×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 3-р сар 2018

     Хөдөлмөрийн аюулгүй байдал буюу ХАБ бол ажил хөдөлмөр буцалж буй  аль ч талбарт нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Чухамхүү энэ зорилгыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ  боломж гарц, сайн туршлагаа харилцан солилцож,  түгээх, Монгол улс олон улсын Ослыг тэглэх алсын хараа буюу Vision zero хөдөлгөөнд нэгдэх гурван  багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөл, мэргэжилтнүүд  Эрдэнэт хотноо цуглалаа. Монгол улсын бахархалт бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн босгон дээр ХАБЭА-н талаар хамтдаа хэлэлцэж, осол эрсдэлийн хойноос нь залуурдах бус харин урьдчилан харж, сэлүүрдэх чиглэлээ тодорхойлж байгаа нь энэ удаагийн чуулганы онцлог байв. Долоо дахь жилдээ болж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллажээ.  

     Аюулгүй ажиллагаа гэдэг бол тухайн байгууллага, үйлдвэрийн газрын оршин тогтнох нэгэн чухал баталгаа юм. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн менежмент, оновчтой тогтолцоо, шилдэг туршлага, соёлыг бий болгохыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон эрмэлздэг. Үйлдвэрийн хамгийн үнэт баялаг болсон ажилтан хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөл, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь үргэлж бидний хамгийн том, нэн түрүүний зорилт байх болно” гэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018” чуулганы үйл ажиллагааг дэмжин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг энэ үеэр сонордуулсан. Мэндчилгээнд “Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв орчныг бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ” гэж тус чуулганы ач холбогдлыг дурдлаа.  Аюулгүй ажиллагааг хангах нь  хөдөлмөрийн хүний төлөөх хамгийн эрхэм бодлого гэдгийг чуулганы хамтран зохион байгуулагч Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Нацагдорж нар хэлсэн үгэндээ тэмдэглэсэн нь тус үйл ажиллагаанд оролцогчид ХАБЭА-н соёл, зөв хандлагыг шинэ шатанд гаргах зүгт хамтдаа харж буйг илэрхийлэв.

     Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо 2018  чуулган “Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх” уриан дор зохион байгуулагдсан. Швед улсад замын хөдөлгөөний осол зөрчлийг арилгах зорилгоор анх хэрэгжүүлж эхэлсэн  тус хөтөлбөрт  өдгөө дэлхийн олон орон нэгдэж, үр дүнд хүрснийг илтгэгчид онцолж, Монгол улс эгнээнд нь нэгдэх  цаг болсныг уриалав. Чуулганд оролцогч байгууллагууд уг уриалгыг санал нэгтэй хүлээн авсан.  ХАБЭА-н цогц асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгсөн энэхүү чуулганы гол үр дүн нь уул уурхайн салбарынхан цаашид аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах, өнөөгийн ололтоо бататгах, боловсронгуй болгох бодлого хөтөлбөрөө тодорхойлж чадсан гэдгийг тэмдэглэе. Мөн энэ үеэр үндэсний компаниуд аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас болон хор саармагжуулах бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн харуулсан нь чуулганы цар хүрээг өргөжүүлэв. Чуулган хоёр өдөр үргэлжилж, хуралдааны явцад дэвшүүлсэн санал санаачилгыг үндэслэн шийдвэр гаргаж,  Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо, Олон Улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар байгууллагууд хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөсөн. Тус байгууллагууд аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил дэх оролцоо, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахаа баталгаажууллаа.

 


М.Балжинням

Баасан, 30 3-р сар 2018 00:00

Форум амжилттай өндөрлөв

     “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-Хамтын оролцоо -2018” форум Эрдэнэт хотноо хоёр хоногийн турш  чуулж амжилттай өндөрлөв. Тус   форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх уриан дор зохион байгуулагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн таатай байдлыг бүрдүүлэн гэмтэл ослыг тэглэх гол зорилго дор нэгдлээ.
     Форумын эхний өдөр үргэлжилсэн “ХАБЭА-н сайн туршлага, Vision Zero хөдөлгөөн” сэдэвт хуралдааны үеэр МОШПА-ийн Орхон салбарын тэргүүн, гадаад хамтын ажиллагааны зөвлөх Ц.Оргил  “Монгол улс Vision Zero хөдөлгөөн нэгдэх нь” илтгэлээ тавьсан юм. Тэрээр өөрийн илтгэлдээ: “Үйлдвэрлэлийн осол ба мэргэжлээс шалтгаалах өвчин бол хувь тавилан биш, мөн гарцаагүй тохиолдох зүйл ч биш юм. Аливаа осол өвчин нь заавал тодорхой шалтгаантай байдаг. Хүчирхэг бөгөөд үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлэх замаар эдгээр шалтгааныг арилгах, аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ” гэлээ.
     “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо” чуулганы төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Монголын Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтнүүдийн Холбоо, Олон Улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар байгууллагууд хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурснаар форум амжилттай өндөрлөлөө.


Д.Пүрэвжаргал
.


 

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж байна. Форумын зорилго нь сайн туршлага солилцох, бэрхшээлээ ярилцаж зөв арга замыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форумын төлөөлөгчид аливаа осол, өвчин заавал тодорхой шалтгаантай байдаг учир үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлж шалтгааныг арилгах боломжтой гэдэгт дуу нэгтэй байна.

У.Цэрэнбат

 

     Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 23-25 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд  Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Булган аймаг, Орхон аймаг болон Төв аймаг зэрэг нийт таван аймгийн сум, суурин гэзруудаас 20 багийн 400 гаруй өсвөрийн жудочид оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээний жин тус бүрд  шигшээ 6-д шалгарсан тамирчид Сэлэнгэ аймагт зохиогдох өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах  Жудо бөхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Багийн нийлбэр дүнгээр Хангарьд баг мөнгөн медалийн болзол хангаж нийт 5 алт, 6 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ.


 

     Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн молибдений өтгөрүүлэгчийн тоног төхөөрөмжийг анх удаа сольж байна. 1978 онд ашиглалтад орсон хуучин өтгөрүүлэгчийг үйлдвэрийн хүчин чадал,  хүдэр  боловсруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан техникийн шинэчлэлийн хүрээнд өндөр хурдны өтгөрүүлэгчээр солих томоохон ажил ид үргэлжилж байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг доголдуулахгүй шуурхай гүйцэтгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн  Засвар монтажийн цех, Төслийн менежментийн хэлтэс, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн ажилчид хамтран зүтгэж байгаа юм. Одоогоор тоног төхөөрөмжийн суурийн металл хийцүүдийн ажил дуусч, суурилуулалт эхэлжээ. Энэ ажилд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын угсралтын компанийн  инженер зөвлөн тусалж байна. Ажлын хэсгийг Баяжуулах үйлдвэрийн дарга Т.Батмөнх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор угсралтын ажил дөрөвдүгээр сарын 20 гэхэд дуусч, залгалт тохируулга хийгдэнэ. Шинээр суурилуулах молибдений өтгөрүүлэгчийн тоног төхөөрөмж бүрэн иржээ.
     “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд хүдэр дэх металлын агуулга хэдий буурч байгаа ч хүдэр боловсруулалт нэмэгдэж буй учир молибдений өтгөрүүлэгчийг ийнхүү сольж байна.

 

М.ОДГЭРЭЛ

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шалган нэвтрүүлэх хяналтын систем шинэчлэгдэж буйтай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсэд болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх  журам” шинэчлэгдлээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу уг журам нь энэ оны 3 дугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Журмаар үйлдвэрийн бүс, обьектод нэвтрэх компанийн ажилтан болон бусад хүнд олгох цахим үнэмлэхний ангилал, олголтын асуудал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болон гадны хүмүүсийг компанийн бүс, обьектод хэрхэн нэвтрүүлэх, үйлдвэрийн бүс, обьектод тээврийн хэрэгслийг яаж нэвтрүүлэх вэ гэсэн гурван багц асуудлыг зохицуулж байгаа аж. Шинэчлэгдсэн журмын талаар Хууль эрхзүйн газрын хуульч Н.Энхболдоос тодруулав.

-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шалган нэвтрүүлэх системийн шинэчлэл хийгдэж байна. Шинэчлэл яагаад хийгдэх болсон бэ?
     Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг баталж, Эрдэнэт үйлдвэрийг улсын онц чухал объектоор тогтоосон.  Улсын онц чухал объектын хамгаалалтыг хэрэгжүүлэх, компанийн аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхий захирлын 2016 оны А/110 дугаар тушаалаар батлагдан мөрдөгдөж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн юм.

-Үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэх хамгийн гол бичиг баримт бол ажилтны цахим үнэмлэх. Шалган нэвтрүүлэх системийн  шинэчлэлтэй холбоотойгоор ажилтны ажлын үнэмлэх өөрчлөгдөж, нийт ажилтнуудад олгосон. Энэхүү  цахим үнэмлэх болон эдгээрийг олгох, ашиглах журмын онцлог нь юу вэ?
     Эрдэнэт үйлдвэрийн болон гэрээт байгууллагын нийт ажилтнуудад батлагдсан загварын дагуу ажлын цахим үнэмлэх, ашиглах журам шинээр батлагдаж, энэ оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Журмыг ерөнхий захирлын А/10 тоот тушаалын дагуу бүтцийн нэгжийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт ажилтнуудад танилцуулсан.  Ажилтны үнэмлэх бол тухайн иргэнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж байх хугацаанд компанийн ажилтан болохыг гэрчлэх үндсэн баримт бичиг болохын зэрэгцээ компанийн өмч болно. Журамд ажилтанд үнэмлэхийг анх удаа болон эсвэл бүтэц зохион байгуулалт, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд үнэ төлбөргүй олгоно. Харин хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд тухайн ажилтны өргөдөл, нэгжийн даргын зөвшөөрлийг үндэслэн 15000 төгрөгийн төлбөртэйгөөр олгоно гэж тодорхой заасан нь шинэ заалт болсон. Энэ нь компанийн дотоод дэг журмыг сахиулах, ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.  
     Мөн цахим үнэмлэхний ашиглалтын талаар тодорхой зааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, компанийн ажилтан үнэмлэхээ ажилд ирэх, тарах болон ажлын цагийн үргэлжлэх хугацаанд байнга биедээ авч явахыг үүрэг болгосон.  Хэрэв ажлын үнэмлэхгүй ирвэл компанийн бүс, обьектод нэвтрүүлэхгүй. Шинэчлэгдсэн цахим үнэмлэх нь зөвхөн ажлын байранд нэвтрэх баримт болох төдийгүй ажлын цагийн болон халуун хоолны бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хүний нөөцийн мэдээллийн систем, цалин хөлсний зэрэг программ хөнгөмжтай уялдаж ажиллана. Ингэснээр энэхүү цахим үнэмлэх шинэлэг, боловсронгуй болсон гэж хэлж болно.  Бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд ажилтнуудаа бүрэн үнэмлэхжүүлэх, ашиглалтын байдалд нь тогтмол хяналт тавих үүргийг журманд тусгаж, үнэмлэхгүй ирсэн ажилтныг ажил тасалсанд тооцох, бусдын үнэмлэхийг шалган нэвтрүүлэх төхөөрөмжид уншуулах, бусдад ашиглуулах зэрэг зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага тооцохыг заасан. Хяналтын болоод хариуцлагын заалтуудыг тодорхой тусгасан нь уг журмын онцлог болж байгаа.

-Үйлдвэрийн бүс болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам шинэчлэн баталлаа. Ажилтан, гэрээт байгууллагын ажилтнууд үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэхдээ ямар үүрэгтэй байх вэ?
     Дахин хэлэхэд, ажилтнууд ажлын байранд ажлын цагаар ажлын үнэмлэхээ биедээ байнга авч явах үүрэгтэй. Үйлдвэрийн бүсийн автозамын нэг, хоёрдугаар цэгээр болон Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд суурилуулсан шалган нэвтрүүлэх төхөөрөмжид ажлын цахим үнэмлэхээ уншуулж, шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг зааврын дагуу ашиглан нэвтрэнэ. Хэрэв  жижүүр, харуул хамгаалалтын албаны ажилтан шаардсан тохиолдолд үнэмлэхээ тухай бүрд нь шалгуулах үүрэг хүлээнэ.  Гэрээт байгууллагын ажилтнуудын хувьд гэрээт ажилтан гэсэн цахим үнэмлэхийг өөрийн байгууллагын ажлын үнэмлэхтэй хамт авч явна гэж заасан.

-Тэгвэл гадны хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх вэ?
     Гадны хүмүүст “Зочин” гэсэн цахим үнэмлэх түр олгож, автозамын нэгдүгээр цэгт байрлах шалган нэвтрүүлэх байранд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсний дараа нэвтрүүлнэ. Ингэхдээ тухайн хүмүүсийн ажлын үнэмлэх болон бусад хувийн баримт бичгийг үндэслэн  “Зочин” цахим үнэмлэхийг олгох юм. Зочин цахим үнэмлэхийг үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний орлогч нар, бүтцийн нэгжийн дарга, орлогч нартай уулзах, мөн компанитай аливаа асуудлаар харьцах зорилгоор удирдлагуудын туслах, нарийн бичиг референт нарын зөвшөөрөлтэй гадны хүмүүст албан бичиг, захидал, гэрээ, өргөдөл зэргийг үндэслэн олгоно гэж журамд тусгасан.

-Тээврийн хэрэгслийн тухайд?
     Тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хэд хэдэн заалтыг илүү тодорхой тусгасан. Тухайлбал, үйлдвэрийн бүс обьектод нэвтрэх компанийн ажилтнуудыг тээвэрлэх автобуснаас бусад бүх тээврийн хэрэгслийн жолооч нь орох, гарах бүрдээ шалган нэвтрүүлэх цэгүүдэд зогсон, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж, зорчигчдыг буулган шалган нэвтрүүлэгч харуул хамгаалалтын албаны ажилтанд тээврийн хэрэгслийг шалгуулна. Харин автомашины зорчигч, ажилтан нар ажлын үнэмлэхээ уншуулж, гадны хүн “Зочин” гэсэн цахим үнэмлэх авч, шалган нэвтрүүлэх цэгээр үнэмлэхээ уншуулж нэвтэрнэ гэж оруулсан. Өмнө нь тухайн авто машинд яваа зорчигчдыг буулгалгүйгээр шалгаж оруулдаг байсныг журмаар ингэж өөрчилсөн байгаа.  
      Мөн нэг удаа нэвтрүүлэх зөвшөөрлийн үнэмлэхийг дараах ажил үүрэгтэй тээврийн хэрэгслүүдэд олгоно. Үүнд, компанид гэрээгээр ажил гүйцэтгэдэг иргэн, гадны байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Хууль эрх зүйн газрын болон Үйлдвэрлэлийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн зөвшөөрлийн дагуу Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер баталгаажуулан үйлдвэрийн бүсэд нэвтрүүлнэ. Харин тухайн гүйцэтгэх ажилтай холбоотой цех нэгжийн удирдлага нэг удаагийн зөвшөөрлийг олгох юм. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн үед шалган нэвтрүүлэх ажиллагаа, гадны жуулчид, төлөөлөгчид, оюутан бусад хүмүүст үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах  талаар тодорхой тусгаж өгсөн байна. Үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэхдээ ямар нэг зөрчил гаргасан  тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг уг журмаар зохицуулж байгаа нь компанийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Шалган нэвтрүүлэх системийг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн ажилтнууд, харуул хамгаалалтын үйл ажиллагааг хариуцаж байгаа Гэрээт цагдаагийн хэлтэс, Хууль эрх зүйн газартай хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
 

     Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу өнөөдөр 16.00 цагаас Эрдэнэт үйлдвэр даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
     Уг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн 34 цех хэлтсийн нийт ажиллагсад хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.



.

 

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй уламжлалт өдөрлөгийг энэ жил  “Инженерийн боловсролын хэрэгцээ” мэргэжил сурталчлах сэдвийн дор  зохион байгууллаа. Өдөрлөгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын төгсөх 50 гаруй сурагч оролцов.
     Энэ үеэр тус  сургуулийн захирал, доктор профессор С.Давааням,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, Төрийн соёрхолт Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор, Ази тивийн тэсэлгээний инженерийн холбооны гишүүн, Монголын тэсэлгээний инженерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдорж, Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн захирал доктор Энхбаяр нар  инженерийн мэргэжлийг сонгон суралцахаар сонирхож буй  сурагчдад зөвлөгөө өглөө.
     Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож байгаа энэ үед сургуулийнхаа давуу талыг олон нийтэд сурталчлан таниулж, элсэгчдийн чанар болон  тоог нэмэгдүүлэх  талаар удирдлагууд болон багш ажилчид санал солилцжээ. Тус хамт олон сургалтын хөтөлбөр болон арга зүйг шинэчлэн боловсролын чанарыг эрхэмлэж, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах шинэ менежмент нэвтрүүлэн ажиллах зорилтоо танилцуулав.  Өдөрлөгт  оролцогч хүүхдүүд эрдэмтэн багш нараас сонирхсон асуулт асууж, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх болон инженерийн мэргэжлийн онцлог зэрэг олон сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь уулзалтын үр дүн, ач холбогдлыг улам дээшлүүлсэн байна.

     Эрдэнэт үйлдвэрийн хvний нөөцийн бодлого нь компанийн стратегийн зорилтыг хэрэгжvvлж шаардлагатай ажиллах хvчнээр тоо, чанарын хувьд зохистой хангаж хөгжvvлэх, ажилтны нөөц бололцоог бvрэн дvvрэн ашиглах таатай орчныг бvрдvvлж, ажлын гvйцэтгэлийг vнэлэх, ажлын орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бvрдvvлэх зэрэг зорилтыг хангахад  чиглэдэг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах хүрээнд тус компанийн албан ёсны цахим хуудас  www.erdenetmc.mn сайтаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг нийтлэн олон нийтэд хүргэж байна.  Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээлэл түгээх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетийг цахимаар хүлээн авахгүй байх журам мөрдөгддөг болно. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрээс зарлаж буй нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд орох өргөдлөө өөрийн биеэр ирж, компанийн дотоод журмын дагуу хүлээлгэн өгөх ёстой юм.
     Энэ талаарх  мэдээлэл зарим иргэнд  дутуу дулимаг байгаагаас бусдад хууртагдах, мөнгөө залилуулсан тохиолдол гарч буйг Цагдаагийн газар мэдээллээ. Цахим хуудсаар ажилд орох хүсэлт хүлээн авна хэмээн төөрөгдүүлж, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөх нэрийдлээр зохиомол нөхцөл байдал үүсгэн иргэдээс мөнгө залилсан зургаан хэргийг тус газрын Мөрдөн байцаах тасгаас шалгаж байгаа аж. Иймд Эрдэнэт үйлдвэрээс зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг тус үйлдвэрийн албан ёсны сайт www.erdenetmc.mn хуудасны Хүний нөөцийн хэсэг дэх Нээлттэй ажлын байрны дэд булангаас авч, холбогдох утас хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн  компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл хүсэлтээ ирүүлж, мэдээлэл авч байхыг албаны эх сурвалж онцолж байна.

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог