Ж.ГАНЗОРИГ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг Онцлох

05 6-р сар 2019 12:00
496 удаа үзсэн

   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 6 дугаар сарын нэгнээс эхлэн мөрдөж байна. Хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригтой ярилцлаа.

   - Тендерийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх, баримтлах зүй ёсны шаардлага бий болсон. Шалгалтын комиссынхон ч худалдан авалттай холбоотой аливаа асуудлаа хуулийн дагуу явуулах талаар тодорхой зөвлөмж өгч ажилласан. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш, тасралтгүй үйл ажиллагаа явуулж, төлөвлөгөөгөө биелүүлдэг онцлогтой. Тиймээс юун түрүүнд хэрэгцээтэй бараа, материалыг цаг хугацаанд нь, зохистой үнээр худалдан авч, түүнийгээ урт удаан хугацаанд найдвартай ашиглах замаар үр ашигтай ажилладаг. Манай үйлдвэр улсын төсвөөс санхүүжилт авч, түүнийгээ захиран зарцуулдаггүй гэх мэт үйл ажиллагааны онцлогтой холбоотой асуудал бий. Шинэчилсэн хуулийн тухайд зарчмын өөрчлөлт ороогүй. Харин Үнэлгээний хорооны шийдвэр гаргах хугацаа өөрчлөгдсөн. Тендерийг 30 хоногт зарлаж, 10 хоногт шийдвэр гаргах тухай заалт бий. Мөн олон нийтэд илүү хүртээмжтэй байхыг тодотгосон. Үүнд тендерийг заавал цахим хуудсанд байршуулж, олон нийтэд зарлана гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн тухайд 2013 оноос хойш өнөөг хүртэл өөрийн www.erdenetmc.mn сайтад тендерийн тухай мэдээллийг байршуулан, олон нийтэд, нээлттэй зарласаар ирсэн. Жилээс жилд тендерт оролцогчдын тоо нэмэгдэж байна. Тиймээс бид сүүлийн үед харьцуулалтын аргыг түлхүү хэрэглэх болсон. Цаашид ахисан шатны харьцуулалтын аргад шилжих замаар худалдан авах үйл ажиллагааг сайжруулна. Тухайн компанийн татвар төлөлт, сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайлан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзнэ.

    - Үйлдвэрийн хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна уу?
   - Сүүлийн гурван жилийн худалдан авах ажиллагааны тоон үзүүлэлтээс харахад нээлттэй тендер шалгаруулалтын тоо өссөн байна. 2018 онд 700 орчим гэрээ хийгдсэнээс нээлттэй 114 тендер зарласан бол энэ онд 280-д хүргэхээр зорьж байна.

  - Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаа онцлогтой явагддаг. Үйлдвэрлэлийн найдвартай, урт хугацааны ажиллагааг хангах нь чухал. Энэ тухай дэлгэрүүлбэл?
    - Найдвартай ажиллагаанд чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж маш чухал. Бид аливаа бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа үнэ хямдыг харахаас гадна урт хугацаанд найдвартай ажилладаг байх чанарын шаардлага тавьж байна. Эрдэнэт үйлдвэр тендерээр худалдан авч байгаа технологийн материалуудаа лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтад оруулж, улмаар нутагшуулах шаардлага гарч байна. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний лабораторийн туршилт, шинжилгээг харгалзан үздэг. Мөн компаниудтай “Хагас үйлдвэрлэлийн туршилтаа Эрдэнэт үйлдвэрт хийж, бид үйлдвэрлэлд нэвтрүүлье” гэсэн зарчим баримтлан харилцдаг.

    - Эрдэнэт үйлдвэр орон нутгийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмждэг. Энэ талаар?
    - Бид импортын бүтээгдэхүүн санал болгодог компаниудыг нэн түрүүнд дэмжихийг чухалчилдаггүй.  Эрдэнэт үйлдвэр дотоодын үйлдвэрлэгч компаниудаа ямагт дэмжсээр ирсэн. Үүнд зөвхөн орон нутаг гэлтгүй Монгол Улсын хэмжээнд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний компаниуд ч багтана. Тендерийн хуульд ч энэ талаар тодорхой заалт орсон. Одоогоор Орхон аймгийн “ОРА металл” ХХК, “Металл Индустрал” ХХК, Ган бөөрөнцөгийн цех, резин болон маскны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 05 6-р сар 2019 10:25
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог