Итгэл даасан баяжуулагч Онцлох

21 1-р сар 2019 12:00
265 удаа үзсэн

    

     1993 оны яргуй нүдлэх  цагаар  сэтгэлийн амрагтаа тэмүүлсэн  залуухан  хархүү Эрдэнэсийн хотод ирэв. Уурхайн цэмцгэрхэн суурин түүний таалалд тун их нийцэж. Аварга  үйлдвэрийн аль нэгэн  цехэд эрчтэй насны эрмүүн хөдөлмөрөө зориулан,  халуун бүлээрээ хангалуун сайхан амьдрах нууцхан мөрөөдөл Хайгуулын техникчийн диплом өвөртөлсөн Д.Ганзориг хүүгийн цээжнээ багтах. Гэвч  насан өндөр аав ээждээ дэм болох ачлалт сэтгэл нь дийлж,  хань ижлээ  дагуулан төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган руугаа  хүлгийн жолоо залав аа. Ганзоригийнх нутагтаа өрх нэмж, удам залгах ууган хүү нь ч мэндэлж. Үзэсгэлэнт  хангайдаа   Эг, Үүрийн голоо өгсөж уруудан зургаан жил буянт сүргээ маллав. Угаас  малд нүдтэй, ажилч  хичээнгүй тэд буурлын  буяныг хэд дахин өсгөн үржүүлсэн гэдэг. Хүүгээ цэцэрлэгт орохтой зэрэгцэн сэтгэлээс уяатай Эрдэнэсийн хотоо зорив. Санаж явбал бүтнэ гэгчээр нэг л өдөр энэ буянтай  үйлдвэрийн ажилчин болох хувь тохиож. Бүүр  “зүрхэн” хэсэгт шүү.  Насосны машинч боллоо. Есөн жил ажиллав. Дараа нь тэр баяжуулагч болов. Насосны машинчаар ажиллаж байсан нь сайн баяжуулагч болоход тун дөхөмтэй байв. “Нунтаглан баяжуулах бол хамгийн чухал дамжлага. Ашигт  эрдсүүдийг баяжуулж авах, эсвэл гологдол болгон хаях  нь баяжуулагчийн ур чадвараас ихээхэн  хамаарна. Баяжуулагчийн ажлын үнэлгээ тухайн ээлжинд гарч буй технологийн үзүүлэлтээс тод харагддаг. Баяжмалын чанар болон  хаягдал хэр  байгаа тухай цаг тутамд дүн шинжилгээ хийдэг программ хэлээд л өгнө” гээд л инээмсэглэв. Оргилон буцалж буй  хөөсөн бөмбөлгийн өнгө өөрчлөгдөх, хэмжээ нь томорч жижгэрэх, хөөс хагарах зэргээс баяжуулалт хэр явж буйг нарийн мэдэрч, технологийн процессоо  тохируулна. Тээрэмд нунтаглагдан  урсан өнгөрөх материалаас  ашигтай эрдсийг баяжуулж авахад авхаалж самбаа, мэдрэмж их чухал гэнэ. Үнэхээр ч түүний шалмаг хөдөлгөөн,  чамбай чанар нь   богино хугацаанд зөв шийдэл гаргах   баяжуулагчийн онцгой чадварыг өөртөө шингээсэн мэт. Тэр манай шилдэг баяжуулагч төдийгүй, бригадын ахлагч. Ээлжийнхээ залуус голдуу 10 гаруй  баяжуулагчийг тэр ахалдаг. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзлэлтэй, бүтээлч залуустайгаа хамтран ажиллахад урамтай байдгаа ярьсан. Хэн нэгэнд ая тал засдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг шударга зантай түүнд дарга, цэрэггүй л ам сайтай Залуусыг үйлс бүтээлээрээ  төдийгүй биеэ авч яваа байдал, спорт, олон нийтийн ажилд зүтгэлтэйгээрээ ч үлгэрлэнэ. Сагсан бөмбөг, волейболын  спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин тэрбээр  цехийнхээ гол тоглогч байсан үе бий. Одоо  ахмадын багтаа тоглосоор л. 
    Гадаа ганц нэг  цас хаялах  идэр ес эхэлсэн энэ өдөр улаахан  хацарт хонгорхон  насаа тэр ийнхүү дурсав. Эсгий гуталтай хөлдөө  модон тэшүүр  углаж,  Эгийн голын мөсөн дээгүүр  хөндлөн гулд  гулган  тоглодог байсан үе, хурдан морины зоон дээр гийнгоо аялан, цамцаа дэрвүүлэх балчир насны жаргалтай мөч сэтгэлээс нь гардаггүй аж.
    Эргэж ирэхгүй холын аянд мордсон аавыгаа дурсан  ярихдаа аньсага чийгтүүлэв. Тэрбээр цааш нь: “Миний аав, ээж сийрэгхэн ухаантай хүмүүс. Насаараа мал малласан ч, бид аравт эрдэм боловсрол эзэмшүүлж, бүгдийг нь мэргэжилтэй болгосон. Миний бага  дүү л  малчин. Мянгат малчин гэгдэн, нутагтаа сайхан амьдарч яваа” гэсэн. Д.Ганзориг нутаг, ээж амьтай нэгэн. Зав гарвал наян насны босго аль хэдийн давсан ачит эхээ, алдарт  “Даян дээрх”, Эгүүрийн голоо зориод л давхичихна.
     Эднийх ам бүл дөрвүүл. Д.Ганзориг: “Миний амжилтын хагасыг халамжит хань минь бүтээж өгсөн” гэх. Одоогоос дөчөөд жилийн өмнө сумын эмнэлэгт дуугаа хадаан  нэгэн өдөр мэндэлсэн хүү охин хоёр бол манай хөргийн эзэн, түүний эхнэр П.Шүрэнцэцэг. Сургуулийн босгоор анхлан алхахад  бас л  нэг ангид хамтдаа... Аргагүй л холбоо заяатай хоёр байгаа биз. Хүү Г.Тэлмэн ШУТИС-ийг Уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр энэ хавар төгсөж, удам дамжсан уурхайчин болох зорилготой. Охин Г.Золбоо 12-р ангид суралцдаг. Хүү охин хоёр нь таван жилийн зайтай, яг нэг өдөр төрсөн гэдэг. Ганзориг хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн дагуулдаг. Түүгээрээ ч тэд нь өөрийн гэх үзэл хандлагатай, зөв хүн болон төлөвшжээ.
     Д.Ганзоригийн тухай хамт олон нь: “Маш нарийн мэдрэмжтэй баяжуулагч, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүн,  бүтээлч, шинийг санаачлагч, үйлдвэрлэлийн процессыг гарамгай мэддэг, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг олж тогтоохдоо гаргууд, мэддэг чаддаг зүйлсээ залууст харамгүй зааж сургадаг, хамт олны уур амьсгалыг зөөлрүүлэгч гэж магтаж, ийм л болохоор бид түүнд итгэдэг” гэсэн юм. Түүний амьдралын чиг шугам итгэл дааж амьдрах. Баяжуулагчдын холбооны шилдэг баяжуулагчаар хоёр удаа, Нунтаглан баяжуулах хэсгийн шилдэг ажилтнаар шалгарч байсан тэр, хамт олныхоо, удирдлагуудынхаа итгэл найдварыг хэзээд алдсангүй, амжилтаа ахиулсаар. Эрдэнэт хэмээх их айлын 6000 гаруй ажиллагчаас ажил үйлсээрээ товойн шалгарч, 2018 оны Шилдгийн шилдэг ажилчин боллоо. Тэрбээр Шилдгийн шилдэг ажилчин болсон сэтгэгдлээ: “Миний хөдөлмөрийг үнэлсэн том үнэлгээ, хүндэтгэл, бас шагнал. Энэ үйл явдал  надад улам сайн ажиллах урам зориг, ажиллах эрч хүч нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийнхээ  хамт олны  итгэлийг бүтээлч хөдөлмөрөөрөө хариулна” гэж хэлэхдээ нүд нь очтон гялалзаж байсан. Эрдэнэт үйлдвэр 2018 онд Зэсийн металл авалтыг 40 жилийн түүхэндээ хамгийн дээд хэмжээнд буюу 89,5 хувьд хүргэсэн. Энэ түүхэн амжилтад Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны шилдгийн шилдэг ажилчин Д.Ганзоригийн  хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн нь гарцаагүй. 
Хүн мөрөөдлөөр жигүүрлэн түүндээ хүрэх зорилго өвөрлөн, хичээнгүйлэн хөдөлмөрлөснөөр  амжилтад хүрдгийн тод жишээ энэ буюу.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 21 1-р сар 2019 02:13
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог