Үйлдвэрлэл

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын үзэглэсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсаар байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ удаад 31 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хот дахь Захиргааны багийнхан хүрэлцэн ирж, захиргаа, хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагаас судаллаа. Мэдлэг мэдээллээ харилцан солилцож, шилдэг арга туршлагаасаа хуваалцаж байгаа эдгээр уулзалтын эцсийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэрээс мэргэжлийнхээ хүрээнд туршлага судлахаас гадна орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, зөөлөн оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь авч яваа тэргүүн туршлагыг олж харах, үзэж танилцах нь цаашдын хэрэгжүүлэх ажлуудад үнэтэй санаа өгснийг зочид онцлон хэлж байлаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд сурталчилан таниулахад чиглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мажинбуу нар хүрэлцэн ирснээс гадна үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд зохиогддог олон талын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Орос 4, Монгол 8 хүнд “Найрамдлын одон”, “Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулан, шагнаж урамшуулсан юм. 
   Ах, дүүгийн найрамдалт харилцааны билэгдэлт Эрдэнэт хотноо Орос 19-р сургуулийн 45 жилийн ой, Орос хэл соёлын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулан, ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн IV чуулга уулзалтыг хийсэн нь сарын ажлын цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүллээ. Олимпиадад оролцсон шилдэг сурагчдад ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг болсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбараас нийт оролцогчдод талархал илэрхийлэн, урлагийн тоглолтоор бэлэг барьснаар сарын аян амжилттай өндөрлөлөө. 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
 
 

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ “Дэлгэцийн донтолт, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна. Энэхүү сэдвийн хүрээнд:


   - Дэлгэцийн донтолт гэж юу вэ?
   - Бага насны хүүхэд яагаад дэлгэцэнд донтох өвчинд нэрвэгдэж байна вэ?
   - Дэлгэц эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
   - Дэлгэцийн хамаарал ба дэлгэцээс холдуулах аргуудын талаар ойлголттой болоход дараах мэдээлэл хэрэг болж магад.

Донтолт гэж юу вэ?
   Донтолт нь тухайн хүний сэтгэцийн онцлог, нийгмийн бусад хүчин зүйлс, донтуулах хэлбэрээс хамааран нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.

Донтолтын үед бие махбодид дараах шинж тэмдгүүд илэрдэг.
   - Булчин татваганах эмгэг
   - Зан төрхийн эмгэгтэй болох
   - Нойрондоо муудах
   - Мэдрэлийн ядаргаанд орох
   - Гар чичирч салганах гэх мэт

Донтолт нь:
   1. Эхний шатандаа тухайн зүйлийг хийх явцдаа үүсч байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж
   2. Донтолтын хэмнэл үүсэх үед сэтгэл зүйн таагүй байдал нь донтолтын давтамжтай хэмнэлийг нэмэгдүүлдэг
   3. Донтолт төлөвших үед хүний сэтгэл зүйн байдал маш их нөлөөтэй
   4. Донтох эмгэгт автах үед аажим аажмаар бусдаас өөрийгөө тусгаарладаг
   5. Донтох эмгэгийн үед бие сэтгэлийг бүхэлд нь нөлөөндөө оруулдаг гэж үздэг. Үүнээс дэлгэцийн донтолтын талаар илүү дэлгэрэнгүй хүргэе.

Дэлгэцийн донтолт гэж юуг хэлэх вэ:
   Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, комьпютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлнэ. Та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

Дэлгэцийн хамааралтай болох шалтгаан:
   Сошиал ертөнцөд хүүхдүүд чөлөөт цагаа найзуудтайгаа онлайнаар чатлах, youtube- ээр бичлэг үзэх, интернет тоглоом тоглох гэх мэт маш олон зүйлийг хийхэд цагаа зарцуулдаг бол энэ нь яваандаа зан аашийн эмгэг болон өөрчлөгдөх төдийгүй оюун санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон.

Өсвөр насныхан яагаад аз жаргалгүй, депресстэй болон гунигласан мэдрэмжийг мэдрэх болсон бэ?
   - Сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт улмаар амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өсчээ. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртөж байна. Мөн 18-25 насны залуу үеийнхний дунд дээрх үзүүлэлт 63 хувиар нэмэгдсэн тоон судалгаа гарчээ. Энэ судалгаагаар хүүхэд, залуучууд дэлгэцийн донтолтонд ихээр өртөж байгаа нь харагдаж байна. Үүнд хэн, юу буруутайг Сан Диего их сургуулийн судалгааны багийн мэргэжилтнүүд судалжээ. Уг судалгааны дүгнэлтэд:
   1. Цахилгаан харилцаа холбооны өсөлт дэвшил
   2 .Унтах хугацааны бууралт хэмээсэн байна.


Дэлгэцийн донтолт бидний үр хүүхдүүдэд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?
   Бага насны хүүхэд дэлгэцийн хамааралтай болж байгаа шалтгаанууд:
   1. Гэр бүлийн нөхцөл /эцэг эх завгүй байдаг, үл хайхрах байдал/
   2. Сургуулийн орчин /технологийн тусламжтай суралцах хэрэгцээт мэдээллээ интернетээс авдаг/
   3. Үе тэнгийнхний дарамт шахалт /найз нөхдөө буруу зүйлд уруу татдаг, дарамталдаг/

Дэлгэцийн донтолтоос монголчууд бид хэрхэн хамгаалах вэ?
   2010-2015 оны хооронд СЭМТ-ийн донтолтын тасагт 187 хүүхэд хэвтэж эмчлүүлсний 96,8 хувь нь 11-17 насны эрэгтэй хүүхэд байсан ба энэ хугацаанд жилд 30-40 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр зөвхөн 1 жилд 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эндээс харахад донтолт нь аюулын хэмжээнд хүрлээ. Эцэг эхчүүд, багш бид Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг энэхүү донтох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө өөрийн хүч хөдөлмөр, цаг заваа зориулах цаг ирсэн болохыг мэдрэн, дэлгэцээс холдуулах дадалд хүүхэд бүрийг сургаж тэдний оюун санаа, бие махбодийг дэлгэц хэмээх хөнөөлт хэрэгслээс авран хамгаалцгаая.

Дэлгэц хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
   Дэлхий нийтийн эмч мэргэжилтнүүд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон түүнтэй адил төстэй бусад төхөөрөмжөөс хол байлгахыг уриалж байна.
   - Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
   - Хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
   - Телевиз, компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
   - Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
   - Технологийн хэт их хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
   - Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэл зүйн хувьд эмгэгтэй болгодог
   - Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
   - Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хорддог.
   - Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй байдаг байна.

Бага насны хүүхдээ дэлгэцээс холдуулах 14 арга
   1. Хүүхдийнхээ интернет ашиглах идэвхтэй байдлыг хянах, хязгаарлалт хийх
   2. Өөрсдөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэх
   3. Эцэг эх, хүүхэд амьд харьцааг бий болгох
   4. Интернетээс авч байгаа хэрэгцээг нь өөр зүйлд шилжүүлэх
   5. Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
   6. Сэтгэл санааны үл хайхралд автуулахгүй байх
   7. Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
   8. Тогтмол цагт унтуулж сургах
   9. Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
   10. Хүүхдийг цагийн хуваарьтай зурагт үзүүлэх
   11. Гар утас болон тоглоомоор 1 удаад 30 минутаас илүүгүй өдөрт 2 цагаас ихгүй үзэх, тоглох
   12. Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
   13. Унтлагын өрөөндөө зурагт болон комьпютер тавихгүй байх
   14. Үлгэр жишээ эцэг эх байх Эдгээр аргуудыг доод тал нь 21 ба түүнээс дээш хоног хэрэглэж, хэрэгжүүлснээр таны хүүхэд, магадгүй та өөрөө ч байж болно. Дэлгэцийн хамаарлаас гарахад дээрх зөвлөгөө тус дөхөм болно гэж найдаж байна.

Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш У.Уранчимэг

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог