С.ГАНХУЯГ: Бид үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино Онцлох

17 6-р сар 2019 12:00
223 удаа үзсэн

   Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ус хангамжийн хэсгийн Ариутгах татуургын шугам сүлжээний засварын мастер С.Ганхуяг нэрлэгдсэн. Түүний дэвшүүлсэн 11 саналаас 9 нь үйлдвэрлэлд нэвтрээд байна.

  - Үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй бүтээмжийн ажлын үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дунд бүтээмж, инновацийн уралдаан зарласнаар тэдний хийж бүтээх хүслийг бадрааж, залуучуудын санал санаачилга илүүтэй нэмэгдэж байна. Тухайн хүнээс санаачилга гарч байна гэдэг бол сэтгэлгээг хөгжүүлэх сайн талтай. Тиймээс ч бид аливаа бүтээмжийн саналыг дэмжиж, ажил хэрэг болгохыг эрмэлзсээр ирсэн. Сайн саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил хөнгөвчилж, илүү хялбар болсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Манай цех 2018 онд бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээ 2017 онтой харьцуулахад бүтээмжийн ажил 2-3 дахин өссөн дүнтэй гарсан. Мөн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехээс 15 ажилтан шалгарсанд баярлаж, хамт олноороо бахархаж байна. Цаашид бид бүтээмжийн ажлаа байнга өрнүүлж, үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино.

  - “Лусын сан” дугуйлангийнхаа амжилт, ололтоос хуваалцана уу?
  - Манай бүтээмж чанарын дугуйлан “Лусын сан” нэртэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид чандмань эрдэнэ болсон цэвэр усныхаа чанар, аюулгүй байдлыг хангадаг мэргэжлийн ажлаараа бахархан, дугуйлангаа нэрлэж байлаа. Манай хамт олон сүүлийн жилүүдэд цехийн хэмжээнд зохион байгуулсан бүтээмжийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээнд тогтмол 2, 3 дугаар байр эзэлж байгаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би ус хангамжийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирсэн шинэхэн оюутан ажлын талбарт гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн технологиор ажиллаж байгаад сүүлийн 11 жилд нь ус хангамжийн мэргэжлээр цехдээ ажилласан. Үйлдвэрийн боловсон хүчний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа тул тэдэндээ хандан, “Хүн амьдралынхаа төлөө зүтгэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Дэлхийн хэмжээний том үйлдвэрт ажиллаж байгаа тар нар азтай хүмүүс шүү. Үргэлж ажил, мэргэжлээрээ бахархаж яваарай” гэж захих дуртай.

  - Хэсгийнхээ ажлын онцлогийг дурдвал?
  - Ус хангамжийн хэсэг нь Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг ахуйн болон ундны ус, техникийн усаар ханган ажилладаг. Манай хэсэг тасралтгүй 24 цагаар ажиллахдаа дөрвөн дэд станцаар дамжуулан, хоногт 24-30 мянган куб метр усыг хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Бид цэвэр ус татах дөрвөн дэд станцынхаа бүхий л засвар үйлчилгээг улирал харгалзахгүйгээр хариуцан ажилладаг. Хариуцлага маш өндөртэй. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд үйлдвэр болон хотоо цэвэр усаар тасалж байсан удаагүй.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 17 6-р сар 2019 09:03
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог