Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 25 11-р сар 2019

    Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндрэхийн хэрээр жилээс жилд хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга буурч байна. Энэ нөхцөлд тохирсон техник, технологийн шинэчлэлийг инженерүүд эртнээс төлөвлөн хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсээр ирсэн. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр алсын хараатай ямар өргөтгөл, шинэчлэл өрнөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.

    -Үйлдвэрлэлийн өнөөгийн онцлог нөхцөл байдал ямар байна вэ?

    -Манай Ил уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулгаас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний гарцын гурван хувийн бууралт байгалиасаа бий болдог. Нөгөө талаар хүдрийн хатуулаг нэмэгдсээр байдаг. Өөрөөр хэлбэл хатуу хүдэр бутлах, нунтаглах шаардлагатай болж байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжүүдийн цагийн бүтээмж буурах нь тодорхой. Тээрэм цагт 280 тонн хүдэр боловсруулдаг бол 275 болох жишээтэй. Цагийн ачаалал буураад байхад бүтээмжээ яаж нэмэх вэ? гэдэг асуудал үүсдэг. Тиймээс тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлээр бүтээмжийн өсөлтийг хангах бодлого барьж ажилладаг.

    -Тухайлбал...?

    -Өөрөөр хэлбэл цагт 280 тонн хүдэр боловсруулдаг тээрмийг 290 тонн/цаг болгох шаардлагатай. Цагт 650 тонн хүдэр хүлээн авдаг бутлуурыг 700 тонн/цаг авдаг болгох жишээтэй. Технологийн олон шийдлийг хийх хэрэгтэй. Энд л инженерүүдийн ур чадвар харагддаг. Техникийн болон технологийн уялдаа холбоог сайжруулж явах нь үйлдвэрийн гол бодлого юм. 2015 онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар шугамыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ өргөтгөлд Эрдэнэт үйлдвэр маань 170 сая ам.доллар зарцуулсан ч зардлаа 2,5 жилийн дотор бүрэн нөхсөн.

    -Жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэ өргөтгөлийн бүтээн байгуулалтыг та Баяжуулах фабрикийн дарга байхдаа эхлүүлсэн байхаа. Одоо төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж байна уу? 

   -Залгаснаас хойш жилдээ 5,2 сая тонн хүдэр боловсруулж байсан. Тус шугамын хувьд техник, технологийн шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ жил анх удаа төслийн хүчин чадалд нь хүргэх боломж бүрдүүлээд байна. Гэтэл ирэх жил уул геологийн нөхцөлөө дагаад хүдрийн хатуулаг 15 квт/тн-оос дээшлэх хандлагатай байна. Бондын индексээр хатуу ангиллын хүдэр боловсруулна. Нэг сөрөг тал энэ. Нөгөөх нь хүдэр дэх металлын агуулга одоо 0,466 хувь байгаа. Ирэх онд 0,459 болж буурна. Мэдээж, үйлдвэрлэж буй баяжмал дахь металлын хэмжээ дагаж буурна. Үүнийг нөхөхийн тулд техникийн бодлого, хөгжлийн үндсэн чиглэл эртээс төлөвлөгдөн хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ оны төгсгөлд Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг 2021 оны хоёрдугаар хагаст амжиж хийхгүй бол 2022 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань эрс буурна.

    -Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн хүдэр боловсруулах хүчин чадал хэд байх вэ?

   -Гуравдугаар шугамтай ижил, жилийн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байна. Мөн ижил төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдоно. Цаг хэзээ ч зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй. Бүтээмжийн бууралтаа нөхөх шинэчлэлийг цаг алдахгүй хийх нь чухал. 2023 онд Эрдэнэт үйлдвэр жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулна гээд хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан яваа. Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хугацаа нь бүтэн нэг жил шүү дээ. Тэгээд  барилга байгууламж барих, ус, дулааны шугам хоолой татах, цахилгаан хангамжаа хийх гээд нүсэр ажил өрнөнө. 

    -Энэ жил хөрөнгө оруулалтаар техник, технологийн олон шинэчлэл, бүтээн байгуулалт хийлээ. Одоо ч үргэлжилсээр байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх урьтал ажлууд гэж ойлгож болох уу?

   -Эрдэнэт үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болохын тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлууд гэж ойлгож болно. Одоо манай үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн түвшинд үүнээс илүүг чадахгүй. Харин “КСИ”-гийн хүчин чадлыг дахиад зургаан сая тонноор өргөтгөвөл боломжтой. Үүний тулд шинэчлэлийн ажлыг технологийн хамгийн сүүлийн дамжлага буюу Хаягдлын аж ахуйгаас эхэлдэг байхгүй юу. Бид 2010 онд ХАА-н хүчин чадлыг 40 сая тонн материал хүлээж авахаар болгосон юм. Одоо тэнд хийх ёстой чухал ажил бол насосуудын шинэчлэл. 2008 онд 12000 м3 булинга шахдаг насосыг анх удаа суурилуулж байсан бол 2011 онд цагт 15000 м3  булинга шахдаг насос суурилуулсан. Одоо бид 18000 м3 цагийн хүчин чадалтай насосыг дэлхийд анх удаа Эрдэнэт үйлдвэр ирэх онд суурилуулна. Түүнчлэн ирэх онд бид флотацын фронтыг нэмэгдүүлнэ. 

    -Өргөтгөл хийхэд цахилгаан хангамж хүрэлцэх үү?

    -Хүрэлцэхгүй. Бид 25 мВт-ын хоёр трансформатораар Өөрөө нунтаглах хэсгийг цахилгаанаар хангадаг. Тиймээс ирэх онд 63 мВт-ын трансформатор солино. Үйлдвэрлэхэд хагас жилийн хугацаа шаардах учраас энэ жил захиалга өгөөд ирэх онд солино. Нөгөө талаас цэвэр усны асуудал ургана. Эрдэнэт үйлдвэр 65 км-ийн цаанаас 820 мм-ийн голчтой хоёр шугамаар ус татаж хэрэглэдэг. Хамгийн өндөр хүчин чадлаар авахад хоногт 80 000 м3 ус хэрэглэдэг. Бид энэ хэмжээг 120 м3 шахах хүчин чадалтай болгохыг зорьж байна. Мөн Ил уурхайн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажил явагдаж байна. 

    -Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд чиглэсэн техник, технологийн энэ жилийн шинэчлэлийн зарим шийдлийг тодруулж танилцуулбал?

   -Хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гурван шатлал бүхий, жилдээ 20,5 сая тонн хүдэр буталдаг нэгдүгээр шугамын хүчин чадлыг конвейрийн хурдаар нэмэгдүүлж байна. Sew euro driwe компанийн мотор-редукторыг Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р туузан дамжуулгад суурилуулснаар хүдэр дамжуулалтыг хоёр сая тонноор өсгөх боломж бүрдлээ. Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын бутлуурыг Метsо фирмийн МР-800 төрлийн бутлуураар сольж байна. Энэ бутлуур нь бүтээмж болон бутлалтын зэрэг өндөр учраас бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг бууруулж, улмаар тээрмүүдийн цагийн ачааллыг 10 хүртэл тонн/цагаар нэмэгдүүлэх боломж олгох юм. Нунтаглан баяжуулах хэсэгт Украйн улсын НКМЗ үйлдвэрийн МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг сольж байна. Дани улсын FLS компанид үйлдвэрлэсэн зэс, молибденыг салгах молибдены баяжуулалтын шинэ шугамыг угсарч, суурилуулан үйлдвэрлэгчийн төлөөллийн хамтаар туршилт тохируулгын ажил гүйцэтгэж байна.  Шүүн хатаах хэсэгт мөн FLS компанийн үйлдвэрлэсэн молибдены даралтат шүүлтүүрийн угсралт ид явагдаж байгаа. Ерөнхийдөө тавдугаар сарын нэгэнд нээлт хийсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дээр төлөвлөгдсөн бүх ажлууд 12-р сарын 14 гэхэд 100 хувь дуусна.

    -Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь хаягдлын сангийн 4М далан барих, уул сэтэлж холбох суваг байгуулах ажил байлаа.

   -Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн хамгаалалт 4М даланг, эргэлтийн усны холбох сувгийн хамт барьж байгуулан ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр үйлдвэрээс гарсан булингын ус худагт хүрэх замыг дөтөлж хугацаа хэмнэнэ, аюулгүй байдлыг хангана. Түүнээс гадна өвлийн ид хүйтний үед усан сангийн хүрэлцээг хангана. Бид өвөл ХАА-н усны түвшинг 11-р худгаар байнга хэмждэг. Энэ усан сангийн маань нөөц одоогоор 21,3 сая м3 байна. Өмнө нь 19 сая м3 болж багассанаас эргэлтийн усан хангамжийн асуудал хүндэрч байсан түүх бий. Усан сангийн нөөцөө Сэлэнгийн усаар нөхөж нуурын түвшинг 3,2 м-ээр өргөж чадсан. Үүний хүчинд өнгөрсөн өвлийг ажирахгүй давсан. Энэ жил эргэлтийн усаараа өвлийг давах бэлтгэл сайн хангаад байна. Ирэх жил 5,5 сая тонн хүдэр хүлээн авдаг хам баяжуулалтын тавдугаар секцийн хүчин чадлыг 12 сая тоннд хүргэж өргөтгөнө. Ер нь инженерчлэлийн тооцоолол хэр зэрэг бодитой байхаас дараагийн шинэчлэлийн үр дүн хамаардаг.   

    -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

     Аливаа бүхэн стратеги, хөдөлмөр зохион байгуулалтын нарийн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжлийн шинэ шатанд гарах боломж нээгддэг. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ч энэ суурь зарчмыг баримтлан ажиллаж буйг Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат ярилцлагандаа онцоллоо.

    -Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа,  үнэт зүйлс, хөгжлөө тодорхойлох үндсэн чиг зүг юу вэ?

    -Стратеги, төлөвлөлт бодлогын газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14 нд үйлдвэрийнхээ эрхэм зорилго, алсын хараа,үнэт зүйлсээ тодорхойлсон.  Бид өнөөдөр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” алсын хараатай, Эрхэм зорилгоо “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялагийг бүтээнэ” хэмээн тодорхойлсон бол бидэнд байгаа үнэт зүйлсээ “Аюулгүй байдал ба эрүүл мэнд”, “Ёс зүй, хариуцлага”, “Байгаль орчны тэнцвэртэй байдал”, “Хамтын хүч, багаар ажиллах чадвар”, “Бүтээмж, инноваци буюу шинэ санал” гэж таван чиглэлээр боловсруулсан. Үүн дээрээ үндэслэн  Эрдэнэт үйлдвэрийн стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлж байна. Нийт таван үндсэн зорилт манай үйлдвэрийн хамт олон дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Гуравдугаарт санхүүгийн удирдлагыг дээшлүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Энэхүү зорилт нь цаашид мөнгөн хөрөнгөө хэрхэн зөв зохистой удирдах, ямар төсөл хэрэгжүүлж, хичнээн хэмжээний орлого олох вэ гэдэг бодлогод чиглэнэ. Дөрөвдүгээрт, хүн капиталын өгөөжийг дээшлүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд багтаж байна. Тавдугаарт, хариуцлагатай уул уурхай, зөв тогтолцоог бий болгон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Уг зорилтыг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх замаар хэрэгжүүлнэ. Энэ бүхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн бодлогыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн зорилт болж байгаа юм.  Энэ зорилгодоо бид хүрэхийн тулд яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгохын тулд 2017-2031 он хүртэлх үйлдвэрийн Хөгжлийн Үндсэн чиглэлийн бодлогоо боловсруулан, хэрэгжүүлж байна.

    Дараагийн нэг томоохон асуудал бол бүтээмж, инновацийн чиглэлийн бодлого байгаа юм. Бүтээмж гэдэг ойлголт бол орц, гарцын харьцааг хэлдэг. Бид ямар хэмжээний орц оруулаад хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна вэ гэдгийг тодорхойлдог. Нөгөө талаас, бүтээмж бол үйл явц буюу процессийн сайжруулалт гэж ч ойлгож болно. Бүтээмжийн талаар манай үйлдвэр 2005 оноос “5 сайн үйлс” /5S/, “Сайн саналын систем” /kaizen suggestion system/, Бүтээмж чанарын дугуйлангууд анх Баяжуулах фабрикт, 2012 онд бусад 23 цехэд нэвтрүүлж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл нийт 14 жилийн турш энэ хөтөлбөрийг нэвтрүүлж, нутагшуулж байна. Харин одоо бид энэ чиглэлээр хөгжлийн ямар түвшинд явж байна вэ гэдгээ дүгнэж, цаашид ямар хэлбэрээр хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл цаашид бид Азийн орнуудын томоохон бизнесийн байгууллагын бүтээмжийн түвшинд хүрэхийн тулд Зургаан сигма /Six sigma/, Бизнесийн төгөлдөршил /Business excellence/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг манай “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд тодорхой төлөвлөгөө боловсруулан, сайн ажиллаж байна

    -Ер нь бүтээмж инновацийн хөгжлийн түвшингээр хаана явна гэсэн дүгнэлт гарсан бэ?

    -Дунд буюу төлөвших түвшинд байна гэж дүгнэсэн. Бизнесийн төгөлдөршлийг батлагдсан загварын дагуу үнэлдэг. Бүтээмжийн эхний алхмуудыг хэрэгжүүлсэн гэж өмнө би хэлсэн. Үүнийг оноогоор дүгнэж хэлбэл, 1000 оноо авах ёстой гэвэл 351 оноо авчихсан байна гэж хэлж болно. Ингэхээр үйлдвэрийн газрын хувьд боломжийн үнэлгээтэй. Харин дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой юм. Удирдлагын түвшингийн менежерүүддээ энэ чиглэлийн сургалтанд хамруулах, ойлголтыг өгөх хэрэгтэй. Өөрсдөө илүү сайн мэдлэгтэй байх ёстой. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс дэмжин, ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

    -Бүтээмж инновацийн хөдөлгөөнийг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж, ажиллагсдын идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Инноватор цомыг шилдэг төсөлд олгодог гээд олон үйл ажиллагаа бий. Эдгээрийн үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

    -Манай газрын харьяа Хөгжлийн хэлтсийн дэргэд Инновацийн төв ажилладаг. Эндээс 100 сая төгрөгийн шагналын сантай шилдэг төсөл шалгаруулах “Инноватор” уралдааныг зохион байгуулж байна. Үр дүнд нь манай цех нэгжүүд маш идэвхтэй болж, үйлдвэрлэлд өндөр үр ашигтай санал санаачлага, төсөл хэрэгжүүлэхийн төлөө мэрийдэг болсон. Бидний зүгээс ч тэднийг дэмжиж, сайн төслүүдийг Оюуны өмч буюу патентжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Инженерүүд, ажилтнуудынхаа сайн төсөл, бүтээлийг нь Оюуны өмчийн хуулийн дагуу эрхийг хамгаалах чиглэлээр бас анхаарч байгаа. Энэ утгаараа ч манай үйлдвэр “Оюуны өмчийн бодлоготой байгууллага” тодотгол авсан гэж хэлж болно.

   -Ажиллагсдынхаа санаачилгыг идэвхжүүлэх, түүгээр дамжуулан бүтээмж нэмэгдүүлэх үүднээс “Сайн саналын систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж буйг түрүүн та дурьдсан. Энэ чиглэлээр гарч байгаа эерэг талууд юу байна вэ? Илүү боловсронгуй болгох ямар арга ашиглаж байна вэ?

   -Энэ тал дээр “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд маань олон ажил, сургалтуудыг тасралтгүй хэвшүүлснээр Сайн саналын тогтолцоо манай үйлдвэрт жигдэрсэн гэж хэлэх байна. Саяхан “Сайн саналын систем”-ийн 100 манлайлагчийг шалгаруулж, алдаршуулж урамшуулсан байгаа. Энэ үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар сайн дэмжсэнээр  Хөгжлийн хэлтэс, бүтээмжийн чиглүүлэгч нар сайн саналын  манлайлагчидтай “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, санал бодлыг сонсон ярилцсан байгаа. Улаанбаатар хотод болсон “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы үеэр манай сайн саналын системийн туршлагыг бусад компани, үйлдвэрийн газрууд ихээхэн сонирхож байсан. Тэр тусмаа ажиллагсдынхаа саналыг үнэлж, урамшуулж байгааг асууж, харилцан туршлага солилцох саналаа ч бидэнд хэлсэн. Сүүлийн үед манай үйлдвэрийн сайн саналын систем илүү идэвхжиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 2017 онд сайн саналын систем дэх ажилтнуудын оролцоо 20 хувь байсан бол 2018 онд 24 хувь болон өсч, энэ оны эхний 9 сарын байдлаар 29 хувьд хүрсэн дүнтэй байна. Энэ нь манай ажилтнуудын идэвх хандлага сайжирч байна гэсэн үг. Бүтээмж инноваци хоёр бол салшгүй ойлголт. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан сайн саналын систем дэх оролцоог нэмэгдүүлснээр нэг төгрөг зарцуулж, 6.5 төгрөг болгон олж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ бол маш том бүтээмж. Нөгөө талаасаа зөвхөн эдийн засгийн хэмжигдэхүүнээр тооцож гаргасан дүн. Харин нийгэмд оруулж буй хувь нэмрээр нь тооцвол маш том хөрөнгө оруулалттай, цаг хугацаа хэмнэж, бүтээмж нэмэгдүүлсэн өгөөжтэй ажил болж байгаа гэдгийг онцолмоор байна.

    -Эрдэнэт үйлдвэрийн цаашдын стратеги төлөвлөлт ямар дүр зураг, төсөөлөлтэй байгаа вэ?

   -Стратеги, төлөвлөлт бодлогын газрын Хөгжлийн хэлтэс, төслийн нэгж дээр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх 6 том төслийг холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран судалж, боловсруулсан. Эдгээрээс Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ бол стратегийн том төсөл төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүдийн нэг. Дараагийн төсөл Уусган баяжуулах /SX/EW/ технологиорисэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих,  богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа өгөх энэ төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төсөл чухал стратеги төлөвлөлтийн нэг болж байгаа. Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой эдийн засгийн ашигтай ажиллахын тулд жилд Баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь 6 сая тонноор нэмэгдүүлэх хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийн шугамын өргөтгөлийг ирэх оноос барихаар төлөвлөн ажиллаж байна. Засвар механикийн заводын Цутгуурын цехэд одоо хийгдэж буй техникийн өргөтгөл, шинэчлэл Герман улсын ФАТ компанитай хамтран үргэлжилж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр цаашид Эрдэнэт үйлдвэр хэрхэн хөгжих, багаар бодоход 60 жил ашиглахуйц нөөц дээрээ түшиглэн Эрдэнэт хотыг яаж авч явах гэх зэргээр стратеги төлөвлөлт, хэтийн зорилт бодлого тодорхойлогдоно. Үүнтэй уялдуулан ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ хөгжүүлэх зэргээр хаалт менежментийн хөтөлбөрөө боловсруулан ажиллах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Бидний ойрын үеийн зорилго ч үүнд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх том төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлуудаа бүрэн хангаж, бас эхлүүлнэ гэж хэлж болно. Өмнө хэлсэнчлэн бүтээмж инноваци болон сайн саналын тогтолцоог илүү боловсронгуй болгож, ажиллагсдынхаа оролцоог дээшлүүлэх чиглэлээр эрчимжүүлж ажиллана. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй, хөгжлийн дүр зургийг илэрхийлнэ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог