Эрчим хүчний салбарынхан ойгоо тэмдэглэж, одтой наадлаа Онцлох

19 8-р сар 2019 12:00
385 удаа үзсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын хамт олон Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Эрчим хүчний өдөрлөг” зохион байгуулж, бэсрэг наадмын хүрээнд баяраа тэмдэглэлээ. Баярын жагсаал, морин хуурын татлагаар эхэлсэн бэсрэг наадам бүтэн өдрийн турш үргэлжилж, үндэсний спортын шилдгүүдээ шалгаруулсан юм. Өдөрлөгт Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Л.Ариунболд нар урилгаар оролцож, салбарын ажилчдад шагнал гардууллаа. Х.Дуламсүрэн, Л.Халтар, Б.Амарсайхан нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засвар механикийн хэсгийн ажилтан Д.Отгонсүрэн, Б.Одонцэцэг нарыг Орхон аймгийн болон МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, цехийн шагналаар ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэллээ.

Энэ үеэр тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаярын сэтгэгдлийг хуваалцахад, “Манай хамт олон хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтээр цахилгаан үйлдвэрлэл болон түгээлтийн төлөвлөгөөгөө 100 хувиар ханган, баяраа угтлаа. Өнөөдөр бид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цагт 43-44 МВт-ын горимоор ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн хамт олондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станц гэх их айлаар овоглон ажиллаж хөдөлмөрлөж яваа эрчим зүйч, энергетик, эрчим хүчний салбарын ажилтан ажиллагсад, тэдгээрийн гэр бүлд халуун баяр хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн халуун дулаан мэндчилгээ илгээлээ. Мөн салбарын “Тэргүүн” шагналын эзэн болсон станцын шугам сүлжээний машинист Амарсайхан Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбон 22 жил ажиллахдаа амжилт ололтоо хуваалцсан сайхан хамт олонтой болсондоо талархаж явдгаа илэрхийлсэн.

Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид өдөрлөгийн үйл ажиллагаанд хөг нэмж, МУСТА Саруултөгс хөөмийн гайхамшгаар олны сонорыг мялаасан.

Морин хуурын чавхдасаар хорвоог уярааж наадсан

Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадсан

Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадсан

Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадсан энэхүү бэсрэг наадмын үйл ажиллагаанд үндэсний бөх, сур, шагайн харваа, дэмбээ, айраг хэн хурдан уух вэ зэрэг тэмцээн уралдаан багтжээ. Үндэсний бөхийн барилдаанд түлш дамжуулах хэсгийн ажилчин А.Анхбаяр түрүүлж, Үйлдвэр техникийн албаны барилгын инженер Б.Мягмаржаргал үзүүрлэсэн бол сурын харвааг Н.Лхагвадорж , шагайн харвааг Б.Энхтөр, Б.Баттогтох нар тус тус өнгөлсөн юм. Түүнчлэн Турбин, хими ус бэлтгэлийн хэсгийн ажилчин Б.Цогбаяр шилдэг дэмбээчин болохоо харуулж, Засвар механикийн хэсгийн ажилчин Б.Отгонтамир, Т.Баянмөнх нар хамгийн сайн айрагчдаар тодорлоо.

Сурвалжилсан И.Чинтогтох

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 19 8-р сар 2019 04:33
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог