Үйлдвэрлэл
   Ажилдаа бүтээлчээр хандаж, ажил хэрэг болгодог “алт шиг” хүмүүс уурхайчид дунд бий. Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдаас ажлын бүтээмжээрээ ялгарах эдгээр ажилтныг сүүлийн 4 жилийн турш “Бүтээлч санаачлагч” хэмээн өргөмжлөн, үйлдвэрийн газрын хэмжээнд төдийгүй олон нийтэд алдаршуулах ажил үе шаттай зохиогдсоор байна. Тэд өнгөрсөн хугацаанд хамт олноо манлайлан, жил бүр олон арван санал санаачилгаараа үр ашиг дээшлүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгийн хэмнэлтэд түлхэц үзүүлсэн. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөлөл, Судалгааны төвийн Баяжуулахын инженер Н.Алтансүхтэй уулзаж ярилцлаа.
 
   - Үйлдвэрлэлийн дамжлага бүр өөрийн онцлогтой. Таны эрхэлсэн ажил юугаараа ялгарах вэ?
   - Эрдэнэт үйлдвэр байгуулагдах үедээ хяналтын лабораториудыг байгуулсан байдаг. Тэр үеэс Судалгааны төвийн үйл ажиллагаа эхтэй. Манай цех ам бүл 60-уулаа. Судалгааны төв нь хүдрээс эцсийн баяжмал гаргах хүртэл үндсэн цехүүдийн бүхий л дамжлагад хяналт тавин ажилладаг газар. Энгийнээр тайлбарлавал, Эрдэнэт үйлдвэрийн жижигрүүлсэн хувилбар гэж хэлж болох юм. Миний хувьд Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, хүдэр бэлтгэх ажлыг сүүлийн 5 жил хариуцан ажиллаж байна. 2012 оноос Технологийн сургуулийн Геометаллургийн лабораторид тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Бүтцийн өөрчлөлтөөр 2015 онд Судалгааны төвийг Технологийн сургуулийн харьяанаас гаргаж, одоогийн хамт олон маань бүрдсэн.

   - Санаачилга өрнүүлэх ажилд залуучуудын идэвхи хэр байна вэ?
   - Манайхан идэвх сайтай, “Боломж”, “Оюу”, “Сэтгэмж” гэсэн дугуйланд хуваагдан, дор бүрнээ санал санаачилгаа дэвшүүлэн ажилладаг. Өглөө бүрийн онлайн хурал дээр нэг нь нөгөөдөө челлэнж зарлаж, дараагийн хүнээ уриалах маягаар ажлаа явуулдаг. Дугуйлангууд 7 хоног бүр хуралдана. Ингэхдээ гишүүдийн санал асуулгаар юуг, хэрхэн шийдвэрлэхээ ярьж, боломж бололцоогоо ярилцдаг. Хурлын тэмдэглэл хөтөлж цехийн бүтээмж чанарын чиглүүлэгчдээ явуулна, саналын хэрэгжилтийг бусдадаа танилцуулна гээд үе шаттай олон ажил бий.

   - Таны хувьд өөрийн ажилладаг хэсэгт хэдэн санал гаргасан бэ?
   - Манай хэсэг 2018 онд 218 санал гаргаснаас 175 санал нь үнэлэгдэж, 95.4 хувийн биелэлттэй гарсан. Нийт саналын 50 хувь нь “Маш сайн” санал болсноор чанар нь ихээхэн дээшилсэн. Энэ бүхэн бүтээмжийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр байнгын мэдээлэл өгсний л ач тус гэж боддог. Манай “Боломж” дугуйлан 21 гишүүнтэй.  Өнгөрсөн онд 96 санал гаргасан нь цехийн нийт саналын 55 хувийг эзэлсэн. Тэдгээрээс 73 хувийг нь биелүүлэхийн зэрэгцээ Өөрөө нунтаглах хэсгийн сорьц дээжийг шуурхай боловсруулах, хүдэр бэлтгэлийн ажлыг хөнгөвчлөх, тээрмийн дуу шумыг бууруулах гэсэн 3 төсөл хэрэгжүүлсэн. Миний хувьд 175 санал санаачилгаас 18-ыг нь гаргаж байсан. Энэ оны эхний 9 сарын байдлаар манай дугуйлан 69 санал гаргаж, 54-ийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн 2 шатны бутлуурын ашиглалтын хугацааг уртасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх, конпрессорийг шинээр зохион бүтээх, температурын автомат тохиргоотой плитка зохион бүтээх гэсэн 3 төсөл хэрэгжүүлээд байна.

   - Санал санаачилга хэрэгжүүлснээр өдөр тутмын ажилд ямар ахиц дэвшил гарч байна вэ?
   - Тухайн ажилтны ажлыг хөнгөвчилнө, ажиллах орчин нөхцөл эрс сайжирна, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ, урамшууллын хөшүүрэг болно гээд нэрлээд байвал давуу тал олон. Тиймээс ч дугуйлангийн гишүүд маань бүгд оролцож, нэгнийхээ ажил гэж харалгүйгээр сайжруулалтын төлөө хамтдаа зүтгэдэг. Хэсгийн ажилтнууд маань баяжуулалтын явцыг хянахаар өөр өөр цех, нэгжид ажиллах шаардлагатай болно, тэр хэрээр сайжруулалт хийх олон санаа гардаг гэж би бодож байна.
 
   - Цаашид сайжруулалт хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурьдвал?
   - Судалгаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд маань 10-аас дээш жилийн насжилттай болсон тул тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болж байна. Урсгал завсар хийж, хийц хэлбэрийг нь өөрчлөн шинэчлэх маягаар шат дараатай ажлуудыг бид чадлынхаа хэрээр хийнэ гэж бодож байгаа. Манай судалгааны лабораторид шинжилгээ хийлгэхээр ижил төстэй үйлдвэрүүдээс хүмүүс ирдэг. Тиймээс ч хагас үйлдвэрлэл гэж нэрлэгддэг лабораторийнхоо хүчин чадлыг сайжруулахад бид ч бүтээлч байх ёстой гэсэн зарчим баримталдаг.

   - Өглөө босоод ажилдаа ирэхэд тань хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?
   - Хамгийн их урам зоригийг хамт олноосоо авдаг. Сайн саналын системийг залуучууд маань боломж гэж хараасай. Ямар ч байгууллага асуудалгүй байна гэж байхгүй. Би хувьдаа асуудлаа боломж гэж хараад, шийдвэрлэх гарцыг олж, нөгөө талдаа бүтээмж инновацийг бий болгохыг зорьдог. Хүн нэг байрандаа удаан байвал хөгжиж дэвшихгүй шүү дээ. Мэдээж залуу хүнийхээ хувьд гадаадаас туршлага судалж, мэргэжлийнхээ чиглэлээр суралцахыг хүсч байна. Судлаачдын нэг давуу тал нь аливааг цогцоор нь харж чаддаг гэж би хувьдаа боддог. Үйлдвэр миний төлөө юу хийх бол гэж бодохоосоо өмнө үйлдвэрийнхээ төлөө би юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үйлдвэрийнхээ залуучууд, нийт ажилчдыг “Сайн саналын системдээ идэвхтэй оролцоцгооё” гэж уриалмаар байна.

   - Залуучууд маань ахмад үеийнхнээс суралцахдаа юуг чухалчилмаар санагддаг вэ?
   - Өнөөдөргүй маргааш гэж үгүй. Ахмад үеийнхнээс сурах зүйл дундрашгүй их бий. Ажлын талбарт хувь хүний хандлага маш чухал байдаг. Тиймээс боломжоороо суралцаж, хувийн ажил, харилцаа хандлагадаа анхааран, ахмадаасаа эерэг бүхнийг нь аваасай.  
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   Эрдэнэт үйлдвэр нь Орос Монголын хамтарсан үйлдвэр байсантай  уялдуулан зарим ажлын байрны нэршил алдаатай орчуулагдсан байдгаас ажилчид тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байдаг байсан юм. Энэ нь 2004 оны Нийгмийн хамгааллын сайдын 77-р тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны нэршил юм. 
   Энэ нэршилд багтаагүй ажлын байранд ажилладаг ажилчдын хөдөлмөрийн нөхцөлөөс гадна, нийгмийн талаас хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр тогтоолгоход асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай тул Орхон аймгийн Гомдлын шаардлагын зөвлөлд Эрдэнэт үйлдвэрээс төлөөлөл болгож Засвар угсралтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал сонгогдон ажиллаж байна.  
   Тэрээр дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийн төлөөлөл болж ажиллахдаа шинжилгээ, судалгаа хийн 197 ажлын байранд нэршлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн тал дээр  асуудалтай байгааг тодорхойлжээ.  
   Ажилчдын  эрх ашгийг хамгаалахын төлөө ийнхүү ажиллахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу хүнд, хортой нөхцөлд ажилладаг боловч хүнд нөхцөлд ажилладаг ажилчдыг шат дараатайгаар нөхцөл шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. 
   Ингэснээр 2017 онд 40 ажлын байр, 2018 онд 50 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг шийдэж, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд асуудалтай байгаа ажлын байрны 50 хувийг нь зөв голдиролд оруулаад байна. Ингэснээр эдгээр ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг хөдөлмөрийн нөхцөлд орж, баталгаажин 45 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой юм. Дашрамд дуулгахад дээрх асуудлаар ажлын байрны нөхцөлөө зөв тодорхойлуулж өндөр насны тэтгэвэрт гарсан 50 ажилчин байна. 
 
А.Бямбамаа
 

 

 
 
   Аливаа байгууллагын  хөдөлгөгч хүч нь хүн өөрөө юм. Хүмүүс хоорондын харилцаа, харилцан ойлголцол, идэвх чармайлт, шинийг санаачлах, ажлаа төгс бүрэн хийх хүсэл тэмүүлэл хамт олныг илүү нэгтгэн урагш түлхэх гол хүчин зүйл нь болж байдаг. Чухам тэр бүх амжилт ахицыг бүтээхэд хүний төлөө, тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажилтнаа урамшуулан хөгжүүлэх, харилцааны эерэг таатай орчныг бүрдүүлэхэд хүний нөөцийн менежерийн ур ухаан чин сэтгэл ямар байхаас ихээхэн хамаардаг. Энэ л үйлсэд  хорь гаруй жил хүний төлөө ажиллаж, урам зоригтой, хичээл зүтгэлтэй хамт олныг бүрдүүлэхийн төлөө  ухаан бодлоо чилээж яваа нэгэн эгэл бүсгүйн энэ өдрийн ажлыг бид сурвалжиллаа.
 
 

ӨГЛӨӨ БҮХЭН ШИНЭ...
 
   Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Засвар угсралтын цехийн хүний нөөцийн менежер  Б.Туяажаргал өглөөг цехийнхээ даргад ажлаа танилцуулахаас эхэлдэг. Энэ өдөр уламжлал ёсоор даргадаа ажлаа танилцуулж, ажилдаа хэрэгтэй зүйлсийг бэлтгэлээ. Түүний дараа шинээр ажилд орж байгаа залуусыг хамт олонд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Улс эх орондоо ихийг бүтээж буй энэ том үйлдвэрийн эд эс нь болохоор сонгон шалгаруулалтаа амжилттай давсан найман засварчин залуу ажилд орсон анхны өдөр хамт олон нь ийм хүндэтгэлтэй хийгээд ийм ёслол төгөлдөр хүлээн авна гэж зүүдлээ ч үгүй байж магадгүй.  ... Мөрөөдөж хүсэж ажилд орсон залуусын харцанд баяр гэрэлтэх нь үнэхээр сайхан харагдана. Ингэж л ажлын шинэ өдөр эхэллээ.  Шинэ ажилтныхаа анхны сэтгэгдлийг хэзээ ч мартагдашгүйгээр үлдээх нь энэ цехийн хүний нөөцийн  менежерийн санаа байх нь. 
 
 
 

ИД АЖИЛ УНДАРСАН ҮЕД...
 
   Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Тиймээс түүнтэй уралдан ажиллаж, төлөвлөснөө хийж, хийж гүйцэлдүүлснээ дүгнэх нь чухал. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх болсонтой холбоотой Ерөнхий захирлын тушаалаар цехийн хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын нэг сарын аян компанийн хэмжээнд  зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд засвар угсралтын цехийн нийт ажилтны хувийн хэрэгт батгах баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж, бүрдэлтийн дутуу эсэхийг хянаж, гүйцээх, төрөлжүүлэх, баяжуулах, нотлох баримтыг хавсаргах зэрэг маш олон ажлыг богино хугацаад амжуулжээ. Өнөөдөр тэд ажлын  тайлангаа хэлэлцэж дүгнээд, баяжуулалт хийсэн баримт бичгүүдээ зориулалтын цаасан хавтсанд хийж эмхлэн цэгцэлсээр үдийн цайны цаг боллоо.
 
 
    


ҮДИЙН ЦАЙНААР Ч ХАМТДАА...
 
   Ажлын бүтээмж өндөр байхад олон зүйл нөлөөлдөг. Ажилтнуудынхаа урам зоригийг өргөхийг тулд төрөл бүрийн ажил зохион байгуулна. Цайндаа орох заваар ч бас ажил амжуулах юм тэд. Хүүхнүүдээрээ зургаа ч авхуулаад амжив. Түүний ажлын нэг өдрийг тэмдэглэн яваа бидэнд менежер Б.Туяажаргал хандан “Ажилтан хүнд юу хамгийн чухал гээч” гэлээ. Тэрхэн хооронд юу юм бол хэмээн бодолд автах зуур “Хөдөлмөрийн ажиллах нөхцөл таатай, ажилтан хүн урам зоригтой байх хамгийн чухал. Гол нь урам шүү дээ” хэмээн инээмсэглэв. 
 
 

ЦААСАН ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ...
 
   Ямархан хувь төөргөөр ийм их цаасан дунд ажиллах хувьтай төрсөн юм бол доо гэмээр түүний өрөөгөөр дүүрэн бичиг цаас байх юм. Гэхдээ бүгд байх газартаа. Тэрээр хамт олныхоо дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Залуу гэр бүлийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудынхаа ар гэрийнхнийг байгууллага дээрээ урьж, бяцхан хүүхдүүдийг аавд нь сэтгэлийн үгээ дайсан захидал өгүүлж байж. Алаг үрсийнхээ захидлыг уншиж, сэтгэлийн бэлгийг нь хүлээж авсан аавууд баярласандаа уйлж, тэднийг харсан хамт олон нь ч бүгдээрээ  уяран уясаж. Мөн 10 залуу гэр бүлийг сонгон гэр бүлийнх нь уран сайхны зургийг авхуулж, жаазлуулаад бэлэг болгон өгчээ. Хүний төлөө л ажил гэж энэ дээ гэж бодогдмоор сайхан. Эднийд бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Ажилтнууддаа жилдээ 2 удаа “Хүүхдийн томилолт” өгч, цалинтай чөлөө олгодог болж. Тэр өдөр сонгогдсон ажилтнууд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт очиж хичээлд нь хамт сууж, хамтдаа тоглож, музей үзэж,  зураг зурж, хамт хоол хийж тэр өдрийг бүхэлд нь хүүхдэдээ цаг гаргадаг юм байна. “Хүүхдийн томилолт” авсан эцэг эхчүүд ажилдаа ирэхдээ харин томилолтоороо юу хийсэн тайлангаа бичиж ирнэ. Хөгжилтэй энэ арга ажил олон гэр бүлд баяр баясал, хүүхдүүдэд аз жаргал бэлэглэжээ. 
 
 
   
 
 
ӨНӨӨДРӨӨС МАРГААШ ЭХЭЛДЭГ...

   Цаг нартай уралдан ажилладаг хүний ажил ар араасаа ундардаг ч юм шиг. Тэр хэзээдээ ингэж амжуулдаг байна гэмээр шаламгай хүн юм. Тэр олон сайн саналыг ажилдаа дэвшүүлж бас хэрэгжүүлжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн шилдэг тэргүүний мэргэжилтэн. Монголын Хүний нөөцийн салбарын шилдгээр ч тодорч байсан удаатай. Мөн тус институтийн дээд шагнал “Хүний нөөцийн хүндэт тэмдэг”-тэй юм. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд амаргүй ажилд гар бие сэтгэл зүрхээрээ хамтран оролцож яваа тэрээр одоо манай үйлдвэрт хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бид саяхан Япон улсад очиж "Нэг ажилтан - Нэг шинэ санаа" хөтөлбөрийн дагуу туршлага судлаад, олон шинэ зүйлс сурч ирлээ. Одоо ажилдаа нэвтрүүлж нутагшуулна. Бидэнд хийх ажил их бий хэмээн маргаашийнхаа ажлыг бэлдээд өрөөндөө үлдлээ.  
 
 
   
 
Б.Учрал
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог