Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэгтэй уулзаж, зэсийн зах зээлийн үнэ ханш, зэсийн үнийн бууралтын талаар ярилцлаа.

   - Өнгөрсөн сард зэсийн үнэ ямар түвшинд байсан бэ?
   - 2019  оны 10-р сард Лондоны Металлын Биржийн цэвэр зэсийн үнэ дунджаар 5742,89 ам.доллар тонн байсан нь өнгөрсөн есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны эхний арван сард зэсийн үнэ дунджаар 6014 ам.доллар тонн байгаа нь 2018 оны дундаж үнэтэй харьцуулахад 513 ам.доллараар, 2019 оны төлөвлөгөөт үнээс 258 ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

   - 2019 оны үлдсэн хугацаанд буюу дөрөвдүгээр  улиралд  зэсийн үнэ ямар түвшинд байх төлөвтэй байна?
   - 2019 оны аравдугаар сард судалгааны байгууллагуудын шинэчлэн гаргасан  2019 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн төсөөлөл харилцан адилгүй  байна.
   Ихэнх томоохон судалгааны байгууллагууд 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5700-5800 ам.доллар тонн, 2019 онд 5950-6000 ам.доллар тонн байх магадлалтай гэж үзэж байна. Tухайлбал Wood Mackenzie судалгааны байгууллага 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5760 ам.доллар, 2019 онд дунджаар 5972 ам.доллар тонн байх төлөвтэй гэж судалгаандаа дурдсан бол CRU судалгааны байгууллага 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5770 ам.доллар, 2019 онд дунджаар 5980 ам.доллар тонн байна гэж судалгаандаа дурджээ. 
 

   
   - Иймээс 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өснө гэсэн хүлээлт байхгүй гэсэн үг үү?
   - Сүүлийн үеийн мэдээллээс харахад 2019 оны дөрөвдүгээр улирал болон 2020 онд зэсийн үнэ өсөх магадлал бага байна. 2019 онд дэлхийн зэсийн уул уурхайн үйлдвэрлэл 0,3  орчим хувиар буурч цэвэр зэсийн зах зээл  99  мянга орчим  тонны хомсдолтой байсан.  2020 онд зэсийн уул уурхайн үйлдвэрлэл өсөх боловч зэсийн зах зээл мөн 86 мянган тонны хомсдолтой байна гэж Олон улсын зэс судлалын Групп болон бусад судалгааны байгууллагууд мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор  зарим судлаачид зэсийн үнэ өснө гэсэн байр суурьтай байгаа. Гэвч өнгөрсөн оны нөхцөл байдлаас харахад зэсийн үнийн түвшинд зэсийн эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцэл гэх мэт суурь хүчин зүйлсээс илүү макро эдийн засгийн байдал голлон нөлөөлж байна.
   Иймээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшин сул, АНУ, Хятадын худалдааны дайны асуудал эрсдэл дагуулсан хэвээр байгаа зэргээс шалтгаалан 2020 онд зэсийн үнэ 2019 оны түвшнээс өсөх  магадлал  бага гэж судлаачид үзэж байна.
   Томоохон судалгааны байгууллагуудын 2020 оны зэсийн үнийн төсөөлөл дунджаар 5895 ам.доллар тонн байгаа. 

   - АНУ, Хятадын худалдааны дайны хэтийн төлөв ямар байна вэ? 
   - АНУ, Хятадын төлөөллүүд худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээрт энэ сард гарын үсэг зурахаар болсон тул энэ асуудал нааштай шийдэгдэх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Мөн энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сайжрах хандлага сүүлийн өдрүүдэд ажиглагдсан. Гэвч АНУ, Хятадын худалдаан дайны асуудал амархан шийдэгдэх магадлал бага ба хэтийн төлөв ямар байх, металлын зах зээлд хэрхэн нөлөөлөх тухай асуудлыг урьдчилан таамаглахад хүндрэлтэй гэж  шинжээчид дүгнэж байна.  
 
Ярилцсан А.Бямбамаа
 

 

   Өнөөдөр өглөө Эрдэнэт хотноо хүрэлцэн ирсэн, Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч баг тамирчдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох цех, нэгжийн удирдлагууд угтан авлаа. Баг тамирчдад хандан Монголын  Волейболын холбооны Үндэсний дээд лиг зохион байгуулах хорооны гишүүн, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү үг хэлж, амжилт хүссэн юм. Тэрээр “Эрхэм хүндэт үе үеийн алдар суут тамирчид, тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүд, Монголын волейболын холбооны төлөөлөгчдөдөө цэнгэг өглөөний мэндийг чин сэтгэлийн угаас хүргэе. Эрдэнэт үйлдвэр нийгмийн харилцааны чиглэлээр хүлээсэн үүргийнхээ дагуу спорт, урлагийн олон талт үйл ажиллагааг бүс нутаг, улс, Олон улсын түвшинд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалт ажлын үргэлжлэл бол та бүхний оролцохоор хүрэлцэн ирсэн Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээн юм. Эрдэнэт үйлдвэр уг тэмцээнийг Монголын Волейболын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэн, өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Тамирчид та бүхэн хурд хүч, өндөр үсрэлтийн гайхамшгийг мэдрүүлэн, ухаалаг, уран тоглолтоор үзэгчдийг баясгаж, Эрдэнэтийн волейбол сонирхогч, дэмжигчдийн сэтгэлд бахархалтайгаар үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэтийн волейбол сонирхогч хүүхэд, залуучууд уран сайхан тоглолтыг үзэж, түүнээс суралцан, өөрсдийн ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ та бүхний залгамж халаа болох олон шилдэг тамирчид төрнө гэдэгт бид итгэж байна. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдэнэт хотод тавтай морилно уу” хэмээсэн. Энэ үеэр, Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч Баатарын Цэрэндондовын ая, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргалын үг “Жигүүрт бөмбөлөг” дуугаар нийт тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү дуу нь Монголын Волейболын холбооны сүлд дуу болон эгшиглэх юм. 
 

 
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс, “Эрдэнэт Өргөө” кино театрын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 1-нээс “Миний гэр бүлд гайхамшиг үргэлжилсээр” уриатай урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уурхайчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хайр халамжаа харамгүй түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэлэг ажил эхлүүлсэн нь энэ юм. Хагас жилийн турш үргэлжлэх урамшуулалт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэхээр “Эрдэнэт Өргөө 4”-ийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 1, 2 дугаар байранд хоёр өдрийн турш ажиллалаа. Салбарын захирал Н.Дашхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм. 
 
 
   - “Эрдэнэт Өргөө 4” кино театр Эрдэнэтчүүдийн соёлын боловсролд хөрөнгө оруулалт хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Та бүхэн юуны төлөө зорьж байна вэ?
   - “Өргөө” кино театр энтертайнмент салбарт үйл ажиллагаа явуулдгийн хувьд гэр бүл рүү чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. “Эрдэнэт Өргөө 4” салбар 2017 оны 6 дугаар сарын 24-нд нээлтээ хийж, орон нутгийн иргэдэд кино урлагийн үйлчилгээг шуурхай, шинэлэг хэлбэрээр, чанартай хүргэх зорилго тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үзэгчдийн тоо бидний хүссэн хэмжээнд хүрээгүй ч хүн бүрт кино урлагийн гайхамшгийг мэдрүүлэх үндсэн бодлогоо хэрэгжүүлж байна. Үйлчлүүлэгчдийн хувьд 40-өөс дээш насныхан кино театраар үйлчлүүлэх нь харьцангуй бага байдаг тул бид байгууллага руу чиглэсэн үйлчилгээг санал болгож эхэлсэн. Өнгөрсөн зургаадугаар сараас “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Өдөрлөгт Нийгмийн даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Мобиком, Татварын хэлтсийн хамт олныг оролцуулсан. Өнөөгийн хүмүүс ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлснээр гэр бүлдээ зарцуулах цаг нь хомс болсон санагддаг. Хөгжих, баясах, хүүхдээ баярлуулах энэхүү ажил нь нийгэм рүү чиглэсэн томоохон алхам байсныг хэлэх нь зөв байх. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэстэй хамтран ажиллаж байна.
 
   - Шинэлэг ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Кино театраар үйлчлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь нэг талаар соёл юм. Бид “Кино үзээрэй” гэж хэлэхийг урьтал болгодоггүй. Харин гэр бүл, найз нөхдөөрөө кино театрт ирснээр цагаа яаж өнгөрүүлж болохыг хүмүүст таниулж ойлгуулахад чиглэдэг. Хувь хүн өөртөө, гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийж, мөнгөө зөв зүйлд зарцуулан, аз жаргалтай, сайхан амьдрах боломжийг бүрдүүлж байна. Манай кино театр дэлхийн стандартад нийцсэн барилга байгууламжтай. Энэ сарын 25-нд Дархан-Уул аймагт 8 давхар барилга бүхий “Өргөө 6” салбар нээлтээ хийхээр төлөвлөсөн.

   - Хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад ямар урамшуулал санал болгох вэ?
   - Уурхайчид шинэ тутам гарч байгаа киног хүлээн авч үздэг, чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулдаг байгаасай гэж хүсэж байна. Энэ ч утгаараа кино урлаг ямар гайхамшигтай болохыг ойлгож, дэлхий дахинд нээлтээ хийж байгаа киног тухайн цаг мөчид нь Эрдэнэтдээ нэгэн зэрэг анхны сэтгэгдлээр үзэх нь ямар торгон мөч болохыг сэтгэл зүрхээрээ мэдрэх боломжийг “Эрдэнэт Өргөө”-гийн хамт олон өгөхийг хичээдэг. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсдад манай кино театрын зүгээс 50 хувийн хөнгөлөлт санал болгосон. Урамшуулалт хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хүргэхэд үйлдвэрийн ажилтнууд таатай хандаж байна. Ажилтан бүр “Эрдэнэт Өргөө” кино театр дээр ажлын үнэмлэхтэйгээ очиж, 50 хувийн хөнгөлөлт авах боломжтой. Нэг сарын хугацаанд хүчинтэй картыг бусдад бэлэглэсэн ч болно. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрт зориулан 14 хоногт нэг удаа өглөөний 10:00-12:00 цагийн хооронд үзвэрийн заалаар үйлчилж, хурал семинар, зөвлөгөөн, чуулган зохион байгуулах боломжоор хангасан.
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтыг Орхон аймагт зохион байгуулах болсонтой холбогдуулан волейболын спортын ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн С.Алтансүх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга, Үндэсний дээд лиг зохион байгуулах хорооны гишүүн Ш.Даваахүү, Спорт цогцолборын ахлах арга зүйч А.Батмагнай нар оролцсон юм. Холбооны бүтэц, зохион байгуулалт өнгөрсөн зургаадугаар сард шинэчлэгдэж, Үндэсний дээд лигийг сэргээх, шигшээ багийг бэхжүүлэх, спорт заалтай болох гурван зорилт дэвшүүлсэн талаар холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан мэдээллээ. 60 гаруй жилийн түүхтэй Монголын Волейболын холбооны дээд лиг 1995-2012 онуудад тасралтгүй зохиогдсон бөгөөд сүүлийн 7 жил тасраад байсныг энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр сэргээж байна. Тэмцээн 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтууд 8, 9, 10-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” паласт болно. Хөдөө орон нутагт анх удаа нээлт хийх болсон нь хүүхэд, залуучуудыг их спортод татан оролцуулах, бусдаас үлгэрлэх, авьяасаа нээн хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзжээ. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр 18 цагаас, Эрдэнэт хотын төв зам дагуу, нийт баг тамирчдын баярын цуваагаар эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын Хангарьд паласт үргэлжилнэ. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Орхон аймгийн Төрийн бус байгууллагуудтай хийсэн уулзалтын дүнд “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас хэрэгжүүлэх “Эрүүл Эрдэнэт хүн” төсөл, “Эрдэнэтийн Сороптимист” ТББ-ын “Шүүдэр охидын төв”, “Хүрэхүй” төслийг дэмжин ажиллахаар боллоо. Нийгмийн харилцааны хэлтэс хэрэгцээ шаардлага, үндэслэл, хүрэх үр дүнг нягтлан үзэж, өсвөр насны хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, иргэдийн эрүүл мэндэд хүрэх үр өгөөжтэй төслүүд хэмээн сонгосон байна.  
   “Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ нь 2016 оноос ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдрын шалтгаант өвчлөлийн тархалтыг бууруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар 2018 онд “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Медипас”, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбартай санамж бичиг байгуулан ажилласан байна. 2020 онд “Эрүүл Эрдэнэт хүн” төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшилтэй болгох, үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. 
   Харин “Эрдэнэтийн Сороптимист” ТББ-ын хувьд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс өөрийгөө хамгаалах дархлаатай болгох зорилгоор “Хүрэхүй” төслийг санаачлан, хэрэгжүүлсэн байна. Хүүхэд хамгааллын сайн үйлс, охидын эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, 2017 оноос “Шүүдэр охидын төв” төслийг амжилттай хэрэгжүүлсэн уг төрийн бус байгууллагын “Хүрэхүй” төсөлд Орхон аймгийн дөрвөн сургуулийн 970 сурагч хамрагджээ. Энэ удаад Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 2300 сурагчийг хамруулах төсөл боловсруулан, 2020-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
   Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага олон ч, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгож, хойч ирээдүйнхээ төлөө санаа тавьсан дээрх төслүүд эхний ээлжинд дэмжигдлээ. Нийгмийн хариуцлагаа сахин биелүүлэх хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Пүрэв, 07 11-р сар 2019 00:00

Уурхайчин гэр бүл

   

   Ургах нарыг угтан мэндчилж, улс орныхоо төлөөх их үйлсэд гар бие оролцож, өөрийн хувь нэмрээ зориулахаар ажил руугаа яаран алхах сайхан. Гэр бүл, хайртай үрсийнхээ гэгээн ирээдүйг бүтээхээр өнөөдрийн ажлаа төлөвлөн алхах энэ бүсгүй бол Дашнямын Цэнд-Аюуш. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн номын санч. Түүний нөхөр Бямбаа нь Хүдрийн ил уурхайн цахилгааны хэсэгт цахилгаанчин. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж эрдэнэсийн өлгий Эрдэнэт хотод амьдардаг эгэл нэгэн “Уурхайчин гэр бүл”-ийг танилцуулж байна.

   Өрхийн тэргүүн Ц.Бямбаа Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат бөгөөд кино техникч, цахилгаанчин мэргэжилтэй. Харин Д.Цэнд-Аюуш номын санч, ном зүйч. Тэд хоёулаа Эрдэнэт үйлдвэрт 16 дахь жилдээ ажиллаж байгаа хоёр сайхан охидын ээж аав. Ууган охин Б.Нарангарав эмчийн мэргэжилтэй нийслэлд  ажиллаж  ажилладаг. Бага охин Номин-Эрдэнэ МУИС-ийн 2-р курсийн оюутан юм.

   1990 онд их сургуулийнхаа дотуур байранд танилцсан хоёр оюутан сургуулиа төгсөөд захидлаар харилцдаг байж. 1995 онд говийн хүү Эрдэнэт хотод амьдрахаар зориг шулуудан сэтгэлт бүсгүй рүүгээ ирсэн нь Ц.Бямбаагийнх гэх нэгэн айлын гал голомтыг бадраах шалтгаан байв. Зах зээлд шилжээд удаагүй байсан тухайн үед айл орон болж амьдрал зохиоход амар байгаагүй ч хайр сэтгэлийн илчинд хоёр биеэ түшиж амьдралыг ёстой л “тэг”-ээс эхэлжээ.   

   Тэд амьдралынхаа бүхий л цаг үед хамтдаа хичээж, хамтдаа зүтгэж. Санаа зөвийн сайнаар хүний дайтай сайхан амьдарч ижил хөөрхөн охидоо өсгөж хүмүүжүүлжээ. Бага залуудаа “ГОК” хэмээх их айлын гишүүн болохыг мөрөөдөж явтал энэ сайхан хамт олны эд эс нь болох азтай хувь 2003 онд тохиож, тэд хоёул Эрдэнэт үйлдвэрт ажилд оржээ. Ц.Бямбаа хамт олныхоо хөдөлмөрийн аварга, шилдэг шинийг санаачлагч, Эрдэнэт үйлдвэрийн 100 шилдэг санаачлагч ажилтнаар гурван ч удаа шалгарсан тэргүүний ажилтан юм.

    
     

   Д.Цэнд-Аюуш мэргэжлээрээ улсад 27 жил, Технологийн их сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна. Ажил мэргэжилдээ гаршсан, хамт олондоо нэр хүндтэй нийгмийн идэвхтэй, сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ҮЭ-ийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ажлыг хийж иржээ. Тэр Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цолтой. Чөлөөт цагаараа шүлэг найраг, нийтлэл бичих, хамт олондоо нөхөрсөг элэглэл бичих дуртай. Урлаг уран сайхны ажилд манлайлан оролцдог чамбай бүсгүй. Тэрээр мэргэжлийн дагуу намтар номзүй болон бүртгэн мэдээлэх номзүйн бүртгэлүүдийг эмхэтгэн гаргадаг, сургуулийнхаа 45 жилийн ойгоор шүлгийн номоо гаргахаар бэлтгэж байгаа аж.

   Эрхэлсэн ажилдаа эзэн нь байх дуртай. Ийм л эгэл түүхийн эзэд Уурхайчин гэр бүл дэлхийн шилдэг аж ахуй нэгж, Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, өөрсдийн чадах хэрээр хувь нэмрээ оруулж байгаадаа омогшин баярладаг. Цай сүүнийхээ дээжийг энэ сайхан нутгийнхаа уул овоонд сүсэглэн өргөдөг эгэл нэгэн Уурхайчин гэр бүл юм.
 
Б.Учрал

-Эрдэнэт хот Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах

спортын ордонтой болно-

     Энэ үдшийн онцлох үйл явдлаар Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” паласт болсон Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааг нэрлэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад тамирчид, шүүгчид, баг тамирчид болон спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Үндэсний дээд лигт ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид, хүндэт зочдыг улаан хивсний ёслолоор угтаж, энэ үдшийн ёслолын үйл ажиллагаа эхэлсэн юм.

       

    Тэмцээнийг нээж, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажиллаж, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэрээр “Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд сэргээх шийдвэр гаргасан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд баг тамирчдаа хөхиүлэн дэмжиж, тэмцээнд оролцож ирсэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил удирдан чиглүүлж ирсэн Ц.Баярбаатар танд болон танай багийнханд Зохион байгуулах хороо болон нийт уурхайчид, Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн зүтгэлтнүүд, волейболчид баг болж ажилласны үр дүн өнөөдрийн Волейболын холбооны хөгжил дэвшлийг илтгэж байна. Ахмад үеийнхэн хүрэлцэн ирлээ. Тэд бол ДАШТ-нд баг хамт олноороо оролцож, волейболын хөгжлийн түүхийг зурагласан хүмүүс. Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Уурхайчид бид энэхүү тэмцээнд эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан бид 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулсан. “Уурхайчин” клуб 21 дэх жилдээ ажиллахдаа 5-6 үеийн волейболчдыг бэлтгэн гаргаж, өнөөдөр 15-17 насны залуучуудаар шинэчлэгдээд байна. Монголын волейболын ирээдүй болсон залуучууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе. “Уурхайчин” багийн тамирчин Үндэсний дээд лигт тоглосны дараа Афины олимпоос мөнгөн медаль хүртсэн сайхан түүх бий. Энэ бол Монголын Волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт гэж бид ойлгодог. Сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний дээд лигийн тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөхийн төлөө бид зорьж байна. Эрдэнэт үйлдвэр, Волейболын холбоо, Орхон аймгийн удирдлагуудын ярилцаж шийдвэрлэснээр “Монголын Волейболын холбооны ордон”-г Орхон аймаг, Эрдэнэт хотдоо барьж байгуулан, ирэх онд буюу Олимпийн жил ашиглалтад оруулахаар болсныг волейболчид та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээгээд 2019 оны Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээснийг зарлалаа.

       

   Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өсвөр үеийнхний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, ордонтой болгох шийдвэрт гүнээ талархан, лигийн тэмцээнийг Эрдэнэт хотноо зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой байсан уурхайчиддаа баярлалаа хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн энэ үеэр Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар холбооны үйл ажиллагааг дэмжин, баг тамирчдыг хөгжүүлэхэд хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчид, Эрдэнэтчүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Ахмад тамирчид холбооны удирдлагуудад дурсгалын цом гардуулан, энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар үргэлжлэв. Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 62 жил, волейболын спортыг хөгжүүлсний 92 жилийн ой тохиосон энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн ёслол төгөлдөр эхэлж, тэмцээний цомыг талбайн төв хэсэгт хүндэтгэлтэйгээр залснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

       

       

       

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээмж өндөр индукцын технологи нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Технологийн шинэчлэлийн үйл явцын талаар тус цехийн дарга А.Отгончулуунтай  ярилцлаа.

 
 
   - Технологийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна?
   - Манай цехэд индукцын технологи шинээр нэвтэрч байгаатай холбоотой ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Суурийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, бетон зуурмаг авахад бэлэн болсон. Барилга засварын цехийнхэн маань өнөөдөр суурийн тулаасуудыг бэлтгэж байна. Суурийн ажил хоёр долоо хоногийн дараа дуусна.

   - Ажлын хэсгийнхэн Цувих шугамын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах ажлыг зохион байгуулсан. Суурилагдах шинэ тоног төхөөрөмжүүд ирсэн үү? 
-Манай тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлээд ерөнхийдөө дууссан. Одоо хятадын Тээвэр ложистикийн байгууллагаар дамжаад наашаа ачигдах шатанд яваа. 11-р сарын 10-ны үед ирнэ. Тэгээд суурилуулалт, угсралтын ажил шахуу төлөвлөгөөтэй үргэлжилнэ. Өргөтгөл, шинэчлэлтэй холбоотой 20 тоннын шинэ “ямаан” кран хүлээн авсан. Мөн хуучин кран дээр засварын ажил ид явагдаж байна. Кранаа газраас удирдлагатай, хосолсон ажиллагаатай болгосноор үүрэг гүйцэтгэхэд дөхөм болсон. Хоёр гүүрэн краны нэгийг шинэчлэх ажил тендер зарлагдах түвшинд явна. Үүнийг сольчих юм бол манай цехийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүд 90 хувь шинэчлэгдэнэ.

   - Индукцын технологи нэвтрүүлснээр ямар боломж, давуу тал бүрдэх вэ?
   - Индукцын технологийн үйлдвэрлэл нь 80-100, 40-80 мм-ийн голчтой ган бөөрөнцөг цувих хос шугамтайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл 80 мм-ын шаарын нөөц шугамтай болж, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн тасрах эрсдэл үгүй болно гэсэн үг. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухтай холбоотой байгаль орчны бохирдол, ажлын байрны хортой нөхцөл, техникийн доголдол гээд манай цех дээр хүндрэлтэй олон асуудал үүссэн. Түүнээс гадна нүүрс хийжүүлэх зуух улсын чанартай А зэрэглэлийн замаас 50 метрээс гадагш байх ёстой гэсэн заалт зөрчиж барьсан байдаг. Иймээс аймгийн зүгээс шаардлага байнга тавьдаг байсан. Тулгамдсан энэ бүх асуудлыг уг үндсээр нь, цогцоор нь шийдэх гол ач холбогдолтой.
 

   - Ажилчид сэтгэл өндөр, хүлээлт их байна уу?
   - Тэгэлгүй яахав. Ажилчид маань урам зориг дүүрэн, хийж бүтээхийн чин хүсэл оргилуун байгаа. Утаа, угаар, нүүрс, үнс, давирхайн асуудал мартагдана, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулна гэдэг хамгийн сайхан. Ерөнхий инженерээр ахлуулсан манай таван ажилтан үйлдвэрлэгч талд очиж сургалтад долоо хоног хамрагдаад ирлээ.  Индукцын зуухан дээр ажиллахдаа юу анхаарах, хамгийн эмзэг газар нь хаана байдаг, засвар үйлчилгээ яаж хийх, ашиглалтын явцад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хэрхэн хангаж ажиллах гэсэн чиглэлээр дадлага давамгайлсан сургалт явагдсан. Цаашид индукцээс гадна цувих шугамын тохиргоо, зүгшрүүлэлтийн талаар өргөн хүрээтэй сургалтууд авах саналыг нийлүүлэгч талд тавьсан. Энэ технологи ажиллагчдаас мэдлэг, ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг учраас нийлүүлэгч тал манай хүмүүсийг шинэ тоног төхөөрөмж дээр хоёр сар сургаж дадлагажуулъя гэсэн.
 
   - Цахилгаан хангамжийн чиглэлээр юу хийгдэж байна?
   - Бид станцаас 6000 кВт-ын шугам татаж, 660 вольтийн хүчин чадалтай цахилгаан гаргаж хэрэглэнэ. Индукц маань 660 вольтоор ажиллах юм. Гадаад цахилгаан хангамжийн асуудлыг Цахилгаан цех хариуцаж байгаа. Нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ хийсэн, хүлээлтийн байдалтай байна. Өндөр хүчдэлийн шонгууд саяхан буулаа. 11-р сарын 15-ны үеэр кабелиуд ирнэ. 12-р сарын эхээр Дулааны цахилгаан станц дээр тавигдах зангилаа тоног төхөөрөмжүүд ирэх юм. Манайх жилд таван сая кВт цахилгаан зарцуулдаг байсан бол индукцын технологи нэвтрүүлснээр 16 сая кВт цахилгаан хэрэглэнэ.

   - Цахилгааны үнэ өссөөр байгаа өнөө үед индукцын технологиор хямд өртөгтэй  ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бий юу?
   - Эдийн засгийн урьдчилсан тооцоогоор манайх индукцын технологи руу шилжсэнээр тонн тутамдаа 39000 төгрөгөөр хямд өртгөөр ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэрт давуу тал бий. Дулааны цахилгаан станц маань цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний тарифаас доогуур үнээр дотоодын хэрэглээг хангах нөхцөл бүрдсэн нь том боломж. Жишээ нь өнөөдөр бид төвийн эрчим хүчнээс 1 кВт цахилгааныг 170-200 төгрөгөөр бодож авдаг. Гэтэл өөрийн  станцаасаа 122 төгрөгөөр худалдан авна. Ингээд бодоход бид ган бөөрөнцгийн өөрийн өртгийг тонн тутамд 39000 төгрөгөөр бууруулах боломжтой. Ингэснээр өөрийн өртгийн зөрүүнээс жилд 950-иад сая төгрөг хэмнэх юм. Тийм ч учраас шинэ технологи нэвтрүүлэх шийдвэр зориглож гаргасан.

   - Технологийн шинэчлэлд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
   - Урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 1.4 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо бий. Шаарны хувийн зарцуулалтыг 0.02 хувиар багасгана. Бага тоо боловч цаанаа их хэмжээний үр ашигтай. Бид жилд 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэлээ гэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэнэ.

   - Баяжуулах үйлдвэрийн ган бөөрөнцгийн хэрэглээний хэдэн хувийг хангах вэ?
   - Эрдэнэт үйлдвэр жилд 33000 тонн ган бөөрөнцөг хэрэглэдэг. Манай цех Баяжуулах үйлдвэрт 80-ын шаар 18 мянган тонн, 100-гийн шаар 5000 тонн, 40-ийн шаар 3000 орчим тонн нийлүүлдэг. Гаднаас 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг 8000 тонн, 80-ын шаар нэмж 6000 тонныг худалдан авдаг байсан. Одоо манайд ирэх хос шугам хоёулаа 80-ын шаар үйлдвэрлэх учраас гаднаас авахгүй. Харин бид яваандаа 120, 125-ын давтаж гаргадаг чанар сайтай шаар үйлдвэрлэх хэтийн зорилготой ажиллана. Гадаадаас хараат байх шаардлагагүй. Дараагийн хөрөнгө оруулалт бидний санаснаар шийдэгдвэл импортын ган бөөрөнцгийг тэглэх боломж бий.
   
   - Баярлалаа.
 
М.ОДГЭРЭЛ
   Долоон жилийн дараа Үндэсний дээд лиг нэрээрээ эргэн ирж буй Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 7-нд Эрдэнэт хотноо болох гэж байна. Хангарьд спорт клубын байранд үе үеийн алдартай волейболчдыг нэгэн дор цуглуулж, багийн спортын ид шид, гайхамшигт тоглолтуудаар дүүрэн байх Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр,  их спортыг дэмжин ажиллах нэгэн шинэ түүхэн хуудсаа эргүүлж буй энэ өдрүүдэд Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхантай уулзаж, ярилцлаа.


   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тухай ярихын өмнө манай улсад энэ спорт анх хэдий үеэс үүсэж хөгжсөн талаар сонирхож байна. Ямар түүхтэй спорт вэ?
   - Монгол улсад Волейболын спорт 1927 оноос эхэлж үүссэн гэж үздэг. Тэр үеийн Эрхүү хотод суралцаж байсан Монгол оюутнууд эх орондоо ирэхдээ хоёр ширхэг гар бөмбөг, нэг торны хамт авчирч,  түүгээрээ гадаа талбайд тоглон  хүүхэд залуусын сонирхлыг татаж эхэлснээр энэ спортын үндэс тавигдсан. Тэр цагаас хойш эдүгээ 62 дахь жилдээ Монголчууд волейболын спортыг хөгжүүлж, олон тэмцээн уралдааныг зохион байгуулж ирлээ. Мөн Монголын Волейболын Холбоог энэ үеэс байгуулсан. Өөрөөр хэлбэл, волейболын спортын үүсэл эхэлсэн 60 гаруй жилийн өмнө мэргэжлийн холбоо бас байгуулагдаж, одоо дэлхийд данстай том байгууллага болсон гэж хэлж болно.

   - Мэдээж, 60 жилийн замнал, намтартай энэ байгууллагын үүх түүх арвин байгаа. Хөгжлийнхөө түүхэнд гаргасан амжилт ололтын талаар товчхон яривал?
   - Манай эрэгтэй баг тамирчид 1960-1970 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Эмэгтэй баг нэг удаа оролцсон. Энэ бол тухайн үедээ шинэ залуу спортын хувьд том амжилт. Дээд амжилт гэж тодотговол, эрэгтэй баг тамирчид маань дэлхийн аваргын тэмцээнээс 16 дугаар байр эзэлж байсныг дурдаж болох юм. Волейболын спортын түүхэнд манай холбооноос  хоёр гавьяат төрөн гарсан. Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Доржжүгдэр, Ц.Шоовдор нар манай волейболчдын дундаас төрсөн, бидний бахархал болсон хүмүүс. Тухайн үеийн Монголын эрэгтэй шигшээ багийн гол тоглогч, тамирчин Х.Доржжүгдэр, эмэгтэй багийн тамирчин Ц.Шоовдор багш нарыг манай спортынхон сайн мэднэ. Ц.Шоовдор багшийг “Зургаан ийм Шоовдор байхад дэлхийн аварга цолонд хүрэхэд ямар ч асуудал алга” гэж гадаадын тамирчид үнэлж байсныг манай ахмадууд одоо ч дурсан ярьдаг. Мөн үе үеийн олон алдартай тамирчид манайд бий. Волейболын спортоос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагчид ч бас төрөн гарсныг хэлэхэд таатай байна.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн манай улсад хэдий үеэс зохион байгуулагдаж эхэлсэн бэ?
   - Анх “Дээд лиг” гэдэг нэрээр 1995 онд зохион байгуулагдсан. Үүнээс хойш жил бүр зохиогдож байгаад, 2012 оноос Волейболын холбооны цомын төлөөх тэмцээн нэртэйгээр явагдаж эхэлсэн. Харин энэ жилээс бид ярилцаж байгаад, Үндэсний дээд лигээ сэргээж зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Цомын төлөөх тэмцээнд манай лигт өрсөлддөг багууд оролцож ирсэн ч үндэсний лиг гэдэг утга учраа алдсан гэж хэлж болно. Үзэгчдийн хувьд ч цомын тэмцээн гэхээр тэгтлээ ойшоодоггүй болсон байсан. Харин Үндэсний дээд лиг гэхээр илүү сонирхож, үзэгчдийн тоо эрс нэмэгддэг. Тэгэхээр тэмцээний нэр чухал ач холбогдолтой гэдэг нь харагдсан. Мөн нэршлээ дагаад цар хүрээ, зохион байгуулалт ч өөр болдог.  Манай волейболын клубүүд ч дээд лигээ сэргээх санал дээр нэгдэж, энэ удаагийн тэмцээнд хариуцлагатай, идэвхтэй хандаж байна. Өмнөх жилүүдэд ийм өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн болж байгаагүй. Тэгвэл  энэ жилийн лигийн тэмцээнд  эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцож  байгаа нь нэг онцлог болж байна. Эндээс харахад,  манай холбоо хамгийн том тэмцээнээ цомын төлөө гэсэн нэртэй зохион байгуулж байсан нь алдаа болжээ гэж боддог. Би тэр үед дасгалжуулагчийнхаа хувиар үндэсний лигээ сэргээх талаар олон удаа саналаа хэлж байв.

   - Тэгвэл Үндэсний лигийн тэмцээнийг сэргээх санал санаачилга яг хэдийд албан ёсоор баталгаажиж, бодит болов? Хамтран зохион байгуулагчаар ямар байгууллагууд оролцож байна вэ?
   - Өнгөрсөн 6 дугаар сард Монголын Волейболын холбоо бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж,  миний бие Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Ажил аваад, өөрийн бодож санаж явсан зүйлээ ажил хэрэг болгох зорилт тавьж, шинэ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээ зөвшилцөж, хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, бид цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж, үндсэн гурван зорилтыг дэвшүүлсэн юм. Эхний ээлжид волейболын Үндэсний дээд лигээ сэргээн, зохион байгуулъя, хоёрдугаарт,  шигшээ багаа бэхжүүлье, гуравдугаарт, өөрийн гэсэн спорт заалтай болох. Эдгээр гурван том зорилтынхоо эхнийхийг нь амжилттай эхэлж байгаадаа их баяртай байна. Бидний энэ санал санаачилга бодит ажил хэрэг болоход ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн  Үндэсний дээд лигийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран оролцож байна. Энд би тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гуайг тодруулж ярихыг хүсэж байна. Х.Бадамсүрэн захирал маань Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан, уг спортын хөгжлийг  өндөр зэрэглэлд хүргэх, легионер тамирчдыг анх урьж тоглуулах зэрэг холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд том хувь нэмрээ оруулсан хүн. Бид 1998 онд “Уурхайчин” спорт клубыг хамтран байгуулснаас хойш волейболын спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн. 2000 онд Монголдоо анх Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр үед Х.Бадамсүрэн захирал Монросцветмет нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Волейболын зориулалтын шалыг оруулж ирж, энэ тэмцээнийг зохион байгуулж байсан гээд олон сайхан түүх бий. Ингэж өнөө хүртэл биднийг волейболын спорт холбож ирсэн нь Үндэсний дээд лигийг Эрдэнэтэд хамтран зохион байгуулах алхам боллоо гэж ойлгож байна. Энэ дашрамд манай холбооны зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг маань маш уриалгахан, халуун дотноор хүлээж авсанд талархаж буйгаа илэрхийлье. Зохион байгуулалтын бүхий л ажилд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон маш өндөр зохион байгуулалттай, идэвх зүтгэлтэй оролцож байгаад их баярлаж байна. 
 
      
 
   - Одоо, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаа вэ?
   - Манай холбооны Ерөнхийлөгчөөр өмнө нь 4-р ДЦС-ын дарга байсан, Эрчим багийн үүсгэн байгуулагч Ц.Баярбаатар ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарын том төлөөлөгч, волейболын спортын хөгжилд өөрийн сэтгэл зүтгэлээ зориулж яваа хүн.

   - Таны байгуулалцаж явсан “Уурхайчин” баг өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ, залуу халаагаа бэлдэж байна уу?
   - Манай “Уурхайчин” баг бусад клубүүдтэй харьцуулахад өөрийн онцлогтой. Гаднаас сайн тоглодог юм уу, бэлтгэсэн хүүхдүүд огт авдаггүй. Дандаа өөрсдөө дараа үеийнхнээ бэлдэж, гаргаж ирдэг гэж хэлж болно. Өнгөрсөн жилүүдэд ивээн тэтгэгч, санхүүжилтийн асуудлаас болоод идэвх суларсан тал бий. Харин одоо клубынхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, 15-16 насны хүүхдүүдийг авч бэлтгэж эхлээд байна. Мөн “Уурхайчин” багийн хуучин бүрэлдэхүүнд тоглож байсан туршлагатай тамирчдаа оруулаад, шинэчилсэн. Энэ баг маань Үндэсний дээд лигт оролцож байна. Ирээдүйн волейболчдыг бэлтгэх, хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь бидний эрхэм зорилго юм.
 
   - Үндэсний дээд лигийн ач холбогдол ер нь юунд оршдог вэ?
   - Энэ тухайд би өөрийн бодлоо хуваалцъя гэж бодож байна. Хүн бүр өөр өөр бодол сэтгэгдэлтэй явдаг байх. Үндэсний дээд лиг гэж заавал байх ёстой. Тэр тусмаа хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд багийн спортод ийм нэрээр энэ тэмцээн зохион байгуулагдах ёстой гэж боддог. Энэ нь тухайн улс орны тамирчдын зэрэглэл, чансааг тогтоож өгдөг. Тэднээс үндэсний шигшээ баг бүрдэнэ. Олон улсын түвшинд тоглох тамирчид мөн л энэ тэмцээний шалгаруулалтаас гарч ирнэ. Волейболын спортыг огт мэддэггүй хүн ч Үндэсний лиг болж байна гэвэл сонирхол нь нэмэгддэг. Холбооны цомын төлөөх тэмцээн гэвэл байнга болж байдаг тэмцээнүүдийн нэг гэж хүлээж авдаг нь харагдсан. Тиймээс Үндэсний дээд лиг аль ч улс орны хамгийн дээд түвшний зэрэглэлтэй тэмцээн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ утгаараа волейболын Үндэсний дээд лиг байх ёстой тэмцээн. Бас энэ спортын хөгжилд өндөр ач холбогдолтой гэж хэлэх байна.

   - Багийн спортоор Монголын шинэ үеийнхэн  олон улсын түвшинд цахиур хагалаад эхэлчихлээ. Сагсан бөмбөгийн баг тамирчид ирэх олимпод оролцох эрхтэй болсон. Волейболынхонд олимпын эрх хэр ойрхон байгаа бол?
   - Ер нь хол биш гэж би хэлнэ. Мэдээж, өнөө маргааш гээд харвал учир дутагдал бий. Волейболынхоо тухайд хэлэхэд, багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдий чинээ санхүүгийн боломжтой байна, төдий чинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Аль ч спортын төрөлд ийм байдаг. Ялангуяа шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаанд олон орох тусам тэр хэрээр амжилт нь ахина. Тиймээс энэ боломжийг нэмэгдүүлж, шигшээ багийн чансааг байнга дээшлүүлэхэд анхаарах ёстой. Өөрийн стандартын зал танхимтай болох, эдийн засгийн тогтвортой эх үүсвэрийг олох, олон улсын тэмцээнд оролцох боломжийг нээх гээд маш олон хүчин зүйл энд нөлөөлнө. Энэ бүхнийг бүрдүүлж, дэмжиж чадвал манай тамирчдын оноо нэмэгдэж, энэ жил биш юм гэхэд 2-3 жилийн дараа олимпын эрхэнд хүрэх боломж тийм ч хол биш гэдгийг онцолмоор байна. Волейболын спортод элсний гэж төрөл байдаг. Элсний волейболоор манайх өндөр амжилт гаргах боломж маш өндөр. Олон улсын тэмцээнд аль болохоор олон оролцож, оноо цуглуулж чадвал олимпод хамгийн түрүүнд орох боломжтой харагддаг. Заалны волейболын хувьд эхлээд бид Азидаа эхний наймд багтах хэрэгтэй. Үүний төлөө зорьж, хичээх ёстой.

   - Үндэсний Лигийн тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе?
   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, хамт олонд талархаж буйгаа дахин илэрхийлье. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их спортыг хөгжүүлэх, дэмжин түгээхэд үргэлж сэтгэл зүтгэлтэй хандаж ирснийг бидний энэ удаагийн хамтын ажиллагаа тод харуулж байгааг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Волейболын холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг Mikasa brand, “Торгууд” спорт хувцасны үйлдвэр, Voyage, IDC зэрэг манай алтан түншүүд Үндэсний лигийн тэмцээнд хамтран оролцож байна. Монголд волейболын спортын хөгжил шинэ шатанд гарахад хувь нэмрээ оруулж байгаа хамтрагч байгууллагууддаа баярлаж буйгаа илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
 
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Волейболын холбоо хамтран Үндэсний дээд лигийн нээлтийн ёслолын ажиллагааг анх удаа Эрдэнэт хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.  Энэ сарын 7-нд Хангарьд паласт болох тус нээлтийн ажиллагаа, тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл, явцын талаар Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээс тодрууллаа.
 

   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
   - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор нийгмийн харилцааны үүрэг хариуцлагынхаа  чиглэлээр биеийн тамир спортын олон улс болон улс, орон нутгийн чанартай томоохон арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа тусган, зохион байгуулж ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал 11 дүгээр сарын 7-оос 10-ны өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулагдах Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтоор үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэр, Монголын Волейболын холбоо хамтран зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн  зохион байгуулах ажлын хэсгийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү миний бие ажиллаж байгаа юм. Орон нутагт болох гэж буй уг үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, Эрдэнэт үйлдвэрээс дэд ажлын хэсэг гарч, бүхий л зохион байгуулалтад анхаарч буйг онцолъё. Улс, орон нутгийн зэрэглэлтэй том тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлага бидэнд бий. Тиймээс энэ удаа ч маш өндөр хэмжээнд зохион байгуулахаар, бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний дээд лигийн тэмээний бэлтгэл ажил 90 орчим  хувийн биелэлттэй хангагдсан.

   - Нээлтийн үйл ажиллагааны болон тэмцээний онцлог юу байна вэ?
   - Энэ удаагийн тэмцээний хамгийн гол онцлог гэвэл сүүлийн 7 жил өөр нэрээр болж байсныг Үндэсний дээд лиг болгон эргэн сэргээж байгаа явдал юм. Нөгөө талаар хөдөө орон нутагт тодорхой хугацаанд нэлээн олон тоглолтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт 11 сарын 8, 9,10-ны өдрүүдэд Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн 18 тоглолт болно. Мөн анх удаа хөдөө орон нутагт Үндэсний дээд лигийн нээлтийн ёслолын ажиллагаа болох гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Волейболын түүхэнд алтан үсгээр бичигддэг алдарт, ахмад тамирчид урилгаар оролцоно. Энэ үеэр тэдний санал сэтгэгдэл, дурсамжийн түүхэн баримтыг авч үлдээх ажлыг зохион байгуулна.     Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй “Уурхайчин” багууд оролцож байна гээд олон онцлог зүйлийг хэлж болно.  Нээлтийн үйл ажиллагааны үеэр олон сонирхолтой сюрприз барихаар бэлтгэсэн. Мөн тус тэмцээнд гадаадын легионер тамирчид хүрэлцэн ирж байна. Тэдэн дотор АНУ-ын иргэн анх удаа оролцож байгааг дуулгахад таатай байна. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 07-ны өдөр 18:30 цагт Хангарьд паласт болно. Энэ дашрамд дуулгахад, нээлтийн ёслол үзэгчдэд үнэ төлбөргүй болох тул нийт волейболын спорт сонирхогч, хичээллэгч, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд болон Орхон аймгийн иргэд, хүүхэд залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.   
 
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог