Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 09 3-р сар 2020
 
Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт шохойн бэлтгэлийг сайжруулах зорилгоор МШЦ-1,5х5,6 маркийн тээрмийг, мушгиа ангилагчтай МШР тээрмээр сольж суурилуулах ажил явагдаж байна. Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийгдсэнээр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрсэн. Үүнтэй уялдуулан шохойн сүү бэлтгэх үйл  ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага гарсан байна. Энэ ажлын хүрээнд хуучин тээрмийг мушгиа ангилагчтай ган бөөрөнцөгт хүрдэт тээрмээр сольсноор хүчин чадал нь 6 тн/цаг хүртэл нэмэгдэнэ. Одоогоор төлөвлөгөөний дагуу тээрмийн суурийн ажлыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Шинэ бөмбөлөгт тээрэм ашиглалтад орсноор шохойн нунтаглалт сайжирч, хаягдал багасан, металл авалт нэмэгдэнэ. Шохойн сүүг хэдий хэмжээнд сайн бэлтгэнэ, төдий чинээгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд шинэ тээрэм дөрвөн сард ашиглалтад орох юм. Шинээр суурилуулсан тээрмийн хурдан элэгддэг эд анги, деталийг  Засвар, механикийн заводод үйлдвэрлэн хэрэглэх боломжтой аж. 
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 45-н жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжилсэн, 2018 оноос 3 дахь шатны магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлыг хангаж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах комисс байгуулж, БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган, гэрээ байгуулан ажилласан. Өнгөрсөн оны 6 дугаар сард “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сүүлийн 10 жилийн ажлын тайланг Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгсөн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д хүргүүлж, 2019 оны 10 сарын 16-18-ны өдрүүдэд БМИҮЗ-ийн шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ажиллан, магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдсан байна.   
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгч, оюутнууд болон үргэлж дэмжиж ажилладаг үүсгэн байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захиргаа
 
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм үргэлжилж буй энэ цаг үед дэлхий нийтэд шинэ төрлийн корона вирус тархаж, үүнээс сэргийлэх үүднээс үйлдвэрийн газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал давхар зарлалаа. Энэ үеэр үйлдвэрлэл хэрхэн явагдаж буй талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулсан юм.
 
-Бид онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт давхар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид үйл ажиллагааны горимоо чанд баримталж, хөдөлмөрийн сахилга баттай, үнэхээр сайн ажилладаг эсэхээ шалгууллаа. Өнөөдөр үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг гэдгээ бид баталлаа. Болгоомжилж буй нэг асуудал бий. Хэрэв хил удаан хугацаагаар хаавал, Хятадын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байвал үндсэн тоног төхөөрөмж, технологийн материалын нөөцийн хомсдолд орно. Одоо бид аваарын нөөцөөрөө үйлдвэрлэлийг хэвийн явуулж байна. Үйлдвэрлэл буурсангүй, цар хүрээ багассангүй. Харин ч илүү эрчтэй, нягт ажиллаж байна.
-Үйлдвэрлэлд өдөр тутам хэчнээн нэр төрлийн материал хэрэглэдэг вэ? 
-Манайх үйлдвэрлэлийн технологидоо 115 нэр төрлийн материалыг өдөр тутам талх шиг хэрэглэдэг. Үүний 41 нь Хятадын үйлдвэрийнх. Өвчний голомтын бүсэд байгаа үйлдвэрүүдийг зогсооход манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг 41 үйлдвэр зогссон. Одоо БНХАУ үйлдвэрүүдээ эхнээс нь ажилд оруулж байна. Өчигдөр гэхэд 30 хувийг нь залгалаа гэж мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэр аваарын нөөцөө цаг тухайд нь бүрдүүлэн тогтмол барьж явсны үр дүнд үйлдвэрлэл зогсохгүй, хэвийн ажиллаж байна.    
-Экспорт хэвийн үү? 
-Хэвийн. Хоногт 27-28 вагон буюу 1500-1600 тонн баяжмал экспортод гаргаж байгаа. Бид 0-5 насны хүүхэдтэй 180 гаруй эхийг ажлаас нь цалинтай чөлөөллөө. Дээрээс нь, хөл хорионд 200-аад ажилтан орлоо. Гэсэн ч үйлдвэр зогсоогүй. 
-Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжилж байна уу? 
-Тэгэлгүй яахав. Одоо төв корпусын 4-р тээрмийг сольж байна. Бутлан тээвэрлэх хэсгийн хуучин бутлуурыг METSO фирмийн МР-800 бутлуураар сольж байна. Урвалжийн хэсэгт шохойн тээрэм солих ажил үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цех индукцын шинэ технологиор шаар үйлдвэрлэн жигдрэх шатандаа явна. Засвар механикийн заводад өргөтгөл шинэчлэл үргэлжилж байна. Бүх шинэ тоног төхөөрөмж ирээд угсралтын ажлуудыг цагаан сарын баярын өдрүүдээр хийгээд дуусчихлаа. Цахилгааны монтаж хийн, кабелиудыг татчихлаа. Удахгүй, Германаас мэргэжилтнүүд ирж, цахилгаан схемүүдээ холбоно. Ил уурхайд шинээр ирсэн СБШ-250 маркийн өрмийн машиныг угсраад, залгаад ажилд гаргачихлаа. Төв корпуст нэг гүүрэн кран сольж ашиглалтад оруулсан. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа сайжирч, насжилтыг залуужуулж байна. 
-Баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
 

 

Бүлэг Ярилцлага
 
“Мартын 8”-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсүйчүүдийн төлөөлөл болгон Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч, Алдарт эх Цогбадрахын Гэрэлмаатай ярилцсанаа хүргэе. 
-Юуны өмнө танд “Мартын 8”-ны баярын мэнд хүргэе. 
-Баярлалаа. Танд бас баярын мэнд хүргэе.
-Та эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Гурван охинтой айлын ууган нь. Миний аав Эрдэнэт үйлдвэрт 39 жил ажилласан баяжуулагч хүн. Би аавынхаа мэргэжлийг өвлөн 2003 онд  Дарханы Техникийн их сургуулийг баяжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. 
-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон түүхээсээ яривал...?
-Их сургуулийн сүүлийн хоёр жил онц дүнтэй суралцсан. Би Эрдэнэт үйлдвэртэй, төгсөөд ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийг ч үйлдвэр  төлсөн.  Ирэхэд удирдлага солигдсон, гэрээ ч хэрэгсэхгүй болсон. Өргөдлөө өгчихөөд хүлээлээ. 2009 онд Үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс шалгалтад ор гэж дуудав. Шалгалт өгсөн 30 хүнээс  эхний зургааг нь ажилд авахад  би багтсан. Бөөн баяр. Ингэж  л 2010 онд энэ сайхан үйлдвэрийнхээ өндөр босгоор алхаж, конвейрын машинчаар ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Хэзээ баяжуулагч болов?    
-Конвейрын машинчаар долоон жил ажилласан. Төв корпуст баяжуулагчийн орон тоо гарах сургаар Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай уулзахад уриалгахнаар “Тэгэлгүй яахав, баяжуулагч мэргэжилтэй, бас ч ажилдаа махрууг тань мэднэ. Би  дэмжинэ ээ” гэсэн. Тухайн үед хэсгийн дарга байсан М.Отгон “Их сайн хүнд шавь оруулж, чадварлаг баяжуулагч болгоно оо” гэсээр намайг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Л.Хонгорзулыг дагалдуулсан юм. Ингэж л хамт олон удирдлагууд их сайхан угтаж авсан. Металлаа   сайн авахын төлөө оюун ухаанаа уралдуулдаг, мэдрэмж шаардсан энэ сайхан мэргэжлээ сайн эзэмшихээр  хичээж, багшаасаа,  хамт олноосоо суралцсаар л явна.
-Эрчүүдтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэлийн цөмд ажиллаж, гол ажлыг нугалалцаж яваа та бүхэн   бахархмаар үйлстнүүд. Эрдэнэт үйлдвэр эмэгтэй ажилчдадаа хэр ээлтэй вэ?
-Баярлалаа. Эрдэнэт үйлдвэр шиг, эмэгтэй ажилчдадаа халамж анхаарал үзүүлдэг газар үгүй. Бид хүүхдээ төрүүлээд суухдаа ч төсвийнхний цалингаас дутахгүй тэтгэмж авдаг. Саяхан л гэхэд ханиад томууны дэгдэлт, корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олголоо. Цэцэрлэг, сургууль түр зогссон энэ үед  бидэнд мөн ч тустай ажиллагаа боллоо. Эхчүүд бид их баяртай байгаа.  Үйлдвэрлэлээ сайн явуулахын зэрэгцээ, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхэд, гэр бүлд чиглэсэн оновчтой бодлого явуулдаг Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагаар бахархдаг. 
-Бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг өдөр боллоо. Хамгийн мартагдашгүй “Март”-ынхаа дурсамжийг хуваалцаач?
-Март болгоноор л хань,  үр хүүхэд,  хамт олон маань гэнэтийн бэлэг барьдаг. Их сайхан байдаг даа. Ноднин жил миний охин сургуулиасаа зарласан Ээжийн тухай зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн.  Хайр шингэсэн  сайхан мөрүүдийг нь уншаад, сэтгэл догдлон  баярын нулимс мэлмэрүүлсэн дээ. Энэ надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. 
-Та өнөр сайхан гэр бүлээ танилцуулаач? 
-Миний ханийг С.Сүрэнрагчаа гэдэг. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Авто тээврийн байгууллагын белазын жолооч. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Охин, гурван хүүтэй. Үрс маань бие биенээ, аав, ээжийгээ хайрлаж, бусдыг өрөвдөх нинжин  сэтгэлтэй ухаалаг болон өсөж байгаад бид баярладаг. Бие биеэсээ жаахан холдоход л санан үгүйлдэг  халуун ам бүл дээ манайх. 
-Хүүхэд ямар хүн болох нь гэр бүлийн хүмүүжлээс  эхтэй. Тэгэхлээр та хоёр зөв төлөвшилтэй  учраас үрс нь “зөв” байгаа. Хоёулаа үйлдвэрт, ээлжинд ажилладаг болохоор түвэгтэй үе гарах уу?
-Хүүхэд бага байхад жаахан хэцүү байсан. Одоо охин маань 8-р анги, бага хүү  дөрвөн настай. Охин маань тусад орж, дүү нараа “командална”. Дүү нар эгчийнхээ үгэнд сайн орно. Ийм болохоор санаа зовох зүйл багасаж байгаа. Манай нөхөр Хархорины шашны сургууль төгссөн. Их нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй. Бид нэг ээлжинд гарч, ажлаас бууж ирэхэд “Чи минь унтаж амар. Би хүүхдүүдээ зохицуулъя” гэнэ. Ээлж зөрөх үед бид хүүхдүүддээ: “Чимээгүй байж, аавыгаа, ээжийгээ сайхан  амраагаарай” гэж захина. Хүүхдүүд маань ч бидний амрахад саад болохгүйг хичээнэ. Ингэж л бие биенээ хайрладаг юм. 
-Таны бахархал юу вэ?
-Би сайхан гэр бүлээрээ, аав, ээжээрээ, энэ сайхан үйлдвэрээрээ бахархдаг. Бид бор уулынхаа буяныг хүртэж яваа амны хишигтэй хүмүүс. Анх гэр хороололд амьдралаа эхлүүлж байсан бид, хоёр өрөө байранд орж, дараа нь байраа томруулан гурван өрөөнд тухтай сайхан амьдарч явна. Манай хүн ч сүсэг бишрэл ихтэй. Би ч бас цай, сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөж сүсэглэдэг.  
-Та сониноор дамжуулан юу хэлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэрийнхээ баялаг бүтээгч бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.  
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог