МЭДЭГДЭЛ Онцлох

31 1-р сар 2020 12:00
622 удаа үзсэн

МЭДЭГДЭЛ

      2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр urug.mn сайтын сэтгүүлч У.Болортуяагийн “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид”нэртэй нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нэвтрүүлэгтэй холбоотойгоор дараах МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтээрээ түүхэн дээд амжилт тогтоож, 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 2.2 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс болон орон нутгийн төсөвт нэг их наяд шахам төгрөг төвлөрүүллээ.

     Уул уурхайн олборлох, боловсруулах салбарт технологийн тасралтгүй ажиллагаатай горимоор ажиллаж, хоногт 6 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийн хувьд орчин үеийн дэвшилтэт найдвартай техник, тоног төхөөрөмж болон сэлбэг, материалын худалдан авалтыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.

      Улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гол түших багана, тулах хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн 6600 гаруй баялаг бүтээгч уурхайчид, хамт олон улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж түүхэндээ хамгийн их бүтээн байгуулалт хийсэн жил боллоо. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үр ашигтай, өртөг зардал багатай, тасралтгүй хэвийн явуулах зорилгоор 2020 онд өнгөрсөн оноос 2 дахин их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн цаг наргүй хөдөлмөрлөж байна.

      Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хэвийн жигд, тасралтгүй үргэлжилж байгаа билээ.

      Эрдэнэт үйлдвэр 2019 онд 41 жилийн түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажиллалаа.  

     Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн үед төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллахдаа үйлдвэрлэл эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гарган, улс төрөөс ангид байж “шахааны томилгоогүй” болсон, “бараа таваарын шахаагүй” болохын төлөө зорьж байгаа нь тодорхой зорилго бүхий  бүлэг хүмүүсийн дургүйг хүргэж, захиалгат дайралтуудыг зохион байгуулж, улсын үйлдвэрийг тасралтгүй гүтгэлгийн бай талбар болгож байна.

     "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь ийм бусармаг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандсан болно.

    Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчиж байна.

     Иймд хэвлэл мэдээллийн ажилтны ЁС ЗҮЙ-г эрхэмлэж, МЭРГЭЖИЛ-ийн түвшинд ажиллахыг хүсье.

 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 31 1-р сар 2020 10:10
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог