Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019
   Орон нутагт анх удаа зохион байгуулж буй бүртгэл санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2019” сургалт, зөвлөгөөнд Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг төлөөлсөн 400 гаруй салбарын мэргэжилтэн оролцож байна. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ММНБИ хамтран зохион байгуулсан хойд бүсийнхний зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжилнэ. Сургалт, зөвлөгөөнийг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хойд бүсийн ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “ММНБИ нь эдийн засаг санхүүгийн удирдлагыг салбар бүрд авч яваа нягтлан бодогчдынхоо мэргэжил боловсролыг дээшлүүлэх чиглэлээр маш олон ажил хийсээр ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хойд бүсийн аймгуудын зөвлөгөөн Орхон аймагт зохиогдож байгаад Орхончууд бид талархалтай байна. Монголын нягтлан бодох бүртгэлийн сор болсон ахмад үеийнхэн, залуучууд маань туршлагаасаа солилцож, мэргэжил нэгтнүүдтэйгээ дотно танилцах нь чухал юм. Та бүхнээр дамжуулан хойд бүсийн аймгууд эрчимтэй хөгжиж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв. 
   100 гаруй мянган хүн амтай, орон нутгийн төсвийн орлогоор өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсдаа орлого төвлөрүүлэн, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж яваа аймгуудын нэг бол Орхон аймаг. Оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогыг 113.8 хувиар биелүүлж, улсын төсөвт 12.4 тэрбум төгрөг төвлөрүүлэн, 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд санхүүч, эдийн засагчдын нөр их хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрх шингэсэн байдгийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед санхүүчид цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, олон талын мэдлэг чадвар эзэмшин, цаг үетэйгээ нийцэн ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа тул “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” нэрийн дор зохиогдож байгаа энэ удаагийн уулзалт, зөвлөгөөн дээрх хэрэгцээ шаардлагатай бүрэн нийцжээ.  
   Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Улсын хэмжээнд 30 гаруй салбар, 2600 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд шинэ эриний босгон дээр Монголын бүх санхүүчдийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжихөд сургалт, арга зүйгээр ханган ажилладаг. Тус институтийн Ерөнхийлөгч Б.Түвшин хойд бүсийн чуулга уулзалтыг анх удаа орон нутагт зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтойг дурдаад зохион байгуулах ажилд санаачилга гаргасан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ММНБИ-ын Орхон салбарын хамт олонд талархал илэрхийллээ. ММНБИ-ын дэд Ерөнхийлөгч Д.Нацагдорж санхүүчдэд зориулан институтийн зүгээс 2019 онд хийж хэрэгжүүлж байгаа 14 төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүү, бүртгэлийн 200 гаруй албан хаагчтайгаас 40 орчим нь Мэргэшсэн нягтлан бодогч, 15 нь татварын мэргэшсэн зөвлөхийн хэмжээнд ур чадвараа өсгөн ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрийн хэмжээнд мэргэшсэн нягтлан бодогчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн болон улсын хэмжээнд мэргэшсэн нягтлан бодогч гэсэн нэр хүндийг өргөж явах санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадавхжуулах асуудалд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс анхаарал хандуулж, мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаар зорьж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн уулзалт, зөвлөгөөн болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа онцоллоо. Тэрээр “Мэргэшсэн нягтлан бодогч хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг овгоо болгосон мэргэжил нэгт эрхмүүд, энэ эрхэм нэрийн төлөө, энэ ачааг үүрэлцэхийн төлөө зүтгэж яваа санхүү, бүртгэлийн олон мянган ажилтны төлөөлөл болж хүрэлцэн ирсэн та бүхэндээ амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэр энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж, цаашид ММНБИ, түүний орон нутаг дахь салбар зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллах талаар төлөвлөгөө гарган, сургалт зөвлөгөөн тасралтгүй явуулах болно” гэдгээ хэллээ. 
   Уулзалт, зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, гүйцэтгэж буй үүрэг хариуцлага, Төрөөс нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлого, чиглэл, Санхүүч, нягтлан бодогч мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, Санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээний хөгжил, Ёс зүйтэй мэргэжилтэн, Танин мэдэхүйн гажуудал, татварын багц хуулийн шинэчлэлт, Санхүүгийн ажилтнуудад шаардлагатай, амжилтад хүргэх ур чадварууд сэдвээр илтгэл тавигдлаа. Маргааш буюу энэ сарын 02-ны өдөр, мэргэшсэн нягтлан бодогчид болон бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулсан салбар хуралдаанууд үргэлжилж, Дотоод хяналтын тогтолцоо, Аудитын зах зээлийн орчин үеийн чиг хандлага, Олон улсын стандартын өөрчлөлт, Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд гарч буй нийтлэг алдаа дутагдал, түүнээс сэргийлэх нь, Монгол Улсын хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээл, Банк санхүүгийн системд тулгарч буй асуудал сэдвийг онцлон мэдээлэл хүргэнэ. 
   Санхүү бүртгэлийн ажилтнууд салбар хуралдаанд сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ хөтөлбөрийн дагуу Орхон аймагтай танилцах аялал хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайг үзэж сонирхох юм. Монгол Улсын бүртгэл, санхүүгийн холбогдолтой шинэ тутам гарч байгаа мэдээ мэдээллийг хүлээн авч, хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, арга туршлагаа хуваалцах энэхүү уулзалт зөвлөгөөнийг орон нутаг, Орхон аймагт анх удаа зохион байгуулснаар хамрах хүрээ өргөжин, энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй, бусад аймгийн мөн тооны ажилтан шинэ мэдлэг мэдээллээр оюунаа тэлж байна.  
 

 
 
   
 
   
 
 
 
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 

   Өнөөдөр Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Баян-Өндөр уулан дахь мод тариалалтын ажилтай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийн  байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.   

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгаль орчныг дүйцүүлэн нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд Баян-Өндөр уулын энгэрт энэ оноос эхлэн мод тарих ажлыг зохион байгуулсан.  Тус үйлдвэрийн 8 цехийн 100 гаруй ажилтан энэ хавар, намар 1200 мод шинээр тарьж, 5.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Баян-өндөр уулын эргэн тойрныг ойжуулах, дүйцүүлэн нөхөн сэргээх бодлогын хүрээнд мод тарьж буй энэ газарт огтолсон мод, хожуул ихтэй байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ил уурхайн ажилтнууд  өөрсдийн хүчээр цэвэрлэж, бэлтгэсэн юм. Баян-Өндөр уулын энгэр орчмоос нийт 38 машин хожуул, огтолсон ачуулж, иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлсэн байна. Нөхөн сэргээлтийн ажлын талаарх мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт, дүгнэлт ирэх долоо хоногт гарах юм.

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Баян-Өндөр ууланд 140 га газарт уул уурхайн дүйцүүлэн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байна.

 

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сар бүрийн эхний өдөр өнгөрөгч сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурал зохион байгуулдаг.
   Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний арван сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн  үзүүлэлтүүдийг давуулан биелүүлэн ажиллаж байна. Тодруулбал, уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтыг 104.2 хувиар, хүдэр олборлолт 102.1 хувь, Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 102.6 хувь, исэлдсэн хүдэр олборлолтыг 109.4 хувиар давуулан биелүүлээд байна. Тайлант хугацаанд 406660 тууш метр өрөмдлөгийн ажил хийж 103.6 хувиар төлөвлөгөөгөө биелүүллээ.
   2019 оны 10-р сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээс дурдвал уулын цул гаргалт 101.8 хувь, хөрс хуулалт 101.3 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.1 хувиар биелүүлээд байна. Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 100.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолт 114.7 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 100.6 хувь, молибденоор 113.2 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 100.4 хувь, молибденоор 116.9 хувиар тус тус биелүүлжээ.
   Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний арван  сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-108.5 хувиар биелүүлэн ажиллаж байна. Төлөвлөх зардлаа хэмнэж, оны эхний есөн сарын байдлаар Улс, орон нутгийн төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна. 
 
                                                                                           А.Бямбамаа
 

   Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаанболох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо. Залуу инженерүүд уул уурхайн өнөөгийн чиг хандлага өндөр технологи, инноваци, дижитал хэлбэрт шилжин хөгжиж байгааг бодит жишээгээр онцлов. Уурхайн тэсэлгээ, тээвэр, кран, өрөмдлөг, агаарын гео маркшейдер хэмжилтүүдийг ч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан алсын зайнаас хийдэг болсон талаар тэд ярьж байна. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараатай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хариуцлагатай уул уурхай, байгальд ээлтэй, бүтээмж өндөр, аюулгүй үйл ажиллагааг эрхэлсэн, инновацид тулгуурласан хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрийн газрын үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаагаа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажиллагчдын 20 орчим хувь нь залуус, тэдний 30 хувь нь инженерүүд байгаа нь хөгжил дэвшлийн боломж юм гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цохон тэмдэглэв.

    Үндэсний чуулганы уул уурхайн салбар хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын Тэргүүн Ц.Бат-Энх Орхон аймагт ажиллаж амьдарч буй залуу инженерүүдийн дунд нийгэмд тустай, түмэн олонд хэрэгтэй, инженерийн шийдэлтэй шинэ бүтээл оновчтой саналын уралдаан зарлалаа. Эрдэнэт хотын өдрөөр буюу 12-р сарын 11-нд уралдааны ялагчийг тодруулж, 10 сая төгрөгөөр шагнахаа мэдэгдэв. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут цаг үеэ олсон энэ уралдаанаас орон нутагт хэрэгцээтэй, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, Монголын зах зээлээс гадна дэлхийд өрсөлдөх түвшний санал гарвал Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтэн жилийн орлогоор санхүүжүүлнэ хэмээн амлаж хэлэлцүүлэгт түрлэг нэмэв.

М.Одгэрэл

ФОТО: Б.Баттөгс

ХАБЭА-н хууль, дүрэм, журмыг урлагаар дамжуулан ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST” 17 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. ХАБ-ын манлайлал, ажилтны оролцоо сэдвээр хоёр үе шаттай явагдсан уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн 20 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Авто тээврийн цех шилдгээр шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, таван сая төгрөгөөр шагнуулав. Дэд байрт Дулааны цахилгаан станцын “галын бурхад” тодорч, өргөмжлөл, гурван сая төгрөг, гутгаар байрыг Цахилгаан цех эзэлж өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Харин тусгай байрт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Ил уурхайн багууд шалгарч өргөмжлөл, 800 мянган төгрөгийн урамшуулал хүртлээ.

   ХАБЭА-н хэлтэс, Соёл, урлагийн цогцолбор хамтран зохион байгуулсан “SAFETY FIRST-2019” тэмцээн нь залуу ажилчдад чиглэсэн, ХАБЭА-н дүрэм, журмын 2019 онд шинэчилсэн өөрчлөлтийг тусгасан, ХАБ-ыг монгол зан үйлтэй уялдуулснаараа онцлогтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Гала” тоглолтын үеэр шилдэг номинацийн эзэд тодорсон юм. “ХАБЭА-н шилдэг инженер”-ээр Барилга засварын цехийн С.Баярсайхан, “Шилдэг арга зүйч”-ээр Оёдлын цехийн А.Мөнхзаяа, “Шилдэг удирдлагын манлайлал” номинацийн эзнээр Цахилгаан цехийн дарга Д.Даваадорж нар шалгарч, шагнал гардлаа. Энэ удаагийн тэмцээнд 100 ажилтан оролцож, давхардсан тоогоор 5000 орчим үзэгчдэд ХАБЭА-н мэдлэг, мэдээлэл түгээсэн байна.         

  

  

  

  

  

  

  

  

  

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог