Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019

  Нийгмийн хариуцлагын шилдэг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр, их спортыг дэмжиж ирсэн баялаг бахархам түүхээ нэгэн шинэ хуудсаар дахин зузаатгалаа. Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамтран ажиллаж, Эрдэнэт хотдоо өнөө цагийн волейболын шилдгүүдийг авчирсан нь ойрын өдрүүдийн тод “сонин” байв. Хангарьд палас гурван өдрийн турш үзэгчдийн уухай, тамирчдын өрсөлдөөнд доргиж, Эрдэнэтчүүд волейболын спортын хөгжлийн томоохон “зүтгэлтнүүд” гэдэг нь энэ өдрүүдэд нотлогдлоо.

 

 
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Волейболын ордныг Эрдэнэт хотод барихаар боллоо

   Эрдэнэт хотод болсон волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний үр дүнгээс гарсан хамгийн сайхан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Бадамсүрэн хаалтын үйл ажиллагааны үеэр дуулгав. Үе үеийн волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, волейболын ордныг Эрдэнэт хотод сүндэрлүүлэх болсон нь зөвхөн уг спортынхон төдийгүй уурхайчдын хотын иргэдэд барьсан гайхалтай бэлэг боллоо. Үндэсний дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дээрх таатай мэдээг дуулгаж, зохион байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.  Тэрээр “Сэтгэгдэл өндөр байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг 7 жил завсарласны дараа энэ жилээс тус холбооны шийдвэрээр сэргээн зохион байгуулагдаж байна. Волейболын холбооноос намайг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар томилсон. Тэмцээн маань эхлээд Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Волейболчид бидний хэлдэгээр “аялан тоглолт” нэртэй  тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ “аялан тоглолт” буюу Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн тэмцээний тодорхой тоглолтууд Эрдэнэт хотод боллоо. Тоглолт маш гоё өрсөлдөөнтэй байж, залуучууд маань сонирхолтой олон тоглолтыг үзүүлж чадлаа.  ОХУ, Япон, АНУ-аас легионер тоглогчид ирж, өөрсдийн ур чадвараа үзүүлж, Эрдэнэтчүүд уурхайчдыг баясгаж, сэтгэлийг нь өндөр хэмжээнд аваачсан сайхан тоглолтууд байлаа. Ер нь тамирчдаа харахад, бахархах сэтгэл төрж байв. Би Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажилласан. Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотод Бөхийн өргөөний танхимд зохион байгуулж байлаа. Тэр үед их сайхан сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ манай тамирчид хэзээ эд нар шиг нуруулаг болж, ур чадвар нь өсөх бол гэж бодож суусан. Харин энэ удаагийн багууд миний тэр бодол санааны том хэсэг нь хэдийнэ биелэлээ олсон байна гэдгийг харуулж чадлаа. Тэр жилийн Зүүн Азийн аваргын тэмцээнд манай эмэгтэй баг Хятадын багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан нь дурсамж бас энэхүү өдрүүдэд сэргэлээ. Мөн энэ удаад залуучуудаа дэмжиж, тоглолтыг нь үзэхээр  ахмад волейболчдын төлөөлөл зорьж ирсэн.  Тухайн үед залуу насандаа дэлхийн аваргын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан МУГТ Ц.Шоовдор тэргүүтэй мундаг волейболчид, шилдэг мастерууд хүрэлцэн ирсэн нь бас сайхан хэрэг байлаа. Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга болон Монголын Волейболын холбоо, манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хамтран зөвлөлдөж, нэг сайхан шийдвэр гаргалаа. Олон жил бид Монгол улсдаа Волейболын ордонтой болъё гэж ярьж ирсэн. Энэ ордноо Эрдэнэт хотод барья гэсэн хамтын шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маань Монголын залуучуудын сэтгэл санаанд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Монголын үе үеийн бүхий л волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Манай уурхайчдын үр хүүхдүүд, залуучууд маань баяртай байгаа гэж бодож байна. Тиймээс энэ ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монгол волейболчид өөрийн гэсэн ордонтой болж, тэндээ уран гоё тоглолтуудаа үзүүлэх сайхан мөч улам ойртож байгаад залуучууд, волейболын спортынхон сэтгэл өндөр байгаа нь энэ өдрүүдэд харагдлаа. Өөр нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, миний анх 1995 онд байгуулалцаж байсан Уурхайчин клубын баг маань их залуужсан байна. Энэ багийг байгуулахдаа одоогийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхантай хамтарч байлаа. Г.Баярсайхан маань дасгалжуулагчаар олон жил ажилласан. Энэ жилээс холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, хамтдаа энэ удаагийн лигийн тэмцээний зохион байгуулж буйдаа баяртай байна. Манай “Уурхайчин” багийн 70 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Тэд маань ах эгч нартайгаа ур чадварын хувьд дутах юмгүй тоглолоо. Мэдээж, өсвөрийн насны хүүхдүүд учраас бяр, туршлагаар дутуу. Г.Баярсайхан дасгалжуулагчийн хэлснээр тэд маань Уурхайчин багийн зургаа дахь үеийн тамирчид болж байгаа. Тоглолтын өдрүүдэд үнэхээр тэднээрээ бахархаж суулаа. Тиймээс аль болохоор дэмжиж, хурдан хугацаанд өсөж туршлагажихад нь хувь нэмэр болох юмсан гэсэн сэтгэл өвөрлөж, энэхүү үндэсний дээд лигийн аялан тоглолтыг өндөрлүүлж байна. Түүнчлэн тэмцээний хаалт болгож, гурван өдрийн турш уран гоё тоглолтоороо бидний нүд сэтгэлийг баясгасан залуучууд, тамирчдадаа зориулан “Шидэт бөмбөлөг” цэнгүүнийг зохион байгуулж байна. Волейболчид маань тэмцээний сонин хачинаас ярилцаж, цаашлаад Улаанбаатар хотод үргэлжлэх тоглолтынхоо талаар хоорондоо зөвлөлдөж санал солилцох боломжийг өгч байгаа юм” гэж Эрдэнэт дэх лигийн тоглолтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.    
 
 

Багийн спортод хөрөнгө оруулалт хийх нь нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр
 
   Волейбол хурд хүчний төдийгүй оюуны спорт гэдгийг волейболын зүтгэлтнүүд хэлдэг. Тэр утгаараа уг спортоор сонирхон хичээллэгсэд бие бялдрын болоод оюун ухааны тэгш хөгжил, хүмүүжилтэй болж, бие хүний хувьд хамгийн зөв төлөвшлийг олж авдаг аж. Зөв төлөвшилтэй иргэд сайн нийгмийг бүтээх нь лав. Багийн спортыг хөгжүүлж, бэхжүүлэх нь хүнээ, залуу үеээ төлөвшүүлэх гол үндэс суурь болдог гэдгийг волейболын Үндэсний дээд лигийн үеэр олон хүн ярьж байлаа. Тиймээс ч лигийн тэмцээнд оролцож буй багуудад хөрөнгө оруулалт хийж, дэмжин авч яваа багийн эзэд, дасгалжуулагчдын хувь нэмэр илүү тод томруун харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. “Багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдийчинээ санхүүгийн боломжтой байна, төдийчинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Мөн санхүүгийн чадамжтай, хөл дээрээ боссон багийн спорт нь  хичээллэгсдэдээ хүмүүжлийн маш зөв чиг баримжаа суулгаж өгдөг. Аль ч спортын төрөлд ийм байдаг” гэж Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхан ярьсан. Тэгвэл хэдхэн сарын өмнөөс Булган багаа шинээр бүрдүүлж, волейболын спортод  сэтгэл зүтгэлээ зориулахаар шийдсэнээ Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөн л хүүхэд залуусын зөв төлөвшилтэй холбон тайлбарласан. Тэрээр анхны лигт Булган багаа сойж буй шинэхэн багийн эзэн. “Волейболын спорт бол багийн спорт. Энэ төрөлд спортоор  анх хичээллэх сонирхолтой хүмүүс тоглож чадах  магадлал их байдаг. Хамгийн анхан шатны спорт мэддэггүй хүн ч сурах боломжтой. Энэ утгаараа ирээдүй үеийнхнээ, залуучуудаа энэ спортод дуртай болгох үүднээс энэ төрлийг дэмжиж, орж ирсэн. Миний хувьд, хүүхэд ахуй үедээ волейболд дуртай, их үзэж сонирхдог байсан. Нөгөө талаар манай Булган аймаг үе үеийн волейболын алдартай сайн тамирчидтай. Алтангэрэл, Тамир гээд лигийн аварга тамирчид манай Булганых. Тэдний тоглолтыг үзэж, бахархаж явсан маань Булган багаа дэмжиж, лигт “сойх”-од нөлөөлсөн гэж бодож байна. Манай баг тун саяхан байгуулагдсан ч сайн тоглож байгаа. ОХУ-аас 2 легионер тамирчин авчирсан. Багийн нийт бүрэлдэхүүн 18-25 насны залуучууд байгаа. Багийн спортоор дамжуулан эх орондоо сайн тамирчдыг бэлтгэх зорилготой” гэсэн юм. Учраа багтайгаа эн тэнцүү өрсөлдөж, “хатуу боорцог” гэдгээ тоглолт бүртээ мэдрүүлж байсан Хобби айс багийн эзэн нь волейболын спортод элэгтэй Наранбаатар. Тэрээр волейбол тоглодог охиноо дуртай зүйлээр нь хөгжүүлэхийн тулд  Хобби айс багаа дэмжин авч явах болсон гэдгээ хэлсэн. Ингэж багийн спортод санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаа нь дан ганц спортын хөгжилд  бус ирээдүй үе, нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлоё. 
 
   
  
Уламжлал дээр суурилсан шинэчлэл волейболд ч бас чухал
 
   Өчигдөргүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш гэж байдаггүй. Энэ бол аливаа зүйл бүхэн өмнөх үеэсээ суралцаж, өнөөдөр хөгжиж, маргааш илүү сайныг бүтээх салшгүй зүй тогтолтой гэсэн үг юм. Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр,  волейболын спортын ахмад зүтгэлтнүүдээ урин ирүүлсэн нь үүнтэй утга нийцнэ. Монголын волейболын хөгжилд өөр өөрийн үнэтэй байр суурьтай, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж явсан ахмад волейболчид энэ өдрүүдэд дурсамж замналаа хуваалцахын зэрэгцээ багийн спортын давуу тал, ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх олон чухал санааг хэлж байсан нь Үндэсний дээд лигийн тэмцээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлсэн. Өнөөдрийн волейболын спортын хөгжлийн түвшин, тамирчдын ур чадвар гээд олон өгүүлэх зүйлтэй тэмцээний талаар дүгнэлтээ хэлж, санаа бодлоо ч энэ үеэр хуваалцлаа.  Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн хэлэхдээ “Би волейболын спортын Гавьяат тамирчин Доржжүгдэр багшийн шавь гэдгээрээ бахархаж явдаг.  Улсын шигшээ багийн тамирчин байлаа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер цолонд хүртлээ волейболын спортоор хичээллэсэн. Энэ удаагийн волейболын Үндэсний дээд лигийн зарим тоглолтуудыг үзэж сонирхохоор Эрдэнэтэд ирлээ. Үнэхээр маш сайхан зохион байгуулалттай, өндөр хэмжээний тэмцээн боллоо. Залуучуудын  ур чадварын түвшин их өсөж байгаа юм байна. Хувь хүнийг нийтэч, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг зан чанарт сургадаг сайхан спортын төрөл бол волейбол. Үүнийг дэмжиж залуу, дунд, ахмад үеийн тамирчдыг нэг дор уулзуулж, волейболын хөгжлийг олон талаас нь харах боломж олгосон Эрдэнэт үйлдвэрийнхэн, Монголын Волейболын холбооныхондоо маш их баярлаж байна” гэсэн бол ахмад тамирчин, ОУХМ Г.Таня “Волейболын спортоор 60 жил хичээллэж явна. Алдар нийгэмлэгийн тамирчин. Эрдэнэтэд олон удаа тэмцээн уралдаанд оролцохоор ирж байсан ч энэ удаагийн лигийн тэмцээн маш өвөрмөц боллоо гэж хэлмээр байна. Нээлтийн ажиллагааны үеэр аваргын цомыг өндөрөөс буулгаж, харуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Залуу тамирчдын ур чадвар, тоглолтын техник боловсронгуй болж, өссөн байна. Бие бялдрын хувьд ч гадны тамирчдаас огт дутахааргүй болсон байна. Ажилсаг, ухамсартай болгож, бүх талын өв тэгш хүмүүжлийг олгодог волейболын спортоор олон залуус, хүүхдүүд маань хичээллэж суралцаасай гэсэн бодол энэ өдрүүдэд ихээр төрлөө” хэмээн сэтгэгдэлдээ өгүүлэв.
 
   
 
Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн                                                         Ахмад тамирчин, ОУХМ Г.Таня
 
 
   Монголын волейболын өнгө төрх өнөөгийн залуу тамирчдын гарт буйг ахмадууд бас өгүүлж, тэдэнд урам зориг сургаалиа харамгүй өгсөн. Тэдний бий болгосон үндэс суурь дээр маргаашийн волейбол цэцэглэн хөгжих нь мэдээж. Үндэсний дээд лигийн тоглолтууд тамирчдад өөрсдөд нь ч мартагдахааргүй дурсамж үлдээж буйг тэд сэтгэгдэлдээ дурьдсан. “Хасу Мегастарс” багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар “Үндэсний дээд лигийн Аялан тоглолтоо 3 өдөр Эрдэнэтэд хийлээ. Зохион байгуулалт, үзэгч хөгжөөн дэмжигчид, заал талбай гээд бүхий л талд  маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн тэмцээн боллоо. Манай баг 2 удаа тоглож, хоёуланд нь хожил авлаа. Биднийг сайхан хүлээн авч, дэмжсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж, “Хос бар” багийн тамирчин Д.Эрхэтбаатар “Би багийнхаа хамгийн залуу тамирчин нь. 18 настай. Энэ спортоор хичээллээд 2 жил болж байгаа. Анхны лигтээ оролцож байна. Том туршлага өгч байгаад баяртай байна. Эрдэнэт хотын тоглолтууд зохион байгуулалтын дээд түвшинд боллоо. Олон жилийн дараа сэргээж байгаа Лигийн тэмцээн их хүлээлтэй байсан нь харагдлаа. Багууд маш хүчтэй, бэлтгэл сайн байна. Улам сайн тоглохын төлөө хичээнэ” гэж урам зориг, хүсэл тэмүүллээ хуваалцлаа. Харин “Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал “Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж бодож байна. Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг” хэмээн амжилтын нууцаа дэлгэсэн.
 
      
“Хасу Мегастарс”                                                       “Хос бар”                                                       “Хасу Мегастарс” 
багийн тамирчин                                        багийн тамирчин багийн ахлагч                                 спортын мастер 
ОУХММ.Цэрэнбаатар                                               Д.Эрхэтбаатар                                                    А.Даваажаргал      
 

   Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээнд 26 шүүгч, мэргэжлийн стастистикийн баг ажиллаж байна. Ерөнхий шүүгч Х.Золдэлгэр “Энэ жилийн Үндэсний дээд лигийн гол онцлог бол Эрдэнэт үйлдвэр ерөнхий зохион байгуулагчаар оролцож, аялан тоглолт Эрдэнэтэд боллоо. Тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд бэлтгэгдэж, Эрдэнэт үйлдвэрийнхэн онцгой ач холбогдол өгсөнд талархаж байна. Эрдэнэтэд болж буй 2 дугаар тойргийн тоглолтоос харахад багууд жигд сайжирч, чанаржиж байна. Мөн энэ удаагийн лигт багууд маш их залуужсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин багт 15-16 настай, Энагурэ багт 17 настай хүүхдүүд үндсэн тамирчдаар тоглож байна. Тэгэхээр волейболын гуравдахь үеийнхэн хэдийнэ гараад ирчихсэн, залуучуудын шигшээ баг бүрдэхэд бэлэн болсон байна. Үндэсний дээд лиг бол залуу тамирчид тэр тусмаа өсвөр үеийн хүүхдүүдэд волейболын спортоор хичээллэх дур сонирхлыг нь төрүүлэх, ирээдүйн тамирчдыг гаргаж ирэхэд том ач холбогдлоо өгдөг. Энэ бол уг спортын хөгжилд өгөх хамгийн том шинэчлэл” гэдгийг тэмцээнийг дүгнэж онцолсон.
 

   Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн Монголын волейболын спортын хөгжилд том мөрөө үлдээж, волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь хамтдаа бичлээ. 
 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгc
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн гэх тодотголтой “Эрдэнэт долгион” FM 107.1 радио 25 жилийн турш Эрдэнэтчүүдийнхээ сонорыг мялаан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг шуурхай хүргэж ирсэн. Энэ хугацаанд дууны түвшин тохируулах төхөөрөмж сольж байснаас өөр техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй юм. Харин энэ удаа тус радиогийн техникүүдийг Америк, Итали, Хятадын тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчилж, хэвийн ажиллагаанд орууллаа. Техникийн доголдлоос шалтгаалан хэсэг хугацаанд зогссон “Эрдэнэт долгион” FM 107.1 радиогийн шинэ тоног төхөөрөмжийн  суурилуулалт өнгөрсөн бямба гарагт дуусч, сэтгүүлч, уран бүтээлчид Монголын волейболын дээд лигийн тэмцээний II тойргийн тоглолтоос шууд сурвалжлага бэлтгэн сонсогчдод хүргэснээр ажил нь жигдэрлээ.     
 
 
 
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтын хаалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Уурхайчин багийн эзэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй волейболын спортын талаар ярилцлаа. 

 

    - Уурхайчин багийн хамт олон Үндэсний дээд лигийн тэмцээнд хэр бэлтгэлтэй оролцож байна?
  - Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд манай Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид Үндэсний  дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа сэргээн, зохион байгуулж байна. Энэ лигийн тэмцээнд легионер тоглогчид урьж оролцуулж байна. ОХУ, Япон улс, АНУ-аас легионер тоглогчид оролцож байна. Ингэснээр өндөр ур чадвартай тамирчдын тоглолтыг залуучууддаа үзүүлж байгаа юм. Энэ жил Уурхайчин багаа бид онцлогтойгоор тэмцээнд оролцуулж байна. Үндсэн тоглогчдын дийлэнх хувь нь хүүхэд залуучууд, 15-17 насныхан энэ багийг бүрдүүлж байна.  Би Монгол Росцветмет нэгдлийн Ерөнхий захирал байхдаа Эрдэнэтийн Д.Алтансувд гэж охиныг анх 13 настайгаас нь Улаанбаатар хотод авч ирэн, дотуур байранд байрлуулан бэлдүүлж байлаа. Одоо олон улсын хэмжээний мастер болчихсон Монгол Улсынхаа урдаа барьдаг сайн тоглогч болсон. Энэ тоглогчоо Уурхайчин багтаа оруулж тоглууллаа. Уурхайчнаар овоглож байгаа залуучууд маань манай Монголчуудын хэлдгээр ирээдүйд цахиур хагалсан, гал гаргасан тоглолтыг гаргах, Монголын волейболын спортын нэрийг өндөрт өргөх баг тамирчид болно гэж бид ойлгож байгаа. Энэ удаагийн тоглолтод тэдэнд маань арай л бяр, туршлага дутаж байна даа.

   - Волейболын спортыг улам хөгжүүлэхийн тулд Эрдэнэт хотдоо волейболын ордон барьж байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ тухайд?
   - Монголын хүүхэд залуучууд, Орхон аймаг, Уурхайчдын хүүхдүүд, Уурхайчин залуучуудын маань сэтгэлд нийцсэн, бидний хүсэл мөрөөдөлд нийцсэн шийдвэр болсон гэж бодож байна. Энэ шийдвэрийг Монголын волейболын холбооны удирдлагууд, Орхон аймгийн удирдлагуудтай хамтарч ярилцаж байж гаргасан шийдвэр юм.

   - Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Орхон аймгийн ард иргэд, баялаг бүтээгч уурхайчид, Зэвсэгт хүчний 186-р ангийн хөгжимчид ирж багуудын тоглолтыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байлаа?
   - Улаанбаатар хотод Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болдог байлаа. Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй. Багуудаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид бүрээ үлээж, бөмбөр дараад л сайхан байдаг байлаа. Тэр үеийг санагдуулж байна. Волейбол нь хамт олныг нэгтгэдэг, хүчийг нь нэгтгэдэг сайхан спорт. Энэ хэдэн өдөр Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийнхэн  волейболоор амьсгалж байна. Багийнхаа тоглолтуудыг харж суухад энэ цөөхөн Монголчууд бидэнд сэтгэл нэгтэй байх, эв эетэй байх, бие биенээ дэмжихэд спорт их ач холбогдолтой. Тэрний нэг илрэл гэж харж байлаа.  Бид урд нь легонер тамирчдыг хүн явуулж, тоглолтыг нь харж байгаад сонгодог байлаа. Энэ удаад ажил ихтэй учир хүмүүсийг ч явуулж амжсангүй. Цаасаар судалгаа хийн цол хэргэм, өндрийг нь харж байгаад л цахим хэлбэрээр сонголт хийлээ. Сонгосон хүмүүсийг харж байхад ингэж сонголт хийх буруу юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Ийм хүмүүсийн чанар чансаа муудсан юм байна гэж харлаа. Уурхайчин багийн тамирчдыг маань хурцалж чадаагүй нь бидний хүсэн хүлээж байсан хүнийг сонгож авч ирж чадаагүйтэй ч холбоотой. Мөн аймагтаа волейболын ордонтой болох нь улсдаа төдийгүй цаашид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж байна. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ гэдэг суурь хүмүүжилд асар их чухал. Иймээс ч бид ач холбогдол өгч байна даа.

   - Залуу байхдаа та волейболын спортоор хичээллэдэг байсан. Тоглолтуудыг хараад сэтгэгдэл ямар байна?  Ахмад волейболчид ч ярьж байна. Гурван өдөр үнэхээр сайхан байлаа гэж?
   - Залуу нас сайхан. Би хөдөөгийн сумуудад голдуу сурч байлаа. Хөдөө суманд шатар тоглох, дугуй унах, теннис тоглох, эмнэг хангал сургахад л хичээж, сайн ч оролцдог байлаа. Дараа нь наймдугаар ангидаа төвийн арван жилийн сургуульд  заалтай газар орж ирээд волейбол тоглож сурсан даа. Улмаар ОХУ-д сурч байхдаа сагс, волейболоор нэлээн шамдангуй хичээллэж байсан. Яаманд, Бор-Өндөрт ажиллаж байхдаа ч тоглодог байсан. Тэр үеийг дурсан санаж байна. Энд уригдан ирсэн Үндэсний дээд лигийн тэмцээнийг үзэж байгаа ахмадууд тухайн үедээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байсан мундаг хүмүүс. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа, материаллаг бааз хэр байв? гэсэн хэдий ч сайн тоглодог хүмүүс шүү. Монголын волейболын холбооноос ач холбогдол өгч ахмадуудаа урьж авч ирсэн. Тоглолт дундуур ахмадууд маань  өөрийн сэтгэл, зөвлөмжийг өгч харагдана. 300 гаруй залуучууд ирсэн байна. Эрдэнэтийн  хүүхдүүд эдгээр тамирчдыг хараад волейболын спортод дурлаж, тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын эмэгтэй баг Хятадын багийг анх удаа хожиж мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш Монголын волейболчдын ур чадвар эрс нэмэгдсэн. Волейболд хандах хандлага нь өөрчлөгдсөн. Хүүхдүүдээ волейболоор хичээллүүлэх гэсэн эцэг,  эхчүүдийн хандлага нэмэгдсэн. Ийм ч учраас энэ удаагийн тоглолт Эрдэнэт хотод волейболын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

   - Танд амжилт хүсье.
   - Баярлалаа.
 
А.Батбаяр
Фото: Б.Баттөгс
   Эрдэнэт хотноо зохиогдсон Монголын Волейболын холбооны дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт амжилттай зохиогдлоо. “Шидэт бөмбөлөг” шоу цэнгүүний үеэр залуу тамирчдын төлөөлөлтэй уулзан, сэтгэгдлийг нь хуваалцлаа. 
 
“Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.ДАВААЖАРГАЛ:
Бид бусад багтай хэрхэн тоглохоо сайн судалдаг

 
 
   - Танай багийн амжилтын нууц юу вэ?
   - Дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад энэ жилээс сэргэж байна. Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Манай багийнхан харьцангуй намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж хэлж болно.

   - Багийн спортын онцлог юу байдаг вэ? Монголчуудад хэр ойр спорт вэ?
  - Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг. Нэгнийхээ арыг сайн даадаг байх нь чухал.

  - Дэлхийн дэвжээнд боломж хэр байна гэж хардаг вэ? Ямар дэмжлэг байвал Олон Улсын хэмжээнд хүрэх боломжтой гэж харж байна?
   - Шигшээ багт 3-4 жил тоглож, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Манай Улсын тамирчдын хувьд Олон улсад гарах боломж байгаа ч клубийн түвшинд байнгын бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байх шиг санагддаг. Үүнээс болж нэгнийгээ ойлгох ойлголцол нь дутаад байна уу гэж бодсон. Ойрын хоёр жилдээ бэлтгэл сургуулилт сайн хийгээд гараад ирэхийг үгүйсгэхгүй.

   - Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Орон нутгийн тоглолт ямар болж өнгөрөв?
   - Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр ач холбогдол өгч, хүлээн авсанд сэтгэл өндөр байна. 
   
   - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.
 
 
“Хилчин Алтайн барс” багийн тамирчин, спортын мастер Д.НАРАНЦАЦРАЛ:
Лигийг сэргээсэн нь хамгийн том ололт

 
    - Эрдэнэтэд ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?
   - Вагоноос буухаас эхлээд маш гоё санагдсан. Тамирчин хүн сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Биднийг угтах гээд автобуснууд эгнээд зогсчихсон, тайз засаад хүлээж авсанд үнэхээр гайхаж, “Бидэнд зориулсан шүү дээ” гэж бодохоор цаанаа нэг огшмоор байсан. Хүлээн авалт шинэлэг байлаа. Ийм сайхан хүлээн авсан Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
 
   - Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын баг тамирчид байна вэ?
   - Бүх баг түвшин ижил, хүчтэй өрсөлдөгч байж чадаж байна. Гол нь сэтгэлзүйгээрээ ялгардаг. “Хобби эйс”, “Энагурэ”, “Уурхайчин” багууд залуу бүрэлдэхүүнтэй, Монголын хувьд өсөх ирээдүйтэй мундаг тамирчид нэг багт оржээ гэж харагдсан. Лиг 7 жилийн дараа зохиогдоход хүлээлт их байсан учраас Волейболын холбоо болон багийн эздүүд ихээхэн ач холбогдол өгсөн нь харагдаж байна.

   - Таны зорилго, хүсэл мөрөөдөл?
   - Би 2009 оноос хойш лигт тоглосон. Багаа сольж байгаагүй. Спортод нас их хамаатай. Нас ахихаар туршлага суудаг нь ч байна, харьдаг нь ч байна. Өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ спортын хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг. Бүх тамирчид ийм сэтгэлээр бэлтгэлээ хийж, энэ спортоо хайрлаж, түүнд дурлаж, спортын төлөө бүхнээ зориулдаг байх гэж би бодож байна. Миний хувьд лигт тоглож эхлэх үеийн тэр мөрөөдлөө орхиогүй. Монголын төдийгүй Азийн, дэлхийн хэмжээнд Монголынхоо багийг гаргахыг хүсдэг. Гадны тамирчид ажил хийхгүйгээр зөвхөн спортоор дагнан хичээллэж, тэр хэрээр амжилт гаргадаг бол манай Монголд тийм зүйл алга. Зөвхөн сэтгэл зүрхээрээ энэ спортын төлөө нэгддэг. Энэ жилээс эхлээд гоё болох байх.

   - Волейболын спортын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
  - Жижиг тэмцээн олон зохиогддог болсон. Гэхдээ лигийг сэргээсэн нь хамгийн том ололт гэж бодож байна. Олон тамирчин үүнийг хүлээж байсан. Хүн ус уухгүй удаан явахаар ямар их ангаж цангадаг билээ. Тамирчин хүн ч ялгаагүй, тэмцээнээрээ “цангадаг”, хүсдэг, хүлээдэг. Яагаад гэвэл, тэр тэмцээн дээр өөрийн хамаг чадвараа нээж харуулах гэж бид бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Тэмцээн бүр бидэнд үнэ цэнэтэй, авсан медаль бүр сэтгэл зүрхэнд минь байдаг. Хүмүүс “Медаль үнэгүйдлээ” гэдэг, миний хувьд тийм биш. Хөлс хөдөлмөрөө урсгасан болохоор тэр бүхэн үнэ цэнэтэй санагддаг. 
 
 
“Булган” багийн тамирчин, спортын мастер А.ТҮВШИНТӨГӨЛДӨР:
Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна

 
   - Та тэмцээний сэтгэгдлээ бидэндтэй хуваалахгүй юу?
  - Би 2010-2012 оны хооронд “Харх” багт 2 жил тоглосон. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Алтайн барс” багт тоглож, лигийн тэмцээнд “Булган” багийн өндрийн дотлогчоор оролцож байна. Лигийн аварга шалгаруулах тэмцээн нь бусад тэмцээнийг бодоход цар хүрээ өргөн, оролцож байгаа багуудын чансаа өндөр, багийн эздүүдийн гаргаж байгаа сэтгэл их байгаа нь харагдлаа. Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан болоод ч тэр үү, зохион байгуулалт, нээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгууллаа.

   - Лигийн аваргын тэмцээнд хэр хугацаанд бэлтгэл хангав?
  - Бид сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Оролцогч багуудын хувьд 3-4 жилийн туршлагатай. Харин манай баг энд тэндээс нийлсэн хүмүүсээс бүрдсэн. Гэхдээ сүүлийн 2-3 жил бэлтгэл хийж тоглоогүй ч туршагатай тамирчдаас бүрдсэн гэж би хардаг. Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна. Бүх багийнхандаа тэмцээндээ амжилттай оролцоорой гэж хэлье.
 
 
“Эрчим” багийн тамирчин, спортын мастер А.ОЧГЭРЭЛ:
“Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй
 
 
    - Дээд лигийн аялан тоглолт ямар сэтгэгдэл үлдээж байна вэ?
   - Эрдэнэт хотод аялан тоглолт хийсэндээ сэтгэгдэл өндөр байна. Лигийн тамирчид Эрдэнэтийн үзэгчдэд уран гоё тоглолтуудаа үзүүлж чадлаа. Манай багийнхан сүүлийн 5-6 жил энэ бүрэлдэхүүнээрээ тоглосон. Бусад багийн залуу тамирчидтай харьцуулахад олон жил бэлтгэл хийж, гар нийлсэн нь давуу тал боллоо.

   - Өрсөлдөгч багуудын тухайд?
   - “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй. Өмнөх жилүүдэд ч хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Бид сайн оролцохыг хичээж байна.

   - Ур чадвараас гадна ухаан шаардсан спортын төрөл гэж ойлгож байна?
   - Тамирчин хүнээс яаж тоглох вэ гэдэг ухааныг секунд тутам шаарддаг спорт гэдэгтэй санал нэг байна. Тухайн цаг мөчид зөв шийдвэр гаргаж чадсан нь хожлыг гартаа авдаг. Тэгэхээр хэн зоригтой, хурдан шийдвэр гаргана, тэр хүнд ялалт ойрхон байдаг гэсэн үг.
   
   - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.
 
 
“Эрчим” багийн тамирчин, спортын дэд мастер, Б.БАТСУУРЬ:
Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна
 
 
   - Дэд мастерын болзол хангаж, өнөөдөр шагналаа гардсанд баяр хүргэе?
   - Тэмцээн үзэгч олонтой, багууд өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо. Миний хувьд волейболын спортоор 9 дэх жилдээ хичээллэж байна. Спортоор хичээллэснийхээ үр шимийг хүртэж, дэд мастерын болзол хангаж, үнэмлэхээ авлаа. Баяртай байна. Манай багийнхан Залуучуудын Улсын аваргын хошой алт, “Тэнүүн Огоо кап”, “Хасу кап”, “Монголын бүх ард түмний спартикад” гээд оролцсон бүх тэмцээндээ амжилт гаргасан. Цаашид олон тэмцээнд оролцож, Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна.
 
   - Талархалын үгсээ хэнд зориулан хэлэх вэ?
   - Хоёр багшдаа, гэр бүлийнхэн, багийнхандаа маш их баярлалаа. 
 
 
“Уурхайчин” багийн тамирчин Ц.СОДБАЯР:
Ах нараас сурах зүйл их байна
 
 
   - “Уурхайчин” баг харьцангуй залуу тамирчдаас бүрдсэн. Та бүхэн өөрсдийн ур чадварыг хэрхэн үнэлэв?
  - Би одоо 11 дүгээр ангид суралцаж байгаа. Спортын мастер Өлзийхутаг багшийнхаа удирдлага дор 4 дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна. “Уурхайчин” багийнхантайгаа хичээллээд хагас сар болсон. Эрдэнэт үйлдвэрийн нэрийн өмнөөс их том итгэл хүлээж, хариуцлага үүрч лигийн аварга шалгаруулах тэмцээнд орж байгаа ч итгэлийг нь алдах вий гэсэн айдас бидэнд байлаа. Ах нараас сурах зүйл их байна. Бид 1-2 жилийн дараа ур чадвараа улам сайжруулаад хүчтэй өрсөлдөгчид болох болно.

   - Өөртөө ямар зорилго тавьсан бэ?
  - Бэлтгэлээ сайн хийж, бүх л тэмцээндээ түрүүлмээр байна. Сурах зүйл их бий. Тэмцээндээ орж туршлага судлаад, өөрийгөө хөгжүүлээд явна. Оюутан болсон ч волейболоо орхихгүй.
 
 
“Эрчим” багийн легионер тамирчин НИКИТА СОБОРА АНДРЕЕВИЧ:
Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө
 
 
   - Волейболын спортыг хэзээнээс сонирхох болов?
    - Би 21 настай. ОХУ-аас ирж “Эрчим” багт тоглож байна. Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоор 3 дахь жилдээ волейбол тоглож  байна.

    - Монголын тамирчдын ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?
   - Монгол волейболчид техник сайтай, нилээд хурдтай тоглогчид байдаг. Энэ нь өрсөлдөгчдийн хувьд их хэцүү. Багийн тоглолт сайтай, сайн холбогч гэдгээрээ Монголын тамирчдад давуу тал олон бий. Волейбол бол оноо авахын төлөө ухаанаа уралдуулдаг сонирхолтой спорт. Тэр ч утгаараа энэ спорт надад таалагддаг.

    - Зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
   - Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархаж байна. Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө. Нийт тамирчиддаа амжилт хүсье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Өнөөдөр Монголын Волейболын холбооны дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд “Хангарьд” паласын дэвжээнд ширүүхэн өрнөлөө.  Тэмцээн “Хилчин Алтайн барс”, “Энагурэ” эмэгтэй багуудын тоглолтоор эхэлж, тоглолтын харьцаа 0:3 болсноор “Хилчин Алтайн барс”-ын эмэгтэй баг тамирчид чадварлаг тоглогчид болохоо харуулсан. Лигийн 50 дахь тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн Огоо” багуудын хооронд өрнөж, 3:1 харьцаагаар “Дархан сеть”-ийнхэн хожиж, оноогоо ахиулсан бол сүүлийн тоглолтод “Уурхайчин” багийнхан Б.Хосбаяр ахлагчтай “Хобби эйс”-ийнхэнд хожигдсоноор “Хобби эйс” баг хоёрдугаар тойрогт гурван хожилтой боллоо.
   Өрсөлдөөнтэй ширүүхэн тоглолтууд өрнөсөн энэ өдрийн эрэгтэй багуудын тоглолт “Мегастарс”, “Уурхайчин”-ны тоглолтоор үргэлжилсэн. Улмаар “Мегастарс” тоглолтын харьцааг 3:0 болгож, тойргийн хоёр дахь хожлоор оноогоо ахиулах боломж бүрдэж байна. Үндэсний дээд лигт эрэгтэй долоон баг хүч сорисноос “Булган” баг “Ховд Алтайн барс”-ын тамирчдад хожигдож, лигийн 53 дахь тоглолт энэ өдөр өндөрлөлөө. Монголын Волейболын холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан Волейболын Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд 13 багийн 200-аад тамирчин оролцож, 3 өдрийн турш “Хангарьд”-ын дэвжээг эзэгнэлээ. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс 
   Хасу Мегаватт ХХК-ийн дэд захирал, Монголын Волейболын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Алтансүх өөрийн “Хасу Мегастарс” багийн тамирчдаа дэмжиж байхад нь уулзаж ярилцлаа.
 

 
   - Танай баг энэ удаагийн тэмцээнд амжилт арвин уу?
   - Хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд эхэллээ. Манайх нэгдүгээр тойрогтоо зургаа тоглож, зургаа хожсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоосоо нэгээр гарсан. Эрдэнэтэд 16 тамирчинтай явж байна.

   - Өрсөлдөгчид “ширүүн” байна уу?
   - Үнэхээр сайн байна. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний онцлог нь легионер тамирчид урьсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг хоёр оростой, Булганы баг мөн хоёр оростой, “Алтайн барс” хоёр японтой, “Эрчим” баг нэг оростой. Харин манайх Америк, 198 см өндөр нэг тамирчинтай тэмцээнд оролцож байгаа. Ер нь багуудын чансаа ижил түвшинд байна. Тоглолтын дүнгийн харьцаа ч ойролцоо яваа.

   - Одоо энэ тоглож байгаа залуус “Хасу Мегастарс” клубын хэд дэх үеийн тамирчид вэ?
   - Манай гурав дахь үеийн тамирчид тоглож байна. Хасу Мегаватт компанийн “Хасу Мегастарс” клуб өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багтай. Манайд эмэгтэй баг байсан одоо байхгүй. Гурван үеийн тамирчид дээшээ бие биеэ нөхөөд явчихдаг юм. Хамгийн ахмад тамирчин нь 27 настай. Манайхаас Олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 10 гаруй төрсөн.

   - Монголын волейболынхны хамгийн том амжилтын талаар яриач?
   - 2008 онд болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд Хятадын багийг хожиж хүрэл медаль хүртсэн. Сүүлийн үед клубууд амжилт их гаргаж байна. Тухайлбал, манай баг түрүү жил Жакартад болсон Азийн наадамд оролцсон. Дараа нь Шри Ланкад болсон тэмцээнд оролцож багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн Японд очиж тоглосон, саяхан Буриад улсад зохиогдсон тэмцээний аварга болоод ирсэн. Гадаад, дотоодод чансаа үзэх тоглолтод оролцож л байвал туршлага хуримтлагдаж, баг сайжирдаг.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт Эрдэнэтэд боллоо. Сэтгэлд нийцэв үү?
   - Гайхамшигтай. Эрдэнэтчүүд маань биднийг үүрээр төмөр замын буудал дээр элэгсэг дотно хүлээн авч, халуун цайгаар дайлж, дуу хуур болж угтсанд сэтгэл үнэхээр огшсон. Орой нь “Хангарьд” паласт волейболын үндэсний дээд лигийн тэмцээний нээлт ёслол төгөлдөр, шинэлэг боллоо. Бүх үйл ажиллагаанд асар их сэтгэл, зүтгэл шингэсэн нь харагдаж байсан. Одоо тэмцээн маргаангүй, сайхан явагдаж байна.       
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
 
                     
 
  
 
   Монголын волейболын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний онцлогуудын талаар Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрчис тал клубийн захирал  Дашийн Баяраа ярьж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ.

 
   “Монголын волейболын холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хийхээр төлөвлөсөн нэгэн томоохон ажил нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2011 оноос хойш зогсонги байсан их спортыг бид зохион байгуулж байгаа нь нэг онцлог юм. Энэ тэмцээнээрээ Монголчууддаа волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх, таниулах, хөгжүүлэх их үйлсийг хамтдаа бүтээнэ. Бидний ирээдүй болсон залуучууддаа ахмадуудаа хүндэтгэх, бахархах ёстой гэдэг үүднээс гавьяатууд ахмад тамирчдаа урьж оролцуулж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Лигийн аваргын тэмцээнд хоёр япон тамирчин,  2,3м өндөртэй  АНУ-ын тамирчин анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна. Хөдөө орон нутагт анх удаа тэмцээний нээлт боллоо. Улаан хивсэн дээгүүр тамирчдыг алхуулна гэдэг тамирчдад итгэл төрүүлэн, урам зориг өгсөн сайхан үйл ажиллагаа болж байгаагаар онцлог болж байна.  Уурхайчин багт 15-16 насны, бидний ирээдүй болсон залуу тамирчдыг оролцуулж байгаа нь тэмцээний содон онцлог болж байна. Эдгээр залуус Монгол Улсын нүүр царай болсон шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна”. 
   “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбоог тэргүүлж байсан хүн. Энэ хугацаанд Уурхайчин багийг байгуулснаас хойш  21 дэх жилдээ баг нь амжилттай сайн явж байна. Энэ хүний сэтгэл, их спортыг дэмжиж байгаа нь үнэхээр агуу. Монгол Улсын хамгийн том үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хувьтай хүмүүс гэж боддог доо. Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамгийн идэвхитэй оролцож байгаа Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан ахдаа амжилт хүсье”. 
 
                                                                                              А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог