Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 06 5-р сар 2020

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан ХБНГУ болон БНХАУ-ын Засгийн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй дахь  үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж эхэлжээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарч буй хаягдал материалыг дахин ашиглах, боловсруулах технологи нэвтрүүлэх зорилт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 1.6 сая юанийн санхүүжилтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” төсөл хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, цагаан шороо буюу хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсийг ашиглан барилгын материал үйлдвэрлэж болох эсэхийг тодорхойлно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах” зорилготой төслийг Герман улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын 1.8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төсөл өнөөдрийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дээрх төслүүд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Коронавирусын тархалтын улмаас зарим ажлууд тодорхой хугацаагаар хойшилсон ч судалгааны ажлын гол тайлан, дүгнэлтээ ирэх онд багтаахаар зорьж буйг  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян, төслийн багийнхан онцоллоо. Судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судалгааны багийнхнаас гадна үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд хамтарч байгаа аж.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн  төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаанд үйлдвэрийн удирдлагууд болон цех, нэгжийн дарга нар оролцож, агуулахад буй нөөцийн бараа материалыг  үзэж, цаашдын арга замын талаар ярилцахын зэрэгцээ Тээвэр ложистикийн төвд хийгдсэн техник технологийн шинэчлэл, засвар өргөтгөлийн ажилтай танилцав. Тус төвд замын арчилгаа, засварын ажилд шаардлагатай төмөр бетон дэр зөөвөрлөх зориулалт бүхий Б95 маркийн олон үйлдэлт, орчин үеийн загварын шинэ техник авчээ. Мөн ажилчдынхаа цайны газрыг өргөтгөн, тохижуулснаар цехийн 200 орчим ажилчнаа халуун хоолоор хангах боломж бүрджээ.

Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж жилээс жилд шинэчлэгдэж, технологи сайжрахын хэрээр агуулахад байх зохистой нөөцийн материал хоцрогдох тал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор агуулахын үлдэгдлийг багасгах, нөөцөд буй бараа материалыг ашиглаж, эргэлтэд оруулах  зорилгоор агуулахын материал сэлбэг хэрэгслийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Өнөөдрийн байдлаар, агуулахад нийт 3678 нэр төрлийн бараа материал, эргэлтийн эд хөрөнгө хадгалагдаж байна. Нөөцийн материалыг эргэлтэд оруулж, ялангуяа гурваас дээш жил хадгалагдсан бараа материалыг танилцуулж, дөрвөн цехэд шууд олголт хийлээ. Бараа материалын нэр хаягийг цаасан дээрээс харах нэг өөр, биечлэн үзэж танилцах нь илүү давуу талтай. Өмнөх жилүүдэд бид цехүүдийн  хэрэгтэй, авна гэсэн бараа материалыг  дараа нь олгохоор үлдээдэг байсан бол одоо шууд газар дээр нь олгож, бичилт хийж байгаагаар энэ удаагийн нээлттэй өдөрлөг онцлогтой” гэж Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар ярилаа.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Лхагва, 06 5-р сар 2020 00:00

Өнөөдөр - 05 дүгээр сарын 06

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 127 дахь өдөр. Он дуусахад 238 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +9 градус, шөнөдөө +6 градус дулаан, бхага зэргийн бороотой салхины хурд 6-8 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 06.Сугар гараг. Билгийн тооллын 14.Шарагчин тахиа өдөр.Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20цаг 12минутад жаргана. Энэ өдөр үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Мал худалдах, хот балгадын үйл, замд явах, эрхшээх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу болой.Өдрийн сайн цагнь туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40)болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5111 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2789, евро 3050, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2,2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1976 оны дугаар сар

  • Гэр хороололд телефон утас тавих, радиожуулах шугамын трассыг тогтоожээ. Эрдэнэ хотод байгаль орчныг хамгаалах сарын аян явагдав.
  • БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийн барилга, объектыг барьж дуусгахад зориулан 210 сая рублийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээр байгуулагдав.

1977 оны 5 дугаар сар

  • “Зөвлөлтийн барилгын байгууллагад Монгол ажилчдыг ажиллуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 137 дугаар тогтоол гарчээ.
  • ЗХУКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч О.А.Чуканов тэргүүтэй ЗХУКН-ын төлөөлөгчид Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог