Чин сэтгэл Онцлох

17 6-р сар 2019 12:00
328 удаа үзсэн

   Эгэл хүмүүсийн амьдралын замнал сонирхол татах нь бий. Биеэр үлгэрлэх нь амьдралд үнэ цэнэтэй байдаг. Ийм хүний нэг нь эл хөргийн эзэн  Цэенрэгзэнгийн Даваадулам. Ажил, амьдрал дээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа нэгнээр хүн бахархдаг. Тийм хүнээс урмын үг харамлахгүй явахыг хичээдэг. Тиймээс би эл хөргийг “Чин сэтгэл” хэмээн нэрийдэв. Багын хүмүүжлээрээ тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг зантай. Юмыг нэр төдий хийх, худлаа ярьж, хууран мэхлэхийг үзэхгүй. Түүний үг яриа, үйлс зорилго нь амьдрал дээр зөрөхгүй. Учир нь тэр багаасаа ажилч хичээнгүй, нягт нямбай байх зарчимд суралцаж, эрт хэрсүү суусных. Өвөө нь Аюурын Дандай гэж сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, нягтлангийн алба насаараа хашжээ. Гарын алгандаа багтахгүй олон түлхүүртэй явдаг байсан дүр зураг Даваадуламын сэтгэлд үлдэж. Худалдаа бэлтгэлийн ангид ирэх гоё эд барааг багадаа харж, амттаныг нь идэж өссөн болохоор аль эрт  түүний нүд, сэтгэлийн хор арилжээ. Түүний эмээ нь амьдрал таньсан, үнэн үгтэй нэгэн байж. Нутаг усандаа бариач Норовсүрэн хэмээн алдаршсан эл буурал орсон гарсан ах дүүсийг хоол ундаар дайлсан, түмэнд хүндлэгдэн явжээ. Хүнийг хараад л таних ажигч гярхай тэрээр Даваадуламыг нас бага, цус шингэн байхад нь ажил хөдөлмөрийн амтанд оруулсан агаад “ухаан муу бол нүд сохор” хэмээн сургах. Түүнийг дунд сургуульд байхад нь сүү цагаан идээ боловсруулж юм оёход сургажээ. Хөдөлмөрийн хүмүүжил хүнийг зөв болгон төлөвшүүлдгийн тод жишээ энэ. Эмээ, өвөө нь зээгээ ийн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн байна. Түүний бусдаас ялгарах нэг онцлог нь хурдан морь унаж өсжээ. Нэг насны хоёр морь наадамд сойхоор эгчтэйгээ хоёул уралдааны замд гарна. Түүний төрсөн эгч хар нялхаасаа хурдан морь унажээ. Уянгалаг сайхан гийнгоолох нь одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гэнэ. Харин Даваадулам хурдан морьдын уралдаан үзэхээрээ самсаа шархирна. Уяач Дандайн Амгаабазар агсан Даваадуламын нагац ах нь. Социалист нийгмийн үед хувийн машин, мал ахуйтай уяач ахын хайр халамжид өссөн хүний нэг нь Даваадулам инженер. “Улирлын амралтаараа улсын сайд шиг хүндлүүлж явлаа” гэгчээр түүнийг хичээл тарангуут 24 машин хөлөглөн авдаг асан нагацынхаа тухай тэр гэгээн дурсамж сөхнө билээ. Зөв ажиллаж, амьдарч чадсан цагаан мөртэй хүнд магтаал зохидог. Тэр техникумыг улаан дипломтой төгсөөд дээд сургуульд элсэн оржээ. Дээд сургуулийн дотуур байрны зөвлөлийн дарга сэтэртэй, жанжин Сүхбаатарын нэрэмжит цалинтай “хэнхэг” нь дэндсэн оюутан явахдаа амьдралынхаа ханьтай танилцсан байна. Одоо тэр айлын дархан бэр. Та үр хүүхдээ ямар зарчим баримталж өсгөсөн бэ гэхэд үглэж зэмлэхгүй ч өөрсдийн үлгэрлэл, тэдэнд суурь хүмүүжил олгодог. Том хүү маань Солонгост их сургууль төгсөөд Таван богд компанид ажиллаж байлаа. Одоо АНУ-д  сурч, ажиллаж, амьдардаг. Дунд хүү аав, ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж Эрдэнэтдээ төвхнөн амьдарч байх шив. Бага хүү дунд сургуулийн сурагч. Манай хүүхдүүдэд бидний ёс суртахуун төлөвшсөн байна. Дунд хүүгээ сайн мэргэжилтэн болгох зорилт тавьж байна. Орчин үеийн хүүхдүүд хурдтай, эрч хүчтэй, оюунлаг болсон байна” гэж товч хариулсан юм. “Нэг мэргэжил эзэмшсэн болохоор ханьтайгаа би ойлголцоход амар байдаг. Миний ажлын амжилт хамт олон, сайн ханийн дэмжлэгийн үр дүн. Түүнээс миний сайных биш” хэмээн өгүүлэв. Ханьтайгаа зөв амьдралын төлөө зүтгэж явсан он жилүүд түүнд бий. “Геодези зураг зүйн газар хувьчлагдаад, нөхөр ажилгүй, би гэртээ анхны бандиа харж байв. Эмээгийн буянаар ахынхаа хашаа байшинг зургаан мянгаар авч Улаанбаатарын “телевиз”-д бид айл гэр болсон. Тэр байр минь Эрдэнэтэд нэг өрөө байр болсон шүү. Манай хүн хавар геологийн ажлаар хөдөө яваад анхны цаснаар ирдэг байлаа” гэж туулсан амьдралынхаа гэгээн дурсамжаас хуваалцав. Эмээгээсээ өвлөсөн Германы кёклер маркийн оёдлын машинаар тэр юм оёдог байж. Бүтэн жил юм оёж зарсан орлогоороо байраа томсгосон амьдралын түүх түүнийх. Тэр жижиг ажлыг ч чин сэтгэлээсээ хийнэ. Их ажлыг амжуулахын тулд махран зүтгэж ард нь гарч санаа амардаг зантай. Баяр, гуниг, инээдэм наргиан энэ бүхэнд тэр өөрийнхөөрөө, сэтгэлээрээ... Иймээс хэн нэгнийг нүүрэн дээр нь алдаа дутагдлыг нь ил цагаахан хэлчихдэг гэмтэй. Ард нь юу ч бодохгүй цайлган цагаан сэтгэл тээн үлдэх. Хүн нэгнийхээ дэмд, загас усны хүчинд гэгч үнэн. Эмээ, нагац ах, хамаатан садныхаа тус дэмийг үл умартах. Тэр ч бүү хэл өдий зэрэгтэй яваагаа гар сэтгэл нийлсэн хамт олны минь хүч хэмээв. Тэрээр хүнд урам зориг өгөх дуртай. Зарим нь олны тусыг мэдэхгүй явах нь бий. Тэгвэл энэ хөргийн эзэн хүний тусыг мартах нэгэн биш. Өөрийнхөө өдий зэрэгтэй мэргэжлийн ажлаа хийж яваагаа нөхрийнхөө оюутан цагийн найз Д.Түвшинбаярын тус дэм гэх. Геологи хайгуулын ангид зөвхөн эрчүүд ажиллана. Түүнийг ажилд ороход зургаан эмэгтэй л эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Одоо ч энэ тоо өсөөгүй. Тэр хүний итгэл алдах нэгэн биш гэдгээ ажил, амьдралаараа харуулж явна. Ажиллах хугацаандаа  хайгуулын таван лицензийн талбайд геодезийн  хээрийн хэмжилт  болон суурин боловсруулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийжээ.
   Түүний эрхэлсэн ажил онцлогтой. Орд газрыг ашиглах төлөвлөлтөөс, олборлоод дуусах хүртэлх бүх үе шатанд мэдээлэл боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажил гүйцэтгэдэг. Тэрбээр “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээнд хийж буй бүх  хайгуулын шатны ажлыг газар дээр нь хэмжиж, шалгаж,  өгөгдөл цуглуулж, баазад баримтжуулснаар уурхайн олборлох нөөцийн хэмжээг тодорхойлох, хил хүрээг тогтоох, хаягдлын аж ахуйн далангийн тогтворжилт, хамгаалалтын объём бэлтгэх ажлыг хийж байна. ГХА-ийн маркшейдер хаана хайгуул явагдаж байна, тэнд шаардлагатай мэдээллээр хангадаг. Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 302 мянган га талбайд хайгуулын ажил явуулахад шаардлагатай анхдагч материал дээр ажиллаж, төлөвлөлт хийх бүх зургийг байрлал болон өндрийн үндэслэлтэй бэлтгэн өгчээ. Барилгын материалын орд газруудын том масштабын зураг хийж, нөөцийн тооцоонд ашиглахад бэлтгэх, АМХЭГ-т жил бүр тайлан хамгаалахад шаардлагатай зургуудыг бэлтгэн өгөх зэрэг ажлыг цехийн болон үйлдвэрийн хэмжээнд гүйцэтгэдэг байна. Тэр цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, байгаагаараа, ажил, амьдрал, мэргэжилд шаардлагатай зүйлд цаг алдалгүй суралцдаг, дайчин шургуу, ажил хэрэгч нэгэн юм. Тэрээр Геологи хайгуулын ангийн “Шилдэг инженер”, яамны “Хүндэт жуух бичиг”, “Тэргүүний геологич” цол тэмдэг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаажээ. Маркшейдерээр Эрдэнэт үйлдвэрт тогтвор суурьшилтай, тасралтгүй 20 жил ажилласан хүн түүнээс өөр үгүй. Уул уурхайн анхных нь геологи хайгуулын ажил. Тэр газрын хэвлийн баялгийн байршлыг үнэн зөв тодорхойлох хариуцлага хүлээнэ. Анхны шанг татдаг, уурхайн нөөцийг тодорхойлох геологичдоороо тэр бахархдаг. Амттанд дуртай хүүхдэд чихэр өгөхөөр нүд нь гэрэлтээд л баярладаг лугаа адил тэр бусдын гаргасан амжилтад чин сэтгэлээсээ баярлах. Ер нь төрсөн нутаг ус, аав ээж, амраг хань, анд найз, алив бүхэн хүмүүний сэтгэлд оршино. Бүх зүйл сэтгэлтэй холбогдоно. Итгэл сэтгэлийн хүчийг, эзэмшсэн мэргэжилтэйгээ хослуулан хөдөлмөрлөж буй нэгэн бол маркшейдер Ц.Даваадулам бөлгөө. Чин сэтгэлийн хандлага, аливаа хүнд ажлыг чанартай хийх эрч хүч өгдөг ажгуу.

Т.Батчулуун

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 17 6-р сар 2019 08:25
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог