Үйлдвэрлэл

   Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн ажлууд  хийгдэж байна. Эдгээр ажлын явц, гүйцэтгэл, ирэх оны зорилтын талаар Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулж, ярилцлаа.  

 

 
   - Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд Хөрөнгө оруулалтын жилийн ажлын явц хэрхэн өрнөж байна вэ?
   - Баяжуулах үйлдвэрийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.Технологийн дарааллаар яривал, механикийн чиглэлээр бутлах тоног төхөөрөмжийн КМД-13 бутлуурыг АНУ-д үйлдвэрлэгдсэн Metso компанийн МР800 бутлуураар солих ажлыг эхэлсэн. Бутлуур бүрэн шинэчлэх энэ ажлыг ирэх 12 сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна. Мөн хүдэр нунтаглалтын тээрмийн хувьд бөмбөлөгт тээрэм дээр  МШЦ 5.5*6.5 маркийн №7 дугаар тээрмийг солих ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, уг тээрэм солих ажил төлөвлөгөөний дагуу угсралт хийгдэж байна. Өөрөө нунтаглах хэсгийн ММС90*30 №1 тээрмийг солихоор энэ оны засварын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан боловч одоогоор нийлүүлэлт хийгдээгүй байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд өөрчлөлт орж болзошгүй нөхцөл үүсч байгаа. Бидний зүгээс бүхий л шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан ч тээрэм өнөөг хүртэл ирээгүй. Үүнийг хэлэх нь зүйтэй байх. Урьдчилсан байдлаар 12 сарын эхний 7 хоногт ОХУ-аас наашаа ачигдана гэсэн мэдээ ирсэн. Хөвүүлэн баяжуулалтын чиглэлээр бид энэ онд томоохон ажлууд төлөвлөөд, гүйцэтгэж байна. Молибдений шинэ флотацийн секц барьж байгаа. Үндсэндээ механик болон цахилгаан талын ажил дууссан. Биелэлт 90-95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрөөс FLSmidth компаниас холбогдох мэргэжилтнүүд ирж, нийлүүлэгч талаас хариуцах нарийн тохируулгын ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг ирэх сарын эхээр дуусгахаар төлөвлөсөн.  Дараагийн бас нэг том ажил Шүүн хатаах хэсгийн молибдений даралтат шүүлтүүр суурилуулах ажил байгаа. Энэ сарын эхээр уг ажил эхлээд, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тоног төхөөрөмж нь бэлэн болсон. Одоогоор суурийг нь угсарч байна. Ирэх сарын дундуур дуусгаж, залгахаар төлөвлөж байгаа. Мөн нийлүүлэгч компанийн мэргэжилтнүүд ирж, ажиллана. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын тухайд ийм байна. 

  - Молибдений флотацийн шинэ секц барьж байгаа. Үүнийг ашиглалтад оруулснаар ямар ач холбогдол өгөх вэ?
  - Нэгдүгээрт, энэ шинэ секцийн флотмашинууд нь бүрэн автоматжуулагдсан, битүү учир тухайн ажлын байрны нөхцөлийг сайжруулна. Учир нь хуучин секц дээр задгай флотмашинууд нь маш халууны улмаас уур дэгдэн, янз бүрийн урвалжууд нь ажилчдад шууд сөргөөр нөлөөлж байсан. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, хүдэр боловсруулалтын хэмжээ нэмэгдэхэд молибдений флотаци асуудалгүй жигд ажиллах боломж бүрдэнэ. Нөгөө талаас бүтээгдэхүүний чанарт сайн нөлөөтэй. Ийм давуу талуудыг олж харсаны үр дүнд энэхүү техникийн шинэчлэлийг хийж байна. 

   - Танай цехэд шаардлагатай импорт орлох бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмжийн эд ангиудыг Засвар механикийн заводад үйлдвэрлэх боломжтой. Зарим нэр төрлийг нь үйлдвэрлэж байгаа. Энэ чиглэлд хэрхэн хамтарч байна вэ? 
  - Мэдээж, энэ тун чухал асуудал. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилтыг бид аль аль нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн онд  Баяжуулах үйлдвэрийн туузан конвейруудын роликийг Засвар механикийн заводад манай захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. Энэ онд бид ийм ролик гаднаас огт аваагүй. Учир нь Засвар механикийн заводын үйлдвэрлэж нийлүүлсэн роликууд манай хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол маш талархууштай, үр дүнтэй хамтын ажиллагаа гэж хэлмээр байна. Мөн бид хавтант тэжээгүүрүүдийн хавтанг захиалж хийлгэж байна. Энэ онд бид гурван ширхэг иж бүрдэл хавтанг Засвар механикийн заводад хийлгэж, авч тавьсан. Бас их үр дүнтэй ажил болсон. Чанарын шаардлага хангаж байгаа. Тиймээс цаашид үүнийг ЗМЗ-д   үйлдвэрлээд, нийлүүлээд явах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Цаашлаад Warman төрлийн булинга шахах насосны эд ангийг үйлдвэрлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид саяхан Хятад улсын зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Тэнд хийж байгаа зарим бүтээгдэхүүнүүдийг манай үйлдвэрт үйлдвэрлэх боломжтой нь харагдаж байсан. Иймд Засвар Механикийн Заводын мэргэжилтнүүдийг тусгайлан импорт орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор машин үйлдвэрлэлийн зарим үйлдвэрүүдтэй танилцуулж, Орхон аймгийн аж үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагаатай уялдуулан цогц төлөвлөгөө гарган ажиллах боломжтой гэж үзэж байна. 
 
   - Ирэх сард хэд хэдэн шинэчлэлийн ажлууд дуусаж, ашиглалтад орох юм байна. Энэ онд хийхээр төлөвлөсөн их засварын ажлуудын явцыг дүгнэвэл?
   - Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бүх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг дахин онцолж хэлье. Энэ оны 4 дүгээр улиралд манайхан ачаалалтай ажиллаж байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нөгөө талаас тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд давхар хийгдэж байгаа. Гэсэн ч манай цехийн хамт олон 12 сарын 14-нөөс өмнө томоохон шинэчлэлийн ажлуудаа дуусгаж, хүлээлгэж өгнө. 2019 онд бид их засвараар 15 ажил хийхээр төлөвлөсөн. Гүйцэтгэл 85 хувьтай байна. 

   - Энэ онд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд олон хийгдлээ. Ирэх онд ямар ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан байгаа вэ?
   - Мэдээж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын зэрэгцээ шинэчлэлийн ажлуудаа хийнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт бутлуурын шинэчлэлийг хийснээр бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулж, улмаар цахилгаан эрчим хүч, ган хуягны  зарцуулалтыг багасгах боломжтой гэж харж байгаа. Тиймээс ирэх онд бид хоёр бутлуур болон 4 дүгээр тээрмийг солихоор төлөвлөсөн. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө өсөж байгаа тул үүнтэй уялдуулан засварын цаг нэлээд буурна. Тиймээс 2020 онд засвар үйлчилгээнд ашиглаж буй багаж хэрэгсэлдээ анхаарч, механикжуулах ажлыг эрчимтэй хийнэ. Ирэх оны хоёрдугаар улиралд  Өөрөө нунтаглах хэсгийн ММС тээрмийг солих ажил эхлэнэ. Мөн КМД3000Т2-ДП №12   бутлуурыг Metso компанийн МР800 бутлуураар солино. Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5*6.5 маркийн №4 дүгээр тээрмийг шинэчлэн солих ажил хийгдэнэ. Түүнчлэн зарим үндсэн конвейрийн хөтлөх механизмыг Герман улсад үйлдвэрлэгдсэн SEW Eurodrive компанийн хөтлөх механизмуудаар солих ажлуудыг  эрчимтэй хийхээр төлөвлөж байна. Энэ бүх техникийн шинэчлэл нь хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн  тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах гол хөшүүрэг болно. Тиймээс үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх хэрээр техникийн шинэчлэлийн ажил хурдацтай эрчимтэй хийгдэх шаардлагатай юм. 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 

   Жил бүрийн намар Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулж байдаг найрамдлын өдрүүд Эрдэнэт хотод өрнөдөг. Энэхүү уламжлалт өдрүүдийн энэ удаагийн онцлог, үйл ажиллагааны талаар Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуутай ярилцлаа.

   - Монгол-Оросын найрамдлын сарын ажил энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдаж байна. Сарын ажлын сонин хачины талаар ярилцахын өмнө гадаад улс орнуудтай соёлоор харилцаж ирсэн найрамдлын нийгэмлэгийн үүх түүхээс өгүүлнэ үү?
   - 1947 онд Улаанбаатар хотод ажиллаж байсан Монголын тэргүүний сэхээтнүүд гадаадтай соёлоор  харилцах Монгол  нийгэмлэг гэж байгуулсан байдаг. Тэр үеийн сэхээтнүүд тухайн үеийн Зөвлөлт Холбоот улсад суралцаж ирээд, тэнд сурч мэдсэн соёл болон бусад зүйлээ  Монголдоо нэгтгэн сурталчлах зорилгоор шатар тоглох, шүлэг, уран зохиол бичих, Оросын зохиолчдын бүтээл туурвилаас уншиж, ярилцах, орчуулга хийх, дүү шүлэг, бүжгийн уралдаан явуулах зэрэг олон хэлбэрээр тус нийгэмлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байв. Монголын тухайн үеийн сэхээтнүүд болох нэрт эрдэмтэн Б.Ширэндэв, дипломатч Н.Лхамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын бичгийн их хүмүүс энэ байгууллагыг эхлүүлж, авч явж байсан. 1950-иад оны эхэн үед социалист орнууд бий болж, манай улсын гадаад харилцаа өргөжин, дипломат холбоо тогтоох хамтын ажиллагаа идэвхтэй эхэлсэн.  Энэ үед Зөвлөлт улстай холбоо харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэх шийдвэр гарч, 1952 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг хэмээх байгууллагыг байгуулсан түүхтэй юм. Тэгэхээр уг байгууллагын үүслийг 1947 оноос эхлэлтэй гэж үздэг. Түүхэн хөгжлийнхөө явцад тус байгууллагын нэр дөрвөн удаа өөрчлөгдсөн байдаг. Эхнийх нь Гадаадтай соёлоор харилцах Монголын нийгэмлэг гэж байсан бол Монгол-Оросын соёлын харилцааны нийгэмлэг, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэх зэргээр өөрчлөгджээ. Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэж нэрлэсний учир гэвэл 1990 онд хуучин ЗХУ задарч, бүрэлдэхүүнд нь байсан 15 бүгд найрамдах улс биеэ даасантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, биеэ даасан улс орнуудыг нэгтгэн Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл гэж нэрлэсэн юм билээ. Энэ үеэс бас Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын ажил гэж бий болсон. Найрамдлын сарын ажлыг 1921 оны 11 сарын 5-нд  Монгол, Зөвлөлтийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хаалтын үйл ажиллагааг нь зохион байгуулж байв. Харин нээлтийг нь жил бүрийн 10 сарын 5-нд эхлүүлж, нэг сарын туршид найрамдал, хамтын ажиллагааны олон хэлбэрийн арга хэмжээ явуулж ирлээ. Энэ уламжлал 1990 он хүртэл үргэлжилсэн. Харин 1990 оноос социалист нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжих болсноор бусад улсуудын  найрамдлын нийгэмлэгүүд тус тусдаа салсан ч Монгол дахь нийгэмлэг уламжлалаа барьж үлдсэн байдаг. Хэдийгээр Монголын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа  зогсоогоогүй ч найрамдлын сарын ажлыг урьдынх шигээ өргөн хүрээтэй тэмдэглэдэггүй болчихсон. Ийм идэвхгүй үе 2000 он хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно.  Харин манай Эрдэнэт хотын хувьд 1974 оноос эхлэн найрамдлын сарын өдрүүдийг  тогтмол тэмдэглэж ирсэн.  Учир нь Эрдэнэт хот бол Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлын үр шимээр боссон. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын эдийн засаг, техник технологи, боловсон хүчний бүрэн дэмжлэгээр байгуулсан тул Эрдэнэтчүүд найрамдлын сараар хязгаарлагдахгүй өргөн хүрээ, урт удаан хугацаанд хамтын ажиллагаагаа олон хэлбэрээр өргөжүүлж ирснийг онцлох учиртай.  Ер нь 2000 оноос Монгол-Оросын хамтын ажиллагааны дахин сэргэлтийн үе эхэлсэн гэж болно. Найрамдлын сарын ажил ч мөн энэ үеэс эргэн идэвхжиж, маш өргөн цар хүрээнд өндөр ач холбогдолтой болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд яам, хэлтсийн бүх сайд, удирдлагууд, төрийн Думын гишүүд хүрэлцэн ирж оролцдог болсон. Тиймээс найрамдлын сарын ажил гэж нэрлэж байсныг найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд гэж өөрчилсөн. Энэ өдрүүдийн хүрээнд  манай хоёр орон  нийгэм, эдийн засаг, соёл спорт, бизнесийн гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан сурталчилдаг болсоноор энэ сарын ажлын утга учир улам бэхжиж, сэргэсэн. Найрамдал хамтын ажиллагааны сарын ажлыг тэмдэглэж ирсэн түүх гэвэл ийм.

   - Найрамдлын нийгэмлэг гэдэг байгууллагын үндсэн чиглэл, зорилго нь юу болохыг дэлгэрүүлж хэлэхгүй юу?

   - Манай улс  1921 оноос хуучнаар ЗХУ-тай нягт хамтран ажиллаж, холбоотой байж ирсэн. Тэр үед Монголын эдийн засаг ЗХУ-ын тусламж, дэмжлэгээс хамааралтай байв. Бусад гадаад орнуудтай хамтарч байсан ч тухайн үеийн ЗХУ гол үүрэг гүйцэтгэж байсныг хэлэх хэрэгтэй.  Тиймээс Орос  орны соёл уламжлал, шинжлэх ухааны ололтоос суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2 орны Найрамдлын нийгэмлэг ажилладаг байлаа.  Одоо ч энэ чиглэлээ баримталж байна. Манай Эрдэнэт хотын хувьд энэ уламжлал, чиг зорилгыг онцгой хадгалж явах ёстой гэж боддог. Өмнө би хэлсэн. Хоёр орны найрамдалт харилцааны үр дүнд Эрдэнэт үйлдвэр, хот байгуулагдаж, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Энэ утгаар нь авч үзвэл, Монгол-Оросыннайрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн  уламжлалт үйл ажиллагааг  цаашид хадгалж, залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх ёстой. Нөгөө талаас, энэ бол Монголын түүхийн нэгэн хэсэг гэж хэлж болно. Түүхийг түүх чигээр нь үлдээх, үнэн мөнөөр нь ойлгуулахад бас энэ байгууллагын зорилго чиглэл оршиж байна.

   - Таны хувьд найрамдлын нийгэмлэгийн ажилтай хэдийнээс эхлэн холбогдсон бэ?

   - 1976 оны 1 дүгээр сарын 1-нд Эрдэнэт маань хотын статустай болсон. 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо гэж нэрлэгдэж байсныг манайхан мэдэх байх. Тэр үеэс л аймаг, хөдөө орон нутаг бүрт Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн салбар зөвлөл байгуулагдаж байв. Тэгэхээр манай салбар хоттойгоо чацуу юм.  Миний хувьд  1990 онд Эрдэнэт хотын Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Одоо бол нэр нь өөрчлөгдсөөр Орхон аймгийн Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэг болж, өдийг хүртэл сонгуульт ажлаа хийж явна. Энэ бүх хугацаанд хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай байж ирсэн хөдөө орон нутгийн салбар гэвэл манай Эрдэнэт нийгэмлэг.

   - Энэ жилийн Найрамдлын сарын өдрүүдийн онцлог нь юу вэ?

   - Энэ удаагийн Найрамдлын сарын өдрүүд хоёр онцлогтой гэж үзэж байна. Энэ онд Монгол улсын тусгаар тогтнолын хувьд маш том ач холбогдолтой Халх голын дайны 80 жилийн ой тохиосон. Халхын голын 1939 оны дайны ялалт бол дэлхийн 2 дугаар дайны ялалтыг авчирхад их нөлөөлсөн гэж Орос болон дэлхийн олон түүхчид дүгнэдэг. Яагаад гэвэл, Халхын голын дайны ялалтад үнэлж баршгүй гавьяа байгуулсан олон Орос жанжнууд бий. Тухайлбал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуков жанжин Халх голд маш хүчтэй, цэрэг дайны түүхэнд хэрэглэж байгаагүй олон стандарт бус, санаанд оромгүй тактик гаргаж ялалтанд хүргэснийг түүхэн баримтууд өгүүлдэг. Үүнийгээ ч бас дэлхийн 2 дугаар дайнд ашигласан. Энэ утгаараа Халх голын дайны ялалтын ач холбогдол туйлын өндөр. Тиймээс ч энэ намар болсон ялалтын  ойд ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин өөрийн биеэр хүрэлцэн ирж, энэ тухай зарлан хэлсэн. Мөн манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлж байна. Нөгөө талаас, Халхын голын ялалт бол Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн гол үр нөлөөг үзүүлсэн. Ийм өндөр ач холбогдолтой учраас Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж, энэ жилийн найрамдлын сарын өдрүүдийн үйл ажиллагааг үүнд чиглүүлж байгаа. Энэ сарын 18-ны өдөр болох хаалтын ажиллагааны үеэр Халх голын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг иргэдэд дахин толилуулна. Энэ бол энэ удаагийн найрамдал хамтын ажиллагааны сарын ажлын том онцлог болж байна. Мэдээж, уламжлал ёсоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Монгол, Орос дууны тэмцээн, уралдаан болсон.  Мөн 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд  Хангайн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Орос хэлний олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадын үйл ажиллагаанд БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон ОХУ-д сургууль төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч ирж, оролцоно. Ингэж ач холбогдол өгөхийн учир нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд мөн оршиж байна. Өмнө нь манайхаас 200 хүүхэд л суралцдаг байсан бол сүүлийн жилүүдэд 500, харин энэ оноос 800 хүргэхээр нэмж байгаа. Ер нь манай найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн зорилго бол ОХУ-д суралцагчдыг дэмжих, орос хэл, соёл шинжлэх ухаанаас суралцан дэлгэрүүлэх чиг шугамыг баримталсаар байгаагийн нэг илрэл нь энэ юм. Мөн энэ удаагийн найрамдлын өдрүүдээр хуучин ЗХУ, одоогийн ОХУ-д сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулна. 2008, 2012 онуудад уг чуулга уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр хийж байсан. Энэ жил үүнийг сэргээж байна. Эдгээр арга хэмжээг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ивээн тэтгэж, оролцож байна.

   - Найрамдлын сарын ажлын хаалтын ажиллагаа хэзээ болох вэ?

   - Энэ жилийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын ажиллагаа 11 сарын 18-нд Соёл урлагийн цогцолбор буюу хуучнаар Уурхайчин соёлын ордонд болно. Уламжлал ёсоор энэ өдөр Найрамдлын өндөрлөг, Монгол-Оросын дөрвөн жанжны хөшөөнд  цэцэг өргөх, Халх голын 80 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн, баярын хурал концерт зэрэг цогц үйл ажиллагаа зохион байгуулагдана. Эрдэнэт үйлдвэрийнхэн төдийгүй Орхон аймгийн нийт иргэд, ОХУ-д сургууль төгссөн төгсөгчдийг найрамдлын өдрүүдийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг энэ дашрамд урьж байна.

М.Балжинням

Фото Ш.Лхамсүрэн

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог