Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 29 11-р сар 2019

   Улс үндэстний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь хүчин зүйлсийн нэг гэгддэг инновацыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор байгуулсан Технологи ба инновацыг дэмжих төвүүдийн (Technology and innovation support center-TISC) үндэсний сүлжээнд Технологийн сургууль нэгдэн орлоо. Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар энэ сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа баталгаажсан юм. ТISC буюу технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдэн орох нь Олон улсад хэвлэгддэг шинжлэх ухааны холбогдолтой ном товхимол, сэтгүүлүүдийг хямдралтай үнээр унших, олон төрлийн сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодгоороо давуу талтай. Инновацыг дэлгэрүүлэх нь орон даяар техникийн болон шинжлэх ухааны мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, патентын тухай мэдлэг мэдээллийг тэлж, оюуны өмчийн мэдээллийн санд хэрэгцээ шаардлагынхаа дагуу хайлт, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна өргөн утгаараа аливаа улс орныг дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  

   Технологийн сургуулийн хамт олон өнгөрсөн сард оюутнуудад зориулсан бизнес инкубатор төвийн нээлтийг хийж, мэргэжилдээ үндэслэн бизнесийн салбарт хөл тавихаар зорьж буй залуучуудаа дэмжихээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд гурван багийн 10 гаруй оюутан залуус чадавхижиж байна. Уул уурхайн мэргэжилтэй залуусын бүтээмжийн шинэлэг санааг хөгжүүлж, бизнесийн орчинд байр сууриа олоход туслах зорилготой энэхүү төв эх орондоо инновацын бүтээл гаргадаг түшиц газар болохоор алсын хараагаа тодорхойлжээ.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ажилд оруулна гэсэн залилангийн 8 хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үйлдвэрийн зарим удирдлагуудыг таньдаг хэмээн бусдыг мэхэлж олон сая төгрөгийн хохирол учруулсан иргэдэд хууртахгүй байхыг анхааруулж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын дотоод дүрэм журмаар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах, үйлдвэрт 20 ба түүнээс олон жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт суухад нэг хүүхдийг нь мэргэжил, болон эрүүл мэнд бусад шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд ажилд авдаг. Түүнээс бус хэн нэгэн хувь хүнээр зуучлуулан, бусдад авлига өгөх журмаар ажилд орох ямар ч боломжгүй гэдгийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэлж байна. Тэрээр “Иргэд мэдээлэл дутмаг байдлаас болж бусдад залилуулж байгаа хэрэг өмнө гарч байсан. Одоо ч байсаар байна. Бид сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Аль болох хүний оролцоогүй шударга явуулахад бид арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хэн нэгэн дээрх сэдлээр хандаж ямар нэг тохиолдолд мөнгө авч, амлалт өгч байвал хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Магадгүй манай байгууллагын ажилтан холбоотой бол бидэнд мэдээлэл өгч шалгуулж болно” гэлээ. Сул ажлын байрны зарыг www.erdenetmc.mn сайтаар бүртгэх бөгөөд эндээс ажлын байрны сонгон шалгаруулалтын  мэдээллийг авах боломжтой юм.
 
Б.Учрал
   “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага 400-аад ахмадтай. Тэд цех хэсгээрээ сар бүр уулзалт-өдөрлөг зохион байгуулах хуваарьтай ажээ. Тусгай зориулалтын машин механизмын гараашийн ахмадуудын уулзалт өдөрлөг саяхан зохион байгуулахад тус цехээс гавьяаны амралтаа авсан ахмадуудын Х.Оюунцэцэг ахлагчтай бүжгийн ”Солонго” хамтлаг, Г.Пагамжав ахлагчтай хийн дасгалын баг тэнд үзүүлэх тоглолт хийж үлгэр дууриалал үзүүлэв. Энэ үеэр багийн ахлагч нарын сэтгэгдлийг сонсоход:
 
   “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Х.Оюунцэцэг:
   - Би “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад операторчинаар ажиллаж байгаад 6 жилийн өмнө гавьяаны амралтаа авсан. “Эрдэнэт” үйлдвэрт 36 жил ажилласан. Нийтдээ 44 жил бүжиглэж байна. Авто тээврийн байгууллагын ахмадын бүжгийн “Солонго” хамтлаг байгуулаад 2 жил болж байна. Жил бүрийн цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадам, бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор өдий хүрлээ. 2019 оны “Хаврын баяр”-ын “Гран при”, алтан медалиар шагнагдсан. Бүжгийн багш Магнай энэ бүх бүжгийг бидэнд дэглэж өгдөг. Манай хамтлагт 16 ахмад бий. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт зохиогдсон бүсийн тэмцээнд Тусгай байрын шагнал хүртсэн. Саяхан Дорноговь аймгийн бүсийн тэмцээний шагналт байрт шалгарлаа. Улсын тэмцээнд 5 жил оролцож, алтан медаль нэг, мөнгөн медаль 2, хүрэл медаль 2-ыг тус тус хүртсэн. Би бүжиглэхээс гадна явган алхалт, фитнесээр хичээллэдэг. 
   Бүжиг бол ахмадуудад эрүүл байх, хамт олонтой болох, биеэ цэх шулуун авч явах гээд олон талын ач холбогдолтой. Байнга бүжиглэдэг бидэнд элдэв хууч өвчин гэж үгүй. Тэтгэврийн насныхан хөдөлгөөний дутагдалд орохгүй байх нь хамгийн чухал. Тиймээс үйлдвэрийнхээ ахмадуудыг бүжгээр хичээллэхийн уриалж байна. 
 
 
      “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад Г.Пагамжав:
   - Би улсад 37 жил хөдөлмөрлөсөн. Үүнээс 16 жилд нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан. Анх үйлдвэрийнхээ урилгаар, авто зам хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ирж Эрдэнэт хотын иргэн болсон. Авто тээврийн байгууллагын Газар шорооны албаны дарга, замын мастераар ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэрт гарч, тэр жилийн хавраас эхлээд хийн дасгалаар тогтмол хичээллэж байна. 2011 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборт хийн дасгалын орон тооны бус багшаар ажилладаг болсон. Энэ хугацаанд 200-аад хүнд хийн дасгал зааж сургасан. Одоо үйлдвэрийн цех хэсэг бүрээс тэтгэвэрт гарсан 60-аад хүн энд хийн дасгалаар тогтмол хичээллэж байна. Хийн дасгалын тэмцээнд анх ахмадуудын 4-5 баг оролцдог байсан бол сүүлийн үед 8 баг оролцдог болсон. Энэ жил бид япон дасгал, хоёр хийн дасгал шинээр сурлаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй, ахмадуудын биед тустай гэдэг нь нотлогдсон тэдгээр дасгалыг бид хийж сурсандаа баярладаг. Ер нь хийн дасгалаар хичээллэснээр хүний биеийн таван цул, зургаан сав эрхтнийг эмчилж илааршуулах ач тустай юм. 
   “Нас бол тоо” гэдэг үнэн шүү. Хүн эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж чадвал насан турш эрүүл явах боломж бүрэн бий. Харин өчүүхэн шалтаг тоочоод биеийнхээ эрүүл мэндийг дэмжихгүй суугаад байвал тун тусгүй гэж боддог. Манай Авто тээврийн байгууллагын ахмадуудаас олон арван хүн нийтийн болон спортын бүжиг, фитнес, хийн дасгалаар хичээллэдэг. Тэд эрүүл бие, цог золбоогоороо бусдыг үлгэрлэж явааг харахад бахархалтай санагддаг гэж ярилаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ж.Оюун
Фото: Б.Баттөгс
Баасан, 29 11-р сар 2019 00:00

Даваанямын ЗОРИГТХҮҮ

----- ӨГЛӨӨНИЙ СЭРГЭЭШ -----

Овог нэр: 
Даваанямын ЗОРИГТХҮҮ
 
Төгссөн сургууль:
АНУ-ын Колорадогийн уулын сургууль
 
Мэргэжил:
Металлурги, баяжуулагч инженер
 
Ажилласан туршлага:
Эрдэнэт үйлдвэрийн Шинжилгээний төв лаборатори, Баяжуулах фабрик
 
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
Канадын Бритиш Колумбын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
 
Чин хүсэл:
Монгол улсад оюуны хөдөлмөр өндрөөр үнэлэгдэж, Эрдэнэтийн овооны дэргэд томоос том эрдмийн овоо сүндэрлээсэй гэж хүсэж мөрөөддөг тэрээр мөрөөдөлдөө нэг шат ахихаар алхалж явна. Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг боловсон хүчний нэгд зүй ёсоор нэрлэгддэг түүний энэ цаг үед хийх ажил нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн суурь баазыг бэхжүүлэхэд чиглэж байна. 
 
 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?

-Амралтын өдрүүдэд сэрэнгүүтээ ном уншиж, ажлын өдрүүдэд аливаагбодонгоо ажил руугаа яаралгүй алхдаг.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Том ажлын ард гарсан, эсвэл хэцүү зүйлийн учрыг олсон, ойлгосон үедээ их урам, эрч хүч авдаг. Мөн өдөр бүр хоёр хүүгээсээ хамгийн их сэтгэлийн баяр баяслыг мэдэрч, хүлээн авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Сургалтын байгууллага гэдэг миний бодлоор хүнийг “тарьж ургуулдаг” газар юм. Тариа, ногоо тарихад үр шим нь жилийн дотор мэдэгддэг бол боловсролын үр дүн хэдэн жилийн дараа гардгаараа онцлогтой. Үр дүн шууд харагдахгүй байх нь нэг талаараа хэцүү. Гэхдээ үйлдвэрийнхээ, цаашлаад улсынхаа хөгжлийг түүчээлэх инженер, техникийн боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа гэсэн эерэг бодол тээсээр явна. Бусдыг чиглүүлэх хариуцлагатай алба хашиж байгаагийн хувьд ажилдаа чамбай хандахыг хичээдэг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд Олон улсад шалгарсан боловсролын (ISO 21001) болон чанарын удирдлагын (ISO 9001) менежментийн тогтолцоонуудад суралцаж байна. Сургуулийн захирлын хувьд оюутан, багш, ажилчид, эцэг эх, үйлдвэрийн бусад цех хэлтсүүд, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам гээд олон чиглэлд харилцах зүй ёсны шаардлага бий болдог. Энэ утгаараа сүүлийн үед харилцааны ном уншиж өөрийгөө хөгжүүлж байна.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Мэдээж бусдаас суралцах хэрэгтэй. Ялангуяа аливаа зүйлд суралцах эхний болон дунд үед бусдаас туслалцаа авах нь том туршлага болдог. Харин ямар ч зүйлийг гүнзгийрүүлэн суралцахад өөрийгөө дайчилж, ганцаарчилж сурахаас өөр аргагүй. Тухайлбал, докторантурт суралцахад шинжлэх ухаанд шинэ бөгөөд хэрэгтэй мэдлэгээр хувь нэмрээ оруулах ёстой. Тэгэхээр шинэ гэдэг тодорхойлолтод урьд өмнө нь байгаагүй мэдлэгийг бий болгоно гэсэн үг юм.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-“Медипас” эмнэлгийн үзлэг шинжилгээний дүнгээр өөх, тосоо багасга гэсэн зөвлөгөө авсан. Тиймээс эрүүл, зөв хооллолтын талаар суралцаж, түүнээс чухал нь сурснаа хэрэгжүүлэхэд анхаарч байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-“Сайн хүн гэж, бусад хүний сайныг олж хардаг хүнийг хэлнэ”. Намайг 19 настай бакалаврт суралцаж байхад магистрын ангийн Мөнхөө ах энэ үгийг хэлж өгч билээ. Их үнэн үг гэж боддог.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Аавын үеийнхэн “бор уулын буян” гэсээр сүсэг бишрэл, шашин шүтлэгтэй холбоотой юм шиг нэг л зүйлийг их хэлдэг байж билээ. Би Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орохдоо “бор уулын буян” гэдэг үгийн гүн утгыг ойлгодоггүй байсан. Сүүлийн үед арай өөрөөр бодож, энэ үгийн утгыг ойлгож эхэлсэн. Хүн ер нь амьдарч, хоолоо олж идэж байгаа газар дэлхийгээ шүтэн дээдэлж, хайрлан, бас чин сэтгэлээсээ сүслэн залбирч байх ёстой гэж боддог.

 
   Эрдэнэт үйлдвэр, “Медипас” төвтэй хамтран жил бүр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тодорхой хуваарийн дагуу зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн 6 дугаар сарын 28-наас эхэлсэн үзлэгт 9000 гаруй ажилтныг хамруулахаар төлөвлөн, 9 төрлийн шинжилгээний багц санал болгожээ. Энэ сарын 23-ны байдлаар 5680 уурхайчин, 380 гаруй ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд үзлэгт хамрагдсан талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Бүртгэлийн мэргэжилтэн Ч.Баярмаа хэлж байна. Энэ долоо хоногт Барилга засварын цех, Ерөнхий захиргаа, Геологи хайгуулын анги, Оёдлын цех, Соёл урлагийн цогцолборын ажилтнууд болон ҮОМШӨ, ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан ирэх сарын 15-ны дотор үзлэг шинжилгээг дуусгавар болгохоор шийдвэрлээд байна.  
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог