Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны онцлох 10 үйл явдал Онцлох

28 12-р сар 2018 12:00
550 удаа үзсэн

Хос одонт үйлдвэр боллоо

      Монгол улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр ХХК хос одонт үйлдвэр боллоо.

Түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллалаа

     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31,5 саяд хүргэлээ. Борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улсын болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой болж, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг тогтоолоо. Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдээ идэвхжүүлэх бодлогын хүрээнд ажилтан бүрийн бодит орлогыг нэмэгдүүлж, дундаж цалинг 2,4 сая төгрөгт хүргэлээ.

Техник, технологийн шинэчлэлийг эхлүүлж, найдвартай ажиллагааг хангахад бодитой алхам хийлээ

     Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн хоёр тээрмийг шинэчилж, жилд таван сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэг дүгээр хосолмол секцийн нэг шугамыг бүрэн шинэчлэн, найдвартай ажиллагааг хангалаа.
     Хүдэр тээвэрлэх зориулалттай БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван авто машины угсралт, тохируулгын ажлыг өөрсдийн хүчээр гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
     Мөн энэ онд техник, технологийн шинэчлэлийн хүрээнд, ажилчдыг тээвэрлэх том оврын зургаан автобусаар парк шинэчлэл хийснээр үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны цуваа бүрэн шинэчлэгдлээ.
 

Монгол улсын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа


     Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК 16 дахь удаагаа манлайллаа. Мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудыг эрэмбэлж, 2018 оны Шилдэг байгууллагаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг өргөмжиллөө. Эрдэнэт үйлдвэр ХХК Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер-2018” шалгаруулалтын онцлох 10 аж ахуйн нэгжийг тэргүүллээ.



Монгол улсын төвийн эрчим хүчний системд анх удаа 317 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүллээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөж, ашиглалтад оруулснаар тус үйлдвэр Монгол улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт зохих хувь нэмэр үзүүлж эхэллээ.
      Энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд 2018 онд нийт 310 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, Төвийн эрчим хүчний системд 317 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч нийлүүллээ.


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиолоо

     Эрдэнэт үйлдвэр ХХК түүхт 40 жилийнхээ ойн хүрээнд олон үйл ажиллагааг төлөвлөн зохион байгууллаа. Тухайлбал:
      - Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “Уурхайчин эмэгтэйчүүдийн чуулганыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулав.
      - Монгол улсын Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт” үйлдвэр хамтран Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын хамтарсан комиссын XXIII хуралдааныг Орхон аймаг, Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж, “Инноватор -2018” цомын эзэн болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олонд 100 сая төгрөгийн шагнал гардууллаа.
      - Мастеруудын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойллоо.
      - Ойн баяраа тохиолдуулан ажилчдадаа ажилласан жилээс нь хамаарч 1-4 сая төгрөг, анхдагч, ахмадуудаа 1 сая төгрөгөөр урамшууллаа.  
    - Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд олон зөвлөгөөн, форум, нэгдсэн үйл ажиллагаа болон Уурхайчин хамт олондоо зориулсан баярын үйл ажиллагаануудыг бүтэн жилийн турш амжилттай зохион байгуулж, их бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүстээ түүхт ойн хүндэтгэл, талархлаа илэрхийллээ.


Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат шинээр төрлөө

     Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Гүндсамбуугийн Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасан. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн алдартнууд нэг Хөдөлмөрийн баатар, гурван Гавьяатаар бүл нэмлээ.
 

Дэлхийн тавцангаас хос хүрэл медаль ганзагаллаа

     “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчид их спортод амжилт гаргаж, улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа. БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Дэлхийн шилдэг 16 мастеруудын “Мастерс-2018” тэмцээнд жудо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртэв. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод болсон сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Хангарьд спорт клубийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг 54 кг жинд хүрэл медаль хүртэж, Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн медальтан болсноороо түүхэн онцлог амжилт үзүүллээ.


Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах боломжийг бүрдүүллээ

     Өнгөрсөн жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос хоёр дахин, 2018 онд 3,2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдлээ.


Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлээ шинэчлэн тодорхойлж, баталгаажууллаа

     Компанийн Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг шинэчлэн тодорхойлж, компанийн удирдлагууд 12-р сарын 14-ний түүхт өдөр баталгаажууллаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
     Алсын хараа:
           - Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна.
     Эрхэм зорилго:
          - Бид тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ.
     Үнэт зүйлс:
          - Аюулгүй байдал, эрүүл мэнд
          - Ёс зүй, хариуцлага
          - Байгаль орчин
          - Хамтын хүч
          - Инноваци

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 27 3-р сар 2019 03:44
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог