгох зүйл олонтой энэ хот Хятадын хуурай замын хамгийн том боомт гэгддэг.

И.Чинтогтох

     “Эрдэнэт үйлдвэр”, МУБИС-ийн Сэтгэл судлал, боловсрол, арга зүйн тэнхимтэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагсдаа чадавхжуулж, багшлах эрх олгох сургалт зохион байгууллаа. Технологийн сургууль дээр тав хоног үргэлжилсэн энэ удаагийн сургалтад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ХАБЭА-н инженер, техникийн 30 ажилтан, бүтээмж, инновацийн чиглүүлэгч 10 менежер хамрагдаж байна. “Эрдэнэт үйлдвэр” боловсон хүчнээ чадваржуулж, дадлага туршлагатай болоход анхаарснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бүтээмж, инновацийн сургалтын чанар сайжрах юм. МУБИС-иас хүрэлцэн ирсэн доктор, профессорууд эхний шатанд хичээл заасан бөгөөд 45 хоногийн хугацаанд өөр багш нар уригдан ирж, сургалтаа үргэлжлүүлнэ гэдгийг онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид 2019 оны дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Тодруулбал, уулын цул гаргалтын төлөвлөгөөг 59,5 мянган тонноор, хөрс хуулалтын төлөвлөгөөг 68,97 мянган куб метрээр давуулжээ. Мөн металл авалтын төлөвлөгөөг 100.2, молибдений металл авалтын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлэв. Ингэснээр 37,6 тонн цэвэр зэс, 5,6 тонн цэвэр молибдени үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр нийт 16189 тонн зэсийн баяжмал гадаад худалдаанд гаргалаа.

     Үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж биелэхэд экскаватор нэмж ашиглалтад оруулсан, Баяжуулах үйлдвэрийн тээрмийн засварыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн, хүдрийн дундажлал тогтмол байсан нь эерэг нөлөө үзүүлжээ.

М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр нийт 32.6 га талбайг нөхөн сэргээж, 30 гаруй мянган мод тарьжээ. Энэ нь дахин ашиглагдахгүй овоолго буюу зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай ойр орчмын бүх талбайд байгалийн унаган төрхийг нь буцаан авчирсан гэсэн үг. Уурхайн орчим дахь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах бодлогын хүрээнд тус үйлдвэр жил бүр 120 мод шилжүүлэн суулгах, шинээр нэмж тарих ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн мод бут суулгаж тарихын зэрэгцээ тогоруу, туулай, үнэг, хярс зэрэг байгалийн зэрлэг ан амьтдыг нутагшуулсан нь стандартын түвшинд сайн хийгдсэн нөхөн сэргээлт гэж олон улсын байгууллагаас үнэлэгджээ. 
      Мөн үйлдвэрийн бүсэд  “Ногоон төгөл” байгуулж, гуч гаруй  нэр төрлийн хорин мянган мод тарьсан байна. Тус үйлдвэрийн цех нэгжүүд эдгээр мод суулгацын арчилгаа, усалгааг хариуцаж, өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд уурхайчин бүр гар бие оролцдог гэдгийг “Ногоон төгөл”-ийн ажилтнууд ярив. Цаашид Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг зөвхөн үйлдвэрийн бүс нутгаар хязгаарлахгүй Эрдэнэт хотын ойр орчимд ч хийхээр төлөвлөж байна.

М.Балжинням

     Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллаж, хөтөлбөрт тусгагдсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудтай харилцан санал бодлоо солилцлоо. “Орон нутгийн удирдлагуудын өргөн бүрэлдэхүүн анх удаа Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, ажил хариуцсан албаны хүмүүс асуудалтай газар дээр нь танилцаж, хамтын шийдэл гаргаж буй нь үр дүнтэй боллоо” гэж тэрээр онцолсон. Засаг дарга түүний багийнхан хоёр дахь өдрөө Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехээр орж, үйлдвэрийн удирдлагуудын хамт Орхон аймагт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Усны өр төлбөрийн асуудлыг ажлын хэсэг байгуулан шийдэхээр болов

     Олон жил дамнан шийдэгдээгүй ирсэн хот, үйлдвэр хоёрын хоорондох усны өр авлагын асуудлыг шийдэж, нэг мөр болгох нь аймгийн Засаг даргын “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах хөтөлбөрийн чухал хэсэг нь байв. Эрдэнэт үйлдвэрийн  Эрчим хүчний цех Сэлэнгэ мөрний хөвөөнд орших гүний худгаас гурван ус өргөх станцаар дамжуулан,  хуримтлуулж  Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймагт ус түгээдэг. Үүнээс бохир усыг хот болон үйлдвэрийн бүсээс татан зайлуулж, цэвэрлэсэн бохир усыг зарим тохиолдолд Хаягдлын аж ахуйн даланд тунгаах эсвэл гол руу хаяж ашигладаг юм. Мөн тунгаасан усыг буцаагаад эргэлтийн усны насосны станцаар шахаж, Эрдэнэт үйлдвэрийн технологийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тус цех жилд үйлдвэрийн бүсэд 4.3 сая шоо метр куб ус буюу Сэлэнгэ мөрнөөс татаж авчирч буй нийт усны 17.1 хувийг гурван шугамаар Эрдэнэт хотын хэрэгцээнд хүргэдэг. Ингэхдээ ус дамжуулах зардал, үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр хариуцаж ирсэн байна. Ийм  үйл явцаар дамжуулж байгаа  нийт усныхаа 50 хувийг нь орлого болгон авч чадаагүйгээс Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хооронд усны алдагдал, өр төлбөрийн асуудал үүсчээ. Энэ асуудлаар үйлдвэр болон  хотын “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн зүгээс олон удаа ярилцаж, асуудлыг шийдэхээр оролдсон ч өнөөг хүртэл гарц олоогүй байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар ус дамжуулалтын өр авлага 3.5 тэрбум байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 5.1 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

     Тус уулзалтад Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь оролцож, төр засгийн зүгээс шийдэж болох боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн. Ус дамжуулах, түгээхэд гарч буй зардал, хэрэглээний тарифыг зөв болгох, багасгах зэрэг боломжит гарц хайж, хоорондоо зөвшилцөх нь хамгийн зөв шийдэл болно гэдгийг тэрээр онцолж байв.

     “Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэлх татаж авчрах хос шугам хоолойнууд 40 гаруй жилийн насжилттай болсны улмаас нимгэрч, усны даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрч байгаа. Иймээс гурав дахь шугамыг шинээр татах шаардлага тулгарсныг албаны хүмүүс анхаарах ёстой. Энэ бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, хотод ч тулгамдаж буй асуудал. Тиймээс  төр засаг болон орон нутгийн  дэмжлэг туслалцаа ч хэрэгтэй буй” гэдгийг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн.  Хамгийн чухал нь усаа татаж авчрах технологи. Техник, тоног төхөөрөмж, аюулгүй найдвартай ажиллах ёстой гэж тэрбээр анхаарууллаа.

     Хоёр талын удирдлагууд олон талаас нь ярилцаж, санал солилцсоны эцэст эл асуудлыг нэг мөр болгохын  тулд гурван чиглэлээр ажиллах шийдэл гаргасан. Үйлдвэр, хотын хамтарсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг үе шаттай шийдэх, хуульд заасны дагуу ус дамжуулах, түгээх шугамын ялгаа, хил хязгаар тогтоосноор усны алдагдал гэх ойлголтыг цэгцлэх, алдагдал багасгах, ус хангамжийн ажлын 50 гаруй хувийг эзэлдэг цахилгааны төлбөрийн өртгийг  ахуйн хэрэглээний тарифаар тооцох боломж нээх, өөрөөр хэлбэл зөв тариф хэрэглэх, ус татуургын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хөрөнгө оруулалтын асуудал ярилцах зэргээр хамтарч ажиллахаар боллоо.  


Хотын гудамж талбайн үзэмж хамтран сайжруулж, шинэ Бөхийн өргөөний барилгыг барьж дуусгана

      Гурван замын постноос Эрдэнэт хот руу орж ирэх авто замын дагуух тохижилтыг сайжруулж, зурагт самбаруудыг шинэчлэн байрлуулах чиглэлээр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллана. Хотын төв зам дагуух өнгө үзэмжгүй, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах, шинээр өлгөх ажилд техникийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Хотын төв хүртэлх авто зам дагуу Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, бахархалт түүхийг харуулсан гурван самбарыг шинэчилж, Эрдэнэт хотод барьж байгуулсан үйлдвэр, үйлчилгээний газруудын жагсаалт бүхий түүхэн самбарын өнгийг сэргээн засварлах ажлуудыг ойрын хугацаанд хийхээр болов.

     Мөн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 1232 айлын орон сууцны 1А цогцолбор хороолол, Бөхийн өргөөний барилгын ажлыг даруй шийдвэрлэх талаар санал солилцов. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн  асуудлыг шийдээгүйн улмаас зогсоод буй уг барилга байгууламжийг барьж дуусгах нь энэ оны том зорилт гэдгийг Засаг дарга Д.Батлут ярив. Энэхүү 1А цогцолбор хорооллын дэд бүтцийн  асуудлыг шийдвэрлэхэд нийт 16 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.  Ойрын хугацаанд  шийдвэрлэх боломж байгаа эсэхийг тал талаас нь судалж, эхний  хөрөнгө оруулалтын тооцоог гаргах, хурдан эхлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг удирдлагууд зөвшилцлөө. Бөхийн өргөөг ашиглалтад оруулснаар Эрдэнэтчүүд чөлөөт цагаа өнгөрөөх бас нэгэн шинэ газартай болох юм.  


Соёл амралтын хүрээлэнд 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

     Орхон аймгийн Цагаанчулуут багийн урд хэсэгт 20 га талбай бүхий “Эрдэнэт” соёл амралтын хүрээлэн баригдаж байна. Энэ бүтээн байгуулалтад Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн загвараар баригдах соёл амралтын хүрээлэнгийн инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж дуусчээ. Тус цогцолборыг улс болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан барьж дуусгах ажээ.

 


Бүтээн байгуулалтын ажлуудын нээлт 5 сарын 1-ний өдөр болно

      Эрдэнэт үйлдвэр 2019 оныг “Хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалтын жил” болгохоор зорьж, нээлтийн үйл ажиллагааг ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, энэ онд томоохон  бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, технологийн төслүүд хөдөлж эхлэх юм. Харин энэхүү нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 1-ний өдрийг Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны бүтээн байгуулалтын ажлын нээлтийн өдөр болгох санаачилгыг аймгийн удирдлагын зүгээс гаргаж, талууд санал нэгдлээ. Ингэснээр  Эрдэнэт үйлдвэрт техник, технологийн шинэчлэл, Орхон аймагт нийгмийн хөгжлийн хоёрдахь ээлжийн  бүтээн байгуулалтын ажлын эхлэл зэрэг тавигдаж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог