Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зочноор уригдан ирсэн ахмадуудынхаа сэтгэгдлийг бид цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. “Хоршоолол” нийгэмлэгт харьяалж, Улсын шигшээ багийн тамирчнаар тоглож байсан ахмад тамирчид өнөөгийн залуучуудын ур чадварыг хэрхэн үнэлж байгаа талаарх яриаг хүргэе.

 
Спортын мастер, ахмад тамирчин Б.МАРТ: Эрдэнэтийн дэвжээ биднийг “Улсын аварга” болгосон
 
 
   - Волейболын спортын хөгжилд ахмад үеийнхний үүрэг оролцоо их байсан. Таны хувьд аль багт тоглож, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
   - Би 9-р ангид байхдаа Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед буюу 1968-1970 онд БНАСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч багшийн удирдлага дор анхны шавь нь болж, энэ спортын гайхамшигтай техникүүдэд суралцан, Азийн хурдан тоглох арга барилыг эзэмшсэндээ өнөө хэр баярлаж явдаг юм. Шигшээ багт 12 эмэгтэй байснаас хамгийн залуу тамирчин нь би байлаа. Бид хойд Солонгост бэлтгэл хийж ирсний дараагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход туслах довлогчоор явж, 24 багаас шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн. Тус тэмцээнд Герман, Куб, Болгартай нэг зоонд тоглон, эн тэнцүү өрсөлдөж билээ. Кубын баг эхний 8-д өрсөлдөж, бид 9-16-д орсон байдаг юм. Биднийг тэмцээнээс ирсний дараа Улс бодлогоор дэмжсэн бол магадгүй Куб шиг дэлхийд өрсөлдөх хэмжээний баг гарах байсан болов уу. Гэтэл эсрэгээрээ Солонгос багш нутаг буцаж, шигшээ багийг тараасан. Бид 1970-1989 оны хооронд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон нэг мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болсон. “Үйлдвэр хоршооллын Олон Улсын тэмцээн” 1972 онд зохиогдоход бид анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Улмаар зах зээлийн шуурганд бүх л спорт өртөж, хөгжил нь хумигдсан. Монгол хүнд авьяас бий. Үүнийг Улс бодлогоор дэмжээд өгвөл болохоор санагддаг.

     - Эрдэнэт хоттой холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
  - 1985 онд Эрдэнэт хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Хоршоолол” нийгэмлэгийн баг тамирчидтайгаа ирж байлаа. Манай баг шувтаргын тоглолт дээр Их сургуулийн багтай аваргын төлөө үзэж, “Улсын аварга” болж байсан үе санаанд тод үлджээ. Эрдэнэтийн дэвжээ их ээлтэй.

   - Тоглолтын тухайн юу хэлэх вэ?
   - Өнөөгийн залуучуудын үсрэлт, авалт, давуулалт маш хүчтэй болсон нь харагдаж байна. Дэлхийн давуулалтын хурд 130 гаруй км/ц хурдтай болсон энэ үед өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрч байгаа нь сайшаалтай. Манай эрэгтэйчүүд саяхныг болтол үсрэлтэй давуулалт хийж чаддаггүй байсан бол чадвар нь үнэхээр их сайн болсон байна. Дэлхийтэй ойртож байгаа нь сайн хэрэг. 
 
 
Спортын мастер, ахмад тамирчин Л.БАДАМСҮРЭН: Ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай

 
  - Спортын түүхэнд тод мөртэй ахмадынхаа сэтгэгдлээс хуваалцахад сайхан байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан үеэ бидэнтэй хуваалцахгүй юу? Өнөөдөр та ямар ажил алба эрхэлж байна вэ?
   - Би хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад 1967 онд өөрийн хүсэл сонирхлоор 18 насандаа волейболын спорт руу орсон. Өндөр нуруутай гээд “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болж байлаа. Улсын шигшээ багийн тамирчин болсноор  Солонгос багшийн удирдлагаар олон зүйл сурсан. 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед би 20 настай, багийнхнаасаа ахмад нь гээд хасагдаж билээ. “Хоршоолол” нийгэмлэгтээ тоглож, 4-р спартикадын аварга болж, тасралтгүй тэмцээнд орсон. Тэр үед албан байгууллагаараа тэмцээнд их орно. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа 1974 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгт орж, насаараа тэр багтаа тоглосон. 1998 оноос хойш өнөөг хүртэл тоглож амжаагүй л явна. Одоо 10-аад хүнийг ажлын байраар ханган, ажлын хувцасны үйлдвэр ажиллуулж байгаа.

   - Эрдэнэт хотод болж байгаа энэ удаагийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
   - Бид хэд хэдэн удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэтэд ирж байсан. Олон Улсын тэмцээнд орж байгаа юм шиг биднийг их сайхан угтан авсан. Сүүлийн үед ажил ихтэй, багийнхантайгаа уулзаж амжихгүй байлаа. Эрдэнэт явъя гэхээр нь тэмцээнээ үзэх гээд хүрээд ирлээ. Залуучууддаа хандан хэлэхэд, ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай гэж хэлье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Чулуунбаатартай Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр ярилцлаа.


 

   - Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

   - Үнэхээр сайхан байна. Үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн, өвөрмөц шинэлэг сайхан үйл ажиллагаа боллоо. Волейболын спортын дөрвөн үеийг нэгэн дор уулзуулж, биднийг гүн хүндэтгэсэн Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн удирдлага мөн зохион байгуулах комисст баярлалаа.

   - Та волейболын спорттой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?
    - Бидний багад спортын заал гэж байсангүй. Хариугүй жаахан танхимд багш нарынхаа тоглохыг  шимтэн харсаар л энэ спортод татагдан, насан туршдаа үнэнч явна. 1963 онд Монголын Бүх ард түмний 2-р спартикиадаар түрүүлснээс хойш долоон  спартикиадад орж тавд нь аваргалсан. Алдар спорт хороонд 20 гаруй жил талын довтлогчоор тоглосон. Би 60 гаруй жил волейболоор хичээллэж, спортын байгууллагад 50 гаруй жил ажиллажээ. 75 настай ч уралдаан тэмцээнд оролцсоор бие эрүүл, шүд бүрэн, саруул сайхан яваа маань энэ  спортын ач. Одоо би Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт арга зүйчээр ажиллаж, волейболын секц дугуйлангаар залуу үеэ бэлтгэсээр  явна.

   - Залгамж халаа тамирчдын уран чадварын талаар та юу хэлэх вэ?
   - Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтууд болж байна. Ер нь волейболын спорт хөгжлийн шинэ шатанд гарч буй нь тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас харагдаж байна. 

   - Дасгалжуулагчийг тамирчдынх нь  амжилт  баясгадаг. Энэ тухай бяцхан дурсамж хуваалцаач?
   - Олон сайхан шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээхэн “Залуу монгол” баг Лигийн аварга болоход би ахлах дасгалжуулагчаар, миний шавь Баатархүрээ дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Багш шавь гар нийлэн дасгалжуулж аварга төрүүлсэн тэр мөч үнэхээр сэтгэлээс гардаггүй. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчныхаа аав, ах, эмч, сэтгэл зүйч нь байдаг юм.

   - Монголын волейболчдын ирээдүйг та хэрхэн хардаг вэ?
   - Тоглолтын ур чадвар, техник, комбинаци хөгжиж байна. Ер нь энэ байдлаараа бэлдэж Үндэсний шигшээ багтай болбол Азидаа амжилттайтоглох боломж бий. Багийн спортыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Үндэсний шигшээ баг байгуулан, шилдэг тамирчдыг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
 
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс

   Монголын волейболын дээд лигийн тэмцээний хүндэт зочин, Олон улсын хэмжээний мастер Х.Хандсүрэнтэй уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.

   - Та хэдэн настайгаасаа спортод дурласан бэ?
   - Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа өндөр, уртад харайдаг, ойрын зайд гүйдэг, хөнгөний тамирчин байлаа. Сонгиноос хотод шилжиж ирээд Спортын төв ордонд Н.Норов багшийн удирдлага дор уран сайхны гимнастекаар хичээллэдэг болсон. Бүр нэгдүгээр зэрэг авсан.


   - Волейболын спорт руу “халтирч” орсон нь хэзээ вэ?
   - Тэр үед хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш нар спортын төрөлд шилж авдаг байсан юм. Нэг өдөр гимнастекийн бэлтгэлээ хийж байтал олон хүн орж ирээд бүгдийг нь тойруулж харж байснаа намайг заагаад “Энэ хүүхдийг авнаа” гэсэн. Юунд авч байгааг нь ч ойлгоогүй. Багш маань намайг өгөхгүй гэж үзээд дийлээгүй, волейбол руу алдсан даа. Би их өндөр хүүхэд байсан юм.

   - Волейболын спортын тамирчнаараа олонд танигдсан үеэ дурсаач?
   - Долдугаар анги төгсөөд оюутан болсон. Тэр үед цэргийн хувцас өмссөн хүүхнүүд гоё харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиод “Алдар” нийгэмлэгт шалгуулаад тамирчнаар орчихсон. 1964 онд ажил хөдөлмөрийн гараагаа ахлах цолтой эхэлж байлаа. Нийгэмлэгийн шигшээ багт тоглож олонд танигдсан гэж хэлж болно.

   - Ид тоглож байх үедээ оролцож байсан томоохон тэмцээн...?
   - 1969 онд Ташкентад олон улсын оюутан залуучуудын наадамд оролцож байлаа. Олон улсын тэмцээн Венгирт болоход гурван удаа явсан. Олон улсын армийн тэмцээнд тоглосон. 1970 онд Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, 30 гаруй улсаас манайх 16-д шалгарч байлаа. Тэнд хамгийн их урам хугарсан. Куба, манайх хоёр тоглоод 17:15-ын харьцаагаар хожигдсон. Уг нь манай баг маш сайн тоглосон юм. Тэр үед улсын шигшээ баг Солонгос дасгалжуулагчтай байсан. Дэлхийн аваргад явж байсан багийн гишүүдээс одоо цөөхөн хүн үлдэж дээ.
   
   - Та багтаа ямар үүрэгтэй тоглогч байсан бэ?
   - Би волейболын улсын шигшээ багт олон жил өргөгч хийсэн. Одоо энэ “сагсны” Ц.Шаравжамцын ээж Борхүүгийн холбогч байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд Алимаа, Үнэнбат бид гурав л холбодог байсан шүү дээ. Ц.Шоовдор эгчид Үнэнбат холбодог байсан.

   - Та Нийслэлийн 28-р сургуульд биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Шавь нар олон уу?
   - Тоолж явсангүй ээ. 40-өөд жил биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секц хичээлүүлж олон мянган шавьтай болсон. Би айлын ганц хүүхэд юм. Ээж маань ерэн хэд наслаад саяхан өөд боллоо. Аав маань эрт өнгөрсөн. Би аав, ээжийгээ олон удаа баярлуулсан гэж боддог. Аав маань нэг удаа “Хүүхэд ганцаддаггүй юм байнаа” гээд намайг үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үед л багаасаа спортоор хичээллэж тамирчин болсны хэрэг бүтлээ дээ гэж бодогдсон. 

   - Залуусын тоглолт үзэж суухад нүдэнд тусч байгаа тамирчин байна уу?
   - Сайхан тоглож байгаа олон залуус байна. Миний нэртэй, Хандсүрэн гэж охин сайн тоглож байна. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Очоод хэлээд зөвлөчихмөөр санагдах үе зөндөө. Манай волейболынхон дээд үеэ мэддэг их зарчимтай улс. Залуус маань биднийг их хүндэлж явдагт талархдаг.

   - Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
   Монголын Волейболын  Үндэсний дээд лигийн  2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган”  багийн эрэгтэй  тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн  ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
 
 
   - Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
   - Баярлалаа. 

   - “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
   - Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж  төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.

   - Танайхны  хүчтэй довтолгоо эсрэг  багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
   - Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг. 
 
   - Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
    - Манай  мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг. 
 

   - Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
   - Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо. 

   - Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
   - Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно. 

   - Танай багийн онцлог?
   - Монголын  хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу. 

   - Танай легионер тамирчны  довтолгоо ч бас хүчтэй байсан ?
   - Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан. 

   - Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
   - Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж  их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас  амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг.  Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л  өгдөг.
                                                                                                                                                           
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 

 

 

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн энэ удаагийн лиг Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан. Ур чадвар, авхаалж самбаагаа дайчилсан багуудын тоглолт өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай заал дүүрэн цуурайтсан амралтын өдрийн эргэн тойронд мэдээ мэдээллээ бэлтгэсээр байна. 

   
 
   Өчигдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдрийн эхний тоглолт “Энагурэ”, “Тэнүүн Огоо” багийн эмэгтэй тоглолтоор эхэлж, гурван үе үргэлжилсэн тоглолт 3:0 харьцаатайгаар “Энагурэ” багийн хожлоор өндөрлөсөн юм. Лигийн нэгдүгээр тойргийг 5 оноотой дуусгасан “Хилчин Алтайн барс” баг “Уурхайчин” багийг 3:0 хожсоноор үндсэн оноогоо 8 болгон ахиуллаа. Тэмцээний гурав дахь тоглолт “Хобби Эйс”, “Дархан сеть” багуудын хооронд мөн 3:0 ялалтаар өндөрлөж, “Хобби Эйс” баг ширүүхэн өрсөлдөгч болохоо харууллаа. 
   Эрэгтэй багуудаас “Ховд Алтайн барс хилчин", “Хос Бар RKH"-ын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөв. “Эрчим”, “Уурхайчин” багуудын тоглолтын тооны харьцаа 3:1 болж, “Эрчим” баг оноогоо ахиулж чадлаа. “Булган”, “Тэнүүн-Огоо” багийн хооронд өрнөсөн дараагийн тоглолт “Тэнүүн Огоо” багийн 1:3 гэсэн илт давуу байдлаар дууссан. 
   Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдрийн эхний тоглолт “Дархан сеть”-ийн эмэгтэй баг “Уурхайчин”-г 3:1 харьцаагаар талбай дээр нь буулгаж авснаар эхэллээ. Харин хоёр дахь тоглолт "Хобби-Эйс", "Энагурэ" багуудын дунд болсон бөгөөд таван үеийн турш үргэлжилсэн тоглолтын дүнгээр 3:2 харьцаагаар “Хобби эйс”-ийн охид ялалтыг гартаа авлаа. Хоёрдугаар тойргийн чухал тоглолтын нэгээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тэнүүн Огоо”, “Хилчин Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолт нэрлэгдсэн бөгөөд 3:0 харьцаатай “Тэнүүн Огоо” багийн хожлоор хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж байна. 
   Эрэгтэй багууд “Эрчим”, “Булган” багуудын тоглолтоор эхэлж, “Эрчим”-ийнхэн уран чадварлаг тоглолт үзүүлэн, тоглолтын харьцааг 3:0 болгосноор хожлоо авч чадсан юм. Хоёрдугаар тойргийн 11 дэх тоглолт Х.Бадамсүрэн эзэнтэй, ОУХМ Л.Төгсбаяр дасгалжуулагчтай Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл, Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Ховд Алтайн барс хилчин” багуудын хооронд болж, тоглолт 0:3 харьцаатайгаар өндөрлөсөн нь “Барсууд” тэмцээний үндсэн оноогоо ахиулах боломжийг олголоо. Мөн “Мегастарс”, “Хос бар RKH” багууд энэ өдрийн шувтаргын тоглолтыг хийж, “Мегастарс” баг 3:1 харьцаатайгаар хожсон юм.
   Хоёдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд маргааш өглөө 08.00 цагт “Ховд Алтайн барс хилчин”, “Энагурэ” багуудын тоглолтоор эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг үл тоомсорлох, мэдлэг дутмаг байдал, анхаарал болгоомжгүй байдал, анхаарал сарниулах, хайхрамжгүй байдлаас болж гарын гэмтэл үүсдэг гэж үзжээ. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн ослын судалгаанд үнэлэлт дүгнэлт хийхэд гарын гэмтэлтэй холбоотой 33 тохиолдол гарчээ. Иймээс Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд гарын гэмтлээс урьдчилан сэргийлэх сарын аяныг эхлүүллээ.
   “Бид аяны хүрээнд судалгааны дүн шинжилгээнд тулгуурлан гар болон гарын хурууны гэмтэл бэртэл авч байсан тохиолдлуудын суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гарын гэмтэлд хүргэх эрсдэлийг бууруулах, гарын гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадал хэвшүүлэх, аюулгүй арга барилд сургах ажлыг зохион байгуулах юм” гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.
   Гарын гэмтлээс сэргийлэх гол хүн нь та өөрөө юм. Ажиллах явцад ажилтан ажлын бэлтгэлээ ажлаа сайтар хангаж, зөв тохирсон багаж хэрэгсэл сонгон, ажлын аюултай орчинд гар хөдөлгөөнийг хянаж ядрахаас сэргийлж ажлын явцад 15 минут амарч байх хэрэгтэй гэдгийг сарын аяны нээлтийн үеэр онцолсон юм. Аян 12-р сарын нэгнийг хүртэл сарын хугацаанд үргэлжилж,  Баяжуулах үйлдвэрийн бүх хэсэг, албадын ажилтнууд хамрагдах юм. 
 
                                                                                                   А.Бямбамаа

 
 
 
 

   Хараазүйн оношилгоо нь тухайн хүн ажлын байрандаа тэнцэх эсэхийг шийдвэрлэдэг томоохон үзүүлэлт болдог тул “Сити Оптик” ХХК-ийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажиллагсад, уурхайчдад тухайн хүнд тохирсон хөдөлмөр хамгааллын шил санал болгохоор иржээ. Нүдний эмч нар Баасан гарагийн ажлын цагаар Захиргааны 2 дугаар байранд үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн 16:00 цаг хүртэл үргэлжлэх хараа зүйн оношилгооны талаар тус компанийн менежер А.Мөнхдуламтай ярилцлаа.

   -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Харааны шил зүүх, хараа зүйн оношилгоо хийлгэх нь хувь хүнд ямар ач холбогдолтой вэ?

   -Хүн хардаг эрхтнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Шилгүйгээр муу хардаг бол шил зүүх шаардлагатай. Шил зүүхээс залхуурвал залхуу нүд үүсдэг тал бий. Нэг нүд нь сайн харж байна гээд нөгөө нүдээ хүчээр хараад явж болохгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, муу харж байгаа нүдэндээ тохирох шил зүүснээр сайн хардаг нүдээ давхар хамгаалах боломжтой.

   -Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулсан энэ удаагийн оношилгооны гол зорилго нь юунд чиглэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

   -Үйлдвэрийн ажилчид ажиллаж байгаа орчин нөхцөлөөс хамааран хамгаалалтын шил зүүх  хэрэгцээтэй болдог. Ингэхдээ харааны шил, хамгаалалтын шилийг давхар зүүхээс аргагүй байдал үүсч байна. Давхарлаж зүүхэд тогтохгүй юмуу тав тухгүй байдал үүсдэг тул аль нэгийг нь зүүх тохиолдол элбэг. Манай компани эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод 6, Дархан, Орхон, Баянхонгор аймагт салбараа ажиллуулж байна. ХБНГУ-аас оруулж ирсэн автомат тоног төхөөрөмжөөр бүхий манай салбарууд чанартай шилний үйлчилгээ үзүүлдгээрээ хэрэглэгчдийн танил болсоор багагаүй хугацааг үдлээ. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хараатай, хагардаггүй хөдөлмөр хамгааллын шил санал болгож байна. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлдэг нь таалагдаж байна. Өнөөдрийн үзлэгээр оффисын ажилтнуудын мэдлэг мэдээллийг тэлж, хараа зүйн оношилгоо хийх боломжоор хангасан холбогдох цех, нэгжид баярласнаа илэрхийлье.

   -Хараа зүйн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байгаа төвүүд олон болсон. Танай төв ямар давуу талтай вэ? Зөвлөгөө, үйлчилгээ, тоног төхөөрөмж, болосвон хүчин гээд олон зүйл яригдах байх?

  -Эрдэнэтэд манай салбар ажиллаж байгаа ч иргэд төдийлөн сайн мэддэггүй юм байна. Бид хоёр өдрийн турш Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон захиргааны байранд ажиллалаа. Салбартаа 10 гаруй жил ажиллаж, туршлага хуримтлуулсан манай хамт олон Германы тоног төхөөрөмжөөр нарийн мэргэжлийн оношилгоо хийж байна. Манай захирал ХБНГУ-д хараа зүйн мэргэжлээр 20-иод жил ажиллаад Монголдоо энэ үйлчилгээг оруулж ирсэн. Ажлаа Герман стандартын дагуу явуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

   Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын орон зайн баримжаа, өнгөний ялгарал, захын хараа зэргийг үзэх нарийн багаж төхөөрөмжтэй ирсэн. Энэ төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд манай төв болон Оюутолгой компанид бий. “Медипас” төвд ижил төрлийн оношилгооны төхөөрөмж хараахан байхгүй. Өнгө ялгадаггүй хүнийг ажилд авах нь явцын дунд ажлын шаардлага хангахгүй байдал үүсгэдэг. Дээрх тоног төхөөрөмж нь эмчгүй үед “Энэ хүн ажлын байранд тэнцэх үү, үгүй юу” гэдэгт үзлэг хийдгээрээ давуу талтай. Төхөөрөмжөөр тэнцээгүй гэсэн хариу гарвал эмчид хандах нь зөв юм.

    

   

   

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

 
 
   Монголын волейболын холбооны дэд Ерөнхийлөгч, Эрчис тал багийн эзэн Төгсмандалын Тогтохбаяртай Монголын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ярилцлаа.
 

   - Монголын Үндэсний волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлт анх удаа хөдөө орон нутагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанаас ямар сэтгэгдэл төрөв?
   - Эрдэнэт үйлдвэр их спортыг тогтмол дэмждэг нийгмийн хариуцлагатай хамт олон. Энэ жилийн Үндэсний лигийн аваргын тэмцээнийг ивээн тэтгэж оролцож байгаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хувиасаа болон Холбооныхоо нэрийн өмнөөс маш их баярлаж байгаагаа дамжуулъя. Урд нь тэмцээний нээлт ийм сайхан болж байсангүй. Ахмадууд, залуучууд бүгд л ярьж байна. Нээлтийн үйл ажиллагаанд ахмадуудаа бүгдийг нь урьж оролцуулсан. Манай холбооноос бүх зардлыг нь дааж авчирлаа. Тэмцээний нээлтийг ийм сайхан хийсэн болохоор тэмцээний хаалтаа, нээлтээсээ дутахааргүй л хийе гэж бодож байна даа.

   - Сүүлийн найман жил тасалдаад байсан Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг сэргээлээ. Найман жил тасалдсан шалтгаан юу байв?
   - Монголын волейболын холбоо өнгөрсөн зургаан сараас эхлэн шинэчлэгдсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн. Ингээд бид Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар ярилцаж, тэмцээнд оролцох багийн тоог нэмэгдүүлэхэд их анхаарсан. Өнөөдөр долоон эрэгтэй баг оролцож байгаа нь түүхэнд байгаагүй олон эрэгтэй баг оролцож байгаа юм. Түүнчлэн энэ жил лигийн аваргад оролцож байгаа багуудын таксыг арван сая болгож, төлбөрийнхөө 80 хувийг шагналын санд зарцуулж байгаад багууд ихэд талархаж байгаа. Багийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд шагналын санг өндөр болгосон. Үлдсэн хорин хувиар нь тэмцээн зохион байгуулахад яагаад ч хүрэлцэхгүй байсан. Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэнд үнэхээрийн их баяртай байна.

   - Монголын волейболын холбооны ойрын төлөвөөс та мэдээлэл өгөөч?
   - Монголын волейболын холбоог залуу үе ажиллуулж байна. Бид ярилцаад дөрвөн том зорилт тавьсан. Хамгийн түрүүнд бид Улаанбаатар хотод Монголын волейболын холбооны заалтай болохоор газраа аваад байна. Алдар спорт хорооны ард талд газраа авсан. 2021 онд хүлээж авахаар төлөвлөсөн. Өнөөдөр манай улсад Волейболын Үндэсний шигшээ баг байхгүй болсон, энэ маш эмгэнэлтэй. Гадаадын тэмцээн уралдаанд аль нэг клубийг явуулж байна. Энэ асуудлыг цэгцэлж Улсын шигшээ багтай болохоор ажиллаж байна. Мөн Монголын волейболын холбооны тамирчдын бүртгэлтэй болгох асуудлыг эхлүүлээд байна даа.

   - Волейболын спортоор хичээллэдэг хэчнээн хүмүүс байдаг вэ? Танай холбооноос гаргасан судалгаа байдаг уу?
   - Ер нь цөөхөн шүү. Лигийн аварга шалгаруулах тэмцээнд гэхэд л 30,40 тамирчин байна уу, бараг хүрэхгүй. Иймээс бид волейболыг олон нийтэд сурталчлах хөтөлбөр боловсруулан, волейболын хөгжлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Залуучуудыг волейболын спортод дуртай, сонирхолтой болгох нь л чухал байна. Лигийн тэмцээнийг сайн зохион байгуулж байж бид Үндэсний шигшээ багаа бүрдүүлнэ.

   - Та волейболын спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
   - Би арван жилийн сургуулийн хүү байхаас л волейболын спортоор хичээллэж, шигшээ багийн тамирчин байлаа. Манай багш солгой Дангаа гэж их сайн багш байлаа. 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл волейболын спорттой холбоотой явна даа. Эрчис тал баг маань ахмадын баг. Бид олон амжилт гаргаж таван жилийн ойн баяраа тэмдэглэсэн.

   - Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
   - Аливаа нэгэн спортод санхүү хэрэгтэй. Санхүүтэй байж бид илүү хөгжүүлнэ. Энэ удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд сэтгэл гаргаж, ивээн тэтгэн оролцож байгаа уурхайчдадаа, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танд баярлаж талархсанаа л дахин хэлмээр байна.

   - Волейболыг та цөөн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?
   - Би шатар их тоглодог. Шатрын дэд мастер. Шатар нь спорт, шинжлэх ухаан, урлаг гурвын нийлбэр гэлцдэг. Тэгвэл волейбол яг шатар шиг. Спорт, урлаг, шинжлэх ухаан. Волейболыг урлагжуулж, судлах ёстой спорт гэж боддог.
 
Ярилцсан А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс
 
   - Тоглолт үзээд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Залуучуудын хөгжил та бүхний төсөөлсөн хэмжээнд хүрч чадаж байна уу?
   - Энэ жилийн Монголын Волейболын Үндэсний дээд лиг Эрдэнэт хотод болж байгаа нь онцлог юм. Зохион байгуулалт маш өндөр түвшинд болж, ахмадуудаа их хүндэтгэлтэй хүлээн авч байгаад баярласан сэтгэлээ илэрхийлье. Лигийг анх зохион байгуулахад би “Уурхайчин” багийн эзнээр ажиллаж, легионер тамирчдыг эх орондоо урьж байлаа. Өнөөгийн өндөрлөгөөс харахад легионерууд муудаад байна уу, манай тамирчид өсөөд байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Тэгэхээр манай залуучуудын чадвар эрс өсчээ. Дэлхийн зиндаанд хүрэхийн тулд хэдий үнэтэй байсан ч бид легионеруудыг урьж авчирдаг юм. Дараа дараагийн удаа Улсаас тусгайлан анхаарч, мэргэжлийн клубийн легионеруудыг урьж оролцуулбал волейболын хөгжилд томоохон түлхэц болно гэж бодож байна.

    - Залуу үеийнхнийг спортод уриалахын өгөөжтэй тал нь юу вэ?
   - Бидний үетэй харьцуулахад өнөөгийн спортын хөгжил их боловсронгуй, хувь хүнийг нэг төрлөөр нь дагнан хөгжүүлж байна. “Миний дүү волейбол тоглох уу, сагс тоглох уу” гээд гуйдаг байсан бол өнөөгийн хүүхдүүд өв тэгш бие бялдрын хөгжилтэй болсон нь тэдний давуу тал юм. Хүсэл сонирхол нь байвал ямар ч спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний тамирчин болох боломж нь нээлттэй байна шүү дээ.

   - Волейболын хөгжилд шүүгч, дасгалжуулагч нар хамгийн их үүрэг, оролцоотой байдаг болов уу. Энэ тал дээр таны бодол?
   - Волейбол тоглож байсан хүүхдүүд ихэнхдээ дасгалжуулагч болсон харагддаг. Үндсэндээ мэргэжлийн дасгалжуулагч Монголд ховор болжээ. Шүүгч нарын хувьд Олон Улсын мэдлэг, туршлагаас суралцаж, хөгжөөсэй гэж бодогддог юм. Шүүхийн хувьд тэд шударга, сайн шүүж байна. Гэхдээ олон тэмцээн уралдаанд оролцож, юм үзсэн хүн л тэр хэрээр боловсордгийг мартаж болохгүй. Сургалтанд хамруулж, гадны орнуудаар явуулах хэрэгтэй.

   - Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайг үзэж сонирхсон сэтгэгдлээ бидэндтэй хуваалцахгүй юу?
   - Оросууд Эрдэнэт үйлдвэрийг бидэнд хайр харамгүй барьж байгуулж өгсөн. Монгол Улсыг тэжээн тэтгэсэн энэ уурхай өнөөдөр Монголын ард түмний бүтээн байгуулалт болсныг бид харж танилцлаа. Ямар сайхан үйлдвэр байна. Эрдэнэт хот ч хөгжин цэцэглэжээ. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэр иргэдийн сайн сайхан амьдрах нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөнд их олзуурхаж байна. Биднийг тоглодог байх үед волейболын тусгай зориулалтын дэвжээ Улаанбаатарт ганцхан байсан бол одоо хаа сайгүй л байна. Би хувьдаа Эрдэнэтийг стрессгүй хот гэж харлаа, ийм хангамж нөхцөл өнөө цагт ховор болсон доо. 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог