Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Эрдэнэт үйлдвэрт “Нэн түрүүнд-ХАБ” уриа хэрэгждэг. Ажилчдадаа аюулгүй, ая тухтай ажлын байранд урам зориг, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, осол зөрчилгүй хөдөлмөрлөх зарчим мэдээллийг сурталчлан таниулах, хяналт тавих гээд олон ажлыг ХАБЭА-н хэлтэс хариуцан ажилладаг. Шинээр  хэрэгжүүлж буй цаг үеийн болоод цаашдын зорилтын талаар тус хэлтсийн дарга Д.Мөнхболдтой ярилцлаа.

-ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарал хандуулж буй гол ажлуудын талаар ярихгүй юу?     

-ХАБЭА-н хэлтэс долоо хоног тутмын үйл ажиллагааны мэдээллээ өөрчилж, төрөлжүүлж гаргадаг боллоо. Тухайлбал, тухайн долоо хоногт ХАБЭА-н чиглэлээр хэчнээн төрлийн сургалт төлөвлөгдөж, яаж хэрэгжсэн эсэх, өндөр эрсдэлтэй ажил хэд байв, тэдгээрт хэрхэн хяналт тавьж ажилласан гэх зэргээр дүгнэж байна. Оны эхний улиралд манай хэлтсээс бүх бүтцийн нэгж дээр эрсдэлийн удирдлагын хүрээнд хийгддэг ажлыг үнэлүүлж, өндөр эрсдэлтэй ажлын мэдээллийг долоо хоног тутамд гаргаж байна. Жишээ нь, Баяжуулах үйлдвэр дээр хийгдэх өндөр эрсдэлтэй ажлуудын мэдээллийг урьдчилж аваад, газар дээр нь очиж шалгадаг болсон. Өмнө нь цех бүрээр ороод, энд юу болж байна гээд гэнэтийн байдлаар очдог байсан бол одоо бүх хяналт шалгалт зорилтот болсныг онцолъё. Мөн тусгай зөвшөөрөл, нарядаар хийгддэг галын ажлууд ч үүнд хамаарч байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Бидний нэг үндсэн ажил бол ажилчдын хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, хангалт.  Одоогийн байдлаар, өвлийн хувцасны нөөц боломжийн хэмжээнд буй ч зуны хувцас, гутал бэлдэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Оёдлын цехтэй 14 хоног тутамд уулзалт хийж,  хамтран ажиллаж байна. Бид одоо, ажлын хувцасны загварын альбомыг шинэчилнэ. Үйлдвэрийн хэмжээнд өвөл, зуны хувцас хэчнээн төрлөөр ямар загвартай байхыг тодорхой болгох юм. Хуучин альбомд ажилчны болон инженер техникийн ажилтны загвар гэж ангилдаг байсныг бид өөрчилж байгаа. Учир нь ажлын байрны албан тушаалын ялгаварлан гадуурхал гэж үзэж, ингэж ангилах нь зохимжгүй гэж ойлгож байна. Ер нь ажилтны ажлын хувцсаар дамжуулан Эрдэнэт үйлдвэртээ хайртай, үнэнч байх, бахархах зэрэг ажилчин хүний үнэт зүйл илэрхийлэгддэг. Тиймээс ажилчин, инженер техникийн ажилтны загвар гэж байсныг өөрчлөн үйлдвэрлэлийн болон албан ажлын загвар гэж гаргана. Албан ажлын өрөөнд ороход үйлдвэрийн нүүр царайг илэрхийлсэн, өнгө үзэмжтэй загвар байх шаардлагатай гэж үзсэн. Харин үйлдвэрлэлийн орчинд бол хүнд ачаа тээш өргөж буулгах зэрэгт тохиромжтой, ажил хийхэд саадгүй байхаар гаргана. Мөн ажил мэргэжлийн онцлогт тохирсон, хавар, намрын улиралд өмсөх дулаан цамцны загвар гаргасан. Энэ бүхнийг бид Оёдлын цехтэй хагас жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ. Хувцасны захиалга хангалтын хувьд өмнө нь өвлийн зуны бүх хувцсыг ижил тоогоор үйлдвэрлэж гаргаснаас ажилчдын хувцасны хэмжээ зөрж, томдох эсвэл багадах гээд асуудлууд их байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор бид өнгөрсөн саруудад үйлдвэрийнхээ бүх ажилтны биеийн хэмжээг авсан. Ингэснээр тухайн ажилтны биеийн хэмжээнд таарсан хувцсыг эдэлгээний хугацаа нь дуусахаас нэг сарын өмнө үйлдвэрлэж бэлэн болгох боломжтой болох юм. Ажлын хувцасны хэрэгцээ, эрэгтэй эмэгтэй хүний норм хэд байх вэ гэдгийг урьдчилан судална. Судалгаанд үндэслэн Оёдлын цехэд захиалга өгнө гэсэн үг юм. Ингэж бид ажлын хувцасны загвар, нөөц гээд бүх асуудлыг шийдсэнээр “Яг цагт нь” гэдэг системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. ХАБЭА-н хэлтсийн хамгийн гол чиг үүрэг бол хүнтэй ажиллах. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллаж, хүмүүсийг аюулгүй ажиллуулах зорилготой. Тиймээс долоо хоногийн ажлын дүгнэлтэд “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулсан. Ажлын байраар явахдаа ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ. Мөн 4 дүгээр шатны үзлэг, эрүүл ахуй, зорилтот ээлжит бус шалгалтууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн хэмжилт хийгддэг. Тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл, тухайлбал агааржуулалт, гэрэлтүүлэг, тоосжилт, дуу чимээ нь хэвийн байгаа эсэхийг тогтоодог. Энэ бүх ажлуудын мэдээлэл ч долоо хоног тутамд гарна.

-Дэлхий даяар тэмцэж буй коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг үйлдвэрийн хэмжээнд авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ ажилд ХАБЭА-н хэлтэс чухал үүрэгтэй. Ямар ажлуудыг хариуцан, хэрэгжүүлж байна вэ?

-“Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шуурхай штабыг ХАБЭА-н хэлтэс ахалж ажиллаж байна. Шуурхайн штабаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаа, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Технологийн сургууль зэрэг үйлдвэрийн цех нэгжүүдээс  нийт  300 гаруй хүнийг татан оролцуулж Улсын Онцгой комиссоос өгсөн зааврын дагуу ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бүсэд нэвтрэх пост бүрд тогтмол үзлэг хийж, өглөө бүр 30 автобусанд ажилчдын биеийн халууныг үзэж, зөвлөгөө өгч байна. Амралтын өдрүүдэд 1800 гаруй, ажлын өдөрт бүх объектод нэвтэрсэн 5500-6200 орчим ажилтан, ажилчид дээрх үзлэгт хамрагдсан байна. “Ковид-19” халдвар нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед үйлдвэрийн зүгээс Ерөнхий төв штаб болон дөрвөн дэд штаб байгуулан ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй нэг штаб нь зардал хэмнэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байна. Үүний хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Ерөнхий захиргааны байрны ажилтнуудын ажлын цаг ашиглалтыг сайжруулахад анхаарч байгаа бол үйлдвэрийн бүсийн ажилтнуудад манай хэлтэс хяналт тавьж байна. Ажлын байрны цаг ашиглалт, хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтын хүрээнд үйлдвэрийн бүс рүү нэг, хоёрдугаар шалган нэвтрүүлэх байраар дамжин нэвтэрч буй бүх хүмүүсийг хамруулж байна. Нэвтрүүлэхдээ биеийн халууныг үзэж, ажилтны үнэмлэхийг шалгаж, харин гаднын хүмүүст тусгай зөвшөөрлөөр түр үнэмлэх олгож байгаа. Мөн нэвтрэх байранд санамж бичиг байршуулсан. Орж буй хүмүүсийн зэрэгцээ, гарч байгаад нь бас хяналт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас эрт бууж байгаа хүмүүс заавал чөлөөний хуудас бөглөж, удирдлагаараа гарын үсэг зуруулсан байх ёстой. Өмнө нь ийм чөлөөний хуудас авах журам гаргасан ч хяналт тавьдаггүй байсан. Тэгвэл одоо дээрх санамж бичигт тусгаснаар чөлөөний хуудсыг шалган нэвтрүүлэх байрны цагдаа ажлын цагаас эрт явж буй ажилтнаас шаардана. Шалгасан чөлөөний хуудсыг цаг бүртгэлийн программ дээрх жагсаалттай тулгаж, цаг ашиглалтын хяналтыг сайжруулна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээр, дэглэмийн үед ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс ч ХАБЭА-н хэлтсээс үүнд онцгой анхаарал тавьж ажиллаж байна.

-Шинэ аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Ямар зорилго, чиглэлтэй аян бэ?

-ХАБЭА-н хэлтсээс санаачлан “Эрдэнэт Монголын дархлаа” аяныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг тэмцэж буй хүнд цаг үед хүн бүр хариуцлагатай байж, төлөвлөгөө зорилтоо биелүүлэн эдийн засгийн бага эрсдэлтэй даван туулж чадвал тэр хэрээр улс орондоо өгөх үр өгөөж их байна. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед манай улсын гол найдвар нь Эрдэнэт байж чадсан шиг өнөөгийн энэ бэрхшээлтэй үед ч үүргээ хариуцлагатай биелүүлж, тулах цэг нь болъё гэсэн зорилготой аян юм. Манай хэлтэс, хүнтэй ойр ажилладгийн хувьд “Эрдэнэт Монголын дархлаа” аянаар дамжуулан эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах, эрүүл мэнд дархлаагаа дэмжих, сахилга хариуцлагатай байхыг сануулж, ингэснээр иргэнийхээ үүргийг биелүүлж энэ цаг үеийг тэвчээртэй, зөв хандлагатай байж хамтдаа туулах уриалгыг хэрэгжүүлэх юм. Аян таван чиглэлтэй байна. Эхний чиглэл нь Уурхайчны өөрийн дархлаа буюу зөв ажиллах таван зарчмыг мөрдөж, дархлаагаа сайжруулах бол дараагийнх нь Гэр бүлийн дархлаа, Хамт олны дархлаа гэх зэргээр үргэлжилнэ. Аянд зориулсан лого, дуу, стикер гаргаж байна. Зорилго агуулгыг ойлгож хэрэгжүүлж буй ажилтан бүрийн хамгаалах хэрэгсэл малгайд нь стикер нааж өгөх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

   

Мэдүүштэй...

1.Өнөөдөр жилийн 100 дахь өдөр. Он дуусахад 265 хоног үлдлээ.

2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 10. Сугар гараг. Билгийн тооллын 18. Харагчин хонь өдөр. Лусын буулттай. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Энэ өдөр гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буяны үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүг рүүмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадэд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1982 оны 4-р сар

  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 188 тоот тушаалаар 5-р цэцэрлэгийг 10 бүлэг, 280 хүүхэд, 68 ажиллагсадтайгаар байгуулав.
  • Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний халамжлан хүмүүжүүлэгчдийн зөвлөгөөн болов.
  • ЗСБНАвтонамит Буриад улсын Эрхүү мужийн Ардын депутатуудын зөвлөлийн Гүйцэтгэх захиргааны дарга А.Е.Соколов тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.

1983 оны 4-р сар

  • Зөвлөлт Үзбекистаны Алмалык хотын комсомолын хорооны 1-р нарийн бичгийн дарга В.А.Абдуламиков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод айлчлав. 
 

Төгссөн сургууль:

Украйн улсын Кривой Рог хотын Аж үйлдвэрийн техникум, ОХУ-ын Санкт-Петербург хотын Уулын дээд сургуулийг төгссөн.

Мэргэжил:

Баяжуулагч инженер

Ажилласан туршлага:

1993 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, бригадын дарга, технологич, хэсгийн дарга, Үйлдвэр техникийн албаны даргаар, 2013 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, 2016 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн “атгасан гар” шиг ажилладаг хамт олныг чиглүүлэгч нь хэлтэс, цех, хэсэг, албадын дарга нар бөгөөд удирдагч болохын тулд тэд ажлыг багаас нь эхэлж, шат шатны давааг давсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэвэл зүйд нийцнэ. Дарга гэж даам гарахаас илүүтэй, ажлын туршлагаараа асуудлын голыг олж, шийдлийг гаргадаг тийм л үндэсний чадварлаг боловсон хүчнийг Эрдэнэт үйлдвэр төрүүлэн гаргасан. Тэдний нэг бол Төмөртогоогийн Түмэн-Өлзий. Хариуцсан, эрхэлсэн ажил бүрээ нухацтай хийж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оновчтой олон санааг гаргасан нь өнөөгийн Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллах боломжийг түүнд олгосон. Уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэгэн насны амьдралаараа туулж яваа энэ эрхэм Эрдэнэтээс төрсөн манлайлагчдын тэргүүн эгнээнд алхаж, үйлдвэрийнхээ хэт ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгтээ бат итгэдэг.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Миний нэг өдөр 06:30-д эхэлдэг. Өглөө босоод заавал аяга ус ууж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн. Ажлын хувьд өглөө бүр үйлдвэрлэлийн захирал, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийн утасны шуурхайг сонсож, үйлдвэрийн өнгөрсөн хоногийн үйл ажиллагааг хэлэлцэн ажлаа эхлүүлдэг.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Гэр бүл, үр хүүхдүүд гэдэг миний амьдралын бэлэг учраас хамгийн том сэргээш гэж хэлнэ дээ. Аливаа томоохон ажлын эхэнд мэдээж шантардаг. Харин бодож санасан зүйлээ хийж, бүтээлээ хараад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Ер нь амьдралд урамших, эрч хүч авах олон зүйл бий л дээ. Гэхдээ миний хувьд ажлын амжилтаасаа амтлах мэдрэмж хамгийн сайхан.  

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрдэнэт бол Монгол Улсын уул уурхайн ууган үйлдвэр. Хоёр орны ахан дүүсийн гараар бүтсэн энэ том үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн гэсэн өнгө аяс, ажлын нарийн чанд зохион байгуулалттай. Баялаг бүтээгч уурхайчдын хөлс хөдөлмөрөөр өнөөгийн өндөрлөгт хүрсэн үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг цаг, хоног, сар, жилээр хянаж, биелэлтийг ханган ажиллах нь манай хэлтсийн гол зорилго юм. Удирдлагын зүгээс шаардлагатай бүхий л ажлыг хийхийг хичээдэг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Би ОХУ-д суралцаж төгссөн, орос хэлтэй. Мэдээллийн эринд амьдарч байгаагийн хувьд англи хэлний зохих түвшний мэдлэг шаардлагатай байна. Тиймээс англи хэлийг бие даан сурахаар олон жил уйгагүй оролдож байна даа. Мэргэжлийнхээ хувьд шинэ техник, технологийн ололтын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг. 

-Та хэр зарчимч хүн бэ?

-Ер нь зарчимч талдаа. Гэвч хэтэрхий зөөлөн, өрөвч зангаасаа болоод тэр бүр зарчимч байж чаддаггүй л дээ.

-Өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Өглөө бүр ус ууж, дасгал хөдөлгөөн хийж, дулааны улиралд тогтмол дугуй унадаг.

-Таны хобби, сонирхол юу вэ?

-Хүүхэд байхдаа шуудангийн марк сонирхож цуглуулдаг байлаа. Цуглуулгаа нэг орос найздаа бүгдийг нь бэлэглэчихсэн. Яг тэр гэх хобби байхгүй л дээ. Дөрвөн хүүхдийнхээ багадаа цоортол өмссөн гутал, зурсан зургууд, анхны А үсэг бичсэн дэвтэр гэх мэт зүйлсийг нандигнан хадгалдаг. Хожим хамгийн дурсгалтай, үнэ цэнтэй зүйлс болох болов уу гэж боддог. Манай гэрийнхэн энэ тухай мэддэггүй л дээ.  /инээв/

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Хүн хаана ч явсан, хэн ч байсан нэг л зангаараа явах сайхан. Мөн хүний тусыг хэзээ ч битгий мартаж яваарай гэж хэлсэн аав ээжийнхээ захиасыг дандаа бодож явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Эрдэнэт үйлдвэрт 1993 оноос хойш ажиллаж байна. Эх орныхоо бахархал болсон энэ сайхан уулын буяныг хүртэж, энэ том үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны нэгээхэн эс ширхэг болж яваадаа туйлын их баярлаж, бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна. Тиймээс ч ирээдүйд техник, технологийн хөгжлийг дагаад үйлдвэр маань олон жил улам их үр ашигтай ажиллах болно гэсэн бат итгэлтэй явдаг. 

 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, бахархан алдаршуулж байна.

2019 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 37 хувь нь удирдах болон инженер техникийн ажилтан, 63 хувь нь ажилчин, албан хаагчид ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 29 хувь нь механикийн, 35 хувь нь технологийн, 19 хувь нь эрчим хүчний, 5 хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна.

2019 онд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ сайн саналын системээр дамжуулан нийт 137 санал гаргаж, 64 хувийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж, 2 дахь удаагаа сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад бичигдэж байна. 2018 оны сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 121 санал гаргаж, 70 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дугаарт жагсаж, 3 дахь удаагаа тус жагсаалтад бичигдэж байна.

Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад 2 цехийн 3 ажилтан таван удаа, 4 цехийн 7 ажилтан дөрвөн удаа, 8 цехийн 14 ажилтан гурван удаа, 9 цехийн 24 ажилтан хоёр удаа бичигдсэн бол бусад 52 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 2118 санал гаргаснаас 1826 санал үнэлэгдэж, 58 хувь нь хэрэгжсэн бөгөөд 40 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Мөн тус жагсаалтын 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэй, 33 хувь нь (24-38 нас) 1-5 жил, 33 хувь нь (30-48 нас) 6-15 жил, 22 хувь нь (38-58 нас) 16-25 жил, 12 хувь нь (46-59 нас)26-аас дээш жил ажилласан ажилтнууд байв.

Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.

 
 
Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэс, Ил уурхайн инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэлхийн жишигт нийцсэн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн урт хугацааны төлөвлөлтийг Оросын мэргэжилтнүүд хийдэг байсан бол 2016 оноос Монгол инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлт хийх болжээ. Тэд Австралийн “МАРТЕК” компанийн мэргэжилтнүүдтэй өдөр бүр онлайнаар холбогдож уг системийг эзэмших, уул уурхайн төлөвлөлтийн цогц программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд нөөц, баялгийн үнэлгээ хийж уурхайн оновчлол, эцсийн дизайныг тооцоолох, олборлолтын урт хугацааны стратеги, дунд хугацааны тактик төлөвлөлтийн инженерийн зураг төслийг боловсруулах юм. Эдгээр системийг нэвтрүүлснээр ордын үр ашиг, өнөөгийн үнэ цэнэд суурилсан уурхайн оновчлол, хөрөнгө оруулалтыг тооцож  төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд, нарийвчлал сайтай хийхээс гадна дэлхийн зах зээлийн болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тохирсон бизнесийн үйл ажиллагааны стратеги боловсруулах, компанийн удирдлагыг хэрэгтэй мэдээллээр хангах юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд, өндөр хүчин чадал бүхий дөрвөн компьютер ажиллагаанд оруулжээ.
М.Одгэрэл
Фото. Б.Баттөгс

Мэдүүштэй...

1.Өнөөдөр жилийн 99 дэх өдөр. Он дуусахад 266 хоног үлдлээ.

2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 0-11 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 1-5 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 9. Бархасбадь гараг. Билгийн тооллын 16. Салхины эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол замд явах хүмүүс хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4976 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1977 оны 4-р сар

  • Эрдэнэт хотын орон сууцуудыг хэрэглээний халуун усаар төвлөрсөн шугамаас хангаж эхлэв.
  • “Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 83 дугаар тогтоол гарчээ.

1978 оны 4-р сар

  • Бүх Холбоотын Өнгөт төмөрлөгийн нэгдлийн дарга Л.А.Баулин тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.

 1979 оны 4-р сар

  • БНМАУ-ын уул уурхайн үйлдвэрүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн Эрдэнэт хотод болов.

1980 оны 4-р сар

  • Эрдэнэт хотод “Экран-414” телевизийн дахин дамжуулах станц суурилагдаж, Зөвлөлтийн төв телевизийн “Орбита”-ын программыг шууд үзэх боломжтой болов.
  • Улаанбаатар-Дашинчилэн, Булган-Эрдэнэтийн радио-релейн шугамыг Эрдэнэт хотод хүлээн авчээ.
  • 1979 оны ажлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон бүх ард түмний социалист уралдаанд шалгарч, 4 байгууллагын шилжин явах туг, диплом, мөнгөн шагнал гардан авав.

Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг.

Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна.

Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан  хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.   

Цагаан тоос дарах ажилд Эрдэнэт үйлдвэр жил бүр 1 тэрбум орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг. Үүний ихэнх хэсэг нь техник, тоног төхөөрөмжийн зардал аж. Цагаан тоос дарахад зардал, мөнгөнөөс гадна байнгын ажиллагаа шаардлагатай. Учир шалтгаан нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, хүдэр боловсруулалтын хэмжээ өссөнөөр булинга элсний хуримтлалын талбай тэлж байгаатай холбоотой. Тиймээс ч үйлдвэрийн удирдлага Хаягдлын аж ахуйн ирээдүй, онцолбол шинэ аж ахуй байгуулах тухайд ч санал бодлоо хэлэлцэж буй. 

Нөгөөтээгүүр, цагаан тоосыг бүрэн дарж дуусгахад үйлдвэрлэлийн хаягдлын технологийг өөрчлөх учиртайг үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал булингын шинж чанарт нөлөөлөх технологи буюу өтгөрүүлэх аргын судалгаа болон техник эдийн засгийн үндэслэлийг Хөгжлийн хэлтсийнхэн Канад улстай хамтран хийж байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн хаягдал булинга нь 70 хувийн хатуулагтай байдаг бол манай үйлдвэрийнх 20 хувь байдаг байна. Тиймээс дээрх судалгааг хийж нэвтрүүлснээр шингэн булингыг өтгөрүүлэх,  нарийн ширхэгтэй тоос болж дэгдэх эрсдэлийг багасгах боломжтой болох юм. Ингэж зөвхөн өнөөдрөөр бус маргаашийг хэрхэн төлөвлөх талаар инженерүүд  урьдчилан олон талаас нь судалж байгааг дурдах нь зүйтэй.

Цагаан тоосны талбайд ажиллаж буй ажилчид тоос дарах аргын үр дүнг газар дээр нь харж буйгаа хэллээ. “Кальци хлоридын уусмал буюу давстай усаар шүрших арга үр дүнтэй. Барьцалдамтгай чанартай учир наранд удаан хатдаг юм байна. Шүрших зориулалттай машин 8 тонны даацтай, нэг удаа 200 метр орчим талбайг шүршиж хүрэлцдэг” гэж Ган бөөрөнцгийн цехийн Цувих шугамын оператор Л.Өлзий ярив. Харин хөрсөөр хучих аргаар дарж буй хаялтын цэгээс Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Б.Моломжамц мэдээлэхдээ “Өдөрт хоёр белАЗ 45-50 удаагийн эргэлтээр шороо зөөж байна. Хөрсөөр хучсан талбайд дахин хаягдал булинга нэмэгдэхгүй тохиолдолд цагаан тоос дахин дэгдэхгүй. Тиймээс хөрсөөр хучих нь найдвартай аргын нэг” гэсэн юм.   

Цагаан тоос хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэх яриа мэр сэр гардаг. Мэдээж, үүнд тодорхой бөгөөд үнэн хариулт хэрэгтэй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,  урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үе шаттай зохион байгуулж ирсэн юм. Эрүүл мэндийн үзлэгт цагаан тоосны бүс гэж нэрлэдэг Орхон аймгийн Баянцагаан, Говил баг болон Жаргалант сумын зарим нутагт амьдардаг ард иргэдийг хамруулдаг. Уг үзлэгийг жил бүр Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын баг болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг оролцуулж байна.

Өнгөрсөн онд л гэхэд цагаан тоосны бүс нутагт оршин суудаг 488 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж, цагаан тоос хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар олон төрлийн судалгаа байдаг ч нарийн мэргэжлийн багийнхны үнэлгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад буй. “Ковид-19” халдвараас шалтгаалан энэ ажил түр хугацаагаар хойшлоод байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа ярилаа.    

Эрдэнэт үйлдвэр цагаан тоосноос салах ажлыг эрчимжүүлж, уурхайчид онцгой анхаарч, ажлын албаныхан, байгаль орчныхон хүч, сэтгэлээ нэгтгэн  ажилласнаар цагаан тоос цаашилж байна. Гэхдээ нэг удаа дараад зогсох бус, уйгагүй тасралтгүй ажиллагаа, бас цаг хугацаа л “цагаан тоос”-нд хэрэгтэй. 

М.Балжинням

Фото Б.Баттөгс 

Хүн төрөлхтөнд тархаад буй шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлж дархлааг дэмжих, ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Баяжуулах үйлдвэрийн арга зүйчид, Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийн зохион байгуулагчид цайны цагаар ажиллагчдаа дасгал хөдөлгөөнд хамруулж байсан. Харин сүүлд хоёроос дээш хүн цуглавал бөөгнөрөл гэж үзэж хориглох шийдвэр гарснаас хойш тэд үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны захиргааны ажилнуудын албан өрөөнд өртөөчлөн Тайсо дасгал хийлгэж хэвшжээ. Японы Тайсо нь хүний биеийн бүх хэсэгт үйлчлэн булчин ясыг бэхжүүлж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, дархлаа сэргээх ач тустай энгийн дасгал юм. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөн энэ үйл ажиллагаагаараа удирдлагын манлайллыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Өнгөрсөн жил Баяжуулах үйлвэрийн арга зүйчид хэсгүүдийн дунд Тайсо дасгалын уралдаан зарлаж, 140-өөд хүн оролцож өрсөлдсөн юм.

М.Одгэрэл

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 98 дахь өдөр. Он дуусахад 267 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 4-8 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, бага зэргийн хур тунадастай, салхины хурд 5-6 м/сек байна.

 

 

3. Аргын тооллын 4 сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 15. Тэргүүн дагуул одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол замд явах хүмүүс баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.    

4. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5067 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1975 оны 4-р сар

  • Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Эрдэнэтийн бүтээн байгуулалтад зориулан нэмэлт хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

1976 оны 4-р сар

22-нд: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 08 дугаар тогтоолоор Эрдэнэт хотод хивсний үйлдвэр байгуулах талбайг 13 га-гаар тогтоож, үүнээс 12 га-г үйлдвэрлэлийн зориулалтаар, 1 га-г хаягдал шингэний хөөс агуулах талбайгаар ашиглуулахаар тогтжээ.

23-нд: Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох төв үйл ажиллагаагаа эхлэв.

26-нд: Эрдэнэт үйлдвэрийн төв корпусыг барих ажил эхлэв.

1978 оны 4-р сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс анх Хөдөлмөр хамгааллын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдав.
 
Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг шинийг санаачлагч, Автотээврийн цехийн Эрчим зүйн албаны тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлэх нь.  
1990 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр  яамны томилолт өвөртлөн Эрдэнэтийг зорьжээ. Завхан нутгийн хүү, сургаар мэдэх болсон энэ хотод хөл тавьсан тэр нэгэн өдрөөс хойш өдгөө 30 хаврыг үджээ. Засвар механикийн заводын Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгээс хөдөлмөрийн гараагаа мастераар эхэлж, 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос өнөөг хүртэл Авто тээврийн цехэд энэ л албанд  зүтгэсээр. Одоо тэр Эрчим зүйн 62 хүнтэй хүчирхэг албыг тэргүүлэн ажиллаж буй. Энэ алба Авто тээврийн байгууллагыг уур, ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах үндсэн үүрэгтэй. Тэдний харьяанд Шатахуун түгээх станц, Технологийн тээврийн, Төрөл бүрийн маркийн  автомашины, Тусгай зориулалтын автомашины засварын газруудын машин угаалга, гараажууд ч харьяалагдана. Машин угаах, шатахуун түгээх гээд л үйлдвэрийн хэмжээний  нэн чухал албыг тэд залгуулдаг. Эднийхэн 2019 онд ажил үйлс, ХАБЭА, бүтээмж инноваци, сахилга дэг журам гээд л бүхий л үзүүлэлтээрээ Авто тээврийн цехийн бүх хэсгээс тэргүүлсэн. А.Батдоржоор ахлуулсан энэ баг үндсэн үүргээ чанд биелүүлэхээр ажлаа хязгаарлахгүй.  “Ахлагч”-ийн толгойд  шинийг эрэлхийлэх, эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, зардал  хэмнэх бодол байнга эргэлдэнэ. Үйлдвэрийн ажлын байранд лед гэрэл суурилуулах төслийг эднийх анх хэрэгжүүлсэн гэдэг. Цахилгаан эрчим хүч ихээхэн хэмнэсэн энэ туршлагыг Эрдэнэт үйлдвэр даяар нэвтрүүлсэн. Тэр, автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц байгуулах санаачилга гарган ашиглалтад оруулснаар суудлын 20 машины зөвхөн түлшний үнийн зөрүүгээс сард 5,1 сая төгрөг хэмнэжээ. Түүний санаачилсан “Автомат мэдрэгчтэй шүршүүр” төсөл үйлдвэрийн хэмжээнд шалгарч хэрэгжсэн. Түүнчлэн “Нарны толин гэрэлтүүлэг” зэрэг төсөл хэрэгжүүлснээр ус, цахилгаан эрчим хүчийг ихээхэн хэмнэжээ. Өнгөрсөн жил цехийн ажлын байрны дулааны системийн 30 хувийг нь шинэчилжээ. Тухайлбал, багахан гурван өрөө тус бүрийг 22 квт-ын хөдөлгүүртэй  вентилятороор халаадаг байсан бол 7,5 квт-ын орчин үеийн ганц вентилятороор  эдгээр өрөөг дулаанаар үлээх системд холбожээ. Энэ хэрээр зардал буурах юм. Мөн машиныг шлянкаар угаадгийг халж, тусгай зориулалтын компрессор ашигласнаар усны хэрэглээ үлэмж багасжээ. Эрчим хүч хэмнэж, эх дэлхийгээ аврах үйлсэд эдний хамт олон жинтэй хувь нэмэр оруулж буй нь тодорхой. А.Батдорж хамт олноо байн байн магтана. Манайхны ихэнх нь залуус. Ажилдаа өөриймсөг ханддаг, санаачилгатай, хөдөлмөрч нь дэндсэн л гэнэ. “Үндсэн ажлынхаа зэрэгцээ төсөл санаачлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцдог. Ажлын орчноо тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь манайханд хэвшсэн ажил” гэв.  Бид БелАЗ-ын гарааж дахь Эрчмийнхний ажлын байрыг сонирхлоо. Энд угаас гарааж бус “Аптек” гэмээр цэвэрхэн, урлаг, спортын танхим мэт цэлгэр. Хэзээ ч ороод очиход бүртийх төдий ч тоос шороо, тос маслыг эндээс олж харахгүй. Эднийхний санаачилж, байгуулсан Ус хөргөх зориулалттай усан сан цэмцийнэ. Том ёмкост ашиглан хийсэн энэ сангийн эргэн тойрны бүх зүйл эмх цэгцтэй, цайвар цэнхэр өнгөөр будсан бетонон шал шил толь мэт. Түүн дээр усны дусал ч алга.  Танай үйлчлэгч их ажилсаг, нямбай хүн бололтой гэхэд: “Манайд орон тооны үйлчлэгч үгүй. Ажлаа хийчхээд ажлын байрыг цэгцэлж, цэвэрлэх нь манайхны сурсан зан” гэв.  Багаж олгодог, бас чөлөөт цагаа өнгөрөөх багахан өрөөгөөр орлоо. Тэнд байх бүхий л зүйлийг тэд өөрсдөө бүтээжээ. Диван, сандал, ширээ, бас багажийн шкафыг хаягдал поошик ашиглан хийсэн байна. Багажийн шкаф дотроо эргэдэг тавиур өлгүүртэй. Энд багаж бүр өөрийн байртай, эмх цэгцтэй.  Хэн, хэзээ, хэдэн ширхэг ямар түлхүүр авсныг тэмдэглэх дэвтэр ч үүн дотор байх. Энэ шкаф их эрэлттэй, үзэсгэлэн худалдааны үеэр үүнийг захиалж авдаг хэрэглэгч олон гэнэ. 
 
 
 
 
Энэ гараажид цахилгаан хуваарилах дэд станц байрладаг. Түүнд төмөр сараалжин хашаа хийж, тэмдэг, тэмдэглэгээ, зураг плакат байрлуулсан нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, өнгөлөг гоёмсог болжээ. Цехийн хэмжээнд   таван дэд станц байдаг бөгөөд бүгдийг нь ийм болгосон гэсэн. Ажлын байраа танилцуулж явахдаа А.Батдорж ажил хуваарилах өрөөг хамт олныхоо хандиваар тохижуулж байгаагаа ярьсан. Тансаг сайхан өрөөтэй болно оо, бид. Тохижуулж дуусахаар нь ирж үзээрэй. Ажилчид маань наръядаа аваад ажилд гарахдаа сэтгэл тэнүүн сайхан байх болно. Энэ ч ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө гэв. 
 
 
Бүтээмжийн менежер Ж.ПҮРЭВСҮРЭН: “Манай тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж их санаачилгатай, бүтээлч хүн. Шинэ зүйл санаачлах үйлст хамт олноо үлгэрлэн дагуулж, залуусыг хөгжиж, шинээр сэтгэхэд сэдэлжүүлэн ажилладаг. Эдний ажлын байр үлгэр жишээ, санаачилсан бүхэн нь үр ашигтай байдаг. Ноднин хийн компрессорыг Ил уурхайтай ойролцоо суурилуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн нь зардал хэмнэсэн сайхан ажил болсон” гэсэн юм. Бид Ил уурхай дахь БелАЗ-ын зогсоол дээр байрлах компрессорыг үзлээ. БелАЗ-ын гарааж дээр өндөр хүчин чадалтай хийн компрессор суурилуулж, хуучныг нь энд байрлуулжээ. Ингэснээр БелАЗ-ын дугуй хийлэх зайг ойртуулж, хэмнэлт гаргах үндэс болсон байна.  БелАЗ-ын нэг дугуй дунджаар 64,9сая төгрөг байдаг. Түүний зургаан дугуйг жигд хийтэй ажиллуулснаар даац хэвийн, эд ангид эвдрэл бага байж, ажлын бүтээмж дээшилж, эдийн засагт хэмнэлт гардаг аж. Компрессорыг Ил уурхайд ойртуулснаар дугуйн хийг нэмэх, шалгах тоо жилийн хугацаанд 120-оор нэмэгджээ. Энэ нь жолооч нар дугуйндаа хяналт сайн тавьж байгааг харуулж буй аж. Дугуй хийлэхээр БелАЗ-ын гарааж руу очиход 4, км, харин эндээс 2 км.  Хүдэр тээвэрлэдэг 30 БелАЗ жилийн турш 8269 км сул явалт хэмнэсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 102, сая төгрөгийн дизель түлш, тос тосолгооны материал, авто дугуйн элэгдлийн зардлын бодит хэмнэлт гарчээ. Энэ төсөл зардлаа хасаад 95,2сая төгрөгийн үр ашигтай болсон гэж эдийн засагчид тооцжээ. А.Батдорж энэ төслөө улам сайжруулан төгс болгох зорилттой байгаагаа ярьсан. Эдний албаныхан Ил уурхай дээр зөөврийн ШТС барьсан бөгөөд үүнийхээ дэргэд компрессор байрлуулах гэнэ. Ингэснээр жолооч шатахуунаа авах хооронд дугуйн хийгээ шалгах, нэмэх боломж бүрдсэнээр илүү ихийг хэмнэнэ гэж үзжээ. 
 
Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж буй энэ үед та бүхэн ямар хэмнэлт гаргах вэ? гэсэн асуултад тэр: “Гадна температур дулаарч буйг ашиглан хүн ажилладаггүй хэсэг, тухайлбал, гараажуудынхаа дулааныг 4-р сарын нэгнээс хэсэгчлэн хааж эхэллээ. Ингэснээр дулааны зардлыг 30 орчим хувиар хэмнэх тооцоо гарч байгаа” гэв. 
Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагч А.Батдорж эрчим хүчний хэрэглээнд байнга хяналт тавьж, дүгнэлт хийж,  уур, ус, цахилгаан, дулааныг үр өгөөжтэй ашиглаж, хэмнэх боломжийг эрэлхийлэн, ажлын байрыг тав тухтай байлгахын  төлөө  оюунаа чилээж  явна.  
 
 
 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог