Ган бөөрөнцгийн шинэ урсгал Онцлох

14 1-р сар 2020 12:00
272 удаа үзсэн

   

    Уулын хүдрийг нунтаглан баяжуулахад хамгийн чухал үүрэгтэй ган бөөрөнцгийг Эрдэнэтчүүд 23 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Хувьд байсан үйлдвэр 2007 оноос Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж, үйлдвэрлэлийн нэгэн томоохон цех болон өргөжсөнөөр техник, технологийн шат дараатай шинэчлэлүүд хийгдэж ирсэн. Гэсэн ч бүгд оновчтой байгаагүй. Нүүрс хийжүүлэх зуухны технологи нь байгаль орчинд халтайн дээр ажлын байрны хортой нөхцөл, техникийн доголдол гээд олон асуудал, хэл ам дагуулж байв. Энэ бүхнийг цогцоор нь шийдэх технологийн шинэчлэл 2019 оны төгсгөлд өрнөж, 12-р сарын 31-ний өдөр тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авснаар хөгжлийн шинэ хуудас эргэлээ.

    Индукцын технологи ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч, манай буйранд хэрхэн нутагшиж буй талаар сурвалжлахаар тус цехийг зорилоо. А.Отгончулуун дарга өрөөндөө инженер техникийн ажилтнуудаа цуглуулаад хуралдаж сууна. Шилэн хаалганы цаанаас харвал бүгдийнх нь царай гэрэлтэй, тайван, үйл хөдлөл нь эрчтэй урам дүүрэн ажиглагдана. Намайг ороход оосорлогч авах, 2020 оны захиалгаа гүйцээх үүрэг даалгаврын чиглэл өгснөөр хурал өндөрлөв. Өнөөдөр Ган бөөрөнцгийн цехийн удирдлагын зүгээс бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхээс илүү шинэ тоног төхөөрөмж дээр ажилчдаа сургаж дадлагажуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал хандуулж, бодлого, үйл ажиллагаагаа тэр зүг чиглүүлж байгаагаа илэрхийлсэн. Ингэж гэмээнэ тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдал эхнээсээ хангагдана гэж үзэж байна. Индукцын технологи нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэлээр 66 орон тоо баталсан ч хүнээ нэмэхгүй хуучин орон тоогоороо ажиллах боломжтой гэв.        

    Ган бөөрөнцгийн цехийн технологийн шинэчлэлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авалт хийснээрээ онцлог, давуу талтай. Нийлүүлэгч компанийнхан тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажилд оролцож, нэгдүгээр сарын долоонд ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий ч төлөвлөгөөт хугацаанаас өмнө ийнхүү дуусгажээ. Одоо тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт ажлын байрны сургалттай хамт явагдаж байна. Ажилчдыг сургаж дадлагажуулах ажил хоёр сар үргэлжлэх бөгөөд танхимын сургалт ч зохион байгуулах аж. Хятад мэргэжилтнүүд Өвөрмонгол орчуулагчтай учраас бүрэн ойлголцоход хүндрэл учирчээ. Гэсэн ч Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн инженер, Дундад улсад их сургууль төгссөн залуугийн тусламжтайгаар ажил урагштай явна.

    Үйлдвэрийн хэсэг рүү ороход дуу чимээ ихтэй ч урьдын утаа угаар, тоос шороо үгүй болжээ. Өнгө муутайхан, тортогтой хувцастай байдаг ажилчид нь ер бусын өнгөтэй, жавхаатай харагдана. Ган бөөрөнцгийн шинэ урсгал хоёр зэрэг тасралтгүй хөвөрнө. Тэд шинэ тоног төхөөрөмжөө ашиглалтад хүлээн авснаас хойш 80, 100-гийн голчтой “шаар” 20 гаруй тонныг үйлдвэрлээд байна. Технологийн горимоо зүгшрүүлэх, ажилчдаа сургахыг илүү чухалчилж байгаа учир шинэ шугамаас гарсан бүтээгдэхүүнээ Чанар хяналтын хэлтсийн Металлын лабораторит шинжлүүлэхээ азнаж байгаа гэнэ. Мөн эднийх үйлдвэрийнхээ дэргэд металлын өөрийн гэсэн лабораторитой болох бэлтгэл хангасныг үзлээ. “Шаар”-ны бүтэц, чанарыг лабораторитоо шинжлээд үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагдаж байгааг хянан горимыг тохируулж ажиллах юм. Аливаа шинэ технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтрэхэд нэг л өдөр бүх зүйл төгс болчихгүй. Энд нь нэг эвүүр хийчихмээр юм байна, тэнд нь ролик тавьчих нь зүйтэй юм байна гэсэн жижиг сайжруулалтын ажлууд хэсэгтээ үргэлжилдэг. Ингэснээр тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хангагдаж, эвдрэл гэмтлээс удаан сэргийлж чадна. Ажилчид камер суурилуулах, дуу чимээ намсгах, усны хэрэглээ багасгах гэх мэт чиглэлээр сайн саналууд гаргасаар... 

    Одоогоор Ган бөөрөнцгийн цехэд 12000 тонн бэлдэц бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эдгээр бэлдэц жигд биш байгаагаас үйлдвэрлэлд бага зэргийн асуудал үүсгэж байна. Бэлдцүүд үзүүр хэсэгтээ нарийн, дундаа бүдүүн, гулзайлт ихтэй, барзгар гадаргуутай байх жишээтэй. Индукцын цувих шугамын технологи нь хэмжүүрийн 100-ны нарийвчлалтай. Гэтэл Дарханы бэлдэц 10-ны нарийвчлалтай учраас тэр. Гэхдээ сайн саналын системээр сайжруулах боломжтой гэж цехийн дарга ярилаа. Түүнээс гадна Ган бөөрөнцгийн цехийн түүхэнд тодоор бичигдэх шинэчлэлийн ажлыг хамтран хэрэгжүүлсэн Механикийн болон Эрчим хүчний хэлтэс, Цахилгааны цех, Барилга засварын цех, Засвар механикийн завод, Засвар, угсралтын цехийн хамт олонд, тоног төхөөрөмжүүдийг богино хугацаанд нийлүүлэхэд хүчин чармайлттай ажилласан У.Эрдэнэбаяр даргатай Худалдан авалт, хангамжийн хэлтсийн багийнханд тусгайлан талархал илэрхийлэв. 

   Тус хамт олон 2020 оныг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жил болгожээ. Бүтээгдэхүүнийхээ бүтэц, чанарыг улам сайжруулах, алсдаа 120, 125-ын “шаар” үйлдвэрлэх хэтийн зорилго, төлөвлөгөөтэй тооцоо судалгаа явагдана. Ажил, мэргэжлийн хувьд асар их хүсэл шуналтай байж гэмээнэ амжилтад хүрдэг гэдэг. Ган бөөрөнцгийн шинэ урсгал дөнгөж эхэлж байхад дараагийн дэвшлийг төлөвлөж чадаж байгаа нь энэ хамт олны ирмүүн хөдөлмөр, сэтгэлийн илэрхийлэл юм.

Ээлжийн мастер М.БАХДАЛ: 

    -“Шаар”-ны хэлбэр дүрс сайхан гарч байна. Энгийн нүдээр харахад импортоор ирж байгаа хятадын шаарнаас ялгарах юм алга. Индукцын технологи их мэдрэмтгий, нарийвчлал өндөр. Тиймээс шинэ тоног төхөөрөмжүүд ажилтнаас ур чадвар, мэдрэмж их шаардаж байна. Манай ажилчид Хятад мэргэжилтнүүдийг дагаад сайн дадлагажиж байгаа. Ажлын байрны орчин нөхцөл эрс сайжраад, манайхан сэтгэл өндөр, ажиллах урам зориг дүүрэн байгаа нь хөдөлмөрийн бүтээмжээс нь мэдрэгдэж байна. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухтай байхад нүүрсээ буулгана, ачна, шигшинэ, бэлдэнэ гээд ажиллагаа ихтэй, бас хаягдал нүүрс, үнс, давирхай ихээр хуримтлагддаг асуудал байсан. Индукцын давуу тал нь бэлдцийг жигд халааж, цувилтад оруулдаг. Нэг бэлдцийг хоёр минутад цувиж байна. Бэлдцийг индукцын зуухаар халааж цувилтад оруулсны дараа “шаар” хөргөлтийн системээр дамжаад амраах зууханд ирж тодорхой хэмд гаргана.

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Анянг компанийн инженер ЖАН ХАЙ ЖЕЙ:  

    -Ерөнхийдөө тоног төхөөрөмжийн угсралт 100 хувь болсон. Одоо тохируулга, туршилт, сургалт хариуцан ажиллаж байна. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Гарын авлагад тулгуурлан онолын болон ажлын байрны сургалт давхар явагдаж байгаа. Монгол ажилчид үнэхээр ур дүйтэй, чадвартай байгаа нь надад их амар байна. Би гадаадын 30 улсад энэ тоног төхөөрөмжийг суурилуулсан. Харин Монголд анх удаа ирлээ. Өнгөрсөн хоёр хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж маш том гэдгийг мэдэрсэн. Дэлхийд чансаагаараа ТОП тавд эрэмбэлэгддэг уул уурхайн үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай байна. Суралцах зүйл их байна. 

Оператор Ц.АЛТАНГЭРЭЛ:

    -Би Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх Шведийн цувих машин байхад л ирсэн. Индукцын технологи утаа униаргүй, цахилгаанаар ажилладаг болохоор илүү амар. Хуучин мэдрэмжээрээ, туршлагаараа ажиллаад, давхар суралцаад явж байна. Хамгийн гол нь ажлын байрны хортой нөхцөл сайжирсанд баяртай байна. Үйлдвэрийн шалыг резинэн будгаар будаад угааж арчих цэвэрлэгчтэй болно гэхээр цаашид маш цэвэр орчин бүрдэнэ.   

Жижүүр Г.ХИШИГСҮРЭН:

    -Амраад ажилдаа иртэл шинэ шугам тавигдчихсан, үйлдвэрлэл явж байна. Ган бөөрөнцөг урсаж байгааг хараад үнэхээр их баярласан. Тэр өдөр тогтож сууж чадахгүй догдлоод, гадаах цасаа цэвэрлээд, доторх шороо тоосоо арчиж угаагаад л, эрч хүч цаанаасаа оргилсон сайхан өдөр байсан. Хүн бүрийн царайд инээмсэглэл тодорсон тийм сайхан өдрийг би энд  зургаан жил ажиллахдаа олон хараагүй. Жижүүрийн үүрэг бол бүтээгдэхүүнээ жинлэнэ, хэдэн кг бэлдэц ирсэн, хэдэн кг шаар үйлдвэрлээд явуулав гэдгийг бүртгэнэ. Камер хянана. Нүүрс хийжүүлэх зуухтай байхад бид үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг байсан. Гэртээ очиход угаар үнэртээд зогсохгүй ажлаас буусан шөнө ханиалгаад унтаж амарч чаддаггүй байсан. Би “24” гараад “72” амардаг. Хонож байж ханиалга намддаг байлаа. Одоо бол асуудалгүй сайхан байна.

    Ган бөөрөнцгийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл хэр үр дүнтэй болсныг цаг хугацаа харуулна. Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор таван төрлийн 35000 тонн “шаар” хэрэглэдэг. Цехийн хүчин чадал нэмэгдсэн учраас өөрийн үйлдвэрийн хэрэглээг хангаад зогсохгүй дотоодын зах зээлд жилд 3000-5000 тонн ган бөөрөнцөг борлуулахыг зорьж байгаагаа ч тэд нуусангүй. Ган бөөрөнцгийн шинэ урсгал эрчтэй, ажилчдын сэтгэл тэнүүн байна.                    

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 14 1-р сар 2020 06:53
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог