Эрдэнэтчүүд Халхын голын дайны 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна Онцлох

26 8-р сар 2019 12:00
157 удаа үзсэн

Хамаг ардын халуун нулимсан дундуур туучин, халуун амиараа эх орноо хамгаалсан Халхын голын байлдааны яруу алдарт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд улс даяар тохиож байна. Эр зориг, баатарлаг үйлсийн илэрхийлэл болсон энэ дайнд хамтран оролцсон Монгол, Оросын тал ихээхэн хохирол амссан ч аминаас үнэтэй газар шороогоо харийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж, хойч үедээ үлдээсэн түүхэн гавьяаг нь дурсан санаж, энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. 

Түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Дархан хотод суугаа дэд консул Кузнецов Дмитрий Николаевич, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  Засаг даргын орлогч C.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу тэргүүтэй төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн энэ өдрийн үйл ажиллагааны үеэр Ялалтын хөшөө, Орос, Монгол дөрвөн жанжны болон Маршал Ю.Цэдэнбалын хөшөө, Найрамдлын өндөрлөг дээр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ирэх 10, 11 дүгээр сард тохиох Монгол, Оросын найрамдлын өдрүүдээр орон нутгийн иргэдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин дэлгэхээ зохион байгуулагчид хэлж байна. Ёслолын ажиллагаанд уригдан ирсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Гончигсүрэнгийн Дугаржав гуай “Би 92 настай. Халхын голын дайнд оролцож явлаа. Дайнаас хойш улс нийгмийнхээ ажилд зүтгэж, өдий төдий жил болжээ. Сайхан нас насалж, үр ач олонтой боллоо. Өнөөдөр жаргалын өдөр болж байна. Бидний ингээд алхаж яваа маань жаргал юм шүү, хүүхдүүд ээ. Сэтгэлийн жаргалыг бүгдээрээ эдэлж явцгаая. Үр хүүхдүүд нь мянга түмээрээ өсөж, эх нутагтаа энх саруул байхыг хүсье. Баяр хүргэе, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, тэргүүний ажилтан, ажиллагсдын төлөөлөл Халхын голын ялалтын баярт оролцохоор маргааш замд гарахаар товложээ. Мөн ойн арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын Халх голын аяллыг ивээн тэтгээд байгаа юм.

Халхын голын дайн нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Дайны үеэр байлдааны бүх төрлийг хамарсан 101 томоохон тулаан болж, БНМАУ, ЗХУ-ын 57 мянга, Япон улсын 75 мянган цэрэг оролцжээ. Мөн Халхын голын дайнд манай талаас 515, Японы талаас 700 нисэх онгоц оролцсоныг дэлхийн түүхэнд хамгийн том агаарын тулаан гэж тэмдэглэжээ. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн  хүнд ачааг үүрсэн тул Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхтэй.    


          

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 27 8-р сар 2019 00:11
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог