Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019
   Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-135.1 хувиар биелүүлэн ажиллаж байна. 
   Уулын цул гаргалт 104.9 хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 109 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.5 хувь, молбиденоор 125,1 хувиар биелүүлсэн бол  металл авалт зэсээр 100 хувь, молибденоор 135.1 хувь , баяжмал дах металлын агуулга зэсээр 100.8 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелжээ.
   Тайлант хугацаанд ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 103.9 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай биелжээ.
   Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.
 
 
А.Бямбамаа
 
   Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагнийн цогцолборын багш, уран бүтээлчид уурхайчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амралтын өдрүүдэд хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сараас “Заавал сурах 10 бүжиг”-ийн сургалт явуулж эхэлжээ. Бүжиг сонирхож, бие бялдраа хөгжүүлэхээр 100-аад уурхайчин тус сургалтанд хамрагдаж байна. Бүжгийн урлагийн гайхмашгийг мэдрүүлсэн тус сургалтын талаар Соёл, урлагийн цогцолборын бүжиг ангийн багш, бүжигчин Б.Нямлхагватай ярилцлаа.
 

 
   - Уурхайчдыг хөдөлгөөний дутагдлаас хамгаалах зорилгоор та бүхний эхлүүлсэн ажил үр дүнгээ хэрхэн өгч байна вэ?
   - Соёл урлагийн цогцолбороос санаачлан хэрэгжүүлж байгаа “Заавал сурах 10 бүжиг”-ийн ангид Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд маш идэвхтэй хамрагдаж байна. Сургалт эхэлснээс хойш суралцагчдын тоо нэмэгдсээр 100-д хүрчихлээ. Долоо хоног бүр шинэ бүжиг заадаг. Өнөөдрийн байдлаар зургаан бүжиг зааж сургаад байна.  Ажлын өдрүүдийн Лхагва, Пүрэв гаригт суралцагч нар маань Соёлын ордон дээрх  цэнгээнт бүжигт орох боломжтой. Шинэ бүжиг сурахын зэрэгцээ шинэ найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь бүсгүйчүүдэд их таалагдаж байх шиг байна. Бүжиг хүнд хамгийн их кайф өгдөг зүйл. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Сурахын төлөө өөрийгөө дайчилж яваа бүсгүйчүүдээ урамшуулахыг л хичээдэг.
 
   - Ямар бүжгүүд заасан бэ? Шинэ оны босгон дээр тайлангаа тавих уу?
  - Задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, гурван тамирын уянга, фолька, ёохор, чардаш бүжгийг заасан. Амралтын өдрүүдэд тогтмол 50-60 хүнтэй хичээллэж байна. Нэг бүжигнээс хоцорчихвол заалгаж байж санаа нь амардаг хүмүүс. Бид 12 дугаар сард тайлангаа тавьж, бүжигчдээсээ шалгалт авна. Нийтийн цэнгээнт бүжиг өнөө цагт заавал байх ёстой зүйлийн нэг болсон. Энэ чиглэлээр Соёл, урлагийн цогцолбор санаачилга гарган, сайн дураар бүжиг сурах сонирхолтой үйлдвэрийн ажилтнуудаа дэмжиж байгаа нэг хэлбэр юм.

   - Бүжгийн багш хүртлээ өөрийгөө хөгжүүлсэн таны хувьд урлагтай хэдий үеэс холбогдсон бэ?
   - Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын бүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие ШУТИС-ийг Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгсөж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн байдаг юм. Ажилд ороод 9 сар болж байтал “Уурхайчин” соёлын ордонд бүжигчин авах сонгон шалгаруулалт зарласан. Ингээд сонирхлынхоо дагуу шалгаруулалтад оролцож, 14 хүн өрсөлдсөнөөс “А” үнэлгээтэйгээр тэнцсэн. Энэ алхам миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Сайхан хамт олон дундаа их зүйл сурч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлж явна. Намайг ажилд орох үед Эрдэнэт үйлдвэрийн ажлыг нэгдүгээрт тавих, хувийн уран бүтээлийг хоёрдугаарт тавих ёстой шүү гэж захиж байсан. Тэр утгаараа үйлдвэрийн хэмжээнд зохиогдож байгаа урлагийн ажлуудад илүүтэй анхаардаг. Хувийн уран бүтээл талаасаа төвийн болон хангайн бүсийн гоцлол бүжигчдийн уралдаанд оролцож, ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон Олон Улсын гоцлол бүжигчдийн уралдаанд 3-р байрт шалгарч байсан.
   
   - Бүжгийн урлагийг цөөн үгээр юу гэж илэрхийлэх вэ?
   - Орсон хүн гарч чаддаггүй, хамгийн их кайф өгдөг, соронзон мэт өөртөө татагч гайхамшигтай урлаг гэж хэлнэ.

   - Бүжигчин хүний мэргэжил юугаараа онцлог вэ?
   - Бүжигчдийг хараад байхад дуучид, хөгжимчдөөс илүү задарч чаддаг юм болов уу. Дийлэнх нь залуучууд байдаг учраас тал бүрт хөрвөх чадвартай, авьяаслаг юм шиг санагддаг. Манай “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ч үүнийг тод харуулдаг гэж бодож байна.

   - Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Мягмар, 12 11-р сар 2019 00:00

“Залуу ажилтны сургалт” боллоо

   Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллагаа,онцлогийн талаар мэдээлэл хийв. Уг сургалтад 35 хүртэлх насны 99 ажилтан хамрагдсан бөгөөд “Байгууллагын хөгжилд-Залуучуудын оролцоо”, “Залуу үе-Төлөвшил”, ХАБЭА-н манлайлал” зэрэг сэдвээр Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэг, Эрдэнэт сургуулийн ахлах багш,сэтгэл судлалын ухааны магистр Б.Уламбаяр, ХАБЭА-н хэлтсийн Тэргүүлэх инженер Ц.Оргил нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр тус цехийн лаборант Б.Бота, дээж авагч Б.Шүрэнцэцэг, засварчин Д.Батзориг нарыг Орхон аймгийн хүндэт тэмдгээр  шагналаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу тэдэнд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.
 
Т.Батчулуун
 
 
 
 
 
 
 
 

   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат уурхайчин, волейболын спортын ОУХМ Д.Цагаан-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

 

   - Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн Эрдэнэтэд явагдаж байна. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 
   - “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг байнга дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Волейболын лигийн тэмцээнийг хүмүүс хамгийн их үздэг байсан. 2012 оноос хойш волейболын лигийн тэмцээн завсарласан. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан байдаг. Энэ хүн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд уг тэмцээнийг дахин сэргээн, удирдан зохион байгуулсанд баяртай байна. Эрдэнэт хот, үйлдвэрийн баг, Монголын волейболын холбооны таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа түрүүлж дээд амжилт тогтоосон.  Бидний энэ буухиаг үргэлжлүүлж Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид тус тэмцээнд оролцож байгаад сэтгэл өег явна. 

   - Таныг нэгэн үед Ховдын, Эрдэнэтийн Цагаанаа хэмээн волейбол сонирхогчид нэрлэж явсан юм билээ. Хэзээнээс та волейболын спортыг сонирхож эхэлсэн бэ?
   - 1971 онд би Ховд аймгийн улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн юм. Аймгийн “Шонхор” цол аваад нэлээн урамшсан. Ер нь бөх болох мөрөөдөл тээж явлаа. Монгол улсын арслан Шаравын Ванчинхүү миний нагац. Аав маань аймгийн заан цолтой хүн байлаа. 1971 онд Монгол улсын волейболын үндэсний шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод тарсан байдаг. Тэгэхэд волейболын спортын үндэсний  шигшээ багийн гишүүн А.Кингисхан багш Ховд аймагт ирж ажиллаж амьдарсан юм. Энэ хүний тоглолтыг биширснээр эчнээ шавь нь болж, бөхөө орхиод эргэлт буцалтгүй волейболын тамирчин болохыг мөрөөдөж эхэлсэн. ОУХМ А.Кингисханы тоглолтын өвөрмөц довтолгооны техникүүдийг  харж, өөрийн болгосон. Ховдод тухайн үед волейбол их хөгжсөн. Зун лагерьт албан байгууллагаараа нэгдээд волейбол байнга тоглоно. Би хүүхэд байсан болохоор гарсан бөмбөгийг нь зөөж өгнө. Гурван удаа бөмбөг авчирсан тохиолдолд нэг удаа бөмбөг давуулах эрх надад олгодогсон. Ингэж л би энэ спортод багаасаа дур сонирхолтой болж, бие сэтгэлээ зориулсан хүн дээ.

   - Та оюутан болоод волейболын спортоор хичээллэсээр л байсан уу?
   - Тэгэлгүй яахав. Дархан хотод оюутан болсон. Энэ үед миний тоглолт арай өөр болчихсон байлаа. Дарханд нэлээн сайн тоглогчид байсан. Ихэвчлэн багш нартайгаа тоглоно. Эндээс миний волейболчин болох гараа эхэлж залуучуудын шигшээ багийн тамирчин болсон юм. Тэгээд гурван жилийн дараа Дархан хотын политехникумыг баяжуулагч-техникч мэргэжлээр төгссөн. Бид  дөрвөн жил сурах байсан ч яамны бодлогоор нэг жилд нь ОХУ-ын ижил төстэй үйлдвэрт мэргэжлээр нь ажиллуулах шийдвэр гарсан юм. Тухайн үед намын хорооны товчооны гишүүд хүн нэг бүрийг авч хэлэлцдэг байлаа. Тэгээд Ц.Одсоргочоо, бид хоёрыг ОХУ уруу явуулаагүй. Хожим удирдах ажилтан бэлтгэх сургалтад ОХУ руу явуулна гээд Сургалтын төвийн багшаар томилсон. Сургалтын төвийн анхны баяжуулагчдыг  бэлтгэхэд хоёр жил гар бие оролцож явлаа. Дараа нь Эрдэнэт үйлдвэрт ээлжийн мастераар ажиллаж, миний ажил амьдралын замнал үргэлжилсэн дээ.
 
 
     - Эрдэнэтийн волейболын шигшээ багийн тамирчин болсон дурсамжаасаа хуваалцана уу?
   - Эрдэнэтэд ирээд волейболчдоо эрж сурахгүй юу. Спорт сонирхогч, МАНЗ-ын орчуулагч Нямаасүрэн гэж хүн намайг Санжмятавтай уулзахыг зөвлөсөн л дөө. Тэр хүн намайг сагс тоглохыг харсан юм билээ. 35-р баазын жолооч Эрдэнэ-Очир, Р.Санжмятав нартаа нэгдээд баг бүрдсэн. 1976 онд Эрдэнэт, Булган аймгийн хороо байсан юм. Манай баг 10 сард Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ үеэр Булган аймаг, Р.Санжмятав бид хоёрыг шигшээ багтаа авсан. Хойд бүсийн тэмцээнээс Булган аймгийн шигшээ баг шалгараад улсад өрсөлдсөн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа Ж.Дарьбазар багштай танилцсан. Хавар нь багш Эрдэнэтэд ирж амьдарсан. Тэгэхэд л би их баярласан санагддаг. Багштайгаа нэг багт тоглох болсонд тэр. Цагаан, Жамба, Содномрэнцэн, Санжмятав, Эрдэнэ-Очир нарын хүмүүсээр Эрдэнэтийн анхны волейболын баг бүрдэж байлаа. Энд Хялганатын Б.Зулбаатар, 10-н жилийн дунд сургуулийн сурагч Б.Сүхбаатар нар багтсан. 1979 онд Бүх ард түмний спартакиад Төв аймагт болсон юм. Эндээс манай баг шалгараад Улаанбаатарт  Хөдөлмөр нийгэмлэгтэй  хүрэл медалийн төлөө тоглоод шүүгчийн булхайгаар ялагдсан. Дараа жил нь манай баг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын анхны спортын баг хүрэл медаль авсан түүх ийм. 
 
   - Таны тоглолтын ур чадварт юу нөлөөлсөн гэж боддог вэ?
  - Эрдэнэтийн барилгын “Медимолибден строй”-д ОХУ-ын 15 ресбупликээс ирсэн 26 мянган барилгачид ажиллаж байлаа. Тэдэн дунд хотынхоо шигшээ багт тоглож явсан аваргууд ирсэн нь Эрдэнэтэд волейболын спорт хөгжихөд түлхэц болсон. Сайхан өрсөлдөөнтэй ч байж. ОХУ-ын ОУХМ Белов.М.Е, спортын мастер Лебедев.А.С, Кулик.И.Б, Янченко.С, Иваник.А.Д, Баярчук.А. нарын дүр төрх, тоглолтын арга барил нь миний сэтгэлд тод үлджээ. Эдгээр мастеруудтай тоглоход манай баг шагналт байр л эзэлдэг байлаа. Тэгэхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд манай баг гуравдугаар байр эзэлж байх жишээтэй.  Ер нь мастеруудтай тоглож явсан маань бидний ур чадварт их нөлөөлсөн. 1984 онд манай баг Улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. 1985 онд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд болсон юм. Энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Финалын тоглолтод заал хөл гишгэх зайгүй үзэгчдээр дүүрчихсэн байлаа. Жил бүр волейболын шигшээ багаас шилдэг 12 тамирчныг шалгаруулдаг уламжлалтай байсан. Миний бие оны шилдэг волейболчноор  дөрвөн удаа шалгарч явлаа. 1986 онд манай баг Дарханд болсон УАШТ-ээс хүрэл медаль авч амжилтаа бататгасан. 1988 онд Эвлэлийн төв хорооны цомын төлөөх тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэн. Манай баг ЗХУ-ын (хуучнаар) Эрхүү, Улан-Удэ, Новосибирск, Красноярск хотод Олон улсын тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байлаа. Манай үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай. Надад ажлаас чөлөө олгодоггүй байсан. Ажлаа хийж яваад л тэмцээнд орчихно. Дарханд болсон тэмцээнд хотын дарга Цэвээний цохолттой бичгээр, Д.Лхагвасүрэн захирлаас зөвшөөрөл авч оролцож явсан маань тод санагдаж байна. Ер нь би ажлын онцлогоос шалтгаалаад волейболын спортоос эрт хөндийрсөн. Манай баг ахмадын улсын аваргаас олон медаль авсан. Бидний энэ амжилтыг Эрдэнэтчүүд мэдэх байх аа. Эрдэнэт бол волейболын спорт дээд зэргээр хөгжсөн хот. Дээр нэр дурдсан Ж.Дарьбазар багштай, манай баг оросын мастеруудтай өрсөлдөж байсан нь волейболын спортыг сурталчилсан. Хүүхэд, залуучууд ч волейболын спортыг их сонирхох болсон доо. Ц.Хүүхэндүү, Г.Жадамбаа, Т.Батсүх нарын сайн багш нар ч их нөлөөлсөн. Энэ хүмүүс волейболын спортыг Эрдэнэтэд хөгжүүлж ирснийг хэлэх ёстой.
 

 
   - Таны бодлоор волейболын спорт ямар хүчин зүйлийг бүрдүүлдэг вэ?
  - Орчин үеийн хэллэгээр волейболын спорт багаар ажиллах боломжийг бүрдүүлдэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчимтай. Өөрөөсөө гадна бусдыгаа гэсэн сэтгэлтэй болдог. Бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авдаг. Волейболын тамирчид өөрсдөөрөө бусдыг үлгэрлэдэг. Багийн спорт. Тухайн үед олон газраас ирсэн, янз бүрийн санаа бодолтой залуус нэг спортын төлөө нэгдэж амжилтад хүрэх амаргүй байлаа. Тэгэхдээ бид чадсан. Одоо ч манай баг хамт олон сайхан харилцаатай явдаг. 1980 онд анхны хүрэл медаль авсан багийнхаа нэг хүнийг жилд алдаршуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран нэг тамирчны ажил амьдрал, спортын амжилтыг олон нийтэд сурталчилдаг. Орос ах нартайгаа хамтран тоглож явсан. Орос хоёр тамирчинтайгаа дөрвөн удаа түрүүлсэн амжилтаараа Эрдэнэтийн баг,  Монголын волейболын спортын шилжин явах цомыг үүрд хадгалах эрх авч байлаа. 

   - Волейболын спортын довтлогчийн онцлог юу вэ?
   - Өргөсөн бөмбөгийн эсрэг 2-3 хүн хаалт тавихад хоромхон хугацаанд хааш нь цохихоо мэдэрдэг. Миний хувьд ОУХМ А.Кингисхан багшийн буянаар довтолгооны бүх арга техникийг эзэмшиж чадсан. Өргөлт голохгүй цохих, ширвэх гээд волейболын довтолгооны арга техник нарийн л даа. Нэгэн цагт Монголд А.Кингисхан багш,бид хоёр л араараа цохих техник эзэмшсэн байлаа. Энэ дэгс үг биш. Волейболын спортын  довтолгооны хамгийн өвөрмөц нарийн дахин давтагдахгүй техникүүдийг эзэмшсэн гэсэн үг. 

   - Таныг аль эрт спортын мастер авчих байсан гэдэг. Өөрийнхөө ур чадварт эрдэж явсан үе байна уу? 
   - Монголын волейболын нэг номерын тамирчин Дэмбэрэлсайхан хуурлаа, хуурлаа гээд байхгүй юу.  Тэгэхээр нь ингэж хуурдаг юм уу гээд цохичихсон чинь элгэн дээр нь бөмбөг ойгоод гэдрэгээ уначихаж билээ. Тухайн үеийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Цэнд-Аюуш гуай Монголын нэг номерын волейболын тамирчныг доромжилсон гээд надад спортын мастер цол олгоогүй. Уг нь надад дэвжээн дээр нь спортын мастер цол олгохоор ярьж байсан юм билээ.(Инээв.) Энэ явдал залууст сургамжтай л юм.

   - Та бүхний залгамж залуучуудын талаар юу хэлэхсэн бол…?
   - Бидний дараа үеийн тамирчид бол Харх клубынхэн. Тэд Монгол улсын волейболын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн. Энэ бол том амжилт.

   - Баярлалаа.
 
Т.Батчулуун
   Технологийн сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай тус сургуульд ойрын үед өрнөж буй үйл явдал хийгээд хэтийн зорилтын талаар ярилцлаа.
 

   - Энэ хичээлийн жилд танайд хэчнээн оюутан сурагч суралцаж байна вэ?
   - Манай сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 164 оюутан, сурагч, суралцагч элсүүлж авсан. Үүнээс ахлах сургуульд 41, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын нэг жилийн ангид 27, бакалаврын сургалтад 68, магистрт 28 оюутан  элсэж, одоо 728 оюутан сурагч суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 117 оюутан сурагч төгссөн.

   - Ахлах сургуульдаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ талаараа ярина уу?
   - Бид Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн зөвлөлд хүсэлт явуулсан. Хүсэлтийг маань хүлээн авч хөтөлбөр хэрэгжвэл найман хичээл англи хэл дээр явагдана. Үүнтэй холбоотой ирэх оны нэгдүгээр сард Францаас математикийн ухааны доктор, түүнчлэн гадаадын хэд хэдэн багш урьж, багш нартаа туршлага судлуулахаар зэхэж байна. Одоо бид 10-12-р ангид сургалт явуулдаг энэ хөтөлбөр хэрэгжвэл 9-12-р ангид сургалт явуулах юм.

   - Технологийн сургуулийн Боловсролын магадлан итгэмжлэлд орох явц аль шатанд явна?
  - Өнгөрсөн хичээлийн жилээс бид тайлангаа бичиж, энэ оны гуравдугаар сард Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлд  хүсэлт гаргасан. Тавдугаар сард манай сургууль өөрийн үнэлгээний тайлангаа явуулсан. Ингээд 10-р сарын 16-18-нд БМИҮЗ-ийн зохицуулагч, гурван шинжээч манай сургууль дээр ажилласан. Тэд манай өөрийн үнэлгээний тайлантай холбоотой баримт материалтай танилцаж, сургуулийн багш, оюутнууд, төгсөгч, ажил олгогчидтой уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ нь манай сургуульд гурав дахь удаагаа явагдаж байгаа магадлан итгэмжлэл. 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахиа магадлан итгэмжлэлд орсон. Одоо 10 жилийн дараа гурав дахиа магадлан итгэмжлэлд орж байна.

   - Магадлан итгэмжлэлийн дүн хэзээ гарах вэ?
   - Шинжээчид бидэнд зөвлөмжөө хараахан ирүүлээгүй байна. Шинжээчдийн зөвлөмжийн дагуу бид шалгуур бүр дээр сайжруулалт хийгээд буцааж явуулна. Түүний дараа шинжээчид тайлангийн үр дүнг комисст хүлээлгэн өгнө. Комиссын шийдвэрээр манай сургууль магадлан итгэмжлэгдэх эсэхийг шийднэ. Төлөвлөгөөт хугацаагаар 12-р сард багтаад шийдвэр гарчих байх.

   - Технологийн сургуулийн ирээдүйн талаар таны бодлыг сонсъё?
   - Манай хамт олон Олон улсын судалгаанд суурилсан институт болох зорилттой ажилладаг. Үүний тулд эхний ээлжинд гадаад харилцаагаа тэлэх ёстой. Гадаадад үнэлэгдэж байж л олон улсын институт болно. Ингээд хамтран ажилладаг байгууллагуудтайгаа гадаадын тэтгэлэг олгох тухай яриа хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс бид Японы Нагоя, Акита их сургуулийн профессорыг урьж оюутнууддаа хичээл заалгасан. Японы Засгийн газраас зардлыг нь дааж Sakura science хөтөлбөрөөр өнгөрсөн хавар манай нэг оюутныг дадлагажуулсан. Энэ жил Sakura science хөтөлбөрөөс дахин нэг хүүхдэд тэтгэлэг олгосон. Ирэх 1-р сард явах юм. Мөн ахлах сургуулиас Хятад улс руу нэг жилийн хугацаатай хэлний сургалтад төлбөргүй сургах тэтгэлэг зарласан. Одоогоор явах сурагч нь тодроогүй байна. Гадаад харилцаагаа тэлж, оюутнуудаа гадагш явуулж сургах, дадлагажуулахад анхаарч байгаа.

   - Япон  улсын сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж  байна уу?
  - ШУТИС Японы сургуулиудтай нэлээн өргөн харилцаатай. Хамтын ажиллагаатай сургуулиудад оюутнууд нэг жил хүртэлх хугацаагаар төлбөргүй суралцах боломж байдаг. Энэ боломжийг сургуульдаа авчрахаар зорьж байна. Оюутнууд 7 хоног ч гэсэн гадагш яваад ирэхэд л “нүд тайлагдаж” гадаад хэл үзэж тэнд суралцах хэрэгтэйг маш сайн ойлгодог. Манай сургууль хэлний төвтэй болохоор боломж харьцангуй их. Сурч буй мэргэжлээрээ Японд дадлага, судалгааны ажил хийх, дипломын ажлаа бичээд ирэх ч боломж бий.

   - Оюутан сурагчдын гадаад хэлний боловсролд хэрхэн анхаарч байгаа вэ?
   - Сүүлийн үед нэг хоёрдугаар курсээс хэлний сургалтад суралцуулж төгсөхөөс нь өмнө гадаад хэлний шалгалт авдаг болсон. Өөрөөр хэлбэл гадаад хэлний шалгалтаа давж байж диплом хамгаална. Ингэж “шахсанаар” тухайн оюутанд гадаадын их сургуульд сурах боломж нэмэгдэнэ. Эрдэнэтийн хүүхдүүд АНУ-ын Аляска Фейрбанксын их сургуульд тухайн орон нутгийн сургалтын төлбөрөөр суралцах боломжтой. Ихэнх орнууд гадаадынхныг өндөр төлбөртэй сургадаг. Тухайн орон нутгийнхаа иргэний адил төлбөрөөр суралцах нь ихээхэн хямд тусдаг. Манай сургуульд сурч байгаа Эрдэнэтийн хүүхдүүдэд ийм боломж өндөр байгаа.

   - Оюутны мэдлэг чадвар, чадамжийг сайжруулах чиглэлээр танай сургууль хэрхэн ажиллаж байна?
   - Оюутны мэргэжлийн мэдлэг, чадвар багшаас шалтгаална. Мөн сургалтын хөтөлбөртэй ч бас холбоотой. Нөгөөтэйгүүр бид сайн оюутан элсүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой байгаа. 2018 оноос манай сургууль босго оноогоо 500 болгосон. ШУТИС-ийнх 450 байдаг. Тэгэхлээр манай босгыг давсан л  бол мундаг хүүхэд. Бид  үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулаад гурван жил болж байна. Долоон хөтөлбөрөөс гурвыг нь эцэслэсэн. ШУТИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороо дэмжсэн. Одоо ШУТИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг хүлээж байгаа. Дэмжигдвэл сургалтдаа эдгээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.

   - Япон улсад суралцсан хүний хувьд манай оюутнуудад тэднээс юуг авч  хэрэгжүүлмээр санагдсан бэ?
  - Монгол хүүхдүүд чөлөөтэй, задгай сэтгэдэг. Юмыг  аль ч талаас нь харж чаддагаараа япончуудаас давуу талтай. Төлөвлөдөггүй, цагийн юмыг цагт нь хийдэггүй дутагдал манайханд бий. Үүнийгээ засаад төлөвлөгөөтэй, аливаад дүрмийг чанд баримтлаад сурчихвал манай оюутнууд хэнээс ч хоцрохгүй.
   Японы хамгийн олон Нобелийн шагналтан төрөн гарсан Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бүсгүй Н.Манчук ШУТИС-д багшлахын зэрэгцээ Нагоя их сургуулийн байгуулсан лабораторийн захирлаар ажиллаж байжээ. Орон нутгийн салбарт ажиллаж, сурсан эрдмээ залууст түгээх хүсэлдээ хөтлөгдөн сонгон шалгаруулалтад орсноор 2018 оны гуравдугаар сард энд ирсэн. Гадаад харилцаагаа өргөжүүлж, улмаар судалгаанд суурилсан олон улсын институт болох Технологийн сургуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхэд  өөрийн хувь нэмрээ оруулна гэж тэр итгэлтэй хэлсэн юм.
 
Я.Энхтуяа
   Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу тоглогчид 15 настай залуу тамирчид байлаа. Уурхайчин багийн тамирчин Сайнбаярын Анх-Эрдэнэ, Эрхэмбаярын Ууганзул нартай тэмцээний үеэр уулзаж сэтгэгдлийг нь авлаа.

   Сайнбаярын Анх-Эрдэнэ:
 

 
   “Би волейболын спортоор долоо дахь жилдээ хичээллэж байна. Ах нартайгаа зэрэгцэж талбайд гарч Лигийн аварга шалгаруулах том тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Лигийн тэмцээнд орж  тоглох гэдэг нь надад агуу их туршлага болж байна. Багаар ажиллах чадвар их чухал гэдгийг ойлгодог боллоо. Манай багийнхан нэг баг, нэг хамт олон болж тоглодог. Бид тэмцээнд орохын өмнө сайтар ярилцаж, талбай дээр дохио зангаагаар, нэгнийхээ нүдийг хараад л ойлгодог доо. Уурхайчин багийн эздэдээ итгэл хүлээлгэж, энэ их зардал гаргаж тусалж байгаад баярлаж байна”. 
 
 
   Эрхэмбаярын Ууганзул: 
 
   “Уурхайчин багийн гишүүн болоод би нэг жил болж байна. Өмнө нь дандаа сургуулийнхаа багт тоглодог байсан. Ийм том хэмжээний тэмцээнд анх удаагаа оролцож байгаа болохоор, анх талбай дээр гарахдаа маш их сандарч байсан. Тоглолтын талбайд гарахад үнэхээр их сүрдмээр байсан. Ингээд л тэмцээн бүрийн дараа илүү их хичээх хэрэгтэй юм байна гэж зорилго тавиад л тоглож байна. Волейболын багийн тамирчид атгасан гар шиг байж амжилтад хүрдэг гэж боддог. Уурхайчин багийн эзэн Х.Бадамсүрэн захиралдаа болон зохион байгуулж байгаа бүх ах эгч нартаа баярлалаа”.
 
А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс
 
 

   Монголын волейболын дээд лигийн II тойргийн тоглолm Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд палас”-т амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ үеэр IV цахилгаан станцын “Эрчим” багийн менежер, Волейболын Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын ОТГОНТӨГС-тэй ярилцсан юм.  

 

   - Та хэдэн настайдаа волейболын спортод хөл тавьсан бэ?
   - Тавдугаар ангийн сурагч байхаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Би Хэнтийн Бэрхийн уурхайн тосгонд төрсөн. Аав маань уурхайчин хүн байсан. Ээж маань ч уурхайн станцад насаараа ажиллаад гавьяаны амралтадаа суусан. Манайхан намайг волейболоор хичээллэхэд эхэндээ төдийлөн дэмжээгүй. Аав маань залуудаа том биетэй, бөх барилддаг хүн байсан юм. Би үеийнхэнтэйгээ “ноцолдохоороо” амар унадаггүй хүүхэд байсан болохоор намайг бөх болгох сонирхолтой. Би бөхөд “хорхойгүй”. Тэгээд гэрийнхэндээ бөхийн секцэндээ явлаа гэж хэлээд волейболын секц рүүгээ орчихдог байж билээ.

   - Та анхны багш, волейболын анхны багийнхаа талаар дурсаач?
   - Бэрхийн анхны багш маань волейболын спортын мастер З.Лувсандорж гэж хүн бий. Багшийн секцэнд 90-ээд хүүхэд анх орсон юм. Шигшигдсээр 25-уулаа үлдсэн. Би багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Есдүгээр ангийн сурагч байхдаа Хэнтий аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Улсын аваргын тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод анх ирж үзсэн. Волейболын Олон улсын хэмжээний мастер Р.Тамир, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Хангай, Тэмүүжин, дуучин Базарсадын Болдбаатар бид нэгэн үеийн тамирчид. Тэр жил дуучин Б.Болдбаатар ирээгүй. Сумаасаа одоо энэ “Гранд мед” эмнэлгийн их эмч Тэмүүжин бид хоёр аймгийнхаа шигшээ багт тоглож байлаа. Шагдар багшийн нэрэмжит шигшээ наймын тэмцээнээс бид мөнгөн медаль хүртэж их урамшсан. Улсаас авсан анхны том шагнал.

   - Тэр үед Бэрхийн уурхай орос ажилчид олонтой байсан нь волейболын спорт илүү хөгжихөд нөлөөлсөн үү?
   - Нөлөө бий. Гэхдээ 1998 онд Хэнтийн Батширээт сумаас волейболын спортын мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ч.Түвшинтөр Бэрхийн уурхайд ирж, биднийг дасгалжуулан Өсвөрийн Улсын аваргын тэмцээнд анх удаа хөдөөний тосгоны хүүхдүүд оролцож байлаа. Ёстой л “битүү морьд” гэдэг шиг хэн ч танихгүй хүүхдүүд очоод одоогийн Улсын  шигшээ багийн тамирчин М.Мөнх-Оргил, Хаш-Эрдэнэ тэргүүтэй тэр үеийн мундаг залуусыг хожиж хүрэл медаль хүртсэн.

   - Насанд хүрэгчдийн тэмцээнд ямар амжилтууд үзүүлж байв?
   - 1999 онд насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд анх тоглож, А зэрэглэлийн Улсын аварга болсон. 2000 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнодод болоход хоёрдугаар байрт шалгарч волейбол тоглох асар их хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэр жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход Бөхийн өргөөний тавцан дээр үзэж суухдаа яавал Улсын шигшээ багийн тамирчин болдог юм бол гэж бодож билээ. Миний үзэж, бахдаж суусан хүмүүс бол манай М.Мөнх-Оргил, Р.Тамираа, Түвшинбат нар байсан. Үеийн нөхдөөсөө цойлоод гарчихсан залуус үнэхээр гоё харагдсан. Тэгээд л волейболдоо бүхий л сэтгэл зүрхээ, цаг заваа зориулж дурлах ёстой юм байна гэдгийг ойлгож шаргуу бэлтгэл хийсэн.

   - Та “Уурхайчин” багийн анхдагчдийн нэг байхаа?
   - “Уурхайчин” багийн үүсгэн байгуулагчдийн хамгийн бага нь би байлаа. 1998 онд би 18 настай байсан. Одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, С.Амгаабазар, “өндөр” Амгаланбаатар, Өлзийсайхан, Түвшинтөр, Төмөрөө, Гэндэн гээд Дорнодговийн  волейболчин ах нарыг, уурхай дагасан хэдэн залуусыг цуглуулж баг болгосон. Одоо энэ Монголын волейболын холбооны нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Г.Баярсайхан “Уурхайчин” багийн анхны дасгалжуулагч.

   - Тэр цагаас “Уурхайчин” багийн амжилтын буухиа эхэлсэн үү?
   - 2000 онд Залуучуудын Улсын аваргын тэмцээн Монголд анх нээгдэхэд “Уурхайчин” баг маань түрүүлж байлаа. Тэр жилийнхээ Улсын аваргыг бас авчихаж байгаа юм. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт болоход алтыг нь авсан. 2001 онд дахин Залуучуудын Улсын аварга болсон. Клубуудын цомын аваргаар хүрэл медаль хүртсэн. Ах нар тусдаа, бид үеэрээ ороод жаахан хүүхдүүд хүрэл авчихаж байгаа юм.

   - Та өөрийгөө ямар тоглолтоор анх таниулсан гэж боддог вэ?
   - 2003 онд Спортын төв ордонд анх болсон Үндэсний дээд лигээр өөрийгөө хүмүүст таниулсан гэх үү дээ. Х.Бадамсүрэн захирал, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал байсан Д.Даваасамбуу ах манай дасгалжуулагчийн сандал дээр суудаг байсан юм. Тэд хоорондоо ярьж байгаад Монголын лидер тоглогч А.Дашзэвэг ахыг заменд суулгаад оронд нь Т.Отгонтөгсийг гаргаж үзье гэж шийдсэн юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн “Харх” гэж үнэхээр сайн багтай тоглосон ч би үнэхээр хаалтанд ороогүй. Тэр өдөр манайх хожигдсон бол дууссан газар. Бид тоглолтыг эргүүлж маргааш дахин тоглолт гаргуулсан. 23 настай дээд лигийн талбай дээр цахиур хагалж явлаа.

   - “Уурхайчин” багт хэдэн жил тоглосон бэ?
   - 1998-аас 2006 он хүртэл “Уурхайчин” багт найман жил тоглосон. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2002 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болоход тоглосон. 2003, 2004 онд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дахиад Зүүн Азийн тэмцээнд тоглосон. Ингэж л Улсын шигшээгийн тамирчин болсон доо. 2005 онд “Уурхайчин” баг дээд лигийн аварга болсон юм. Өмнө нь дээд лигээс гурван мөнгө авсан байсан. Тэгээд Х.Бадамсүрэн захирал маань ч ажлаа өглөө, “Уурхайчин” баг маань ч эвгүйтсэн. Тэр үед ажил, амьдралаа бодъё, бөмбөг нүдсээр байтал нас явлаа гэж бодоод хэдэн найзтайгаа Тавантолгойд ажиллахаар явахын өмнө орой одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар дарга намайг утсаар дуудсан. Очсон өдрөө л станцад ажилд орчихдог юм.

   - Ямар санал тавьсан болоод Оюутолгойг орхиод тийшээ орчихов?
   - Ах нь чамайг ажилтай болгоё. Манай “Эрчим” багт яг л энэ эрчээрээ тоглоод, удирдаад яв гэсэн. Дээд лигийн аваргыг авчихъя гэж зүтгээд бараагүй. Мөнгөн медалийг бол гурав ч авсан. Харин одоогийн дээд лигийн хэмжээний тамирчид ордог клубуудын цомын төлөөх тэмцээнд манай “Эрчим” баг 2014, 2015 онд түрүүлсэн. Би тэрийгээ дээд лигийн аварга гэж тооцдог.

   - Энэ удаагийн дээд лигийн тэмцээний өрсөлдөгчид ширүүн байна уу?
   - Баг болгон сайн байна. Хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багтай хийсэн. Тэнд 15, 16, 17 настай хүүхдүүд байна. Тэгэхэд бид тэдэнд нэг парт алдах жишээний. Тоглолт болгон үнэ цэнэтэй, нэг онооны араас зүтгэсэн аястай ширүүн болж байна. 4-р цахилгаан станцын Б.Төмөрхуяг захиралтай хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж байна даа.
 
   - Баярлалаа.     

М.ОДГЭРЭЛ

   Ер гаруй жилийн замналтай  Монгол волейболчдын шинэ цагийн түүхийг  1990-ээд оны сүүл үеийнхэн бичиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны охид хөвгүүд эдүгээ цагийн волейболын спортыг өнгөлж байна.
   Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг энэ жилээс эргэн ирж, ирэхдээ шижигнэсэн хурд хүч, сэтгэлгээний өндөр чадвартай залуу үеийнхнээр бүл нэмжээ. Бүл нэмсэн гэхийн учир энэ жилийн Үндэсний дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг тоглож буй нь урьд өмнөх жилүүдэд байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Волейболын түүхийн хуудсанд “акулууд” гэж тэмдэглэхээр амжилт, туршлагын зузаан намтартай Уурхайчин, Эрчим, Алтайн барс, Энагурэ, Хасу Мегастарсынхан залуу үеийнхнээр “ цус сэлбэж”, бас Хобби айс, Булган, Дархан сеть зэрэг шинэхэн дүү нарыг араасаа дагуулан иржээ.  Багуудын дундаж нас 18-25 байгаа нь өсвөр үеийнхэн волейболын спортод ихээр дурлаж, Монголын Волейболын гуравдахь үе нэгэнт эхэлсэн нь  Эрдэнэт хотод болсон Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоос харагдаж байв. Илүү хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, хурц ухаан бол волейбол. Энэ утгаараа өв тэгш иргэнийг төлөвшүүлэхэд багийн спорт тэр дундаа волейболын төрөл онцгой үүрэгтэй юм байна гэдгийг ч Үндэсний дээд лигийн “гал гарсан” өрсөлдөөнтэй тоглолтууд хэлж өгөв. Волейболчдын чадвар чансаа, энэ спортын хөгжлийн түвшин хаана явааг нь  тодорхойлдог Үндэсний дээд лигийн ерөнхий зохион байгуулагчаар зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллаж байна. Тэгэхдээ тус үйлдвэрийнхэн “зүгээр нэг” зохион байгуулагч хийсэнгүй, Монголын волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь тэмдэглэн үлдээж байна. Телевизээр л хардаг тамирчдаа хүндэтгэх ёсыг өөрсдөд нь үзүүлсэн манлай үйлдвэрийнхэнд талархаад баршгүй буйгаа залуу волейболчид олон дахин илэрхийлснийг ч энэ дашрамд дайя.   

      
Энагурэ багийн эзэн Chang Jin Hong:  Эрдэнэт волейболын төлөө хот юм байна

   Энагурэ гэж Монголоор Ундран оргилох гэсэн утгатай. Багийн маань хүч чадал үргэлж ундран оргилж байхыг бэлэгдэж ийм нэр өгсөн юм. Манайх эмэгтэй баг. Яагаад эмэгтэй баг байгуулах болсон бэ гэхээр эмэгтэйчүүд илүү сэтгэлийн тэнхээтэй, бие бялдар, чадварын хувьд цаашид илүү хурдан хөгжих боломжтой учраас эмэгтэй багийг үүсгэж, авч яваа. Миний хувьд, волейболоор хичээллэж байгаагүй ч энэ спортод үнэхээр дуртай. Манай Энагурэ баг 2009 онд Серб улсад болсон Оюутны аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайвань улсад Оюутны аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн.  Бид Монголынхоо Үндэсний дээд лигт 2009 оноос эхлэн оролцож, улсын чанартай тэмцээнүүдээс арав гаруй алтан медаль авсан. Манай багийн тамирчдын 3 дахь үе энэ удаагийн лигт тоглож байгаа. Хамгийн том нь 20 настай бол бага нь 16 настай. Багийн ахлагч, Спортын мастер Тамир болон тамирчин Анужин нар маань өндөр амжилттай яваа. Бид багийнхаа гуравдахь үеийг ийнхүү өсвөрийн насныхнаар бүрдүүлж буйгийн гол зорилго нь олон улсын нас заасан тэмцээнүүдэд амжилттай оролцоход одооноос бэлдэж байгаа юм. Мөн бид одоо сайн тоглохоос илүү цаашид улам сайжрах хүүхдүүдийг бэлтгэнэ гэж бодож багаа бүрдүүлсэн. Эрдэнэтэд ирэхэд биднийг халуун дотно угтсан. Дуу хуур, урлаг соёлын сайхан хөтөлбөртэй хүлээн авч, унаагаар үйлчилж очих газарт хүргэж өгдөг ийм тэмцээнд анх удаа оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд надад  Эрдэнэт бол волейболын төлөө хот юм байна гэсэн бодол төрсөн.

  
“Алтайн барс” эрэгтэй багийн Ахлах дасгалжуулагч, ОУХМ  Б.Мөнгөндөл: Залуу үеийн тамирчид маш сайн бэлтгэлтэй байна

   Үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотод маш сайхан зохион байгуулалттай болж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, дэмжиж, Эрдэнэтчүүд өөрсдөө олноороо хүрэлцэн ирж үзсэн нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй болголоо. Манай “Алтайн барс” баг Ховд аймгийн нэр дээр оролцдог, Хилчин спорт хороонд харьяалагддаг. 2011 онд байгуулагдсан. Багийн бүрэлдэхүүний дундаж нас 25, биеийн өндөр 1.95 см-ийн дундаж хэмжээтэй, залуу тамирчид байгаа. Мөн манай багт Японы 2 легионер тамирчин тоглож байна. Эхний тоглолтоо Хос бар багтай хийж, 3:0-ын харьцаагаар хожоод байна. Залуу тамирчид маш сайн бэлтгэлтэй, багууд өрсөлдөөн ихтэй байгаа нь тэмцээнээс харагдлаа.


Алтайн барс багийн ахлагч, ОУХМ  А.Мөнхбаяр: Чөлөөт хамгаалагч легионер тоглож буйгаараа онцлогтой

   Би Волейболын спортоор 12 жил хичээллэж байна. Харин манай баг 9 дэх жилдээ тогтмол уралдаан тэмцээнд оролцож байна. Бид 2012 оны Монголын бүх ард түмний спартикиадын аварга, 2013 оны Хаврын тэргүүн клубуудын аварга, 2013,2014 оны Намрын тэргүүн клубуудын аваргын мөнгө, 2013, 2014, 2015 оны Залуучуудын улсын аварга, 2019 оны Хасу клубуудын аварга, Хөгжлийн лигийн аварга, Тэнүүн огоо клубуудын аваргын мөнгө, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө медаль зэрэг амжилт үзүүлсэн баг. Урьд өмнө манай эрэгтэй багт гадаадын легионер тамирчид тоглож байгаагүй. Харин энэ удаа Япон улсын 2 легионер тоглож байгаагаараа онцлог. Бусад багууд голчлон довтлогч легионер авч ирдэг бол манайх анх удаа чөлөөт хамгаалагч тоглуулж байгаа нь Монголын волейболын лигийн түүхэнд шинэ зүйл болж байна. Энэ жилээс дахин сэргэж байгаа Үндэсний дээд лигт багууд, багийн эзэд, дасгалжуулагчид гээд бүгд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байна. Тамирчдын сэтгэл зүйн хувьд ч өөр түвшинд хүрсэн байна. Лигийн тэмцээний хувьд багууд  олон тойргийн турш жигд тоглолтоо хадгалж явах шаардлагатай тул олон сар жилийн бэлтгэл хангасан нь харагдлаа. Мөн тамирчдын ур чадвар дээшилсэн, өрсөлдөөнтэй болж байна. Хасу мегастар багт 2 метр өндөр,  АНУ-ын нэг легионер, Эрчим багт ОХУ-ын легионер, Тэнүүн Огоо багт Япон улсын легионер тамирчид тус тус  тоглож байна. Эдгээр  багууд  маш хүчтэй байна. 


Алтайн барс багийн хамгийн залуу тоглогч, Э.Хосбаяр: Клубын ах нарынхаа тоглолтоос үлгэр дууриалал авдаг

   Би 21 настай. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд волейболын секцний хүүхдүүдийн тоглолтыг үзээд, энэ спортоор хичээллэх бодол төрсөн. Тэгээд Баатархүү багшийнхаа удирдлаган дор анх тоглож, 2013 онд Алтайн барс клубтээ голын хаагч буюу нам хагасын хамгаалагчийн үүрэгтэй тамирчнаар орсон. Одоо ч энэ нам хагасын байрлалд тоглож байгаа. Клубын ах нарынхаа тоглолтыг шимтэн үздэг, зарим үед “ийм аймаар байдаг юмуу” гэж сонирхож, тэднээс суралцаж, үлгэр дууриал авдаг. Волейболоор хичээллэж ирсэн 6 жилийнхээ турш багийн ах нарын тоглолтоос эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй болдог. Үндэсний дээд лигт анх удаа оролцож байна. Үнэхээр гоё тэмцээн болдог юм байна. Эрдэнэт хотод болж байгаа 2 дугаар тойргийн тэмцээн бүр илүү өндөр зохион байгуулалттай, маш сайхан болж байна. Телевизээр хардаг шиг л өөрсдөө автобусанд суугаад явж байгаа зэрэг нь гоё сэтгэгдэл төрүүлж байна.


Уурхайчин багийн ахлагч Б. Нинжболор: Манай баг хамгийн залуу тоглогчидтой

   Багаар ажиллах чадварыг сайжруулахын зэрэгцээ хувь хүний бие галбир болон хүмүүжил талаас нь тэгш зөв болгож төлөвшүүлдэг гээд  волейболд олон давуу тал байдаг. 15 настай байхдаа манай Эрдэнэтэд болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алтайн барс, Уурхайчин багуудын тоглолтыг үзээд, анх удаа энэ эгч нар шиг волейбол сайн тоглож сурая гэж бодсон. Тэгээд ОУХМ Г.Баярсайхан багш дээрээ очиж, гараагаа заалгаж эхэлсэн. Манай “Уурхайчин” баг энэ удаагийн лигийн хамгийн залуу тамирчидтай баг нь байх. Манай охидууд голдуу 15-16 настай, Улаанбаатар хотын 21 дүгээр сургуулийн сурагчид.  Хоёр жилийн өмнөөс одоогийн энэ багийн бүрэлдэхүүнд орж, хичээллэж байна. Өсвөр үеийн тамирчид гэж тодотгож болно. Бидэнтэй бас өмнө нь олон жил тоглосон хоёр эгч байгаа. Арай ахмад тамирчид маань тэд. 2017 онд манай “Уурхайчин” клуб хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил Хүүхдийн спортын их наадмаас алт медаль авсан. Одоо энэ лигийн тэмцээний дараа  Насанд хүрэгчдийн улсын аварга, “Тэнүүн Огоо”,  “Хасу” клубуудын аваргын тэмцээн, Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон уралдаан тэмцээн хүлээж байгаа. Тэр бүхэнд жигд амжилттай тоглохын тулд хичээж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.


Уурхайчин багийн тоглогч, ОУХМ Д.Алтансувд: Волейболд эгч маань “уруу татсан”

   Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Волейболын спортод уруу татсан хүн бол эгч маань. Тэр өөрөө Эрчим клубт тоглодог. Бас Монголын шигшээ багт тоглож, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Эгчийнхээ тоглолтуудыг үзээд, волейболоор хичээллэхээр шийдэж, 3 дугаар ангиасаа тоглож эхэлсэн. Дараа нь 7 дугаар ангид байхдаа Г.Баярсайхан багш дээрээ очиж,  2003 онд Уурхайчин клубын тамирчин болсон доо. Тэр үеэс эхлээд Залуучуудын улсын аварга, Үндэсний дээд лигт оролцож, үндсэн багийн тамирчнаар тоглон хүрэл медаль хүртсэн. 2004 оны Үндэсний дээд лигийн аварга баг болж, шилдэг холбогчоор шалгарсан. Одоо 16 дахь жилдээ Уурхайчин багтаа тоглож, 7 дахь лигтээ оролцож  байна. Үндэсний дээд лиг энэ жилээс сэргэж, зохион байгуулагдаж эхэлсэнд баяртай байгаа. Волейболын спорт бол тамирчнаас хурд хүчээс гадна оюуны өндөр чадвар шаарддаг. Хэн сайн тархиа ажиллуулж, хурдан сэтгэж, овсгоотой байж чадна тэднийд хожил ирнэ. Энэ талаараа хүнийг өв тэгш хөгжүүлж чаддаг спорт гэж боддог.


Хобби айс багийн ахлагч Л. Хосбаяр: Үндэсний дээд лиг эргэн ирсэнд баяртай байна

   Волейболын спорттой холбогдоод  12 жил болж байна. Анх волейболоор хичээллэх хүслээ аавдаа хэлснээр волейболын секцэнд явж эхэлсэн. Би одоо багийнхаа гишүүд дотроо хамгийн том нь. Манай охидууд 2000-аад оны хүүхдүүд. Тиймээс манай баг бас залуу гишүүдтэй. Намайг оюутан байхад волейболын спортын хөгжил жаахан уналтанд орсон санагддаг. Үндэсний лиг ч зогссон, эмэгтэй баг ховор болчихсон. Харин  сүүлийн 2 жил идэвхжиж, төрөл бүрийн тэмцээн уралдааны тоо ч нэмэгдэж байна.  Хасу, Тэнүүн огоо гээд клубуудын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний лиг, мөн манай клубээс эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Энэ хирээрээ багуудын бэлтгэл сургуулилалт жигдэрч, тамирчдын чадвар чансаа улам сайжрах боломжийг өгч байна гэж боддог. Тэмцээнүүд олшрох тусам үзэгчдийн тоо ч нэмэгдэж, хүүхэд залуус волейболын спортын сайхныг харж мэдрэх, хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаад баяртай байгаа. 


М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа 41 дэх спартикиадын нэг төрөл болох гимнастикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2019-2020 онд үйлдвэрийн ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Ажлын байранд идэвхтэй дасгалыг нэвтрүүлэх нь” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гимнастикийн тэмцээнийг уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжийн 8 багийн 80 гаруй тамирчид оролцож, тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн гимнастикчид шалгарчээ. Удаах байрыг Засвар механикийн завод, Оёдлын цех, Авто тээврийн цехийн багууд эзлэв.
   Ажлын байранд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг  хэвшүүлэх аяныг ирэх оны 3 дугаар сард дүгнэнэ. Үйлдвэрийн хэмжээнд 600 гаруй ажилтанд ажлын байрны дасгал хөдөлгөөний ач тус, хэрхэн тогтмол хийж хэвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулаад байна. Үүний үр дүнд цех нэгж бүр ажлын байрны дасгал хөдөлгөөний сургагч багштай болжээ. Цаашид аяны хугацаанд үйлдвэрийн бүх ажилтныг сургалтанд хамруулж, үр дүнг нь дүгнэхдээ Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байрны гадаа нийтийн гимнастикийн үзүүлбэр зохион байгуулна гэж Спорт цогцолборын Арга зүйч, гимнастикийн багш Б.Уянга ярилаа.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс энэ онд ажилчиддаа зориулан зохион байгуулж буй 3 аяны нэг болох “Өвлийн нар” витаминжуулалтын аян өнөөдөр нээлтээ хийлээ.  Аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монос фарм” трейд, “Хаппи веритас” оношилгоо эмчилгээний төв хамтран D витамины талаар ажилчдад ойлголт, мэдээлэл өгөх витаминжуулалтын аяныг өрнүүлж байна. Монгол Улсын нийт иргэдийн 80-90 хувь нь буюу бага насны хүүхдүүдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 95 хувь, 15-49 насны эрчүүдийн 82 хувь нь D витамины дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.  Аяны үеэр ажилчдаас D витамины шинжилгээ авч, нүдний хуурайшил тодорхойлон, био-энергийн аппаратны оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох,  биеийн жингийн индекс тодорхойлох, 3D арьс оношилгоо болон D витамины дутагдлын хор уршиг, витамины хөнгөлөлттэй худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр ерөнхий захиргааны 2-р байрны ажилтнуудыг үзлэгт хамруулсан бол 11 сарын 12-ны өдөр АБК дээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин Лхагва гаригт Засвар механикийн заводын ажилтнуудыг аянд уриалах юм.
   D витамины зохистой хэрэглээ нь насанд хүрсэн хүнд яс зөөлрөхөөс хамгаалах, ясны сийрэжилтээс урьдчилан сэргийлэх,  бүх төрлийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ, дархлаа дутагдлын эмгэгээс хамгаалдаг байна. Харин хүүхдэд D витамин хэрэглүүлснээр рахит өвчнөөс урьдчилан сэргийлж, уушгины хатгалгаа, зүрх судас, амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, өсөлт хөгжилтийг дэмждэг байна. 

Э.Мөнх-Уянга
Фото:Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог