Төмрийн оёдолчин Онцлох

06 8-р сар 2019 12:00
112 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон тэр л цагаас өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдэрсэн гэж ярих энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцаж суухад энэ үгний учгийг тайлсан юм.
   Сүрэнжавын Түмэннаст арван хүүхэдтэй айлын найм дахь нь болж хорвоод хүн байхын утга учрыг бусдад түгээх нандин, эрхэм чанарыг өвлөсөн, үйлдвэрийн эгэл жирийн ажилчин. Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр буюу Эрээн  хороонд төрж эршүүд зантай ч эрх танхил айлын охин жүжигчин болохыг ихээр мөрөөдөж эгэлгүй амьдралыг хөглөжээ. 1988 онд арван жилийн сургуулиа төгсөж,  эршүүд зандаа дийлдэн геологич болохоор шийдэн Түлш эрчим хүч геологийн Техник мэргэжлийн сургуульд орж, гагнуурчин мэргэжлээр гурван жил сурчээ. Багануурын нэгдсэн уурхайн засварт жил гаран ажиллаад 1993 онд сургуулийн андаа даган Эрдэнэт гэдэг их айлд зочилжээ. 2005 онд Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар гагнуурчин болох хориод залуусаас хоёрт орсон тэр цагаас өнөөг хүртэл Зууны манлай үйлдвэрийн ажилчидтай мөр зэрэгцэн ажилласаар байна. Хортой, шартай дээр нь мэргэжилдээ дуртай болохоор амжилт ар араасаа хөвөрсөөр.
   Мэргэжилдээ дурлаж, хайртай байх нь  амьдралыг хөдөлгөгч гол хүч гэдгийг ухааран, мэргэжилдээ тун чиг хайртай бүсгүй. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Засвар угсралтын хэсэгт гагнуурчнаар есөн жил ажиллаж, элэгдэж цоорсныг нөхөх биш, төмрийн нарийн оёдолд суралцахаар Металл хийцийн хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллажээ. Хөнгөн ажлаас илүү чаддаг зүйлээ хийх сайхан. Нарийн ур ухаан шаардсан, хийц ая данг нь тааруулах гээд л төмрийн үйлчин бүсгүйд хийх зүйл их байлаа.  Гагнасан бүтээлээ цэвэрлэж, ур ухаанаа уралдуулан, гагнаас бүр нь уран хийцтэй байх нь чухал учир, тог цахилгаанаа тааруулах, суудлаа тохируулах, амьсгаагаа хуваарилахаас эхлээд дэг жаяг бүр нь үнэ цэнэтэй ажил. 
   Зогсолтгүй эргэлдэх тээрмийн хүрдийн хүчийг сааруулах эрх үйлдвэрийн ажилчдад байхгүй. Засварын үед тоног төхөөрөмжийг гагнахдаа гаргууд байх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлнө. Сард том, жижиг нийлсэн 20- иод бүтээл гаргадаг гэхээр сүүлийн хоёр жилийн байдлаар 500-аад бүтээл төмрөөр урлажээ. Бутлуурын араа, шүд элэгдэл ихтэй байдаг тул, олон ч удаа гагнуур хийнэ. Бутлуурын араа шүдний дийлэнх нь буюу 90 хувь нь дороо л элэгдэн төмрийн үйлчин бүсгүйн гар дээр ирнэ. Бодлоо... Яавал бутлуурын араа шүдийг илүү удаан ажиллуулах вэ гэж... Үүний эцэст хардогс, элдогс материалыг туршиж үзэн гагнаас хийхээр шийдэж тухайн араандаа тэмдэг тавин явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмдэгтэй бутлуурын араа түүний гар дээр ирсэнгүй.  Бутлуурын шүдний элэгдлийг багасгах, насжилтыг нь уртасгасан томоохон бүтээл болсон нь энэ. Энэ шийдлээс бутлуурын араа шүдний элэгдэл бүрэн буурсан гэж хэлж болно. Энэ бүтээлээрээ уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ. Санхүүгийн хэмнэлт ихээр гарсан нь мэдээж.
   Загвар зохион бүтээгч байхгүйгээр оёдол гарах-гүйтэй адил гагнуурчид үгүй бол тоног төхөөрөмж үгүй юм. Олон жилийн нөр их туршлага, хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр төмрөөр даашинз урлах дайны болжээ. Мэргэжилдээ мэргэшнэ гэдэг энэ л юм. Хүнийг хамт олон найз нөхөд нь төлөвшүүлэн хүмүүжүүлдэг болохоор нөхөрлөлөө дээдлэн хамгаас илүүд хүндэлнэ. Токарьчин, кранчин, оператор, гагнуурчин мэргэжилтэй эгч, дүү нийлсэн зургаан бүсгүйн нөхөрлөл олон жил үргэлжилжээ. Одоо ч хэвээр. Дутууг нь дүүргэж, алдаа оноог нь дэнслэн, ааш зангаа авсан бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс сурсан зүйл их гэдгийг төмрийн үйлчин бүсгүй мартахгүй. Энэ нөхөрлөлийг Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон үеэс л эхэлсэн болохоор өнөөх эршүүд зантай бүсгүйн “эмэгтэй” болсон түүх эхэлжээ. Ажилсаг, шартай, эршүүд зантай эгэл бүсгүй тэрээр ээж М.Цэвэгжав, аав Л.Сүрэнжаваас өвлөж авсан олон эрдмийн нэг нь төмрөөр сийлбэрлэн  “наадах” эрдэм гэдгийг баталжээ. Ээжийнхээ, хоёргүй сэтгэлээр нэг л зангаар ажиллаарай гэх эрхэм сургаалийг үйл хөдлөл бүрдээ мөрдлөг болгон гарын ураар хатуу төмрийг уяраасаар л байна. Их ажлын хажуугаар өрх гэрээ өөд нь татна, гал голомтоо дээдэлнэ. Нөхөр хүү хоёртойгоо амьдралыг цэцэглүүлэн өөрийн гараар урласан зуухаар өргөө гэрээ батжуулан галаа өрдөж сууна. Ганц хүүгээ өрх тусгаарлахад нь гал голомтоосоо таслан өөрийн урласан зуухаа өгнө өө, гээд ярьж суух энгүүхэн агаад эрхэмсэг “төмрийн оёдолчин” бүсгүйдээ ажил үйлийн дөл өөдөө байхыг хүсье.

А.Бямбамаа

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 06 8-р сар 2019 01:12
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог