Хангайн бүсийн зөвлөгөөн Орхон аймагт болж байна Онцлох

06 6-р сар 2019 12:00
177 удаа үзсэн

   Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Ногоон байгууламж ба хог хаягдлын менежмент” сэдэвт хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөн энэ сарын 6,7-ны өдөр Орхон аймагт болно. Зөвлөгөөнийг нээж Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Б.Батбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар үг хэллээ. Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Чухал ач холбогдолтой зөвлөгөөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрт болж байна. Бид бол уурхайчид. Уурхайчид газрын хэвлий дэх баялгийг олборлон, хөрсөн дээр гаргаж, үндэсний баялаг болгох товч бөгөөд тодорхой үүрэг хүлээдэг. Энэ асуудлын нөгөө талд байгаль орчин зэрэгцэн оршдог онцлогтой. Тиймээс байгаль орчны чиглэлд яам, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүй ёсны үүрэг хэмээн ойлгосоор ирсэн. Бид өнгөрсөн онд улсын төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Үүнээс харахад Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан улс эх орондоо 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээсэн гэж ойлгож болно. Үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, статусыг өөрчилсөн хэдий ч хамт олны маань үйл ажиллагаа өөдрөг сайн байна. Уурхайчид бид эхний 5 сарын үзүүлэлтээр төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ. Өчигдөр Засгийн газрын түвшинд Эрдэнэт үйлдвэрийн алс ирээдүйтэй холбоотой нэг таатай мэдээг дуулгасан. Цаашид аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллахаар боллоо. Хог хаягдлын цаана илүү боломж, шинэ үйлдвэрлэл нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ чухал асуудал Орхон аймагт хэлэлцэгдэж буйд талархаж байна” хэмээсэн. Мөн МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяа, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Баасандорж, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар хариуцсан чиглэлийнхээ хүрээнд илтгэл тавьж, аймгуудын Засаг дарга нар хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар санал солилцлоо.
   Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 390 цэгээс 3.4 сая тонн хог хаягдал гарсан бөгөөд үүний 1.5 сая тонныг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Гэвч өнөөдөр 10 хүрэхгүй хувийг боловсруулж байгаа нь ихээхэн учир дутагдалтай юм. Тиймээс хог хаягдлын дахин боловсруулалтад менежментийн зөв бодлого баримтлан, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мэргэжилтэй боловсон хүчнээ чадавхижуулахад анхаарах учиртай. Энэ удаагийн зөвлөгөөн дээр онцлох сэдвийн нэг нь аюултай хог хаягдлын асуудал байлаа. Одоогоор манай улсад аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин хангалтгүй, байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүй зэрэг нь тулгамдсан асуудлын нэг боллоо. Монгол Улс 2030 он гэхэд хог хаягдлаа дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөс гарах зөвлөмжүүд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 06 6-р сар 2019 08:05
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог