Үйлдвэрлэл
Мягмар, 26 2-р сар 2019 00:00

Цэвэр усны хэмнэлт гаргана

     БОАЖЯ-наас 2018 оны 12-р сарын 26-нд гаргасан тушаалаар цэвэр усны ашиглалтын төлбөр тооцоог шинэчилжээ. Ингэхдээ цэвэр усны хэрэглээнд хатуу шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих юм. Үүнтэй холбогдуулан цехүүд цэвэр усныхаа хэрэглээнд хатуу хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн Эрчимзүйн хэлтсээс анхаарууллаа.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба ажиллагсдын хувцсанд нэвтрэх тоосны түвшинг тодорхойлох, тоосны хүртэлтийг бууруулах зорилгоор 2017 онд батлагдсан дөрвөн төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд эрүүл ахуйн лабораторийн багаж хэрэгсэл шинэчлэгджээ. Ингэснээр тоосны хэмжилт хийх боломжтой болсон бөгөөд шинээр нэвтрүүлж байгаа багаж хэрэгслийг зөв зохистой ашиглах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажиллахыг сануулж байна.
     Эрдэнэт үйлдвэр технологийн хувьд ажлын 8 цаг болон ээлжийн 8, 12 цагаар ажилладаг. Энэ хугацаанд хэмжилт хийж, хувь хүний сорьц цуглуулснаар тоосонд өртөж байгаа өртөлтийг нарийвчлан гаргах юм. Өртөлтийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна гэдгээ Эрүүл ахуйн албаны дарга мэдэгдлээ.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК үнэт капитал болсон ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэх зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон ажил нь ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ юм. 2018 онд цех, хэсгийн ажилтнууд товлосон хугацаандаа үзлэгт хамрагдсан бөгөөд одоогоор явц 90 хувьтай байгаа талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр мэдээлэл хийлээ. Үзлэг шинжилгээнд нийт 8538 ажилчин хамрагдах ёстойгоос 7672 нь хамрагджээ. Холбогдох албаныхан хоёр долоо хоногийн дараа үйлдвэрийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг дуусгахаар ажиллаж байна.


И.ТОГТОХ

     Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 2019-2022 онд хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрт цагаан тоосны тархалт болоод экологи эрүүл мэндийн нөлөөлөлд үнэлгээ судалгаа хийх, дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг буруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх гэсэн зорилтыг тусгажээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад аль аль талдаа ажил зохиож, багагүй мөнгө зарцуулж байгааг тэргүүлэгчид онцлоод, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдэв.


И.ТОГТОХ

Бүлэг Орон нутаг

     Баялаг бүтээгчдийн эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа үйлдвэрийн эмэгтэй ажилчдын эрх ашгийн төлөө үйлчилдэг, тэдэнд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлдэг байгууллага бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо. Тус холбооны тэргүүн, компанийн Тэргүүлэх хуульч З.Жаргалмаагаас ойрын үед хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар тодрууллаа.

    
- Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа ил тод, нээлттэйгээр бүх гишүүддээ хүрдэг гэж бодож байна. Он гарсаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

     - Манай холбоо “Өглөөний клуб” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Клубийнхээ шугамаар долоо хоног бүр үйлдвэрийн эмэгтэйчүүдэд зориулан үр ашигтай, хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэх сургалт явуулдаг байсан бол он гарсаар бага зэрэг өөрчлөлт оруулсан. Улмаар сар бүрийн эхний болон гурав дахь бямба гарагт лекц маань зохиогдоно. Өнгөрсөн долоо хоногт Засвар механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Аарцаг нурууны булчин сулрал” сэдвээр их эмч Хажидмааг урьж оролцууллаа. Өмнөх сургалтууд эрүүл мэндийн холбогдолтой олон сэдвээр зохиогдож байсан. Амралтын өдрийн өглөө бусадтайгаа цай уух зуур нэг шинэ юм мэдээд аваасай гэсэн зорилгоор энэ уулзалт, лекцийг хийсээр ирсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь жендерийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгээс олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж, үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоог оролцохыг урьсан. Энэ ажлаар Улаанбаатар хотноо ажиллаж, санал бодлоо илэрхийлээд ирлээ. Ер нь төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага, уул уурхайн салбар жендерийн асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой гэж үзсэн учраас энэ баримт бичиг боловсруулагдаж байгаа юм. Жендер гэдэг нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд эрчүүдэд ч хамааралтай. Энэ утгаараа уурхайнууд, олон нийтийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлсэн.

    - Эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
    - Жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны хувьд бүтэн жилийн ажлаа дүгнэдэг онцлог баяр. Тиймээс бид 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан Тэргүүний салбар зөвлөл болон хамт олноосоо шилдгээр шалгарсан бүсгүйчүүдээ алдаршуулдаг. Энэ сарын зургааны өдөр тэмдэглэх баярынхаа үйл ажиллагаан дээр үйлдвэрийн хэмжээнд шалгарсан шилдэг есөн эмэгтэйг зарлана. Түүнчлэн, цех бүрээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцдог “Энэ хүүхнүүд үү” тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Багууд гэрийн даалгавартаа “Сайхан нийгэм биднээс” сэдвийн дор нийгмийн хөгжлийн сайн сайхны төлөө юу санаж бодож явдаг болох санал санаачлагыг жүжигчилсэн хэлбэрээр олон нийтэд хүргэнэ. Мөн манай холбооноос эрхлэн гаргадаг “Эрдэнэтийн бүсгүйчүүд” сэтгүүлийнхээ 14 дэх дугаарыг  баярын үеэр авахаар бэлтгэж байна.

    - Баярын өдөр ээлжийн гараатай ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ өмнөх жилүүдэд баярлуулдаг байсан. Энэ уламжлалаа дагах уу?
    - Зохион байгуулагчдын зүгээс тэдгээр эмэгтэйчүүддээ хэдэн жил дараалан бэлэг өгч заншсан. Энэ уламжлалаа дагаж, ажлын байранд нь очиж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа. Цех бүрт эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулдаг ажлууд гэж бас бий.

    - Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?
   - Манай холбоо 2113 гишүүнтэй болсон байна.  Энэ нь үйлдвэрийн нийт ажилтны 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. Холбооныхоо үйл ажиллагааг гишүүддээ төдийгүй аймгийн хэмжээнд хүмүүст хүргэхээр үйлдвэрийнхээ Олон нийттэй харилцах албаны FM 107.1-тэй хамтран ажиллаж байна. Цех, нэгжийн зөвлөлийн дарга нар лхагва гариг бүрийн өглөө “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгт оролцон, хийж хэрэгжүүлсэн ажил болоод бусад сэдвээр яриа өрнүүлдэг.

    - Гишүүдээсээ санал хүсэлт хэрхэн авдаг, яаж шийдвэрлэдэг үү?
    - Юу хиймээр байна, ямар хүсэлт тавих вэ зэрэг хэд хэдэн асуулттай санал асуулга бүхий нэргүй судалгааг өнгөрсөн жил авсан. Үүнээс харж байхад эмэгтэйчүүдэд маань цалинтай чөлөөний асуудал гарч ирдэг. Энэ асуудлаар тодорхой санал боловсруулж, үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар бэлтгэж байна. Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилдаа орсон ээжүүдэд чөлөө авах амьдралын олон асуудал тулгардаг. Энэ бүхнийг шийдэж, цалинтай чөлөөг жилд тодорхой тооны өдрүүдэд өгч байх асуудлыг хүргүүлнэ.

И.ЧИНТОГТОХ

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Зургийн цомог