Т.МӨНХЦЭНГЭЛ: Тоног төхөөрөмжийн багахан өөрчлөлтөөс их зардал хэмнэх боломжтой Онцлох

13 5-р сар 2019 12:00
593 удаа үзсэн

     Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Төгссайханы Мөнхцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж чанарын “Хамтын хөгжил” дугуйлангийн гишүүн юм.

     -Таны мэргэжлээ хэрхэн сонгосноос ярилцлагаа эхлэх үү?
    -Анх 2007 онд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбож байлаа. Тухайн үед 10 жилийн сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгож чадахгүй, бусад хүүхдийн адил Улаанбаатарт очиж суралцах чин хүсэлтэй явсан. Тэгэхэд аав маань Уул уурхайн мэргэжлээр суралцахыг зөвлөдөг юм. Зөвлөснөөр нь уул уурхайн хүн болохоор шийдсэн.  Тухайн үеийн сонирхол хот явах байсан ч хүмүүс үйлдвэрлэлийн материаллаг баазтай, Эрдэнэтийн Технологийн сургуульд суралцахыг зөвлөж, ятгаснаар тус сургуульд суралцсан. Энэ нь ч оносон гэж боддог.

     -Дээд сургуулиа төгсөөд ажилчин болсон уу?
    -Их сургуулиа төгсөхдөө гэр бүлтэй болчихсон учраас Эрдэнэт үйлдвэрээс өөр газар ажиллах сонирхол байгаагүй. Төгссөн өдрөөсөө эхлээд ажил хөөцөлдсөн. Шинэ төгссөн залуу инженер ажилд ороход их л хялбар юм шиг бодож явсан. Хоёр, гурван жилийн дараа тийм биш юм гэдгийг ойлгоод тухайн үеийн удирдлагуудын нэр дээр хоёр хувь өргөдөл биччихээд, бичиг баримтуудаа байнга цүнхэлж явдаг болсон. Ажилд орох бичиг баримт, өргөдлөө өгчхөөд хөдөө ч тайван явж чадахгүй, араас дуудчих юм шиг санагдаад догдолж явснаа дурсахад сайхан байна. Сургуулиа хавар төгсчхөөд, өвөл болтол ажилгүй явсан. Энэ хугацаанд ажилгүй нэртэйгээс биш энд тэнд очиж зарагдаад явдаг байлаа. Ажилд ороод харин ч амарсан.

     -Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон Баяжуулах үйлдвэрт ажиллаж яваагийн давуу тал юу вэ?
    -Би Баяжуулах үйлдвэрт гурав дахь жилээ ажиллаж байна. Ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжилтэй. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосын машинчаар ажилд орсноос хойш хөвүүлэн баяжуулагч, тээрмийн машинч, хяналтын оператор зэрэг мэргэжлээр ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн маань хуучин ажилчид тэтгэвэртээ гарч залуу боловсон хүчин шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотой ажилтнууд бидний дунд шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага гарсан гэж ойлгодог. Ажлын байр өөрчлөгдөх болгонд үйлдвэрээ төдийгүй өөрийн мэргэжлээ илүү таньж мэдэх, мэдлэг боловсролоо бататгаж авах ач холбогдолтой байдаг. Тухайн ажлын байрны хэвшмэл байдлаас бүтээмжтэй холбоотой сайжруулалт хийх санааг хялбар олж авдаг.  Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд удаан ажилласан хүн хэцүү ч байсан, хялбар ч байсан гарт нь орсон ажил учраас нэгэн хэв маягаар ажилладаг. Үүнийг шинэ хүн хийхэд хэрхэн сайжруулж болохыг хялбархан олж хардаг.

     -Монголын уул уурхайн салбарын түүчээ Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргаж яваа та бүхнээр  бахархмаар. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    
-“Том газрын жижиг чулуу байснаас жижиг газрын том чулуу бай” гэдэг зарчмыг өөрийн эрхгүй баримтлаад байх шиг санагддаг. Энэ үгийг их сургуулиа сонгох тэр мөчид “Зууны мэдээ” сонины редактор эгч надад хэлэхэд үнэхээр аятайхан үг санагдаж, байнга толгойд бодогдож явах болсон. Тэгээд ч би өөрөө сайн боловсроогүй байж, нэр хүндтэй удирдах ажил хийх сонирхол байдаггүй. Аз тохиогоод ч юм уу, магадгүй хэн нэгэнд сайнаар үнэлэгдэж дарга болчхоод ажлаа мэдэхгүй, хамт олондоо нэр хүнд муутай явна гэхээс их санаа зовдог. Үүнийг ярихын учир өөрийгөө том чулуу гэж магтаж байгаадаа биш, ямар ч газрын том чулуу болохын төлөө эрмэлзэж, хичээх нь зүйн хэрэг ч хамгийн гол нь бидний эргэн тойронд ийм үзэгдэл их байгаа нь бидний ярьдаг, “Бүтээмж” гэх зүйлийг үгүй хийгээд байх шиг...

    -Сайн саналын системд шинэ санал, санаачилга гаргасан 100 манлайлагчийн нэг нь та.  Үйлдвэрийн хэмжээнд явагдаж буй Бүтээмжийн хөдөлгөөний талаарх таны бодлыг сонсъё?
     -Үйлдвэрийн хэлтэс, нэгжийн ямар нэгэн үйлчилгээнээс тэр болгон анзаарагддаггүй ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, цагийн зохион байгуулалт, соёлтой найрсаг харилцаа, зөвлөгөө гээд бүтээмжийн зөвлөлийнхний ялгагддаг сайхан талууд олон байдаг. Магадгүй ийм төрлийн албан тушаалыг илүү чадварлаг боловсон хүчнээр хангаж, орчин үеийн шинэ менежментүүдийг судалж нэвтрүүлбэл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн тал дээр ахиц илүү гарах байх. Өөрөөр хэлбэл хүний хөгжил, байгаль орчин, аюулгүй байдалд түшиглэн баялаг бүтээх явдал чухал. Бүтээмжийг мэргэжлийн хүмүүс олон томьёогоор тайлбарладаг. Үйлдвэрийн энгийн ажилтан бидний хувьд хүний аливаад хандах хандлага буюу хэн нэгэнд гаргаж буй сэтгэл гэж ойлгох юм. Насосын зумп дээрх элсийг угаа гэсэн даалгавар авсан ажилтан элсийг нь угаачхаад засвараас үлдсэн металлын үлдэгдэл, тайрдас, эрэг боолтны хаягдлыг авч хаях уу, үгүй юу. Эдгээрийг зохицуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн хэчнээн их хэмжээний мөнгө хөрөнгө, хөдөлмөр зарцуулдгийг бид мэднэ. Мэдээж энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр байна. Миний оюутны дадлага хийж явсан үеэс одоогийн ажлын байрны орчин нөхцөл, тохижилт, ажлын арга барил гээд маш олон зүйл сайжирсан ч илүү сайн арга зам ямагт байдаг гэдэгчлэн бүтээмжийн хөдөлгөөнөөс илүү өндөр үр дүн гарах ёстой юм болов уу.
 

     Бүтээмжийн үйл ажиллагаанд тоглоом, харандаа, фломастер, цаасан аяга, кофе, печениэс эхлээд сургалт, ухуулгад ямар их зүйл зарцуулдгийг ажилтан бүр ойлгож ухамсарлаасай. Мөн бүтээмжийн зөвлөлийнхний зүгээс шинэ орсон ажилтнуудыг ажлын байрны хэвшмэл болсон дадал зуршлыг хуучин ажилчдаас эзэмшихээс өмнө бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй хамруулж, оновчтой байдлаар сэдэлжүүлж сэргэг хэвээр нь авч үлдэх арга барил ашиглах нь өнөөгийн нөхцөлд цаг үеэ олсон ажил болох юм шиг санагддаг. Тодруулбал, хуучин ажилтнуудын олон жилийн дадлага туршлагатай байдлыг шинэ залуу ажилтнууд хэнэггүй, хайнга байдалтай андуурч хэт назгай байдлаар ажилд хандаад байх шиг. Сайн саналын системийн саналуудыг ажиглахад ажлын байранд хөдөлмөр хөнгөвчлөх, орчин нөхцөл сайжруулах, аюул эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн өртөг зардлыг багасгах чиглэлтэй байдаг. Залуу боловсон хүчнээр сэлгэгдсэн энэ үед сургуульд эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан судалгааны ажил хийж, илүү шинжлэх ухаанч саналууд гаргамаар байна. Тасралтгүй үйл ажиллагаатай уул уурхайн үйлдвэрлэлд маш их хэмжээний материалын урсгал зардал гардаг. Иймээс тоног төхөөрөмжийн багахан өөрчлөлтөөс их  зардал хэмнэх боломжтой. Ер нь тооцоо, судалгаа хийж сайжруулах, магадгүй эрдмийн цол зэрэг хамгаалахаар сэдвүүд манай үйлдвэрт олон бий.

     -Бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эерэг, сөрөг тал ажиглагдах юм уу?
    -Бүтээмж чанарын дугуйлангийн ажлын хувьд дэвтрийн хөтлөлтийг аль болох хялбар болгосон авч түүнийг хөтлөх зааварчилгаа дутмаг, нэг зүйлийг олон талаас нь тодорхойлохыг шаарддаг хэт нуршуу загвартай санагддаг. Ажилчин хүний зүгээс харахад бүтээмжийг онолын талаас, мэргэжлийн түвшинд тооцоолохыг шаарддаг нь учир дутагдалтай. Энэ тал дээр ажилчдыг бүгдийг нь хамруулдаггүй юм гэхэд дугуйлан бүрийн ахлагч, идэвхтэн гишүүдийг арга зүйгээр хангахад чиглэсэн ажил хиймээр байна. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан үйлдвэрт хэрэгтэй маш олон төсөл, жижиг сайжруулалтын ажил хийгдэж байгаа. Энэ нь ажилчдын чин сэтгэлийн санал санаачилга гэхээс илүү улиралд хоёр төсөл  ч юм уу бичигдээгүй тушаал, захирамжийн хүрээнд ажил явагдаад байх шиг. Хэдий тийм ч төслийн ажил дууссаны дараа тодорхой нэг асуудлыг шийдвэрлэсэн, хийсэн зүйлээрээ бахархахаас гадна урамшууллын мөнгө авах нь ч бас сайхан юм. Сайн санал нь ажилчин хүний өөрийн цэвэр идэвх, санал санаачилгаар гардаг ч саналын системд санал оруулахад ажлын байрны онцлогтой холбоотой асуудал байна. Магадгүй сайн саналын системд үйлдвэрийн дотоод сүлжээнээс биш дурын газраас хандаж болдог, тэр тусмаа гар утаснаас саналаа оруулдаг бол санал хаягдахгүй. Мөн сайн саналыг системтэй хэрхэн харьцах талаар ажилчид  мэдлэг муутай байна. Иймээс шинээр ажилд орогчдыг сургалт хөтөлбөрт хамруулж болох юм. Таван сайн үйлсийг захиргааны ажилтнууд хэрхэн хэрэгжүүлдгийг мэдэхгүй байна. Цехийн ажилчдын тухайд анхан шатны удирдлагуудыг арга зүйгээр ханган хянаж ажилламаар санагддаг. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын байрны хариуцсан талбай, тоног төхөөрөмжид ажлаа хэрхэн зөв хуваарилан гүйцэтгэж, ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээг ямар түвшинд хангаж байгаа нь ажилчин бүрт ялгаатай. Нэг зүйл тодотгон хэлэхэд хэн нэгэнтэй найзалдаггүй зангаараа хүнд тэр болгон таалагддаггүй ч өөрт оногдсон ажлыг хэнээс ч дутахааргүй гүйцэтгээд явдаг ажилтнууд байдаг. Энэ бүхнийг бүтээмжийн удирдлагууд анхаардаг байгаасай гэж боддог.

     -Та залуу хүний хувьд амьдралаа хэрхэн авч явна. Үр, хүүхдийнхээ хүмүүжилд аль хэр анхаарал хандуулдаг вэ?
    -Манайх ам бүл дөрвүүлээ. Гэргий маань хүнсний үйлдвэрлэлийн салбарт хувийн бизнес эрхэлдэг. Том хүү Орос сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Бага хүү маань Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгт явж байна. Үр хүүхдээ би эрдэмтэн доктор болгохоос илүүтэй Орос хүмүүсийн аливаад нямбай ханддаг, зарчимч, хариуцлагатай зан чанараас суралцаж, ирээдүйн чадварлаг хүүхэд залуустай мөр зэрэгцэн, хэл ярианы болон зан харилцааны соёлтой хүн болон төлөвшүүлэхийг хичээдэг. Монголын боловсролын салбар хүүхдэд мэдлэг олгоход хэт анхаараад хүн болон төлөвших явцад нь учир дутагдалтай санагддаг. Бидний үед том жижиг а үсэг, тоо зэргийг дэвтрийн нүүр дүүрэн бичүүлж сургадаг байлаа. Гэвч явцын дунд хүн бүр өөр өөрийн бичгийн хэвтэй, тоог өөрсдийн түвшний сэтгэлгээгээр бодох жишээтэй. Харин хүн бүр аав, ээж болдог гэгчээр хүн байхын утга учрыг л үр хүүхдүүддээ ойлгуулахыг чухалчилдаг даа.

      -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 24 5-р сар 2019 03:49
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог