×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Үйлдвэрлэл

Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа онцоллоо.



-Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр дүнг авчирсан бэ?
     Өнгөрсөн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хувьд  өндөр бүтээмжийн жил байлаа. Бизнесийн байгууллагын хувьд гурван том зорилт  дэвшүүлсэн. Энд техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Бид энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хүдэр дэх зэсийн агуулга урьд өмнө байгаагүй доод хэмжээ буюу 0,495 хувьтай байсан ч манай уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зэсийн металл авалтыг 89,3 хувьд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр амжилт юм. Ингэснээр бид 6000  гаруй тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмалыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр 100-аас дээш хувиар давууллаа. Үүнд,  хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,9 хувиар, хүдэр боловсруулах төлөвлөгөөг 101,7 хувиар, металл авалтын төлөвлөгөөг зэсээр 103 хувиар, молибденоор 129,1 хувиар тус тус давуулан биелүүллээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд тогтвортой байхад эдийн засгийн үзүүлэлт дагаад сайн биелдэг. Эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг  хэдий ч нөгөө талаар үйлдвэрлэлийн хүчин чадал гол нөлөөтэй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш 2017 онд төлөвлөснөөс өндөр байв. Бид ойролцоогоор нэг тонн зэс 5480 ам.доллар гэж төсөөлж байсан ч оны сүүлийн улиралд нэлээд өссөн. Жилийн дунджаар авч үзвэл, нэг тонн зэс 6162 ам.доллартай тэнцэж байлаа. Энэ нь бидний төлөвлөснөөс 682,7 ам.доллараар өндөр гэсэн үг. Үүнээс шалтгаалаад манай борлуулалтын орлого 131 хувиар давж биеллээ. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмал ашигласны төлбөр 11 хувиар, 6000 ам.доллараас дээш гарвал 12 хувиар тус тус нэмэгддэг. Энэ үзүүлэлт төлөвлөж байснаас 68,7 тэрбум төгрөгөөр буюу 124,2 хувиар давж биеллээ. Мөн татварын өмнөх ашиг төлөвлөж байснаас зургаа дахин буюу 403,1 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн.  Өнгөрсөн онд борлуулалтын орлого,  бүтээгдэхүүний биет хэмжээ өссөнөөс 69,2 тэрбум төгрөгөөр,  борлуулсан бүтээгдэхүүний зардал буурснаас ашиг 51,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн бид ерөнхий болон удирдлагын зардлыг 8,4 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Борлуулалтын орлого, ашиг нэмэгдэхэд  хамгийн эерэг нөлөөлөл нь баяжмалын үнийн өсөлт байв. Ингэснээр бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 283,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, нийт цэвэр ашгийг 320,9 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэвэл, үйлдвэр өөрийн  техник технологийн боломжийг өндөр түвшинд сайн ажиллууллаа. 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь  Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.
     Эрдэнэт үйлдвэр улс болоод орон нутгийн өмнө нийгмийн өндөр үүрэг хүлээдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг мөн үйлдвэрийн түүхэнд байгаагүй түүхэн өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр манай үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд  металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.

-Эдгээр түүхэн амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?
     Хамгийн гол нь бид өнгөрсөн онд хэмнэлтийн горимыг  үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4500-5000 ам.доллар байх үеийн хэмнэлтийн  горимыг мөрдөж ажилласан. Зэсийн өөрийн өртөгийг  4782 ам.доллар гэж төлөвлөж байсан бол 4460 ам.доллар буюу нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөгийг 322 ам.доллараар бууруулж чадлаа. Ингэснээр  хэмнэлтийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Нөгөө талаар, үндэсний үйлдвэр болсон тул хамтарсан үйлдвэр байснаас илүү  хамтын ажиллагаагаа нягтруулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулсан гэж хэлж болно. Энэ хүрээнд олон арван журам, заавар аргачлал шинэчилсэн болон шинээр боловсруулан мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шинэ онд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар зорилт хэрэгжүүлэх вэ?
     Бид 2018 онд үйлдвэрлэлийнхээ өнөөдрийн хүрсэн хүчин чадлыг буулгахгүй байхыг зорьж байна. Зэсийн хүдэр дэх агуулга багасаж байгаа тул 0,480 хувьтай байхаар бид төлөвлөсөн. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа цэвэр зэсийн хэмжээг буулгахгүй байлгах зорилттой ажиллана. Энэ нь 131390 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд манай үйлдвэр  зэсийн баяжмалын чанарыг буулгахгүй байх зорилттой ажиллаж байна. Металл авалтыг нэмэгдүүлэх, чанарыг бууруулахгүй байх бодлого барьж ажилласнаар зэсийн баяжмалын чанарыг 23 хувиас буулгаагүй. Энэ зорилт мөн үргэлжилнэ. Түүнчлэн ТУЗ-өөр дэмжүүлсэн 2017-2031 онд компаниа хөгжүүлэх үндсэн чиглэлээ, түүнд тусгагдсан  зорилт, өмнөх онд олсон ашиг орлогоо шинэ онд хадгалан үлдээх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

М.Балжинням
 

Лхагва, 14 2-р сар 2018 00:00

Мэндчилгээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон, үе үеийн уурхайчид, Эрдэнэтчүүд, хүндэт ахмадууд Та бүхэндээ 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг хүргэе.
     Улиран одож буй гал тахиа жил бид бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, олз омог арвин сайхан жил болж өнгөрч байна.
     Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2017 онд үйлдвэрлэл, техник, технологи, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 101.7-152.1 хувиар биелүүлсэн. Үйлдвэрлэлийн технологийн горимыг нарийн мөрдөж, зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэнд хамгийн бага буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг 89.28 хувьд хүргэж, түүхэн дээд амжилтыг гаргалаа.  
     Манай хамт олон, 2017 онд компанийн 40 жилийн түүхэндээ хамгийн өндөр ашиг, орлоготой ажиллаж, улс орон нутгийн төсөвт 580.0 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг дурдахад таатай байна.
     Улирч буй тахиа жилд, геологи хайгуулын ажлыг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлж, 30.5 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд Эрдэнэтийн овоо ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, 60 жилд хүргэх боломжийг бий болгоход дорвитой алхам хийлээ.
     Бид таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулж, тогтвортой хөгжлийн цогц бодлогоо тодорхойлон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн нь онцлох үйл явдал болсон юм.
     Тогтвортой хөгжлийн цогц бодлоготоо техникийн шинэчлэлийн, дэвшилтэт технологийн, байгаль орчны, санхүү, эдийн засгийн, хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогыг гарын таван хуруу мэт харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үндсэн чиглэлийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний бэлтгэл ажил болгож 2017 оны 12 дугаар сард “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү форумд 4 тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон бөгөөд уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч, дэлхийн шилдэг компаниудын төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр ашигтай санал солилцсон.
     Мөн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэр цахилгаан хэрэглэгчээс үйлдвэрлэгчид шилжлээ.
     Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж байна.
     Газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг олборлон боловсруулах замаар үндэсний баялаг болгон хувиргадаг уурхайчдынхаа, бүтээлч хамт олныхоо үндсэн цалинг 10 хувиар, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд, ажлын үр дүнгийн болон Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан урамшуулахад нийт 21 тэрбум төгрөгийг зарцуулж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд бодитой дэмжлэг үзүүллээ.
    Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд төвийн бүсийн чуулганыг Орхон аймаг, Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулж, Эрдэнэтийн уурхайчид бид салбарынхантайгаа мэдлэг, туршлагаасаа хуваалцан зөвлөлдөж, бүс нутаг, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ.
     Орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хамтын ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г баталж, сумдын бүх багтай компанийн цех, нэгжүүд хамтран ажиллах батламж бичгийг үйлдсэн. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд 100 сая төгрөг, Говил, Баянцагаан, Уурхайчин багийн иргэдийн тавьж буй санал, хүсэлтийг шийдвэрлэхэд 100 сая төгрөг, орон сууцны хорооллын байрууд, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн фасадыг сэргээн засварлахад 200 сая төгрөг, бусад арга хэмжээнд 458 сая төгрөг, нийт 858 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, туслалцааг үзүүллээ.
    Ирж буй нохой жил манай компанийн хувьд шинэ бүтээн байгуулалтын гарааны жил, түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын жил байх болно. 2018 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ бүх үзүүлэлтээр ханган биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, компанийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Геологийн болон үйлдвэрлэлийн нөөц өсгөх төслөө үргэлжлүүлж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
    Мөн уурхайчид, хамт олныхоо орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Москва-300”, “Эко-400” орон сууцны төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөлөө.  
    Манай бүтээлч хамт олон 2018 оны эхний сард үйлдвэрлэл, техник, технологи, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.5-109.8 хувиар биелүүлж,  улс, орон нутгийн төсөвт 62.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.
     Тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болох юм.
     Нохой жилийн босгон дээр компанийн “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар тодорсон, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ахмадууд, үе үеийн уурхайчид, нийт ажилтнууд, тэдний гэр бүл болон бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд, бизнесийн түншүүд, нийт Эрдэнэтчүүддээ морилон ирж буй нохой жилдээ төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
     Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН




 

Мягмар, 13 2-р сар 2018 00:00

Дайчин бүсгүй

    

Хүнд хөдөлмөрт хүдэр  эрстэй мөр зэрэгцэн шаламгай ажилладаг гавшгай хүүхнүүд “Эрдэнэт” үйлдвэрт олон. Тэдний нэг нь Засвар механикийн заводын  Цутгуурын цехийн Хайлах хэсгийн операторч Аюушийн Болормаа. Эдний цех цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн, төрөлх үйлдвэрийнхээ төдийгүй уул уурхайн бусад компанийн  хэрэгцээг хангадаг. Хэвлэж цутгасан металлыг ус, цахилгааны тусламжтай  доргиож цэвэрлэдэг ховорхон, хүндхэн, мэдрэмж шаардсан нарийн мэргэжилдээ тэр эзэн байж чаддаг.  Металлыг хэрхэн оосорлож кранд өлгөж, хаана тавих, шороог нь яаж эвтэйхнээр унагахаа тооцоолно. Усан доторх нүдэнд үл үзэгдэх цутгамлын хөндий, голчийг олж, доргион цэвэрлэхэд бүсгүй хүний торгон нарийн мэдрэмж нь хэрэг болно. Шороотой цутгамлыг зүсэлтэд бэлтгэн өнгөлөн зүлгэсэн мэт цэмцийлгэхийг тэр хичээнэ. Хүнд жинтэй элэгдэлд тэсвэртэй ширмэн бүтээгдэхүүнийг цэвэрлэх  явцад хагалж орхивол, үйлдвэртээ эдийн засгийн багагүй  хохирол учруулах ч эрсдэлтэй. Тоосжилт, доргион чичиргээн ихтэй, бүсгүй хүн бүү хэл “нялцгайхан” эр ч зүрх алдам, бас  хариуцлагатай энэ ажилдаа тэр туйлаас дуртай. Өглөө ажилдаа яаран тэмүүлсээр ирнэ.

   Ер нь Болормаагийн төрөлхийн дайчин  чанар нь  түүнийг аливаа амжилтад дөрөөлдөг мэт. Хөдөлмөрийн гараагаа 16-хан настайдаа цэцэрлэгийн туслах багшаар эхэлсэн. Балчирхан үрсийг халамжлах буянтай энэ ажлаа тэр дөрвөн жил хийж. Ааг амтагдсан залуу насаа тэр илүү эрчтэй хөдөлмөрт зориулъя хэмээн Технологийн сургуульд токарьчин, фрезерчний мэргэжил эзэмшиж, 1987 оноос Засвар механикийн заводын Механик цехэд  ажиллав. Хаттай төмөр зорж, халуун металлтай харьцах амаргүй  энэ ажлыг тэр хорь шахам жил хийсэн байдаг. Үүнийгээ “Эрдэнэт” үйлдвэрт ганцхан байх ЭГУ операторч гэх ховорхон, хүч чадал, мэдрэмж “нэхэх” мэргэжлээр сольж өдгөө нэгэн арванаас илүү жил ажиллажээ. Өнгөрсөн онд Цутгуурын цех 4800 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 1200 орчим тоннд тэр хөдөлмөрөө шингээжээ. Ховор нарийн мэргэжлээрээ  гурван ч  залууг дагуулан мэргэшүүлсэн тэр шавь нартаа “Аливаад сэтгэлээ  зориул. Тэгвэл ажил үйлс бүхэн тань бүтнэ” гэж сургах.

     Нуруулаг, дүүхэлзсэн энэ бүсгүй нэгэн үед “Эрдэнэт” үйлдвэрийн урдаа барьдаг тамирчдын нэг байж. Явган аяллын спортын мастер, сагс, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй. ЗМЗ-ын арга зүйч агсан Энхтөр,  Цутгуурын цехийн ажилчин, явган аяллын спортын олон улсын хэмжээний мастер Рагчаа нар түүнийг спортод “уруу татсан” ачтанууд. Эх нутгийнхаа сүрлэг уулс Асралт хайрхан, Отгонтэнгэр, Цагаан дэглий”д  авирчээ. Отгонтэнгэр хайрханд хамтдаа авирч явсан  Улаанбаатарын   уулчин эмэгтэйг уулын үер яах ийхийн зуургүй аваад явчихсан аюул тохиож. “Холбоо харилцаа тааруухан тэр үед усанд боогдоод 14 хоног болоход  амь эрсэдсэн эмэгтэйг намайг гэж андуу мэдээ тарж, эжийг минь “шар махтай нь хатаасан”.  Наадмын өмнөхөн  намайг ирэхэд цехийн орос даргын “Үнэхээр амьд уу, тэгвэл ажилдаа ор” гээд л дал мөр алгадсан дулаан төрх, хамт олон минь баярлалдан, тэвэрч угтсан нь одоо ч санаанд  байдаг. Ээжийгээ зовоохгүй гэхдээ тэр цагаас ууланд авирахаа больсон” гэв. Явган аялал, сагс волейболын тэмцээнд тэр одоо ч  залуусыг дагуулан манлайлсаар.  

Олон жил хамт ажилласан ээлжийн мастер Н.Тугтөгс  түүний тухай “А.Болормаа их хичээнгүй, хөдөлмөрч, ажилдаа их хариуцлагатай. Хүний мөс чанар сайтай хүн. Мэргэжлийнхээ нарийн ширийнийг залууст  харамгүй заадаг. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлдэг, бас санаачилга сайтай хүн. Урлаг, спортын уралдаан тэмцээнд  хамт олноо уриалан, манлайлдаг төдийгүй олон нийтийн байгууллагын ажилд их идэвхтэй оролцдог. Манай ээлжний 13 хүнээс ганц бүсгүй нь.  Болормаа  ямар ч хүний эвийг олж харьцдаг, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн.” хэмээсэн юм.

     Тэр ахмад настанаа хүндэтгэн, өргөдөг тусч зантай нэгэн. Хэдий яарч явсан ч өндөр настай, ядарсан нэгэн зам хөндлөн гарах гэж ядаж явахад нь гаргаж өгчихөөд л алхана. Чихэвч зүүчихээд таягтай хөгшнийг дайрчих шахан өнгөрөх зарим залуусыг хараад тэр харамсдаг.  Хүний ач тусыг байнга санаж, дэм хэрэгтэй хэн нэгэнд чадах зүйлээрээ  тусалж явахыг тэр хичээдэг.
     Болормаа  айл гэрийн халамжит гэргий, охиныхоо хайртай ээж нь. Хань Ч.Баттогтох бас л “Эрдэнэт” үйлдвэрт  хүч хөдөлмөрөө зориулж, Засвар механикийн заводад халуун дарханаар ажиллаж  явсан нэгэн. Ар гэртээ санаа зоволгүй сэтгэл  амар ажлаа хийж, спортын тэмцээнд оролцох  зэрэгт  ханийнх нь дэм, түшиг  их аж. Ч.Баттогтохынх танхилхан охинтой. Одоо Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан. Тэд охиноо ухаалаг, хичээнгүй нэгэн болгож өсгөсөн гавьяатнууд.
     А.Болормаагийн аав ээж театрын уран бүтээлчийн ажлаа орхин, Булган нутгаас эх орны их бүтээн байгуулалтын дуулианаар 1972 онд Эрдэнэтийг зорин ирсэн. Тэр үед тавхан настай Болормаа охинд ой шугуй, алаг цэцэгс, цоохор эрвээхэй, мушгиран  урсах  тунгалаг гол гээд байгалийн үзэмж төгс энэ сайхан нутаг гойд их таалагдсан гэдэг. Тэр аав, ээжийнхээ бүтээн босголцсон, өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин жавхаажих уурхайчны энэ л хотдоо аз жаргалтай амьдарч, “Эрдэнэт” үйлдвэртээ 30 гаруй жилийн үнэнч хөдөлмөрөө зориулсаар явна. 

     Монгол улсын эдийн засагт том үүрэгтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон жил бүрийн сар шинийн баярын босгон дээр улирч буй жилийнхээ хөдөлмөрийн шилдгүүдийг тодруулан, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор өнгөрөн одож буй гал тахиа жилдээ  ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр манлайлагчдад  шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулав. Ёслолын ажиллагааны эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн уурхайчин хамт олон гал тахиа жилд үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудаа бүхий л үзүүлэлтээр биелүүлэн, тэрхүү амжилтыг түүчээлсэн хөдөлмөрийн аварга, алдартнуудаа төрүүлэн өлгийдэж байгааг тэмдэглэн, халуун баяр хүргэлээ.
     Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлж,  бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий 34 ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулсныг ёслолын ажиллагаан дээр зарлан, шагналыг нь гардуулав.  “Хөдөлмөрийн аварга”-аар тодорсон ажилтан бүрт Хөдөлмөрийн аварга тэмдэг, тус бүр гурван сая төгрөгөөр  урамшуулж, Хүндэт самбарт зургийг нь байршуулан алдаршууллаа. Мөн тус үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход  бүтээлч хөдөлмөрөө зориулсан гурван ажилтны нэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт бичин алдаршуулж, тус бүр таван сая төгрөгөөр шагналаа. Хүндэт дэвтэрт нэр нь  бичигдсэн энэ удаагийн тэргүүний ажилтнуудаар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, Автотээврийн байгууллагын Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастер Рэнцэнгийн Энхтайван, Уурхайчин соёлын ордны эрчим зүйч Лувсанчүлтэмийн Оюунбилэг нар тодров.
     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон улирч буй гал тахиа жилээ ажил бүтээлийн арвин амжилтаар үдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн сайчуудаа дуу хуур, баяр хөөр бялхсан гүн хүндэтгэл дор алдаршуулан, урамшууллаа.   

 

  

 

 

 

ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД:
Даваадоржийн ЭРДЭНЭТҮЛХҮҮР
Ил уурхайн
Маркшейдерийн албаны
тэргүүлэх маркшейдер
Өлзийбатын БАЯРСАЙХАН
Ил уурхайн
Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн
тэсэлгээчин
Хүүхэнхүүгийн АМАРТӨР
Ил уурхайн
Уулын тоног төхөөрөмжийн
төвлөрсөн засварын хэсгийн
тоног төхөөрөмжийн механикч
Баасангийн ГАНХУЯГ
Ил уурхайн
Үйлдвэр техникийн албаны
Ээлжийн дарга-уурхайн диспетчер
Дагвын БОЛОР-ЭРДЭНЭ
 Автотээврийн байгууллагын
Уулын технологийн тээврийн
ээлжийн дарга
Халтарын БОЛДБААТАР
Автотээврийн байгууллагын
механикийн албаны
тоног төхөөрөмжийн засварын механикч
Пэрэнлэйн НАРМАНДАХ
 Автотээврийн байгууллагын
Зорчигч тээврийн хэсгийн
автобусны жолооч
Эрдэнэбатын ЛХАГВАЖАВ
Автотээврийн байгууллагын
Цахилгаан тоног төхөөрөмжийн
цахилгааны засварчин
Дамдинсүрэнгийн ТОГТОХБАЯР  
Баяжуулах үйлдвэрийн
Нунтаглан баяжуулах хэсгийн
хяналтын операторч
Рагчаагийн ГАНТУЛГА
Баяжуулах үйлдвэрийн
Хаягдлын аж ахуйн хэсгийн
орлогч дарга 
Оюунбатын  УУГАНБАЯР  
Баяжуулах үйлдвэрийн
Бутлан тээвэрлэх хэсгийн
ээлжийн мастер
Дашнямын ГАНБААТАР
Баяжуулах үйлдвэрийн
Засварын хэсгийн
цахилгаан ба хийн гагнуурчин
Элдэвийн БАЯННҮРЗЭД  
Баяжуулах үйлдвэрийн
Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсгийн өргөн тээвэрлэх машин, механизмын
засвар үйлчилгээний засварчин
Хөхөөгийн ГЭРЭЛТУЯА
Засвар механикийн заводын
Металл хийцийн хэсгийн
гүүрэн кранчин 
Наранхүүгийн  АЛТАНЧИМЭГ
Засвар механикийн заводын
Хэвний хэсгийн
хольц бэлтгэгч
Лхагважавын  ЭРДЭНЭБИЛЭГ  
Засвар механикийн заводын
Засвар угсралтын хэсгийн
тоног төхөөрөмжийн засварчин
Пүрэвдоржийн ДАВААБАЯР
Геологи маркшейдерийн хэлтсийн Маркшейдерийн товчооны
Тэргүүлэх маркшейдер
Галдангийн ЯДАМСҮРЭН
Тээвэр, ложистикийн албаны
замчин
Бямбадоржийн БАЯСГАЛАН
Тээвэр ложистикийн албаны
5 дугаар төв агуулахын
нярав
Машийн БОЛОРМАА
ДЦС-ын
ДШС-ний хэсгийн
ашиглалт-засварын мастер
Осордэлэгийн ЭНХБАТ
Эрчим хүчний цехийн
Тэргүүлэх эрчим зүйч
Бямбажавын ХАШ
Цахилгаан цехийн
агуулахын эрхлэгч
Эрхэмбаярын ЭНХТҮВШИН
Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн
Галын автоматжуулалтын хэсгийн тохируулгын  инженер
Түгдоржийн БҮРЭНТОГТОХ
Геологи хайгуулын ангийн
ХАБЭА-н инженер
Үдэрпилийн БАТЧУЛУУН
Засвар монтажийн цехийн
Засварын хэсгийн
ахлах мастер
Жадамбаагийн ТҮМЭНЦОГТ
Лаборатори судалгааны төвийн Судалгааны  хэсгийн 
бутлуурчин
Даваадоржийн  МӨНХБАТ
Чанар хяналтын хэлтсийн
Техник хяналтын албаны
чанар шалгагч
Дашцэрэнгийн БОЛОРМАА
Төслийн менежментийн хэлтсийн Цахилгааны товчооны
тэргүүлэх инженер, зохион бүтээгч
Тойвгоогийн ГАНТӨМӨР
Эрдэнэт сувиллын цогцолборын
цахилгаан механикч
Оюунболдын АРИУНБОЛД
Сэлэнгэ амралтын баазын
ачигч, мужаан
Пунцаг-Ёндонгийн САРАНГЭРЭЛ
 Нийтийн хоолны хэсгийн
ахлах тогооч
Эрхэмбаярын ТОГТОХДАВАА
Үйлчилгээ, аж ахуйн албаны
Техникийн хэсгийн мужаан
Хавдалын ХУАТ
“Катюша” орос цэцэрлэгийн
багш
   
Лхагваагийн НАРАНЦЭЦЭГ
 Технологийн сургуулийн
СШУТ-ийн эрхлэгч,
орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч
   


ХҮНДЭТ ДЭВТЭРТ НЭР НЬ БИЧИГДСЭН:

ЭРДЭНЭ-ОЧИРЫН ДОРЖБОЛД
Баяжуулах  үйлдвэрийн
Засварын хэсгийн
тоног төхөөрөмжийн засварчин
РЭНЦЭНГИЙН ЭНХТАЙВАН
Автотээврийн байгууллагын
Тусгай зориулалтын машин механизмын
засварын хэсгийн мастер 
ЛУВСАНЧҮЛТЭМИЙН ОЮУНБИЛЭГ
Уурхайчин соёлын ордны
Эрчим зүйч



 





                            







 

     Жил бүрийн цагаан сарын баярын өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргаанд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтандаа суусан 60 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагааг нээн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Д.Эрдэнэбилэг, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нар уригдсан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны ахмадын зөвлөлд 100 гаруй ахмадууд бүртгэлтэй байдаг. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд олон нийттэй харилцах албаны 2, төслийн менежментийн хэлтсийн 7  нийт 60 гаруй ахмадууд оролцлоо. Энэ үеэр Монголын уул уурхайн салбарын 95 жилийн ойн медалаар ерөнхий захиргааны ахмад Л.Дэлгэрбатыг шагнаж, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар ерөнхий захиргааны ахмад Д.Чимэддоржийг шагнаж урамшуулсан юм. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ерөнхиий захиргааны ахмадуудад гарын бэлэг гардуулахын зэрэгцээ эрүүл энх урт удаан наслахыг ерөөлөө.

    Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын  яамнаас зарласан  Ашигт малтмал баяжуулалтын жишиг хөтөлбөр боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны тэтгэлэгээр Технологийн сургуульд хэрэгжиж байна. Энэ хүрээнд судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд анх удаа 2015 оны есдүгээр сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарлажээ. Тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр есөн их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч 1,797,000,000 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авч байсан. Эрдэнэт үйлдвэрийн харьяа Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд ашигт малтмал баяжуулалтын жишиг хөтөлбөр 2015 оны 11-р сараас хэрэгжиж эхлэсэн.  Хөтөлбөр боловсруулах явцад мэргэжлийн баг хамт олон ажиллаж, эхний шалгаруулалтандаа амжилттай оролцжээ.

 

 

     Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой угтаж үйлдвэрийн хөгжил, бүтээн байгуулалтанд  гарамгай  үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатнуудыг тодруулж, тэднийг алдаршуулж, арвин туршлагыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх зорилготой “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” алдаршуулах уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны ахмад ажилтан, анхдагч Төмөрбаатарын Байгалмаа оролцож, залуу үеийнхэндээ туршлагаа хуваалцаж, түүхэн цаг үеийг хамтдаа дурсацгаасан юм. Энэ үеэр Уурхайчин соёлын ордонд ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэр үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой угтсан ажлуудын нэг болох “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” алдаршуулах уулзалтад цех хэлтэс бүрийн анхдагчид хуваарийн дагуу оролцох юм. Энэ ажил өнгөрсөн оны 10-р сарын 25-аас эхлэн энэ оны 7-р сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна. Алдаршуулах уулзалтын хүрээнд “Эрдэнэсийн уурхайн их үйлсийн эхлэл” үзэсгэлэнг зохион байгуулж цехийн анхдагчийн үйл хэргийг мөнхжүүлж, алдар гавьяаг нь олон нийтэд таниулан сурталчилж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжилд  гарамгай үүрэг гүйцэтгэсэн, цех төлөөлөн  оролцож байгаа алдартан ахмадуудын нэрсийг цехийн захиргаа, ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран гаргаж, тус үйл ажиллагааг зохион байгуулж байна.

     “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон жил бүрийн эхний улиралд багтаан  өмнөх  оны ажлын үр дүнг хэлэлцэж, үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаандаа  үнэлэлт дүгнэлт өгдөг. Ерөнхий захиргааны нэгдүгээр  байранд “Эрдэнэт” үйлдвэрийн  2017 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал энэ сарын зургаанд  эхэлсэн. Эхний өдөр Лаборатори судалгааны төв, Ган бөмбөлгийн цех, Чанар хяналтын хэлтэс, Засвар монтажийн цех ажлаа тайлагнасан бол хоёрдугаар  сарын долоонд  Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний цехүүд тайлангаа танилцууллаа.  
     2017 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлын ажлын хэсгийг  үйлдвэрийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт ахалж, орлогч даргаар Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, гишүүдээр Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, нийгмийн цехүүдийг хариуцсан комиссийн даргаар Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр болон хэлтэс, бүтцийн нэгжийн дарга, удирдлага, мэргэжилтнүүд ажиллаж байна. Үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр /хоёрдугаар сарын найман/ үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйл ажиллагааны мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөв.

 

 


 

  Саяхны бямба гарагт Технологийн сургууль дээр төгсөлтийн  уралдаант шалгалт болж байгаа мэт олон хүүхэд, залуус цуглажээ. Тэд тус сургуулийн нэрэмжит Математик-Байгалийн ухааны гуравдугаар олимпиадад оролцохоор Эрдэнэтээс гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас зорин ирсэн ахлах ангийнхан. Идэр есийн хүйтэнд олон хүүхэд, залуусын сонирхол хүслийг татсан энэхүү олимпиадын  талаар Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалт хариуцсан дэд захирал Л.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Өргөн цар хүрээтэй  энэ олимпиадыг танай сургууль гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпиадын гол зорилго юу вэ?
-Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих,  өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, аймаг улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын  чанарыг сайжруулах зорилгоор манай сургуулиас гурав дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулж байна.

-Энэ удаагийн олимпиадад хэдэн сурагч оролцов?
-Олимпиад жилээс жилд  цар хүрээгээ  тэлэн өргөжиж  байна. Энэ жил Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 95, манай аймгийн 14 сургуулиас 352, нийт 447 сурагч оролцож, оюун ухаанаа сорилоо.  Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлээр явагдсан. Ингэхдээ анги бүрд хичээл тус бүрээр эхний гурван байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрыг тус тус шалгаруулсан.

-Шагнал урамшууллын тухайд...
-Шалгарсан сурагчдыг медаль, мөнгөн шагналаар урамшуулсан. Бас  хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрт  шалгарсан 12-р ангийн хүүхдүүдийг Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнасан. Мөн  хичээлүүдийн нийлбэрээр эхний зургаад шалгарсан 9, 10-р ангийн 12 сурагчид Технологийн сургуулийн 11, 12-р ангид сургалтын хөтөлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

-Аль аймаг сургуулийн сурагчид илүү амжилт гаргав?
-Ерөнхийдөө оролцсон хүүхдийн тоогоороо ч, авсан медалиараа ч манай аймаг тэргүүлж, 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль найм, дөрөвдүгээр сургууль дөрөв, наймдугаар сургууль дөрөв, Орос 19-р сургууль гурав, 13-р сургууль хоёр, Орхон Эмпати сургуулийн сурагчид мөн хоёр медаль зүүлээ. Булган аймаг хоёр, Хөвсгөл, Сэлэнгэ тус бүр дөрөв, Дархан-Уул аймгийн сурагчид таван медаль хүртлээ. Хичээлүүдийн нийлбэрээр 9-р ангийн төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн 9 б ангийн сурагч Цолмон, 10-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 10 а ангийн Тэмүүжин, 11-р ангийн төрөлд Дархан-Уул аймгийн ахлах сургуулийн сурагч Тэмүүлин, 12-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 12 а ангийн сурагч Сувданчимэг нар нэгдүгээр байр эзэлсэн байна.

-Энэ олимпиадын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Математик, байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа онцлог. Сурагчдын  дээрх хичээлээр шамдан суралцах хүсэл сонирхлыг нь дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай.

-Цаг гаргасанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог