Үйлдвэрлэл
Даваа, 11 3-р сар 2019 00:00

Химийн олимпиад боллоо

      Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Билэгт өргөө” сургууль анх удаа санаачлан, химийн улсын анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүгийн нэрэмжит болгон химийн хичээлийн бага олимпиадыг зохион байгууллаа. Сорилгод аймгийн ЕБ-ын бүх сургуулийн 8-11-р ангийн 190 гаруй сурагч оролцов. 4, 14-р сургууль болон Технологийн сургуулийн дэргэдэх эчнээ сургуулийн сурагч, багш нар тэргүүн байруудыг эзэлсэн.



 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, эрдмийн уурхай - Технологийн сургууль, Герман улсын уул уурхайн технологи, тогтвортой хөгжлийн институтын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Герман улсын Засгийн газрын 1,8 сая еврогийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн технологийн хаягдлаас бий болсон Хаягдлын аж ахуйн өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлж, шинж чанарыг судлан, уурхай хаагдсаны дараах нөхөн сэргээлтийн талаар судалгаа хийгдэх юм.


                                 У.Цэрэнбат

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан баялаг бүтээгчдийн эгнээнд хөдөлмөрлөж яваа уурхайчин бүсгүйчүүдээ магтан дуулахыг хүслээ. Бүсгүй хүн уул уурхайн хүнд техникийг чадмаг жолоодож, баяжуулах үйлдвэрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахыг харахад бахдам, бас омогшим. Чадвартай, мэргэжилдээ эзэн болсон ийм л 2000 эмэгтэй Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн болоод хэтийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явна. Тэдгээр сайхан бүсгүй, сайн ээж, шилдэг уурхайчиддаа зориулан Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найраг Дамбийн Дашдондов нэгэн шүлэг тэрлэсэн нь “Уурхайчин бүсгүй” юм. Энэ шүлэг дуучныхаа захиалгаар “амилж”, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Бадарчийн Бямбаярын ая оруулснаар 2018 онд анх удаа тайзан дээр эгшиглэсэн билээ.
     Эрдэнэбатын Номинчимэг гэх эгэл даруухан уран сайханч, дуучин бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын төлөөлөл мөн. Түүний аав, ээж хоёр мөн л уурхайчин. Гэхдээ тэд урлагт элэгтэй уран сайханч гэр бүл байснаар охиныхоо бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтыг “Уурхайчин бүсгүй” хэмээн нэрийдсэн гэдэг. Алив дуу эзнээ олж, ая дан нь таарснаар олны сонорыг мялаасан, түмэнд түгэх дуу төрдөг учиртай. Тийм л жимээр “Уурхайчин бүсгүй” дуу түмэнд түгжээ. Өнгөрсөн онд Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд32 уурхайчин бүсгүй энэхүү дууг дөрвөн өнгө салгаж дуулсан нь сонин, содон үйл явдал болсныг үзэгчид онцолж байсан. “Уурхайчин бүсгүй” дуу өнөөдөр ч эгшиглэж, уянгат хөг аялгуу нэмсээр байна.
     Бүсгүйчүүдийн баяр тохиож буй энэ өдрүүдэд дуу төрсөн дурсамжаас хуваалцаж, Дамбийн Дашдондов багштай уран бүтээлийн талаар цөөн хором ярилцаж суухад тэрээр, “Би сурган хүмүүжүүлэх багшаар 15 жил, Эрдэнэт үйлдвэрт 12 жил, дараа нь “Уурхайчин” соёлын ордонтой хувь заяагаа холбож 5 жил ажилласан байдаг юм. Энэ хугацаанд уурхайчдын дунд хөдөлмөрлөж явсан үеэ бодон бодон “Уурхайчин би” дуугаа 1996 онд бичиж байлаа. Харин “Уурхайчин бүсгүй” дууг Э.Номинчимэг маань их эвтэйхэн дуулж олонд хүргэсэн. Ая нь ч тэр, дуулалт нь ч тэр их аятайхан болсонд баярлаж явдгаа хөгжмийн зохиолч, дуучин хоёртоо уламжилъя. Энэ дуу маань “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” уралдаанд эхний аравт шалгарч байсныг тодхон санаж байна. Ер нь хаа газар дууг минь дуулаад явж байгаа уурхайчдаа харах их сайхан. ЗМЗ-ын хэсэг залуус Сутай хайрханд авиралт хийж, оройд нь гараад “Уурхайчин би” дуугаа дуулсныг сонин дээрээсуншаад сэтгэл их догдолж билээ. “Уурхайчин бүсгүй” дуугаа бүсгүйчүүд маань дуулж байгаасай гэж хүсдэг” хэмээсэн.
     Яруу найрагч хүн аз жаргалыг уран бүтээлийн олз омог, түүн дундаа олны хүртээл болсон бүтээл бүхнээсээ хүртдэг нь лавтай. 2018 онд “Сэтгэлийн урлан” шүлгийн түүврээ хэвлүүлсэн Д.Дашдондов багш урын сандаа 270 орчим дуутай.Тэрээр хамгийн сүүлд Халх голын сэдэвт хүүхдийн найрал дуун дээр ажилласан бөгөөд энэ сарын 15-нд ЦДБЭЧ-ын нэгдсэн тоглолтоор олонд хүрэх ажээ. Оюуны уурхай гэгддэг Эрдэнэт хотод маань авьяаслаг уран бүтээлчид олон байдаг нь сайшаалтай. Дашрамд сонирхуулахад, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооноос “Шилдэгийн шилдэг бүтээл” өргөмжлөл хүртсэн “Бөртэ” хөгжимт драм, Монголдоо анхны фольк дуурь буюу түүхэн язгуур дуурь гэж нэрлэгдсэн “Есүхэй”, “Ану хатан” дууриуд Эрдэнэтчүүдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаасан.Эдгээр бүтээл мөн л зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондов, хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов нарын хамтарсан томоохон уран бүтээл юм. “Есүхэй” буюу “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны шилдэг бүтээлээр шалгарч байсан. Уран бүтээлийн тухай хүүрнэсэн яриа ийм.
     Ингээд уул уурхайн салбарт нэр төртэй ажиллаж яваа бүсгүйчүүддээ зориулан “Уурхайчин бүсгүй” дуугаараа баярын мэнд хүргэе.

Амьдрал дэвжээсэн уурхайгаа
Алдар нэр шигээ хайрладаг аа би
Ачийг нь зүтгэлээр хариулахаар
Агшин бүрийд хичээдэг ээ би
   Уурхайчин бүсгүй бидний
   Утга төгөлдөр амьдрал энэ ээ
   Уурхайчин бүсгүй миний
   Уйдаа нь үгүй дуу минь энэ ээ
Эрдэнэ ундраах үйлдвэрээ
Эцгийнхээ нэр шигээ хайрладаг би
Эрдэм дөрөөлсөн ажлынхаа
Эзэн байхыг хичээдэг ээ би
   Хамгаас сайхан мэргэжлээрээ
   Хаана явлаа ч бахархдаг аа би
   Халуун сэтгэлийн түшигтэй
   Хамт олондоо баярладаг аа би
Харцанд уусдаг ханийнхаа
Хайрын сайханд жаргадаг аа би
Энхрий хөөрхөн үрсийнхээ
Ирээдүйн сайханд итгэдэг ээ би


И.ЧИНТОГТОХ

Пүрэв, 07 3-р сар 2019 00:00

"Эрдэнэтийн эмэгтэйчүүд"

Гэрэл зурагчин Б.БАТТӨГС

     Олон хүний зүрхэнд уярал ухаарлын оч бадрааж, урсах нулимсны мэлмэрээ нь хайрынх гэдгийг харуулсан “Ижийдээ захидал бичээрэй” уралдааны нэгдсэн дүнг танилцуулсан баярын нэвтрүүлэг амжилттай зохиогдлоо. Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил 80 гаруй захидал иржээ. Хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн талархалын захидал болоод ээжтэйгээ өнгөрүүлсэн гэгээн дурсамжаа хуваалцсан бодрол ухаарлын захидал ч энд байсан. Тэдгээр элдэв маяггүй хэрнээ ижийгээ хайрласан утга төгөлдөр захидлуудыг “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчид “амилуулж”, уригдан ирсэн зочдод уран сайхнаар уншиж өгсөн нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.
     Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд зохиогдсон энэхүү захидлын уралдааны шүүгчээр Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухааны доктор, яруу найрагч, зохиолч Ж.Баатархүү, ОНХА-ны Ерөнхий редактор Ч.Бадрал, “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч Я.Энхтуяа нар уригдан оролцож, шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулсан байна. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Нийтийн хоолны хэсгийн нярав Э.Сугар, ХМТАЦ-ийн ажилтан Б.Солонго, Баяжуулах үйлдвэрийн Инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг нар эхний гурван байрт шалгарч, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, өндөр настан Ц.Балдорж, Технологийн сургуулийн багш Б.Алтансанаа нар удааллаа.
     Өнгөрсөн жилийн уралдаанд 50 орчим захидал ирж байсан бол энэ жил уралдааны цар хүрээ өргөжиж, үйлдвэрийн ажиллагсдаас гадна Орхон аймгийн иргэд, хүүхэд багачуудаас олон захидал ирүүлснийг зохион байгуулагчид онцолж байна. “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд ирэх жил заавал оролцоно гэсэн гэгээн бодол тээсээр танхимд цугласан үзэгчид маань нэвтрүүлгээ өндөрлөлөө. Урсах нулимс дотоод сэтгэлийн илэрхийлэл байдаг гэдэгсэн. Олон олон хүнд тийм нэг гэгээлэг өдрийг бэлэглэсэн, уралдааныг санаачлан зохион байгуулагч Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч П.Энхтуяад талархах нь зүй билээ. Ээж бүхэн энх жаргалтай байж, бүүвэйн дуугаараа бүх дэлхийг уяраах болтугай.

И.ЧИНТОГТОХ

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Уурхайчин соёлын ордон хамтран “Дархан бэр” алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээр овоглодог 60 гаруй ээж оролцож, “Дархан бэр”-ийн одон гардсан юм. Монголчууд эрт дээр үеэс гурван хүү төрүүлж өсгөсөн ээжүүдийг хүндэтгэн  “Дархан бэр” хэмээн өргөмжилж  ирсэн уламжлалтай.  Энэ нь Монгол эр хүнийг дээдлэх ёс, үзэл санаатай холбоотой гэж үздэг аж.
     “Дархан бэр”-ийг алдаршуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн Баян-өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг уншиж танилцуулав. Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж буй гурван хүү төрүүлж өсгөсөн ээжүүдэд  уг тогтоолын дагуу “Дархан бэр”-ийн энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл, Уурхайчин соёлын ордны захирал Д.Буянжаргал болон “Дархан бэр”-ийн хадам талын төлөөллүүд хүндэтгэлтэйгээр гардууллаа. Ёслолын ажиллагаанд Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид, Орхон аймгийн авяаслаг сурагчид  ая эгшгийн түрлэг өргөж, ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлэв.  

 

 

     Өнөөдөр Монгол улсад тогтмол хэвлэл үүсч хөгжсөний буюу Үндэсний сэтгүүл зүйн шан татсан өдөр. Тэртээ 1913 оны 3 дугаар сарын 6-нд “Шинэ толь  бичиг” хэмээх  сонинг Монголчууд өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараар бие даан эрхлэн гаргаж эхэлсэн  өдрийг Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүссэн түүхэн өдөр хэмээн үздэг. Тэгвэл өнөөдөр манай улсад сэтгүүл зүйн салбар өөрийн түүхээ бичсээр 106 дахь жилтэйгээ золгож байна. Монголын ууган тогтмол хэвлэл болох “Шинэ толь бичиг” сонин нь үндэсний дэвшилтэт ардчилсан үзлийг номлодог, соён гэгээрүүлэх шинжтэй байв.  Монголын соёлын түүхэнд анх удаагийн үзэгдэл болсон уг сонин манай оронд сэтгүүлзүйн үндсийг тавьж, жирийн олны эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болох, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж, олон нийтийн дунд шинжлэх ухааны эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж тухайн цаг үеийн хүнд нөхцөлд хэнээс айлгүй үнэн үгийг шууд хэлж, харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй ажиллаж байснаараа түүхэн ач холбогдолтой гэж сурвалж бичигт тэмдэглэжээ.
     Цаг хугацаа улирч, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхийн хэрээр сэтгүүл зүйн чиг хандлага, сэтгүүлчдийн өмнө тавигдах шаардлага ч хувьсан өөрчлөгдөж байна. Нийгмийг эрүүлжүүлэх эмч хэмээн нэрлэгддэг сэтгүүлчид өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, ард түмнийг соён гэгээрүүлэгч, зөв хандлага, жишгийг түгээгч болох ёстой. Нэг талаас энэхүү үүрэг хариуцлага, нөгөө талаас шударга ёсны дуу хоолой байх өндөр шалгуур үзүүлэлт орчин цагийн сэтгүүлзүйн хөгжил, сэтгүүлчийн чадварыг тодорхойлох шинэ цаг үе нэгэнт иржээ. Тиймээс үндэсний сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхижуулах том зорилт ч мэргэжлийн байгууллагуудын өмнө тавигдаж байна. Энэхүү шаардлагыг сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй хэн бүхэн биелүүлж, шинэ цагийн шинэ төлөв байдал руу идэвхийлэн зорих учиртайг түүхэн ойн өдөр эргэн сануулах нь зүйтэй юм.
     Ингээд үндэсний хэл соёлоо дархалж, эх орондоо гэрэл гэгээт мэдээллийг түгээх үйлсэд хүчин зүтгэж буй хэвлэл мэдээлэл болон сэтгүүл зүйн салбарын бүх ажилтнуудад Монголын Үндэсний сэтгүүлзүйн салбарын 106 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс нь гэгээн байх болтугай.     

 

     “Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадам нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын урлаг, уран сайхны нэг томоохон ажил төдийгүй Орхон аймгийн хэмжээнд зохиогддог хаврын баяр болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. Ой тохиосон онцлог жил хэмээн зохион байгуулагчид ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд орон нутгийнхаа өсвөр, дунд, ахмад үеийн бүжигчдийг нээлттэй урьж оролцуулах юм. Тус наадмыг санаачлан, 25 жил тасралтгүй зохион байгуулсан “Уурхайчин” соёлын ордны Соёл олон түмний секторын эрхлэгч, Орхон аймгийн Бүжгийн спортын "Оюу" холбооны тэргүүн, Монголын Бүжгийн спортын холбооны хүндэт Ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулуунаас цэнгээнт бүжгийн хаврын баярын талаар тодрууллаа.

     -Энэ онд 25 жилийн ой тохиож байгаа гэхээр их онцлог жил болох нь. Оролцогчдод хүлээлт их байгаа байх. Ямар ажлууд төлөвлөж байна вэ?
     -Зохион байгуулагчдын зүгээс ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа. 25 жил гэдэг хүний амьдралаар бодоход бага хугацаа биш шүү дээ. Тиймээс юу хийвэл баяр ёслолын байдалтай харагдаж, хүмүүсээ хүлээн авах вэ, баярын хурлаа яаж хийх вэ, үе үеийн багш нараа хэрхэн алдаршуулах вэ гээд бодох, баримтат киногоо хийх олон ажил ундарч байна. Бусад ойгоос юугаараа ялгарах вэ гэсэн онцлогийг л гаргаж ирнэ.

     -Наадмын товлосон хугацаа хэдийгээр байгаа вэ?
     -Бэлтгэл ажлаа хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн хүртэл наадмаа үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

     -Бүжгийн спорт гэдэг ойлголтын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
     -2001 онд Эрдэнэтийн бүжгийг спортын төрөл рүү оруулж байлаа. Бүжгийн спорт гэдэг нь Олон улсын ангилалд шилжсэн, бүжгийн дүрэм журмыг хэлээд байгаа юм. Энэ стандарт руу оруулж ирэхэд хувцас, алхалтын хэмжээ дамжаа нь хүртэл өөр байх жишээтэй. Анх ОХУ-аас энэ стандартыг оруулж ирэхэд 7 жилийг зарцуулсан. Өнөөдрийг хүртэл Монголын бүжгийн спортын холбоо бидэнтэй хамтран ажиллаж байна. 20-иод жилийн өмнө байгуулагдсан энэ холбоо Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатарын дүүргүүдийн клуб дээр бүжгийн спортыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн. Залуучуудыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй тэр баг хамт олны хүч хөдөлмөрөөр Эрдэнэт маань бүжгийн олон хамтлагтай болсон. Мөн Монголдоо “Эрдэнэтийн бүжиг” гэж дуудуулах хөгжлийн замналтай болжээ.

     -Таныг Эрдэнэт хотод бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай ажилд сэтгэл оюунаа чилээж явааг олон хүн мэднэ. Энэ урлагийн суурийг тавьсан он жилүүдээ эргэн нэг дурсахгүй юу?
     -Уурхайчин соёлын ордон 1978 онд байгуулагдсан. Тухайн үед ажиллаж байсан багш нар маань эстрад дуу, хөгжим, бүжгийг цогцоор нь хөгжүүлж явсныг бид мэднэ. Гэхдээ тухайн үед 2-4 хостой, тухайн нийгэмд шаардагдсан тавилт бүхий сэдэвчилсэн бүжгүүд байснаараа цэнгээнтээс ялгардаг. Цэнгээнт бүжиг буюу бүжгийн спорт гэдэг ойлголт гарч ирснээр яг 25 жилийн нүүр үзэж байна. Энэ бол бага хугацаа биш. Тасралтгүйгээр энэ том урсгал, давалгааг авч явна гэдэг хүнд хэр нь хариуцлагатай ажил байсан. Бүхэл бүтэн бүжгийн арга барилыг хүнд эзэмшүүлж, мэргэжлийн бүжигчний түвшинд хүртэл үе шаттайгаар хөгжүүлнэ гэдэг амаргүй ажил. Яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого боловсруулахаас эхлээд хэчнээн насны ангиллаар, ямар бүжгээс эхлэх, тэмцээнийг явуулах бэлтгэл ажлын хүрээнд хэдэн сар хангалттай вэ, багш нараа хэрхэн бэлтгэх, яаж уралдаан тэмцээнээ зохион байгуулах, хэрхэн шалгаруулж урамшуулах, хувцас нь шинэчлэгдэх үү, дэлхий нийтээрээ ямар урсгалыг сонирхож байна вэ гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог.

     -Хийсэн бүхнээ эргэн харахад хамгийн сайхан нь юу вэ?
     -Хэний ч танихгүй багш бүжгийн урлагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, хэн нэгэнд маш их хэрэгтэй хүн болно гэдэг л гайхамшиг юм. Тухайн үед дөрөвхөн настай байсан хүү өнөөдөр 29 настай болж, Эрдэнэт үйлдвэрийн инженерийн эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж, бүжгийн урлагаар хичээллэсээр яваа нь бахархалтай. Манай үйлдвэрт маш олон инженер бүжиглэж яваа. Тэгэхээр 25 жилийн өмнө эхлүүлсэн бүжгийн урлагийн үр дүн өнөөдөр л тайзан дээр харагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор цех болгон урлагийн наадмаа хийж, шилдгүүдээ тодрууллаа. Бүжгийн урлаг эцсийн дүндээ хүнийг төлөвшүүлэх л зорилготой. Тэгэхээр өнөөдрийн инженер, эмч, ээж аав, залуучуудын төлөвшсөн нийгмийг бий болгосон гэж хэлж болно.

     -“Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадам маш өргөн хүрээнд явагддаг болсон. Энэ наадмыг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын урлаг, уран сайхны арга хэмжээ гэхээс илүүтэй Эрдэнэт хотыг бүхэлд нь хамарсан бүжгийн наадам гэж нэрлэх нь зөв байх?
     -Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадамд давхардсан тоогоор 500-600 хамтлаг төлөвшиж, 30 орчим мянган залуучууд бүжгийн урлагаар өөрсдийгөө хөгжүүлжээ гэсэн статистик тоо гарч байна. Чөлөөт цагаараа бүжгээр хичээллэж, сонирхогчийн түвшинд өөрийгөө хөгжүүлсэн залуучууд олон бий. Бас нэг зүйл нь Монгол улсын их, дээд сургуулиуд боловсон хүчнээ хөгжмийн багш мэргэжлээр төгсгөдөг. Хэзээ ч бүжгийн багш гэж төрөлжүүлж бэлтгэдэггүй. Эрдэнэтэд, тэр дундаа Уурхайчин соёлын ордонд ажиллаж байгаа багш нар маань бүжгийн урлагаар хөрвөх чадвартай болсон. Хүүхдээ хөгжүүлэх, хувцасыг нь оёх, тайз дэлгэцтэй танилцуулах, сурган хүмүүжүүлэх аргад суралцах гээд олон ажлыг зэрэг хийж байна.   

     -Үйлдвэрийн ажилчдаас хэчнээн залуу хаврын баярт оролцож байна вэ?
     -Өнгөрсөн жилийн хувьд үйлдвэрийн 300 орчим ажилчин залуучуудаас бүрдсэн 16-17 хамтлаг “Эрдэнэтийн бал”-д оролцсон. Жил бүр оролцдог уламжлал тогтоод байгаа. Бүгд үндсэн ажилтай ч тэднийг ажлаас чөлөөлж, орны хүнээр солих зэрэг бусад асуудлыг үйлдвэр, цех нэгжийн удирдлагууд маань маш сайн шийдвэрлэж өгдөг. Олон жил оролцсон Эрдэнэт үйлдвэрийн ХМТАЦ-ийн “Цахим”, ЗМЗ-ын “Ажилчин залуус”, БФ-ийн “Эрдэнэс”, ахмадын “Од”, АТБ-ын “Алтан жолоо” хамтлагууд болон ЗАА-н цех, спорт ордон, сувилал, ТИС, цагдаагийн байгууллага, амралтын бааз, ЧХХ-ийн залуучуудаас бүрдсэн хамтарсан багууд оролцож байна. Урлагаар тэднийг нэгтгэж чаддаг нь хамгийн сайхан явдал.

     -Наадамд оролцогчдод насны ангилал заадаг уу?
    -Бүжгийг 7 насны ангиллаар хөгжүүлж байна. Хамгийн доод тал нь 3-4 настай хүүхдүүдийн хамтлаг байхад ахмад нь 74-80 насныхан оролцдог. Мөн ахмадынхаа дунд цэнгээнт, ардын бий биелгээ зэргээр бүжгийн сонголт гаргаж өгснөөр наадам маань оролцогчиддоо илүү уян хатан, бүх насныхан оролцох боломжийг нээж өгдөг гэж бодож байна.

     -Ой угтсан төлөвлөгөөт ажлуудаас гадна “Оюу цом 2019” бүжгийн наадмыг зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
    -Бид гуравдугаар сарын 23-нд Монголын Бүжгийн спортын холбоотой хамтран “Оюу цом 2019” нэртэй Олон улсын тэмцээнийг 25 жилийн ойдоо зориулан хийхээр төлөвлөөд байна. Тэмцээнд Улаанбаатар хотын томоохон бүжгийн клубууд уригдан ирэхээс гадна манай хүүхэд залуучууд багш нартайгаа оролцох байх. Олон улсынх гэдэг утгаараа БНХАУ, ОХУ-ын Буриад, Иркутск, Чита мужаас бүжигчид ирж оролцоно. Бүжгийн төрөлд латин америкийн ча ча, самба, жайв гэсэн Е ангиллын, румба, посадобль гэсэн Д ангиллын 5 бүжиг орно. Харин стандарт бүжгийн Е ангилалд удаан, хурдан вальс, хурдан фокстрот, Д ангилалд танго, удаан фокстрот багтсан. Тэмцээнд Олон улсын шүүгчдийг урьж оролцуулна.

     -Сайхан зүйлсийг хийж хэрэгжүүлж байгаад тань талархал илэрхийлж, амжилт хүсээд ярилцлагаа өндөрлье.
     -Бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулсан Эрдэнэтийн үе үеийн багш нар, удирдлагууд, бидний ажилд үргэлж идэвхитэй оролцож ирсэн эцэг эхчүүд, уурхайчиддаа талархал илэрхийлье. Мөн энэ том ажлыг нугалахад санхүү, эдийн засгийн асуудал хамгийн чухал байдаг. Энэхүү том асуудлаа шийдэхэд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын оролцоо маш их байсан. Тэр дундаа үе үеийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирлуудыг онцлон тэмдэглэмээр байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.

     -Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

И.ЧИНТОГТОХ

 

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин”соёлын ордны дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын СТА С.Ариун-Эрдэнэ “Морин хуур” наадмын гала тоглолтонд оролцож, уралдааны дэд байрт шалгарсан сайхан мэдээгээр уурхайчдынхаа сонорыг мялаалаа.
     Мэргэжлийн дуучид сор болсон уран бүтээлээрээ оролцдог тус наадмын босго өндөр, шалгуур нарийн гэдгийг урлагийн салбарынхан сайн мэднэ. Дуучин С.Ариун-Эрдэнийн хувьд “Амьдрал жаргалтай” дуугаараа 32 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцсон нь энэ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр, Уурхайчин соёлын ордныхоо нэрийг гаргаж, чансаатай дуучин гэдгээ харуулаад ирсэн уран бүтээлч маань удахгүй “Энгэрийн цэцэг” анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо тайзнаа тавих юм. 


И.ЧИНТОГТОХ

     Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо жил бүр салбарын шилдгүүдээ тодруулдаг бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий эрчим зүйч Шагдарсүрэнгийн Төрбатыг Монгол улсын “2018 оны шилдэг инженер”-ээр нэрлэлээ. Эрчим хүчний салбарын эрхэм хүндтэй энэхүү шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулж, батламжийг гардуулан өгсөн юм.
     Ш.Төрбат 1978 онд Политехникийн дээд сургуулийн Уулын цахилгаан механикийн ангийг дүүргэж, тухайн үеийн Геологи уул уурхайн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт ирж ажилласан. Оюутны ширээнээс ажлын талбарт гарч, эдүгээг хүртэл туулж ирсэн замналаа тэрээр “Би ГОК”-ын хүн хэмээн товчхон хэлсэн удаатай. Тэрээр 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйн хэлтсийн дарга буюу Ерөнхий эрчим зүйчээр томилогдон ажиллахдаа эрчим хүч хэмнэх уралдааныг уламжлал болгон зохиож, үр ашигтай 160 гаруй төсөл хэрэгжүүлжээ.
    Мөн үйлдвэрийн Дулааны цахилгааны төвийн хүчин чадлыг 48 мВт-ын турбин генератораар өргөтгөх төслийг амжилттай удирдан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд гуравт жагсах томоохон станцыг барьж байгуулахад сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулсан юм.


И.ЧИНТОГТОХ

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог