Эрдэнэт үйлдвэр хүүхдийн сайн сайхны төлөө “ЗА” гэж хэлдэг Онцлох

04 9-р сар 2019 12:00
211 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлдэголон ажлаас хүүхэд багачуудад чиглэсэн ажлуудыг орхигдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Энэрэл” төв, “Найрамдлын-Эрдэнэс” зуслан, Орос 19 дүгээр сургууль, Орос 3 дугаар цэцэрлэг, Технологийн сургууль гэсэн бүтцийн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хөрөнгө оруулалт хийсээр байна. Үйлдвэртэйгээ нас чацуу эдгээр байгууллага хамрах хүрээ, ач холбогдлын хувьд өргөжин тэлсээр эдүгээ Орхон аймгийг төлөөлөх үүрэг хариуцлага бүхий нэгжүүд болжээ.

     Хүүхдийг багаас нь урлагт дур сонирхолтой болгож, авьяасыг нь нээн хөгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн цогцолбор жилдээ 9 дугуйланд 300 орчим хүүхэд элсүүлж, мэргэжлийн багшлах боловсон хүчнээр ханган ажиллаж байна. Спорт цогцолборын тухайд 18 дугуйланд давхардсан тоогоор жилдээ 12 мянган хүүхэд суралцаж, шилдэг тамирчдаа аймаг, бүс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн, ур чадварыг нь ахиулсаар иржээ. Урлагийн байгууллага энэ хичээлийн жилд хийл хөгжим, спортынхон 2-5 настнуудад зориулсан бассейны сургалтаар шинэ элсэлтээ авч эхэлжээ.

      “Найрамдлын-Эрдэнэс” зуслан жилдээ 3100 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн ч энэ зун найман ээлжинд 4000 хүүхэд хүлээн авчээ. Эдгээрээс 128 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж, хүүхдийг сурч боловсрох, үеийнхэнтэйгээ нөхөрлөх, хөгжих боломж бололцоогоор хангасан байна. Байгалийн үзэсгэлэнт газар, цэнгэг агаартай бүсэд байрлах тус зуслангийн сургалтын хөтөлбөр, аргазүйтэй танилцан, туршлага солилцохоор Олон Улсын “Артек” зуслангийн удирдлагууд зочилж, хамтын ажиллагааныхаа талаар ярилцаад буцсан.

 

     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” хүүхдийн асрамжийн төвдөө 2-18 насны 51 хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, тэднийг суралцах, амьдрах аятай таатай нөхцөл боломжоор ханган ажиллаж байна. Хүүхдүүд хичээлийн жилийн турш эрдэм номдоо шамдан, зуны улиралд хөдөлмөр зуслангийн үйл ажиллагаандаа оролцон, амьдрах арга ухаанд суралцдаг онцлогтой. 2019 оны хөрөнгө оруулалтаар “Энэрэл”-ийн хүүхдүүдэд зориулсан спорт заал, бага эмнэлэг ашиглалтад оржээ.

     Уул уурхайн салбарын боловсон хүчнийг 45 дахь жилдээ бэлтгэж байгаа Технологийн сургуулийн шилдгүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламжаа гарддаг бол олон арван төгсөгчид Монгол орныхоо өнцөг булан бүрт мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байна. Бакалавр, магистр, нэг жилийн мэргэжлийн анхан шат, гурван сарын түр сургалт болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэдэг тус сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 7 хөтөлбөрөөр 600 гаруй хүүхэд суралцана. Эрдэнэт үйлдвэр энэ онд оюутан сурагчдынхаа суралцах орчныг тохижуулан, орчин үеийн номын сан байгуулах ажилд томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.

     Бага насны хүүхдийн хэлний түвшин, чадварыг ахиулах, унаган орос хэлтэй иргэдийг бий болгох, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа ОХУ-ын иргэдийн хүүхдүүдийг эх хэлээ танин мэдэхэд туслах зорилгоор орос сургууль, цэцэрлэгийг ажиллуулж байна. Жилдээ 450 орчим хүүхэд хүлээн авдаг орос сургуулийн хөдөлмөрийн ангийг юниматын төхөөрөмжөөр тохижуулж, 230 хүүхдэд боловсрол олгож байгаа орос цэцэрлэгтээ сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоомоор хөрөнгө оруулалт хийжээ.

     Эдгээрээс гадна эх орондоо инженерийн боловсролыг хөгжүүлэх зорилгоор Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8 сургуульд аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлт, бага оврын технологийн сургалтын тоног төхөөрөмж бүхий ЮНИМАТ иж бүрэн танхимыг тохижуулан, 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэж, 38 цэцэрлэгийн 9000 орчим хүүхэд багачуудыг бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор хангаад байна. Австри улсын шилдэг инженерүүдийн зохион бүтээсэн ЮНИМАТ төхөөрөмж нь хүүхэд бүрийг шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, бодит чадвартай иргэн болгох төлөвшүүлэх юм.

    Багш, ажилчдын цалин хөлс, барилга байгууламжийн тохижилт, засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардал, сургалт семинар, хэрэглэгдэхүүн, гадаадад мэргэжил дээшлүүлэх томилолт гээд хүүхэд багачуудын өмнө хүлээх Эрдэнэт үйлдвэрийн хариуцлага нэн их. Нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг үгээр бус үйлдлээр, оюуны хөгжилд хийсэн хөрөнгө оруулалтаар харуулж байгаа Эрдэнэт үйлдвэр Монголын уул уурхайн салбарт үлгэрлэн, шинэлэг ажил бүхнээрээ түүчээлэн байна.

И.Чинтогтох

 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 04 9-р сар 2019 07:48
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог