Л.ЭРДЭНЭБАТ: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, Монголчуудын бахархал байх болно Онцлох

25 11-р сар 2019 12:00
880 удаа үзсэн

     Аливаа бүхэн стратеги, хөдөлмөр зохион байгуулалтын нарийн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжлийн шинэ шатанд гарах боломж нээгддэг. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ч энэ суурь зарчмыг баримтлан ажиллаж буйг Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат ярилцлагандаа онцоллоо.

    -Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа,  үнэт зүйлс, хөгжлөө тодорхойлох үндсэн чиг зүг юу вэ?

    -Стратеги, төлөвлөлт бодлогын газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14 нд үйлдвэрийнхээ эрхэм зорилго, алсын хараа,үнэт зүйлсээ тодорхойлсон.  Бид өнөөдөр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” алсын хараатай, Эрхэм зорилгоо “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялагийг бүтээнэ” хэмээн тодорхойлсон бол бидэнд байгаа үнэт зүйлсээ “Аюулгүй байдал ба эрүүл мэнд”, “Ёс зүй, хариуцлага”, “Байгаль орчны тэнцвэртэй байдал”, “Хамтын хүч, багаар ажиллах чадвар”, “Бүтээмж, инноваци буюу шинэ санал” гэж таван чиглэлээр боловсруулсан. Үүн дээрээ үндэслэн  Эрдэнэт үйлдвэрийн стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлж байна. Нийт таван үндсэн зорилт манай үйлдвэрийн хамт олон дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Гуравдугаарт санхүүгийн удирдлагыг дээшлүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Энэхүү зорилт нь цаашид мөнгөн хөрөнгөө хэрхэн зөв зохистой удирдах, ямар төсөл хэрэгжүүлж, хичнээн хэмжээний орлого олох вэ гэдэг бодлогод чиглэнэ. Дөрөвдүгээрт, хүн капиталын өгөөжийг дээшлүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд багтаж байна. Тавдугаарт, хариуцлагатай уул уурхай, зөв тогтолцоог бий болгон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Уг зорилтыг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх замаар хэрэгжүүлнэ. Энэ бүхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн бодлогыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн зорилт болж байгаа юм.  Энэ зорилгодоо бид хүрэхийн тулд яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгохын тулд 2017-2031 он хүртэлх үйлдвэрийн Хөгжлийн Үндсэн чиглэлийн бодлогоо боловсруулан, хэрэгжүүлж байна.

    Дараагийн нэг томоохон асуудал бол бүтээмж, инновацийн чиглэлийн бодлого байгаа юм. Бүтээмж гэдэг ойлголт бол орц, гарцын харьцааг хэлдэг. Бид ямар хэмжээний орц оруулаад хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна вэ гэдгийг тодорхойлдог. Нөгөө талаас, бүтээмж бол үйл явц буюу процессийн сайжруулалт гэж ч ойлгож болно. Бүтээмжийн талаар манай үйлдвэр 2005 оноос “5 сайн үйлс” /5S/, “Сайн саналын систем” /kaizen suggestion system/, Бүтээмж чанарын дугуйлангууд анх Баяжуулах фабрикт, 2012 онд бусад 23 цехэд нэвтрүүлж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл нийт 14 жилийн турш энэ хөтөлбөрийг нэвтрүүлж, нутагшуулж байна. Харин одоо бид энэ чиглэлээр хөгжлийн ямар түвшинд явж байна вэ гэдгээ дүгнэж, цаашид ямар хэлбэрээр хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл цаашид бид Азийн орнуудын томоохон бизнесийн байгууллагын бүтээмжийн түвшинд хүрэхийн тулд Зургаан сигма /Six sigma/, Бизнесийн төгөлдөршил /Business excellence/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг манай “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд тодорхой төлөвлөгөө боловсруулан, сайн ажиллаж байна

    -Ер нь бүтээмж инновацийн хөгжлийн түвшингээр хаана явна гэсэн дүгнэлт гарсан бэ?

    -Дунд буюу төлөвших түвшинд байна гэж дүгнэсэн. Бизнесийн төгөлдөршлийг батлагдсан загварын дагуу үнэлдэг. Бүтээмжийн эхний алхмуудыг хэрэгжүүлсэн гэж өмнө би хэлсэн. Үүнийг оноогоор дүгнэж хэлбэл, 1000 оноо авах ёстой гэвэл 351 оноо авчихсан байна гэж хэлж болно. Ингэхээр үйлдвэрийн газрын хувьд боломжийн үнэлгээтэй. Харин дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой юм. Удирдлагын түвшингийн менежерүүддээ энэ чиглэлийн сургалтанд хамруулах, ойлголтыг өгөх хэрэгтэй. Өөрсдөө илүү сайн мэдлэгтэй байх ёстой. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс дэмжин, ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

    -Бүтээмж инновацийн хөдөлгөөнийг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж, ажиллагсдын идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Инноватор цомыг шилдэг төсөлд олгодог гээд олон үйл ажиллагаа бий. Эдгээрийн үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

    -Манай газрын харьяа Хөгжлийн хэлтсийн дэргэд Инновацийн төв ажилладаг. Эндээс 100 сая төгрөгийн шагналын сантай шилдэг төсөл шалгаруулах “Инноватор” уралдааныг зохион байгуулж байна. Үр дүнд нь манай цех нэгжүүд маш идэвхтэй болж, үйлдвэрлэлд өндөр үр ашигтай санал санаачлага, төсөл хэрэгжүүлэхийн төлөө мэрийдэг болсон. Бидний зүгээс ч тэднийг дэмжиж, сайн төслүүдийг Оюуны өмч буюу патентжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Инженерүүд, ажилтнуудынхаа сайн төсөл, бүтээлийг нь Оюуны өмчийн хуулийн дагуу эрхийг хамгаалах чиглэлээр бас анхаарч байгаа. Энэ утгаараа ч манай үйлдвэр “Оюуны өмчийн бодлоготой байгууллага” тодотгол авсан гэж хэлж болно.

   -Ажиллагсдынхаа санаачилгыг идэвхжүүлэх, түүгээр дамжуулан бүтээмж нэмэгдүүлэх үүднээс “Сайн саналын систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж буйг түрүүн та дурьдсан. Энэ чиглэлээр гарч байгаа эерэг талууд юу байна вэ? Илүү боловсронгуй болгох ямар арга ашиглаж байна вэ?

   -Энэ тал дээр “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд маань олон ажил, сургалтуудыг тасралтгүй хэвшүүлснээр Сайн саналын тогтолцоо манай үйлдвэрт жигдэрсэн гэж хэлэх байна. Саяхан “Сайн саналын систем”-ийн 100 манлайлагчийг шалгаруулж, алдаршуулж урамшуулсан байгаа. Энэ үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар сайн дэмжсэнээр  Хөгжлийн хэлтэс, бүтээмжийн чиглүүлэгч нар сайн саналын  манлайлагчидтай “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, санал бодлыг сонсон ярилцсан байгаа. Улаанбаатар хотод болсон “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы үеэр манай сайн саналын системийн туршлагыг бусад компани, үйлдвэрийн газрууд ихээхэн сонирхож байсан. Тэр тусмаа ажиллагсдынхаа саналыг үнэлж, урамшуулж байгааг асууж, харилцан туршлага солилцох саналаа ч бидэнд хэлсэн. Сүүлийн үед манай үйлдвэрийн сайн саналын систем илүү идэвхжиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 2017 онд сайн саналын систем дэх ажилтнуудын оролцоо 20 хувь байсан бол 2018 онд 24 хувь болон өсч, энэ оны эхний 9 сарын байдлаар 29 хувьд хүрсэн дүнтэй байна. Энэ нь манай ажилтнуудын идэвх хандлага сайжирч байна гэсэн үг. Бүтээмж инноваци хоёр бол салшгүй ойлголт. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан сайн саналын систем дэх оролцоог нэмэгдүүлснээр нэг төгрөг зарцуулж, 6.5 төгрөг болгон олж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ бол маш том бүтээмж. Нөгөө талаасаа зөвхөн эдийн засгийн хэмжигдэхүүнээр тооцож гаргасан дүн. Харин нийгэмд оруулж буй хувь нэмрээр нь тооцвол маш том хөрөнгө оруулалттай, цаг хугацаа хэмнэж, бүтээмж нэмэгдүүлсэн өгөөжтэй ажил болж байгаа гэдгийг онцолмоор байна.

    -Эрдэнэт үйлдвэрийн цаашдын стратеги төлөвлөлт ямар дүр зураг, төсөөлөлтэй байгаа вэ?

   -Стратеги, төлөвлөлт бодлогын газрын Хөгжлийн хэлтэс, төслийн нэгж дээр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх 6 том төслийг холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран судалж, боловсруулсан. Эдгээрээс Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ бол стратегийн том төсөл төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүдийн нэг. Дараагийн төсөл Уусган баяжуулах /SX/EW/ технологиорисэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих,  богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа өгөх энэ төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төсөл чухал стратеги төлөвлөлтийн нэг болж байгаа. Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой эдийн засгийн ашигтай ажиллахын тулд жилд Баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь 6 сая тонноор нэмэгдүүлэх хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийн шугамын өргөтгөлийг ирэх оноос барихаар төлөвлөн ажиллаж байна. Засвар механикийн заводын Цутгуурын цехэд одоо хийгдэж буй техникийн өргөтгөл, шинэчлэл Герман улсын ФАТ компанитай хамтран үргэлжилж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр цаашид Эрдэнэт үйлдвэр хэрхэн хөгжих, багаар бодоход 60 жил ашиглахуйц нөөц дээрээ түшиглэн Эрдэнэт хотыг яаж авч явах гэх зэргээр стратеги төлөвлөлт, хэтийн зорилт бодлого тодорхойлогдоно. Үүнтэй уялдуулан ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ хөгжүүлэх зэргээр хаалт менежментийн хөтөлбөрөө боловсруулан ажиллах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Бидний ойрын үеийн зорилго ч үүнд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх том төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлуудаа бүрэн хангаж, бас эхлүүлнэ гэж хэлж болно. Өмнө хэлсэнчлэн бүтээмж инноваци болон сайн саналын тогтолцоог илүү боловсронгуй болгож, ажиллагсдынхаа оролцоог дээшлүүлэх чиглэлээр эрчимжүүлж ажиллана. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй, хөгжлийн дүр зургийг илэрхийлнэ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

 
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 25 11-р сар 2019 01:01
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог