Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 02 7-р сар 2020

-“Ковид-19” цар тахлын дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байгаа талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч-Ерөнхий эмч  Ж.Ганчимэгээс тодрууллаа.

     Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлийн ажлууд тасралтгүй явж байна. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, цэрэг цагдаагийн хамгаалалт, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудал Эрдэнэт үйлдвэрийн хувьд хэвийн явагдаж байна. Ард иргэдийн тухайд юманд хандах хандлага суларсан харагдаж байгаа. Тэгэхээр маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлж хэвших хэрэгтэй. Үйлчлүүлэгчид маскаа тогтмол зүүж хэвшмээр байна. Мөн үр хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахдаа маск хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний амьдралын зөв дадал хэвшилтэй холбоотой асуудлуудад анхаарах ёстой.

-Танай цогцолборын тухайд кронавирусээс урьдчилан сэргийлэх өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?    

     Манай цогцолборын амбулаторийн тусламж үйлчилгээ хэвийн явж байна. Хүн хоорондын зай барих зарчмыг барьж ажиллаж байна. Зайлшгүй эмч, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг бид хүлээн авч байгаа. Тодорхой хэмжээний хөдөлгөөний хязгаарлалт хийх ажлын хүрээнд иргэдэд утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэдэд утсаар зөвлөгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Нөгөө талаар эмнэлгийн ажиллагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах ёстой. Энэ ажлын хүрээнд ажлын байранд нь мэдлэг олгох, мэргэжлийн сургалтыг цахим хэлбэрээр явуулж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт явагдлаа. Тухайлбал, сорьцыг хэрхэн зөв авах, хамгаалах хувцсыг хэрхэн зөв өмсөх гэх мэт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвар хамгааллаас сэргийлэх сургалт болсон. Өөрөөр хэлбэл хамгаалах хэрэгслийг зөв өмсөж, зөв тайлах маш чухал. Эдгээр үйлдлийг бид өдөр бүр тасралтгүй зөв хийж хэвшсэнээр амьдрал дээр эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө болон иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаална. Түүнчлэн тусгаарлах байранд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтнуудад хоёр долоо хоногт нэг удаа дадлага сургалтууд хийж байна. Ингэж хүн хүчнийхээ нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Хоол үйлдвэр үйлчилгээний ажилтнуудыг биеийнхээ халууныг  хэмжиж сургахад бэлтгэсэн. Өглөө бүр ажиллагчдын автобусанд биеийн халууны хэмжилт хийж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатны мэдлэг олгох зорилгоор эмнэлгийн ажилтнуудаа сургалтад бүрэн хамруулж дадлагажуулсан. Ер нь үйлдвэрийн бүтцийн нэгжүүд ажиллагчдынхаа биеийн халуун хэмжилтийг өөрсдөө үздэг болсон. Үүнийг орчин цагийн эмнэлгийн хэллэгээр нийтийн эрүүл мэнд гэж тодорхойлдог. Энэ нь хувь хүн өөрийнхөө биеийн халууныг хэмжиж сурсан байх жишээтэй. Тэгэхээр ард иргэд хувийнхаа хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Бид энгийн зөвлөмжүүдийг хүмүүст тогтмол өгч байна. Тухайлбал, хувь хүн өөртөө хяналт тавьж сурснаар эрүүл мэнддээ анхаарч, амьдралын зөв дадал хэвшилтэй болно.

-Тэгвэл иргэд ахуйн хүрээнд юу анхаарах ёстой вэ?

     Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, цонхоо онгойлгож тогтмол агаарын солилцоо явуулж хэвших хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд ахуйн хэрэглээндээ аяга, халбагаа солихгүй байх талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Мөн гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, ханиаж найтаахдаа эмнэлгийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулъя. Энэ бүхэнд анхаарахгүй нь хүмүүсийн амьдралын хэв маягаас харагдаж байна. Удахгүй үндэсний их баяр наадам болно.Тэгэхээр иргэд шаардлагагүй тохиолдолд олон хүний дунд орж явахгүй байх талаар анхаарах ёстой. Манай оронд коронавирусын тархалт зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэднэ. Дотооддоо алдаагүй байна гэсэн хэнэггүй зангаасаа эрсдэлд өртөж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сүүлийн үед энэ өвчин шинж тэмдэггүй илрэх тохиолдол эрсдэл дагуулж байна. Манай оронд өвчний тархалт харьцангуй хөнгөн хэлбэртэй байгаа учраас богино хугацаанд эмчлэгдэж байна. Улсын онцгой комиссоос өгч буй чиглэлийн дагуу Алтанбулагийн хилээр орж ирэх хүмүүсийг энэ сарын 6-7-ны өдрүүдэд хүлээн авна. Эрдэнэтэд 100-150 хүнийг ажиглалтын байруудад хүлээн авах чиглэл өгсөн. Манай цогцолбор ажиглалтын байрныхаа бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Баярлалаа.

                                                                                                                               Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

 
 
Бүлэг Ярилцлага

     Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхлээд 48 цаг үргэлжлэх юм. УИХ-ын сонгуультай холбоотойгоор хугацаа нь ийнхүү хойшилжээ. Бүрэн зогсолтын үеийн их засварын гол ачааг нуруундаа үүрдэг Засвар угсралтын цехийнхэн “их зогсолт”-д бэлтгэх тусгай төлөвлөгөө гарган 30 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Тэд ирэх сарын 20-ноос өмнө бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой бөгөөд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн угсралт тохируулгын томоохон ажлууд давхар үргэлжилсээр байна. Тухайлбал, саяхан тус цехийнхэн Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин угсарч дуусжээ. Мөн Хаягдлын аж ахуйн шугам дээр засвар хийж, 126 метр 1200-гийн ган хоолой сольж байна. Засвар угсралтын цехийн хамт олон Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийн шинэчлэлийн бүх тоног төхөөрөмжийн угсралтыг бие даан гүйцэтгэснээр оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө 106 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа.

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

 

Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн дэвшилтэт индукцийн технологи нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн амжилттай ажиллажээ. Энэхүү ажлын  гүйцэтгэгч  хамт олны төлөөлөл Цахилгаан автоматжуулалтын инженер М.Оч-Эрдэнэ, программ хангамжийн инженер Б.Жарканбек нартай уулзаж ярилцлаа.

-Энэ ажлыг танай хэсгийнхэн хийх болсон шалтгаан юу байв?

-М.О: Хоёр цехийн хамтын ажиллагааны хүрээнд бид энэ ажлыг гүйцэтгэсэн. Манай хэсгийнхэн Ган бөөрөнцгийн цехэд техникийн үйлчилгээ хийдэг. Энэ явцад  ган бөөрөнцөг цувих үйл явцыг түргэсгэх, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор автоматжуулалтыг илүү сайжруулах шаардлага тулгарсан. Ингээд бид уг цехийн зогсолтын үеэр  шинэ технологит нь  нийцүүлэн  төсөл  зохиож, тоног төхөөрөмжийн удирдлага, хяналтыг хялбаршуулсан. Үүнийг  S7-300  контролёр ашиглан  Монгол инженерийн шийдлээр хийсэн. 

-Энэ хүрээнд ямар ажил хийсэн бэ?

-Б.Ж: Ган бөөрөнцөг үйлдвэрлэх шугамын гол тоног төхөөрөмжүүдийн хурдыг удирдах, залгах, салгах тохиргоог схемийн энгийн шийдлээр  хийсэн.

-Энэ ажлын онцлог, үр дүнгийн талаар юу хэлэх вэ?

-М.О: Зөвхөн хувиргагч, контролёр, дэлгэцээс хянадаг байсан бол гурвууланг нь нэг цогц систем  болгосон. Энэ ажлыг хоёр сар гаруйн өмнө хийсэн. Одоогийн байдлаар найдвартай сайн ажиллаж байна. Бид тоног төхөөрөмж зогсох болгонд дуудагдан ажилладаг байсан. Энд ажиллаж буй хүмүүс ч  сайжруулалтад сэтгэл ханамжтай байгаа.

-Б.Ж:  Тус  цехийн  80, 100-ийн голчтой бөөрөнцөг цувих  дамжуургуудын хурд,  амраах зуухны температур нь өөр өөр байдаг. Энэ бүгдийг нэг дэлгэцээс тохируулж, хянах боломжтой болсноороо давуу талтай.

-Та бүхний хийсэн сайжруулалтын  ач холбогдол юу вэ?

-М.О: Давтамж хувиргагч тавьснаар эргэлдэгч тоног төхөөрөмжийн хурдыг технологитоо тохируулан хүссэнээрээ өөрчлөх боломжтой.  Хувиргагч техник нь зөөлөн асаах горимтой. Хурдыг эргэлдэх тоног төхөөрөмждөө тохируулан багасгаснаар цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Хяналт, удирдлагыг нэгтгэснээр хөдөлмөр хөнгөвчилнө. 

-Б.Ж: Манай хэсгийнхэн төсөл зохиож, угсарч,  програмчлан, давтамж хувиргагч дээр тохиргоог цогцоор нь хийлээ. Гаднаас тоног төхөөрөмж авч, мэргэжилтнээр хийлгэсэн бол  250 орчим мянган  ам.доллар болох байлаа. Үүнийг  дотоод нөөц бололцоогоо дайчлан  S7-300 контролёр ашиглан, үндэсний инженерүүд   хийснээр төдий хэмжээний зардал хэмнэлээ.

-Удирдлага хяналтыг цогц системд оруулсан ийм  ажил өмнө нь хийж байсан уу?

-М.О: Манайх  Simens фирмийн S7 төрлийн контролёрууд дээр автоматжуулалтын ажил дагнан хийдэг. Бидэнд ажлын туршлага  хангалттай бий. Хувиргагч, контролёр, дэлгэцийг цогцоор нь нэг системд оруулсан ийм ажил манайд ховор хийгддэг. Контролёроо хувиргах техниктэй хослуулан уялдуулсан нь  залуу инженерүүдэд  туршлага болохуйц үр өгөөжтэй  ажил болсон  гэж бид үзэж байгаа.

-Энэ ажлыг хэр  хугацаанд хэдэн хүний  хүчээр гүйцэтгэв?

-М.О: Нэг сарын турш 10 гаруй хүн оролцож ажиллалаа.  Шкафны материалын бэлдэц, суурилуулалт,  угсралт, схем боловсруулалт, програмчлал зэрэгт хүмүүсээ  хуваарилан ажилласан.  Эхлээд бид ажлын байрандаа угсарч, зарим нэг туршилт хийсэн. Хөдөлгүүрийн хурд, ажиллагааны горим, түүнчлэн  технологийн процессыг судалсны үндсэн дээр  үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр суурилуулсан. 

-Энэхүү автоматжуулалтын ажил гүйцэд  болсон уу?

-М.О: Энэ цехийн ажилтнуудын санал, хүсэлт дээр үндэслэн  нэмж сайжруулах зүйл гарч байна. Тухайлбал өдөрт гаргаж буй бэлдцийн тоолуур тавих. Мөн хөргөлтийн усны сэнсний хурдыг тохируулах нэмэлт ажил байна. Усаа хөргөөд, буцаан ашигладаг технологитой. Энд  хувиргагч тавьснаар цахилгаан эрчим хүч хэмнэх юм. Энэ мэтчилэн сайжруулах санал гарч байна. Бид энэхүү ажлыг өөрсдөө хийсэн болохоор цаг алдахгүй илүү автоматжуулж,  найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэн.    

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай уялдан, та бүхэн  байнга шинэ технологит суралцах хэрэгцээ гардаг байх. Сургалтад хэр хамрагддаг вэ?

- М.О: Биднийг сургах тал дээр удирдлагын зүгээс маш их анхаардаг. Жил бүр манайхнаас гадагшаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Өнгөрсөн жил  бид хоёр Новосибирск хотод удирдлагын системийн автоматжуулалтын 21 хоногийн сургалтад хамрагдсан. Бид шинэ тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програмчлалыг бие даан хийхийг эрмэлзэж байгаа. Схем зургийн хувьд ч судлах зүйл их бий.   

- Б.Ж: Би программ хангамжийн инженер. Манай хэсэг хувиргах техник, цахилгаан, электроник зэрэг олон салбарыг хослуулан ажилладаг. Ийм болохоор сонирхолтой энэ ажлаасаа би олон зүйлийг суралцдаг.

 

Энэчлэн Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн оюунлаг залуус автоматжуулалтын  томоохон  ажлыг өөрсдөө бие даан гүйцэтгэсээр байна. Тухайлбал:  Хаягдлын аж ахуйн булинга шахах дөрөвдүгээр насосны өндөр хүчдэлийн давтамжийн хувиргагчийн суурилуулалт, тохируулга, угсралтыг энэ хавар хийжээ. Цар тахлын улмаас ирж амжаагүй Германы мэргэжилтнүүдийн хийхээр төлөвлөсөн энэ ажлыг тэд чанарын өндөр түвшинд хийж, хүлээлгэн өгчээ. Ийнхүү Монгол инженерийн мэдлэг шингэсэн олон шийдэл оновчтой байж, Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.  

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн инженер, техникийн ажиллагчдын дунд зарласан “Эрчим хүч -Математик загварчлал” сэдэвт уралдааны дүн гарлаа.Тус уралдаанд үйлдвэрийн цех, нэгжүүдээс 18 бүтээл ирсэн бөгөөд тэргүүн байрт Ус хангамжийн цехийн хэсгийн дарга П.Гансүх ахлагчтай “Ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох нь” сэдэвт төсөл шалгарчээ. Дэд байрыг В.Анхбаяр ахлагчтай “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал”, гутгаар байрыг Б.Батдорж ахлагчтай “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци” сэдэвт төслүүд эзлэв. Шагналт байранд Х.Долгормаа ахлагчтай “Pmax чадлын хяналт, динамик загварчлал”, Д.Буяндэлгэр ахлагчтай “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, П.Гансүх ахлагчтай “Тоног төхөөрөмжийн ашиглалт загвар үйлчилгээний бүртгэлийн программ боловсруулах нь” сэдэвт төслүүд тус тус шалгарсан байна. Эдгээр шалгарсан бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвөөс үзүүлэх аж. Энэхүү уралдааны зорилго нь цех, нэгжүүдэд шинээр нэвтрүүлж буй техник технологи, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлах, техникийн болон шинжлэх ухааны онолын мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч шинийг илэрхийлэгч залуу инженер техникийн ажилтнуудыг урамшуулахад чиглэгджээ.

                                                                                                                    Т.БАТЧУЛУУН

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог